
ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул Хөвсгөл аймаг Арбулаг өндөр цахир тахилгаа хийж, өглөг буянаа зон олондоо хүртээж явна.
Тэрээр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаайн гишүүний (хүний нөөц, шагнал урамшил хариуцсан) үүргээ хариуцлагатай гүйцэтгэдэг.

Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Мөнхчулуун зан үйлээ хийж, өглөг буянаа зон олондоо хүртээж явна.

Гэхдээ урьд нь жагсаалаар алхаж огт үзээгүй хэрэг биш л дээ. Тавдугаар сарын 1-ний хуйсагнуур салхитай өглөөгүүр, зуны найртай долдугаар сарын 11-нд, мөн өвлийн эхэн сарын жавар чих часхийлгэсэн 11 дүгээр сарын 7-нд ажлын газрынхан, дүүрэг, хороогоороо нийлээд жагсаалаар бишгүй л алхаж байсан. Тэр үед гартаа цэцэг, улаан туг барьж, тухайн үедээ 5-6 настай байсан /одоо зарим нэг нь 30-40 нас зэрэгцэж яваа/ бал¬чирхан үрсээ нуруундаа суулган “Майн 1 мандтугай, манай орон хөгжтүгэй. Социализм, коммунизм мандтугай ура, Марксизм, Ленинизмын бүрэн төгч ялалтын төлөө урагшаа, Октябрийн агуу их хувьсгал мандтугай ура” хэмээн хоолойгоо цахирттал хашхиралдаж явсан түүхтэй.
Үүнийг тэрлэгч л ухаан гүйцэд суугаагүй, улаан бүчтэй пионер байхдаа сургууль дээрээ бөөн цагаан тоос босгон пижигнэлдэж, бас болоогүй гартаа урт хамартай хүний хошин зураг барьчихаад “Вьетнамаас савраа тат, Америкийн имперлизм сөнөтүгэй” хэмээн багшынхаа зааж өгсөн уриаг буруу, зөв хашхиран тэрүүхэндээ хөөрхөн улстөржиж явсан наргиантай түүх бий.
Харин дараа нь 1990 онд жинхэнэ утгаараа цөс зориг нь бадарсан, юуны төлөө, яах гэж өвлийн тасхийм хүйтэнд толгойноосоо уур савсуулан жагсаж, хоолойгоо цахирттал хашхирч байгаа хүмүүсийг харж, дунд нь орчихоод пижигнэж л явлаа. Нэгэн удаа бүр тэр үедээ “том дарга” гэж ойлгосон нэгний тушаалаар цугласан олонд туг дарцаг, эсэргүүцлийн уриа лоозон тараагаад гүйж л явлаа. Тэр үед үзэж харж дунд нь хутгалдаж явсан жагсаал бол одоо бодоход жинхэнэ сэтгэлийнхээ дуудлагаар түрхрэлдсэн, уурлаж бухимдсан, уурсаж хорссон олны хилэнт жагсаал байж.
Өчигдөрхөн Чингисийн талбайд бөө, удган, бас бус тэмцэгчид нийлж аваад ямар учиртай нь сайн мэдэгдэхгүй жагсаал ч юм шиг, бөөгийн дуудлага ч юм шиг, удгануудын цугларалт ч юм шиг жигтэй сонин үзэгдэл үзүүлээтэхэв. Бөө, удгануудын хэл ярианы байдлаас анзаарвал Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Булган за тэгээд ойр орчмын бөө, удганууд харамгүй цугларсан бололтой.
Тэдний дунд сэтгүүлч, тэмцэгч нэрээр олонд танигдсан Ч.Мөнхбаяр “Ноён уулаа аваръя” гэсэн пайз зүүчихсэн алхаж явсан бол Босоо хөх Монгол, Гал үндэстэн зэрэг холбооны залуучууд хас тэмдэгтэй туг далбаагаа намируулан Бөөгийн холбооны нөхөдтэйгөө тун чухал асуудал хэлэлцэж байгаа бололтой бөөгнөрч харагдсан. Хоёр эгнээ болон гудамлан зогссон ажиглагчид яг үнэндээ бөө, удганууд ямар зорилготой, хэнд хандаж бөөгийн цугларалт хийгээд байгааг ойлгосон юмгүй нэг нэгнээсээ “ Энд юу болж байгаа юм. Н.Батбаяр, Д.Арвин гишүүн нар гарч ирж эдэнтэй нэгдэнэ гэсэн үү” гэлцэж байсан бол зарим нь бүр төөрөлдөж “Богд ууланд гарсан түймрийг унтраах гэж бөөлж байгаа юм уу” гэж байв. Эхэндээ би ч учрыг сайн ойлгоогүй гайхаад зогсож байтал Гал үндэстэн холбооны нэгэн чухал нөхөр “Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж, бөөгийн зан үйл үйлдэж байна. Бөө нар сайн дураараа оролцож байгаа бөгөөд “Ноён” уулыг хөндвөл энгийн ардад гай зовлон нүүрлэж, 100 гаруй хүний амийг авч одсон гэнэтийн осол болно гэж хэлүүлснийг зарим удганы онгод сахиус нь сануулсан” гэлээ шүү.
Удган, бөө нар ээлжлэн гарч ирж тэнгэр хангайг аргадах хэрнээ “Ноён уулаар оролдвол тэнгэр эцэг гэсгээнэ. Эцэг өвгөдийн онгод сахиусыг хилэгнүүлвэл засаг төр сайнаа үзэхгүй” хэмээн улстөржихийг нь ихэд аялгатай буултаас нь арайхийж л нэг юм ойлгоод “Өө хөөрхий одоогийн бөө, удган ч тун сүрхий улстөрждөг улс юм. Арайхийж нэг юм хамтарч аваад ганц нэг асуудлаа шийдэх гэж мунгинаж байгаа засаг төрөө тургиад бөөлчих вий дээ” гэж айх ч шиг болж байгаа юм. Тэгтэл Бөөгийн холбооны бас нэгэн бүдүүн дарга “Бид ирэх гуравдугаар сард Ноён ууланд очиж бөөлнө. Ам бүрийг нь онгод сахиустай болгоно. Ухаж төнхөж хөндсөн хүмүүсийг эцэг дээдсийн онгод сахиусууд гэсгээх болно” гэж хэлчихээд яваад өгөв.
Тэгтэл тэрүүхэн зуур тэнгэр бүүдийгээтэхсэн чинь хажууд уухайлж зогссон нэгэн “За энэ олон бөө, удганы ид шид гарч эхэлж байна. Одоо удахгүй цас хялмаалах байх” гэлээ шүү. Нээрээ л цас хялмаалж сүйд болох юм болов уу гэсэн чинь тун удалгүй сааралтаж байсан тэнгэр цэлмээд явчихдаг юм байна. Харин нөгөө сүрхий уухайлагч бараа сураггүй болсон байв.
Тэгтэл бөө, удгануудын энэ удаагийн жагсаал дуусч байгааг зарлаж “Байгаль дэлхий, эцэг өвгөдийн сүнс амгалан байх болтугай. Засаг төрийн шийдвэр мэргэн байх болтугай” гэснээр туг далбаагаа намируулан, унжлага сагсуургаа харшилдуулсаар бөө, удганууд цувралдан одов. Зарим бөө хувцас хэрэглэлээ тайлж дотуур нь өмссөн биеийн тамирын хувцасан дээрээ өдөн хүрмээ давхарлан өмсөж харагдав.
Ер нь ингэхэд ямар учиртай, хэнд хандсан, ямар зорилготой бөөгийн жагсаал үзчихэв дээ, би.
Нийтлэл \ Өглөөний сонин \
Үүнээс болж хэн нэгэнд залилуулах хэрэг гаарсаар буй. Мөн үүнээс гадна сүүлийн жилүүдэд манай улсын иргэд бөө мөргөл, шарын шашинд хэт туулширч айл болгон бөөтэй болж түүнийг шүтэж дээдэлсээр ирсэн. Гэвч үүнийг буруу зүйлд ашиглах буюу бизнес болгож буй хүмүүс байна. Угтаа бол бөө болох тоглоом бас бизнес биш юм. Зарим хүмүүс бөө болохоор дурлаж өөрт нь онгод тэнгэр үгүй байхад заавал бөө болно гэж зүтгэх хүмүүс захаасаа аваад дайралдах нь эмзэглэмээр. Очиж байгаа бөөгөөсөө өөрийнхөө нэг тэнгэрийг эсвэл зуугуул онгод шахаад өгөөч гэж гуйгаад шалаад сууж байдаг байна.
Ингээд тэд ямар ч онгод тэнгэргүй атал хүн үзэж мэргэлэн их хэмжээний мөнгө авах ба бүр сүүлдээ хүн амины хэрэг ч гарсан билээ.
Ганц бөө гэлтгүй шарын шашинд ном мэдэхгүй байж хүний амьдрал ахуй, тулгарсан асуудлыг шийдэж өгнө хэмээн худал ярин суух лам нар хүртэл олшироод буй. Энэ нь маш том нүгэл. Бурхан шашныг шүтэж сүсэглэж чадахгүй атал өөрийн биеийг бурхан мэт үзэж байгаа нь бусармаг үйлдэл юм. Угтаа бол ямарваа нэгэн бурхан шашны холбогдолтой, мэргэч төлөгч хүнд үзүүлсэн хүн түүний гарын цайлгах утгаар мөнгө өгдөг. Харин үзэж буй мэргэч ямар нэгэн тариф зохион үйлчлүүлсэн хүнээс мөнгө нэхэх эрхгүй билээ.
Энэ нь бурхан шашинд сүсгээрээ өөрийн зүгээс өгч буй зүйл учир нь хэмжээ гэж байхгүй их ч бага ч бай аль нь ялгаагүй аж. Гэтэл сүүлийн жилүүдэд мэргэч, бөө, лам нар тариф тогтоон үйлчилж байгаа нь иргэдийг луйвардаж буй хэрэг болоод байна. Тэдгээр тариф тогтоосон, өөрсдийгөө мэргэлдэг хэмээж буй хүмүүс үнэндээ худал ярьж байгаа бөгөөд энэ нь хүнээс мөнгө салгаж авах гэсэн арга нэг ёсондоо луйварын арга юм. Энэ нь мөн сэтгэл мэдрэлтэй холбоотой аж.
Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолсон байна. Мөн судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд нийгмийн стрессээс шалтгаалан сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихсэх хандлагатай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байгаа юм. Жил ирэх тусам сэтгэцийн өөрчлөлттэй хүний тоо нэмэгдэж буй шалтгаан нь бухимдал, сэтгэл санааны хямрал, тайван бус амьдралын хэмнэл зэрэг гэж үзэж байгаа аж.
Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс ихээр бий болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэргээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон шашны энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулж байна. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган нэг сая 500 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр “бөө болгож” өгдөг болсон.
Онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгэн ийм хэргэмийг хүртсэнээр нийгмээс тусгаарлагдаж, өөрчлөлтдөө дасахгүйн улмаас сэтгэцийн хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг аж. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон 20-иод хүн бүртгэгдсэн байна. Энэ мэтчилэн бөө мөргөл нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Сахиус авах ёсгүй хүн нь түүнийг хүчээр авах, дургүй нэгнийг хүчээр бөө болгож байгаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгаа хэрэг. Луйвар, сэтгэцэд нөлөөлөх бүр цаашлаад хүний аминд ч хүрэх тохиолдол гарч байгаа билээ.
Тиймээс энэ байдлыг цэгцлэх хэрэгтэй. Уул усыг тахиж байна хэмээн худал үйл хийж уул усны савдгыг улам хилэгнүүлсээр байгаа. Хэн дуртай нь бөө болж үнэн худал юм ярин хүнээс мөнгө залилах үйлдлийг зогсоох хэрэгтэй. Бурхан шашны зан үйлээ бизнес хийж хүн луйвардах нь нүгэл болох ба ирээдүйн өөрийн үйлд сөргөөр нөлөөлөх болно.
Бахар хар ноён
Бадам хатан ижий
Барьхан шамбайн эзэн
Баянбаатар аав
Балжин хатан ижий
Сүүн далайн эзэнтэй
Сүх хошуу ноён
Сүүмэн гэрэл хатан ижий
Далайн шамбайн эзэн
Далжир хар ноён
Дам цэнгэл хатан ижий
Дингарай эзэмдсэн
Бөө тайж ноён аав
Бүжин хатан ижий
Гүрийн ноён хотоохой
Гүнхэн хатан ижий
Шувуу ноён аав минь
Шунхан хатан ээж минь
Байгаль далайн зүрхэн дунд
Байгуулмал их шивээтэй
Батмөнх хашааны
Хан их заргач
Хатан буурал ижий
Эрхүү далайн эзэнхэй
Эмнэг цагаан ноёнхой
Эржин буурал хатан ижий
Тэмээн хоолойн эзэн
Тэршээ яшил даарин
Хэрэлзэнгэний хөвүүн
Өндөр ноён бурхан гурвал
Аугаа буумал ноён
Ойрхон бархан уулыг ширээлдэж буусан
Олон түмэн удам судар залгасан
Бурхан ноён аав
Будан хатан ижий
“…Дээрх мөн тэнгэрийг тэвшин төдийхөн бүхийгээс
Доорх этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
Сүн далайг чалчааг бүхийгээс
Өөд заяасан гал, галайхан ээждээ
Өөх тосыг өргөнөм билээ…” гэх мэт дуудаад архи сархад,өөх тос өргөдөг.
Гал голомтын эзэн тэнгэр. Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эзэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн нь тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод, түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд гал руу ус, шүлс, элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй, хурц үзүүртэй юмаар чичихгүй, тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэрт архи сархад, өөх, тос зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.
Гал тахих зан үйл. Зул сарын 23, 24-нд буюу өвлийн адаг сарын 30-нд гал голомтоо тахидаг уламжлал нийт монгол түмний дунд түгээмэл байжээ. Энэ нь галын бурхан Галайхан ертөнцөд залрах хийгээд өөд болон дэгдэж ажаарах үестэй холбоотой хэмээн домоглодог.
Гал тахих ёсны бэлтгэл. Айл бүхэн гэр орон, хашаа, хүрээ, хот хороогоо цэмцийтэл цэвэрлэх, тулганы доор элс асган засаж, индэр хэмээн нэрлээд тулга, тогоо тосгон бэлтгэснийг утаа шүүрдэх гэдэг. Галын тэнгэр маш ариун цэвэр орчинд залрах бөгөөд бузар буртаг, хир, тоос, яс тоорог тэргүүтнээс бузартах нь амархан тул хичээнгүйлэн ёсчилон үйлдвээс зохих ба галын тэнгэрийг бузартуулбал тотгор гамшиг нь үлэмж хэмээн цээр хориг сахидаг. Гал тахилгын бэлтгэл хийж, утаагаа шүүрдэхдээ усан ариутгал, гал ариутгал, салхин ариутгал, шороон ариутгал, модон ариутгал хэмээн таван язгуур махбодоор ухияал ариутгал үйлддэг.
Усан ариутгал хэмээгч нь усанд булхаж угаах хийгээд ухияалын хорхог тэргүүтэн олон зүйл бий. Гал ариутгал хэмээгч нь галын дундуур гаргах ба галаар төөнөн ариулах хийгээд арц, ганга, агь жодоо унгатган ариутгах тэргүүтэн олон зүйл бий. Салхин ариутгал хэмээгч нь арьс нэхий, ширдэг дэвсгэр, хивс, олбог талбаг, эсгий, дээл хувцсыг хэцэн дээр тээж, салхинд тавих тэргүүтэн олон зүйл бий. Шороон ариутгал хэмээгч нь хуу домбо, данх танх, тогоо шанага зэргийг торгон элсээр зүлгэж өнгөлөх тэргүүтэн олон зүйл бий. Модон ариутгал хэмээгч нь арц, жодоо түлж үнэрээр нь ариулах ба гавар, зандангийн үнэр шингээх тэргүүтэн олон зүйл буйн дээр саваа салбартал гөвж гөвшиж ариутгах нь түгээмэл байдаг.
Галын тахилганд өргөх шар халзан толгойт цагаан хонины өвчүүг галд хуйхлан, тогоонд ус хийгээд айраг сүүгээр ес дусааж цагаалаад, өвчүүгээ тогоонд үйж, гургалдай, шаант чөмөг, үхрийн өвчүүний хэрсэн, аман хүзүү, дөрвөн өндөр, хавирга, сээр, дал зэргийг давс хийлгүй чанахыг өвчүү өтгөрүүлэх гэж нэрлэдэг. Өвчүү өтгөрүүлэхдээ улаан махыг хар ус луу шууд үйдэггүй, эрхбиш айраг сүүгээр ес домнон цагаалж байж үйдэг заншилтай юм. Өвчүү өтгөрүүлэх үес заавал гургалдай чанадаг. Гургалдай гэдэг нь цагаан мах, найз, авид, авис, хошигног гэх мэт олон нэртэй бөгөөд амны хишиг буяныг арвижуулагч, өвс ургамлын сөл шим мөний тул хишиг даллагын хөнөгт байвал зохих идээ мөн. Өвчүү өтгөрүүлэхдээ давс хийж чангаруулдаггүй. Учир нь давс ерэн есөн гэмтэй нэг эрдэмтэй гэж хэлэлцэнэ.
Өтгөрүүлж болгосон өвчүүг тэвшинд гаргаж их гэрийн хоймроор нар зөв эргүүлэн ширээн дээр тавьж гар хуруугаа арц сангаар ахин дахин ариулж, ам хамраа алчуураар ороогоод хутгаа хөнгөн эргэлдүүлэн, үе мөчийг нь хөндөлгүй өөх махыг нь хайж яснаас нь салгахыг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Өвчүү цөмөхдөө бүдэрхийг нь авч болохгүй. Харин хуримын өвчүү байвал бүдэрхийг нь авч үлдээдэг учир бий. Өвчүү цөмөхдөө ам хамраа алчуураар ороодог нь галын тэнгэр Галайханд өргөх өвчүүнд амьсгалаа шингээж болдоггүй учиртай гэнэ. Халуун амьсгалын уураа өвчүүний ясанд шингээчихвэл сүнс зайлж тэнгэрт халина хэмээх учир хянуур болгоомжтой үйлддэг. Өвчүү цөмөх хүн угаалгын хорхогт орж биеэ ариулсан байх ба арц, ганга, сангаар унгатгаж, гар хуруугаа ахин дахин ариулж, цэвэр ариуныг сайтар сахихгүй бол Галайхан хилигнэнэ гэнэ. Хурц хутгаар үе мөчийг нь хөндөж эсгэсэн тэмдэг өвчүү өргөж болохгүй. Өвчүү цөмсөн халим өөхийг нэгэн тавагт хийж галд өргөхөөр бэлтгэн тавьдаг.
Цар таваг дээр ам шар торго дэлгээд, цөмж хайсан өвчүүний ясыг өөд нь хандуулан тавиад галын хишиг, галын амс, галын боорцог, арц, хүж, хялгана, тос, шүүмэл чихэр, бурам зэрэг зүйл овоолон тавьдаг ба харин Ордос монголын Отог, Үүшин зэрэг нутагт болсон арвайн гурилаар сэрх балин гэж ямаа унасан балин засаж түүндээ алт мөнгөн цаасаар нар, сар хайчлан дэрсэнд хавчуулаад оройд нь хатгаж ембүү эрдэнийн зүйл хайчилж хийдэг. Зарим газар өнгө бүрийн торгон утсаар чимж үүнийгээ жолоо гэж нэрлэдэг. Олонх газар өвчүүний өмсгөл хэмээн элдэв бөс торгоны өөдсөөр ороох ба самбай хадгаар боох буюу хонь, ямааны сэмжээр ороож, торгон утсаар буюу хэлхий томсон хонины унгасан утсаар бүдэрхийнээс нь эхэлж ханан эрээдсээр эрж ороодог. Энэ зан үйлийг нийтэд нь өвчүү чимэх гэж нэрлэдэг. Шинэхэн цагаан ноосоор үзэмжтэйеэ ороосон шим, амт, чанар хотол төгссөн ариун өвчүү гэж гал тахих ёсны сударт чимсэн өвчүүг ийнхүү дурдсан байдаг.
Өвчүү өтгөрүүлсэн шөлөнд улаан чавга, үзэм, шүүмэл, шар тос, бурам, тутарга /цагаан будаа/ хийж болгосныг галын амс гэж нэрлэдэг. Галын амсыг суулга, сав, тавагт гаргаж авах ба гал тахих ёсны эрхэм хүндэт идээ зоог болно.
Гуулин суулга буюу тэвш, эсвэл даллагын хөнөгт галын амснаас хийж дээр нь цөмсөн өвчүүний мах, шагайт чөмөг, дал, хонины сүүл, дөрвөн өндөр хавирга, гургалдай зэргийг хийгээд чавга тавьж шар тосоор чавгыг мялаагаад дээр газар тавьж гал тэнгэрт өргөснийг галын хишиг гэж нэрлэдэг. Галын даллага авах үест галын хишигийг гартаа барьж хоёр гараараа даллан хишиг авдаг заншилтай бөгөөд гурван хоног гэртээ байлгаж байгаад хишигээ тогтоож хүртдэг юм.
Тулганы дөрвөн талд хүж өргөх буюу галын аман дахь ширээн дээр есөн зул бадраасныг галын сан гэдэг. Галын сан тавьж гал тулгыг ариутгахаас гадна гал тахих ёсны туршид ариун сан баагиж, сангийн судрыг уншиж дуудах бэлтгэлийг хангана. Галын аман дээр цагаан толог эсгий буюу хивс дэвсэж, явган ширээ засдаг. Ширээн дээр чимж ороосон өвчүүг цар дээр тавьж бүдэрхийг нь галын зүг хандуулан дэргэд нь шимийн архи ба хар архи хоёрыг зэрэгцүүлэн тавьж, нэг аяга айраг, нэг савтай дусаал /өвчүү өтгөрүүлсэн шөлний тосыг хамж аваад, шар тос, чихэр бурам, архи дарс хольсоныг хэлнэ/, халим /халимлаж эсгэсэн өөх/ бас нэг тавагт торго бөсийн цуудас хийж бэлтгэсэн байдаг. Эд бүхнийг галын тахил засах гэдэг.
Зул сарын хорин гуравны цагаан гэгээ тасрахын үед гал тахихаар бэлтгэсэн цэвэрхэн улаан бургас, хайлаас, хар шаваг зэрэг модыг нэгэн жигд жиргэн, тулганд хайрцаглан өрнө. Доор нь аргал ивэх ба хомоол урж тавиад ноцооход бэлэн болгож,тулганы зүүн талаар сөхрөн, тахилгын бэлтгэл хангах өөр өөрийн үүрэгтэй ажлыг гүйцэтгэхээр бэлтгэсэн байдаг. Гал тахилын судал дуудах лам буюу хар хүн баруун хойт хойморт завилан сууж, судраа дэлгэнэ. Гэрт ирсэн бүх л хүмүүсийн өмнө идээ будаа тавих ба цөм хормойгоо дэвсэн сөхрөн суугаад малгайгаа авсан байдаг Гал тахилгад оролцох хүмүүс монгол үндэсний ёст дээл хувцас, хутга бүс, эмэгтэйчүүд ууж, цэгдэгтэй байх ёстой. Галайхан тэнгэр галын хайчнаас айж ширвээдэг тул галын хайчаа ширдэг доогуураа нуусан байх хэрэгтэй.
Галын дэргэд түлээ мод хагалж болохгүй. Галын зүг хутга мэсийн зүйл хандуулан тавьж болохгүй. Галын өөдөөс алцайн сууж болохгүй. Галд бохир зүйл хийж түлж болохгүй. Өвчүү өтгөрүүлсэн шөлний хоргыг дэврүүлж, хиншүү хярвас гаргаж болохгүй. Галд сүү өргөж болохгүй. Галд ус цацаж болохгүй. Галд хувцасаа ээж хатааж болохгүй. Галаар тоглож болохгүй. Гал голомтын дэргэд хэрэлдэж, маргаж болохгүй. Галаа харааж зүхэж болохгүй. Галд хөлөө ээж болохгүй. Голомтын галыг дарж унтрааж болохгүй. Гал руу нулимж болохгүй. Галаа хөөрөгдөж асааж болохгүй. Гал руу гараараа чичиж, зааж болохгүй. Галд үснийхээ сэвийг хийж болохгүй. Эмэгтэй хүний буудал буусан бол гал тахилгад оролцож болохгүй. Голомтынхоо галын дэргэд биеэ угааж болохгүй. Гал уруу аяганы шавхруу цацаж болохгүй. Тахилгатай галд тамхины иш хаяж болохгүй. Эд бүхнийг галын цээр хэмээн нэрлэж цээрийн ёсыг ширхэглэн сахих бөгөөд нэгэнт галаа тахиж эхэлсэн бол цээрийг сахиж жил бүхэн тасралтгүй тахиж байх ёстой юм.
Тэгвэл бөөгийн эрдэмээс даваад төр, нийгмийн төлөө зориулах хувь хүн гарын таван хуруунд багатахаар цөөн байдаг. Тэдний нэг нь Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал байлаа.
Хөрөнгө мөнгөөр гачигдаагүй ч атаархалаас болж бөө удгануудад хандах нь их болсон:
Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл жилийнхээ ойг хэдхэн хоногийн өмнө тэмдэглэж, төрийн ордонд ёслоод гарсан. Эзэн Чингисийн үеэс тахин шүтэж ирсэн бөөгийн шашны нэр хүндийг хамгаалан, онгод тэнгэрийнхээ эрдэм чадлаараа үнэлэгдсэн их удган Д.Энхжаргалтай энэ үеэр ярилцсанаа хүргэж байна. Хөвсгөл нутгийн унаган иргэн тэрбээр бөөгийн “Голомт” төвийн дэд тэргүүн бөгөөд удам дамжсан сүр хүчээрээ гайхагдсан нэгэн. Олон шавь нар дагуулан, энэ шашны шинэ цагийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлж ирсэн их удган шинэхэн эвлэлийнхээ ойн мэндгийг манай сониноор дамжуулан ард олон, нийт гишүүддээ хүргэсэн юм.
-Таны үүссгэн байгуулалцсан бөөгийн төв хорь шахам жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд мэдээж их удганы хувьд олон л үйл явдалтай нүүр тулж яваа байх?
-Манай төв байгуулагдаад 19 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хийсэн ажил их байгаа. Хэдэн мянган уул, усны тахилга, жил болгоны нарны тахилга, их тахилгууд,
Солонгос, Буриад, Тува улсуудтай хамтарсан тахилга хийдэг. Бүх аймгуудын бөө нар, олон бөөгийн төвүүд нэгдэж нэгдсэн эвлэл байгуулаад нэг жилийн ой нь болж байна. Байгуулагдсанаас хойш “Ноён уулын тахилга” , эзэн Чингисийн ойд зориулсан тахилгыг “Хар зүрхний хөх нуур” гэдэг газарт 2000 гаруй бөө нар тахилга хийсэн Саяхан нэгдсэн эвлэлийнхээ үйл ажиллагаанд зориулж журам, дүрэм, бөөгийн ёс жаягийн тухай дүрэм гаргасан.
-Анх байгуулагдаж байхад бас шалгаан, нөхцөл урган гарснаас нэгдэж байсан байж таарна?
-Энэхүү байгууллагыг байгуулсан шалтгаан нь гэвэл бөө нарыг нэгтгэж, түмэн олны сайн сайхны төлөө, уул, ус, байгаль дэлхийгээ хамгаалж, хүндэтгэл үзүүлэх зорилготой. Бөө хүмүүс хүний төлөө гэсэн зөв эерэг үйл ажиллагаа явуулж буруу зөрүү зүйлээ хоорондоо ярилцаж, мэддэг зүйлээ бусддаа зааж, санаа зорилгоо нэгтгэхийн төлөө энэ байгууллага байгуулагдсан. 5-р сарын 25- нд болох Цаст хайрханы тахилгыг Баян-Өлгий аймгийн иргэд их сайхнаар хүлээж авч байгаа. Үүний дараа 6-р сарын 22-нд Монгол туургатны их тахилга гэж болно. Бүх аймаг, сум, бөөгийн холбоо бүгд нийлж хийх юм.
-Бөөгийн нэгдсэн эвлэл удган бөө нартаа зэрэг дэв олгох болж байгаа юм. Мэдээж нарийн шалгуураар эрх бүхий хүмүүс нь зэрэглэх байх гэж ойлгож байна?
-Зэрэг дэв гэдэг нь олон жил бөөлсөн, онгод сахиус нь бүрэн ордог, зөв яваа хүмүүсээ шалгаж үзээд зэрэг дэв олгох үйл ажиллагааг хэлж байгаа. Эхний хорь буюу “Дээд цэц”-ийнхэн, дараа “Бага хуралдай”-нхан үүнд хамаарна. Зэрэглэл тогтоохдоо мэдээж хүч, чадал сорьсон шалгуур үзүүлэлтүүдээр шалгана. “Бага хуралдай”, “Дээд цэцийнхэн” хамтарч дараагийн бөө нараа шалгаж зэрэг, дэв олгоно. Бөөгийн шашны нэр хүндийг сэвтээж байгаа хүмүүсийг ялгаж, зааглан бөөг цэгцэнд нь оруулъя гэсэн үүднээс энэхүү зэрэг, дэвийг олгох гэж байгаа. Тэрнээс нь бол ямар нэгэн алдар нэр хөөх цол гуншин төдий асуудал биш. Хэрвээ бөөд хандах, арга заслаа хийлгэх хэрэг гарахад ард түмэн хэнд очих вэ гэдгээ мэддэг болох боловуу гэсэн үүднээс зэрэг, дэвийг олгох гэж байгаа. Шалгах байгууллага нь “Дээд цэц”, “Бага хуралдай” гэсэн бөөгийн эвлэлд үүрэг хүлээсэн хүмүүс гэж ойлгож болно. “Бага хуралдай”-д 200 шахуу хүмүүс байдаг. Дандаа таваас дээш жил бөөлсөн хүмүүс байдаг. Энэ тухай манай эвлэлээс гаргасан ёс зүйн номон дээр тодорхой заасан байгаа. Энэ номыг хүмүүс авч уншвал би хэн дээр очиж заслаа хийлгэх вэ, би хаана очиж хүүхдээ шавь оруулж, өөрөө шавь орж болох вэ гэсэн зөв замыг ойлгоно.
-Таныг Хөвсгөлийн удам дамжсан удган гэж мэдэх юм. Гэхдээ та бидэнд энэ тухайгаа дэлгэрэнгүй сонирхуулж болох уу?
-Би удам дамжсан бөө. Хөвсгөл аймгийн уугуул иргэн. Танаар засал хийлгээд болсонгүй ээ гэсэн гомдол ирж байгаагүй. Нэг хүн ирдэг байсан бол хоёр болж ирдэг, дандаа баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Би зундаа бол уул, усны тахилганд 6-р сарын 22-ноос 9-р сарыг дуустал байнга явдаг. Байгаль дэлхийгээ аргадаж тэндээс эрч хүчээ олж авдаг гэсэн үг л дээ. Ган гачиг болох аюулаас аврах гэж, нутаг усныхаа болон хүмүүсийн хүсэлтээр уул, усны тахилга хийдэг.
-Танай удамд нутаг усандаа алдар нь түгсэн ямар бөө байсан бэ?
-Өөрийнхөө мэддэгээс тоолоод өөрийгөө тав дахь үеийн бөө гэж явдаг. Гэхдээ бөөгийн удам есөн үеэр тасардаг. Би тэрнээс дээш үеийнхнийгээ мэдэхгүй. Онгодуудын болон ээжийн маань хэлсэнээр би тав дахь үеийн удган гэж явдаг. “Голомт” төвдөө 20-иод жил болж байна. Бөө нар ганц, нэгээрээ яваад амжилтанд хүрэхгүй нэгдэж байж амжилтанд хүрнэ. Зарим нэр барьсан бүтэлгүй хүмүүс буруу зөрүү юм хийж, ард иргэд айдас төрүүлээд, хөрөнгө мөнгөөр нь тоглоод, адаг сүүлд нь амь насаар нь тоглож байна. Ийм асуудлууд их гарч байгаа болохоор нэг хүнд ч гэсэн зөв замыг нь зааж өгөх юмсан гэж байгуулагдсан. Бөө хүнд анхаарах зүйл гэвэл бөө хүн шуналтай байж болохгүй, худалч байж болохгүй, архичин байж болохгүй гэж би шавь нартаа зааж сургадаг.
-Таньд шавь орох гэж олон хүн ирдэг байх.Ямар зөнгөөр та тэднийг шалгаж, хүлээж авдаг вэ?
-Хүссэн хүн бүрийг шавь болгож авна гэдэг амаргүй. Багш нь болж байгаа болохоор тэдний ар, өврийг нь даадаг. Албан ёсны 11 шавьтай. Энэ болохгүй байна, тийм газраар яваад ирлээ, онгодоо бариж чадахгүй 4, 5 жил яваад ирлээ гэсэн хүмүүсийг манай Сүхбат тэргүүн багштай болгож уулзуулж өг гэдэг. Зарим заслаа хийлгэж байгаа хүн намайг багш аа гэж дууддаг. Би их л олон шавьтай хүн шиг харагддаг байх .
-Таньд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар зовлон, зүдгүүр тоочиж ирж байх юм?
-Байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас янз бүрийн өвчин тусна, өрөөл татанхай болдог. Үүнийг лусын харшил гэж үздэг. Газар дэлхийгээ ухаж төнхдөг, тахилгатай газар явж бие зассанаас юм уу, байгальтай буруу харьцсанаас болж их хорлол хүрдэг. Анзаараад байхад хүмүүс бие, биедээ атаархаж, элдэв янзын юм их хийлгэдэг болсон. Мөнгө төгрөгөөр гачигдаж, орон гэргүй, унах унаагүй яваагүй ч ямар нэгэн доголдолд орж орж, хорлол болсон харагдаад байдаг. Чадах юмаа засч өгнө. Засуулаад сайхан боллоо гэсэн хүмүүс зөндөө байдаг. Ер нь мэдээж мөнгөө барахгүй, баяжаад байна гэсэн хүмүүс ирэхгүй. Тийм хорлолд орчихлоо, тэгж өвдөөд байна, эхнэр хүүхэд маань салах гээд байна гэсэн зовлон ярьсан хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст чадахаа туслаад, чадахгүйд нь зөвлөж сэтгэлийн тэнхээ өгч, сайхан үг хэлээд гаргадаг.
-Сүүлийн үед хүмүүс их стресст орж, түүнээсээ улбаалаад ажил, амьдрал нь болохгүй байгаа мэт ирэх явдал таньд анзаарагддаг уу?
-Хүмүүс бие биедээ сайхан сэтгэл гаргаад жолооч нар нэгэндээ минут хүрэхгүй хугацаанд хүндэтгэл үзүүлээд зам тавиад өгч чадахгүй байна. Тэгээд аваар осолд ороод, бие биенээ харааж зүхээд байдаг. Хүмүүс бухимдалтай яваад байхаар суурин газарт хар энгерги их хуримтлагдаад байна. Энэ нь хүмүүст их муугаар нөлөөлөөд байгаа. Монголчууд цэлмэг тэнгэр, сайхан уул устай газар амьдарч байж байгаль орчноо хамгаалж, өөрсдөө тайван бие биедээ хүндтгэлтэй хандаж сурвал хар энерги, өвчин зовлонгоос хол байж чадна.
-Бөө хүнд ирж байгаа хүмүүс нүүрнээсээ уншигддаг гэдэг. Таны онгод тэр бүгдийг ялгаж хэлдэг гэсэн үг үү?
-Улаач хүний хувьд онгодоо тахихгүй, буруу зөрүү юм хийвэл онгодууд уурладаг. Онгодоо уурлуулахгүйн тулд улаач хүн алхах гишгэх болгондоо буруу юм хийчих вий гэж эмээж явдаг. Гадны хүн онгод тэнгэрийг уурлуулснаас болж эсрэг хүнд муу нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Олон жил бөөлсөн хүмүүст манай онгод гэж байдаг. Хэрэлдлээ гэж бодоход хамгаалсан онгод нь жаахан шоглоход нь хүмүүс буруу ойлгодог. Нэг бөөтэй хэрэлдсэн чинь намайг хараасан гэж ярих жишээтэй. Өдөр тутмын хэрүүл хийгээд л хэнгэргээ бариад л хүнийг хараагаад сууж байдаг бөө гэхээр дандаа хар талаас нь ойлгодог байсан. Харин одоо хүмүүсийн бодол харьцангуй өөрчлөгдөж байгаа. Зарим зөрүү бодолтой хүмүүс бөө дээр очиж чах юм, хараана гэж ярьдаг. Яг онгод тэнгэртэй бөө хүн түүндээ баригдаад хараана гэсэн юм байхгүй. Харин ч хүнд хараал хийх юм бол өөрсдөө онгоддоо шийтгүүлнэ. Хийсэн хараал нь өөрт нь болон, үр хүүхдэд нь хүрдэг гэмтэй тул бөө хүн байнга алхам бүрээ бодож явах ёстой.
-Таныг туршиж, яах бол гэж бодож ирсэн хүмүүсийг та яаж ялгадаг вэ?
-Мэднэ. Зарим нь туршиж хүн амьтан явуулдаг. Зарим хүнийг үзэх гэхээр ерөөсөө танихгүй байж миний уур хүрээд байдаг. Дараа нь миний онгод тэр хүнийг туршиж орж ирсэн байна гэж хэлдэг. Нэг бол атаач хүмүүс хүн явуулж, өрөө тасалгаанд юм хаясан байх нь ч бий. Онгод тэнгэрээ өөрсдөө зөв удирдаад явж байгаа л бол бусдыг чадалтай чадалгүй гэсэн зүйл миний хувьд байхгүй. Онгодоо хилэгнүүлж, уурлуулаад замыг нь буруутгасан бол тэр бөө муу сүнстэй уулздаг. Тэрнээсээ болоод хүнд муу юм хийгээд, айлгаж сүрдүүлээд, мөнгө төгрөг өвөх гээд нэхээд байдаг. Хэд хоногийн дотор тэр чинь үхэх гээд байна шүүгэж мөнгө нэхдэг. Энэ нь нэг ёсондоо буруу сүнстэй учирсан байдаг. Тэрнээс биш жинхэнэ онгод бол тэр чинь үхлээ, хэдэн төгрөг аваад ир гэдгийг би олж хараагүй. Онгодууд хүмүүсийн хажууд ингэх гээд байна, тэгэх гээд байна, сануулга хэлдэг. Гэхдээ хэдэн сарын хэдэн тийм юм чамд ирнэ гэж улаач даа сануулна уу гэхээс гаймшиг гай болох гээд байна гэж сануулдаггүй. Хэрэг болгоод асуух юм бол зарим онгод тийм юм болно, тийм юм байдаг гэж хэлдэг. Зарим нь загнадаг. Тийм хүн ирэх гэж байна, тэр хүн муу санаж ирнэ гэх зүйлийг сануулж, анхааруулж хэлдэг онгодууд байдаг.
-Та үе залгамж, эрдэм чадлаа тусгаалан өөрийн үр хүүхэд, шавь нартаа өвлүүлэхээр бэлтгэж байгаа юу? Зарим хүмүүс энэ бөөгийн эд хэрэглэл онгод нь гээд хадгалаад байдаг шиг?
-Бөөгийн онгод тэнгэр үе дамжин удамшдаг, гэрийн онгод нь үлддэг. Тэрнээс өмсөж байсан өмсгөл, бариж байсан хэнгэрэг нь үр хүүхдэд нь дамжиж очдог ёс байдаггүй. Улаач хүн өөд болохоор ууланд асарлаад гурван жилийн дараа хээрийн онгод гэж босгодог.
-Бөөгийн шашин хүний хойдох, нас барьсаны дараа сүнсийг хийдэг үү?
-49 хоног ойр дотны хүн нь нас барахад бөө хүн хэнгэрэг, бөөлөх дуу чимээ гаргадаггүй. Хориотой байдаг. Би бол тийм юм хийж үзээгүй. Гэхдээ хийдэг хүмүүс нь байдаг байх. Сүнс нь дэгдэх үед нь энэ хүний ариун сүнсийг тэнгэрт дэгдээж өгөөрэй гэж тэнгэртэй юм өргөдөг ёс байдаг.
Хорголын чинээ /цөмдөг самрын дайтай/ чулууг өндөр уул нурууны хяр, хээр тал, гол мөрний уснаас авсан 41 чулуугаар төлгө тавина. Мэргэлэх чулууг цэвэр газар, голоос түүж бэлтгэхийг эрхэмлэнэ. Түүсэн чулууг сүүнд эсвэл цэвэр усаар угааж арц буюу агь гангаар утаж хэрэглэнэ. Чулуу эзэмшигч нь чулуугаа цэвэр байлгаж зөөлөн даавуу чулууны ууттай болох нь зүйтэй.
Дөчин нэгэн чулуугаар мэргэлэх нь: Зөв гартаа 41 чулуугаа атгаад мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал) хавтгай ширээн дээр 41 чулуугаа нэг овоо мэт болгоод түүнийгээ 3 хэсэг болгон хуваана. 1- 2- 3
Хуваасан гурван хэсэгээ баруун гар талын /3/ хэсгээс дөрөв дөрвөөр тасдан авч үдсэн чулууг дээш өрнө. Дараа нь дунд талын /2/ хэсэг чулууг мөн адил дөрөв дөрвөөр тасдан авч үлдсэн чулууг дээш тавина, мөн зүүн гар талын /1/ хэсгийг мөн адил тасдан өрнө. Ингээд таны мэргийн толгой буюу 1-р эгнээ бий боллоо.
Толгой эгнээ 1- 2- 3
Одоо та дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болгоод дахин гурван хэсэг болгон хуваана. / хувааж байхдаа тоолохгүй багцаагаар хуваана/ дээрхтэй адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд сав буюу 2-р эгнээ бий боллоо.
Сав эгнээ 4- 5- 6
Мөн дахиж дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болоод дахин гурван хэсэг болгон хуваагаад дээрх хоёртой адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд хөл буюу 3-р эгнээ бий боллоо. Дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуу мэргэнд орохгүй.
Хөл эгнээ 7- 8- 9
Ингээд та 9 нүд бүхий 3 эгнээ чулуугаа байрлуулан дууслаа. 9 нүдэнд байгаа 3 болон 4-өөрөө байгаа чулуунаас 2-ыг хасна. Үүний дараа тайлж унших нь чухал.
Дөчин нэгэн чулууны үндсэн тайлбар:
Эгнээгээр нь:
толгой 1-2- 3 босоо эгнээ 3,6,9 нь таны өөрийн тал
сав 4- 5- 6 2 нүд нь хэлтэй эсэх, 5 нүд нь баяртай эсэх,
хөл 7- 8- 9 8 нүд нь саадтай эсэх,
босоо эгнээ 1,4,7 хүний тал гэж уншина.
Нүдний тайлбар…
• Өөрийн талын толгойд /3 нүдэнд/ нэг чулуу буувал таны толгой сэргэлэн ухаалаг байна, 2 чулуу буувал таны толгойд бодол байна гэж хэлнэ. / тасалсан нүд бүрт нэг юм уу, хоёр чулуу л байна./
• Өөрийн талын саванд /6 нүдэнд/ нэг чулуу буувал таны савнаас гарсан байна, хоёр чулуу буувал таны савнаас гараагүй байна. Мөн өөрийн талын баяртай эсэхийг заана.
• Өөрийн талын хөлд /9 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна гэж үзнэ.
• Хүний талын толгойд /1 нүдэнд/ нэг чулуу буувал айл бодолгүй байна, хоёр чулуу буувал бодол байна гэж хэлнэ.
• Хүний талын саванд /4 нүдэнд/ нэг чулуу буувал айлын саванд байна, хоёр чулуу буувал айл хоосон байна. Мөн айлын сав нэг чулуу буувал баяргүй, хоёр чулуу баяртай байгааг заана.
• Хүний талын хөлд /7 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна.
• Хэлтэй эсэх /2 нүдэнд/ нэг чулуу буувал хэл сураг ирэхгүй, хоёр чулуу буувал хэл ирнэ гэж хэлнэ.
• Баяртай эсэх /5 нүдэнд/ нэг чулуу буувал баяргүй байна, хоёр чулуу буувал баяртай байна гэж хэлнэ.
• Саадтай эсэх /8 нүдэнд/ нэг чулуу буувал саадгүй, хоёр чулуу буувал саадтай байна гэж хэлнэ. Үндсэн тайлбаруудыг сайтар уншиж ойлгож аваарай.
Нийтлэгч Зэв Цаг… 20:51 No comments:
Email ThisBlogThis!Share to TwitterShare to FacebookShare to Pinterest
Сэдэв Мэргэ-төлгө
МОНГОЛ Ulaanbaatar, Mongolia
Харин саяхан манай хамаатны хүн бөө боллоо, манай удмын бөө гэнэ гэж дуулаад би цаатан гаралтай юм байхдаа гэж гайхан тэднийд зорьж очсон юм. Ойрын хамаатны маань арван жилд сурдаг охин бөө болон тодорсон юмсанж.
Дүү маань өмсгөл хувцсаа өмсөөд хэцээ дэлдэж гарав. Удалгүй дүү охин маань тун өөр хүний дүрд орж байгаа нь анзаарагдаж арван хэдтэй охины байгаа байдал нь нилээд настай хүн мэт аяглав.
Хамгийн сонирхолтой нь дүүгээс маань хөгшин настай эрхтэй хүний хоолойгоор “Үрхэд минь тавлаг байна уу” гэж хэлэхэд би айх гайхах зэрэгцэн сандарч сүүлдээ сүрдэж билээ. Цааш сонсож байхад охин дүүгээс маань гарамгүй ухаан хүндэтгэл илрэхэд үнэхээр өөр хүн болчихсныг ойлгов.
/бөөлөх үйл хийдэг учраас бөө хэмээн нэрлэдэг ч бөөлж байгаа хүнийг улаач гэх тэнгэр газрыг холбогч гэсэн утгатай. Харин биед нь орж ирж байгаа хүнийг онго гэнэ/ Ингээд би тохой түшихэд өвөө маань /тэнгэрээс бууж ирсэн онго/ өөрийгөө танилцуулахдаа “Өвгөн долоон одны тав дээр суудалтай /бидний хэлж заншсанаар долоон бурхан од/ Асагат их хайрханы эзэн Алаг хар зайран гэж би байна” гэж өөрийгөө танилцуулаад “Би болоод дагуул олон зайрд бол танай удмын өвгөд гэж хэллээ.
Үр хойчтойгоо уулзаж байгаадаа ихэд баярлаж хайрлалаа. Үүнээс хойш би тэднийхээр олонтаа очсон бөгөөд өвөөтэйгөө хөөрөлдсөний үр дүнд өдгөө хүртэл ухаарч амжаагүй байсан ухаан болох удам угсаагаа хүндлэх үр хойчоо энэрэх, өвөг дээдэс өтгөс хөгшдөө хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлах зэргийн учир шалтгаан, ертөнцийн мөн чанар гээд олон зүйлийг ойлгосон юм.
Будда, христ, лал зэрэг шашинтай харьцуулахад тодорхой сургаал номлол гэж байхгүй, хүн төрөлхтөний эрт дээр үеэс судалсаар ирсэн байгалийн олон гайхалтай нууцад нэвтэрч чадсан Монголчууд бидний өвгөд маань сүнслэг биед оршин байгаа ч хөрөстөд амьдарч буй хүн төрлөхтөний биед шилжин орж, үр хойчтойгоо уулзаж чадаж байгаа учраас би “бөө бол шашин биш” юм байна.
Харин байгалийн далд нууцад төгс нэвтэрч чадах ухаан гэдгийг ойлгон энэ сэдвийг нэрлэсэн учиртай юм. Харин энэ нийтлэлээ бичихдээ орчин цагийн залуус бид юунаас үүдэлтэй, хэний хүчинд хэн болчихоод болох болохгүй авир гаргаж эцэг эх, ах зах, удам угсаагаа мэдэхгүй аашилж, газар дэлхий байгаль эхтэйгээ эннрэлгүй харьцаж байгаа юм бэ гэж харамсах, бас бухимдах зэрэгцэж байлаа.
Мөн ертөнц дэлхийн зарим нууцыг мэдэх гэсэн далд хүсэлдээ дийлдээд гэхүү нэгэн өдөр өвөөдөө ийм нийтлэл бичих тухайгаа хэлэхэд өвөө маань “чамд тусалъя энийг нэг ч болтугай хүн ойлговол их хэрэг” хэмээн дуртайяа зөвшөөрөв.
Бид удтал ярилцан бөө мөргөлийн замнал мөнх тэнгэр эцгийн тухай, хүн яаж амьдарвал зохилтой, хүн байгалийн холбооны тухай зэргийн талаар бичихээр шийдсэн юм. Дэлхийн олон орны эрдэмтэд бөө мөргөлийг эрчимтэй судлан судалгааны олон бүтээл туурвиж, ихэд сонирхож байхад бид өөрсдөө энэ талаар буруу ойлголттой яваад байдаг.
Миний төсөөлж байсанчлан хараал чатга гүйлгэх байтугай өвөө маань хүнд муу санах, муу муухайгаар хэлэхийг хүртэл цээрлэн харин түүний оронд цагааныг цацруулж, сайн сайхан зүйлийг хийж амьдрахыг захьдаг. Тиймэрхүү үйл хийж байгаа бөө бол хуудуу /худал/ бөө.
Тэнгэр эцгээс зөвшөөрөл авч зүй ёсоор үр хойч дээрээ ирж байгаа бөө бол тийм зүйл хийхгүй гэж хэлсэн нь бас ортой мэт санагдаж байна. Бидий удам угсааны дээд үед олон зуун, мянганы өмнө амьдарч байсан өвөг тэнгэр, огторгуйн онготой хийсэн ярилцлагаа та бүхэнд цухас хүргэе. Нэгийг тунгаана буй за.
-Өвөө хөрст дэлхийд амьдарч буй хүн бүрт таньтай адил удмын онго бий юу?
Тиймээ. Хүн болгонд үүсэл өвөг гэж байдаг тэр бүхний онго бий.
-Тэгвэл хүн анх юунаас үүдэлтэй юм бэ? Хэн нэгэн шавраар хийж амь оруулсан юмуу?
Үгүй ээ. Хүн анх өт хорхой мэт ус шавагт амьдардаг амьтан байсан юм. Тэгээд хөгжсөөр өдгөө болсон. Харин ертөнц огторгуйг тэнгэр эцэг бүтээсэн. Юм бүхэн ямар нэг юмнаас үүдэлтэй байдаг. Харин тэнгэр эцэг юунаас ч үүсээгүй өөрөө үүсч бий болсон. Харин энэ олон хүний анхдагч нь Могод /Монгол/ хүн юм. Могод хүн бол тэнгэр эцгийн тамагатай хүвүүд.
-Дэлхий дээр амьдарч буй хүмүүс олон янзын шашин шүтдэг. Тэд бүгд л нэг нэг бурхан байдаг гээд л өөр өөрсдийнхөөрөө зүтгээд байдаг. Тэр бурхад бүгд тэнгэрт байдаг юмуу.
Үгүй дээ. Тэнгэрт ганц тэнгэр эцэг л гэж байдаг. Харин тэнгэр эцэгийн хөрстөд энд тэнд илгээсэн зараалууд ганц Тэнгэр эцгийн тухай ярьсныг өөр өөр гэж бодоод байгаа нь тэр.
/Христийн шашинд Есүсийн эцэг ертөнцийг бүтээсэн гэдэг нь Есүс онгодтой адил “Тэнгэр эцэг” гэж ярьсан байж болох, Лалын шашинд тэнгэр гол шүтлэг байдаг, Буддын шашинд бурхад тэнгэрт байдаг гэдэг бөгөөд бурхдын дүрийг элдэв сонин гал, ус зарим хэрэглэл болоод бурхдын дүрслэл унаа хүлэг зэрэг нь онгын дүр дүрслэлтэй төстэй байдаг/
-Бүх шашны сургаалд дээд дунд доод 3 тив байдаг гэдэг энэ үнэн үү?
Тиймээ. Дээд гэдэг нь бидний байдаг тэнгэр огторгуй, дунд нь хөрст, доод нь та нарын хэлдгээр там шүү дээ.
Тэгвэл дээд тэнгэрт гоё байдаг байхдаа, тийм үү өвөө?
Үгүй дээ. Хөрстөд амьдарч хүмүүний биеийг олж төрөх гэдэг хамгийн сайхан. Энэ зүрх цохилохыг сонсох /миний зүрхэн чигт хуруугаараа дарж байгаад хэлэв/, баярлах хөөрөх, зүдрэх шаналах, халууцах даарах, хэргийг бүтээж, уужим амьсгалах гээд энэ бүхнийг мэдрэх ямар сайхан байдаг гээч.
Огторгуйд гарсан онго бид Мөнх тэнгэр эцгээсээ гуйж тэвдүүлээд энэхэн улаачийнхаа биеийг зээлдээд хөрстөд буун ирж ирэхэд та нарынхаа үйлийг цэгцэлдгийн учир юу гэж бодож байна.
Та нарыгаа амьдрахын золыг ухаасай, тэнгэр, газар, байгаль дэлхийн шүтэлцээг ойлгож зөв амьдрахыг л хүсч байгаа нь тэр. Энэ бүхнээс илүү сайхан гэж үгүй ээ золиг минь. Хүний биеийг олж төрсөн золондоо баярлаж яваа үр минь.
-Тэгвэл хүн болж төрсний учир юу юм бэ?
Та нар хүн болсны учраа өөрсдөө олж мэднэ. Эхлээд хэнээс төрөөд юу болсондоо хэний хүчинд энд байгаагаа мэддэг болчихоод цаадах учрыг нь олно доо.
-Яаж, Яавал тэр бүхнийг мэдэх вэ?
Чи өөрөө гэж хэн бэ? Энэхэн биенийхээ хаахнаа байна. Бодит гэж харж байгаа чинь юу билээ!. Чиний бодол сэтгэлийг гараар барьж болох билүү? Хайрлах, баярлах, айх эмээх, элдэв зан, үг хэл чинь бодитой билүү? Хоосон! гэвч хэр их хүчтэй билээ гэдгийг сана, чиний бодит биеийг хөдлөгдөг биздээ.
Тэгэхээр хүн хоосон чанар гэж юу болохыг ойлгоод хүн өөрийгөө хайж олоод хайрлаж сурдаг. Өөрийгөө хайрлаж сурчихаад дараа нь эцэг эхээ, өвөг дээдсээ, удам угсаа, үр хойчоо хүндлэн энэрэх ухааныг сурдаг.
Тэгээд байгаль дэлхийгээ хайрлах түүнтэй ямар шүтэн барилдлагаатай байдгаа мэдэрч харьцаж сурсны эцэст л чи хүн болж төрсний учрыг ойлгоно доо, Тэрнээс би чамд юу гэж чалчаад ч чи ойлгохгүй ээ.
-Сүүлийн үед Монголчууд байгаль дэлхийтэйгээ хайр найргүй харьцаж, алт эрднийг нь авах гэж ухаж төнхөх болсон. Энэ ямар үр дүнд хүрэх бол?
Могод /Монгол/ хүвүүд бол хөрстөд амьдарч буй тэнгэрийн хөвүүдээ. Могодын нутаг бол энэ бөөрөлдэйн /дэлхийн/ урсах цусны нь зангилаа, цохилох зүрх болсон газар. Энэ эрхэм газарт эзэн юу нь болж амьдарч, тэнгэр газартай харьцаж, хайрлан хүндэлж, хамгаалан харамлаж явах учиртай.
Урьд цагт бол энэ хөртийг ухаж сэндийчих бүү хэл, сул чулууг ч байрнаас хадөлгөхөөс цээрлэж ирсэн. Олон мянгадын тэртээгээс өдгөөг хүртэл бид энэ хэвлийд эрдэнэ байгааг мэдэхгүйдээ ухаж төнхөлгүй байсан гэж бодож байна уу.
Тэнгэрийн тамгатай энэ нутгийнхаа төлөө амиа өгөн цусаа садруулан тэмцдэг байлаа. Ер нь шижир эрдэнэ гэдэг хүний биеэр бол яс, чандмань эрдэнэ гэдэг судсаар урсах цустай нэгэн адил гэсэн үг. Хэрэв хүний тулгуур ясыг хугалаад авчихвал юу болохов?
Энэ хөрстийг ухаад л байвал тийм л юм болно доо. Хөрстийг сэндийчсэн хэн бүхэн үйлээ үүрдэг л учиртай юм даа. Өвөө маань одоогоос 5 орчим мянган жилийн тэртээд дэлхий дээр амьдарч байсан болохоор тэр үеийн хэллэгээр ярьдаг учраас би бүх үгийн утгыг нь бүрэн ойлгож орчуулж чадаагүй өөрийнхөө хэмжээнд ойлгосон зүйлээсээ цухас дурьдлаа.
Өдөржингөө ярилцаж олон зүйлийн учрыг мэдсэн ч “тэнгэрийн үйлийг муутуунд сийлэмгүй ээ” гэсэн болохоор ихэнх зүйлийг оруулсангүй. Энэ нийтлэлийг бичсэнээр би таны үзэл бодлыг үгүйсгэх гэсэнгүй. Мөн өөрийн үзэл бодлоо тулгах гээгүй.
Зөвхөн эндээс таны амьдралд хэрэгтэй зүйлийг тусгаж аваасай, бөө зөвөөр тусгаж ойлгоосой гэсэндээ бичлээ. Судлаачдын судалгаанаас харахад бөө ингэж олноороо бууж байгаа нь 800 орчим жилийн давтамжтай байдаг бөгөөд тэр үе бүхэнд Монголчуудын мандан бадралын үе ирж байжээ.
Жоржи
Эх сурвалж: “Архангайн амьдрал”