Category: Монгол бөө

  • ГАЛ ГОЛОМТЫН ТАХИЛГА, ЭЗЭН ТЭНГЭР

     

    “…Дээрх мөн тэнгэрийг тэвшин төдийхөн бүхийгээс
    Доорх этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
    Сүн далайг чалчааг бүхийгээс
    Өөд заяасан гал, галайхан ээждээ
    Өөх тосыг өргөнөм билээ…” гэх мэт дуудаад архи сархад,өөх тос өргөдөг.

    Гал голомтын эзэн тэнгэр. Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эзэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн нь тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод, түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд гал руу ус, шүлс, элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй, хурц үзүүртэй юмаар чичихгүй, тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэрт архи сархад, өөх, тос зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.

    Гал тахих зан үйл. Зул сарын 23, 24-нд буюу өвлийн адаг сарын 30-нд гал голомтоо тахидаг уламжлал нийт монгол түмний дунд түгээмэл байжээ. Энэ нь галын бурхан Галайхан ертөнцөд залрах хийгээд өөд болон дэгдэж ажаарах үестэй холбоотой хэмээн домоглодог.

    Гал тахих ёсны бэлтгэл. Айл бүхэн гэр орон, хашаа, хүрээ, хот хороогоо цэмцийтэл цэвэрлэх, тулганы доор элс асган засаж, индэр хэмээн нэрлээд тулга, тогоо тосгон бэлтгэснийг утаа шүүрдэх гэдэг. Галын тэнгэр маш ариун цэвэр орчинд залрах бөгөөд бузар буртаг, хир, тоос, яс тоорог тэргүүтнээс бузартах нь амархан тул хичээнгүйлэн ёсчилон үйлдвээс зохих ба галын тэнгэрийг бузартуулбал тотгор гамшиг нь үлэмж хэмээн цээр хориг сахидаг. Гал тахилгын бэлтгэл хийж, утаагаа шүүрдэхдээ усан ариутгал, гал ариутгал, салхин ариутгал, шороон ариутгал, модон ариутгал хэмээн таван язгуур махбодоор ухияал ариутгал үйлддэг.

    Усан ариутгал хэмээгч нь усанд булхаж угаах хийгээд ухияалын хорхог тэргүүтэн олон зүйл бий. Гал ариутгал хэмээгч нь галын дундуур гаргах ба галаар төөнөн ариулах хийгээд арц, ганга, агь жодоо унгатган ариутгах тэргүүтэн олон зүйл бий. Салхин ариутгал хэмээгч нь арьс нэхий, ширдэг дэвсгэр, хивс, олбог талбаг, эсгий, дээл хувцсыг хэцэн дээр тээж, салхинд тавих тэргүүтэн олон зүйл бий. Шороон ариутгал хэмээгч нь хуу домбо, данх танх, тогоо шанага зэргийг торгон элсээр зүлгэж өнгөлөх тэргүүтэн олон зүйл бий. Модон ариутгал хэмээгч нь арц, жодоо түлж үнэрээр нь ариулах ба гавар, зандангийн үнэр шингээх тэргүүтэн олон зүйл буйн дээр саваа салбартал гөвж гөвшиж ариутгах нь түгээмэл байдаг.

    Галын тахилганд өргөх шар халзан толгойт цагаан хонины өвчүүг галд хуйхлан, тогоонд ус хийгээд айраг сүүгээр ес дусааж цагаалаад, өвчүүгээ тогоонд үйж, гургалдай, шаант чөмөг, үхрийн өвчүүний хэрсэн, аман хүзүү, дөрвөн өндөр, хавирга, сээр, дал зэргийг давс хийлгүй чанахыг өвчүү өтгөрүүлэх гэж нэрлэдэг. Өвчүү өтгөрүүлэхдээ улаан махыг хар ус луу шууд үйдэггүй, эрхбиш айраг сүүгээр ес домнон цагаалж байж үйдэг заншилтай юм. Өвчүү өтгөрүүлэх үес заавал гургалдай чанадаг. Гургалдай гэдэг нь цагаан мах, найз, авид, авис, хошигног гэх мэт олон нэртэй бөгөөд амны хишиг буяныг арвижуулагч, өвс ургамлын сөл шим мөний тул хишиг даллагын хөнөгт байвал зохих идээ мөн. Өвчүү өтгөрүүлэхдээ давс хийж чангаруулдаггүй. Учир нь давс ерэн есөн гэмтэй нэг эрдэмтэй гэж хэлэлцэнэ.

    Өтгөрүүлж болгосон өвчүүг тэвшинд гаргаж их гэрийн хоймроор нар зөв эргүүлэн ширээн дээр тавьж гар хуруугаа арц сангаар ахин дахин ариулж, ам хамраа алчуураар ороогоод хутгаа хөнгөн эргэлдүүлэн, үе мөчийг нь хөндөлгүй өөх махыг нь хайж яснаас нь салгахыг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Өвчүү цөмөхдөө бүдэрхийг нь авч болохгүй. Харин хуримын өвчүү байвал бүдэрхийг нь авч үлдээдэг учир бий. Өвчүү цөмөхдөө ам хамраа алчуураар ороодог нь галын тэнгэр Галайханд өргөх өвчүүнд амьсгалаа шингээж болдоггүй учиртай гэнэ. Халуун амьсгалын уураа өвчүүний ясанд шингээчихвэл сүнс зайлж тэнгэрт халина хэмээх учир хянуур болгоомжтой үйлддэг. Өвчүү цөмөх хүн угаалгын хорхогт орж биеэ ариулсан байх ба арц, ганга, сангаар унгатгаж, гар хуруугаа ахин дахин ариулж, цэвэр ариуныг сайтар сахихгүй бол Галайхан хилигнэнэ гэнэ. Хурц хутгаар үе мөчийг нь хөндөж эсгэсэн тэмдэг өвчүү өргөж болохгүй. Өвчүү цөмсөн халим өөхийг нэгэн тавагт хийж галд өргөхөөр бэлтгэн тавьдаг.

    Цар таваг дээр ам шар торго дэлгээд, цөмж хайсан өвчүүний ясыг өөд нь хандуулан тавиад галын хишиг, галын амс, галын боорцог, арц, хүж, хялгана, тос, шүүмэл чихэр, бурам зэрэг зүйл овоолон тавьдаг ба харин Ордос монголын Отог, Үүшин зэрэг нутагт болсон арвайн гурилаар сэрх балин гэж ямаа унасан балин засаж түүндээ алт мөнгөн цаасаар нар, сар хайчлан дэрсэнд хавчуулаад оройд нь хатгаж ембүү эрдэнийн зүйл хайчилж хийдэг. Зарим газар өнгө бүрийн торгон утсаар чимж үүнийгээ жолоо гэж нэрлэдэг. Олонх газар өвчүүний өмсгөл хэмээн элдэв бөс торгоны өөдсөөр ороох ба самбай хадгаар боох буюу хонь, ямааны сэмжээр ороож, торгон утсаар буюу хэлхий томсон хонины унгасан утсаар бүдэрхийнээс нь эхэлж ханан эрээдсээр эрж ороодог. Энэ зан үйлийг нийтэд нь өвчүү чимэх гэж нэрлэдэг. Шинэхэн цагаан ноосоор үзэмжтэйеэ ороосон шим, амт, чанар хотол төгссөн ариун өвчүү гэж гал тахих ёсны сударт чимсэн өвчүүг ийнхүү дурдсан байдаг.

    Өвчүү өтгөрүүлсэн шөлөнд улаан чавга, үзэм, шүүмэл, шар тос, бурам, тутарга /цагаан будаа/ хийж болгосныг галын амс гэж нэрлэдэг. Галын амсыг суулга, сав, тавагт гаргаж авах ба гал тахих ёсны эрхэм хүндэт идээ зоог болно.

    Гуулин суулга буюу тэвш, эсвэл даллагын хөнөгт галын амснаас хийж дээр нь цөмсөн өвчүүний мах, шагайт чөмөг, дал, хонины сүүл, дөрвөн өндөр хавирга, гургалдай зэргийг хийгээд чавга тавьж шар тосоор чавгыг мялаагаад дээр газар тавьж гал тэнгэрт өргөснийг галын хишиг гэж нэрлэдэг. Галын даллага авах үест галын хишигийг гартаа барьж хоёр гараараа даллан хишиг авдаг заншилтай бөгөөд гурван хоног гэртээ байлгаж байгаад хишигээ тогтоож хүртдэг юм.

    Тулганы дөрвөн талд хүж өргөх буюу галын аман дахь ширээн дээр есөн зул бадраасныг галын сан гэдэг. Галын сан тавьж гал тулгыг ариутгахаас гадна гал тахих ёсны туршид ариун сан баагиж, сангийн судрыг уншиж дуудах бэлтгэлийг хангана. Галын аман дээр цагаан толог эсгий буюу хивс дэвсэж, явган ширээ засдаг. Ширээн дээр чимж ороосон өвчүүг цар дээр тавьж бүдэрхийг нь галын зүг хандуулан дэргэд нь шимийн архи ба хар архи хоёрыг зэрэгцүүлэн тавьж, нэг аяга айраг, нэг савтай дусаал /өвчүү өтгөрүүлсэн шөлний тосыг хамж аваад, шар тос, чихэр бурам, архи дарс хольсоныг хэлнэ/, халим /халимлаж эсгэсэн өөх/ бас нэг тавагт торго бөсийн цуудас хийж бэлтгэсэн байдаг. Эд бүхнийг галын тахил засах гэдэг.

    Зул сарын хорин гуравны цагаан гэгээ тасрахын үед гал тахихаар бэлтгэсэн цэвэрхэн улаан бургас, хайлаас, хар шаваг зэрэг модыг нэгэн жигд жиргэн, тулганд хайрцаглан өрнө. Доор нь аргал ивэх ба хомоол урж тавиад ноцооход бэлэн болгож,тулганы зүүн талаар сөхрөн, тахилгын бэлтгэл хангах өөр өөрийн үүрэгтэй ажлыг гүйцэтгэхээр бэлтгэсэн байдаг. Гал тахилын судал дуудах лам буюу хар хүн баруун хойт хойморт завилан сууж, судраа дэлгэнэ. Гэрт ирсэн бүх л хүмүүсийн өмнө идээ будаа тавих ба цөм хормойгоо дэвсэн сөхрөн суугаад малгайгаа авсан байдаг Гал тахилгад оролцох хүмүүс монгол үндэсний ёст дээл хувцас, хутга бүс, эмэгтэйчүүд ууж, цэгдэгтэй байх ёстой. Галайхан тэнгэр галын хайчнаас айж ширвээдэг тул галын хайчаа ширдэг доогуураа нуусан байх хэрэгтэй.

    Галын дэргэд түлээ мод хагалж болохгүй. Галын зүг хутга мэсийн зүйл хандуулан тавьж болохгүй. Галын өөдөөс алцайн сууж болохгүй. Галд бохир зүйл хийж түлж болохгүй. Өвчүү өтгөрүүлсэн шөлний хоргыг дэврүүлж, хиншүү хярвас гаргаж болохгүй. Галд сүү өргөж болохгүй. Галд ус цацаж болохгүй. Галд хувцасаа ээж хатааж болохгүй. Галаар тоглож болохгүй. Гал голомтын дэргэд хэрэлдэж, маргаж болохгүй. Галаа харааж зүхэж болохгүй. Галд хөлөө ээж болохгүй. Голомтын галыг дарж унтрааж болохгүй. Гал руу нулимж болохгүй. Галаа хөөрөгдөж асааж болохгүй. Гал руу гараараа чичиж, зааж болохгүй. Галд үснийхээ сэвийг хийж болохгүй. Эмэгтэй хүний буудал буусан бол гал тахилгад оролцож болохгүй. Голомтынхоо галын дэргэд биеэ угааж болохгүй. Гал уруу аяганы шавхруу цацаж болохгүй. Тахилгатай галд тамхины иш хаяж болохгүй. Эд бүхнийг галын цээр хэмээн нэрлэж цээрийн ёсыг ширхэглэн сахих бөгөөд нэгэнт галаа тахиж эхэлсэн бол цээрийг сахиж жил бүхэн тасралтгүй тахиж байх ёстой юм.

  • ДАЯН ДЭЭРХИЙН АГУЙ ОРОХ ИХ УЧИР БАЙНА.

    Миний хувьд агуйаас зайдуу байж Цагаан-Үүр уялган гол суман гол гээд хэдэн жилийн нүүр үзэж сая л нэг хайрхан орох нөхцөл бүрдсэнээр даян дээрхийн агуй орлоо.
    Хотоос гарч шууд уялган гол орлоо. Очиход бороо хэд хоног тасралтгүй орж байлаа. Энэ өдрүүд 2021 оны 08 сарын 01-3-ны хооронд байлаа. Байгаа айлын хүмүүс энэ чигээрээ хур ороод байвал Дайн дээрх орж чадахгүй байх хэмээн ярихад миний сэтгэл хөдлөж орой болоход ихэд хөөрч хөөр юугаан татаж уул усанд, тэнгэртээ дуулгаж хур бороо оруулахаа болиулахыг гуйж залбирлаа. Гэтэл 4-ний өглөөнөөс үүл нимгэрч бороо зогслоо. Тэр өдөр өөр зүйлсийн үйлэнд шамдлаа. 5-ний өглөө болж морин цаг болмогч дээрхийн агуйн зүг замчтай хамт мотоциклоор замд гарлаа. Даян дээрх хүртэл 10 гаран км юмаа. Замдаа өндөр уул, ой шугуй, тал гол, намаг балчиг туулсаар зорисон газраа хүрлээ.
    Агуйн доод бэлээс сүсэгтэн олонт сануулга самбар байрлуулж тэр байтугай бие засах газар, сүүдрэвч бэлдсэн байлаа. Бэлээс авхуулаад залбирах газар нь залбирч бодсоор дээш өгсөөд 100 орчим метр өндөрлөгт матсаар агуйн аманд дөхөж ирэхэд 3-н хэрээ эргэж угтаж авлаа. Мөн ургаа модонд их хэмжээний хадаг яндар уясан харагдана. Уг нь ургаа модонд хадаг уяахыг хэзээнээсээ хийж эхэлсэн бэ гэдгийг бид бодох ёстой. За ингээд агуйд орлоо.
    Хүссэн газраа ирсэн минь сэтгэл ихэд догдлов. Сониуч зан минь хөдөлж бүх зүйлийг нэгд нэгэнгүй харж сонирхлоо. Үүний дараа гол ажилдаа орж, хуур татсанаа Даян дээрхийн онгодтой холбогдож мэдээлэл авлаа.
    Цагаан морь унасан, цагаан саарал дээлтэй шүтээн үзэгдэж ийн хэлэв: 33-н дааганы чадалтай 33-н салаатай энэ агуй уул минь гэж хэлээд чамд одоо шидээ үзүүлье гээд олон шувуу ирнэ гэж хэллээ. Гэтэл удалгүй хэдэн зуун хараацай шувуу агуйн амаар эргэлдлээ. Энэ мэдэрсэн зүйлээ хамт яваа хөтөчдөө ярьж дуулгалаа.
    Мөн бид 2-ыг агуйгаас буцасны дараа хур орно гэсэн билээ. Яг хэлснээр нь болж бид Уялган гол ороход бороо орж билээ. За ингээд Монгол улсынхаа хилээ бүтэн даатгаж зон олон, улаачууд, МБНЭ даатгаж залбирсан билээ. Энэ үйл явдлаа дүрс бичлэг болгон авсан болно. Учир мэдэх нутгийн зайрантай хөөрөлдөж үзлээ. Уг нь бол Даян дээрхийн агуйн дэргэд онгодоо оруулах бөөлөх заахан тиймэрхүү байдаг хэмээн ярьлаа. Шинээр улаач болох олон хүмүүс ирдэгч, онгод нь ордоггүй улаач цөөнгүй байдаг хэмээлээ. Ингээд Даян дээрхийн онгодод залбираад хүслээ биелүүлээд, үйлээ гүйцээгээд буцлаа. Сайхан байлаа.
    Б.Мөнхчулуун

     

    djmedia:500
  • ТЭНГЭР САХИУСНЫ ДУУДЛАГА

    Ахар насы минь уртатгаж
    Алтан мэлмийдээн багтаана уу
    Хөх тэнгэр хөвчилгэтэнгүүд минь
    Хөрс Алтан дэлхий гүүцтэнгүүд минь
    Хүйтэн хошуут малд минь
    Хөшөө болж хайрла
    Халуун хошуут малд минь
    Хашаа болж мана
    Ханат гэрт минь харж
    Хадгалсан буяны минь манаглаж
    Тоотой хэдэн толгойг минь
    Тоглон харж, товчлон манаж хайрла
    Уруултай амьтан уугаагүй
    Улаан хонгор цайны дээж өргөж
    Амтай амьтан амсаагүй
    Амтат идээний дээж
    Ширээ дүүрэн ямба
    Ширдэг дүүрэн хунду тавьж
    Ёсыг ёсолж
    Ямбыг ямбалж
    Хий хивис битэнгүүд минь
    Хий салхин гүцтэнгүүд минь
    Өргөн хормойгоо дэвсч
    Өөхөн өвдгөө нугалж
    Мөрт тань мөргөж
    Замд тань залбирч байна
    Заяа болсон тэнгэр сахиус минь
    Харанхуйд минь гэрэл болж
    Харцаганд минь живэр болж
    Халтирсан газарт минь ивээлт болж
    Харан сахиж яваат намайгаан
    Харанхуй газар минь гэрэл болсон
    Хан буурал тэнгэрүүд минь
    Хурдан морины туурайнаас
    Хурц жадын үзүүрээс
    Зайлуулан соёрхож хайрла
    Бүдүүн хус бөхөлзүүлж
    Нарийн хус нахилзуулж
    Ямба ёсы тань гүйцэтгэж
    Яндар чимгий тань бүрэлдүүлж
    Хошуутай билээв гэж өчиж байнав
    Элгэн тал эмгэггүй
    Толгой тал томуугүй
    Тоотой насы минь
    Товчилан харагтай
    /1958 он. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ив багын ард Уйгур овогт 31 наст Даваажаваас тэмдэглэж авбаа. Харачинтай онгодоор бөөлдөг бөө. Эх нь Төмөрсүрэн удган, эцэг нь Маадын Ориг бөө. Уйгар онгодтой хүмүүн/

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУЧУУД-2” АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

     

    “Тэнгэрлэг залуус-1” аяныг эхний ээлжинд 2015 оны 2 дугаар сарын эхний арав хоногт зохион байгуулж энэ хүрээнд амьдралын боломж муутай, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууддаа бэлэг тараасан билээ. Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлдэг залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн энэ ажиллагаа ахмадуудынхаа сэтгэлд хүрсэн сайхан ажил болж өнгөрснийг та бүхэн харсан бизээ.
    “Тэнгэрлэг залуус-2” аяныг хоёрдугаар ээлжинд 2015 оны 2 дугаар сарын дунд арав хоногт зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага”-ын төлөөлөл Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа.
    Алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдээр олж очиход тухайн хорооны цагдаагийн ажилтангууд тусалж байлаа. Өөрийн хариуцсан хорооны айл өрхүүдийн байдлыг сайн мэддэг тэдний туслалцаа бидэнд цаг хэмнэхэд их тус болсон. Ихэнх айлуудад бага насны олон хүүхдүүдтэй эмэгтэйчүүд угтаж байлаа. Зарим гэрт бага насны хүүхдүүд үлдсэн хажуу хөршүүд нь давхар харж байдаг өрхтэй ч тааралдав.
    Энэ аянд оролцох хүсэлтэй Мөнх тэнгэрийн шүтлэгтэй залуучууд, шүтлэгтэнгүүдийг МБНЭ-ийн сайт, фейсбүкээр холбогдож болно.
    Та бүхэнд Мөнх тэнгэрээ шүтдэг залуучуудын байгууллагаас санаачилсан “Тэнгэрлэг залуус” аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
    “Тэнгэрлэг залуус-2” аянд МБНЭ-ийн гишүүн Б.Чанцал, Б.Солонго, Ц.Мөнхбаяр, Б.Байгалтаа, Ч.Наранчимэг, Н.Нарангэрэл, Н.Гэрлээ нарын гишүүд идэвхи санаачлагатай ажиллаж байгаад нь МБНЭ-ийн болон дээд цэцийн гишүүдийн зүгээс баяр хүргэж байна.
    Б.Банзрагч

    djmedia:491
  • Монгол бөөгийн Тэргүүн зайран Д. Дарьчулуун төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.

    Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун нь МБНЭ-ийн Дээд Цэцийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуультай, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Их Өөлөг ястай, Урайнхай омгийн Дольгор бөөгийн Көк багшийн удам, Т.Чойсүрэнгийн ач хүү, найм дахь удамын зайран юм.
    Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэний 2223 жил, Монголд бөөгийн анхны байгууллага байгуулагдсаны 20 жил, Монголын бөө нар нэгдсэний 3 жилийн ой “Хонь” жилд тохионо. Энэхүү түүхэн явдлуудыг тэмдэглэх жилийн эхэнд МБНЭ-ийн нэг зүтгэлтэнг Монголын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Мөнх тэнгэрээ шүтэгчид бид булган сүүлтэй шагнал хэмээн хүлээн авч байна.
    Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун нь МБНЭвлэл үүсгэн байгуулагдсанаас хойшхи 3 жилийн хугацаанд Тэнгэр язгуур, Бөө мөргөлийн олон зай үйлд оролцож байсан билээ. 2011 онд Баян-Өлгийн аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Буянт сумын Засаг Даргийн Тамгийн газартай хамтран “Атаа таван тэнгэр”-ийн их тахилага зохион байгуулсан. Тэр 2012 .05.13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    Д.Дарьчулуун нь 2013.05.25-26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн түүхтэй.
    Мөн 2013.10.4-6-ны өдрүүдэд БНСУ-д болсон ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын фистовальд бөөлж, Дэлхий нийтэд Монгол бөөг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
    Д.Дарьчулуун нь 2014.05.15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгын Хайраны Тахилгыг толгойлж бөөлсөн байна. Түүнчлэн 2014.06.22-ны өдрийн Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д идэвхтэй оролцсон.
    Тэрээр МБНЭ-ийг төлөөлж 2014 оны 8-р сард болсон Монгол, Зөвлөлтийн цэрэг “Халхын гол”-д ялалт байгуулсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон билээ. 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд толгойлж бөөлсөн.
    Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх, МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлж, 2011 онд “Их Эзэн Чингис Хааны 850” жилийн ойн медаль, МБНЭ-ийн 2013 оны шилдэг зайран, МБНЭ-ийн “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар, Баян-Өлгий аймгийн Засаг Даргийн газрын жуух бичгээр шагнагдаж байлаа.
    Мөнх тэнгэрийн төлөө хийсэн зүйлсийг нь үнэлэн төрийн дээд шагналыг хонин жилийнхээ босгон дээр авсанд нь МБНЭ-ийн нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж байна. Монгол бөөгийнТэргүүн зайран Д.Дарьчулууны маань энэ шагнал булган сүүл дагуулж олон тэнгэрийн улаач нар төрийн их шагналыг хүртэх болтугай.
    Д.Төмөрөө

  • ЦУУДРЫН ГАЙХАМШИГ

    Цуудрын зангилааг тэнгэрийн зангилаагаар зангидаж байсан. Энэ нь тэнгэрт зальбардаг, тэнгэр газрыг холбодог хүн хийдэг байжээ. Цуудар оролцдоггүй зүйл гэж байхгүй бөгөөд уул ус, овоо тахих, сэтэр сэргээх, сэтэр татахад ордог. Хадаг бол хүндэтгэлийн нэг зүйл боловч уул уснд хор уршигтай хэдэн жил өнгөрсөн ч байж л байдаг. Цуудар бол байгалийн жамаар уусан алга болдог учираас хүн байгальд ямар нэгэн хор уршиг байхгүй. Хадаг бол хүндэтгэлийн эд байдаг тиймээс хамаагүй газар хаяж, хамаагүй хүнд өгдөггүй.
    Эрт дээр үеэс 4 төрөлийн цуудаг гол байр суурьтай байж ирсэн. Үүнд:
    1. Цагаан цуударт эхийн цагаан сүү шиг ариун бүхэн, амьтай, амьсгаатай бүхэн орно
    2. Ногоон өнгийн цуудар байгаль ээждээ
    3. Хөх өнгийн цуудар мөнх хөх тэнгэр эцэгтэй
    4. Улаан хүрэн цуудар альваа юмны амь нас, амь амьдрал бүх зүйлийг даатгадаг байжээ.
    Цагаан цуудар сэтгэл нь цагаан, зам нь цагаан байх ба цагаан замтай байх тухайд нь цагаан цуударыг оруулж байсан. Ажил төрөл, амь амьдрал, уул ус гэх мэт бүхий л зүйлийг даатгахад ордог. Тэр тусмаа амьлуулсан 3 цагаан цуудар, 9 цагаан цуудар гэж байдаг. Цагаан цуударуудын ач тус их байдаг. Энэ цуудрыг хүн хэдэн үеэс үе дамжуулан хадгалж болдог. Цуудруудыг салаалж халгалж болдог. Өөрөөр хэлбэл өрх тусгаарлан гарч байгаа үр хүүхдүүдийн гэр бүлд таслан өглөг. Цуудар амьлуулах ёс гэж байдаг бөгөөд Хаварын эхэн сахын шинийн 9, зуны дунд сарын шинийн 9, намрын эхэн сарын шинийн 9, өвлийн эхэн сарын шиний 9нд цуудрын гайхамшигаар даллага авч байсан түүх бидний өвөг дээдэс болон түүхийн сударт бичээтээй байдаг. Энэ 9 болон 3 цуударт хэдэн ч үеэч даатгаж болдог. Ийм цуудартай айлд бүл нэмсэн тохиолдолд нэг ширхэг цуудар нэмдэг байсан. Амилуулсан цуудартай айлд муу муухай зүйл хургахгүй, ажил үйлс, хүн бүл нь бүтэн байдаг. Атаан сэтэр, бүх малын сэтэрт, хүн малын амь амьдрал, ам нас хүн байгалийн хүйн холгоог холбож байсан байна.
    Цуударын урт нь 33 см, 71см, 77см, 81см, 99см өргөн нь 3см, 5см, 7см, 9см, 13см-аар амьдуулж байсан нь бидний өвөг дээдэс юутай гайхамшигтай байсан бэ?
    Эрт үеэс л уул овоо, гал тахих зэрэг зан үйлд хадгыг хэрэглэж байгаагүй түүхтэй.
    5 өнгийн цуударын гайхамшиг
    Цагаан цуудар- Эхийн цагаан сүү шиг ариун
    Цэнхэр цуудар- Хөх тэнгэр эцэгийг
    Шар цуудар- Мандах нарны туяаг
    Улаан цуудар- Галыг билэгддэг
    Ногоон цуудар – Үндэстэй бүхэн ургаж төлждөг, байгаль дэлхий билэгддэг учиртай.

  • НОЁО ЗӨНӨГ БӨӨГИЙН ОНГОДЫН ДУУДЛАГА1

    Хийн тэнгэрийн оронгоос нааш
    Хийсгэлэн үүлний газраас нааш
    Хөгий Харганатыг эзэлсэн
    Хэдэн үеийн сүлд болсон
    Гэрэл буурал ээж минь
    Авралыг бүрэн хайрла, хатуухан
    Зөв замаар замна хайрхан
    Зөөлөн нинжин орогтий хайрхан
    Энэ сүү шиг цагаан морийг
    Эцсийн бүлэгт цуглируулагтий хайрхан
    Эзэнтэй соргог тэнгэрээсээ нааш
    Булт бүрэн сонсогтий
    Санасан бодсон хоёр өнгөнд
    Босоо бугшмал эзэн бологтий
    Буурал эхийн заяаг
    Буянтай сайхан нартаас
    Хуучин үеийг алдаагүй
    Хойтын ёсыг дагаагүй
    Хорвоо ертөнцийн өнгөнд
    Хоттой бүлэг тэнгэрийг
    Хуур хэнгэрэг хоёроос хоцорсон ч гэсэн
    Хуучин ёсын залбирлыг
    Алдаагүй залбирлаа гэж амины гэмшилгүй
    Амьдын үйлс хасахгүй
    Аврал магад хайрлагтий.
    Алун гуу удган ижийн дуудлага
    Ариг гол ундтай
    Ар бууралд суудалтай
    Арцат хэц дээр гүйдэлтэй
    Алтан мутар тайгатай
    Бүрэнхаан дуудлагатай
    Минжин, Хөх, Хөгнөт, Малхант
    Хамарт, Явдалт эргэлэгтэй
    Сүх, Зэл, Ариг, Торлог
    Алттайгаар шунгалагтай
    Буурь цагаан
    Буха хан гол доо тахилгатай
    Хотой бүргэд сахиустай
    Буриадаас ястай
    Бодончуудаас гарвалтай
    Ачихай бодонгууд овогтой
    Хорилдойн охин Алангуу алдартай
    45 настай
    Цэн тогоруу унаатай
    Цэрэг монгол заяатайдаа
    Цэцэн Добу өвгөнтэй
    Дэрсэг таван хүүтэй
    Атхан соогоо өндийлгэн
    Тэвхэр таван хүүтэй
    Тэнгэр их заяагаа бодож
    Бигүтэй, Билгүнэй, Бухахати
    Бухасалжи, Бодон мундаг гэсэн
    Хөх буха сахиусаар Бухахатгийгаа даатгасан
    Хар буха санаж Бухасалжугаа даатгасан
    Бодон сахиусаа санаж Бодончуу мундагаа даатгасан
    Эвшээхэй нумаар хуяглаад
    Эрчит сумаар багцлаад
    Эвтэй байхыг харуулсан
    Умайн 5 хөвгүүдээ
    Удам ариухан
    Угсаа хол
    Ухаантай явагдаа.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА САР ШИНИЙГ ТОХИОЛДУУЛАН “ТЭНГЭРЛЭГ АЯН-1” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.

    Мөнх тэнгэр шүтлэгт залуучууд маань нэгдээд удаагүй ч хийсэн ажилтайгаар морин жилээ үдэж “Галзууруулагч хэмээх Хонь” жилтэйгээ золгоод байна. Тэд зохиомолоор бус магадгүй аваад сурчихсан айл өрхийг сонгосонгүй. Харин өөрсдийн биеэр явж, аян зохион байгуулах айл өрхөө сонгосон нь онцлогтой байсан юм.
    2015 оны 2 дугаар сарын 16 даваа гарагт МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага” Нийслэлийн Сонино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин муутай айл өрхүүдэд гурил, сүү, чихэр гэх мэт хүнсний зүйлсээр өглөгийн аянаа эхлүүллээ.
    Альваа зүйлийг зориглон хийхэд их бага гэх зүйл үгүй юм.
    Өгөе гэвэл ганцаасаа
    Уйлая гэвэл сохороосоо гэдэгчлилэн аяныг эхлүүлэсэн МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага”-ийн эрч хүчтэй залуучууддаа цаашдынх нь ажил, үйлд нь өнөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

    djmedia:489
  • ГИННЕСИЙН АМЖИЛТЫН ЭЗЭН Э.СОДНОМПИЛЖЭЭ

    Дандаа насанд хүрэгчидтэй ажиллаж байсан хүний хувьд хүүхэд, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заана гэхэд тулгамдсан нь мэдээж. Ингэж багш, шавь хоёр анх танилцжээ. Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ш.Энхсайхан багш тухайн үед “Алдар” спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд ажилладаг байв. Э.Содномпилжээтэй зэрэг шахуу 100 килограмм жинтэй нэгэн залуу түүн дээр шавь болж ирсэн аж. Ш.Энхсайхан багш ийм хоёр шавьтай болоод л “үзэж таржээ”.

    Удалгүй Э.Содномпилжээ юм дуулгаад эхэлж. 2001 оны УАШТ-ий 52 кг-ын жинд түрүүлсэн нь түүний анхны том амжилт байв. 2002 онд жин өгсөн 56 кг-д түрүүлэв. Хэвтээ шахалтаар ийн амжилт үзүүлж эхэлж. Жин нь ч бага багаар нэмэгдэж, бие нь ч сайхан хөгжөөд иржээ. Пауэрлифтингийн холбоо ч багш, шавь хоёрыг дэмжжээ. Нэг ёсондоо Содномпилжээ олны анхааралд өртөж, найдлага төрүүлж эхэлсэн гэсэн үг. Тэгж байтал 2002 онд Ш.Энхсайхан дасгалжуулагч Австралид ажиллахаар явснаар багш, шавь хоёрын бэлтгэл, сургуулилалт тасалджээ. Ш.Энхсайхан багш Австралид гурван жил болоод эргэж ирж. Нэг удаа түүнийг автобусанд явж байтал хэн нэгэн араас нь мөрийг нь тогшжээ. Эргээд хартал Э.Содномпилжээ байв.

    -Та Энхсайхан багш мөн үү?
    -Мөн байна. Чи одоо юу хийж байна вэ?
    -Юу ч хийгээгүй ээ, багш аа. Нэг сургуульд л сураад явж байгаа…
    -Чи тэгвэл бэлтгэл хиймээр байна уу. Хоёул дахиад эхэлье.
    -Тэгье.

    Багш, шавь хоёрын хооронд ийм товч яриа болж. Ш.Энхсайхан багшийн хувьд дасгалжуулагчийн нүдээр харахад анх туйван даахааргүй шахам турьхан жаахан байсан хүү овоо өсөж, бэлтгэл сургуулилалтаа зөв хийгээд, уйгагүй хөдөлмөрлөвөл юм дуулгаж мэдэхээр санагдсан аж. Э.Содномпилжээ Санхүүгийн дээд сургуулийн нягтлан бодохын ангийн оюутан болчихсон байсан нь тэр. Ингээд бэлтгэлээ эхэлжээ. Бэлтгэл нь овоо жигдэрч эхэлж байтал Ш.Энхсайхан багшийг “Голден жим” фитнесс төвийнхөн урьж багшаар ажиллуулахаар болов гэнэ. Тус төвийн захирал Б.Баянмөнхөд Ш.Энхсайхан багш учраа хэлж, шавийгаа танилцуулснаар багш, шавь хоёр “Голден жим”-д ажиллаж, хичээллэн бэлтгэлээ үргэлжлүүлжээ.
    Хоёулаа групптэй, хоёулаа Баянхошуу, Ханын материалд амьдардаг, автобусны мөнгөгүй болох үе ч цөөнгүй. Гэвч тэд шантарсангүй. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарч эхлэв. Э.Содномпилжээ жин өгсч 64 кг-аас дээшээ бүх жинд аварга болжээ. Багш, шавь хоёрыг дэмжиж туслах хүн олон байв. “Ард нэгдэл” даатгалын захирал Ч.Ганхуяг “Голден жим”-д хичээллэдэг байв. Тэрбээр Э.Содномпилжээтэй танилцаж, түүнийг компанидаа нягтлангаар ажилд авчээ. Эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Голден жим”-д хичээллэдэг байсан аж. Тэрбээр Э.Содномпилжээд мэргэжлийн өмсгөл авч өгөхөд хязгааргүй баярласан гэдэг. Олон тэмцээнд оролцож, багагүй амжилт гаргасан ч өмсгөлгүй л яваад байсан хэрэг.

    Ийнхүү Э.Содномпилжээг анх спортод хөл тавиулж, амжилтын замд хөтөлсөн Ш.Энхсайхан агсан хүндийг өргөлтийн төрлөөр Монголоос олимпод оролцсон анхны багийн гишүүн, үндэсний шигшээ багийн шилдэг дасгалжуулагчдын нэг байв.

    ЗОРЬСОНДОО ХҮРСЭН НЬ

    Япон улсын Китакюүшюү буюу Умард Кюүшюү хотноо 2018 оны есдүгээр сард зохиогдсон парапауэрлифтингийн Азийн АШТ-д “Рио 2016’’ олимпын паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Э.Содномпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртэв. Тэрбээр ийнхүү Азийн аварга болохдоо 239 кг-ыг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Тавлош Мамалошийн тогтоосон паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулсан юм.
    Энэ бол Э.Содномпилжээгийн тогтоосон анхны дээд амжилт биш. Өмнө нь 2017 оны Арванхоёрдугаар сард Мексикт болсон парапауэрлифтингийн ДАШТ-ий -107 кг-ын жинд хүч үзэн 235 кг-ыг өргөснөөр Азийн рекордыг эзэмших болсон юм. Мөн тэрбээр энгийн буюу эрүүл төрөлд хийн рекордыг эвдсэн билээ. Олон улсын пауэрлифтингийн холбоо буюу IPF пауэрлифтингийн сик төрөлд дээд амжилтыг 235 кг гэж тогтоосон байдаг. Э.Содномпилжээ Замын-Үүдэд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээн дээр дэлхийн энэхүү дээд амжилтыг эвдсэн юм. Харамсалтай нь, тухайн тэмцээний ангилал, зэрэглэл зэргээс шалтгаалаад энэ амжилт Монгол Улсын хувьд л рекорд болж бүртгэгдсэн бөгөөд олон улсын түвшинд дээд амжилтад тооцогдоогүй өнгөрсөн. Гэхдээ Э.Содномпилжээ улсынхаа рекордыг тогтоохдоо дэлхийн рекордыг давхар эвдчихсэн гэсэн үг.

    “Энэ амжилтаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр би бататгана. Пара төрөлдөө дэлхийн рекордыг эзэмших бодолтой бэлтгэл сургуулилалтаа хийж байна” хэмээн тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Энэ бол Финландын Ванта хотод болсон пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-ий 105 кг-ын жинд алтан медаль хүртэн дэлхийн аварга болсныхоо дараа өгсөн анхны ярилцлага нь байв. Э.Содномпилжээ паралимпийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшихийг хичээнэ хэмээн хэлсэндээ хүрч дээр хэлсэнчлэн Японы тэнгэр дор паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулан билээ. Мөн пара бус жирийн төрөлд хүч үзэн түрүүлж, дэлхийн аварга болсон нь түүнийг ямархан энтэй тамирчин болохыг харуулна.

    Э.Содномпилжээ уг ДАШТ-д 237.5 кг-ыг шахсанаар алтан медалийн болзол хангаж, дэлхийн аварга болсон төдийгүй уг амжилтаараа дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Гэвч тэрбээр дараачийн захиалгаараа 242.5 кг-ыг өргөснөөр дэлхийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчилсэн бас нэгэн дээд амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа нь Ш.Энхсайхан багшийнх нь зааж сургасан эрдэм юм.

    ДЭЭД АМЖИЛТУУДЫГ ЭВДЭВ

    Э.Содномпилжээ 2013 оны арваннэгдүгээр сард анх хилийн дээс алхан Малайзын Каула Лумпурт болсон Азийн АШТ-д оролцож, шагналт тавдугаар байрт оржээ. Ийнхүү 2014 оны гуравдугаар сард Дубайд болох ДАШТ-д оролцох эрхээ авсан аж. Түүний энэхүү анхны гадаад тэмцээн амар байсангүй. Зардал мөнгө олдоогүйн улмаас Ш.Энхсайхан багшийгаа үлдээгээд ганцаараа Азийн АШТ-д яваад очтол дасгалжуулагч, менежергүй тул тэмцээнд оролцуулахгүй гэжээ. Учир байдлаа хэлж, гуйж байж 100 еврогоор торгуулаад тэмцээнд оролцсон гэдэг. Ийм нөхцөлд тэмцээнд орно гэдэг тамирчин хүний сэтгэл зүйд мэдээж хүнд. Гэвч Э.Содномпилжээ анхны тэмцээнээсээ ДАШТ-д оролцох эрх өвөртөлж чадсан нь цаашдын амжилтынх нь эхлэл байжээ.

    Дубайн ДАШТ-ий эхний найман байрт багтаж чадвал олимпын эрх авах байв. Э.Содномпилжээ долоод орсноор Монголын тамирчдаас олимпын анхны эрхээ авч байв.
    Дараахан нь Инчонд болсон Азийн тоглолтоос хүрэл медаль зүүв. 2015 оны гуравдугаар сард Дубайд болсон “Fazza” гэж дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн байна. 2015 оны арваннэгдүгээр сард Алма-Атад болсон Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэв. Түүнээс хойш Э.Содномпилжээ дахин хоёр ч удаа пауэрлифтингийн Дэлхийн цомд аваргалаад байгаа билээ. Тэрбээр 2016 оны ёсдүгээр сард Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон зуны XV паралимпийн пара пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртэж паралимпийн төрөлд медаль хүртсэн гурав дахь тамирчин болсон юм. Пауэрлифтингийн төрөлдөө бол тэрбээр паралимпийн анхны медальтан.

    Э.Содномпилжээгийн багш Ш.Энхсайхан агсан шавийнхаа тухай “Хувь хүний онцлог бий. Спорт бол хүний таван чанарыг хөгжүүлдэг. Гол ноён нуруу нь хүч, эр зориг. Энэ хоёр хосолсон байх хэрэгтэй. Э.Содномпилжээд энэ бүхэн бий. Ямар ч үед бэлтгэл тасална гэж байхгүй. Яг л ирчихсэн зогсож байдаг. Хүүхэд байхаасаа л тийм. Анх таягтай байсан. Сүүлдээ таяггүй болсон. “Чи таяггүй болж байгаа юм уу” гэхээр “Болно оо, багш аа” гээд л явж байдаг. Сэтгэл зүйн хувьд ч маш сайн. Тэр нь надад их дэм болдог” хэмээн ярьсан билээ. Мөн тэрбээр “Бид хоёр 2020 оны Токиогийн олимпод төрийнхөө далбааг эгшиглүүлнэ хэмээн амласан” хэмээн итгэл төгс хэлж байв. Тухайн үед Ш.Энхсайхан багшаас ойрын үед ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байгааг нь асуухад “Унгарын Эгер гэж хотод Дэлхийн цом болно. Тэндээс алтан медаль л авна гэж бодож байгаа. Есдүгээр сард Мексикт ДАШТ болно. Тэндээс алт, мөнгийн аль нэгийг л авна гэж бодож байгаа” хэмээн хариулсан билээ. Э.Содномпилжээ буурал багшийнхаа энэ итгэлийг алдаагүй. Унгарын Эгерт болсон Дэлхийн цомоос алт, Мексикийн Мехикогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед Ш.Энхсайхан багш нь 2020 оны Токиогийн олимпод 107 кг-д өрсөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн хэлж байв. Э.Содномпилжээ паралимпэд хүрэл медаль хүртэхдээ 88 кг-ын жинд өрсөлдөж байсан бол 2017 оноос жин өгсч 97 кг-д хүч үзэх болсон билээ. Улмаар 2018 онд Японд болсон Азийн АШТ-д 107 кг-д өрсөлджээ. Ийнхүү цол дагаж бяр гэдэг шиг жин дагаж бяр нэмэгдэж амжилт нь ахисаар багшийнхаа захисан тэр жинд Азийн аварга болж, бас пара пауэрлифтингийн дэлхийн дэлхийн дээд амжилтыг эвдэв. Улмаар Э.Содномпилжээ 2019 оны долоодугаар сард Казахстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлснээр дэлхийн дээд амжилтыг тогтоож, “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэсэн юм. Тэрбээр тэмцээнээс тэмцээнд туршлагажиж, амжилтаас амжилтад өртөөлж, дэлхийн энтэй тамирчин болохоо харуулсаар байна. Одоо түүнийг Токиогийн паралимпийн дэвжээ хүлээж байгаа.

    Г.Сонинбаяр

  • Олон шашин нийгмийн оюун санаанд сөргөөр нөлөөлдөг үү

    Христ лал, буддизм, хинди гээд шашин, шүтлэгийн эрх чөлөөт манай нийгэмд эдгээр шашины урсгал чөлөөтэй нэвтэрдэг. Гэхдээ тэдний сайн ба муу талыг төдийлөн сөхдөггүй. Тиймдээ ч гудамжны орон гэргүйчүүд тэдгээр сүм, хийдэд ихэвчлэн орж, гарч байдаг.
    Мэдээж ядуу буурай орны иргэдэд дэмжлэг үзүүлэхүйц сайн тал нь энэ байж болох юм. Эсрэгээрээ нийгмийн үзэлд асар сөрөг үзэгдэл дагуулдаг тухай Их Британийн нэгэн хэвлэлд онцлон бичжээ. Ингэхдээ манай улсаас жишээ авсан байх юм.
    Тухайлбал, номлогчдын клуб гэгддэг нормоны үзэлтнүүдийн тухай дэлгэрүүлэн бичжээ. Нормон гэдэг нь үндсэндээ христийн цэвэр шүтлэг биш аж. Учир нь нормоны үзэл нь Есүсийг амьд байсан онолд дулднйдвал, түүнийг дагагчдын нэгийг шүтэх үзэл гэнэ.
    Юу гэхээр, Есүс христийн цэвэр номлолоор даган дууриагч үзлээ хэрэгжүүлдэггүй гэгддэг аж. Христийг нэг дагалдагчийг хэт шүтсэн буюу түүнээс үлгэрлэн дууриах үзлийн хамгийн том жишээ аж. “Сандэй Миррор”-т онцолсноор бол Азид нормоны үзэл дэлгэрэх хандлага өндөр байдаг аж.
    Японд сүүлийн 30 гаруй жил нормоны үзлээр амьсгалагсад баян, тансаг амьдардаг гэх судалгаа бий. Харамсаптай нь учир битүүлэг үхэл, ер бусын нэг хэв загварын амиа хорлолтын дараа тус улсын хуулийнхан энэ шашныг мөрдөж эхэлжээ. Гэтэл нормоны урсгалд хэт итгэгсэд шинээр элсэгчиддээ маш их урамшуулал олгосны дараа тэдний амь насаар шан харамжаа буцаан авдаг байжээ.
    Үүнийг Японы прокурорын байгууллага баримттай дэлгэж, уг шашны удирдагчдыг хуулийн хариуцлагад татсан байдаг.
    Үүнээс хойш Токио, Саппоро зэрэг томоохон хотуудад нормоны үзлээс татгалзахыг уриалсан хууль баталжээ. Дэлхийн ихэнх улсад аливаа шашныг шахан гадуурхах үзэл байдаггүй учраас нэг мөсөн хориглох шийдвэр тэр бүр гардаггүй. Харин мусульманы хэт даврагсад болон лал, хиндичүүд энэ байдлыг тэвчдэггүй.
    Өөрөөр хэлбэл, Арабын орнуудад лалаас өөр шашин давамгайлсан он цагийн хэлхээс аль 5000 жилийн өмнөөс л байгаагүй. Үүнээс үзэхэд Их Британийн сонинд өгүүлснээр манай улсад нормоны чимээгүй дайралт нүүрлэхэд хэт ойртсон байгаа юм.
    Энэ нь нийгэмд шууд механик үйлдлээр тодрохгүй ч оюун санааны тахлаар илэрдэг гэдгийг шашин судлаачид баталжээ. Тиймээс нормоны шашин Монголын нийгэмд аюултай гэдэгт эргэлзэх хэрэггүй аж.
    ЭНД ТЭНДГҮЙ СҮМ, ШАШНЫ БАРИЛГУУД СҮНДЭРЛЭХ БОЛОВ
    Улаанбаатарт олон зовлон бий. Түүний нэг газрын маргаан. Захиргааны хэргийн шүүхэд энэ төрлийн гомдлын мөр хөөсөн шүүх хуралдаан өдөр бүр л болж байдаг.
    Үүний үрээр газар олгогчид болон шийдвэр гаргагчдын луйвраар томчууд бүгд хөлжиж амжсан. Гэтэл “Чоно борооноор” гэдгийн үлгэрээр нийслэлийн “А” зэрэглэлд байршилтай хэд, хэдэн шашны тодотголтой барилга байдаг. Дээр, дооргүй үнэ, мөнгө ил тод хаяад ч хотын төвийн “А” зэрэглэлийн бүст газар олж авна гэдэг хэцүү.
    Харин шашныхан бол чадаад байна. Тэд сайн үйлс, хүмүүнлэгийн зорилгоор олон тооны байршил сайтай обеькт нийслэлийн энд, тэндгүй бариад авчихсан. Харин тэднийг яг зорилгынхоо шугамаар үйл ажиллагаагаа явуулдаг талаар мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байсан удаагүй.
    Мөн шашны барилга, байгууламжтай холбоотой шүүх хурлын сураг ойрын хэдэн жилдээ л дуулдаагүй. Үүнээс үзэхэд харийн шашин дэлгэрүүлэгсэд нутаг дэвсгэрийн төлөө “дайтдаг” улаанбаатарчуудаас хол байдаг аж. Үнэхээр тэднийг шалгаад үзэхэд буруудахгүй болов уу.
    Христийн цуглаан, хиндичүүдийн мөргөл, лалын залбирал гээд үндэстний буддист соёлоо хольж хутгасаар буй монголчуудад шашны үзэл хэт зөөлдөөд байдаг нь оргүй зүйл биш мэт. Түүнчлэн, Монгол Улсын төр, сүм, хийдийн харилцааны
    тухай хуулийн хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлийн 8-д зааснаар “Лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна” гэжээ.
    Харин тоо, тоймгүй баригдаж, толгой дараалан нэмэгдэж буй сүм хийд, лам санваартныг нарийн хянах хэрэгтэй мэт.
    СҮМИЙН ХАНДИВ НЭРЭЭР ОРЛОГО ОЛОГСОД
    Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ямар ч христийн сүмд хандив цуглуулдаг гэвэл хилсдэхгүй. Долоо хоног бүр цуглаан зохион байгуулсны дараа хандивын “сав” аялуулж үүндээ хүссэн мөнгөө хийхийг санал болгодог.
    Гэхдээ шинэ гишүүдээс л “мөнгө хураадаг”. Долоо хоногт болж байгаа цуглаан бүрийн дараа хандивын “сав” аялсаар байдаг. Харин олсон мөнгөөр сүмийн санхүүжилт, бусад асуудлаа шийддэг аж. Гэтэл эдгээр шашны байгууллагууд манайхаас албан ёсны зөвшөөрөл авахдаа иймэрхүү мөнгө хураах болон хандив зэрэг асуудлаар ярилцдаг болов уу.
    МОНГОЛД ШАШИН ТҮРГЭН ДЭЛГЭРЧЭЭ
    Манай улс 2010 оны хүн ам, улсын тооллогод шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь монголчуудын шашин шүтлэгтэй иргэдийн тоог нарийн гаргах боломж гарч ирсэн байдаг. Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа байдаг аж.
    Одоогоос 30 гаруй жилийн өмнө буюу 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашин, шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаар социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн аж.
    Харин улс орны хөгжлийн чиг баримжаа үндсээрээ өөрчлөгдөн, хүн амын шашин шүтлэгийн байдалд гэнэтийн эрс өөрчлөлтүүд гарах болсон шинэ нөхцөлд буюу 1994 онд Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1600 хүнийг хамруулан социологийн судалгааг анх хийжээ.
    Уг судалгааны асуултыг шинэчлэгдсэн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт зарим асуулттайгаар 2003 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдвээр дахин судалгаа явуулсан нь одоогоор энэ чиглэлд хийгдсэн сүүлчийн дорвитой судалгаа болж байгаа юм.
    Хэдийгээр Хүн ам, орон сууцны тооллогод шашины талаар ганцхан асуулт оруулсан боловч өмнөх хоёр судалгааны дүн мэдээтэй харьцуулах боломжийг бидэнд олгож байгаа аж. 2003 оны байдлаар шашин шүтдэггүй иргэд 77.8, харин шүтлэгтэй иргэд 22.9 хувийг бүрдүүлж байжээ.
    Тэгвэл 2010 оны сүүлчээр хийсэн судалгаанд шашин шүтэгчид 38.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь тоон үүднээс авч үзвэл харьцангуй бага тоо мэт боловч, нийгмийн хамааралд эрчимтэй өсч буй шашин, шүтлэгийн “масс”-ыг олж харж болно. Харин шашин хүчтэй дэлгэрч буй уг байдалд болгоомжтой хийгээд бодлоготой алхам барих нь нийгмийн оюун санааны “мөргөлдөөн”-өөс сэргийлдэг аж.
    Т.Батсугар