Category: Монголын түүх

  • МӨНХ, ХУБИЛАЙ НАРЫН ЗӨРЧИЛ

    Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.

    Урианхайдаа жанжины цэрэг Сүн Улсын 30 мянган цэргийг хиар цохин 200 хөлөг онгоцыг нь буулган авав. Гэтэл Хубилайн зүгээс дайныг шуурхайлах талаар идэвхтэй санаачилга гаргахгүй байгаа нь дайныг удаашруулахад хүргэжээ. Хубилай тэр үед дайны талбарт бус, бүх хэргийг Урианхайдайд даатгаад Бээжинд амар жимэр сууж байв.

    Аливаа үйлийн учир шалтгаан гэгч тун ялигүй мэт зүйлээс үүдэх нь бий. Мөнх хаанаас Хятад орны Ерөнхий захирагчаар томилогдсон Хубилай хятадын сэхээтнүүд болон цэргийн эрхтнүүдээр өөрийгөө хүрээлүүлэн, тэдний санаа бодлыг сонсон зөвшөөрөх нь их болж улмаар хятадын талыг баримталсан бодлого явуулж эхэлсэн нь Гүюг хааны дараа эзэмшил газар их, харьяат ард олонтой томоохон ноёд, ихэс дээдсүүд бие даах явдлыг илтэд эрхэмлэх болж, энэ байдал газар сайгүй үзэгдэх болсон их гүрнийг дахин сүр хүчээр нэгтгэн хураасан Мөнх хаан болон бусад олон монгол ноёдод тийм ч таатай байсангүй. Ерөөс анхнаасаа л монголчууд Хубилайг төдийлөн дэмжихгүй байснаас тэрээр өөрийн хүрээлэл, дэмжлэгт гарсан орон зайг хятадуудаар нөхөхөөс өөр аргагүй болж байжээ. Хубилайн нэр нөлөө зөвхөн Мөнхийг хаан ширээнд залсан Их хуралдайг даргалан хийлгэсэн үеэс л илэрхий өсөж эхэлсэн гэдэг.

    Бүр 1252 онд хятад түшмэл Яо Шу “Цзинь-лянь-чуань” гэдэг газар шинэ хот барьж, нэрийг нь “Кайпин” хэмээн нэрлэхийг Хубилайд зөвлөн хэлж байжээ. Үзэсгэлэнт шар цэцэг ургасан хөдөө талыг хятадаар “Цзинь-лянь-чуань” гэдэг ажээ. Уг газар нь Шандийн шар тал агаад энд баригдсан Кайпин /одоогийн Шанд/ хот хожим 1260 онд Монгол гүрний нийслэл, улмаар 1266 онд Юан гүрний дээд нийслэл болон өргөжсөн юм. Хятад бичгийн түшмэлийн энэхүү санал Хубилайн Их хаан болох, улмаар Хятадад нүүдэллэн суурьших алсын эчнээ санаанд нэн тохирсон тул нэгэн хээнцэр орд харш барихаар болжээ. Хубилай хаан ахдаа хятад нутгийн янз янзийн амттай дарсыг өгч согтоож байгаад төрийн хэргийн их зүйлийг нууцгайлан ярьдаг байсан гэдэг.

    Тэрээр Хархорумын гоёмсог орд харшаас дутуугүй ордыг монголын өмнөд хэсэгт Долнуур/Долооннуур/-ын орчимд буюу хятад түшмэлийн санал болгосон тэр газарт барих зөвшөөрлийг хүсэхэд Мөнх хаан дэмжжээ. Хубилай энэхүү шинэ хот байгуулах ажлаа шууд эхлэх гэтэл түүний алс хэтийн санаа зорилгыг таамагласан Монголын томоохон ноёд, түшмэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ялангуяа тэр үед Мөнх хааны дараа орох эрх мэдэл, нэр нөлөө бүхий байсан Аригбөх, Хархорин хотын дарга Алаандар ноён зэрэг Их хааны зарим түшмэд, ноёд Хубилай хятад түшмэд, жанжидийн үгийг дагаж их хаан ширээнд санаархаж байгаа тухай ч ажиг сэжиг авч, Мөнх хаанд “Хубилайн эрх ямбыг хязгаарлах, нэн ялангуяа түүнээр монголын их хааны ширээг залгамжлуулж яасан ч болохгүй хэмээн” удаа дараа сануулан хэлж байсан байна. Гэвч Мөнх хаан өмнө өгсөн зөвшөөрлөөсөө татгалзсангүй. Энэ талаар эрдэмтэн Ч.Далай “…Тэгэхдээ Монголын нийслэлийг нүүлгэх тухай асуудлыг тэр үед Хубилай хараахан тавиагүй байсан бөгөөд Мөнх хааны зүүдэнд ч тийм санаа ороогүй нь мэдээж. Мөнх хаан Хубилайд шинэ хот барихыг зөвшөөрөхдөө зөвхөн хятадыг захирах засаг захиргааны төв хэмээн үзсэн хэрэг” гэжээ.
    Гэсэн ч Мөнх хаан Аригбөх, Алаандар нарын үгийг чихний хажуугаар зүгээр нэг өнгөрөөчихсөнгүй. Ноёд, түшмэдийн ийнхүү болгоомжилсон нь өнгөцхөн харахад хожмын хаан ширээний төлөөх тэмцлийн уг суурийг тавьсан, ах дүүсийн хооронд яс хаясан хэрэг явдал мэт харагдаж болох ч ийнхүү болгоомжлохоос өөрцгүй байсныг дараа дараагийн хэрэг явдал харуулдаг. Иймд уг сануулгыг аргагүй Их хаанд хүчин өргөж буй шударга санаа, Монгол улс үндсээ бодсон язгууртнуудын сэрэмжлүүлэг байсан гэвээс зохилтой.
    Хубилайн дэргэд байсан хятад түшмэд их хааны ордны уур амьсгал Хубилайн эсрэг чиглэсэнд болгоомжлон Хубилайг ятгаж байгаад өмнөд орны эдийн засгийн эрхийг их хаанд сайн дураар өргөн мэдүүлсэн байна. Хэдий ийм болгоомж сэрэмжийг гарган, их хаанд хүчин зүтгэлээ илэрхийлсэн ч асар баялаг хийгээд уудам, хүчирхэг Хятад орон дахь Хубилайн нөлөөг Их хаан анхаарлаасаа нэгээхэн бээр ч холдуулсангүй байжээ.

    Ингээд Хубилайн Өмнөд Сүнтэй хийсэн аян дайн бүтэл муутай байгаад Мөнх хааны цухал хүрч Сүн Улсыг дайлах ажлыг өөрийн биеэр удирдахаар болов. Тэрээр 1257 оны хавар Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хасч, түүний ойр шадар олон хятад түшмэд, жанжидыг их хааны эсрэг санаа агуулсан хэмээн хүнд ялаар шийтгэжээ.

    1257 оны 10 дугаар сарын сүүлчээр өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо Монголын эзэнт гүрний засаг захиргааны төв болж байсан улсын нийслэл Хархориныг сахин хамгаалах болон нутагт үлдэх хатад хөвүүд, орд харш, түмт цэргийг захиран мэдүүлж байх хариуцлагатай үүргийг дүү Аригбөхөд даалгаж, түүний дэргэд хүү Уранташаа үлдээгээд явжээ. Сүнг дайлах цэргийн баруун жигүүрийг Мөнх хаан өөрөө удирдсан ба хан хөвүүдээс Цагаадайн ургаас Кушгай зэрэг хан хөвүүд, Тулуйн хүүхдүүдээс Муха болон Мөнхийн хүү Асутай, Ах дүү Дауту болон бусад хан хөвүүд, ноёдоос Курчи ноёны ургаас Балчик нар, Зүүн жигүүрт Отчиган ноёны хөвүүн Тогачар, Жүчи Хасарын хүү Есүнгэ ноён, Илжигдэй ноёны хүү Чакуле, ноёдоос Микули-Куянкагийн хүү Курмаши, Хонгирад омгийн Ильчи, Уруд овгийн Хөхтэй болон Бучир, Мангуд овгийн Мунка-Кулчар, Чаган нар оролцжээ.
    Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хассан талаар Рашид-ад-Дин арай өөрийг тэмдэглэн үлдээсэн байна. Түүнд дурдсанаар бол Мөнх хаанаас Хубилайг Зүүн гарын цэргийг удирдан дайнд оролцохыг хэлэхэд их авга Бэлгүдэй ноён “Хубилай нэг удаа дайнд өөрийн хэргээ бүтээсэн, одоо түүний хөл өвчтэй байгаа учир аян дайнаас чөлөөлье” гэж учирлан хэлэхэд Мөнх зөвшөөрчээ. Энэ үед Чингис хааны дүү Бөх Бэлгүтэй 110 настай байсан ба тэр жилдээ нас барсан байна. Тэгээд Мөнх хаан Хубилайд “Хөл өвчтэй байгаа бол цэргээ Тогачарт өгөөд Тогачарыг түүний өмнөөс дайнд яв” гэж хэлүүлээд Хубилайн оронд Тогачараар зүүн гарын цэргийг ахлуулсан гэдэг. Харин Хубилай “Хөл зүгээр болов. Хаан ах маань дайнд явж байхад би яаж гэртээ үлдэх вэ?” гэж хэлээд өөрийн харьяат цэргээ аван араас нь хөдөлжээ. Гэхдээ энэ нь их хожуу, өөрөөр хэлбэл жил гаруйн дараа Сүнг дайлах дайн үндсэндээ зогсож, Мөнхийг нас барах үеэр Бээжингээс хөдөлсөнийг “Судрын чуулган” ийнхүү тэмдэглэсэн байна.

    Юутай ч Хубилай ихээхэн хүчин чармайлт гаргаж байж 1258 оны хавар ахдаа биеэр бараалхан нүүр тулан уулзаж бий болсон энэхүү түгшүүрт байдлыг намжаав. Тухайн цаг үед нэгдсэн төрийн эрх ашгаас хөндийрсөн л гэж үзвэл хатуу догшноор шийтгэн цээрлүүлж байсан тул энэхүү намжмал байдлийг авчирсан уулзалт нь Хубилайд амсхийлт, үйл явдал хийгээд хүч нөөцөө цэгнэж үзэх зэргээр улс төрийн ихээхэн ашигтай байсан нь гарцаагүй юм. Хамгийн гол нь түүний хувьд хүлээлт, цаг хожих явдал байсан гэж үзэж болно. Ер нь улс төрийн хатуу ширүүн тэмцэл зөрчилд зарим тохиолдолд уулгалан шахамдуулан дайрахаас хүлээн отох нь илүү үр дүнд хүргэх нь ч бий.

    Цагаагчин гахай жилийн зуны тэрхүү түгшүүрт өдрүүдэд Хубилай Бэрх ноёны ивгээл дор Их хуралдайг амжилттай даргалан ахдаа хаан ор суудлыг эзлэхэд ихээхэн түшиг тулгуур болж явсан гавьяатай билээ. Мөнх ч Наймалжин хатан хийгээд Гүюгийн дараах хатны засаглалын үед төрийн эрхийг авах түгшүүртэй, амь өрссөн тэмцлийн хүнд он жилүүдэд өмөг түшиг болж явсан дүү нартаа бусад хэнээс ч илүү итгэх учиртай. Тиймээс ч Мөнх их хаан ор суусан даруйдаа гурван дүүдээ үйлсийн ихийг, алдрын хүндийг даатгасан хэрэг.
    1257 оны 10 дугаар сарын сүүлчээр хөдөлсөн Мөнх хааны баруун замын их цэрэг Хятадын 20 гаруй хот, боомтыг авч уригшилсаар Сүн улсын стратегийн чухал түшиц газар болох Сычуан мужид халдав.

    Чингисийн отгон дүү Тэмүгэ Отчигины хүү Тогачараар удирдуулсан зүүн замын цэрэг нь Хубей мужийн баруун хэсгээр Сүн улсад цөмрөв. Өмнө нь Хубилайн хамт Сүн улсыг дайлах зам нээх зорилготой ирсэн Урианхайдай жанжны цэрэг 1258 оны 4 дүгээр сарын үест Вьетнамаас хөдөлж, Сүн улсын ар талаас довтлон, өмнөд Хятадын Гуанси, Хунань мужуудад нэвтэрч, тус оны 8 дугаар сард Чанша хотыг бүслэн байлджээ.

    Гэтэл 1254 оноос хойш Фу-жоугаас уригш арвитэй ахиж өгөөгүй Хубилайн цэрэг Хуаншуй голын нэгэн цутгаланд Сычуан мужийг довтлон буй хаан ахдаа туслахыг таг мартсан мэт суурин суусаар байв. Мөнх хаан бухимдан Хубилайд удаа дараа элчин илгээж, Эжеуг дайран эзэлж, Хөх мөрний сав дагуу байгаа Сүн улсын цэргийг хоёр хэсэг болгон, мөрний дунд ба доод хэсгээс Сычуан дахь цэрэгтээ туслах ажиллагааг таслан зогсоохыг тушаасаар байв. Хэрвээ тэрээр хаан ахын тушаалыг ёсчлон гүйцэтгэвэл Сычуан муж дахь Сүн улсын хамгаалалт тун хэврэгхэн болж, Мөнхийн байлдаан шуурхай өндөрлөх байв. Учир нь Сүн улс Хөх мөрний доод сав болон Хэнан мужийн өмнөд хэсэг, Хубей мужийн умард хэсэг буюу Хөх мөрний дунд урсгалын газраас Сычуан өөд хүнс, зэр зэвсгийн нөөц, туслах цэргийг дараа дараалан илгээж, стратегийн чухал түшиц газар болох тус мужийн хамгаалалтыг бататган, Мөнхийн давшилтийг саатуулсаар байлаа.

    Хубилайн тийнхүү алгуурласны учир шалтгаан бүрхэг юм. Ер нь хятад зөвлөх, түшмэдийн шаргуу ятгалга байснаас Хубилайн зүгээс Өмнөд Сүн улсыг шуурхайлан довтлохоо алгуурласан ч гэдэг. Бэлгүтэйн учирласнаар бол түүний хөл өвчтэй байжээ. Хубилайг Сүн Улсыг дайлах цэргийн Зүүн жигүүрийг толгойлохыг даалгахад тэрээр Бээжинд сууж байсан. Бэлгүтэйн учирлалын дагуу Мөнх түүнийг шахахыг болиод түүний оронд Тогачараар цэргийг удирдуулан дайнд орсон. Харин дайн нэгэнт эхлээд багагүй хугацаа өнгөрсөний хойно Хубилай цэргээ аван Сүн улсыг зорьжээ.

    Хэрвээ Мөнх хааны Өмнөд Сүн рүү хийсэн дайн ялагдалд хүрвэл монголын эзэнт гүрэн задран нурах ч, түүнийг дагаад Хубилайн өөрийнх нь хувь заяа ч хутганы ирэн дээр очиж болох нэн эмзэг хэрэг байлаа. Хубилай чухам үүнийг хүсээ юу гэвэл яавч үгүй. Харин тэрээр Мөнх хаан өмнөд Сүнд гялалзсан ялалт байгуулбал хэдэн арван жилийн туршид хичээн арвитгасан хятад орон дахь түүний нэр, нөлөө унаж, улмаар говийн өмнөх орон хийгээд Хятадыг захирах эрхээ бүрмөсөн алдаж ч болзошгүйг тэрбээр сайтар ойлгож байсан боловуу. Учир нь тухайн үед аян дайнд оролцогсдын гавьяа зүтгэл, хувь нэмрээр нь шинэ газар нутаг, эд баялагийг хувиарлан олгож байлаа. Мөнх хаан Өмнөд Сүнг ялбал үлэмж баян, хүчирхэг энэ улстай дайтсан дайны олзноос Хубилай зайлшгүй хоцрох байв. Энэ нь Хятад орон дахь түүний нэр, нөлөөнд үлэмж урхагтай зүйл байсан нь тодорхой юм. Гэтэл түүний шадар хятад түшмэд энэхүү дайныг зогсоож, хэлэлцээр хийхийг шаргуу ятгаж байжээ. Тэгэхээр тухайн үед Хубилайн байдал нэн эгзэгтэй ацан шалаанд байв.

    Ийнхүү Хубилайн алгуурласны уршгаар Сычуан дахь Мөнхийн удирдсан Монгол цэргийн гол хүчний давшилт удтал саатаж, улмаар 1259 оны зуны халуунд цэргүүдийн дунд халуун хижиг өвчин дэгдэхэд Мөнх хаан ч мөнхүү өвчинд өртөж мөн оны 8 сард харамсалтайгаар насан эцэслэжээ. Мөнх хаан нас барсан нь Монголын нэгдсэн их гүрэнд том цохилт, хүнд гарз байв. Юуны өмнө Мөнх хааныг нас бармагц өмнөд Сүн улсыг дайлан байлдсан арми нэгдсэн жолоодлогогүй болж, зам тус бүрийн цэрэг өөрийн дураар үйлдэж эхэлжээ. Хан хүү Асутай Хундакай ноёноор Сычуан дахь цэргийн хэргийг удирдуулан үлдээгээд өөрөө хаан эцгийн шарилыг аван нутгийн зүг жолоогоо залсан байв. Гансу мужид байсан цэргийн бэлтгэл хүчин ч мөн зарлиг шийдвэрийг хүлээхгүйгээр Гуанчун руу гэдрэг эргэжээ. Ийнхүү цэрэг анги бүр зөвхөн өөрийн удирдсан хүмүүсийн саналаар хөдөлж, нэгдсэн армийн шинж төрхийг алдан задарч сарнисан, хоорондын хэлхээ холбоогүй, үйл ажиллагааны уялдаагүй хэсэг бүлэг болон сарнисан байна.

    “Судрын чуулган”-ы мэдээгээр Мөнхийг нас барах үед Хубилай Бээжинд байв. Тэрээр Бээжингээс хөдөлж, Хуанхэ мөрөнд ирэхдээ хаан ахыг нас барсан гэсэн мэдээ сонсжээ. Хубилай Мухулайн ач Бахадур ноёнтой зөвлөөд энэ бол цуу яриа байж болох юм. Тиймд нэг их анхаарах хэрэггүй юм гэж шийджээ. Гэвч тэд Баралусын Булаган-Колчагай ноёны хүү Орке ноёныг Мөнхийн хуаран руу баттай мэдээ авахуулахаар илгээжээ.

    Тэрээр хаан ахын бие барсан мэдээг сонсмогц гэнэт ухаан орон, нойрноос сэрсэн мэт удтал зүүрмэглэн суусан газраас шаламгайлан хөдөлж хэдхэн өдрийн дотор өмнөх дөрвөн жилийн туршид яваад туулж бараагүй хол замыг гэтлэн Хуашуй голыг гаталж, Да-шен-гуан боомтыг өнгөрөн Сүн улсын харуулыг цохиод Жинху нуурын газрыг дайран Хөх мөрнийг Янлу-бу олмоор гатлан Мөнх хааны удтал хүсэмжилсэн Эжоу хотыг хүчлэн довтолжээ. Монголын их хаан золгүй тохиолдлоор эндэж, тэдний их цэргийн давшилт саатах төдийгүй гол хүчин гэдрэгээ буцсан нь Сүнгийнхний хувьд өөрсдийн батлан хамгаалах хүчиндээ итгэсэн, цэрэг ардын сэтгэлийг сэргээсэн хэрэг явдал болсон нь маргаангүй.
    Хубилайн гэнэт цочсон мэт уулгалан дайрсан нь бие барсан хаан ахын төлөөнөө Сүнгийнхэнд хариу барин, Мөнх хааныг нас баран, монголын цэргийн хүчин суларсан гэсэн цуурхлыг даран монгол цэргийн сүрийг үзүүлсэн зүй ёсны зүтгэл байлаа. Нөгөө талаар Сүнг дайлсан дайнд гавьяа байгуулан нэр сүрээ нэмэгдүүлэх нь Хубилайн бодож төлөвлөсөн дараагийн алхамд нэн чухал хөшүүрэг болох байв.
    Гэвч Хубилай юу юугүй сөхрөн унах болсон Сүнг гүйцэд дарсангүй, цэргээ гэдрэг нь яаран татжээ. Ийн яаран эргэсний учир нь Хархоринд талийгаач хааны хойтын ёслолд оролцохоос илүүгээр түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуутал тун ноцтойгоор сөхөгдөж байсанд юм. Учир нь Мөнх хааны шадар хүмүүс, бусад алтан ургийнханы олонхи нь Их хааны ор суух хүнээр Хубилайн дүү Аригбөхийг сонгохоор бэлтгэж байсан ба ерөөс Мөнх хаан ч Сүнг дайлаар мордохдоо Аригбөхөд төрийн хэргийг хариуцуулж өөрийгөө орлуулан үлдээгээд байсан юм. Ийм нөхцөлд Хубилайд Сүнтэй зууралдаж байх нь ашиггүй нь ойлгомжтой. Хожим Хубилай ийнхүү яаран гэдрэг буцсаныхаа хэргийг ч гаргаж, Их хаан суудлыг хууль бусаар булаан авсан билээ.

  • ОЙРАДЫН ИХ НҮҮДЭЛ

    Түүнээс 100 жилийн дараа буюу 1758 оны Амарсанаагийн бослогошуу юм дарагдаж Манжийн цэрэг Ойрадыг хүйс тэмтэрч, үнсээр хийсгэхэд Зүүнгараас амь зулбан гарсан Шэйрэн тайш түмэн өрхийг Ижил мөрөнд дагуулан Увш хаантай уулзаж. “Зүүнгарт эрэгтэй хүүхэд үлдсэн бол эхийн хэвлийд л үлдэв…” гэж уйлсаар ирж урьжээ.
    Халимагууд хэлэлцэж, Зүүнгарт мэнд хүрвээс нэг шашин, нэг хэлт эртний ах дүү Халх ба хойд хоёр төрлийн жаргалын орон болсон Түвд тэнд буй учир сүйрсэн зүүнгарын голомт дээр бууя гэж шийджээ.
    Тэр жил 1771 оны 1 сард Ижил мөрөн хөлдсөнгүйд мөрний баруун этгээдэд байсан Халимгууд нүүж чадалгүй үлдсэн гэдэг. Гэхдээ Торгуудын зонхилогч үүргийг эсэргүүцэж байсан, одоо манай увсад буй Дөрвөдүүд улсын дотор толгой мэдэн суухын тулд үлдсэн ч гэдэг.
    Ийнхүү Ижилийн монголчуудын гуравны хоёр нь болсон 170 мянган хүн эх нутагтаа буцах их нүүдлийн замд гарчээ. Энэ бол монгол ахан дүүс хүний нутагт хавчигдан сууснаас мөхөж сүйрсэн Зүүнгарын орыг залгамжлан, төр улсаа сэргээн мандуулах их хүслээ тээж одоогийн Шинжаан руу буцахаар зориглон боссон түүх. Халимагууд оросуудыг гэнэдүүлэн замдаа гарчээ. Хөгшин хөвөө, хүүхэд нялхас, мал сүрэг, гэр хогшлоо тээсэн 170 мянган монгол хүнийг зургаан мянган бээрийн урт, хүнд хүчир аймаар зам хүлээж байлаа. Оросууд цэрэг гарган хойноос нь хөөсөн ч гүйцсэнгүй хоцорч. Хорссондоо Хасаг, Хиргис ноёдод алж талж сүйтгэ, олз омгоо өөрсдөө ав гэж хэлүүлжээ. Халимагууд харь цэргийн өмнө сөхрөөгүй ч байгалийн өршөөлгүй авир ааш, цас зуд, тэсгим хүйтэн, догшин шуурганд өртөж хүчин доройтжээ. Өвчин, өлсгөлөнд өртсөн өтгөс настан, хүүхэд нялхас цасан шуурган дунд амьсгал хурааж байлаа. Өлдөж ядарсан торгуудуудыг довтолсон Хасагийн Авлай хааны цэрэг эхний удаад дийлсэнгүй, аль аль тал цус ихээр асгаруулжээ. Дараа нь Зүүн Хасагийн нутагт Ирлай султан бас отож байлаа. Нүүж яваа цувааны замыг тосон халуун цай, идээгээр дайлдаг нүүдэлчний сайхан уламлжлалыг исламжсан хасгууд алж талах мэх болгосон доо. Аян замд зүдэрсэн халимаг нүүдэлчдийг хэд хоног амарч тэнхэрч болно гэж Ирлай боовдож цаг хожиж, зүүн талаасаа Авлайгаас цэрэг нэмж татан, хүчээ зузаалаад, хэсэг амарч байсан монголчуудыг гэнэдүүлэн довтлов. Хасагийн довтолгооны дараа дараа бурууд хэмээх киргизүүд бас отож байлаа. Ойрадуудад хоёр зуун жил захирагдаж явсан Хасаг, Хиргисүүд өс санаж байсан юм. Хиргисийн дайралтыг давсны дараа, тэсгим хүйтний араас элсэн цөл, аагим халуун угтаж байлаа. Балхаш нуур хүртэлх элсэн цөл хагас мянган км урт. Ийнхүү анх замд гарсан хүмүүсээс 100 мянган хүн нүүдлийн замд үрэгдэж, 60-70 хүрэхгүй мянган хүн Зүүнгарын нутагт ирсэн ажгуу. Малынхаа гүрээний цусыг ханаж уун амь зогоож, туранхай цөөн тэмээтэй үлдсэн монголчуудыг басахын аргаггүй Манжийн 30 мянган цэрэг бас отон хүлээж байсан юм. Торгууд ноёд хуралдан Манжид дагаж орохоор шийдсэнээ мэдэгдэхэд Тэнгэр тэтгэгч хаан “аймшигт бэрх замыг туулж ирсэн” хэмээн тэдэнд 1125000 мал, 20000 цай, 20000 таар тутрага, 51000 толгой бөс даавуу, 15000 фут хөвөн, 400 эсгий гэр, 400 лан мөнгө олгосон байдаг. Манж хаан торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөсөн.
    Тэдний үр сад нь өнөөгийн Хятадын Шинжааны торгуудууд. Ховд аймгийн Булган сумын торгууд, хошууд нар ч дурьдан буй их нүүдлээр ирэгсдийн удам ажгуу!
    Цорос, Хошууд Дөрвөдүүдийг бодвол Торгуудууд ахан дүүс халхтай алалцаагүй “Их цааз”-ыг мөрдлөгө болгон цаашаа дайтсан бахархам түүхтэй!
    “Илийн голын усыг амттай гэж бодов уу, Ижил мөрний усыг гашуун гэж голов уу.Алтай талаа харахаар Атан тэмээ минь газарч аа”… Хүн төрөлхтний хамгийн сүүлчийн их нүүдлийн замд төрсөн ардын дуу одоо ч торгууд түмний зүрх сэтгэлийн угаас ундран уянгалсаар л байдаг бизээ!

     

  • БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ

     

    Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа.
    Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч… Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
    Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
    Эд хэн байв? Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
    Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ.
    Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв. 1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна.
    Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
    Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.
    /Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна.
    Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
    4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна. Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв.
    Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нугтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ.
    Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй. Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.
    Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав. Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ.
    Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.
    Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий.
    Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ. Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг. Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ. Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ. Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа.
    Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”..Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
    Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ.
    Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
    Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз. Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм
    . Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намыхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг.
    Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа. Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ. Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.
    Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/
    Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт. Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв. Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл… Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн. Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ.
    1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав. Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ. Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм. Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
    Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм. Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.
    Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм. Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.
    Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Түүхэнд Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг “Хан хөвгүүдийн аян” гэдэг.

     
  • ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ, ЭНЭ ҮНЭН

     

    Энэ аюулын эхлэл нь Кэмбриж төгссөн доктор, судлаач нэртнүүдийн энэ мэтийн тархи угаалт юм. Бид ямар ч үед тэдэнд хууртаж болохгүй. Нэгэн үе нийтлэлч Баабар гэгч монголчуудыг бие даасан үндэстэн, угсаатных нь хувьд үгүйсгэж, монгол цус гэж байхгүй, “Антропологийн хувьд, Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” гэж бичиж байв. Тэгвэл одоо ийм ухуулга мэргэжлийн угсаатан судлаач, доктор гэх хүмүүсийн зүгээс хүчээ авах шинжтэй байна.
    Соёлын антропологийн доктор бөгөөд “Монгол телевиз”-ийн хөтлөгч хийж байсан Д.Бум-Очир Баабарын дээрх суртал ухуулгыг үргэлжүүлж, энэ тэнд ярилцлага өгч явна. Тэрээр ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө монголчуудын угсаа гарвалын талаар ингэж ярьжээ:
    “Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм.”
    “Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү. Тэдний дотор Монголчуудын өвөг болсон хүмүүс байсан байж болно.”
    “Түүх соёл, газар нутаг, уг гарлын талаар ямар нэг байдлаар холбогдох нь тодорхой боловч нэр томьёоны хувьд, Хүннү болон Монгол хоёр тусдаа.”
    “Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсныг дээр дурдсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс “ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатаны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үнэн.”
    “Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ.”
    “Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш.”

  • ТУСГААР ТОГТНОЛООРОО ДААЖИГНАСАН МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ буюу 109 ЖИЛИЙН хятад ТОХУУРХАЛ:

    2020.XII.29.
    Өнөөдөр, Сун Чжуншань_(Сунь Ятсэн)_ийг Бүгд Найрамдах Думдату Иргэн Улсын ерөнхийлөгчөөр сонгосоны 109 жилийн ойн өдөр. Монголчууд Та бид ч, хятадуудаас дутахгүй энэ өдөрийг, өргөн баяр болгон тэмдэглэж, хөөр бахдал болон амарцгааж сууна. Ингэхээс ч яахав: “… жил бүрийн XII сарын 29-ний өдөрийг, ҮНДЭСНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР болгон тэмдэглэж, улс Монголоороо амарч бай…” гэсэн УИХ_ын хуультай юмчинэ… :
    ИНГЭХЭД, улс Монголоороо баярлалдан хөл хөөрцөг болоод байгаа энэхүү XII сарын 29_ний өдөр нь: Монголчуудын ҮНДЭСНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР мөнүү???
    Юун хэмээн байцааваас, дараах зүйлд анхааралаа төвлөрүүлсүгэйл. Энэ ийм буй за, ИЙМ:
    … … …Ю.Н.Рерих, Инесса Ломакина нар: “…1911 оны XII сарын 15_нд VIII Богд Жавзандамба хутагтыг, Монгол Улсын Олноо Өргөгдсөн хэмээх цол бүхий хаанаар өргөмжилсөн…” (2, 3) гэдэг. Харин, 1955 онд хэвлэгдсэн “БНМАУ_ын түүх” номондох: “…1911 оны XII сарын 16_нд…” VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Хаанд өргөмжилөн суулгах ёслол болсон…” (4) гэсэн өгүүлэмж, миний анхааралыг ихэд татдаг бөгөөд энэ тухайд одоо, жаахан тодотгоё:
    “Монгол ардын хувьсгалын түүх” номондоо Б.Ширэндэв гуайч мөн: “…1911 оны XII сарын 16_нд…” VIII Богдыг, Монголын эзэн хаанаар өргөмжлөн, хаан ширээнд суулгах ёслол болов…” (5) гэж, онцлон тэмдэглэсэн байдаг нь басчуу үнэний ортой байж мэднэ. Халхын VIII Богд Жавзандамбыг, Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөн, хаан ширээнд суулгах өргөн их баяр ёслол болсон өдөрийн тухайд үгүүлсэн бичлэгүүдээс нягталж үзэвээс, хаанаар залж ёслол үйлдсэн хамагийн өндөр магадлалтай өдөр нь энэхүү “…1911 оны XII сарын 16_ны өдөр юм…” хэмээн, миний бие үздэг.
    1911 оны, Үндэсний Эрх Чөлөөний Хувисгалыг анхлан санаачилалцаж, уламаар тусгаар тогтнолын энэл их үйл хэрэгтээ эр биеэрээ идэвхийлэн зүтгэж явсан Хайсан гүнээс, Котвичид илгээсэн захидалдаа: “…VIII Богд Жавзандамба хутагт гэгээн 1911 оны XII сарын 16_нд Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөгдлөө…” хэмээн (6) дуулгасан нь, анхаарах ёстой гол сэдэв бүлгээ. Энэ үед, Харчины Чин Зүтгэлт гүн Хайсан нь: Монгол Улсын Дотоод Яамны дэс түшмэлд зарлигаар томилогдон ажиллаж явсан түүхт хүмүүн төдийгүй, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан суулгах их баяр ёслолд өөрийн биеэр оролцож явсан төрийн түшээ хүн. Тиймээс, Хайсаны энэ тэмдэглэл бол ямар нэгэн хийсвэр таамаглал биш, үйл явдалын өрнөл, бодит үнэн байдал юм. Тухайн үед Халхын Их Хүрээнд сууж байсан Хаант Орос улсын элчин коонсул Лавдовский яг энэ “1911 оны XII сарын 16_ны өдөр”, өөрийн улсынхаа Гадаад Явдалын Яамандаа илгээсэн 1,234 тоот нууц цахилгаандаа: “…Өнөөдөр, Халхын ноёдууд олон хүн оролцсон баяр ёслолын цуглаан дээр Гэгээнтэнийг, Бүх Халхын хаанаар өргөмжиллөө…” хэмээн (7) илтгэсэн байдаг нь ч мөн, тухайн үйл явдалын өрнөл, үнэнхүү учир байдал юм. “…VIII Богд Жавзандамба хутагт гэгээнийг Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөн хаан ширээнд залан суулгасан 1911 оны XII сарын 16_ны өдөрийн их баяр ёслолд…” өөрийн биеэр оролцон харж байсаныгаа, Хаант Оросын худалдаачин А.Д.Корнаков (8) дурсан бичиж үлдээсэн байдаг нь ч басал, түүхэн үнэн. Хаант Оросын офицер М.Г.Торновский ч мөн адилаар, “…1911 оны XII сарын 16_ны өдөр, Монголын хаан ширээнд Ариун гэгээн Жавзандамба хутагтыг залсан…” хэмээн (9) тэмдэглэж үлдээсэн нь санаандгүй ч юм бас биш. Энэ бүхэнээс би бээр чухам юуг сэдэвлэхгээд байна вээ гэвэл:
    “… VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан суулгах их баяр ёслол болсон өдөр нь 1911 оны XII сарын 29 биш, 1911 оны XII сарын 16_ны өдөр юмаа…” л гэсэн сэдлэгийг хөх Монгол чамд ульж байгаа хэрэг. VIII Богд Жавзандамба хутагтын Монгол бичиг соёлын багш, Монгол Улсын Ардын Засагийн Шүүх Яамны Сайд явсан Н.Магсаржав хурц бээр: “…Монголын цагаагчин гахай жилийн 11 сарын шинийн 9 буюу Европын 1911 оны 12 сарын 16_ны өдөр 11 цагт…” (10) гэгээнтэнийг Монголын хаан суудалд залан суулгах их баяр ёслол болсон гэж, “Монгол улсын шинэ түүх”_дээ бичиж үлдээсэн байдаг нь, тухайн цаг үеийн амьд гэрчийн үг, үнэн тэмдэглэл бүлгээ. Манж хятадаас тусгаар тогтносон Монгол улсынхаа хаан ширээнд VIII Богд Жавзандамба гэгээнтэнээ залан суулгасан их баяр ёслолын энэ өдөрийг, 1930_аад оны төрийн түшээ Лог.Дэндэв, Ц.Пунцагноров нар: “…Монголын цагаагчин гахай жилийн 11 сарын шинийн 9 бөгөөд Европын 1911 оны 12 сарын 16_ны өдөрийн 11 цагт…” хэмээн (11, 12) бичсэн байдаг нь ч, түүхэн үнэнийг дэнслэн тогтоож хойч үедээ зүслэн зааж үлдээсэн нөр их өв билээ…
    2020 оны XII сарын 29…
    ЭНЭ ӨДӨР БОЛ: Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласаны 109 жилийн ойн их баяр цэнгэл биш, Халхын VIII Богд Жавзандамба гэгээнтэнээ Монгол улсынхаа хаанаар өргөмжилөн хаан сэнтийд нь залсан төрийн их баяр ёслолын 109 жилийн ой бол, бүүрч БИШ!!!
    2020 оны XII сарын 29…
    ЭНЭ ӨДӨР БОЛ: “…Хятадын өмнөт болоод төв газарын 17 мужийн төлөөлөгчид 1911 оны XII сарын 29_нд Нанжин хотноо чуулж Хятадад Бүгд Найрамдах Засагийг зарлан, түүний анхны ерөнхийлөгчөөр нь Сүн Ятсенийг сонгосон…” (13) Хятад ҮНДЭСТЭНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ 109 ЖИЛийн баярын их өдөр бөлгөө. ГЭТЭЛ:
    Хятадын автономи болчихсон юм аятай, энэ өдөр: улс хөх Монгол минэ юунд ийн хөхин баясацгааж, улс хөх Монголынхоо тусгаар тогтнолоор даажигнана вэ? Та бид, социализмаасаа татгалзаад 30 жил болж буй атал, социализмын түүхэн гуйвуулга, дүйвээлэгээсээ ЯАГААД, татгалзаж чадахгүй явна.
    Хятадын биш, тусгаар тогтносон Монгол улсын, УИХ л юмбол: “…жил бүрийн XII сарын 29-ний өдөрийг, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх…” харалган энэ хууль юугаан даруй түргэнээ цуцлан халж л, хөх Монгол миний зүрх сэтгэлийг амараагаач. сэр, СЭР: миний хөх МонгОлоо… … …
    1- Л.Жамсран: Монголчуудын сэргэн мандалтын эхэн. Улаанбаатар хот, 1992 он, 71 дэх талд
    2- Ю.Н.Рерих: Тибет и Центральная Азия: Статьи, лекции, переводы, Научный редактор М.И.Воровьева-Десятовская, Самара: Издательский дом “Агни”, 1999 г, с,306-307
    3- Инесса Ломакина: Агуу их босуул. Улаанбаатар хот, 2012 он, 49 дөх талд
    4- БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн, СССР-ийн Шинжлэх Ухааны Академиас хамтран хэвлүүлсэн: БНМАУ-ын түүх. Улаанбаатар хот, 1955 он, 252 дахь талд Б.Ширэндэв: Монгол Ардын Хувьсгалын түүх. Улаанбаатар хот, 1999 он, 27 дахь талд
    5- Б.Ширэндэв: Монгол Ардын Хувьсгалын түүх. Улаанбаатар хот, 1999 он, 27 дахь талд
    6- В.Котвичийн хувийн архиваас олдсон Монголын түүхэнд холбогдох зарим бичиг. УБ хот, 1972 он, 116 дахь талд
    7- Архив Внешней политики Российской империи ф.Китаский стол 143, Опись 491, д,644, с,388
    8- А.Д.Корнакова: По поводу провозглашения монгольской независи мости… с.23-24
    9- М.Г.Торновский: Монголчуудтайгаа бол би, Лиссабон ч хүрнэ. Улаанбаатар хот, 2009 он, 39 дөх талд
    10- Н.Магсаржав: Монгол улсын шинэ түүх. Улаанбаатар хот, 2010 он, 22 дахь талд
    11- Лог.Дэндэв: Автономит Монголын товч түүх. Улаанбаатар хот, 2011 он, 25 дахь талд
    12- Ц.Пунцагноров: Монголын автономит үеийн түүх. (1911-1919) Улаанбаатар хот, 1955 он, 38 дахь талд
    13- Б.Ширэндэв: Сэрэл. (түүхэн найрууллууд) Улаанбаатар хот, 1990 он, 67 дахь талд

     

     

  • Жиньдандаогийн хядлага

    Улаан малгайтны бослого[1] (англи:Jingdandao incident) нь 1891 онд Хятад тариачин Ян Ей Чуан удирдсан, хятад тариачдын самуун дэгдэж, Өмнөд Монголын 49 хошууны Зостын чуулган, Зуу Удын чуулганы нутгийг хамарсан. Нийт 150,000 гаруй монголчуудыг хядсан нь монголчуудын түүхэнд монгол үндэстний эсрэг хамгийн том геноцидүүдийн нэг болсон юм. Дараа нь энэхүү алан хядлагыг бослого хэмээн Хятадууд нэрлэж өөрсдийгөө өмөөрсөн юм.Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засаг захиргааны түшмэдтэй хуйвалдаж, Зостын чуулганд (одоогийн Улаанхад), Харчин гурван хошуу, Зуу Удын чуулганы Аохан хошуу, Баарин хоёр хошуу зэрэг олон хошуу нутгийг хамарч, 48 өдөрт 150,000 – 500,000 гаруй монголчуудыг хяджээ.Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.

  • БИД ШИКАНОШИМА АРАЛ ДЭЭР ЗОГСОЖ БАЙНА

    Энэ бол Хубилай хааны их цэрэг хааны элчийг хөнөөж ихэмсэглэх хийрхүү самуурай нараас ял асууж хандыг дарахаар далай бүрхэн орж ирж байгаа Хубилай хааны их цэрэг байв. Уг нь Хубилай хаан Сүн улсыг эзэлсний дараа японтой холбоо харьцаа тогтоох талаар санаачилж гурван ч удаа элч илгээсэнд тэд хариу өгөөгүйгээр барахгүй хамгийн сүүлд илгээсэн улс төрийн өндөр соёлтой мэдлэгтэй боловсролтой Туушчин нэртэй элчийг нь цаазлан хороосонд хорсохоос аргагүй. Туушчин цаазлагдахаасаа өмнө хэдэн мөр шүлэг хэлсэн гэнэ. ” Илд исгэрэхэд энэ бие минь өнхөрч одно. Их хэргийн санааг энэ илд хорихгүй. Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно. Санаа зориг хоёрыг салхи ч илд ч мохоохгүй. Наран мандахаас шингэх хязгаар хүртэл их Юань улс ялан дийлсээр байх болно гэжээ. Энэ шүлгийг япончууд хадан дээр сийлж үлдээсэн түүхтэй. Ирэх замдаа монгол цэргийн жанжин Шиндуу өвчнөөр нас барсан тул хятад жанжин удирдаж иржээ. Эрэг дээр тэд эсэн мэнд буун тулалдах үед хятад жанжин шархадсан тул тэд цэргээ татан далайд гарсан байна. Үүний араас солонгос цэргүүд ч бас гарч. эрэг дээр түм хүрэхтэй үгүйтэй монгол цэргүүд үлдсэн байна. Тэд морьтойгоо байсан бололтой. Бидний үзсэн музейд монгол дөрөөнүүд их байсан бөгөөд мөн морьтой цэргүүд зурсан байсан. Гэтэл шөнө нь далайн хүчтэй шуурга шуурч бүх хөлөг онгоцыг нь хаман одож далай дээр зөвхөн сүйрсэн хөлөг онгоцны сэг, үхсэн хүний цогцосоор дүүрсэн байж. Ингээд хаашаа гарах гарцгүй болсон түмэн монгол цэрэг дотроосоо жанжинаа сонгоод бүхэл бүтэн улсын армитай сар шахам тулалджээ. Тэнд тогтох аргагүй болсон тул нэг шөнө тэд алагдсан самуурайн хувцас хэрэглэлийг өмсөн туг хиурыг нь барин холгүй байсан нэгэн цайзад хүрвэл самуурай нар манайхан гэж андуураад цайздаа оруулахад нь тус цайзыг эзэлж аваад хориглочихож. Самуурай нар бүх хүчээрээ дайрч таараа. Энд тэсэх аргагүй болсон тэд нэгэн шөнө ухасхийн гараад гэнэт эзэн хааны ордон руу доволж золтой эзлэн эзэн хааныг барих шахсан боловч аргагүй хүчин мөхөспөн эцсийн монгол эр сүүлчийн амьсгалаа таттал тулалдсан гэнэ. Ингээд япончууд монголчуудын цогцосыг цуглуулан энэ Шиканошима арал дээр булж амьд баригдсан шархадсан бүгдийг нь мөн энд цаазлан хороож булшлан их ном хурж хараал жатга хийж чулуу босгожээ.
    Японы Хаката булангийн дэргэдэх Шиканошима хэмээх арлын баруун урд үзүүрт байх энэхүү “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хөшөө чулуу, зоригт өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлснээ энэ цагийн их эрдэмт хүмүүн, өвгөн түүхч, доктор Ч.Далай авгай өгүүлсэн нь бий. Тэрээр энэ газар очно гэж олон жил бодож яваад нэг удаа японд болсон олон улсын эрдэмтдийн хуралд ирэхдээ энэ бодлоо гүйцээжээ. Далай гуай Алтай Хангай Хэнтий гурван их тахилгат хайрханаасаа нэг нэг чулуу, Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралт хайрханы цармаас арц, хээр талаасаа адууны хөх хомоол хонгорцог авч ирэн уугиулж суухдаа нулимс унагаж байсан гэдэг. Дэ ван ч бас ирж хүндэтгэл үзүүлсэн түүхтэй. Бид ч очоод сэтгэл эмзэглэв. Миний зогсож байгаа энэ газар сайхан монгол хүү дуулгаа дэрлээд оочсон доо гэж бодохоос хөл минь хүнд туухай дүүжилчихсэн юм шиг хөдөлж өгөхгүй байлаа. Үүнийг уншсан бүхэн цаашид түгээхийг та нараасаа хүсье. Өтгөсийн минь сүнс баярлаг.
    Яруу найрагч ‪#‎Нямжав_Сүхдорж‬‬‬

  • Монголчуудын мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжил

    Манай орны хувьд анхны тулгуур төрөөс эхлэн цаашдын бусад улсууд өөр өөрсдийн мөнгөн тэмдэгт буй болгохыг ямагт эрмэлздэг байсан нь тодорхой юм.
    Улс бүхэн өөр өөрийн мөнгөн тэмдэгтийн үүсэлтэй түүнийгээ судлан таньж судалгааны ном бүтээлээ гаргасан байдаг.
    Харин манай орны хувьд улс, үндэстний мөнгөн тэмдэгт хэдий үеэс яаж үүссэн талаар миний олж мэдсэнээр урьд нь судалсан зүйл өчүүхэн байна.
    Мөнгөний тухай гаргасан ном судалгааны бүтээл байв чбүгд орчин үеийн бодлого, онол, эдийн засаг, хэрхэн мөнгөтэй болох, бүх үеийн Монголтой холбогдох мөнгөн тэмдэгт, мөнгөн тэмдэгт дээрх дүрс, бичээс зэрэг бусад холбогдох зүйлийг судалснаас хэдий үед ямар хүчин зүйлсийн нөлөөлцлөл ямар шаардлагын дүнд үндэстний мөнгөн тэмдэгт үүссэн гэдэг талаар судалсан зүйл миний эрж хайснаар олдсонгүйболовч энэ зүйлийн талаар товч санаагаа бичлээ.
    Түгээмэл тэнцэгч газар бүр ондоо, зах зээл бий болж өргөжин хөгжихийн хирээр ганц таваараар солилцоо хийхэд хүндрэл гарч, хүмүүсийн хэрэглээ аажим нэмэгдэж ганц таваараар тогтхооргүй байнгын хэрэглээтэй болсон байна.
    Гэхдээ хүмүүс хоорондоо тохирч таваарыг таваараар арилжсан хэвээр байсан ч зах зээл, худалдаа арилжаанд илүү олон хүмүүс оролцдог болж, тэдний нийтийн эрх ашгийг хангасан нийтлэг зүйл дутагдах болжээ. Энэ мэт зайлшгүй шаардлагын улмаас төмөрлөг зэвсэгт шилжих үеэсүнэт метал тэнцэгчийн үүрэг илүүтэйгүйцэтгэх болжээ. Энэ нь хүмүүс нийтлэг хэрэгцээгээ хангаж чадхаар таваарууд байсан ч төдийлөн хүртээмжтэй биш байлаа.
    Сүүлдээ бусад үнэт метал дундаас гүйлгээ арилжааг алт, мөнгө гүйцэтгэх болсон гэж эрдэмтэн А.Дамдинсүрэн тэмдэглэжээ.
    Алт болон мөнгө гүйлгээнд орохдоо бусад таваарын өртгийг илэрхийлэх болж, бусад таваарын нийтлэг нь үнэт металын үнийг тогтоох болсон байна.
    Гэхдээ алт, мөнгө дангаараа тэнцэгчийн үүрэг гүйцэтгэж байсангүй өөр олон үнэт метал, таваарууд ямар нэгэн хэмжээгээр оршиж байсан нь тодорхой.
    Зах зээлд гүйлгээ арилжаанд орох алт, мөнгийг жинхэнэ эсэхийг шалган үзэхийн тулд түүнд зүсэлт хийх, хэсэгчлэн хуваах шаардлага гарч эхэлжээ. Мөн олон янзын худалдаанд зориулж жижгээр цутгасан үнэт металууд бий болсноор мөнгөн тэмдэгт үүсэх чухал нөхцөл бүрдүүлжээ.
    Нэг үгээр хэлбэл мөнгөн тэмдэгт үүсэх үндэс суурь тавигдаж эхэлсэн нь алт болон үнэт металыг гүйлгээнд нэвтрүүлж эхэлсэн үеэст улсаас үнэт металыг хэрэгцээнд нь тааруулж тусгайлан хувааж цутгах болсон байна. Нэгдсэн журмаар нэг хэлбэр, хэмжээтэй цутгаж гаргаснаараа мөнгөн тэмдэгт үүсэх анхны хэлбэр бий болгож эхэлсэн байна.
    Манай орны хувьд энэ үе нь Хүн гүрэнтэй холбогдох юм. Учир нь Хүн гүрнийг өвөрмөц маягийн Зүүн үзүүрт хутган мөнгөтэй нь Монгол улсынанхнымөнгөн тэмдэгт тухай түүх сурвалжид тэмдэглэсэн анхны таамаг мэдээ юм.
    Хэрэв таамаг үнэн болж, Хүнчүүд өвөрмөц маягийн мөнгө хэрэглэж байсан нь батлагдвал энэ нь Монголчуудын мөнгөн тэмдэгтийн анхныхэлбэр болно.
    Тэд Хятадтай өргөн худалдаа хийдэг зарим худалдаа арилжаандаа Хятад зоос ч хэрэглэж байсан байх магадлал өндөрбөгөөд Хятадаас зоосон мөнгөбэлгэнд авч байсныг бодоход Хүнчүүд нь мөнгөний талаар асар дэлгэр мэдлэгтэй байсныг илтгэнэ.
    Монголын нутаг дахь эртний төр улсын мөнгөн тэмдэгт
    Хүн (Хүннү) гүрний мөнгөн тэмдэгт: Төв Азид хэдэн мянган жилийн тэртээгээс олон тооны нүүдэлчин овог аймгууд оршин нутаглаж байхдаа мандаж мөхөх зэрэг түүхэн замнал туулж өнгөрүүлсэн билээ.
    Тэдний дундаас Хүн (Хүннү) нар хүчирхэгжин НТӨ 209 онд төр улсаа байгуулжээ. Хүн гүрний бүрэлдэхүүнд 19 аймаг 4 том овогтой, үндэслэгч анхны хаан Модун Шаньюйгаас хойш нийт 52 хаан төр барьж байжээ. Энэ нь Монголчуудын анхны тулгар төр юм.
    Нутгийн хил хязгаар Цагаан хэрэмээс Байгал нуур, Ил Тарвагатайгаас Солонгосын хойг хүртэл өргөн уудам газарт өөрийн хил хязгаараа тогтоожээ.
    Хүнчүүд голлон мал аж ахуй эрхэлж “нар сарны зурхай, амьтны мөчлөгийн арван хоёр жилийн он тоолол”хэрэглэж байв. Тэднийг бичиг үсэгтэй гэх бөгөөд ямар бичиг хэрэглэж байсныг тогтоогоогүй байна.
    НТӨ 93 оноос Хүн гүрэн хоёр хуваагдаж нэг нь Хан улсад эзлэгджээ. Нөгөө хэсэг болох Чжи-чжи Шанюйн удирдсан Хүн нар зайлж Алтайгаар дамжин 400-аад оны үед Европ тивийн гүнд нэвтэрч маш хүчирхэг улсаа байгуулжээ. Түүхэнд хамгийн алдаршсан хаад бол Гүннийн Даламбер, Аттила нар байлаа.
    Хүнчүүдийн эдийн засгийн талаар “Хүн гүрний мал аж ахуй, газар тариалин, гар урлал, хот суурин, арилжаа худалдаа зэргүүд нь өөдлөн дээшлэхийн хамт албан татварын дэг журам бий болжээ” гэсэн нь өндөр мэдлэгтэй байсныг гэрчилнэ.
    Түүгээр тогтохгүй “Хүн гүрэн зэргэлдээ аймгуудтай арилжаа наймаа хийхийн хажуугаар Хятад, Дундат Азийн бусад орнуудтай худалдааны харилцаатай болж малын бүтээгдэхүүн, түүхий эд, ангийн арьс мөн гар урлалын зүйлүүдээ арилждаг байв. Хүнчүүд хилийн худалдаа хийх гэжурд хөрштэй тохиролцон зах зээл хааяа нээн арилжаа хийдэг. Хан улсынхан Хүн гүрний шаньюй, язгууртнуудад явуулах бэлгийн зүйлдээ хэдэн арван жин алт, хэдэн зуун мянган зоос бэлэглэжбайжээ. НТӨ 51 он Хан улсын хаан зүүн Хүнчүүдын анхны шаньюйд 20-жин алт, 200.000 ширхэг зэсөгчээ.”гэжээ.
    Дээрхээс үзэхэдХүнчүүдийн ноёд ард түмэн өөр хоорондоо цул алт, мөнгө, үнэт эрдэнэс болон бусад зүйлээр худалдаа хийдэг байжээ. ХаринХятад зоосыг ашигланхөрш аймгуудтай худалдаа хийдэг байсан гэх таамаг төрнө.
    Энэ үеэс буюу Монголын тулгар төр байгуулагдсан цагаас Монгол үндэстний мөнгөн тэмдэгтийн систем аажим аажмаар бүрэлдэн буй болох үндэс тавигдаж, улс гүрний эдийн засгийн асуудлуудад ч яригдаж эхэлсэн нь дээрхээс тодорхой харагдана. Түүгээр тогтохгүй мөнгөн тэмдэгттэй байсан гэх мэдээ юм.
    Эрдэмтдийн таамгаар Хүн гүрэн нь өвөрмөц маягийн “Зүүн үзүүрт хутган мөнгө” цутган хэрэглэж байсан талаар эрдэмтэн А.Дамдинсүрэн “Хятадын мөнгөний түүх” номноос ишлэл авч өөрийн бүтээлдээ оруулжээ.
    “1932,1937,1941 онуудад Хүннүчүүдын хуучин нутаг Халуун гол /Жэ-Хэ/ Чан Дэ-гээс олсон учраас Хүннүгийн (Хүн) хутга гэж зарим Хятад эрдэмтэд нэрлэсэн байна. Тэр мөнгөний онцлог бол уг хутганы үзүүр нь онцгой шовх зүү шиг болохоор ингэж нэрлэсэн бололтой.
    Хүннүгийн (Хүн) “Зүүн үзүүрт хутган мөнгө” нь Хятадын мөнгөний түүхэнд анх удаагаа шинэ нэр болон тэмдэглэгджээ. Иймд Хүннү (Хүн) гүрний хэмжээгээр арилжаа худалдаа нэлээд сайн хөгжсөний үр дүнд Хүннү (Хүн) нар онцгой маягийн “Зүүн үзүүрт хутган мөнгө” цутган арилжаа худалдаандаа хэрэглэж байсан гэдэг дүгнэлтэд хүрчээ”гэсэн мэдээюм.
    Мөн энэ талаар Д.Майдар Хятадаас анхны шаньюйд бэлэглэсэн зоосны тухай дурьдаад” Хүннү (Хүн) нар өөрсдөө ч зүү шиг хурц хутга хэлбэртэй өвөрмөц зоос цутгаж байв. Ийм хутган зоос Өмнөд Монголоос (Халуун гол) 1932, 1937, 1941 онд олсон энэ зоосыг Хүннүгийн хутга гэж нэрлэсэн байна.”гэжээ
    Энэ хоёр мэдээ хэдийгээр зөрж байгаа ч Хүн гүрний худалдаа маш өндөр хөгжсөн алба татвараа дээр дурьдсан мөнгөөр тооцож авдаг байж болох үндэстэй.
    Гэхдээ зүүн үзүүрт хутган мөнгө, хутган зоос гэсэн нь гайхалтай. Энэ хоёр мэдээний талаар судалж тодруулах их ажил байгааг харуулна.
    Тэд Хятадаас зоосны тухай мэдээлэл олж авсан нь тодорхой бөгөөд тэр зоосыг дууриалгаж гаргах, эсвэл түүнээс ондоо зүйл ч гүйлгээнд нэвтрүүлэхийн тулд хааны зарлиг шийдвэрээр ийм онцгой хэлбэрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж болохзүүн үзүүрт, хутган иртэй хийдэг нь зэвсгийн зориулалтай ба нөгөө талаар гүйлгээний хэрэгсэл болж “Нэг сумаар хоёр туулай” гэдэгтэй утга нэг ч байж болох талтай.
    Энэ мөнгөн тэмдэгт нь хэдийгээр маргаантай байгаа ч Монгол улсын мөнгөн тэмдэгтийн хамгийн эртний мэдээ болохоор мөнгөн тэмдэгтийн үүслийг үүнээс эхлүүлэн үзэх нь зөв хэмээн үзнэ.
    Гэвч энэ мөнгөн тэмдэгт бид бүхний гар дээр баригдаж нүдэнд үзэгдсэн үгүй тул тийм ч хөдлөшгүй баримт биш гэхдээ үүний талаар сайтар судалж үзэх шаардлагатай байгааг илтгэнэ.
    Сяньби (Сүмбэ), Муюн,Тоба,Тоба-Вэй (баруун, зүүн) Тогоон (Түгүхэн), Нирун (Жужань) мөнгөн тэмдэгт: Дээрх төрулсууд ньязгуурын Монгол нутаг дээр өөрийн төр улсаа байгуулан нэг үе мандан хүчирхэгжиж явсанцөм Монголчуудтай угсаа нэгтэн билээ.
    Энэ улсуудын талаар түүх сурвалжид тэмдэглэснээрэдийн засаг, аж ахуйн соёл, хотжилт гэх мэт бүх талаар өмнөх улсуудаас илүү хөгжиж байсан нь тодорхой. Худалдаа арилжааны талаар түүх сурвалжид нэлээд тэмдэглэсэн ч мөнгөн тэмдэгт тийм байсан гэхээр таамаг ч дэвшүүлэх зүйл одоогоор олдоогүй байна.
    Харин тэд худалдаа, арилжаа, солилцоогоо голчлон алт, мөнгө болон мал, малын түүхий эд ангийн арьсаар голчлон хийдэг байсан нь түүх сурвалжид мэр сэр тэмдэглэгдэн үлджээ.
    Эдгээр улсын мөнгөн тэмдэгт одоо хэр олдоогүй оньсого хэвээр байгаа ч Хүн гүрэн өөрийн Зүүн үзүүрт, хутган ирт мөнгө болон Хятад зоосыг хэрэглээндээ хэрэглэж байсан нь магадлал өндөртэй харин энэ хоёр мөнгөн тэмдэгт нь хойчийн бусад төр улсадзаавал уламжлагдан тодорхой болохоор энэ улсуудтай холбогдох мөнгөн тэмдэгт заавалбайх ёстой гэж үзнэ.
    Тиймээс эдгээр улсуудынхаамөнгөн тэмдэгтийн талаарсудалж тогтоох нь бид бүхний үүрэг юм.
    Одоогоор олдоод байгаа зоосон мөнгөн тэмдэгтэд хамаарагдах улс: VI-VIII зууны дундуур Монгол нутагт Орхон голын сав газраар төвлөрөн түр хугацаанд оршин байсанТүрэг улс байгуулагджээ. Нутаг дэвсгэрийн хил хязгаарСолонгосоос Каспийн тэнгис, элсэн цөлөөс Байгаль нуурхүрч байжээ.
    Түрэгийн хаан Датугийн хүрэл зоос: Баруун Түрэгийн хаан Дату өөрийн улсын доторхи эдийн засгийн олон зүйлийн бэрхшээлээ даван туулахын тулд эдийн засгийн нэлээдгүй үйл ажиллагаа явуулсны дотор зоосон мөнгө гаргасан явдал юмаа.
    Монголчуудтай холбогдох зоосон мөнгө дотроос хамгийн эртний үед хамаарч буй гуулин зоос цутгаж / Монголчуудхэвнүүрдэх, дэлдэх гэх мэтээр зоосоо хийдэг байжээ. Энхүүбүтээлд үүнээс хойш энэ хоёрын аль нэгээр нь бичигдсэн болно./ гүйлгээ болон арилжаанд гаргадаг байжээ.
    Энэ нь бидний гарт олдоод байгаа хамгийн эртний зоос гэдэг утгаар хэлбэр хийц зоосон дээрх бичээс зэргийг сайтар тодорхойлон судалсан байдаг.
    Зоосоо юугаар хийсэн, дээр нь ямар бичээс байгаа талаар тодорхойлохдоо эрдэмтэн А.Дамдинсүрэн “Гуулиар цутгахдаа маш нарийн боловсруулж хийсэн, эртний гуулийн адил цагаавтар өнгөтэй нүүрэн дээрээ Уйгур үсэгтэй зоосны ар талд үл гаргагдах муруй саруй үсэг байна”гэжээ.
    Харин “Алтлаг өнгийн гуулиар зоос цутгаж зоосны нүүрэн тал дээр нь “Түрэгийн хаан” гэж бичиж байв гэдгийг Германы эрдэмтэн Ф.В.Мюллер тайлан уншжээ”гэжээ.
    Түрэгийн тэрхүү зоосон дээр Уйгур үсгээр (Уйгуржин Монголоор ) “Түрэгс хаган”, “Мохэ” гэх зэргийг уншигдахаар тод бичжээ”гэж тодорхойлсон бол
    Ц.Батсайхан ”Зоосны нүүрэн талд “Tүрэгс каган түрэг” гэсэн бичээстэй, зоосны нөгөө талд: өвөрмөц нум маягийн тэмдэгтэй голдоо дөрвөлжин нүх бүхий xүрэл зоос”гэж тодорхойлжээ.
    Энэхүү зоосон мөнгөн дээрх бичээс нэгдсэн дүгнэлтэд хүрч тайлагдаагүй ч
    зоосон дээрх Уйгуржин бичээс нь Түрэгүүдийн дунд Уйгурын соёл хүчтэй дэлгэрч хүчтэй нөлөөлж байсныг харуулах түүхийн хөдөлбөргүй баримт мөн.
    Мөн зоосны дугриг хүрээ, доторх нүх, нүхний эмжээр, хүрээ одоо ч харагдахуйц байгаа Уйгур бичиг зэргээс харахад ур хийц өндөр түвшинтэй урьд нь олон төрлийн зоос цутгаж байсан арвин туршилгын дүнд буй болжээ гэж үзэх бүрэн үндэстэй байна.
    Уйгур улсын зоосон мөнгө: 745 онд Уйгурууд Tүрэгийн хаант улсыг мөхөөж, Уйгур улсаа байгуулж745-840 он хүртэл 100 гаруй жил оршин тогтножээ.
    Уйгур улсын нутаг өрнө зүгт Алтайн уулс, дорно зүгт Шивэйн уулс, өмнө зүгт Хятадын их цагаан хэрэм xvpч байв.
    Моюнчур хаан 745-759 онд Уйгурын хаан ширээнд сууж байсан бөгөөд энэ үед Уйгур улс ихээхэн хүчирхэгжижээ. 751 онд Орхоны хөндийд Балиглиг (Харбалгас) гэдэг хот байгуулж улсын нийслэлээ болгосон байдаг.
    Моюнчур хаан зоос цутгуулж арилжаандаа хэрэглэж байсан нь түүхэн он цагийг дамжин бидэнд үнэт сурвалж болон иржээ.
    Энэ зоос нь “нүүрэн талдаа: “Уйгурын Тэнгэр Куль Билгээ Моюн хаан”,ар талдаа: “Зарлигаар улсыг хамгаалах хадгалах” гэсэн уйгур бичээстэй”гэжээ.
    Харин Д.Майдар “Дорнод Азийн зоос” номноос ишлэл авч зоосны нүүрэн талд: Тэнгэр удамт, эрхэм хүндэт, Уйгурын Моюн хаан, ар талд: “тушаасан” /улсаа хамгаалж, сахиж бай/ хэмээн бичсэн гэжуншжээ”гэх мэт олон янзаар тайлан уншдаг байна.
    Тэр үеийн Уйгур аймаг соёл, урлаг гэх мэт олон зүйлээр бусад аймгуудаас давуу байсан гэж түүх сурвалжуудад хэдэнтэй дурьдсан байдаг. Тиймээс зоосон мөнгө цутгах гүйлгээнд нэвтрүүлэхдээ ч нэлээд анхаарал хандуулан бодлоготойгоор хандаж байсан нь тодорхой.
    Хидан улсын зоосон мөнгө: Монгол нутагт НТӨ 907-1125 онуудад Хидан улс оршиж байв. Хидан улсад X зууны эхээр зоос цутган хэрэглэж эхэлсэн байна. Тухайлбал МЭ 907-1121 онд 20 удаа гүйлгээний зоос цутгаж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэжээ.
    Мөн “Хиданы хаан Амбагай хүмүүсийг зоос цутгахад сургаж байв. 1021-1031 онд зоосыг “Тень Цезнь тун бао” гэдэг нэрээр гаргаж байжээ. Ийм зоос Монголын дорнод нутагт хийсэн малтлагаас элбэг олддог (Х.Пэрлээ 1969 он). Хидан нар төмөр хайлуулах газар гуравтай, зоос гаргахыг эрхэлдэг газар тавтай байсан”гэсэн нь Хиданчуудыг мөнгөний талаар арвин туршлага хуримтлуулж тусгайлсан байгуулга хүртэл байгуулсан нь урьд өмнөх улсуудаас ялгарах гол онцлог юм.
    Мөн “Хидан улсын зоос хэрэглэж байсан Ли-Чуваныг цаазаар хороож, түүний 350000 ширхэг буюу 500, 500-р холбосон 70 мянган гогцоо мөнгийг хураасан”гэх мэдээ нь Хиданы мөнгөн тэмдэгт өргөн цар хүрээнд улс даяар гүйлгээний найдвартай хэрэгсэл болсныг илтгэж хуурамч зоос цутгадаг хүмүүсийг цаазаар авсан нь тэр үеийн мөнгөн тэмдэгт гүйх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд төрөөс хэр чухалчилан анхаарч байсныг харуулна.
    Түүнчлэн “”Тун бао”, “Шин бао”, “Юан бао”, ”Шэн бао” гэсэн үгтэй зоос Хиданы дурсгалаас арвин олддог. Энэ нь хаан засгийн эрхэнд гарсан оныг заадаг”гэсэн нь тун оновчтой бөгөөд цаашдын улсуудад уламжилсан байдаг.
    Хиданы дараа тогтсон Монгол аймгууд ямар мөнгө хэрэглэж байсан тухай баримт ховор, зоос дэлдэж гүйлгээндээ нэвтрүүлэх нэгдсэн бодлого байхгүй болохоор төдийлөн амжилт олохгүй байх үндэстэй юм. Зоосон мөнгө дэлдсэн ч Хиданы зоостойбичээс утга адил зоос гаргах нь дамжиггүй гэж таамаглана.Энэ таамгаар Монгол аймгуудтай холбогдох зоосыг Хиданы үед хамруулан авч үздэг байж болох юмаа.
    Зоосны нүүрэн талд: “Арван жилийн амьтдын дүрстэй”зоосны нөгөө талд: Арван хоёр хүний (хүүхдийн) дүрстэй”
    Энэхүү зоосон мөнгөний гол онцлог Хүн гүрний хэрэглэж байсан 12 амьтны мөчлөгийн тоолол энэ үе хүртэл уламжлагдан баяжиж ирснийг харуулах эд өлгийн зүйл дээр үлдсэн түүхэн баримт юм.
    12 хүүхэд (хүн) дүрсэлсэн нь нэлээд хачирхалтай бөгөөд ийм хүүхэд дүрсэлсэн зоос одоогоор олдоогүй нь энэ зоосон мөнгөний гол онцлог юм.
    Л.Алтангэрэл

  • Дилов хутагт Жамсранжавын цадиг оршвой

    Гэрэл зургийн үзэсгэлэн 2014 оны 10-р сарын 08-ны 11:00 цагт УБ хотын музейд нээлтээ хийж, 7 хоногийн турш олон нийтэд толилуулна. Үзэсгэлэнгийн үеэр хутагтын тухай баримтат кино нийтийн хүртээл болгож, лекц зохион байгуулна. Мөн дилав хутагт жамсранжавд зориулсан буяны номыг Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд хурна. “Аригүмедиа” компани, “Дилав хутагт жамсранжав нийгэмлэг” ТББ 2009 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг дилав хутагт Жамсранжав болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь нутаг тэмцэж явсан нэр, алдар гавьяа нь бүдгэрсэн бусад эх орончиддоо зориулан уламжлал болгон тэмдэглэж байна.
    Ар халхын 84 шидтэний нэг хэмээн алдаршсан Дилов хутагтын хувилгаан Б.Жамсранжав XV жарны хөх бичин жилийн намрын дунд сарын 15-н буюу аргын тооллын 1884 оны 10-р сарын 08-нд тэр үеийн халхын Засагт хан аймгийн хотгойдын цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын ойгон нуур багийн нутаг Ойгон нуурын ар бие Баян айраг уулын “Энгэр түшлэгийн булаг” гэдэг газар Баашлуугийн 3-р хүү болон мэндэлжээ. Тэрээр Дэмчиг бурханы Бүрэлбаа, Дилов хутагтын хувилсан дүр мөн хэмээн тодорч одоогийн Завхан аймгийн шилүүстэй сумын нутагт оршиж байсан. Норванчин хийдэд шавилан суусан байна.
    Тэрээр 5 настайдаа банди, 7 настайдаа равжун, 21 насандаа гэцэл, 25 насандаа цорж, 29 насандаа самади багш цол тус тус хүртсэн байна. Тэрээр Ховдын хязгаарын Шар сүмийг тэргүүлж байв. 1923 оноос Улиастайн сайдаар ажиллаж байгаад 1928 онд дотоодыг хамгаалах газрын даалгавараар Хятадад тагнуулын ажилаар гарч улмаар Чан Кай Ши-гийн дэргэд ажиллах болжээ. Тэрээр дэслэгч Жамсран нэрээр тагнуулын мэдээ явуулж байсан нь өдгөө тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна. Гэсэн хэдий ч зүдэг хар цагийн эрхээр тэрээр буруутгагдаж хувьсгалын эсэргүү нэр зүүн хэлмэгдсэн байна.
    Дилов хутагт Б.Жамсранжав Хятадын ерөнхийлөгч Чай Кай Ши-гийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавъяатай. хилс хэрэгт буруутгагдсан.Тэрээр нутагтаа эргэн ирэхийг нэлээдгүй оролдсон ч энэ нь тухай бүр бүтэлгүйтэж байсан учир өөрийн найз АНУ-ын Монголч эрдэмтэн О.Латтиморын санал санаачлагаар АНУ-ын Нью-Йорк хотын Нью Жерсид амьдрах болсон байна. Нью Жерсид амьдрах хугацаандаа тэрээр АНУ-д амьдарч буй халимаг ирэгдийг цуглуулан оюун санааны хувьд удирдан чиглүүлж байсны дээр 1961 онд Монгол улс НҮБ-д элсэхэд түүний оруулсан хувь нэмэр тун их юм.
    1964 онд монгол улс АНУ-д элчин сайдын яамаа нээхэд тэрээр бараг орой бүр тэнд ирж хашаан дотор тоглож буй монгол хүүхдүүдийг харан нулимас дуслуулж суусан гэдэг. Цагийн эрхээр буруугүй буруутан болж нутагтаа эргэн очих эрхгүй болж хэлмэгдсэн түүний зүрхний цохилт бүр нь Монголоо хэмээн цохилсоор.1965 оны 04-р сарын 08-ны өдөр 82 насандаа жанч халсан байна. Түүний ээдрээтэй амьдралын түүх эргэх цагийн аясад улам бүр тодорсоор байна.

    Эх сурвалж: www.urlag.mn

  • ИРАК ОЙРХИ ДОРНОДЫГ ЗАХИРАГЧ ЧИНГИС ХААНЫ АЧЫН АЧ ХҮҮ

    Эл асуудалд дэлхийн хоёр том судлаачийн үгийг иш татья. Орос, Герман хэлтэй их судлаач Михаэл Правдин “Ил хаадын эзэнт гүрний хувь заяа”-г түүний дайсан болох лалын шашин л тодорхойлж байв.
    Мамлюкийн (Египетийн) султан Бэйбарс, Алтан ордон улсын хаан Бэрх хоёр харилцан ойлголцсон тэр үеэс лалын шашны зангирсан их хүч Ил хаант улсын нийт хилийн дагуу Евфрат мөрөн, Кавказын уулс Оксоор хүрээлэн оршиж хүчийг нь тарамдуулан байв” гэж тодорхойлжээ.
    Английн их судлаач Э.Д.Филипс “Хүлэгү болон түүний залгамжлагчид баруун талаас Алтан ордон улсын хаадын болон мамлюкуудын, зүүн талаас Цагаадайн улсын эрх баригчдын довтолгоонд байнга өртөж ирсэн” хэмээн бичжээ.
    Ил хаант улсын төрийг Хүлэгү, Абага, Аргун, Текудор, Султан Ахмед, Тарагий, Газан /Хасан/, Өлзийт, Абу Сайд, Шейх Хасан нарын зэрэг их хаад барьж байв. Хааны дараа орох “Везир” хэмээх “Ерөнхий сайд” гэсэнтэй дүйцэх албан тушаалтан нь хааны зарлиг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байжээ.
    Везир нь улс орноо ерөнхийлөн захирч, улсын сан хөмрөгийг хариуцан түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих болон төрийн дээд албан тушаалтныг томилоход шийдвэрлэх эрх эдэлж байв.
    Бидний сайн мэдэх нэрт түүхч, их сэтгэгч эрдэмтэн Ати-Мелик Жувейни, Рашид-ад Дин нар хааны Везирээр ажиллан их гавьяа байгуулж, зохиол бүтээлээ туурвисаар байжээ. Ил хаант улс нь хүчирхэг армитай байв. Тэр үед их цэргийн гол цөм нь монгол цэрэг байжээ. Цэргийн удирдлагыг монголчууд хэрэгжүүлнэ.
    Түүхэнд тэмдэглэснээр их цэргийн тоо 120.000-150.000 хүрч байжээ. Их цэргийн гуравны нэг нь монголчууд, үлдсэн хоёр хувь нь түрэг, гүрж, армян, франц, хятад цэргүүд эзэлж байв. Байлдан эзэлсэн улс орон, хот бүрт 3000-30.000 цэргийг хамгаалах үүрэгтэйгээр үлдээдэг байжээ.
    Харин одоо Газан (Хасан) хааны тухай товчхон өгүүлье. Газаныг 1295 онд ноёдын хуралдайгаар хаанд өргөмжлөхөд “Газан бол Аргун хааны хөвгүүн, энэ нь Хүлэгү хааны хөвгүүн, энэ нь Тулуй хааны хөвгүүн, энэ нь Чингис хааны хөвгүүн” хэмээн дуудаж байжээ.
    Түүх судлаач, доктор И.Дашням Газан хааны талаар бичихдээ “Тэрбээр өргөн сэтгэлгээ, гүнзгий мэдлэг эзэмшсэн, түүх, удам судар, уламжлалаа сайн мэддэг, байгалиас заяасан хурц ухаантай, авьяас билэг төгс, эр чадал, хатан зориг, тэсвэр хатуужил бүрдсэн, дайсандаа хайр найргүй, засах захирахдаа ухаалаг, жанжины хувьд гарамгай, түүхэнд “шинэчлэгч” гэж алдаршсан хаан байсан” хэмээжээ.
    Түүний шинэчлэл 1294-1304 онд явагджээ. Газан хаан газрын харилцаанд нэн алдартай шинчлэл хийж, сангийн хөрөнгөөр төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний газрыг худалдан авч түүн дээр оршин суудаг тариачдыг мөлжин, тоймгүй мөнгө цуглуулан завшдаг байсныг болиулжээ.
    Мөн мөлжигдсөн тариачид зугтан зайлснаас газар нь атаршин зэрлэгшихэд хүрсэн тул хууль бус газар эзэмших эрхийн бичиг олгохыг хориглон, өмнө нь олгосон газар эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгожээ. Улсын бүх газрыг данслан шалгаж, нийт найман мужаа услалтаар хангажээ.
    Тухайлбал, Карбелийн усгүй талыг Евфрат мөрнөөс шуудуу татаж усжуулснаар тариа ногооны шинэ талбай, цэцэрлэгүүд бий болгожээ. Мөн тариа, хүнсний ногоо тариалж жилд 100.000 тагар ургац хураадаг болсон байна.
    Сэргээгдсэн газруудаа вакф газар болгон сүм хийдүүдэд өгөх, хувийн эзэмшил болгож хувь хүмүүст худалдах, алтан ургийн язгууртнуудад инж газар болгож нэмж хуваарилах, монгол цэргүүдэд хуваарьт газар (Икта) болгон олгож байжээ.
    Түүнчлэн тариачдын газар, ургац, эд хөрөнгийг булаан авах, тариачдад ор үндэсгүй өндөр татвар оноох, тариалангийн талбайг талхлах, хавчих, эрх ашгийг нь хохироох, төрийн ажил хэрэгт дайчлахыг хориглож, зөрчвөл нөхөн төлүүлэх, торгох журам тогтоох замаар тариачдын тариалангийн талбай, гэр сууцыг төрөөс хамгаалах, тариалах үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй явуулах, ургацын үрийг улсын санд хадгалах, тариалалтын үед хөнгөлөлттэй үнээр тариачдад тариа өгөх, газар тариаланд зүтгэх шар, үхэр буюу малыг тусгайлан үржүүлэх зэрэг өөрчлөлтүүд хийсэн байдаг.
    Ил хаан Газан 1300 оны орчим улсын хэмжээнд жин хэмжүүрийн нэгдсэн систем тогтоосон шинэчлэл хийжээ. Буулай арвайг “кейлэ”, “тагар” жимсний жүүс, цуу, тосны хэмжүүрийг “пэйманэ”, бас барааны хэмжүүрийг “гяз”-аар хэмжиж тамга дарснаар хүчинтэй болох, зөрчвөл хатуу шийтгэхээр төрөөс хуульчлан тогтоож, бүрэн мөрдүүлж чадсан нь түүхэн том дэвшил байв.
    Газан хаан албан татварын байдалд нухацтай хандаж амьдралд нийцсэн шударга шинэчлэл хийжээ. Татвар хариуцсан “Хаким” хэмээх түшмэлүүд муж бүхэнд татвар хураах хуудас “Берет” бичиж, үүгээрээ Везиртэй хуйвалдан жилд 2-3 удаа татвар хурааж олсон орлогынхоо зургаан хувийг хувьдаа завшиж, үлдсэн хоёр хувийг төрийн хэрэгт зарцуулдаг байсныг зогсоож, хакимуудаар “Берет” бичүүлэхийг бүрмөсөн хориглож, бичвэл шууд цаазалж, бичсэн бичээчийн гарыг тас цавчиж байх зарлиг буулгажээ.
    Везарын дэргэд муж бүрийг хариуцсан нэг бичээчийг томилон суулгаж, түүний бичсэн хааны алтан тамгатай “Берет” нь л хүчинтэй байхаар тогтоосны дээр албан татварын бүртгэлийг тосгон бүрээр маш нарийн хөтөлж, үүний үндсэн дээр хөрөнгө чинээнийх нь байдлыг харгалзан оноох, мужуудын бүх данс бүртгэлийг Тебризийн номын санд хадгалах, дансны хуудсыг ирсэн бүрт өгч хадгалуулах, татварын гэрээ байгуулж, уг гэрээг тосгон болон газар бүрт самбар, чулуу, зэс, төмөр, тэр байтугай тосгоны хаалга, сүм дуганы хананд сийлүүлж тавин ил тод болгох горим тогтоожээ.
    Татвар төлөгчөөс нэг ч мөнгийг хэтрүүлж авах, жижиг алба гувчуурыг дур мэдэн авахыг хатуу хориглож, суурин иргэдээс жилд хоёр удаа, тухайлбал эхний татварыг шинэ оны эхний 20-нд, хоёр дахь татварыг намрын эхэн сарын нэгэнд тогтсон өдөр, цагт хотын төв талбайд барьсан асарт, таван удаа харанга цохиж дохио өгөөд мөнгөөр хураах, мөнгөгүй бол бүтээгдэхүүнээ зах зээлийн дундаж ханшаар зараад татварт яг төлөх мөнгийг нь авч, үлдсэнийг нь татвар төлөгчдөд эргүүлж өгдөг байв.
    Татвараа тогтоосон цагт нь тушаагаагүй бол үндсэн татварын зуун динар бүрээс нэг динарын торгууль оноодог байжээ. Нүүдэлчдээс алба гувчуурыг жилд нэг удаа шинэ жилийн эхний 20 хоног дотор 100 малаас нэг малаар бодож хураана хэмээн тогтоон мөрдүүлж иржээ.
    <div>Газан хаан түүхийн хүрээлэн, одон орон судлалын төвүүд, шинэжлэх ухааны лаборатори, туршилтын газрууд байгуулж, олон улс орны эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах замаар түүх, гүн ухаан, хэл, утга зохиол, одон орон судлал, зурхайн ухаан, газарзүй, анагаах ухаан, алхохими, уул уурхай, ашигт малтмал, уран барилгын ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны шинэчлэл хийсэн байдаг.
    Энэ бүхний үр дүнд “Дэлхийн байлдан дагуулагчийн түүх”, “Судрын чуулга”-ны гурван боть, “Вассафын түүх”, “Насредынхны хэргэм ямба”, “Хятад, Уйгар хуанлын тухай” зэрэг алдарт зохиолууд төрөн гарчээ.
    Мөн аялал жуулчлагчид, элч төлөөлөгчдийн аян замын тэмдэглэлүүд, дараа дараагаар гарч, хуурай, усан, торгон замын болон аян байлдааны маршрут зураг, газрын зураг үйлдэгдэж, хөрөг, байгалийн зураг, манюатур алдарт зургууд зурагдаж, олон сайхан уран барилга баригдан, ертөнц дахиныг гайхшруулсан байна.
    Газан хааны шинэчлэлийн үр дүнд лалын шашны гайхамшигтай цогчин дуганууд баригдаж Коран цэцэн үгс, Мухаммедын зарлигийг араб, перс үсгээр хана туурганд чимэглэл болгон үйлдэн, хаад, гэгээнтнүүдийн дурсгалд зориулсан нүсэр том бунхнуудыг байгуулсан нь түүхийн биет гэрч, дурсгал болон мөнхөрчээ.
    Газан хааны шинэчлэлээр шашны сургууль, гэр сургууль, даган сурах сургуулиуд байгуулагдаж, мэдлэг эзэмших ухаан дэлгэрсэн байна. Анагаах ухааны мэдлэг өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрч “Их хааны эрдэнэсийн сан” хэмээх “Хятадын анагаах ухааны нэвтэрхий толь” гарсан нь зүрх судас, бие эрхтэн, үр хөврөл, эм зүй зэрэг олон салбарыг хамарчээ.
    Үүний зэрэгцээ Тажик, Хятад, Монгол, Энэтхэг, Кашмирийн анагаах ухааныг судалж, олон улс орноос эмийн ургамал худалдан авч буюу түүн дөрвөн эм үйлдвэрлэсэн нь “Газаны хор тайлагч” хэмээн ихэд алдаршжээ.