Category: Монголын түүх

  • Вашингтон Пост: Чингис хааны онгоныг олоход ойрхон байна

     

    “Вашингтон Пост” сонинд онцолсоноор Чингис хааныг оршуулсан байх магадлалтай газар нутгийн хиймэл дагуулын 84 мянган зураг дотроос 10 мянга гаруй сайн дурынхан археологийн ач холбогдол бүхий газруудыг тодорхойлсон бөгөөд “Public Library of Science One” сэтгүүлд гарсан нийтлэлээс үзвэл, Чингис хааны бунхан байх боломжтой археологийн 55 газрыг эрдэмтэд тодорхойлсон байна. Тэд Монголын эртний 2,3 сая түүхэн дурсгал дотроос хайж үзжээ.
    Судлаачдын дунд хааныг Монголын орчин үеийн нийслэл Улаанбаатар хотоос 150 бээрийн зайтай орших ордных нь ойролцоо нутаглуулсан гэдэг таамаглал давамгайлж байгаа ажээ. Гэхдээ хааны булш мөн гэдгийг хараахан батлаагүй юм. Монголчууд эртнээс нааш бунхан руу хэнийг ч нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй, ариун дагшин газар гэж үздэг байжээ. Тиймээс эзэн хааны онгон хэний ч мэдэхгүй, ариун газар хадгалагдаж байх магадлал өндөр юм.

    Хэрэв бид Чингис хааны онгоныг олвол дээрх 10 мянган сайн дурынханд талархах хэрэгтэй болох нь ээ. Эзэн хаан нас барахаасаа өмнө өөрийг нь хэн ч битгий олоосой гэж хүсч байжээ. Тиймээс ч хожмоо түүнийг таалал төгссөний дараа хааны бунханыг барихад оролцсон хүмүүсийг бүгдийг нь хороож, цэргүүдээр хамгаалуулж байсан бөгөөд дараа нь тэд бүгд нэгнийгээ хороосон тухай эх сурвалжид дурджээ.

    АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургууль дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Калифорни хүрээлэнгийн төслийн тэргүүн, судлаач доктор Алберт Ю-Мин Ли, “2010 оноос хойш биш өвсөн дотроос зүү хайх шиг хэцүү ажил хийж ирлээ” гэж мэдэгджээ.

    Өнөөгийн судлаачид Чингис хааныг дэлхийг байлдан дагуулж явах үед олзолж авсан үнэт эдлэлүүдтэй нь хамт оршуулсан гэж үздэг байна. Хэрэв түүний бунханыг олвол дэлхийн түүх шинээр эргэх боломжтой гэж “Вашингтон Пост” нийтлэв.

  • О.Сүхбаатар: Түүхээ зөв ойлгох, сэрэх нь бидний дархлаа юм Зууны мэдээ

    -Улс хувьсгалын баяр наадмыг жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин Халх голын дайны жил 1939 онд нам, төрийн удирдагч Маршал Х.Чойбалсан наадмаа хийх үү, байх уу гэж нэг асуусан юм гэдэг. Тухайн үед орос цэргүүд хараахан ирж амжаагүй, хавраас өгсүүлээд Монголын цэрэг дайчид олноороо алагдаж байдал маш хүнд байсан. Гэхдээ монгол цэргүүдийг тэгж тулалдана гэж санаагүй япончуудыг ихээхэн цочролд оруулсан. Монгол цэргүүд 250-350 доторх байг алдалгүй онож байсан бол япон цэрэг 250-аас дотогш зайд байгаа онож байсан. Хоёр талд буудалцахаар манай цэргүүд илүү, тиймээс шийдвэртэй давшилт хийж чадахгүй хориглох тулаан хийж байгаад орос цэргүүд ирж манайхан Халх голын дайнд давамгайлж эхэлсэн. Тэр үед маршал Х.Чойбалсан зүүн талд цэрэг, дайчид маань олноороо үрэгдэж байхад, бид энд наадам хийх хэрэг зохистой вэ гэж асуусан ч дайны жил, хүнд хэцүү цагт ард түмнийхээ сэтгэл санааг өргөж, тусгаар тогтносон улс гэдгээ баталж төрт ёсны баяр наадмаа хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад хийсэн түүхтэй.

    -Манай улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч залуучууд “No наадам” хөдөлгөөн зохион байуулсныг олон нийт дэмжсэн. Засгийн газраас наадмаа дараа жил хүртэл хойшлуулсан. Гэтэл зарим нь “YES наадам” гэсэн акц бас хийлээ?

    -Нийтийг хамарсан цар тахал гарч наадмаа өнжих болсон нь тиймхэн ч уяачид, бөхчүүдийн лоббид бас ормооргүй байгаа юм. Ялангуяа уяачид бол морио үнэ хүргэж зарах гол юм нь наадам болчихсон. Тэнд унаач хүүхдүүд хохироод байгаад нийгэм даяараа шүүмжлэлтэй хандаж байна. Бөхчүүд мөн адил, даваа наймаалцах, орлого олох гол юм нь бас наадам болсон. Ерөөсөө уяач, бөхчүүдийн орлого олох гол юм нь наадам, сумын наадмаас эхлээд хэнийг амлах вэ, яах вэ гээдэг, тэрийг нь зохицуулдаг, найруулдаг хүмүүс ч бий болж далд бизнес явж байдаг. Тэр нь явсаар түрүүлсэн бөх хэчнээн саяын үнэтэй жип машин, өчнөөн өрөө байр авдаг, тэрийгээ хийх гэж ард түмнийг турхирч болохгүй л дээ. Хуучны ёсонд өвөл хэзээ ч морь уралдуулдаггүй, зун нэг л сар нааддаг байсан. Намар бол морь хайлна гээд уралдаан хийхгүй. Гэтэл одоо жилийн турш наяр наадам зохиож, бизнес хийдэг зуршил тогтлоо. Тиймээс уяач, бөхчүүд наадам хийнэ гэж үхэлдээд байна. Төрийн томчууд бүгдээрээ шахам морь уядаг, тиймээс далдуур дэмжиж, тэдний оролцоотой жагсаал, цуглаан боллоо шүү дээ.

    Цаг нараа тохируулж их нарийн зохион байгуулж харагдсан. Морьтой хүмүүс Яармагийн голын замын зүлгийг адууны хөлөөр онгичоод хаячихсан байна гэсэн. Тиймээс наадам хийнэ гэж энэ нөхдүүдэд хөтлөгдөх хэрэггүй. Хуучны ёсонд хурдан морь, хүчит бөхийн барилдаанд ам зөрөх, хэрүүл хийх бүү хэл том дуугарахыг цээрлэдэг байсан. Одоо морь гараанаас гарахаас аваад хэрүүл, зарим бөх барилдах гэж зодолдох шахдаг болж ёс жудгаа алдагдуулах болсон.

    -Өнгөрсөн жил цахим наадам хийсэн. Энэ жил хийх гэж бэлдэж байснаа больсон гэсэн. Төрийн зүгээс ямар нэг хэлбэрээр ёслол хүндэтгэл үзүүлэх учиртай санагдана?

    -Төрийн өндөрлөгүүд чимээгүй байгаа ч наадмын өглөө эрх биш өргөн олондоо мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэх байлгүй дээ. 100 жилд ганц тохиож буй учраас Монголын төр хүндэтгэлтэй хандаж, ялангуяа өргөн түмнээ баярлуулсан шийдвэр гаргаж, малчин түмнээ шагнаж урамшуул, бэлдсэн ганц нэг юм байгаа бол тэрийгээ энэ олон телевизүүдээрээ гаргавал олны сэтгэл сайн сайхнаар дүүрч, баяр цэнгэлээр сүлэгдэж нийтээрээ сайхан л байна байх. Тэгээсэй гэж бодож харж сууна. Хэрэв цар тахлын байдал намжвал ирэх намар есдүгээр сард наадмаа хийе гэж зарлахад бүгд баяртай хүлээж авах байх. Гол нь наадмаа улс, аймаг, сумдад зэрэг хийх нь зүйтэй. Нийтээрээ тэмдэглэх баярын утга үүнд оршино. Нөгөө талаас ингэж зэрэг зохион байгуулахгүй бол нөгөө бөхчүүд, уяачид чинь баяр наадмын утгыг алдагдуулаад наадам биш болгочихсон шүү дээ. Тэд л улс, аймаг, сумын наадмыг цувуулж хийж дүрэм журмыг самраад байдаг. Тэгээд өөрсдөө давхиж очоод өнөөдөр нь нэг сумын ойн наадмыг худалдаж аваад, маргааш өөр аймгийн наадамд очдог. Ингээд жирийн ардын морь түрүүлэх бүү хэл барианд орж айрагдахаа байгаад, нутгийн залуу бөхчүүд аймаг, сумандаа гарч ирэх боломж хаагдсан. Наадам хэсч барилддаг, ойн баяруудыг тойрч уралддаг явдлыг зогсоочихвол нийслэл, бүсийн наадмуудаар хүн машины төвлөрөл саарна.

    -Наадам хэзээ хийхийг цар тахлын байдал шийдэх нь. Ирэх жил наадмаа тэмдэглэвэл утга, бэлгэдлийн хувьд ямар байх бол?

    -Нийтийг хамарсан энэ өвчний тархалт, явц байдлыг харж байгаа байх. Ирэх жил наадмаа хийвэл Ардын хувьсгалын 100 жилийн ой, шинэ зууны эхлэл 101 жилийн ойгоо хавсруулаад тэмдэглэхэд болохгүй юм байхгүй. Энд ардчилсан хувьсгалын ой энэ тэр гэж хамаатуулах утгагүй. Энэ бол төрд байгаа хүмүүс алба тушаалын юмаа хийж ирсэн санаархал. Ардын хувьсгалын 100 жилийн ой бол хойд, урдаас ирсэн эзлэн түрэмгийлэгчдийг хоёуланг нь хөөж гаргаж, гадаадын түрэмгийдэгчдээс бүрэн чөлөөлөгдсөний 100 жилийн ой юм шүү дээ. Оросын цагаантнуудыг хөөж гаргасны 100 жил, Хятадын гамин цэргийг бут цохиж эх нутгаасаа хөөж гаргасны 100 жилийн ой тохиож байна.

    -Гэхдээ зарим хүн Барон Унгерн Монголыг чөлөөлөхөд гавьяа байгуулсан гэж үзэх нь бий?

    -Барон Унгерн гавьяа байгуулсан юм биш шүү дээ, Монголыг дайны талбар болгох ашиг харж орж ирсэн болохоос монголчуудад туслах гэж ирсэн юм биш шүү дээ. Манайхны зарим нь түүх судлалд ч хэтэрхий холбирох юм. Жишээ нь 1911 оны хувьсгалт үйл явдлыг бүгдийг нь Богд хаанд тохчихоод монголчууд юу ч хийгээгүй гэж ярьж, бичээд байдаг. Гэтэл Да лам Цэрэнчимэд, шанзав Бадамдоржоос өгсүүлээд тэр бүгдэд гар бие оролцож, зохион байгуулсан хүн олон бий. Тэдний тухай нэг ч дурсахгүй, хийснийг нь ярихгүй, тэгээд ганц Богд л бүгдийг хийсэн , монголчууд юу ч хийгээгүй гээд байдаг. Бодит байдалд Богдын бичсэн тал хуудас ч байхгүй. Богдыг зөвшөөрүүлж гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан баримт бичгийн ихэнхийг Бадамдорж хийсэн байдаг. 1900 онд Орост очиж, хөдөлгөөн гарах үед оросуудаас дэмжинэ гэсэн тохиролцоог хийчихээд ирсэн хүн шүү дээ.

    -Гэхдээ Хятадын удирдагч Сюй Шү Жанд урвасан, Монголыг эзлүүлсэн гэсэн үндэслэлээр гавьяанаас илүү ял нь жин дарж түүх бичлэгт дурдагддаг шүү дээ, Бадамдорж шанзавын тухайд?

    – Сюй Шү Жаны үед гарын үсэг зурна гэдэг уг нь ял биш гавьяа юм. Богд, Бадамддорж хоёрыг Бээжинд аваачина гэж хятадууд хөсөг бэлдчихээд байхад мань хүн ороод гарын үсэг зурсан. Хэрэв Бадамдорж биш Богд хаан ороод гарын үсэг зурчихсан бол Хятад улс тэрийг дэлхий даяар зарлах байсан. Монголын төрийн тэргүүн, хаан нь бидэнтэй нэгдсэн гээд. Тэгүүлэхгүй тулд Бадамдорж өмнө нь орж гарын үсэг зурсан. Олон улсын актаар бол Бадамдорж тусдаа төрийн тэргүүнтэй, төрт улсын шашны бүлгийн ахлагч л болохоос биш төрийн хүн биш учраас тэр гэрээ бичиг нь олон улсын хувьд стратегийн бичиг баримт биш. Хэрэв Богд хааныг Бээжинд аваачиж гарын үсэг зуруулсан бол хятадууд манай улсыг НҮБ-д элсэх үед ч тэр бичгийг гаргаж ирээд тавих байсан. Тэгэхээр Балдандоржийн гарын үсэгтэй учраас тэр бичгийг хятадууд гаргаж ирж зүрхлээгүй. Улс төрийн хувьд тэр бол ач холбогдолгүй бичиг. Хятад улс Сюй Шү Жан, Го Син Ли хоёрыг 1924, 1925 онд цаазлахдаа тулгасан ял нь “Хүрээний хөгшин үнэг Балдандоржоор хуурамч бичиг үйлдүүлсэн” гээд цаазаар авсан. Гэтэл энэ бүх баримтыг тооцож үзэхгүй ганцхан Богд гэгээнтэн хийчихсэн гэж төв гаралтай хэдэн эрдэмтэн шуугиулж, түүнийг нь тухайн үеийн Ерөнхийлөгч дэмжээд явчихсан нь учир дутагдалтай. Нөгөө нэг асуудал нь хүрээг Барон чөлөөлсөн гээд байдаг. Энэ талаар Н.Хишигт доктор асуудал дэвшүүлээд ганцаардсан байх. Бараг 10 мянга орчим монгол цэрэг хүрээг чөлөөлөхөд оролцсон юм шүү дээ. Барон эхэндээ монголчуудыг тоохгүй өөрийн 800 цэргээр довтлоод дийлэлгүй зугтсан. Монгол цэргүүд оролцож байж дараачийн довтолгооноор нь хүрээг чөлөөлсөн. Ингэхдээ монгол цэрэг гол үүргийг гүйцэтгэсэн, нэг хэсэг нь Богд уулын ард олон гал түлж олуулаа юм шиг сүрдүүлээд, өглөө нь Туул голыг дагаж давшаад, нөгөө хэсэг нь араар нь явж Улиастай, Хужирбулан, Дамбадаржаа, Шадивлан болон Гандангийн ар орчмоор бүсэлж орж ирсэн. Ингээд Хятад цэргийн гол хэсэг ухарсан, тэр үед Барон зүүн талаас нь дайрч Хятадын банкийг эзэлж авсан.

    Барон Унгерний гол зорилго нь тэр банкийг монголчуудад өгөхгүй авах, хятад пүүсүүдийн бараа таваарыг дээрэмдээд Байгал нуур руу довтлох байсан, тэрийгээ гүйцэтгээд Галуут нуур хүртэл давшсан.

    Цэргийн тактикийн хувьд Байгал нуур хүртэл довтлох нь онол байсан бол Барон бараг хэрэгжүүлэх шахсан. Түүнээс Монголд анхаарал тавьсан юм байхгүй. Гэтэл манайхан өнөөдөр монгол цэргийн гавьяаг ярихгүй, ганц Богд хаан хийчихсэн мэтээр яриад, хүрээг Барон Унгерн чөлөөлсөн гэж туйлширдаг нь харамсалтай. Тиймээс нийтийг хамарсан цар тахал, дархлаажуулалтын талаар ярьж буй энэ үед хэлэхэд монголчууд бид наадмаа хийх, хийхгүйдээ ч гол биш түүхээ зөв ойлгох, сэрэх нь чухал бөгөөд бидний гол дархлаа юм.

    Ч.Үл-Олдох
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • ХУРДАН ХҮМҮҮС

    Үнэг гүйцдэг Тогооч
    Хэнтий аймгийн хуучин Идэрмэг сумын нутагт Зээгийн Тогооч гэж их хурдан хүн байжээ. Тиймээс нутаг усныхан нь “зээр гүйцдэг Зээгийн Тогооч” гэцгээдэг байсан гэнэ. Нэг удаа нутгийн анчид Баянхутаг уулыг үргээгээд үнэг хөөж гаргахад З.Тогооч Талын толгойн урд бэлээс явган хөөж Талын толгойг хоёр, гурав тойруулан элдээд гүйцэн “намнаж” байсан гэдэг юм. Тэрхүү хурдан З.Тогоочийн хүү “Мичин” Чоймбол гэж арван засгийн наадмын начин цолтой гучаад оны эхээр ч юм уу даа жин тээж явсаар “Идэр жинчин” цол хүртэж байсан БНМАУ-ын хорин жилийн ойн тухай журналд ч дүр нь мөнхөрсөн хүн байлаа. Лагс зузаан битүү хууз сахалтай цэнхэр нүдтэй Т.Чоймбол өвгөний бидний үеийнхэн ихэд хүндэтгэн “манай нутагт Маркс төрсөн” хэмээн хөөрцөглөн ярилцдаг байсан юм.
    Хурдан хоёр
    Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт “Тонгоон” Осор, “дээхэн” Ядам гэдэг ихэвчлэн явган гүйж явдаг сонин хүмүүс амьдарч байжээ. Тэрхүү Осор, Ядам хоёр залуудаа Баруун Харгана уулын бэлээс өглөө эрт Тэсийн голын усанд орж сэлнэ, сэрүүцнэ гэж явган гарч хоёр өртөө гаруй зайтай байх голын усанд орж сэлж зугаацаж байгаад тэндээс гарч гүйсээр үдийн хонь сааж байхад эргэж ирж байсан гэнэ. Энэ нь Осор, Ядам хоёр жар, далаад км газрыг явган гүйсээр 8-9 цагт туулсан хэрэг юм.
    “Гүйдэг” Гэндэн
    Хуучин Сэцэн Хан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошуунд “гүйдэг” Гэндэн гэж их хурдан гүйдэг, яггүй тэнхээтэй нэгэн амьдарч байжээ. “Гүйдэг” Гэндэн нэг удаа арваад мод газраас морьтой хүмүүстэй жанжин Чойр хүртэл явган уралдаад морьтон нөхдөөсөө түрүүлж байсан гэдэг. Бас нэг удаа нутгийнхаа “сэрүүхэн” Ёндон, “халуун” Боожоо, “Галаа” Тавхай гуравтай бяр чадлаа сорьж үзэхээр ярилцан Ламын жас дээр нутгийн жинчдийг тосч очооод хүн бүр 12 пүү хэмжээтэй тэмээний тэнгийн ачаа дөрвөн хунз цайг үүрээд Зүүн Чойр хүргэхээр алхацгааж дээ. Жинчид ч тэднийг бараадаад хөдөлсөн юм биз. Газрын дунд хүрэв үү үгүй юу “Сэрүүхэн” Ёндонгийн хөлс нь цутгаад хөл нь гуйвлаад сөгдөж ойчин ачаагаа жинчдэд өгчээ. Удалгүй “халуун” Боожоо, “галаа” Тавхай хоёр ч тэнгийн тээртэй ачаагаа буулгаж нуруугаа амраасан гэнэ. Харин “хурдан ” Гэндэн ер алжааж ядарсан янзгүй аажуухан алхан хажуугаараа зэрэгцэн яваа тэмээн ачааг зориуд шүргэж “сахилгагүйтсээр” Чойр дээр ирж ачаагаа буулгаад нөгөө гуравтаа “би та нарыг бодвол арай илүү тэнхээтэй тэнгийн ачаа даахтай юм шив дээ” гээд инээж суусан гэдэг хууч яриа байх юм.
    Ю.САНЖААГОНЧИГ

  • ХҮН УЛС МӨНХ ТЭНГЭРИЙН ҮЗЛИЙГ ТӨРИЙН ХЭМЖЭЭНД ШҮТЭЖ ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШ 2222 ЖИЛ БОЛЖ БАЙНА.

    Академич Ринчен нар тэргүүтэй эрдэмтэд Хүн хэмээн бичдэг байсан боловч монголын түүхийн нэгэн боть зохиол, гурван боть, бага, дунд, дээд сургуулиудын сурах бичиг, гарын авлага, цөмд нь Хүннү2 хэмээн бичих явдал ягштал тогтсон энэ нэрээр нийтэд хэвшжээ.
    Хүннү гүрний үед 36 аймаг, 99 овогтой болж олшрон хүчжиж эхэлсэн байна. Тэд аймгийн холбооны зонхилогчийг хан гэдэг байжээ.МЭӨ 3-р зуунд Төв азийн нүүдэлчин аймгуудын дундаас монголчууд бидний өвөг Хүннү нар анхны төр улсаа байгуулж түүхэнд тод мөрөө үлдээсэн. Хүннү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогносон бөгөөд түүний дараа Төв Азийн улс төрийн тавцан дээр ноёрхлоо тогтоосон Сяньби, Жужан зэрэг монгол угсаатан улсуудын төр улсын эхлэл үндэс суурь нь болж өгсөн юм. X зууны эхэнд Хятан нар Төв азид өөрийн хүчирхэг төр улсаа байгуулж 200 гаруй жил оршин тогтнож байсан юм. Хятан нар, Хэрлэн Барс хот Баруун-Зүүн хэрэм, Өглөгчийн хэрэм, чинтолгойн балгас, Шаазан хот, Талын улаан балгас, Хар бухын балгас зэрэг олон хот сууринг Монгол нутагт байгуулж, мал аж ахуй, газар тариалан аль алинийг нь эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байжээ. МЭӨ 31 онд Хуханье шаньюн үеэс эхлэн Хүннүгийн шанюйн өргөө ордон нь Ар Монгол нутгийн зүүн хэсэгт, тухайлбал Богд хан уул, Баян улаан бүсэд байдаг болоод шанью түүний хатад, овог төрлийнхнийг нэгэнт Хараагийн Ноён ууланд оршуулдаг байжээ. Үчжүлыү-Жоди шанью Хараагийн ноён ууланд ихээхэн хүндтэй мэндтэй оршуулагдаад 1911 жил болсон нь Оросын эрдэмтэн П.К.Козловын археологийн шинжилгээний ангид илрэн олдсон байна.Түүний булш бунхнаас олдсон зүйлс Хуханьегээс эхлэн түүний дараах Хүннүгийн шанью тэргүүтэй сурвалжит язгууртан ноёдыг чухамхүү Ноён ууланд оршуулдаг болсныг нотлоод Монгол ба нийт Төв Азийн нүүдэлчдийн судалгаанд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан юм.
    Ар Монголд 100 мянган өрх буюу 5-6 зуун мянган Умард Хүннү нар үлдээд бусад 100 мянга баруун тийш Жунгар, Казахстан, Барабын хээр талын зүг зайлан оджээ. Умард Хүннүгийн дотроос Хуйянь овгийн тэргүүтэй нэг хэсэг нь тийнхүү баруун тийш халин гараад Түрэг, Перс , Угро хэлтнүүдийн дунд орсон байна.Умард хүннүгээс гарагсдын ихэнх хэсэг нь Кангюй зэрэг Түрэг хэлтний дундуур дайран гарч Урал, Волга, Доны Угро хэлтэн овог аймгуудын тэнд очиж 200 гаруй жил болох зуур хэл яриа, удам угсааны талаар нэлээд хэмжээгээр ижилсэн Хүннү гарвалт Түрэг-Үгро голлосон Хүннү угсааны томоохон овог аймгууд болсон байна.
    Тэдгээр Хүннү-Үгрө аймгууд 350 оны үест хүчээ нэгэнт сэлбэж аваад Алануудыг байлдан эзэлжээ.IV зууны 70-аад оны үест Баламбер (Баламир) тэргүүтэй Хүннү нар Дон мөрнийг гаталж Остготуудыг цохин баруун зүг хөдөлгөснөөр Зүүн баруун Европ дахь “Улс түмнүүдийн их нүүдэл”-ийг эхлүүлсэн байна.377 онд Хүннү нар Ромын эзэнт гүрний урд хилд тулж очжээ.Хүннү нар 396-397 оны үест Сири, Месопотамыг дайран өнгөрч, 420 оны үест одоогийн Унгар дахь Паннонийн хээр талд очиж суусан байна. Хүннү нарын төр улсын бүрдлийн тэргүүн Атилла (445-453) хааны өргөө ордон нь тэнд байсан бөгөөд чухам тэндээс бусад аймаг, овгуудыг эзэлж , Визант гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай нэгэн үе ана мана өрсөлдөн байжээ. Дэлхийн хэмжээний бидэнтэй холбоотой нэг түүх ийм байна.
    Л.Н.Гумилевын цохон тэмдэглэсэнчлэн “Хүннү нар соёлын тэргүүний буухиа тэмдгийг алдар нэрээ мандуулагч өөр улс түмэнд гардуулан өгч чадсан юм. Юу ч боллоо яалаа ч гэсэн нүүдлийн соёлын эрчимт үе хэрэгжин биелсэн байв. Үүнд бас дэлхий нийтийн түүхийн өмнө Хүннү нарын байгуулсан хоёрдох гавьяа зүтгэл орших билээ. Хятадын зах хязгаар байсаар ирсэн юм шиг яригддаг Төв Азийн улс түмнүүдийг бүрэн дүүрэн чадвар, чадавхигүй хэмээн шагширдаг бэртэгчин үзэл санааг няцаахын тулд бид энэ асуудлыг ингэж дэлгэрэнгүй авч үзлээ, үнэн хэрэг дээрээ тэдгээр улс түмэн бол биеэ дааж, эрчимтэй хөгжин байсан билээ гэсэн маш зөв зүйтэй дүн шинжилгээ хийсэн байна.. Л.Гумилев “ каспи нуурын орчин тойрны мянган жил”3 мөн тэнд, тал 92
    Хүннү нар тэнгэр шүтлэг бүхий бөө мөргөлтэй улс гүрэн байсан юм. Тэнгэрийн хүү хэмээгдэгч шанью хаан өглөө өргөө ордноосоо гарч ургах наранд мөргөл үйлддэг, орой үдэш саранд мөргөдөг байжээ. Хүннү нар нэн түрүү тэнгэр газар , өвөг дээдэс, онгон шүтээн, лус савдагт шүтэн мөргөдөг байжээ. Билгийн улирлын нэгдүгээр сард буюу цагаан сарын үеэр ихэс дээдэс, аймгийн зонхилогч цөөн тооны сурвалжит язгууртан нар Луут хот дахь шаньюйн өргөө ордны тахилгын сүмд цуглаж мөргөл үйлдэн, төрийн бодлого аливаа чухал хэрэгявдлын холбогдолтой зөвөлгөө хийдэг байжээ. Тавдугаар сард ихэс дээдэс, аймгийн зонхилогч, овгуудын ахлагчид цөм Луут хотод хуран цугларч өвөг дээдэс тэнгэр газар, онгон сахиусанд өргөл өргөж, мөргөл үйлддэг байжээ. 9-р сарын эхний нохой өдөр Лунцы тосгонд бүх нийтээр цуглаж тэнгэр тахидаг байжээ. Сар бүрийн могой, нохой өдрүүд ээлтэйд тооцогддог байжээ.
    Хүннү нар уулсын эзэн савдаг, усны эзэн лус бас бус онгон шүтээнд шүтдэг байжээ.Түүнчлэн аливаа овог, аймгийн үүсэл гарвалтай холбоотой, түүнийг ивээн тэтгэгч тотем хэмээх амьтдыг онгон сахиус болгож шүтэн биширдэг байжээ. Чоно, марал буга, шонхор шувуу тэргүүтэй араатан жигүүртнийг шүтэн бишрэх амьтан шүтэх тотенизм тэдний дунд багагүй байжээ. Хүннү, Түрэг, Монголын аль алины тотем онгоны тоонд чоно дээгүүр байр суурь эзэлж байсан бөгөөд цөм уртын дуутай байсаар ирсэн. Түүнчлэн бас мод ургамал, хад чулуу, амьгүй бодисыг сүнс сүүдэртэй хэмээн шүтэх анимизм хэмээх бишрэл байсан.
    Тэнгэр бол Хүннү улсын цорын ганц дээд шүтээн байсан боловч дэлхий ертөнц, өвөг дээдэс, газар ус гээд бас өөр олон янзын дэд шүтээн байдаг байжээ. Тэд бүхэнтэй шууд харилцдаг нь бөө, удган нар хэмээн тооцогддог байжээ. Бөө удгандаа хүннү нар маш ихэд итгэн биширдэг байсан бөгөөд тэдний бөөлж буух үедээ хэлсэн үг нь тэнгэрийн айлдвар, онгодын айлдсан зүйл хэмээн итгэгдэн бишрэгддэг байжээ. Бөө, удган нар онгон сахиустай харилцана, өвчтөнийг эмчилнэ, мэрэг төлөг үйлдэнэ, хувь заяа, ирээдүй төлвийг урьдчилан мэдэж хэлж өгнө, сайн сайхны ерөөл үйлдэнэ, муу муухай хараал зүхэл хийнэ, дайсны сүр сүлдийг дарж ялагдалд оруулахын тул ирэх зам дээр нь алсан ямаа газар доор булж хараал зүхэл хийгээд орхиж одох зэрэг янз бүрийн үйлдэл хийдэг байжээ. Тэнгэр шүтлэг, бөө, мөргөл нь Хүннү тэргүүтэй Төв Азийн нүүдэлчин малчин улс түнүүдийн соёл иргэншлийн амин сүнс, ёс суртахууны мөн чанар, дотоод агуулгыг илэрхийлэн илтгэгч байв.
    Хүннү нар тахилгын сүмдээ алтан онгон тавьсан мэдээ байдаг боловч дийлэнх ихэнхдээ мод чулуугаар хийсэн онгодууд тавьдаг байжээ. Тэдгээр онгодыг тахидаг бөө, удган Хүннүд маш олон бөгөөд их хүч нөлөөтэй байжээ. Хүннү гүрэн 928 онд хувцасны тусгай хууль гаргаж байжээ.
    Хятадын Хань улсын Уди хаан хүртэл Хүннүгийн хүчирхэг байдаг нь бөө удган нарт байж магад хэмээн үзэж, тэдэнд зориулсан тахилгын сүм бариулж байжээ. Түүгээр ч үл барам, Уди хаан тэдгээр бөө удганы ид шидээр Хүннүгийн хэдэн мянган модон хүн гарч ирээд Хятадыг сүйтгэж байна хэмээн зүүдэлж байсан тухай баримт хятад сурвалжид элбэг байдаг.
    Эндээс бид нэг дүгнэлтэд хүрч болох юм. Тэр нь Хүннү нар мөнх тэнгэрийн шүтлэгтэй байхдаа чухамхүү дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн төр улсыг байгуулжээ.
    Хүннүгийн соёлын дурсгалд томоохон суурь эзлэх өөр нэгэн зүйл бол мал ба адгуусан амьтныг дүрслэх явдал байжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал , ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна. Тиймээс судлаачид ,,Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл гэх бүрэн үндэс байна,, хэмээх дүгнэлтэд хүрсэн байна
    1Г.Сүхбаатар. монголчуудын эртний өвөг.УБ., 1980. тал 150.
    Ноён уулын булшнаас олдсон Хүннү хүмүүсийн гавлын яс нь цөм монголжуу төрхтэй байжээ. Оросын эрдэмтэн С.И.Рудэнкө Хүннүгийн холбогдолтой археологи-антропологийн баримтуудыг судалж үзсэний үр дүнд хүннү нарын хэлбэр галбир нь европжуу байтугай Угро, Түркүүдийнхээс ялгаатай, харин монголчуудынхтай адил төстэй болохыг ажиглан тодорхой дүн шинжилгээ хийсэн байна. Ноён уулын булшнуудын түүхэн нэг ач холбогдолын нэг нь энэ байна.
    Хүннү нар заримдаа зургаан хошуу мал хэмээн ярьдаг байсны нэг нь сарлаг байжээ. Монгол сарлаг Түвэдийнхээс зарим талын ялгаатай бол Хүннү, Монгол, Киргис сарлагуудад өвөр хоорондоо илүү адил төстэй байдаг байна Энэ нь Хүннүгийн булшнаас олдсон сарлагийн яс монгол киркисийнхтэй үндсэндээ адил байдгаар нотлогдож байна. Ноён уулын булшны өөр нэг ач холбогдол энд байна.
    Ноён уулын булшуудыг малтсан явдал Монгол орны археологийн судалгаа шинжлэлийн түүхэнд гойд содон хэрэг явдал болж, XX зууны археологийн их нээлтийн нэг нь болсон билээ.
    Өнөөдөр зарим улсууд Монголын түүхийн зарим хэсгийг өөрийн түүхтэй холбон тайлбарлаж, дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн түүхийг өөрийн болгон өөрчлөх оролдлого хийсээр ирсэн. Чухамхүү түүнд үнэн зөв хариулт өгөх томоохон бүтээл, нотлох баримтыг манай эртний өвөг дээдэс үлдээсэн нь Ноён уул байгаа юм. Үүгээрээ Ноён уулын Монголын түүхэнд эзлэх түүхэн ач холбогдол оршиж байгаа юм.
    Өнөөдөр энэ бүхнийг дурьдаж байгаа нь Монголын газар шороо бол бидний өвөг дээдсээс үлдээсэн юугаар ч солишгүй онгон нутаг төдийгүй хүн төрлөртөний үүсэл гарвалын нэг өлгийдсөн нутаг болох нь шинжлэх ухааны судалгаа бүтээлээр нотлогдож байна.
    Тэгээд яагаад өнөөдөр Ноён уулаа газрын хөрснөөс арчиж, миний нутгийн түүхийг өөрийн нутгийн түүх болгон бичиж буй бусдад өгөөш бэлтгэх нь хэний бодлого вэ.
    Одоо цаг. Дэлхийн хэмжээний төрт улсын түүхийг багтаасан Ноён уулаа хэдхэн тонн алтнаас болж устгах нь хэзээ нэг цагт хүн төрлөхтөний эсрэг гэмт хэргийн нэг болон дуурсагдах болно. Тиймээс Монголын “Тэнгэрийн улаач” нар анх удаа 2012 онд Ноён уулаа хамгаалах нэгдсэн их тахилгыг хийсэн нь монголчуудаа сэрээх гэсэн тэмцлийн эхлэл байсан. Тэмцэл дуусаагүй байна.
    Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. Монголчууд тус хайрханыг “Хадун хайрхан” гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж “Бурхан Халдун” болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд “бурхан” гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ. Монголын төр Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарласан.
    Хамаг Монгол Улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан Халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болсон. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт (Их сурвалж Olloo.mn) тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг.
    Хэнтий аймгийн харьяанд орших энэ дархан нутагт эрх дураараа зорчих гадаадын жуулчдыг Улаанбаатар хотын захирагч өмөөрч байсан цаг саяхан. Тэгээд үр дүнд нь тэнд гадны хэн ч чөлөөтэй зөрчих хүний эрх чөлөөгөөр хангагдах болсон.
    Одоо цагт. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн. “Онгод”-ын айлдварын дагуу Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий Францын иргэд, тэдэнд хөлслөгдөн ажиллаж байгаа 20 орчим мотоциклтай монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олж холбогдох газруудад өгөв.
    Түүхийн жимээр аялсан Д.Жаргалсайхан.

     

  • ДЭЛХИЙД ГАЙХУУЛАН БАХАРХАН ҮЗҮҮЛЭХ ГАЗАР ШОРОО, ЭХ НУТАГ МИНЬ

    Эрт дээр үеийн Төв Ази, Монгол оронд амьдарч, түүхийн сурвалжид нэр тэмдэглэгдэн үлдсэн аймаг овгуудын дотроос анхных нь ди нар буюу эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой гэсэн хоёр дүрс үсэг нийлүүлэн бичсэн байна. Ди нар бүхэлдээ Монгол оронд оршин амьдарч байсны дотроос Өвөр монголд байсан хэсэг нь Умард ди, Цагаан ди гэх зэргээр ялгарч, их элсэн говиос хойш, Ар монгол дахь хэсгийг Умард Ди гэдэг байжээ.
    Төв азийн нүүдэлчин ард түмнүүдийн түүх, түүний дотор Монголын ард түмний эрт үеийн түүхийг судлах ажил олон жилийн өмнөөс эхлэн археологичид угсаатны зүйч түүхчдийн сонирхлыг татсаар иржээ.
    Дэлхийд өрсөлдөх чадвартай цөөхөн зүйлийн нэг нь үлэг гүрвэлийн баялаг олдвор, өв. Эдгээр олдворууд Монголоос Берингийн хойлоогоор дамжин Умарт америкт очсоныг баталдаг. Шинжлэх ухаан үлэг гүрвэлийн нүүдэл нэг чигтэй байдгыг нотолдог. Одоо манай эрдэмтэд хамтарч Түрүү Кембри үеийн 600 сая жилийн тэртээх Монголын үеийг судлаж байна. Өнөө хэр нь тайлагдаагүй нууц олон байна. Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар илэрсэн олдворуудыг ангилвал 160 сая жилийн турш 7-8 бүлэгт хамаарах 400 гаруй төрөл, зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсныг тогтоогоод тэдгээрээс 70-80 зүйл нь Монголоос олдсон.
    Энэ нь хүн төрөлхтөний таньж мэдсэн үлэг гүрвэлийн тавны нэг нь гэсэн үг1.Х.Цогтбаатар. Хууль бус малтлага бол монголчууд бидний цаг үеийн эмгэнэл. Өнөөдөр.2015.9.28.
    Одоо цаг
    Гэтэл Палентлогийн олдвор илэрдэг газарт 1990 оноос хойш мэргэжлийн бус хүмүүс ухаад сүйтгээд хаячихсан. Хил давуулж наймалцсан одоо эргүүлж авчирч байгаа “Баатар”-ын яснууд нь нэг амьтных боловч нийлүүлчихсэн цуглуулга, Тийм зүйлээр үзмэр болгоно гэдэг хэцүү.
    Чулуужсан модоо хилээр гаргаад худалдаад дууссан. Хожим араас нь хилээр гаргахгүй байх хууль гаргаж өнгөрсөн борооны хойно цув нөмөрсөн түүхтэй.
    Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн шинжилгээний анги “Цахиуртын хөндий” зэрэг газраас хэдэн зуун мянган дурсгалыг агуулсан хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийг хамаарах Төв Ази төдийгүй дэлхийд ховор нээлттэй сууринг илрүүлэн судалжээ. Мөн энэ үед холбогдох томоохон дурсгал нь Өмнөговь аймгийн нутагт дахь Оцон-Мааньтын бууц юм. Олдсон олон арван зэвсэг багажийн зүйлс нь нь хамгийн эртний шинжтэй бөгөөд 2европ, өвөр Ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байна. Үүний зэрэгцээ 1960, 1961, 1964 онуудад өвөрхангай аймгийн Хар хорины сангийн аж ахуйн нутаг Орхон голын хойд дэнжид буй Мойлтын амны 4 соёлт давхрага бүхий палеолитийн үеийн сууринг малтан шинжилснээр Төв, Умард, Дорнод Азийн хэмжээнд нэн ховор дурсгал болох нь тодорхой болсон юм.
    Рашаан хадны чулуун зэвсгийн суурингийн 1980, 1981 оны малтлагын явцад 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олдсон байна. Төв Ази (Монгол), Умард Азийн ( Сибирь) чулуун зэвсгийн өнөөгийн байдлаас үзэхэд Төв Азийн нутгаас эх авч урсах Обь, Ангар, Лена, Амар зэрэг Сибирийн гол мөрний сав нутгаар олонтаа олдсон дээд палеолитын бууц суурингийн чулуун эдлэлүүд нь Монголын мөн үеийн дурсгалуудтай адил байна. Энэ баримт нь тус орны нутаг дэвсгэрт оршин сууж байсан палеолитийн анчид дунд палеолитийн эхнээс эхлэн дээд палеолитийн туршид уул нуруудын хөндий, томоохон гол мөрний сав дагаж Сибирь зэрэг бусад газар оронд нүүдэллэн очсоныг гэрчилж байна хэмээн судлаачид үздэг юм. Говийн үлдцийн тархсан газар нутгийг үзэхэд тэр нь баруун зүгт Дорнод Памир, умар зүг Якут, дорно зүгт япон хуртэл тархсан байна. Өөрөөр хэлбэл, говийн үлдэц нь Сибирь, Якут, Чита муж,Тэнгисийн хавь нутаг, Камчата, Сахалин, Алеутын арлууд, Аляск, Японы дээд палеолит, Мезолит, түрүү неолитийн үеийн бууц суурингуудад өргөн тархжээ.Ийнхүү монголын Соёлын үндсэн гол хэрэглэгдэхүүн, Зэр зэвсэг дурьдсан газар нутагт тархсан нь Төв Азийн гүнээс Сибирь , Берингийн хоолойг дамжин Умард Америк, улмаар Японы арлууд хүртэл хүн нүүдэллэн очиж нутагласан буюу угсаатны шилжилт явагдсаны гэрч юм.2 2.ОУМЭ-ний IV их хурал, II боть, УБ., 1986,
    Монголын чулуун зэвсгийн талаар гүйтцэтгэсэн томоохон ажлын нэг нь 1969 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг ярх уулын дэргэдээс доод палеолитийн үед холбогдох гилбэр зэвсгийн соёлын дурсгал бүхий дархны газар нээсэн явдал билээ. Энэ дарханы газар нь Төв, Дундад Азийн чулуун зэвсгийн түүхэнд томохон байр суурь эзлэх дурсгал бөгөөд Монгол нутагт хүн анх нутаглах болсон хийгээд тус тусын палеолитын үүсэл хөгжлийн асуудлыг судлахад онол практикийн чухал ач холбогдолтой юм.
    1995-2000 онд А.П.Деревянко, Д.Цэвээндopж, Ж.Олсен нарын удирдсан Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн дурсгал судлах анги Баянхонгор аймгийн Цагаан агуй, чихэн агуйд палеолит, мезолитын соёлт давхрага бүхий суурингуудыг малтан судлахын хамт тэдгээрийн он цагийн хамаарлыг геологи, полеоботаник, радиокарбоны аргаар тогтоох ажлыг ОХУ, АНУ-ын лабораториудад гүйцэтгэж буй нь Монголын чулуун зэвсгийн судалгаанд нэвтэрч буй шинэ зүйл болсон.
    Манай ард түмний өвөг дээдэс дэлхий дахины эртний чулуун зэвсгийн сонгодог соёлтой хэмээн алдаршсан франц, Испанийн нэгэн адил хуучин чулуун зэвсгийн дээд үеээс, өөрөөр хэлбэл 40-12 мянган жилийн тэртээгээс Төв Азийн нутагт өөрийн өвөрмөц урлагийн бүтээлийг цогцлон бүтээж, баяжуулан хөгжүүлж ирснийг дээр өгүүлсэн баримтууд харуулж байна.
    Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм.Монгол улсын нутгаас 550 орчим, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас 20 орчим , Уулын алтайгаас 60 орчим, Казакстан дундад азиас 20 орчим , баруун тийш Оренбург муж Кавказ, Украйн, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ.
    1. 1А.П.Окладников. Оленные камни с реки Иволги. СА.
    2. 2 С.Н.Вайншеин. история народного искусства Тувы. М.,1974. рис. 2,1.
    3. 3В.Д.Кубарев .Древние изваяния Алтая. Новосибирск 1979 табл.4 Х-3
    4. 4 З.С.Самашев Алма-Ата, 1992.стр 156.
    Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог аймгууд урлагийн гайхамшигт дурсгал буган дурсгал манай хөрш өвөр байгаль, Тува, Алтайд нилээн дэлгэрч баруун тийш Казакстан , дундад ази, Умарт кавказаар дамжин зүүн европ хүртэл тархсан байна.
    1994-2000 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан “Алтай” төслийн хүрээнд явуулсан хайгуулаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Ногоон нуур сумдын нутгаас 50 гаруй хүн чулуун хөшөөг үзэж тэмдэглэсний дотор урьд өмнө судлаачид олж үзээгүй хөшөө ч нэлээн байгааг тогтоожээ.1 В.Д.Кубарев, Д.Цэвээндорж. Новые камменние изваянния Монголсково Алтайя-Известия лабораторий и археологи.
    Эртний түрэгүүдийн хувцас хунар, гэзэг үсний хэлбэр, зарим эдлэл хэрэглэл, гоёл чимгийн зүйлсийг тодруулан судлах гол нэгэн сурвалж нь хүн чулуун хөшөө юм. Эдгээр нь түүхэн тулгар сурвалж төдийгүй тэр үеийн дүрслэх урлаг, уран сайхны хөгжлийн төвшинг илтгэн харуулдаг . Ийм төрлийн дурсгалыг Алтай , Тува, Дундад азийн нутгаас Оросын эрдэмтэд их хэмжээтэй судлан тодорхойлж эрдэм шинжилгээний олон бүтээл нийтэлжээ.2.ОУМЭ-ний IV их хурал, II боть, УБ., 1986,
    Манай улсын Баян-Өлгий, Увс зэрэг баруун талын аймгуудын нутгаар тохиолддог ба төдийлөн нарийн сайн судалж хараахан амжаагүй юм.Эдгээрийн жишээ болгон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс 8.5 км зайтай Битүү хэмээх газарт орших хөшөө, мөн Ногоон нуур сумын төвд буй 2 хөшөө зэргийг дурдаж болно.
    Дээрх хүн чулуудын хийц дүрслэл болон дэргэд нь байх байгууламжийн хэлбэр дүрс түрэгийн хүн чулууныхаас эрс ялгарч байна. Харин газар зүйн байршлын хувьд, түрэгийн хүн чулуу элбэг тархсан Баруун Монгол, Алтайн уулсаар байх ба Уйгур улын төв байсан Монголын төв нутагт огт тааралддаггүй ажээ.
    Манай улсын Баян-Өлгий аймгийн нутагт орших олон км үргэлжилсэн хадны зураг бол зөвхөн монголд харж болох нэн эртний өвөг дээдсийн үлдээсэн хожим дэлхийд гайхагдах “дэлхийн түүхийн галарей” билээ.
    Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн том дурсгал нь олон соёлт давхарга бүхий Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй юм.
    Эдгээр нь хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өмнөд ази, Европ, Африкын доод палеолитын ашэллийн хэмээх үед өргөн тархсан гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүдтэй ижил байна.
    Одоо цаг. Дээр дурьдсан дэлхийд гайхагдах түүхийн бүтээлээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй лецензийн найманд өртөж, агуй дотор тэсэлгээ хийж нурааж эхэлсэн харамсалтай мэдээ байна. Бид ийм зүйлийг Монголчууд төдийгүй хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэргийн хэмжээнд авч үзэх ёстой.
    Монголын ард түмний эрт дундад үеийн түүхийг судлахад хаданд сийлж зурсан зураг чухал хэрэглэгдэхүүн болдог. Монголын хадны зургийн ангиллыг шинэчлэн хийсэн ба Ишгэн толгой Чандмань хар үзүүр, Рашаан хадны сийлмэл зургуудыг палеолитын үе, Зураагийн Улаан хадны төрлийн зосон зургийг неолитын үед, Цагаан салаагийн зарим зургийг хүннүгийн үед холбогдуулан үзэж насыг шинээр тогтоож судалжээ. Судалгаандаа үндэслэн “Монгол оронд мэзолитийн үед 15000-8000 жилийн тэртээ малыг гаршуулж эхэлсэн ба Монгол орон бол мал аж ахуй бие дааж үүссэн дэлхийн гурван том голомтын нэг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
    Манай улсын 13 аймгийн 30 гаруй газраас олдсон хадны сүг зургийг багтааж нийтлүүлсний 20 гаруй нь анх удаа хэвлэгдсэн ганц сэдэвт бүтээл туурвижээ. Д.Дорж , Э.А.Новгородова нар “Монголын хадны зураг” зохиолдоо
    Хойд цэнхэрийн агуйн зургийг Евразийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судлаж, дээд палоелитын үед холбогдоно хэмээн үзэж , улмаар “Урлагийн эхлэл түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан” гэж шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн өгүүлэл, тусгай ном нь манай ард түмний эртний соёлыг судлах, түүнийг дэлхий дахинд сурталчилах ажилд оруулсан чухал хувь нэмэр юм.2 А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства. Новосибирск, 1971:А.П.Окладников. Утро исскуства.Л., 1967.
    Х.Пэрлээ Рашаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаа сийслсэн 1000 гаруй тамга Ази Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсан олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй мянга гаруй тамгатай харьцуулан судалж ганц сэдэвт зохиол бичиж нийтлүүлсэн нь хадны зураг, тамга судлалд чухал ач холбогдолтой бүтээл болжээ.4 Х.Пэрлээ. монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь.УБ., 1976.
    Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгал судлах, сэргээн засварлах зорилготой Монгол-Туркийн хамтарсан төсөл нь Архангай аймгийн Хөшөө Цайдам дахь билгэ хаан, Куль Тегин жанжны болон налайх дахь мэргэн сайд Тоньюукугийн тахилын онгон зэрэг томоохон дурсгалыг малтан судалж сэргээн засварлах ажил гүйтсэтгэсэн байна.
    Би шинжлэх ухааны байгууллагуудын Монгол Улсад явуулсан энэ олон судалгааны материалууд, нотолгоонуудыг дурьдсан нь Монголчууд харийнхантай нийлж, дэлхийн түүх, өвөг дээдсийн түүх рүүгээ улангасан дайрч буй эрин үед амьдарч байгаагийн хувьд өнөөдөр дээрх бүтээлүүд төрийн хамгаалалтад байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүрч, Та бүхэн монголын хамаг өнө эртний түүх дурсгалтай харьцдагийн хувьд өвөг дээдэс, онгон сайхан байгалиа хамгаалахад анхаарлаа чиглүүлэхийг хүсч байна.
    Энэ сайхан нутгийг бид л хамгаална. Харийнхан хамгаалахгүй гэдгийг онцгойлон анхааруулж байна.
    МБНЭ байгуулагдаад анхны нэгдсэн их тахилгаа Монгол Улсын баруун хязгаар Дэлхийн болон Манай өвөг дээдсүүдийн өлгий нутаг Алтайн арван гурван хайрханаас эхэлсэний цаад учир ийм байна.
    Түүхийн жимээр аялсан Д.Жаргалсайхан

    djmedia:427

     

  • МОНГОЛ УГСААТНЫ ТӨРИЙН ТҮҮХ

    Овгууд хоорондын харилцаа нь улс төрийн шинжтэй биш бөгөөд сүрэг, хүй нэгдлийн хамаатал нь удтал нөлөөтэй байж илүү их биеэ даасан нийтлэг болох аймгууд үүсэхийн урьдал болж байжээ.
    Овгийн зохион байгуулалттайгаар аж төрсөн цаг хугацаа бас олон зуу, мянган жилээр хэмжигдэх учиртай.
    Овгууд эхийн эрхт ёс, эцгийн эрхт ёсыг дамжин хувьссаар эцэстээ тусгаар гэр бүлүүдэд хуваагдаж тэр нь удаах нийтлэгүүдийн тогтвортой, анхдагч нэгж болж хувирчээ.
    Гэр бүлүүд үүсэх үе гэхэд ойролцоо амьдардаг овгууд бүгд л өөр өөрсдийн хэлтэй, өөр өөрсдийн нутаг, устай, зан заншилтай болж аажмаар том, жижиг аймгийн зохион байгуултад оржээ. Цаашдаа хэл, соёл нэгтэй, ойролцоо нутагладаг аймгууд нэгдэх, угсаатан үүсэх процесс эхэлжээ.
    Аймгууд буй болж тодорхой нутаг дэвсгэрийг тогтвортой эзэмших болсноор аймгуудын хооронд улс төрийн шинжтэй харилцаа үүсэж элдэв зөрчлийг үүдэх болжээ. Чухамхүү  тиймэрхүү зөрчлүүдийг шийдвэрлэх арга, замаар л аймгууд томорч ойр орчноо эрхшээл, нөлөөндөө авсаар угсаатан гэх илүү тогтвортой, илүү их нэгдэлтэй нийтлэгүүдийг төрүүлжээ.
    Газар нутаг, хэл, соёл, аж ахуйн төсөө, нийтлэг нь угсаатан улсууд үүсэх үндэс болж түрүү төрийн хэлбэрүүд тив бүхэнд гарч иржээ. Газар тариаланд суурилан аж төрдөг хот-улсууд, угсаатан-улсууд том том голуудын сав газрууд даган үүссэн байна. Ийм үйл явц одоогоос 5-8 мянган жилийн өмнө эхэлжээ. Ази, Европ, Африкийн том том гол мөрөн, нуур, тэнгэсийн эрэг хавиарх хот-улсууд харьцангуй түргэн хөгжиж, хэлбэржиж, анхны хаант улсууд болж хувирсан байна. Ази, Евразийн нүүдэлчид ч тэднээс төдийлөн хоцрохгүйгээр угсаатан улсуудыг үүсгэж, аажмаар томорсоор, эзэнт гүрэн болох хандлагад автжээ.
    Төв Азийн өндөрлөгөөр чөлөөтэй нүүдэллэн аж төрж байсан өвөг Монгол аймгууд анхандаа угсаатан-улс болох Хүннү улсыг байгуулжээ.
    Хүннү улсыг байгуулсан өвөг монгол аймгуудын нэр тодорхой бус учир товчлон, алслан орхихоос өөр аргагүй байна.
    Хүннү улсын төр хэлбэржих, бэхжих, хүчирхэгжих үйл явц тэр цаг үеийн онцлогоор нөхцөлдөн нилээд удаан хугацаагаар үргэлжилжээ.
    Хүннү улсад заналхийлэх хэмжээний хүч, боломжтой улс төрийн субъект түүний ойр тойронд байсангүй. Өмнө этгээдэд Хятадын том, жижиг улсууд буй болчихсон байсан хэдий ч тэдэнд умрын нүүдэлчдийг хүч хэрэглэн өөртөө нэгтгэх, Сибирийн ой тайга хүртэл эзлэн түрэмгийлэх бодлого ба хүч байгаагүй нь үнэн юм.
    Монгол угсааны бүх овог, аймгийг нэгтгэж чадсан Хүннү улс аажимдаа Төв Азийн өндөрлөг дэхь олон хэлний бүх эсгий туургатныг өөртөө захируулж эзэнт гүрэн болох зам дээр НТӨ III зууны үед гарч иржээ.
    Ингэх болсны гадаад шалтгаан нь Хятадад том эзэнт гүрэн буй болж хавь орчиндоо заналхийлэх болсон, мөн түрэг, манж угсааны жижиг улсууд ба Хүннү улсын хоорондох харилцаа хурцдаж цэрэг зэвсгийн хүчээр зөрчлийг шийдэхэд хүрсэн явдал юм.
    Их Хүннү гүрний нөлөө, захиргаанд орж гурван зуун дамнан аж төрж байсан Төв Азийн олон хэлний нүүдэлчин аймаг, том, жижиг улсуудын нэр мөн тодорхойгүй учир товчлон орхихоос өөр аргагүй байна.
    Хүннү улс ойр зэргэлдээ оршиж байсан олон хэлний нүүдэлчдийг өөртөө нэгтгэж том эзэнт гүрэн болж чадаад өмнөд хилээ Хятадын Их Цагаан хэрмээр тогтоосон гэрээ хэлэлцээрийг Хан гүрэнтэй байгуулжээ. Тэд нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, хил заагаа ч тогтоожээ. Чухамхүү энэ цаг үеэс эхлэн Хан гүрний хаад Хүннү гүрний болзошгүй халдлагаас ихэд эмээх болж “нүүдэлчдийн энэхүү хүчирхэг гүрнийг хагалан бутаргах хүчийг нь сулруулах, дотоодод нь өрсөлдөөн, тэмцэл үүсгэж аль болохоор хурцатгах” бодлогыг ил, далд бүх арга, хэлбэрээр явуулах болжээ. Хан гүрний хаадын хорон бодлого, явуулга амжилтад хүрч Хүннү гүрэн дотооддоо хямарсаар хуваагдаж задарчээ. Их Хүннү гүрний нэг хэсэг нь зүүн Европ руу нөгөө хэсэг өмнөд Ази руу нүүдэллэж, нэг хэсэг нь Хан гүрэнтэй нэгдэж, үлдэх хэсэг нь Сүмбэ улсыг байгуулан хүчирхэгжиж Сүмбэ гүрэн болж томорсон байна. Хэтдээ Сүмбэ гүрэн Их Нирун улс болсон түүхтэй. Сүмбэ, Нируныг байгуулсан зонхилох хүч нь монгол угсааны аймгууд, монгол угсааны хаадууд байлаа.
    Их Нирун улсын захиргаа, нөлөөнд оршин байсан түрэгүүл бослого гаргаж төрийн эрхийг булааснаар Түрэг, Уйгар, Киргизийн ноёрхол Төв Азийн өндөрлөгт ээлжлэн тогтжээ. Нөхцөл, байдлын аясаар тэдний ноёрхол ч унажээ. Монгол угсааны аймаг, ханлигууд нэгдэж, орчноо хураан захирч Их Монгол улс буй болж нэн их хүчирхэгжжээ.
    Өөрт нь аюул учруулж байсан, өөрийг нь басамжилж хандсан, элч төлөөлөгчдийг нь хөнөөсөн олон улс орныг Их Монгол улс довтлон эзэлсээр, буулгаж авсаар тэр цагийн дэлхий дахинд ихэнхэд нөлөө, захиргаагаа тогтоож Монголын эзэнт гүрнийг байгуулжээ. Дэлхий дахинд Монголчуудын тогтоосон гэх тайван амьдрал, даяаршил олон зууныг дамнан үргэлжилж байв.
    Чингис хаан эзэнт гүрнээ хөвгүүддээ хувааж өгсөн нь түүний задралыг нөхцөлдүүлжээ.
    Монголын эзэнт гүрний нийслэлийг Хувилай хаан Хятад руу шилжүүлсэн нь Монгол, Монголчууд, Хархорин хотын нэр, нөлөө, хүчин чадлыг бууруулж, бараг л “давааны цаадах” шоовдорлогдсон муж болгож хувиргажээ.
    Хувилай болон түүний залгамжлагчдыг тансаглалд умбуулсаар хааны ордныхон, Хятад түшмэдүүд зөөлөн аргаар мөхөл рүү нь хөтлөн аваачсан түүхтэй.
    Чингис хааны байгуулсан их гүрэн задран унаж, дотооддоо зөрчилдөн байсаар Манж Чин гүрний идэш, вассал, мөхөж буй угсаатан болж доройтжээ.
    Хятад, Манж, Төвд, Хаант Оросын удирдлага Их Монгол улсын нутаг дэвсгэр, хүн ам, мал сүрэг, газрын доорх баялаг, хүмүүсийн гар дээрх алт, мөнгө тэргүүтнийг хүчээр болон эвээр, залиар болон мухар сүсгээр дамжуулан хуваан авч чадсан үр дүн XX зууны эх гэхэд дэлхий дахинаа ил болсон билээ.
    Хятад дахь Манжийн төр доройтож, Хятадын цэргийн эрхтэнгүүд олон тал болж хоорондоо тэмцэлдэж, Оросын хаант засаг мөхөж, иргэний дайн дэгдэж, Японы милитаристууд эх газар руу түрэмгийлэл үйлдэж “ёстой л түм түжигнэж бум бужигнасан” нөхцөл, байдалд Монголын эх орончид үндэсний эрх чөлөөний төлөө амь хайргүй тэмцсэнээр Ар Монгол тусгаар улс болж чаджээ. Ар Монгол анхандаа Богдхаант Монгол улс, удаа нь Хятадын автономит муж, Хятадын хязгаарын муж, дахиад Богдхаант Монгол улс, БНМАУ, Монгол Улс болж нэр ба статусаа өөрчилсөн билээ.
    Монгол угсаатны иргэний түүх, аж ахуйн түүх, соёлын түүх, бичиг үсгийн түүх, шашин шүтлэгийн түүх, цэрэг-зэвсгийн түүх, гадаад харилцааны түүх, философи сэтгэлгээний түүх гэх мэтээр Монголчуудын амьдрал, оршлын түүхийн тал тус бүрийг товч тоймлон бичих аваас мөн л өмнөхийн адил олон зүйлийг өгүүлж болох юм.
    Улс төрийн хувьд, төрийн хувьд, Монголчууд бусдын далбаан доор орсон нь цөөн биш болох нь өмнө өгүүлснээс тодорхой байна. Мэдэгдэж буй тохиолдлууд гэхэд л Түрэг, Уйгар, Киргиз, Манж, Хятад, Орос улсын төр засаг Монголчуудыг мэдэж, залж, захиргаадаж явжээ. Гэхдээ Монголчууд тухай бүрд нь төрийн эрхээ эргүүлэн авсаар байжээ. Ингэхлээр Монголчууд цөөхөн ч гэсэн эрт хэлбэржсэн угсаатан, бэрхийг туулсаар ирсэн том үндэстэн мөн юм. Монголчуудад улс төрийн ухамсар, улс төрийн харилцааны түүхэн том уламжлал, туршлага буй нь ч тодорхой байна. Энэнийгээ харин бид эргэж судлах ёстой, сурталчлах ёстой, гаргууд сайн эзэмших, өвлөх, цаашид хөгжүүлэх ёстой.
    Тохиолдлын хүмүүс, ойворгон залуус элдэв нөхцөл, байдлыг ашиглан төрийн эрхэнд гараад ард түмний хувь заяа, эд баялаг, өмч хөрөнгөөр тоглосоор буй баримт бол Монголчууд бид өнгөрсөн түүхээсээ зөв сургамж авахгүй байгаа, төрийн түүх, улс төрийн сэтгэлгээний түүхээ мэдэхгүй, судлахгүй байгаагийн тод илрэл болно.
    Монгол төрийн судалгаа, Монголчуудын улс төрийн сэтгэлгээний судалгаа удаах шинэ шатандаа гарах хэрэгтэй байна. Эс тэгвээс өнөөгийн эмгэнэлт байдал цааш цаашдаа ч үргэлжлэх болно.
    Монголчуудын өвөг дээдсийн үеэс нааш байгуулсан төг нь солигдох, задрах, мөхөх, томрох, бутарч жижигрэх зэргээг өөрчлөгдсөөр иржээ. Бусдын эрхшээл, нөлөөнд орж, хаяа хатавчинд нь хоргодож асан тохиодол ч мөн гарчээ.
    Монголын төрийг хэврэгшүүлж байсан нөхцөл, хүчин зүйлүүдийн судалгаа муу хийгдэж, муу суртачлагдсан гзж хэлж болох юм.
    Монголын төр гадаад хүчин зүйлийн нөлөөнд ч ихээхэн өртөж, бас дотоод зөрчил, тэмцэлдээ ч ихэд идэгджээ. Монголын хаад, язгуутнуудын зөрчил, тэмцлийг харь улс орнууд ч мөн олон дахин овжин ашиглажээ. Ялангуяа их хаадын дараах үеийн төв төрийн засаглалын хомсдол Их Хүннү гүрэн, Их Монгол улс Монголын эзэнт гүрнийг бутраажээ.
    Төвдийн удирдлага, Манжийн хаадын хол явах хорт бодлогоор Монголчуудын оюун санааны амьдралыг шарын шашны мунхруулганд бүрэн автуулсан нь хэргээ хийж Их Монгол улсын төрийг мөхөөж, Монгол угсаатныг олон болгон бутраасан билээ. Энэний үлдэгдэл нөлөө, сөрөг үр дагавар өнөөдөр ч гэсэн маш хүчтэй, хорлолтой хэвээрээ байна.
    Нийгмийн сэтгэлзүйн зарим тал, хэсэг, хүн амын хагасаас илүү нь мухар сүсэг, сохор бишрэл, шашны зан үйлийн нөлөөн дор оршиж дандаа харь гаралтай хийсвэр зүйлүүд, шүтээнүүдэд /соёмбо тэмдэг, хийморийн хүлэг, хангарьд г.м/ залбирсаар байгаа билээ. Гэтэл XXI зууны 20-иод он гэхэд хүн төрөлхтний идэвхтэй, боловсролтой, оюунлаг хэсэг нь гагцхүү шинжлэх ухааны үнэн мэдлэг, мэдээлэлд итгэж, мухар сүсэг, сохор бишрэлээс хол хөндий байх болчихжээ. Гэтэл Монголын хот, хөдөөд хутагт, хувилгаадын хойд дүрүүд тодорсоор, бөө удган нарын нөлөө өссөөр, төвд хэл дээрх элдэв уншлагаар иргэд маань “зам, мөрөө засуулсаар” л байна.
    Буддагийн үзэл, сургаалыг хүндлэх, дагах, судлах, мөрдлөг болгох үйл явц бол мухар сохроор сүсэглэх, маань мэгзэм тарни, шившлэг цээжлэх, ид шидэд итгэх, төмөр, шавар, зэс, гуулин бурхдад мөргөх, адис авах, сахиус зүүх, хийморийн дарцаг хийсгэх мэтээс огт өөр үйл хэрэг юм. Сүм хийдүүдийн сүр хүчтэй зан үйлүүдээр /золигт гаргах, сор залах, чөтгөр шулмыг дарах, номхотгох гэх мэт/ юу ч өөрчилдөггүй, бүтээдэггүй гэдгийг хүн төрөлхтөн аль хэдийнээ таниад мэдчихсэн цаг үе шүү дээ. Одоо зөвхөн ухвар мөчид, гэнэн, сэтгэл санааны өвчин, гажиг олсон хүмүүс л мухар сүсэгт автах болжээ. Мухар сүсэг, сохор шүтлэгээс чөлөөлөгдөх үйл явц улам л өргөжсөөр, хүн төрөлхтөн зөвхөн өөртөө итгэж, өөрөө өөртөө эзэн болж, өөрийн мэдлэг, оюунаар бүх асуудлаа шийдвэрлэдэг болсоор байна.
    Судлаач, профессор Д.Чулуунжав Sonin.mn agency

  • МОНГОЛООР АЯЛСАН НОРВИЧИЙН ХАМБА

    Тэр үед мормончууд олон эхнэр авдаг хэвээр байсан, өдгөө эсрэг болсон хоёр урсгалын хоёр том төлөөлөгч эрхэм юу ярьсан, Шийпшанкс ямар сургааль айлдсан зэрэг нь нэн сонирхолтой, харамсалтай нь тэмдэглэгдэн үлдсэнгүй. Тэндээс Шийпшанкс Монреаль, Нью-Йоркоор дайраад Вашингтон Ди Си-д ирж хэсэг саатсаны эцэст усан онгоцоор төрсөн нутаг Лондондоо харьсан байна.
    Төд удалгүй Канад руу буцаад, тэндээсээ харин бөмбөрцгийн эсрэг этгээд рүү хөдлөн, дэлхийг бүтэн тойроод англи орохоор шийджээ. Ингээд 1867 оны хавраас Хонолулу – Хонг Конг – Монгол – Сибирь – Москва – Петрбург – Герман гэсэн чиглэлээр аялсаар арваннэгдүгээр сард Лондонд ирснээр адал явдал, үзэх харах юмаа үзсэнд тооцож, шашныхаа үйлд зүтгэн, суурин амьдрах болсон юм гэдэг.
    Жон Шийпшанксын ам бүл өнөр өтгөн, үр хүүхдүүдээс нь арван гурав нь нялхын эндлээс давж хүн болсон, өөрөөр хэлбэл, Инжинаашийн хэллэгээр бол “их өсөж, бие бүтсэн” ажээ. Тэднээс 1872 онд төрсөн Мари хэмээх охиных нь амьдрал тэмцэл нэн сонирхолтой. Эцэг, эх нь шашин сүмийн ажил хөөгөөд олигтой анхаарч чадаагүй аж. Хурц ухаантай, ихийг уншдаг Мари охины үзэл бодол төлөвшдөг эд насанд эцэг, эхийнх нь хайр халамж дутсанаас болж эцгийнхээ шашны эсрэг үзэлтэн болон өсөж, социалист, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, пасифист болжээ. Виржиниа Вүлф, Бэртранд Рассэл нартай нөхөрлөн, үзэл бодлоо уралдуулж явав. Дэлхийн II дайн дэгдэхэд Гитлэрийг жигшин, пасифист буюу энх тайванч, цэргийн хүчнийг үл дэмжигч үзлээсээ арга буюу татгалзаж, Британийн армийг дэмжих болсон байна. Энэ нь оюун санааны хувьд маш хүнд цохилт болсон гэдэг. Хурц ухаант, хүчирхэг, тэмцэгч бүсгүйд таарах хань нөхөр гэж гарсангүй, насаараа ганц бие явсаар асрамжийн газар, үл таних хүний гар дор нүд аних хувьтай болсноо мэдүүтээ 1960 онд бурханы орон өөд өөрөө яваад өгсөн юм билээ. Гэвч энэ удаад Маригийн тухай биш, эцгийнх нь тухай, эцгийнх нь Монголоор аялсан тухай өгүүлнэ.
    Image
    МОНГОЛ, СИБИРЬ ДЭХ МИНИЙ АМЬДРАЛ
    1867 онд Монголоор аялсан тэмдэглэлээ Жон Шийпшанкс бүр хожим, 1903 онд “Монгол, Сибирь дэх миний амьдрал” нэрээр ном болгон хэвлүүлжээ. Гучаад жилийн дараа ийнхүү хэвлүүлж буйгаа тэрбээр номынхоо өмнөх үгэнд ийн тайлбарлаж: “Яагаад олон жилийн өмнө хэвлүүлсэнгүй вэ. Яагаад одоо тэгвэл хэвлүүлж буй хэрэг вэ. гэсэн хоёр асуулт гарах нь дамжиггүй. Эхний асуултын хувьд үргэлжийн завгүй ажил амьдрал маань надад тэмдэглэл дэвтрээ эмхлэх боломж олгож байсангүй (төрсөн охиноо хүртэл анхаарч чадаагүйг нь санана уу. М. С.)… Хоёр дахь асуултын хувьд Вэсткотын хамбаас авахуулаад олон анд маань “харьцуулсан шашин судлал” гэж чухал ухаан болохыг хэлж, миний ламын шашин, бөөгийн шашны тухай яриа тэмдэглэлийг ихэд сонирхож байсан тул бичиж үлдээх нь зүйтэй хэмээн үзэв. Бас үр хүүхдүүддээ үзсэн харснаа ярихад “Та энэ амьдралаа ном болгон бичээч” хэмээн шалдаг байлаа….”
    Үнэхээр Шийпшанксын номд шарын шашин, бөөгийн ёсны тухай ажиглалт, тэмдэглэл чухал суурь эзэлдэг. Угаас Америкийн индиан, мормоны төлөөлөгчидтэй хүртэл уулзан судалж явсан, Христийн шашны том төлөөлөгч болохын хувьд сонирхлоо дагаад харьцуулсан шашин судлалын талбарт өөрөө ч мэдэлгүй хувь нэмрээ оруулаад л яваад байж. Гэвч мэдээж өөрийнхөө шашны талаас л үнэлж дүгнэж, буруутгаж байсан нь бас үнэн.
    1867 оны наймдугаар сарын 3-ны өдөр Жанчхүүд ирж, Өргөөгөөс жин тээж ирсэн Гэлэг, Бар хэмээх хоёр монголтой танилцан, буцахдаа авч явахыг гуйснаар Жон Шийпшанксын аялал эхэлнэ. Энэ бяцхан өгүүлэлд гэхдээ энэ номын тухай бүтнээр өгүүлэх гэсэнгүй, тэгж ч дийлэхгүй, харин ганцхан хуудасны ганцхан догол мөрөн дэх хэдэн өгүүлбэрийг л хамтдаа задлан үзье.
    Image
    МОНГОЛЧУУД ЭМХ ЗАМБАРААТАЙ, ИХЭНХ НЬ УНШИЖ БИЧИЖ ЧАДНА
    Номын 102-103 дугаар талыг дамнасан догол мөрний сүүлчийн дөрвөн өгүүлбэрийг та бүхэн харж байна. Энэ дөрвөн өгүүлбэр бидэнд түүх, соёлын ямар мэдээ дамжуулж чадахыг эргэцүүлэхийн зэрэгцээ харийн хүний нүдэнд монголчуудын энгийн амьдрал байдал хэрхэн туссаныг авч үзье.
    1. Mongols are orderly and contented – Монголчууд сахилга бат, эмх журамтай, сэтгэл хангалуун улс.
    Энд монголчуудын аж амьдралаас гадна төр засгийн тогтолцооны талаар өгүүлж буй юм. Өмнөх догол мөрөнд Манж, Монгол хоорондын харилцаа, Улиастайн жанжин хийгээд Богд хааны тухайд тайлбарлан өгүүлсэн байв. Аймаг хошууны тогтолцоо, хэн нь хэндээ харьяалагдах тухай өгүүлээд “монголчууд сахилга бат эмх цэгцтэй” гэсэн нь төр засгийн зохион байгуулалтыг нь хэлж буй хэрэг.
    “Сэтгэл хангалуун” гэсний хувьд Богд хаан орон нутгийн хүмүүс, малчин ардын амьдралд тэр бүр оролцоод байдаггүй, ардууд нь өөрсдөө дотоод амьдралаа мэддэг, тиймээс “сэтгэл хангалуун” гэсэн санааг хэлжээ. Ер нь манжууд Монголыг барихдаа ийнхүү юм болгоныг нь заах захирах биш, нүүдэлчин ардыг аль болох чөлөөтэй, “сэтгэл хангалуун” байлгасан нь нарийн бодлого байсан бололтой. Хожим Шинэ бодлого гэж гаргаад, ард ноёдын дургүйг хүргэхэд юу боллоо?
    2. There are no beggars ex­cept the Lamas – Лам нараас өөр гуйлгачин гэж үгүй.
    Энд хоёр зүйлийг дурдаж болно. Нэгд, харийн хүний нүдэнд хэн хэрхэн харагдах тухайд. Лам гэдэг нь энд бадарчдыг хэлж буй нь тодорхой байна. Бадарчин гэж ямар зорилготой, яаж аж төрж, юу хийдэг хүн болохыг ойлгоогүй учраас барууны соёл дахь “гуйлгачин”-тай зүйрлэм харагдаж.
    Нөгөө талаас Жон Шийпшанкс Хүрээнд нэлээд удаан саатсан хүн, бадарчдаас өөр бадар барьж байгаа хүн хараагүй нь нэн сонирхолтой. 1867 он гэхэд Хүрээнд гуйлгачин байгаагүй аж. XIX зууны сүүл, XX зууны эхээр Монголд аялагсдын тэмдэглэлд хог, нохой, гуйлгачин гурав заавал дурдагддаг. Хэзээ ийм болов. Цааш нь сурвалжлан үзүүштэй.
    3. People mostly read and write – Хүмүүсийнолонх нь уншиж, бичнэ.
    Энэ бол Монгол хэл соёлын хичээл зааж буй, сонирхон судалж буй бүх хүнд маш чухал өгүүлбэр. Нэн чухал эшлэл. Номын нэр хуудастай нь бичиж тэмдэглэж аваад, оюутан сурагчдадаа хэлж байх ёстой өгүүлбэр. (Юу хүлээгээд байна, үзэг дэвтэр аваад бичээрэй: Жон Шийпшанкс “Монгол, Сибирь дэх миний амьдрал: Хятадын Их Цагаан хэрмээс Уралын нурууг хүртэл”, Лондон, 1903 номын 103 дугаар тал). Бидний тархиа угаалгаж ирсэн түүхээс огт өөр түүх. Монголчуудын олонх нь уншиж бичнэ гэж.
    Юуны өмнө нэг зүйлийг хэлэхэд, Жон Шийпшанкс монголчуудыг худлаа магтана гэж бол байхгүй. 18 дугаар талд жишээ нь, “Монголчууд шиг бохир улс би хараагүй, усанд орно гэсэн ойлголт тэдэнд үгүй” гэхчлэн бичсэн буй. Өөрөөр хэлбэл үзсэн харснаа л бичээд явж. Тэр үзсэн харсан нь юу гэвэл, монголчууд бараг бүгд уншдаг бичдэг.
    Хоёр зүйлийн асуулт эндээс ургана. Юуны өмнө, 1867 он гэхэд Хүрээнд гүйлгачин байгаагүй, хэзээ бий болов гэдэгтэй төстэйгөөр Жоныг Монголд очих үед ийм боловсролтой байгаад, хожим XX зууны эхэн гэхэд тэгтлээ доошоо оров уу.
    Өөр нэг асуудал нь Ри багшийн сануулан хэлдэг байсан, бичиг үсгийн мэдлэгийг шалгах асуулгын үг хэллэг. Жоны хэлсэн “олонх” буюу уншиж бичиж чаддаг 90 орчим хувь XX зууны эхэн үеийн тооцоогоор эсрэгээрээ, бичиг үсэггүй болчихсон байдаг гайхалтай. Тэр судалгааны асуулт нь “Та монгол бичиг МЭДЭХ үү?” гэж байсан гэдэг. “МЭДНЭ, МЭДЭХ” гэдэг бол монгол хүнд дэндүү том үг. “Энэ хүүхдийн толгойг би мэднэ” гэвэл зүгээр нэг “мэдэх” мөн үү? “Шийдэх, эзэмших” утга байгаа биз. Тийм нэг анкетан дээр Судар бичгийн хүрээлэнгийн захирал, их эрдэмтэн Онходын Жамьян “монгол бичиг халти мөлт гадарлана” гэж хариулсан гэдэг. Онходын Жамьян монгол бичгийг халти мөлт гадарлаж байхад зүгээр нэг уншчихдаг ард “монгол бичиг мэднэ” гэж хариулах зэдхил нь хүрэх үү. Энэ хоёр асуултыг уншигч танд нээлттэй үлдээе.
    4. There are two-police officers in Kuren, or Ourga, one lay and one chosen from the Lamas, who are present at the ceremonies – Хүрээ буюу Өргөөд хоёр төрлийн цагдаагийн ажилтан байна. Нэг нь хар, нөгөө нь лам нараас сонгогдсон, ёслол үйлд оролцдог цагдаа.
    Хар буюу төрийн цагдаа бол ойлгомжтой. Харин тэр аливаа баяр ёслолыг зохицуулж байдаг лам цагдаа гэдэг нь гэсгүйг хэлж буй нь дамжиггүй. Ер нь хэрвээ дэг журам сахиулагч хүнийг “цагдаа” гэж нэрлэж болно гэвэл гэсгүй бол яах аргагүй “цагдаа” мөн л дөө.
    Норвичийн хамба Жон Шийпшанксын Монгол, Сибириэр аялж бичсэн 175 хуудас номын ганц хуудасны ганц догол мөрийг сөхөн харахад ийм байна. Бадарчинг гуйлгачин, гэсгүйг цагдаа гэж цэвэр англи нүдээр харж дүгнэсэн гэнэн гэмээр ажиглалт байгаа ч тэр үеийн Монголын амьдрал, аймаг хошууны эмх цэгц, ард олны сэтгэл санаа, бичиг үсгийн боловсролын талаар сонирхолтой баримт үлдээсэнд нь талархууштай.
    “Монголчуудын олонх нь уншиж бичиж чадна”. Гагц энэ өгүүлбэрт л сэтгэл бүрэн ханав. 1867 он шүү дээ.
    Мягмарын САРУУЛ-ЭРДЭНЭ Вашингтон хот.

  • ХӨХ МОНГОЛЫН НУУЦ БА СОЁМБЫН ТАЙЛБАР

    “Соёмбо”-ыг тайлбарлаж ирсэн бүх тэр цаг хугацаанд Монгол улс нь гадаад улсын эрхшээл, эсхүл хараа хяналтанд байв. Манжийн эрхшээлд байх үеийн “Соёмбо”-ын талаарх мэргэдийн тайлбарыг дүгнэн эрдэмтэн Б.Ринчен “…Энэхүү Соёнбыг лам нар шашны талаар тайлбарлах гэж оролдсоны шалтгаан нь монголын ард түмний эртнээс янагш эрх чөлөөний төлөө тэмцэхдээ маш эрхэм болгосоор ирсэн эрх чөлөөний тэмдгийг Манжширийн хувилгаан гэж мандуулж байсан Манжийн хаанд харшгүй болохын санаагаар таван махбодийн өнгөөр ялган тэмдэглэж өөрийн ашиг тусын үүднээс тайлбарласан…” гэсэн ба магадгүй үүний цаана бидний мэдэх түүний тайлбар ч улаан Оросын хараа хяналт дор бичигдсэн шүү гэдгийг сануулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Нямбуу нар улаан үзэл санаанд “Соёмбо”-ыг харшгүй болохын санаагаар тайлбараа гүйцэд хийгээгүй гэвэл буруудахгүй болов уу. Иймээс тайлбарыг дахин судлан үзэх зүй ёсны шаардлага урган гарч ирсэн билээ. 
    Судлаачдын “Соёмбо” нь Монголын шинэ бичиг үсэг, хожмын явцад төр шашны бэлэгдэл, Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсноор эрхэмлэн дээдлэгдэх болсон гэдгийг түүхийн хуудаснаас сөхөн үзвэл “Соёмбо үсэг”-ийг анхлан Өндөр гэгээн бага залуу (1650) арван зургаан насандаа Баруун зуугийн газар хэдэн хоног гүн нарийн бясалгал бүтээл хийж байгаад гадагш гарах үедээ дээш харахад огторгуйд гэнэт ланз үсэг лүгээ хувь сацуу нэгэн алтан өнгөөр урган шарлаж харагдсанд энэ явдлыг багш Банчин эрдэнэдээ айлтгасанд “… энэ нь таны тухайд номын үсэг чандмань мэт мөний тул үүнийг та бээр дэлгэрүүлэн үйлдэх хэрэгтэй” хэмээн зарлиг соёрхон таалснаас хойш гэгээнтэн 36 жил боловсруулан болгоож 1686 онд Соёмбо зоёди буюу өөрөө үүдсэн үзэгдэл үсгээ төгс төгөлдөржүүлэн зохиосон гэж үздэг ажээ.
    Гэтэл нэрт эрдэмтэн Б.Ринчений бүрэн тайлбарт “…Монголын чин зоригт, эх оронч баатар эр Цогт тайж 1634 онд (Өндөр гэгээн Занабазар хорвоод мэндлэхээс нэг жилийн өмнө) орчим дөрвөн түмэн цэрэг дагуулж шарын шашны толгой лам нарыг байлдаар явахдаа Соёнба тэмдэгтэй тугийг хэрэглэж явсан гэж эдүгээ Амдова хөх нуурын нутагт буй түүний цэргийн үр угсаа, мөн Өөлдийн Гүн хааны цэргийн үр угсааны хүмүүс хэлэлцдэгийг тэр зүг явсан олон жуулчин сонсон тэмдэглэсэн зүйл буй” хэмээн бичиж үлдээсэн байна. Мөн “…Өндөр гэгээн Занабазар энэхүү Соёнба үсгийг зохиосон гэж хэлэлцдэг домог үгийг тайлбарлаваас: Манж нар Өндөр гэгээний үеэс Монголыг эрхэндээ оруулж, улс төрийн аливаа хэрэгт манж хэл бичгийг албаараа хэрэгжүүлэх болгосон, үүнд Өндөр гэгээн битүүгээр эсэргүүцэхдээ эртний үеэс уламжилж ирсэн барга (барга тэмдэг) буюу Монгол улс мандтугай хэмээн ном судрын эхэнд тавьдаг байсан тэмдгээс сэдэв авч Соёнба тэмдгийг мөн баргаа болгоод түүний байдалд тохируулан үсэг зохиосноо Соёнбо үсэг гэж нэрлээд тамга тэмдэг, ерөөлтэй, билэгтэй ном зохиолыг энэ үсгээр бичүүлж байсан …” гэснийг үзвэл Өндөр гэгээн Занабазар төрөхөөс өмнө “Соёмбо” бүхий дүрс оршин байсныг гэрчилж байна. 
    Тэгэхээр “Соёмбо” гэж чухам юу вэ. Зарим судлаачдын үздгээр Шамбалын орны түлхүүр, Дүйнхор бурханы зүрхэн тарни, хүний биеийн цогц хэмжигдэхүүн, бэлэгдэл үү? Байж болох л зүйл, үгүйсгэхгүй. Судлаачид нэг тал дээр адилхан сэтгэдэг ба тэр нь “Соёмбо”-ыг тэмдэгчлэн тайлбарлах буюу түүнд орсон хэмжих ухааны дүрс нэг бүрийг утгачлан тайлбарлах замаар судлаач өөрийн бодол санаанд нийцсэн нэгдмэл утга гарган ирж улмаар бэлэгдлийн чанартай болгосон нийтлэг тал харагддаг юм. Энэ мэт “Соёмбо”-ыг тэмдэгчлэн тайлбарлах нь нэг талаас хэвшмэл буруу мэт санагдсан билээ. Хүн заримдаа аливаа нэг дүрсийг олон дүрсэнд задалж хардаг, эсхүл эсрэгээрээ олон дүрсийг нэг дүрсэнд олж хардаг авъяастай болохыг анзаарч санаа аван “Соёмбо”-ыг олон дүрст тэмдэгт бус, нэг дүрсэнд олж харсан билээ. 
    Үүний дараа маш гайхамшигтай дүрс тодорсон ба дарааллын дагуу холбон зурж үзвээс та бүхэн ч миний үзснийг үзэх болно гэдэгт найдаж байна. 1-рт. Соёмбо тэмдгийн гал дүрсийн чанх доод талаас наран дүрсний төв цэг хүртэл шулуун татна; 2-рт. Саран дүрсны хоёр үзүүрийг наран дүрсний тойрогт дээш уусгаж нийлүүлнэ; 3-рт. Саран дүрсний хоёр үзүүрээс доош хоёр талын босоо дөрвөлжин дүрсний гадна, дотор өнцөг хүртэл хагас дугариг зурна; 4-рт. Саран дүрснээс гурвалжин дүрсний хажуу хоёр өнцгийн харалдаа доош шулуун татаж, дээд доод хөндлөн дөрвөлжин дүрсний хоёр тал, арга билгийн дүрсний хоёр тал, доод гурвалжин дүрсний хоёр өнцөг хүргэнэ; 5-рт. Дээд, доод хөндлөн дөрвөлжин дүрсний дээд доод хөндлөн шулууныг хоёр талын босоо дөрвөлжин дүрсний гадна тал хүртэл тэгш шулуун татаж дуусгана. 
    Гайхамшиг, таны өмнө бидний өвөг дээдэс тэгэж их нуугаад байсан зүйл буюу Их эзэн богд Чингис хаан, Монгол түмний минь их шүтээн цагаан сүлдний дүрс тодрох буюу гал дүрс нь Цагаан тугны дээрх гал, наран дүрс нь Цагаан тугны дээд толь, саран дүрс нь Цагаан тугны дээд толины гадна хүрээ, дээд доод гурвалжин дүрс нь Цагаан тугны хэлний эхлэл ба төгсгөл, дээд доод хөндлөн дөрвөлжин нь бүслүүрийн (эсхүл бүсний) дээд доод хүрээ, голын арга билгийн дүрс нь товч, хоёр хажуугийн босоо дөрвөлжин дүрс нь манжлага буюу унжлага болно.
    Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн сүр хүчийг бэлэгдсэн цагаан сүлдээ Цогт тайж Монгол зургийн энгийн аргаар дүрслэн зурж тугандаа тахиж, хэрэглэн явсныг Өндөр гэгээн Занабазар анхааран авч бурханы шашны урлахуйн ухааны уламжлалт тэг, дэг ёсыг баримтлан “Соёмбо” хэмээх тэмдгийг утгачлан бүтээж, мутрын тэмдэг, номын барга болгоод Хөх Монголын шүтээнийг бусдын нүднээс чандлан нууж илээр шүтэхийн тул түүний дүрс байдалд тохируулан үсэг зохиосноо “Соёмбо үсэг” хэмээн нэрийдсэн гэвэл Монголын түүх сонирхолтой болох мэт. 
    Тайлбартаа дэм өгч тодотгон “Жавзан Дарнатын хувилгаан лам Өндөр гэгээн Занабазар цаг төрийн хэцүү байдалд Монгол улс Манжид дагаар орохыг зөгнөн болгоож (судлаач миний таамаг төдий), алтан ургийн язгууртны хувьд Хөх Монгол хожмоо тусгаар тогтнохыг ерөөж, Тулуй хан хөвгүүний задаар Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн сүр хүчийг “Соёмбо зоёди” хэмээх бэлэг тэмдэгт увидаслан шингээж, шинэ үсгээр далдлан чандлан нууцалж илээр шүтэхийн тухайд Хөх Монголын амин сүнс айл гэрийн хойморт ариун бүхний дээд судар номын хуудаснаа оршион үлдээсний ач буянаар хожмоо Монгол улс тусгаар тогтнолоо олж улс гэрээ мандан бадруулж туурга тусгаар улсаа байгуулаад төрийнхөө далбаанд шүтээнээ залсныг улаан үзэлтэн дургүйцэн авч хаях, эсэх хүндхэн хувь заяатайгаа Монгол тулахад эрдэмтэн мэргэд минь ухаан сүвэгчлэн нууцыг үл задруулж, өөр тайлбар сэлтийг олонтаа гарган, Монгол төрийн сүлд шүтээнээ Монголынхоо хөх тэнгэрт хэвээр хадгалан авч, үлдэж чадсан түүхэн гавъяа байгуулсан” тэднийхээ суу билгийг тэнгэрт тултал магтаж, ариун гэгээн үйлсийнх нь өмнө сөгдөн мөргөх нь зүйтэй санагдана.
    Эцэст нь хэлэхэд хэрэв “Соёмбо нь Есөн хөлт цагаан тугийн дүрс мөн” хэмээн зөвшөөрвөл дэлхийн түүхэнд улс орныхоо сүлд шүтээнээр бичиг үсэг зохиосон улс үндэстэн Монголоос өөр олдохгүй хэмээн баттай хэлэх байна.
    2014-12-06 14:18:17  

  • ЭРТНИЙ ХОВОР ТҮҮХЭН ДУРСГАЛ. ДОРГОН ДАХ, АРЬСАН ДЭЭЛ, ӨМД, ГУТАЛ.

    Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Урд улаан үнээт хэмээх уулнаас МЭ-ны тоололын 255-301 оны хооронд багтах Сяньби улсын төгсгөлөөс, Нурин улсын эхэн үе хүртэлх он жилүүдэд хамаарагдах / 1700 – 1745 / жилийн өмнө өмсч, хэрэглэж байсан эдгээр доргон дах болон арьсан дээл, өмд, гутал зэргийг 2015 онд Монголын үндэсний музейн судлаач Ж.Баярсайхан, Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр нар олж илрүүлэн судалсан байна. Энэхүү дээл гутал нь бөө нарын сармай арьсаар хийсэн хуягтай ( дээл ) тун төстэй аж. Өдгөө Монголын үндэсний музейн Эртний улсуудын танхимд буй.
    Монголын Үндэсний Музей.

  • ЗАВХАН АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    Завхан аймгхийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан, сумдын нутгийн заагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78км, Отгон сумаас Хайрхаы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг байна.
    Даян хайрхан: Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян ,Бага даян гэсэн 2500м-н өндөртэй 2 сүрлэг хайрхан бий. Даянгийн 2 талд хөх, Цагаан гэсэн 2нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур ,жамянмядаг зэрэг эмийн буёад ховор ургамлтай. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчимын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсн мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна.
    Цагаан нуур: Даян хайрханы баруун бэлд хөх нуураас холгүй 2230м өндөрт оршдог,Морены хурдсанд хөөгдөж тогтсон Цэнгэг устай 3.1 км.кв талбайтай,3.6км урт,1.6км өргөн гүн нь 28м, Их бага даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн хэрчигдэл ихтэй, урт нь 12км , өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэдэн булгйин хамт цутгадаг.
    Ногоон нуур: Овоот уулын бэл. Тусгалтын ар бэлээр урссан Идэр голын зүүн талд байрлаж тогсон нуур .Ногоон нуур гэсний учир нь Овоотын өвөрт байгаа эрдэнийн туяа энэ нуурт туссанаас нуурын ус ногоон харагддаг гэсэн домог яриа байдаг. Нуурын ус нь альч талын эргээсээ дотогш 5-8м орчимын зайд хар харагдаад үүнээс цааш ногоон өнгөтэй харагддаг байна . Энэ нь эргэн тойрны ногоон ой модны тусгал байж болох юм. Яг хажууд нь очиход нуурын ус нь маш тунгалаг бөгөөд дотор нь явж буй загас тод харагддаг байна. Нуурын эргээс ус байнга шүүрч усны түвшингөө хадгалдаг ба нуураас жижиг цутгал урсан гарч Идэр голд нийлдэг байна.
    Улаагчны хар нуур: Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80км, Аймгийн төвөөс 110км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчимын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг.Нуурын гүн нь 48м, уртаашаа 30орчим км ,өргөн нь 5-10км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль,Фельдгэсэн 2 төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд дтд-2600м өргөгдсөн Их бага 2Авгаш аралтай байдаг энд 13төрлийн нүүдлийн шувууд ирдэг. МӨн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.
    Бөмбөрцөг чулуу: Эрдэнэхайрхан сумаас хойд зүгт 135км, Аймгийн төвөөс 138кмт уулын энгэрт байдаг гарал үүсэл нь элэгдэл, өгөршилөөр үүссэн бөөрөнхий боржин чулуу юм.
    Хүнгүйн гол: Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч айраг нуурт цутгадаг гол. Урт нь 200км, ай савын талбай нь 21,6мянган км/кав. Усны жилийн дунадж зарцуулалт 2,1м/сек, 3м. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ. Уг гол нь эргийн дагуурх хүнхээл, элсэн толгодууд, хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтоцыг бүрдүүлсэн газрууд олонтой Завхан аймгийн говийн бүсийн сумдуудын тэжээгдмэл гол юм.
    Мухартын гол: Уг гол нь Эрдэнэ хайрхан Сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд дтд 450м өндөр элсэн манханаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай ,гоньд ,дэгд ,улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоу бүхий цогцолборт газар. Уг голд очиход мосттой тээврийн хэрэгсэл явна.
    Сэнжит цохио: Сэнжит цохио нь сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог, дтд 2773м өндөрт өргөгдсөн байна. Энэ газар элсэн манхат бүхий уулын оройд 10м өндөр, 6-8м өргөн, боржин чулуун байгалийн хаалга мэт өвөрмөц тогтоцтой, ойр орчимын үзэсгэлэнт газар элбэгтэй байдаг. Мөн энд Мосстой тээврийн хэрэгсэлээр гарч болох ба цааш давж 30км Хар нуурын үзэсгэлэнт газар луу орж болдог.
    Алдархаан сумын нутагт орших Дэнхэл чулуу: Алдархаан сумаас 18км, аймгийн төвөөс 18км-т орших Дэнхэл чулуу нь байгалийн хачин өвөрмөц тогтоц бүхий боржин чулуун цохио хад юм.
    Цайз хэрмийн туурь: Завхан аймгийн Тэс сумын Дооно багын нутаг сумаас баруун хойш 5км зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар, 14-17-р зууны барилга, архитектурын ховор дурсгал , цэрэг шашин зориулалттай ашиглагдаж байсан ул мөртэй. ХАруулын цамхаг ч болж байсан ,уулын доод бэл хийдийн туурь, гэрийн буурь байдаг. Хийдээр ашиглагдахдаа сүмийн оройд 2дугана байсан, урд үзүүрт 1жижиг суврагатай, хойд талд нь арай том ёуврагатай дуган байсан байна. Нутгийн ард Сүмт толгой гэж нэрлэдэг. Сүмт толгойн додд бэлд 2гэрийн буурь байдаг.
    Дуут чулуу: Завханаймгийн Тэс суманзд байдаг. Сумын төвөөс Зүүн хойно 23кмт байдаг. Уг дурсгал нгь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нэрлэдэг. Учир нь 3ш жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан , чулууны хэмжээ нь урт нь 85см, өргөн нь 55см, зузаан нь 32см ба чулууны дээд хэсэгт 23хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуун . Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дугардаг байна.