Category: Монголын түүх

  • БУРХАН ХАЛДУН УУЛ

    Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон.
    Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай.
    Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

    Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан.
    Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” үзэж байна. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн 13 нэр байдаг ажээ.
    Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. Гэвч энэ бол төрийн тахилгад уул биш. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна. 1992 онд 12,000 ам километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, улсын хамгаалалтанд авчээ.

  • Халимаг

    1556 онд Халимагчуудын довтолгоонд өртсөн тухайгаа Алты улс ордын захирагч Москвагийн хаан IV-р догшин Иванд мэдэгдэж байжээ. Ер нь Халимагууд Орос нутагт ирсэн цагаасаа эхлэн байнга аян дайн хийж, нүүдэллэн аж төрж байжээ. Халимагуудын хийсэн анхны томоохон аян дайн нь 1560 онд Ногайн Ордын нийслэл Бага Сарай (Сарайчика) хотыг эзэлсэн явдал байжээ. Халимагт тухайн үед хэд хэдэн нөлөө бүхийн цэргийн жанжин байв. Тэд тус тусдаа, заримдаа эвсэл болон цэргийн хүчээ зузаатган татар, орос, хасаг, Доны хасаг, дагестан зэрэг үндэстнүүдтэй тулалдаж байсан тухай түүхэн баримт бий. Оросууд Халимагуудыг хүлээн зөвшөөрсөн анхны баримт 1574 онд хамаарч байна. 1574 оны 5 сарын 30-нд IV-р догшин Иван хааны зарлигаар бухар, халимаг, казаны ордын худалдаачид Оросын Яков, Григорийн цайзад татваргүй наймаа хийхийг зөвшөөрсөн байна. Энэ нь Оросын түүхэнд анх удаа халимагуудын талаар албан ёсны баримт бичигт дурьдсан хэрэг юм. 1578 онд Халимагт буддын шашны ламаизмын урсгал түгэн дэлгэрч эхэлсэн байна. Тэр цагаас хойш Халимагийн нөлөө бүхий ноёдууд Түвдийн Лхас руу явж Далай ламаас хэргэм зэрэг, цол авч байжээ. 1591 онд Сибирийн хан Кучумын цэргүүд Ишим, Нор-Ишим голын орчимоос халимагуудын агтыг хулгайлсан тухайгаа бичжээ. Морио алдсан халимагууд Сибирийн хан Кучумын цэргүүдийн араас элдэн хөөж байжээ. Гэвч энэ хэрэг хэрхэн төгссөн талаар түүхийн баримт сэлт байхгүй юм. 1615 он гэхэд халимагчуудын олонхи нь буддын шашинтан болжээ. Мөн тэр жил дүрвэдийн Далай тайж, Зүүнгарын Хар-Хул, Шүхэр дайчин , торгуудын Хо-Өрлөг, Хошуутын Хүндүлэн, Убаши нар Түвдийн Лхас хотод боловсрол эзэмшихээр явжээ. XVII –р зууны эхний гучин жилд халимагийн олон өрх аймгууд Ижил мөрний эрэгт ирсэн байна. Халимагчууд ногайчуудыг Ижил мөрний баруун эрэг, цаашлаап Терек, Кубань, Крым, Бужак руу нүүхэд хүргэжээ. Ногайчуудын зарим нь халимагт дагаар орж, аажмаар уусжээ. Ногайчуудыг Доод Волга мөрөн руу нүүхэд нь Доны казакууд туслаж байжээ. Учир нь ногайчуудыг нутгаас нь хөөхийг Оросын эзэн хаан Доны казакуудад даалгасан байжээ. Аажимдаа халимагууд Оросуудтай зөрчилдөх болжээ. 1655 онд Оросын эзэн хаан халимагуудад хандан албан бичиг илгээж, өөрт нь үнэнч байхыг шаардсан байна. Оросын эзэн хааны бичгийг халимагууд гардан авч, хүлээн зөвшөөрч байсан боловч эцэст нь амлалтаа зөрчих тохиолдол гаргаж байжээ. Нүүдэлчин халимагууд энэ үед Доод Ижил мөрнөөс Каспийн тэнгисийн хойд хэсэг, өмнө зүгт Терек гол, хойд зүгт Самар хот, баруун зүгт Дон мөрөн, зүүн зүгт Яик (Урал) мөрөн хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэж байжээ. Аажимдаа халимагуудын эзэмшил газар багассан байна. Халимагийн эзэмшил газар нь багасаж байсан нь тэдний дотоод зөрчилтэй холбоотой байсан гэж Оросын түүхчид үздэг байна. Жишээ нь оросын хязгаарт ирсэн хойно Доод Волга мөрний эрэгт халимагын төрт улсыг анх байгуулсан Торгуудын тайж Хо-Урлюк Дөрвөдийн Далай тайж, Гуши хаантай муудалцаж, бүр зэвсэг барин тулалдаж байжээ. Энэ зөрчилөөс болж, эсвэл өөр ямар нэгэн шалтгааны улмаас торгуудын тайж Хо-Урлюк Доод Волга, Каспийн тэнгис рүү нүүж, тэндээ суурьшин амьдрах болсон байж мэдэх юм. Волга мөрний эрэгт нүүж ирсэн үе нь ойролцоогоор 1630-1632 он гэж түүхчид таамагладаг. Гэвч Халимагийн гол “гэр” нь Урал голын цаана байжээ. 1640 онд Торгуудын Хо-Өрлөг тайж, халимаг ноёдын хуралд оролцохоор Зүүнгар руу явж байжээ. Түүнийг буцаж ирсэний дараа халимагууд Поволжью орчимд амьдардаг бусад угсааныхан руу уулгалан дайрч дээрэм хийх болжээ. Хо-Өрлөг таалал төгссөний дараа түүний том хүү ШүхэрДайчин халимагийг захирах болжээ. 1645 Далай ламаас цол хэргэм авахаар тэрээр Түвдэд очсон байна. Энэ зуур 1646 онд халимагийн зарим жижиг ноёд Астрахань хотод очиж, оросын бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргаж байжээ. Оросууд ч халимагчуудын хүсэлтийг хүлээн авна гэж мэдэгдсэн байна. 1654 онд Шүхэр дайчин Түвдээс эргэж ирээд юуны түрүүнд Оросууд руу халдан довтолжээ. Шүхэр Дайчин, түүний хүү Пунцаг нар Зүүнгараас нүүдэллэн ирсэн монгол угсааны аймгуудыг нэгтгэж чадаж байжээ. 1672 онд Аюка төрийн эрх мэдлийг авчээ.Тэрээр өөрийн нагац Дугар, түүний хүү Цэрэн нарыг олзолж нутаг улсыг нь өөрийн болгожээ. Аюка халимагийн бусад аймгуудыг өөртөө нэгтгэж, эрх мэдлээ нэмэгдүүлсээр байлаа. Нэгэн удаа Аюкийн хоёр дүү нь хоорондоо муудалцжээ. Хоёр дүүгийнх нь нэг нь Хар тэнгисийн ойролцоо байгаа оросуудаас тусламж гуйсан байна. Гэвч Аюка хоёр дүүгээ ятгаж эвлэрүүлсэнээр барахгүй, тэд гурвуул хүчээ нэгтгэн оросуудын эсрэг дайн хийжээ. Азовын тэнгисийг эзэмших, мөн Крым орчимд байгаа овог аймгуудыг устгахад туслаач хэмээн Оросууд халимагийн Аюка хаанд 1674 онд хандсан байна. Гэвч Аюка хаан татгалзсан хариу өгчээ. Халимагууд, мөн тэдний харъяаны татарчууд оросууд руу байнга халдаж, дээрэм тонуул хийж байлаа. Энэ үед Оросууд Царицынагаас Астрахань хүртэл хэсэг бүлгээрээ зөвхөн усан замаар л явдаг болжээ. Хуурай газраар явах нь Оросуудад аюултай болсон байна. 1684 оноос Аюка хаан цэргийн хүчээ Урал голын цаана гаргав. Тэрээр Киргизийн кайсакууд, туркмен, мангышлакчуудыг эзэлжээ. Мөн дагестан, кумык, кабардин, кубанчуудтай байлджээ. 1690 онд Далай лам Халимагийн хаан Аюкад хааны цол, тамга илгээжээ. Далай ламын илгээмжийг авсан Аюка үүгээрээ Оросуудаас хараат бус гэдгээ нотлон харуулахыг зорьсон байна. 1696 онд халимагийн цэргүүд Азовын тэнгисийн авах дайнд оролцжээ.1697 онд Оросын эзэн Петр хаан хилийн чанад руу явахдаа Оросын хязгаар нутгийг хамгаалж байх хүсэлт тавьжээ. Үүний хариуд Оросууд Аюка хаанд их буу, жил бүр 20 торх дарь, 10 торх тугалга өгнө гэж амласан байна. Мөн Аюка хааны зөвшөөрөлгүйгээр халимагуудыг загалмайлахгүй гэж тохиролцжээ. 1709 онд Оросын эзэн хаан 1-р Петр олзны швед цэргүүдээр Оросын эзэнт улсын газрын зургийг зуруулжээ. Тухайн үед Оросын хөрш орнууд дотор ногоон өнгөөр Зүүнгарын хант улсыг тэмдэглэсэн байна. 1724 онд Аюка хаан нас барсаны дараа Оросын засгийн газар Халимагийн удирдагчийг томилоход хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролджээ. Оросууд Аюкийн нууц амрагаас гарсан Дорж Назаров хэмээх хүүг дэмжиж байлаа. Гэвч тухайн үеийн Халимагийн ихэс дээдэс хан ширээнд Цэрэн Дондогийг залсан байна. Халимагийн удирдагчийг томилоход нь Оросууд оролцох гэсэн нь ийхнхүү бүтэлгүйжээ. Дээрх үйл явдал Халимагуудын эгдүүцлийг төрүүлсэн байна. Ази тивд халимагууд манжтай тэмцэж байлаа. Харин Оросууд халимагуудад зэвсэг нийлүүлж байсан юм. 1727 оноос халимагууд Оросын нутаг руу дахин халдах болжээ. 1727 оны намаржин оросууд 60 мянган рублийн хохирол амсаж, 17 орос хүн олзлогдож, 15 орос алагджээ. Халимагийн довтолгооноос сэргийлэхийн тулд Астрахань хотоос Саратов хүртэл бүх хотод цэргүүдэд зориулсан завь бэлтгэжээ. 1729 онд халимагийн ихэс дээдэс Оростой байлдах эсэхээ шийдэж ядан байлаа. Гэтэл 1730 онд Халимагийн хан Цэрэн Дондогийг зорин Манжийн хааны элч төлөөлөгч ирж явна гэсэн мэдээлэл ирэв. Манжийн хааны төлөөлөгч Цэрэн Дондогт хааны титэм, богд хаан гэсэн цол өгөх гэж байгаа гэсэн сураг гарчээ. Үүнийг мэдсэн Оросууд Цэрэн Дондогт хааны титэм, цол урьтаж өгөх болжээ. 1731 онд Цэрэн Дондог Перс, Оттоманы Портуудтай харьцаж эхэлжээ. Оттоманы Портууд халимагийн эсрэг тэмцэл хийхээр завдахад нь Оросууд хамгаалсан байна. Гэвч хожим оросууд Оттоманы Порттой харилцаагаа сайжруулж чадсан тул халимагуудад хандан Оттоманы Портыг орхин явахыг санал болгожээ. Гэвч Халимагууд энэ саналыг хүлээн авсангүй. Үүний дараа Халимаг-Оросын харилцаа эрс муудсан байна. Оросууд Халимагийн улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцох нь аажмаар нэмэгджээ. Ази тивд хүчирхэг болсон Манж улс ч Ойрадын тусгаар тогтнолыг үл тоомсорлох болжээ. 1759 онд Зүүнгарын эзэн хаан Даваач таалал төгсөв. Даваач хаан нас барсаны дараа Халимагийн сүр хүч, нэгдмэл байдал улам доройтож Оросын нөлөөнд бүрэн оржээ. 1825 онд Оросын засгийн газар “Халимагийн ард түмэнийг удирдах журам” баталжээ. Энэ дүрмийн дагуу Халимагийн асуудлыг Оросын гадаад хэргийн яам шийддэг байснаа больж, дотоод хэргийн яамны эрхлэх асуудал гэж үзсэн байна.
    ХХ-р зуун
    Орост хаант засаг унаж, Октябрийн хувьсгал ялсаны дараа Халимагийн ард түмэн өөрсдийн хувь заяагаа гартаа авч, төрт улсаа сэргээх оролдого хийсэн байна. Тэд шууд тусгаар тогтнол зарлах боломжгүй байлаа. Халимагт оросын нөлөө дэндүү их байсан тул бүрэн тусгаар тогтнолын асуудлыг угаасаа хөндөх боломжгүй юм. 1917 оны 3 сарын 25-нд Халимагийн язгуур угсаатан, сэхээтний төлөөлөл Астрахань хотод их хурал хийж Оросын түр засгийн газарт хандан өөртөө засах улс байгуулах эрх олгооч гэсэн бичиг үйлджээ. 1917 оны 7 сарын 1-нд Оросын түр засгийн газар “Халимагийн ард түмний талын муж” байгуулах шийдвэр гаргасан байна. 1920 оны 11 сарын 4-нд Астрахань, Царыцин, Ставропольийн губерн, Дон, Терк мужаас газар нутаг тасдан Халимагийн өөртөө засах муж байгуулжээ. Тэр цагаас хойш жил бүрийн 11 сарын 4-нд Халимагууд засаг төрөө сэргээсэн түүхэн өдрөө баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. 1924 он хүртэл Халимагийн төв нь Астрахань хот байлаа. Хожим Элиста хот засаг захиргааны төв нь болжээ. 1935 оны 10 сарын 20-нд Халимагийн өөртөө засах мужийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Халимагийн Автономит Улс гэж зарласан байна. 1937 оны 6 сарын 23-нд Халимагийн Үндсэн Хууль батлагджээ. Гэвч дэлхийн 2-р дайны үед Халимагийн цэргүүд фашист Германы талд орж Оросуудын эсрэг байлджээ. Энэ нь Москвагийн зэвүүцэл, хорсолыг хөдөлгөжээ. Гэхдээ халимагийн морьт цэргийн нэг корпус Оросын Улаан Армийн талд орж, Германы эсрэг тулалдсан юм. Дэлхийн 2-р дайны эцэст Халимагаас 8 хүн ЗХУ-ын баатар цол хүртсэн байна. 1942 оны 8-р сараас 1943 оны 1-р сарын хооронд Халимагийн нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явагджээ. 1943 онд Халимагийн өөртөө засах орны нутгийг Оросын цэргүүд Германчуудаас чөлөөлөх үйл явц эхэлжээ. Дайны дараа В.И.Сталин Халимагийн өөртөө засах орныг татан буулгажээ. Халимагийн газар нутгийг Астрахань муж, Дагестан, Ростов мужид хуваан өгчээ. Халимагийн нийслэл Элст хотын нэрийг Степной гэж орос үгээр өөрчилжээ. 1943 оны 12 сарын 28-аас 12 сарын 31-нд халимагчуудыг нутгаас нь албадан нүүлгэж, Сибирь, Дундаж Ази, Казахстан, Алтай руу цөлжээ. Оросын тусгай албаныхан “Улус” ажиллаагааг Оросын чекист Б.З. Кобулова, И. А. Серова нар гардан зохион байгуулжээ. Энэ хэлмэгдүүлэлтийн улмаас Халимагуудын гуравны нэг нь амь үрэгдсэн юм. Энэ он жилүүдэд Халимагийн тухай дурьдсан бүх ном зохиол, баримт бичгийг устгаж байжээ. 1953 онд В.И.Сталин нас барав. Сталины дараа Оросын шинэ удирдагч нар Халимагийн талаар баримтлан бодлогоо зөөлрүүлжээ. 1957 оны 1-р сард Ставрополийн хязгаарын бүрэлдэхүүнд Халимагийн өөртөө засах мужийг байгуулах шийдвэрийг ЗХУ-ын Дээд Зөвлөл гаргажээ. Ингэхдээ өмнө нь Халимагийн нутагт тооцогдож байсан Лиман, Приволж дүүргийг Астрахань мужид, мөн Дагетаны мэдэлд 158 га талбай Хар газар үлджээ. Цөллөгт явсан хүмүүсийн хойч үе, үр садыг Халимаг руу эргэж ирэхийг зөвшөөрсөн байна. 1958 онд ЗСБНХалимагийн АУ-ын статусынг сэргээжээ. 1961-78 онд ЗСБНХалимаг АУ-ын тэргүүнээр ахмад дайчин, ЗХУ-ын баатар Б. Б. Городовиков ажиллажээ. 1985 онд Оросын удирдагч Горбачев зогсонги байдалд ороод байгаа эдийн засаг, нийгмийн амьдралд түлхэц өгөх зорилгоор өөрчлөн байгуулалт зарлав. Энэ нь эцэстээ ЗХУ задрах, коммунист дэглэм Орост нуран унах эхлэл болсон билээ. 1990 оны 12-р сард ЗСБНХалимаг АУ-ыг ЗСБНХалимаг Улс гэж нэрлэх болжээ. 1991 оны 4 сарын 26-нд “Хэлмэгдсэн ард түмнийг цагаатгах тухай” хууль баталжээ. 1991 оны 10 сарын 18-нд “Улс төрийн хэргээр хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах тухай” хууль батлагджээ. Энэ хууль батлагдсанаар дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд цөллөгдөж зовж шаналсан Халимагуудыг цагаатгах ажил эхэлжээ. 1992 оны 3 сарын 31-нд Бүгд Найрамдах Халимаг Улс ОХУ-ын бүрэлдэхүүнд байгуулагджээ. 1993 оны 4 сарын 11-нд Халимагийн анхны ерөнхийлөгчөөр К. Н. Илюмжинов сонгогджээ. 1993 оны 4 сарын 12-нд Халимаг ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах, өөртөө засах улсын статустай болжээ. 1994 оны 4 сарын 5-нд Халимагт шинэ үндсэн хууль баталжээ. 1995 оны 10 сарын 15-нд К. Н. Илюмжинов хоёр дахь удаагаа Халимагийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 7 жил. 2000 онд Путин ОХУ-ын ерөнхийлөгч болсоноор ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгчийн албан тушаал Халимагт бий болжээ. 2005 оны 10 сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путины шийдвэрээр К. Н. Илюмжинов Халимагийн тэргүүний албан тушаалд 5 жилийн хугацаатай томилогджээ. 2009 онд Халимагийн ард түмэн Оросын бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдсэний 400 жилийн ойг тэмдэглэжээ. Энэ ойд зориулан Оросын төв банк дурсгалын зоос гаргажээ. 2010 оны 9 сарын 28-нд А. М. Орлов Халимагийн тэргүүний албан тушаалд томилогджээ. Тэрээр 10 сарын 24-нд албан тушаалдаа орсон юм.
    2011-12-02 11:58:07
    Мэдээ оруулсан: И. Чулуунболд

     

  • АЛТАЙ ТАВАН БОГД

    Монгол Алтайн нурууны хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймгийн Алтай хотод байрладаг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Сийлхэмийн байгалийн цогцолбор газар, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хамгаалалтын үйл ажиллагааг хариуцдаг. Алтай таван богд нь Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтай оршдог.

    Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав нь өндөр уулсаар хүрээлэгдэн Монгол Алтайн нурууны уулархаг их мужийн өндөр уулын бүсэд оршино. Бүхэлдээ өргөгдсөн гадаргатай уул нурууд нь хоорондоо элэгдэл, хуримтлалын хөндий, уулс хоорондын хотгоруудаар хязгаарлагдсан байдаг. Монгол улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил энэ ууланд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 4374 метр өндөр юм.
    Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно. Хотон, Хурган, Даян зэрэг нь мөстлөгийн гаралтай томоохон нуурууд бөгөөд тэдгээрээс гадна 250 гаруй жижиг нуурууд бий. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол байдаг бөгөөд нийт талбай нь 24 ам километр. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай.
    Энэ бүс нутагт 1200 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал юм. Монгол Алтайн нурууны багахан хэсэг нь армаг тармаг шинэсэн ойтой. Монголын Улаан номонд бүртгэгдсэн ирвэс, халиу, Алтайн аргаль, янгир, халиун буга бий. Нуур ус цөөрөм голуудад нь ус намгийн шувууд ихээр цугладаг.
    Уул хад ой модоор нь махчин шувууд болох ёл, тас, бүргэд, сар, шонхор шувууд байхаас гадна Алтайн хойлог, өгөөлэй шулганаа, борцгор хотон, гангар хун, хар өрөвтас, итэлгэн цахлай, хээрийн галуу зэрэг нэн ховор шувууд тохиолдоно. Голуудаар нь монгол хадран, алтайн сугас, нохой сугас гэдэг 3 зүйл маш элбэг байдаг.
    Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг.
    Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий.
    Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр иржээ.

  • Ж.Болдбаатар: “Чингис нэрээр популизм битгий хийгээсэй”

    Ямар нэгэн намын эрх ашгийн тухай ярьдаг хүн байдаггүй. Хуулийнхаа дагуу л бүх зүйлийг шийддэг. Цэцийн ги¬шүүн хүний эрх нь асар хязгаар-лагд¬мал шүү дээ. Яагаад гэвэл улс төрийн сэдэвтэй илүү дутуу зүйл яривал юманд орооцолдох гээд байдаг. Гэтэл судлаач эрдэмтэн хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийл-мээр байдаг. Нас ч бас харьцангуй өтлөх нас руугаа явж байна. Зарга шүүхээсээ илүүтэй үлдсэн амьдралд бурхан багш хэд хоногийн томилолт өгөх юм. Тэр томилолтын хугацаанд нь бас жаахан судалгааны ажил хийх, хэлэх ярих юмаа хэлж ярьж байх гэсэн бодлын үүднээс би шийдвэрээ гаргасан юм.
    -Цэцийг улс төрийн халаасанд байна гэх хардлага их байдаг. Таны гарал угшил бол МАН. Гэхдээ айхтар улстөржиж байс¬ныг тань санахгүй байна. Одоогийн Ерөн¬хий¬лөгч бол Ардчилсан намын гишүүн хүн .Гэхдээ таныг Цэцдээ байгаач гэж онцгойлон хүссэн гэж сонссон юм.
    -Ерөнхийлөгч Цэцийн орлогч дарга Н.Жанцантай уулзаад “Ж.Болдбаатар гуай яагаад болих гээд байгаа юм, уг нь Цэцдээ сууж байх хүн шүү дээ “ гэж хэлсэн байсан. Ерөнхийлөгч намайг улс төрийн ноён нуруутай, байж байхад болох хүн гэж үзэж байсан юм болов уу даа. Улс төрийн холбог¬долтой зарга, маргаан, гомдол чинь явсаар над дээр их төлөв цохогддог юм шүү дээ. Жишээ нь, улс төрийн нам¬тай холбоотой ч байдаг юм уу, тийм маргаанууд. Энэ ч бас нэг талаа¬саа аргагүй юм .Би гэдэг хүн олон жил улс төрийн тогоонд буцалж байс¬ны хувьд намайг энэ асуудалд арай илүү бодитойгоор хандах болов уу гэж Цэ¬цийн дарга надад дээр ийм өргөд¬лүү¬дийг цохдог байсан байх. Энэ нь нэг талаас МАН-ын Ж.Болдбаатар намын¬хаа эрх ашгийн үүднээс л асуудлыг шийдчихээд байна даа гэх маягийн хардлага төрүүлдэг байсан байх. Хамгийн сүүлд Цэцээс гарахын өмнө би МАХН-тай холбоотой нэгэн өргөд¬лийг шалгасан. Энэ асуудал дээр гэхэд жишээ нь, МАХН гэдэг нэрийг уламжилж ямар нэгэн улс төрийн нам авах ёсгүй гэсэн шийдвэр гаргасан л даа. Үүнийг бас улстөржүүлж л хардаж байх шиг байсан. Өөр нэг их олон юман дээр ерөнхийд нь хий хоосон хардахаас биш нэг их айхтар шуугиан болгож, асуудлыг эргэж босгож тавьж байсан тохиолдол ховор.

    -“Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн нэг алдар¬тай үг бий. Энэ үгийг хүмүүс их олон талтай авч үздэг. Жишээлбэл, би “Цэцийн дээр хөх тэнгэр биш, МАХН (хуучин) бай¬на” гэж бичдэг л байсан. Улс төр үнэхээр орол¬доод байдаг тал бий юу. “Цэцийн нэг багана шүү дээ би” гэсэн тэр үнэмш¬лээсээ гулзай¬хаас арга¬гүй байдалд намынхаа шахалтаар орж байсан тохиолдол бий юу?
    -МАН-ын удирдлагаас Цэцтэй холбоотой маргааны асуудлаар нэг ч хүн надтай ярьж байгаагүй. Энэ 14 жилийн туршид шүү дээ. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой маргааны үеэр за¬рим нэг хүн Ерөнхийлөгч Н.Энх¬баяр танд ийм үг хэ¬лүүлж байна, дамжуулж байна энэ тэр гэж байсан юм бий. Гэхдээ намын удирдлагын хүмүүсээс биш, төрийн хү¬рээнд ажиллаж байсан ганц нэг сайд, агентла¬гын дарга нар тийм юм надад хэлж байсан. Намын удирдла¬гын хүрээнээс бол тийм яриа над руу ирүүлж байгаагүй л дээ. Ерөөсөө Цэц улстөржөөд байдаг байгуул¬лага биш л дээ. Гол нуруу нь хууль. Нөгөө талаар ирээдүйн үр дагаварыг зарим үед харахаас өөр аргагүй байдаг. Маш уршигтай үр дага¬вар дагуулах юмыг бас тэр талаас нь нэг хүчин зүйл болгож бо¬дохоос аргагүй. Тэр л үүд¬нээс харна уу гэхээс ямар нэгэн улс төрийн намын эрх ашгийн үүднээс харж байсан удаа байхгүй. Цэцийн бага болон дунд суудлын хуралдаан дээр ямар нэгэн асуудлыг Цэцийн гишүүд өөрс-дөө улстөржүү¬лээд, нэг талыг барьж зүтгэж байсан тохиолдол ерөөсөө гарч байгаагүй. Хуу-чин намын угшлаар бол Ард¬чилсан намаас гаралтай хүмүүс байж л байсан. Тэд ч, бид ч тэгж зүтгэдэггүй байсан. Тэр нь л хамгийн онцлог тал нь юм даа.
    -Цэцийн дарга байсан Ж.Бямбадорж гуайгаас асууж байсан юм. “Цэц үнэхээр бүх хуульчдын оройн дээд болсон шигш¬мэл, үнэхээрийн супер хуульчдын баг мөн үү. Тэдэнтэй ажиллахад ямар вэ” гэж. “Энд сууж байгаа хуульчдад өрсөл¬дөгч үнэхээр алга. Үнэхээр Монголын орой болсон хуульчид Цэцэд л байна” гэж тэр хүн ам бардам хэлж байсан. Бүр нэг мэргэжлийн бахар¬хал дүүрэн үг байгаа биз. Үнэхээр Цэцэд жаахан дундаж төвшний хууль¬чид ороод ирчих тийм нүх сүв байхгүй юу?
    -Арга байхгүй л шигшмэл баг. Би бол хуульч хүн биш. Монголын төр, хууль цаазын түүх судалдаг хүн. Нөгөө та¬лаар УИХ-ын гишүүн байсан. Бас олон жил хуультай ноцолд¬сон. Энэ үүднээс нь Н.Бага¬банди Ерөнхийлөгч намайг санал болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр то¬милуулсан байх. Энэ он жи¬лд би Монголын хам¬гийн шилдэг хуульчидтай хамтарч ажил¬лалаа. Тэдний арга туршлагаас суралцлаа .Бага¬гүй туршлага хуримтлуул¬лаа. Энэ бүх суурь дэвсгэр дээ¬рээ өөрийнхөө итгэл үнэмш¬лээр л асуудлыг ший-дэж байсан. Харж байхад Н.Жан¬цан эд нар тодорхой асуу¬дал дээр яг л хэд нүүгээд мад тавьдаг сайн шатарчин шиг л ажилладаг. Юмыг олон талаас нь боддог, хардаг. Хуульч биш гишүүд гэвэл тэр багт П.Очир¬бат гуай бид хоёр л байсан. П.Очирбат гуай бол аргагүй асар их туршлагатай. Юмыг маш олон хүчин зүйлээс нь олж хардаг хүн дээ.
    НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХЭД УЛС ТӨР МИНИЙ ХУВИЙН
    ЗАН АРАНШИН, ХҮНИЙ МААНЬ ДОТООД ТӨЛӨВТЭЙ
    ОГТ ТОХИРОХГҮЙ БАЙСАН ШҮҮ
    -Та бас УИХ-ын гишүүн бай¬сан. Харин улс тө¬рийн халуун амьдралаас яа¬гаад тэр эрт өөрийгөө татаж авсан юм бэ. Одоо ингээд харж байхад Д.Дэмбэрэл гуай нэгэн том багана л харагддаг. Нөгөө талаас бусад улс орны парламентад бүх талаар жигдэрсэн, нас ухаан тэгширсэн улс л сууж байдаг. Манай парламент боло¬хоор нэг тийм бядгүй ха-рагддаг .Гэхдээ нэг тийм далд ойлголтын талаар ярьж байна гэдгийг маань та ойлгож байгаа байх.
    -Би 1996 онд хоёр дахь удаа¬гаа дэвшээд Булган айм¬гийн дөрөвдүгээр тойрогт унасан л даа. Тэгээд л ерөөсөө нэг жил хагасын дараа намайг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилчих¬сон. Цэцийн гишүүн чинь улстөржиж болдоггүй. Хуулийн дагуу төвшин ажиллах ёстой. Ингээд л үндсэндээ улс төрөөс гарсан. Гэхдээ ний нуугүй хэ¬лэхэд улс төр миний хувийн зан араншин, хүний маань дотоод төлөвтэй огт тохирохгүй байсан шүү. Улс төр чинь жудгаар их хэцүү эд шүү дээ. Совесть гэж ярьдаг. Миний совестьтой ерөөсөө тохирч өгөхгүй байсан. Улс төрд би уг нь 80-аад оны сүүлээс орсон л доо. Энэ хугацаанд намын Төв хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга ч байж үзлээ. Их хурлын намын бүлгийн ахлагч ч байж үзлээ. Тэгээд л явцын дунд улс төр миний ерөнхий ааш авирт тохирохгүй эд байна гэдэг бодол төрсөн л дөө. Гэхдээ 1996 онд намаас нэр дэвш гэхээр нь дэвшсэн. Тэгээд уна¬сан. Тэгж унаад зарим хүн, тухайлбал, насаараа албан тушаал, карьер хөөсөн улс бол жаахан сэтгэл санаагаар унадаг л юм байна лээ. Надад бол ямар ч тийм ялагдсан гэсэн зовиуртай мэдрэмж төрөөгүй. Тэгээд л би эрдэм шинжилгээний болон багшлах ажилдаа шилжээд л явсан. Ялагдал бол дараагийн ялалтад ирлэж өгдөг зүйл л дээ. Тэгээд л судалгааныхаа ажил дээр тууштай зүтгэхээр шийдсэн. Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич хэргэм 2003 онд хүртлээ. Энэ нь нөгөө ялагдал шинэ ялалтад ирлэж өгсний жишээ юм даа. Одоо улсууд төрийн бус элдэв академи гэдэг байгууллага байгуулаад тэр¬ний гишүүн болчихоод өөрий¬гөө академич гээд давхиж байгаа харагдах юм. Академич гэдэг бол уг нь өөр шалгуу¬раар явж, Шинжлэх ухааны акаде¬мийн их чуулганаар сонгогдоод, дараа нь Монгол Улсын Ерөн¬хийлөгчид мэдүүлээд, Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гар¬гаж байж олгодог хэргэм шүү дээ.
    -Таны амьдралын том даваа, том бахархал биз дээ?
    -Элдэв цол зэрэг зүүж л явлаа. Хамгийн хүндтэй хэр¬гэм бол академич. Жи¬шээ нь, манай Булган аймгаас ака¬демич болохоор улс байсан л даа. Манай их эрдэм¬тэн Санжмятавын Гаадамба багшаас өгсүүлээд. Булган аймгаас академич огт төрөөгүй байж байгаад анхны академич нь би болсон юм. Түүнээс хойш ч гэсэн төрөөгүй л байна. Тэгэхээр энэ бол ямар нэгэн үнэлгээ байх л даа.

    -Та намынхаа гишүүнч¬лэлийг сэргээсэн үү?
    -Үгүй. Одоохондоо нам бус л байна.
    -МАН нэрээ сольж ни¬лээн том давалгаа үүс¬гээд, тэрнийхээ ард бас л том цохилт амсчихаад байж байх шиг байна .Тэдний хувьд түүхийн¬хээ сонин үеийг туулж яваа болов уу. Энэ сонин үед олон төрлийн шил¬жилт хөдөл¬гөөн, улс¬төрч¬дийн зан суртахуу-ныг тойрсон хачирхал¬тай асуултын тэмдэгнүүд гарч эхэллээ. Энэ нам дахиж сэргэхгүй байх гэж зарим нь ярих юм. Асар том уналт гэж хэсэг нь үзэх юм.Та МАН-ыг тойрсон сүүлийн үйл явдлуудын талаар дүг¬нэлтээ хэлэхгүй юу?
    -МАН гэсэн хуучин нэрийг сэргээх нь зүй ёсны хэрэг байсан. Гэхдээ энд тактикийн алдаа гаргасан. Манай залуу удирдагчид арай хэтэрхий омголон хандсан. Түрүү¬чийн 2008 оны сонгуулийн эхэн дээр сольсон бол болох бай¬сан. Цагаа олоогүй. Гэтэл энэ чинь үнэндээ бол Хувьсгалт гэдэг бол комин¬тернээс тулга¬саар байгаад өг¬сөн нэр шүү дээ. Тэгэ¬хээр үүнийг сольчих¬лоо гээд нэг их сүрхий хохирол учраад сүйд болоод байх юм байхгүй л дээ. Гэтэл энийг замаас нь улстө¬рийн сул орон зайд гарчихсан том лиде¬рүүд ашигласан. Тухайлбал, ерөн¬хийлөгч асан Н.Энхбаяр бол үүнийг гярхай ажиглаж байсан. Тэгээд л МАХН гэж нам байгуулаад л явчихсан. Юмны нарийн учрыг олдоггүй нэлээн жаахан ахмад үе байна. Зүгээр дагаж шуурсан залуу үе байна. Тэд дагаад шуурсан. Дээр нь тэр Н.Энхбаярыг барив¬чил¬сан бүтэлгүй техник¬тэй болхи явдал энэ тэрээс болоод хэсэг бүлэг нөхөд тог¬лоод гараад ир¬лээ шүү дээ. Ийм үед хүмүү¬сийн чанар танигддаг л даа. Ер нь улс тө¬рийн том давалгаан дээр улс төрийн зүтгэлтэн хүний мөн ча¬нар танигддаг. Зарим нь үүнийг маш гярхай ажиглаж, өөрийнхөө карьерт нэмэр болгодог. Жи¬шээ нь, Черчиль ч гэсэн яг ийм агшныг нь олоод л нам солиод л дээшээ гарч бай¬сан хүн шүү дээ. Тэрэн шиг ийм оролдло¬гыг хийж байна. Гэхдээ бүтэлтэй юм уу, үгүй юм уу бүү мэд. Жишээ нь, Д.Арвин гишүүн Ардчилсан намд орж байна.

    -Жудаггүй л юм болчих¬лоо гэх үнэлэмж давам¬гайлж байх шиг?
    -Монголчуудын төрийн зүтгэлтэн дээр авч үзэж бай¬сан их том чанар байна шүү дээ. Төв эрхэмсэг шинж гэж. Тэр шинж гэдгийг зүгээр нэг гүндүү¬гүй чимээгүй байгаад байх юм шиг тийм маягаар ойлгодог улстөрчид ч байна. Монгол¬чуу¬дын энэ эрхэмлэж ирсэн шинж чанар одоогийн ардчилалд нийцэхгүй мэт. Тэр чинь ерөө¬сөө эрхтэй атлаа болгоомжтой, найртай атлаа хэрсүү байх чанар шүү дээ. Энэ чанарыг үл ойшоосноос болж өнөөдөр ерөөсөө л чанга хашгирсан, хэлэх хэлэх¬гүй элдэв үг хэлж орилсон тийм хүмүүс л ард түмнийг хамгаа¬лагч, мундаг юм шиг харагдаад байдаг. Ер нь өрнө зүгт анх энэ парле гэдэг чинь Францын ярих, их чалчих гэсэн үгнээс гаралтай эд шүү дээ. Өрнөдөд бол ярьж хаш¬гирч, маргаж улс төрийг хий-дэг. Дорно дахинд, дорно дахины түшмэл ухаан гэдэг чинь маш их нягталж, боловс¬руулж байж асуудлаа тавьдаг. Энэ хоёрын хооронд өнөөдөр их зөрчил үүсч байна. Өрнө¬дөөр явах гэхээр бас их сонин, дорнынхныгоо хуучин хэвээр нь уламжлах гэхээр бас их эвгүй. Энэ дундаас нэг юм тогтох гээд л оролдоод байна л даа. Монголд олон намын систем тогтсон. Гэхдээ олон намын системийн хамгийн ашигтай хувилбар бол хоёр на¬мын систем байдаг л даа. Яахав олон нам уралдаад тэргүүлэх хоёр нам гарч ирээд цаашаа явдаг ийм олон намын систе¬мийн доторх хоёр намын сис¬тем гэж байна. Улс төр судла¬лын ойлголтоор. Тэгэ¬хээр хоёр намын систем тогтох хандлага манайд хүчтэй болоод, ер нь тогтох янзтай болоод ирсэн. Гэтэл сүүлдээ энэ хоёр нам маань, хуучин МАХН буюу одоогийн МАН, өнөөгийн Ард¬чилсан нам хоёрын удирд¬лага аль аль нь олон түмний дунд маш нэр хүндгүй болсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр санхүү¬гийн олигархитай бүгд нэгдсэн. Санхүү, эдийн зас¬гийн¬хаа чиглэлээр ерөөсөө МАН, АН гэхгүй торлогдсон байгаа юм. Тийм учраас санхүү, эдийн засгийн асуудал дээр энэ хоёр нам нэгдчихдэг. Тэгээд наа¬гуу¬раа ард түмний төлөө явж байгаа мэт янз бүрийн дүр үзүүлдэг. Ийм л байдал бий болоод байсан л даа. Тэгээд яахав саяын сонгуулийн дүн харууллаа шүү дээ. Энэ хоёр намын аль алинд нь ард түмэн итгэл сайн өгсөнгүй. Хоёр том намын аль нэг нь давамгайлах боломж олгосонгүй л дээ.

    -Өмнөх сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан.Тэгээд хамтарсан засаг байгуул¬сан. Тэр процессыг та юу гэж хардаг вэ. Одоо харахад МАН элэг рүүгээ нэ¬лээн сайн тийрүүлээд л явж байх шиг харагдах юм.
    -Үнэндээ бол энэ цөөхөн, гурван сая хүрэхгүй ард түмэнд аль болохоор нэгдэх үйл ажиллагаа хэрэгтэй.
    Түрүүчийн хамтарсан засгийн үед шийдэхгүй байсан олон асуудлыг хурдасгасан, гацаанаас гаргасан сайн тал бий л дээ. Тэр үед сэтгүүлчид та нар сөрөг хүчингүй болчихлоо гэж их шүүмжилж байсан. Бусад хүчин гаднаас шүүмжилж байсан. Ард түмэн шүүмжилж байсан. Би бол тодорхой тактикийн хувьд энэ хоёр нам нэгдэж ажилласан үйл явц буруугүй байсан гэж бодож байгаа. Гэхдээ сүүлдээ МАН нэрээ сольж, түүнийгээ дагасан тодорхой хүндрэл амсаад ирэх үед нь нөгөө хүчин нь дахиад улс төр хийж эхэлсэн. Ардчилсан нам ханилж яваад нөгөө хүчнээ тодорхой бэрх¬шээл амсаад эхлэнгүүт эндээс том ялалт байгуулна гэж тооцоод сон¬гуульд итгэл дүүрэн орсон. Хаяж га¬раад л, тийм үү. Гэтэл бас том ялалтаа ч байгуулж чадсангүй. Ардчилсан намын нэг жудаггүй нь энэ ялал¬т дээр МАН-ыг улс төрийн тавцангаас ерөөсөө арччихъя гэсэн бодлого явуулаад байгаа нь. Энэ бол яаж ч харсан жудаггүй хэрэг л дээ. МАН-аас салсан МАХН-тай эвсэл бай¬гуулж ч байх шиг. Энэ чинь Мон-голын ард түмний эрх ашгийн үүднээс тооцох юм бол байх боломжгүй үйл явц шүү дээ. Тэгээд л Ерөнхий¬лөгч асан Н.Энхбаярыг дагасан янз бүрийн яриаг цаагуур нь дэвэргээд л, тэгсэн мөртлөө Н.Энхбаярыг ерөн¬хийдөө яллах тал руугаа өөрсдөө шийд¬вэр гаргаад л. Бас дахин цаа¬гуураа МАХН гэсэн хэсэг хү¬нийг улам дэвэргээд ингээд явж байна л даа. Нөгөө л миний хэлдэг улс төрийн жудаг, улс төрийн совесть гэдэг юм энд харагдаж байна. Ц.Дамдинсүрэн гуайгаас манай доктор С.Галсан багш “Совесть гэдэг үгийг яаж орчуулах юм бэ, Дамдин¬сүрэн багш аа” гэж асуусан гэдэг. Тэг¬сэн чинь цаадах нь жаахан харж байгаад монголчуудад совесть гэж байхгүй юм чинь тэрийг орчуулж яах юм” гэчихээд яваад өгсөн гэдэг. Үүнийг би яагаад татаж авчирч дурсч байна вэ гэхээр одоо энэ Д.Арвин гишүүний явдал, тэгээд л энэ Ардчил¬сан намын хийж байгаа явдлууд яг л энэ үгийг өөрийн эрхүй санаг-дуулаад байна л даа. Жудаг гэдэг ойл¬голт бидэнд маш чухал байна. Намуудын төр барьж байгаа үйл явцыг харахаар хамгийн шүүмжлэх зүйл бол ерөөсөө төрийн бодлогын залгамж чанарыг үгүйсгэдэг нь байна. Энэ чинь явж явж үндэсний эрх ашгийг үгүйс¬гэчихэж байгаа юм. Зөвхөн намынхаа эрх ашгийг тэргүүндээ тавиад бай¬хаар үндэсний эрх ашигт хохирол уч¬раад байгаа юм.
    Нэг нь үнэхээр сайн юм хийж байс¬¬наа тэгсхийгээд л хаячихаж байгаа шүү дээ. Зарим нь бол одоо жинхэнэ хэрэгтэй юмыг сүйд болтлоо ярихгүй байна. Жишээ нь, Баабар бол Мянганы зам мянгуужин гээд л бичээд байсан. Гэтэл ямар том үр дүн гарав. Одоо тэр Мянганы зам энэ тэрийн тухай цааш нь үргэлжлүү¬лэх нь үү, үгүй юу. Нэг их онц юм ам¬наас нь гарахгүй л байгаад байна. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Ногоон хэрэм билүү хүрэм билүү тийм хөтөлбөр боловсруулаад түүгээрээ нэлээн шуугиулж эхэлсэн. Сайхан хөтөлбөр байсан .Гэтэл дараагийн МАН гараад тэрийг нэг их тоохгүй явчихаж байх жишээтэй. Монголын үндэсний эрх ашгийн төлөө хийж байгаа бие биенийхээ хамгийн сайхан ажлыг дараагийн эрх баригч хүчин аваад явдаггүй, булаад л хаячихдаг .Энэ бол аймшигтай хэрэг. Ер нь үндэс¬ний эрх ашгийг намын эрх ашигтай хутгаад байх юм бол ерөөсөө явахгүй. Монгол чинь цөөхөн хүнтэй. Жишээ нь хүний нөөцийг ашиглах асуудал бол төрийн албанд хамгийн чухал. Тэгтэл бүгдийг нь түдгэлзүүлээд л, хуучин тэр намын зүгтэй хүн гэж хэлээд л албанаас нь халаад өөр хүн тавиад байна. Бид харж байна л даа. Үнэхээр бас халууштай улс бий л дээ. МАН-ын хуучин олон жил архагшчихсан, юу ч хийдэггүй, дарх¬лагдсан нөхдүүд бий. “Эрхэшсэн да¬дал ухааныхаа зөвийг бид төрүүлдэг” гэж айхтар үг байна шүү дээ, мон-голчуудад. Тэрэн шиг маш муухай дадалтай. Мөнгө төгрөг хэрэгтэй, Оюутолгой, Тавантолгойг ашиглах хэрэг¬тэй. Гэхдээ ашиглаад хэрвээ мөнгө оллоо ч гэсэн хэд хэдэн муухай дутаг¬дал байна. Муухай монгол хүний шинж гэж би тэрийг хэлнэ. Нэгдүгээрт, ерөө-сөө цаг ашигладаггүй. Одоогийн за¬луучууд шөнө хий дэмий тэнэж тэнэ¬чихээд л маргааш нь ажилдаа оч¬доггүй. Хагас бүтэн сайн өдрөөр 11-12 цаг хүр¬тэл унтаж байна шүү дээ. Ерөөсөө цаг ашигладаггүй. “Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт жиргэж бай” гэдэг чинь айхтар үг шүү дээ. Хөдөлмөрийн баатар С.Очир гуай “Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг юм гэж дандаа захидаг байсан. Биднийг дунд сургуульд байхад уулзалт хийгээд. Эцсийн эцэст залхууралд автаж байна. Залхуурлын шагнал бол ядуурал шүү дээ. Хоёрдугаарт, монгол хүн өөрөөсөө буруу хайдаггүй.Дан бус¬дад буруугаа чихэж байдаг. Энэ шинж нь маш хэцүү. Зүгээр сонирхуу¬лаад хэлэхэд төв талбай руу зам наашаа нэгдүгээр зам руу эргэдэг байхад миний сууж явсан нэг таксины жолооч хоёрдугаар замаар эргээд торгуулж байсан л даа. Дараа нь нэг залуугийн таксинд суугаад явж байсан. Нөгөө залуу хоёрдугаар замаар эргэх гээд “Хөөе, чи болохгүй торгуулдаг юм бай¬на лээ” гэсэн. “Гайгүй байлгүй, танд ямар хамаа байна” гээд ганцхан эргэсэн. Тас буугаад торгуулсан.Буцаж ирэхдээ “Та муу ёрлоод торгуулчихлаа” гэсэн. Ингэж л монголчууд дан бусад руу буруугаа чихдэг. Гуравдугаарт, монгол хүн чинь өөрөө өөрийнхөө дошин дээр тошийчихоод бусдын юмыг явуул¬даггүй шүү дээ. Үүдний жижүүрийн дургүйг нь хүргэсэн бол “Дорж байна уу гэхэд байсан байгаагүй гээд явуулчих жишээний. Нэг түшмэл дээр орлоо. Ерөөсөө нэг жижиг цаас өгчих байтал өнөөдөр ажилтай, маргааш 2 цагаас гээд явуулдаг. Ингээд л бие биенээ уяад байдаг. Ялангуяа янз бү¬рийн зөвшөөрөл өгдөг албан тушаалт¬нууд дан хүний гар хараад сурчихсан. Ийм дадалтай улсыг үнэхээр халах хэрэгтэй. Харамсал¬тай нь, тэрний оронд ирээд сууж байгаа нь нөгөөдөхөө улам чанга үргэлжлүүлдэг сэтгэлгээтэй байдаг зовлонтой чанарууд байна. Энэ муухай чана¬руудыг даван туулж байж л Монгол Улс хөгжинө. Дөрөв дэхь нэг юм гэвэл ахмад үеийн залгамж халааны асуудал. Нэг үе жараас дээш насны хүн бол хүн биш маягтай байсан. Да¬раа нь тавиад насны, одоо бүр дөчөөд насанд нь л ажилд авахгүй хөгширсөн гээд хөөдөг болж. Ингээд байвал Мон¬гол Улс яаж хөгжих вэ дээ.
    ӨӨРСДИЙНХӨӨ ТӨРСӨН ӨДРИЙГ Ч САЙН МЭДЭХГҮЙ БАЙЖ
    ЕСӨН ЗУУНЫ ТЭРТЭЭХЬ ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ ОН САРААР НЬ ТОГТООНО ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ
    -Манайхан эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой гээд нэлээд их юм боллоо. Төдий¬лөн сүртэй ой тойнд үлдсэн юм бага байна. Гэхдээ сая Чингис хааны төрсөн өдөр гэж тэм¬дэглэлээ. Энийг бүр сонирхож таниас асууж лавлая гэж бодож байлаа. Үнэхээр ингэж тодор¬хой¬лох бололцоотой юм уу. Саяны тэмдэглэчихсэн маань үнэхээр ямар өдөр юм бэ?
    -За, энэ бол хэцүү асуудал. Бүр Чингис хааны төрсөн он дээр хүртэл эрдэмтэд маргадаг.1155 он гэж нэг хэсэг эрдэмтэд ярьдаг, 1162 он гэж ярьдаг. 1162 оныг илүү бодитой гээд манай мэргэн сайд Г.Амар гуай бол энэ 1162 оныг тогтоосон. Олонхи нь тэ¬рэн дээрээ тогтдог. Төрсөн өдрийг дундад зууны үеийн янз бүрийн эх сурвалжуудад янз бүрээр бичсэн. Нэг хэсэг нь өвлийн эхэн сард гэсэн. Нэг хэсэг нь хавар, зуны эхэн сард төрсөн гээд янз бүрээр бичсэн. Тэгээд 1962 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо Чингис хааны 800 жи¬лийн ойг тэмдэглэх тогтоол гаргасан. Түүхийн хүрээлэнгийн оруулсан саналыг үндэслээд 1962 оны зургадугаар сарын 10-нд тэмдэглэсүгэй гээд тог¬тоол гаргасан. Гэтэл хүмүүс янз бү¬рийн хэл ам гаргасан. Энэ биш гээд.
    -Гэнэтхэн Чингис хаан гэж ярихгүй явж байгаад Төв хорооны тогтоол гараад баахан юм хийсэн юм байна лээ. Марк хэвлүүлээд л, хөшөө бариад л. Тэр яг юунаас үүдээд өрнөсөн ажил вэ. Урьд нь бол хүрч чадахгүй л яваад байсан биз дээ?
    -Ерөөсөө л ард түмний сэтгэлд Чингис хаан хадаастай байсан шүү дээ. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ж.Цэдэнжав гээд хүн байсан. Тэр хүн л анх академич Ш.Нацагдорж багштай уулзаж, танайх ер нь Төв хороонд Эзэн Чингис хааны ойг тэмдэглэх санал оруул гэ¬сэн юм билээ. Тэр дагуу санал оруул¬сан. Тэгээд тэрийг Д.Төмөр-Очир гуай анх маш хүчтэй дэмжсэн. Тэгээд үүнийг Ю.Цэдэнбал гуай эд нар ч тухайн үедээ ерөнхийдөө зөвшөөрөөд тогтоол гаргачихсан.

    -Та 90-ээд оны эхээр архивынх нэлээн ховор баримт руу орсон юм байна лээ.Би таны бичсэн нэг номыг уншсан юм. Ю.Цэ¬дэнбал гуай бол тэр хүмүүсийг хориглоогүй, жаа-хан бол¬гоомжтой л дэмжсэн юм билээ. Гэхдээ Д.Төмөр-Очир гуай шиг хүчтэй биш, зүгээр дэмжсэн маяг л үзүүлж байж гэж ойл¬госон.
    -Тийм. Ю.Цэдэнбал гуай ерөнхий¬дөө зарчмыг нь зөвшөөрөөд л явсан. Урьд нь бол Ю.Цэдэнбал гуай Чингис хааны тухай маш хатуу үг хэлж байсан хүн шүү дээ.
    -Тэр чинь хэдэн онд билээ?
    -1949 онд сургуулиудад түүх, утга зохиол зааж байх тухай Намын төв хорооны тогтоол гаргах энэ асуудлаар шалгалт хийхдээ Намын төв хороонд бичсэн захидалдаа “Чингис хаан бол одоогийн Гитлер шиг л хүн” гэж бичиж байсан. Тэрнээсээ болоод ерөнхийдөө тийм таатай биш байсан байх. Гэхдээ л эрх биш монгол хүн юм байна Ю.Цэ¬дэнбал гуай мэдээж Чингис хааныг юу юугүй тэгж үгүйсгэх билээ. Тэр үеийн үзэл суртал нь барина, бас залуу байсан болоод л тэгсэн байх. Нэг их хүчилсэн юмгүй мөртлөө сүүлд хориглоогүй л явчихсан байдаг. Тэгээд зургадугаар сарын 10-нд гээд л тогтоол гаргачихсан. Бүр төв хо¬роо¬ноос бүр тусдаа он, цагийг тогтоох тухай түүхчид, одон орончид, Гандантэг¬чинлэн хийдийн хамба лам Гомбожав гуай эд нар тэр багт орсон. Тэр үед чинь Монголын их зурхайчдын шавхруу нь байсан шүү дээ. Тэд нар ороод монгол, хятад, төвд хэл дээр байгаа сурвалжуудыг ашиглаад дахин дахин зурж үзээд их хааны мэндэлсэн өдрийг тавдугаар сарын 31 гэж тогтоо¬сон. Тэгээд тавдугаар сарын 31-нээр энэ ойг тэмдэглээд, эрдэм шинжил¬гээний хурал хийгээд, тэрнээс хойш түүх, утга зохиолд тавдугаар сарын 31-нд төрсөн гээд л яваад байсан.
    -Марк гаргаад, хөшөө бариад.
    -Тийм. Дэлүүн Болдогт хөшөө барьсан.

    -Тэр маркийг та зах зухыг нь үзэж байсан уу?
    -Байсан л даа.

    -Тэгсхийгээд дорхноо устсан юм биш үү?
    -Их олон марк байсан шүү дээ. Цуврал. Хэдэн ширхэг хийлээ. Тэр¬нээс ерөөсөө 25 мянга нь л борлогдсон байгаа юм. Хоёр сая 500 мянган ширхэг хийсэн санах юм. Тэгээд 25 мян¬га борлогдоод л ерөөсөө хаа¬чихсан шүү дээ. Тэр чинь дэлхийд үнэ¬¬хээр ховор марк гээд сүүлдээ маш их үнэд орсон.
    -Тэгж анх хөшөө барих, марк гаргахдаа зураг хөрөг шалга¬руулсан юм билээ. Бидний цаг төр нээлттэй болсноос хойш Чингис хаан гэж хардаг болсон хөргийг хятад зураач зурсан гэх мэтээр янз бүрийн юм ярьдаг. Тэр битгий хэл манай Төрийн ордны урдах хөшөөний төр¬хийг ч гэсэн зарим хүн таа¬шаадаггүй. Тэгэхээр тэр үед эзэн хааны дүр төрхийг яаж гаргаж байсан юм бол?
    -Тэр өөрийн чинь ярьж байгаа зураг л байсан. Одоо тэр Тайваньд эх нь хадгалагдаж байгаа зураг. Чингис хааныг тэнгэрт хальсанаас хойш хамгийн ойрхон хугацаанд зурсан зураг. Тэрнээс гадна манай зураачид ч бас зурсан.
    -Мэдээж манай зураачид тэр зурагнаас л санаа авна биз дээ?
    -Тийм. Гэхдээ арай монголжуу төрхтэй зурсан байсан л даа. 2 сая 500 мянган марк хэвлэсэн. Дээр нь нэг дугтуй хэвлэсэн. Чингисийн зурагтай. Үндсэндээ тэр Тайваний музейд хадгалагдаж байгаа зургийг л үндэс болгосон юм. Бидийг тэр зургийг үзэх гэж ороход “Та нар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын дараа эх зургийг нь үзсэн хоёр дахь хүмүүс болж байна” гэж Тайваний тал тайлбарлаж байсан.
    -Одоо ч гэсэн Тайваньдаа бай¬гаа юу?
    -Тийм. Тэндээ л байгаа.
    -Төд удалгүй нөгөө марк, хөшөө бүгдийг бужигнуулаад яв¬чихсан?
    -Тийм, тийм. 1966 онд, 1980 онд хоёр удаа хөшөөг буулгах үүргийг Ю.Цэдэнбал дарга өгч байсан. Гэвч монгол хүнд Эзэн Чингисийнхээ хөшөөг буулгая гэсэн сэтгэл ерөөсөө байхгүй. Янз бүрийн арга зохиосоор байгаад тэр хадны зургийн хөшөөг авч үлдсэн. Дэлүүн Болдог дээрх том хадны зураг.

    -Тэгээд сая тэмдэглэсэн төрсөн өдөр маань юу болж таарч байна вэ?
    -Юмыг шинээр сэтгэнэ, түүхэн үнэнийг сэргээнэ гэхээр янз бүрийн хүмүүс, түүх мэдэх, мэдэхгүй долоон шидийн улсууд янз бүрийн санал гаргаж ирэх юм байна шүү дээ. Төрсөн өдөртэй холбоотой асуудлаар ярьсан нэг удаагийн хурал дээр би “Та нар чинь өөрсдийнхөө төрсөн өдрийг сайн мэдэхгүй байж аль есөн зууны тэртээх Чингис хааны төрсөн өдрийг он, сараар нь тогтооно гэж юу байдаг юм бэ. Нэгэнт л хуучин эрдэмтэд эх сурвалжаар нь үндэслэж тогтсон. Тэрүүгээр нь явбал яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд хурал хуй нь тарж байсан явдал бий. Тэгсэн янз бүрийн хүмүүс Ерөнхийлөгч рүү бичсээр байгаад л арваннэгдүгээр сарын дундуур төрсөн болгоод, тэрийг нь Ерөнхийлөгч дэмжээд явчихсан.
    -Энэ шийдвэрийг гаргахад буурьтай түүхчид оролцсон юм уу.Голдуу бөө гэх мэт сайн дурынхан оролцсон гэх юм.
    -Оролцсон юм шиг байна лээ. Зарим нэг академич ч оролцсон бололтой байна лээ. Харин төрийн ордны үүдний хөшөөний баруун зүүн талд нь Хубилай хааныг байлгах уу гэж тэр Их Монгол Улс байгуулагдсаны 850 жилийн ойн комисс надаас асууж байсан. Хубилай хаан чинь Монголын нэрийг дэлхий дахинд хоёр дахь удаагаа мөнхөлсөн асар том хүн шүү дээ. Тийм учраас байлгах ёстой гэсэн. Тэгээд баруун гарт нь Өгөдэй, зүүн гарт нь Хубилай байдаг. Арван¬нэгдүгээр сарын 14-нийг Үндэсний бахархлын өдөр гэж хэлэхээс яг Чингис хааны төрсөн өдөр гэж хэлэхэд хэцүү л болчихоод байгаа юм. Зарим нь хэсэг нь арванхоёрдугаар сарын 22-нд ч төрсөн гэж байх шиг элдэв юм яриад л байх юм. Яаж ч судлаад яг тэрнийх зөв гэж тогтооход маш бэрх шүү дээ. Тийм учраас нэгэнт төр тогтоочих юм бол тэрийгээ бариад л цааш явахаас өөр аргагүй.
    -Чингисийн нэрийг эргэж сэргээх, алдар сууг эх оронд нь мөнхлөх давалгааг Д.Төмөр-Очир гуай оройлон зүтгэсэн. Тэр үеэр Д.Пүрэвдорж гуай Чингис шүлгээ бичсэн. Гэхдээ тэр шүлгийг чинь Ю.Цэдэнбал гуай гэхээсээ илүү Ширэндэв гуай жаахан таашаагаагүй юм биш үү?
    -Яахав, Ширэндэв гуай бол зарим нэг юман дээр нь шүүмжилж байсан. Ч.Чимэд гуай ч шүүмжилж байсан. Гэхдээ тэд ярьж байгаад радиогоор нэвтрүүлье гэсэн л дээ. Тэгээд тэр удаа нэг нэвтрүүлсэн шиг байгаа юм шүү. Шүлэг нь ч анх Буриадын Байкал сэтгүүлд гарсан.
    -Д.Төмөр-Очир гуай энэ хэргээр илүү их хэлмэгдсэн биз дээ?
    -Тийм. Энэ явдал том хүчин зүйл байсан. Ер нь юмыг жаахан хатуу ширүүн хэлчихдэг байсан нь хүмүүсийг өөрөөсөө холдуулах тийм байдалд хүргэсэн л дээ.
    -Та Өвөрмонголд байдаг Чингисийн онгон дээр очиж байсан уу?
    -Би хоёр, гурван ч удаа очсон.
    -Тэнд очиход ямар мэдрэмж төрж байх юм?
    -Тэр хүмүүс онгоноо хамгаалж бүр дээр үеэсээ явсан. Бас нэг сэтгэгдэл төрнө шүү.Сүүлийн үед улам их гоё болгож. Энэ маань яг жинхэнэ онгон нь биш шүү дээ.
    -Монгол туургатны ул мөр хаана л байна тэнд овоо бунхан босгоод байвал биднээс улам л алсарна биз дээ?
    -Гэхдээ шарилыг нь авч явсан тэрэг тэнд нэг эвдэрч барьсан гэдэг. Тэрүүгээр нь л бэлгэдэж анх босгосон эд шүү дээ.
    -Манайд одоо Чингис хааны онгоныг хайх үйл ажиллагаа ил, далд явж байдаг юм уу, бүр зогсчихсон байдаг юм уу?
    -Зөндөө, гадна дотны янз бүрийн улс ийм юм ярьж байна шүү дээ. Тэгээд л энд байна, тэнд байна гээд л ерөөсөө Хятадад ч, Монголд ч цуураад. Янз бүрийн юм их ярьж байна. Бурхан Халдун ууланд байгааг хиймэл дагуулын зургаар харсан. Тэнд байна ч гэх шиг янз бүрийн юмыг хүмүүс гаргаж ирж байна. Гэсэн ч яг тэнд байна гэдгийг тогтоож чадаагүй. Дэлхийн баян хүмүүсийн анхаарлыг татаж, мөнгө олж хайгуул хийх гэсэн эрдэмтэн, судлаачдын оролдлого нилээн байдаг шиг байгаа юм. Тэдгээр оролдлого дотроос 90-ээд онд Японтой хийсэн экспедиз бол маш их ажилласан л даа. Гэхдээ тогтоож чадаагүй. Энэ ёстой нууцын нууц төрийн бодлого байсан юм шиг байгаа юм. Монголын хаадын оршуулгын асуудал. Монголын 37 хаан суусан гэж ярьдаг шүү дээ. Тэр 37 хааны нэг ч шарил онгоныг олоогүй шүү дээ.
    -Нэгийг нь ч олж чаддаггүй нь үнэхээр сонин юм шүү.
    -Тийм. Ерөөсөө олоогүй. Тэгэхээр энэ бол төрийн маш нарийн бодлого байсан шиг байгаа юм. Тийм учраас олдохгүй байгаа юм. Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр Хөдөөгийн Пэрлэй багш хэлсэн байдаг юм л даа. Ерөөсөө ардын аман зохиолын мөрөөр мөшгиж тодорхойлохгүй бол ямар ч сурвалжид байхгүй байна гэж. Биднийг оюутан байхад Пэрлэй багш Чингисийн онгоныг олох болов уу гэхээр хачин үг хэлдэг байсан. “Одоо болоогүй, одоо гаргах юм бол үзвэл үнс, харвал хальс болчихно” гэж. Дандаа тийм үг хэлдэг байсан. Тухайн үед нь бид инээгээд л өнгөрч байсан. Сүүлд бодоход нэлээн шинжлэх ухаан, технологи хөгжсөн үед олох ёстой. Яагаад гэвэл олон жил дарагдсан юм чинь сайн бэхжүүлж барихгүй бол ёстой л үзвэл үнс, харвал хальс л болчих байх.Тэрийг бодож хэлж байсан үг юм билээ. Одоо эрэл, хайгуул бол явж л байна. Гэхдээ нэг их амжилт олохгүй байна. Хамгийн том язгууртны булш Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон. Тэгэхэд хатны алтан титэм, бөгж, алтадсан эмээл энэ тэр олдсон. МУИС-ын сан хөмрөгт одоо хадгалж байгаа. Тэгэхээр аажим аажмаар дөхөж байна л гэсэн үг.

    -Манайхаас мундаг мундаг олдворууд илэрдэг. Гэвч түрүүчээсээ алдагдаад, хэрүүл заргатай л байх юм. Бүгдийг нь нэгтгэсэн, хамгаалж хадгалах төрийн бодлого гэж байдаг юм уу?
    -Их олон жил ярьж байна. Том музей байгуулбал асар том музей байгуулна. Яагаад гэвэл Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд баахан үнэтэй олдворыг өнөөдөр хийх газар байхгүй подвальд эсвэл контейнерт л байж байдаг. Гэтэл тэрийг чинь бүгдийг нь цуг-луулаад нэг музей байгуулбал хичнээн сайхан. Энийг яриад л байдаг. Гэвч ямар ч Засгийн газар хэрэг¬жүүлдэггүй. Олдворуудаараа дэлхийн түүхчдийн анхаарлыг татах маш ховор сайхан музей байгуулж болно шүү дээ.
    ЧИНГИС НЭРТЭЙ БРЭНД АРХИА ХААХ НЬ БИДЭНД ЯМАР АШИГТАЙ ЮМ БОЛ
    -Чингис гэдэг нэрийг тойрсон бас нэг бөөн юм боллоо. Бүгдийг нь хурааж, төр өмчилнө гэнэ. Чингис гэдэг нэр, энэ алдар суу чинь Монгол орон¬доо л баялаг болж байх ёстой биш юм уу. Чингис гэдэг нэртэй бүтээгдэхүүнийг бид үйлдвэр¬лэх эрхгүй юм бол хэн эрхтэй байх вэ. Та юу гэж бодож байна?
    -Монголчууд чинь туйлшрахаараа хэцүү улс шүү дээ. Ахиад л энэ удаа туйлширч байна. Маш өнгөцхөн харж байна. Жишээ нь, Чингис гэсэн нэртэй архины шил хогон дээр хэвтэж байна гэх маягаар ийм өнгөцхөн юм л хараад байгаа юм. Гэтэл энэ бол ганцхан архины шилний асуудал биш шүү дээ. Чингис хааны зураг, ном сэтгүүл зөн¬дөө л гарч байгаа шүү дээ. Мөн ялгаа¬гүй л хогон дээр хэвтэж байгаа. Тэрийг хаах нэрийдлээр Чингисийн зураг хөргийг ерөөсөө л хэвлэж болохгүй гэсэн туйлшрал явуулж байгаа хэрэг. Тэрнээс гадна Чингис нэртэй брэнд архийг бид дэлхийн зах зээлд гаргасан нь маш чухал амжилт шүү дээ.
    -Дэлхийд суут хүмүүсийн нэрээр нэрлэсэн архи зөндөө байдаг биз дээ?
    -Зөндөө. Бүр брэнд болчихсон. Монголд брэнд болж байгаа цөөхөн бүтээгдэхүүн байна шүү дээ. Ноолууран эдлэл л байна. Өөр юм байхгүй л яваад байлаа. Явж явж Чин¬гис архи олон улсад брэнд бол¬сон. Энийгээ эрээд ийм туйлширсан давалгаанаар үгүй хийчих юм шиг юм яриад байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Чингисийн нэрийг хамгаалж байгаа хэрэг юм уу. Чингисийн нэрийг ингэж хамгаалахгүй л дээ. Оюун санаандаа өөрчлөлт хийж л хамгаална. Энэ талаар бол илүү өргөн юм ярьж болно. Чингис гэсэн нэртэй монгол брэндээ устгах бидэнд ямар ч ашиггүй. Хэнд ч хэрэггүй, тэр дундаа Монголд ашиггүй энэ мэт элдэв асуудлыг ямар зорил¬гоор гаргаж тавиад байдгийг ойлгохгүй юм. Яг ингээд хөөрцөглөөд явбал олон улсын худалдааны янз бүрийн хууль тогтоомжийг ч хөндөх асуудал гарч ирэх байх.
    -Дэлхийн зах зээл дээр бас нэг хошин явдлаараа яригдах нь л дээ.
    -Чингис гэсэн нэртэй юмаа Монголд үйлдвэрлэхгүй мөртлөө бүр гаднаас оруулж ирнэ ч гэх шиг. Ийм хачин юм байж болохгүй шүү дээ.
    -Чингис гэдэг нэрийн патент Тайвань хүн дээр байсан юм байна лээ. Та энэ тухай сонссон уу?
    -Сонссон.
    -Миний авсан мэдээллээр тэрнийг манай монголчууд хөөцөлдөж байж их өндөр үнээр худалдаж авсан юм билээ. Тайвань хүний нэр дээр байсан бол манайх энд хичнээн дөвчигнөөд нэмэргүй болно биз дээ?
    -Ер нь бол нэмэргүй л дээ. Монгол болъё л доо. Чингисийг үйлдвэрлэхээ болъё. Өмнөд хөрш гэж дэлхийг тэр чигээр нь бүтээгдэхүүнээрээ эзэлсэн улс байна шүү дээ. Тэд шүүрээд л авна биз.
    -Дотооддоо хориглочихвол дор нь гаднын юм болоод, гадны нэр нүүр болоод, гадны бизнес болоод л явчихна шүү дээ.
    -Тийм шүү дээ. Чингис нэрээ ашиглах юман дээрээ ашиглаж сурах хэрэгтэй шүү дээ. Хог дээр хэвтлээ л гээд байх юм. Хамгийн гол нь өөрийгөө Чингисийн үр сад гэдэгт хүндэтгэлтэй хандах тухай л бодлого хий л дээ. Монгол хүн өөрийнхөө үнэ цэнэд хүндэтгэлтэй ханддаг болоод эхлэхэд л энэ бүх юм алга болно шүү дээ.
    -Дотоодынхоо бизнесээр оролдох гэж яваад дэлхийн зах зээлд гарч байгаа ганц нэг брэндээ үгүй хийчихгүй байгаасай.
    -Архийг бид муулж л байна. Бүр Кидан Монгол гаралтай хүмүүс толгойлж байсан Кидан улсад л архи, тамхины хууль гараад, архи нэрсэн хүнийг цаазалж байсан. Дэлхий дахинд зөндөө л тийм юм болсон шүү дээ. Гэхдээ архи бол идээний дээж гэдэг ойлголтыг хүн төрөлхтөн устгаж чадсангүй өнөөг хүрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сүүтэй хундага өргөе л гэж байгаа. Би тэрийг буруу гэхгүй л дээ. Гэхдээ хүн төрөлхтөн тэр чигээрээ идээний дээж гээд аваад үлдчихсэн ийм соёлыг наанатай, цаанатай харах хэрэгтэй л дээ. Хүнээ л боловсруул. Тэр идээнээс болж бүх гай түйтгэр үүснэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудал дээр төрийн түшээд их ухаалаг хандаасай. Популизм битгий хийгээсэй.
    -Энэ төрлийн бизнесгүй хэсэг нь лобби хийгээд нэг хэсгийгээ шахаж байгаа юм шиг байна. Үргэлж л дотоодын дажин өрнөж байх юм даа.
    -Засгийн газар патентыг нь авлаа гэхэд маш ухаалаг хандахгүй бол болохгүй.

    -Бид хүүхдэдээ Чингис гэж нэр өгч болохгүй гэл үү?
    -Хүний эрхийн асуудал шүү дээ. Олон муу үр дагавар гарна. Тийм учраас маш ухаалаг хандахгүй бол болохгүй. Хамгийн эхлээд гаднын зах зээл их ашиглана даа.
    Нийтлэгч Б.Ганчимэг

  • Монгол Улсын харьяат суурин хүн амын 83.8 хувийг халхууд эзэлж байна

    2020-06-16 11:08:26

    Монгол Улсын харьяат иргэдийн үндэс, угсааны талаарх мэдээллийг өмнөх тооллогод 29 бүлгээр цуглуулж байсныг Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор 31 болгож өргөжүүлсэн.
    Тооллогын үр дүнгийн танилцуулгад бүлэгт 100-аас цөөн хүн амтай бүлгийг “Бусад” гэж нэгтгэсэн болно.
    Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын харьяат суурин хүн амын 83.8 хувийг халхууд эзэлж, өмнөх тооллогоос 1.4 пунктээр өсжээ.
    Казахуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 3.8 хувь байгаа нь халхуудын дараа орж байна.
    Харин Дөрвөд, Баяд, Буриад угсаатнууд 2010 оноос буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

     

  • “Хубилай хаан авд мордсон нь”

    Тайванийн Үндэсний “Хааны ордон” музейд Монголын түүх, соёлд холбогдох хосгүй, үнэт өв дурсгалууд цөөнгүй хадгалагдаж байдаг аж. Миний бие энэ тухай монгол түмэндээ хүргэн танилцуулж байгаа билээ. Тэдгээрийн дотор “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зураг Тайванийн “Төрийн эрдэнэ” хэмээн үнэлэгдэж, хосгүй үнэт өвийн санд хадгалагдаж байна. Энэ зураг үнэхээр чухаг нандин өв ажгуу.
    Түүх бичлэгт тэмдэглэснийг үзвэл, энэ зургийг 1280 онд Хубилай хааны зарлигаар ордны зураач Лю Гуандао хэмээх хятад хүн зуржээ. Тэрбээр бидэнд мэдэгдэж буйгаар, Арника хэмээх Балбын уран зураач, уран барималч, Хорихусун хэмээх монгол зураачийн хамтаар тухайн цаг үеийн төрийн соёл урлагийн үйлийг хариуцсан сайд түшмэд, уран бүтээлчид байжээ. Лю Гуандао 1279 онд хунтайж Чингимийн хөргийг бүтээснээрээ хаанаас хүрмэн дээлээр шагнагдсан тухай мэдээ “Юань улсын судар”-т бий. Өнөө хүртэл хадгалагдаж ирсэн түүний хамгийн том бүтээл нь “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зураг болой.
    Торгон дээр зурсан энэ бүтээлийн өндөр нь 182.9 см, өргөн нь 104.1 см хэмжээтэй, аргагүй том уран бүтээл. Миний ажлын өрөөний хананд яг энэ хэмжээтэйгээрээ өлгөөстэй байдаг. Өдгөөгөөс 740 шахам жилийн тэртээд урласан ийм том бүтээл, аль ч талаас нь авч үзэхэд яахын аргагүй чухал ач холбогдолтой, үнэт өв дурсгал мөн. Зургийн ач холбогдлыг олон талаас нь дугаарлан өгүүлж болно. Тухайлбал, цаг хугацааны, түүхэн, соёл урлагийн, шинжлэх ухааны буюу бүр тодруулвал Монгол судлалын, угсаатны зүйн ач холбогдол гэх мэтээр олныг өгүүлж болно. Энэ үүднээс үзвэл энэ зургийн тухай бүхэл бүтэн ном ч бичих боломжтой. Харин энд би өөрт төрсөн сэтгэгдлийг хэдхэн зүйлээр тоочин уншигч танд хүргэсү.
    Нэгдүгээрт, зурагт нүүдлийн соёл иргэншлийн нэгэн ахуй, нүүдэлчин малчин ард түмнүүдийн амьдралын нэгэн чухал зан үйл болсон ав хомрогыг тод томруун дүрсэлжээ. Ав хомрого нь юуны өмнө хоол хүнсээ олж авах арга хэлбэр юм. Энэ арга хэлбэр зөвхөн нүүдэлчид төдийгүй, нийт хүн төрөлхтний хамгийн эртний зан үйлүүдийн нэг билээ. Эртний хүмүүсийн амь зуух гол арга бол ан хийх байсныг бүгд мэднэ. Гэвч тэр тухай нуршилгүйгээр нүүдэлчдийнхээ тухай л авч үзье.

    Нүүдэлчдийн хувьд ав хомрогын удаахь нэгэн зориулалт нь цэрэг дайны бэлтгэл байсан. Энэ тухай мэдээ занги Хүннүгээс ч өмнөх үед холбогддог. Гэвч түүхэнд дурдагдсан бодит баримтыг хөөн үзвэл, Хятадын түүхийн эцэг гэгдсэн Сыма Цень түүхчийн бичсэн “Түүхийн тэмдэглэл” хөлгөн сударт буй үг мөн. Тэнд “Бага хүүхдүүд нь хонь ямаа унан, хавчаахай нумаар шувуу, зурам агнадаг. Арай томхон нь үнэг, туулай намнан хоол хүнсэндээ нэмэрлэмүй. Тэдний хэв заншил гэвэл жирийн цагт тааваараа мал маллан нүүдэллэж, ав хомрогоор ажил үйлээ болгомуй” гэсэн байдаг.
    Түүнчлэн нийтийн тооллын 4 дүгээр зууны үед бичигдсэн “Баруун Хан улсын бичиг” хэмээхэд “Хүннү нар гурван настайдаа морь унаж, тавтайдаан нум сумаар харваж сурдаг бөлгөө” гэсэн байдаг. Эдгээр өгүүлбэр ямар их мэдээлэл агуулж байгааг мэргэн уншигч та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа буй заа. Ийм олон мэдээ баримтаас, ав хомрого бол нүүдэлчдийн ертөнцөд нэгэн зайлшгүй чухал зан үйл байжээ гэдгийг мэдэхэд төвөггүй. Их эзэн Чингис хааны намтар, үйлээс харахад ч, тэрээр ав хомрогын үйлд их дуртай, насан эцэс болтлоон авлаж, гөрөөлж явсан болох нь мэдэгддэг. Энэ тухай миний орчуулж 2010 онд хэвлүүлсэн “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх сударт хэрхэн өгүүлснийг үзье:
    “…Наймны өдөр хаантан зүүн уулын бэлд ан авлаж яваад нэг бүдүүн бодон намнах үед унасан морь нь бусгаж, хаан жолоогоо алдан ойчжээ. Тэр бүдүүн бодон яг дэргэд нь байсан атлаа мэгдэн зогтусаад хааны биед эс ойртжээ. Хааныг бараалан дагагсад тэр даруйд ухасхийн хүрч, хааныг хамгаалан авч, авыг зогсоон нүүдэл ордондоо буцацгаав. Энэ тухай хутагт багш сонсоод хаанд бараалхан ятгасан нь:
    -Хүмүний амьд явах хийгээд заяа төөргийг Дээд тэнгэр мэдэх билээ. Өдгөө хаан эзэн Таны нас сүүдэр өндөр болсон тул энэ мэт ан авд цөөн мордвол зохино. Мориноос ойчсон тань Дээд тэнгэрийн сэрэмжлүүлэг. Бодон гахай танаас аюуж эс ойртсон нь Тэнгэр таныг хамгаалсан нь тэр болой! хэмээв. Хаан өгүүлрүүн:
    -Миний бие үүнийг гүнээ ухаарав. Хутагт арш намайг ятган сэнхрүүлсэн нь маш зөв болой. Манай монгол хүн морь унаж, харвах намнах нь нялх багаас хэвшсэн зан үйл байдаг тул шууд орхиж чадахгүй биз. Хэдий тийм боловч Хутагт аршийн үгийг би сэтгэлийн гүнд хадгалсу! хэмээгээд бие эргэж Хишлиг дарханд өгүүлсэн нь:
    -Хутагт аршаас надад энэ мэт сануулсан үг бүхнийг бултаар дагаж мөрдөгтүн! хэмээн зарлиг болговой. Түүнээс хойш хаан бээр хоёрдугаар сард авд ахин мордсонгүй.“
    Энэ бол 1222 оны өвөл Чингис хааны өнөөгийн Афганы нийслэл Кабул хотын ард байх Их Цаст уул хэмээх Гиндугушийн нуруунд өвөлжиж байхад нь болсон явдал. Их хааны хэлсэн “Манай монгол хүн морь унаж, харвах намнах нь нялх багаас хэвшсэн зан үйл“ гэсэн үгийг та тунгаагтун! 13 дугаар зууны үед ав хомрого нь амь зуух гол арга хэлбэр байхаа больж, цэрэг дайны бэлтгэл хангах, мөн зан үйлийн шинжээ хадгалж үлдээд байсан юм.
    1227 оны 8 дугаар сард Чингис хаан Тангудыг байлдаж явахдаан, аанай л ав хийж хулан агнаж яваад зост бор мориноосоо унаж бие чилээрхэн хэвтэрт орж, улмаар 66-ны сүүдэр зэрэгцэх насандаа тэнгэрт хальсан билээ. Тэгэхлээр ав хомрого бол аргагүй л монголчуудын салшгүй нэгэн зан үйл байжээ. Ав хомрогын тухай мэдээ баримт хожмын түүхэн цаг үедэд ч цөөнгүй тохиолдох тул тэр болгоныг дурдахыг азнан цааш өгүүлсү. “Цогт тайж” кинон дээр монгол цэргүүд Түвдийг дайлаар мордохын өмнөх өвөл их ав хомрого хийн цэрэг дайчид байлдах, дайтах арга урлагаа бататгаж буй тухай гардаг. Хэдийгээр уран сайхны өгүүлэмж боловч энэ нь ав хомрогыг хэрхэн яаж хийдэг байсныг оновчтой харуулсан дүрслэл мөн.

    Монголчуудын дунд ав хомрогын зан үйл саяхныг хүртэл түгээмэл байжээ. Энэ тухай өнөө ч амьд сэрүүн амьдарч байгаа хөгшчүүлийн дурсамжууд олон. Нэгэн дурсамжид: “1957 он шиг санагдана. Сумын төвд эвлэлийн үүрийн хуралд суугаад, дараа нь олуул цугласных, шинэхэн цаснаар чонын авд мордоцгоосон юм” гэж Дорнод аймгийн Гурванзагал сумын өндөр настан дурсчээ. Өнөөдөр ч монголчууд ан ав хийх дуртай хэвээр. Ялангуяа мөнгөтэй баячуул, улс төрчид хурдан буу, хүчит техникээр ааглан ав хийдэг болсон нь харин жаахан тиймэрхүү. 2013 онд Говь-Алтай аймагт чонын их ав хийж, нэг удаад 273 чоно авлан, бөөн дуулиан дэгдээсэн нь сүүлчийн мэдээ буй заа.
    Хоёрдугаарт, одоо уг зургийн тайлбартаа эргэн орьё. Зургийн гол төвд Хубилай хаан, хатныхаа хамтаар морь унасан зогсч байна. Хаан бээр их дэлтэй, хангал тарган, дөрвөн шийр цагаан, халзан азарга унажээ. Хаан, хатан хоёул хүлгийн жолоог татан зогсч, гэдрэг эргэн харсан байдалтай. Тэртээ дээр тэнгэрт нисч буй хоёр жигүүртнийг онилон нум сумаар харвахаар дэлэн татаж байгаа морьтныг харж буй нь тэр ажээ. Зурагт нийт арван хүн дүрслэгдсэний бусад ес нь бүгд тэр залуу морьтны хэрхэн харвахыг сонирхон харж байгаагаар дүрслэгджээ.
    Хубилай хааны унасан хүлгийн хазаар ногт, эмээл, хөмөлдрөг нь онцгой, омруун дээр нь зүүсэн молцог зэрэг нь аргагүй л дээдсийн хүлэг гэдэг нь илт. Хятадын судлаачид энэ хүлгийг “аха ма” гэсэн байдаг. “Аха” гэдэг нь Ахалтегин гэсэн Туркмен үүлдрийн аргамаг хүлгийн нэр, ма гэдэг нь морь гэсэн хятад үг. Хятадын эртний түүхэнд “Хүннү нарт цусан хөлст адуу бий. Тэр нь нэгэн давхилаар мянганы газрыг туулдаг” гэсэн байдаг. Мянганы газар гэдэг нь 500 км зайг хэлнэ. Цусан хөлст адуу холыг туулан давхиж ирэхэд цус шиг улаан өнгөтэй хөлс гардагаас тэгж нэрлэсэн бөгөөд түүний удмыг өдгөө Туркменд үржүүлдэг Ахалтегин адуу мөн гэж үздэг байна.
    Хааны өөрийнх нь өмсгөл зүүсгэл, дээл гутал ч онцгой. Музейн эрдэм шинжилгээний ажилтны тайлбарласнаар, Хубилай хаан алтан утсаар зүү ороон луун хээ /монголчууд бас үүлэн хээ ч гэдэг/ шагласан улаан хүрэн торгон дээл өмсч, гадуур нь цагаан үенгийн үнэт арьсан дах асаажээ. Зураг дээрх Хубилай хааны дүр төрх, тус музейд хадгалагдаж буй Хубилай хааны эш хөрөгтэй адилхан байна. Тиймээс эл хоёр зургийг нэг хүн зурсан, эс бөгөөс аль нэг зургийг нь мэддэг хүн нөгөөг нь зурахдаа адилхан байхаар бодож зурсан байж таарна.
    Хатны унасан хүлэг аргагүй л сайхан аргамаг хүлэг агаад, түүний хазаар ногт, хөмөлдрөг молцог тэргүүтэн нь бүр ч гоё ганган, бүгд алтан тоногтой ажээ. Үүгээрээ хаан, хатан хоёрын хүлэг морины гоёл чимэглэл хоорондоо ялгарч байна. Хатны унасан хүлэг бол яах аргагүй монгол адуу агаад өнөөгийн Гоё халиун, Толин хул, Гал шарга, Нийгмийн хонгор гэх мэтийн цуутай сайхан хүлгүүд шиг л харагдана. Эртний хятадын түүх бичлэгт халиу ма, цидань ма гэх үгүүд таардаг нь халиун, хонгор, хул, шарга зүсмийн адууг заасан нэр. Хул зүсмийн адууг хятадууд “кидань морь” гэдэг байсан нь нүүдэлчин хитанчуудын адуу ийм зүстэй нь элбэг байсных юм. Өнөөдөр ч манай ийм зүсмийн адуу Хитанчуудын уугуул нутаг асан зүүн талдаа түлхүү байдаг.
    Гуравдугаарт, зураг дээр өдгөө хэдийн мартагдаж орхигдсон зарим эдлэл хэрэглэл, хувцас өмсгөл дүрслэгджээ. Дах гэдэг монгол үг хятадын эртний ном сударт энэ хэвээрээ тэмдэглэгдсэн байх ба “Юань улсын судар”-т “Дахыг мал, амьтны арьс, үсээр хийдэг. Жирийн хүмүүс хонь, хурганы арьсан дах өмсдөг бол хаад дээдэс үен, булга, үнэг, чоно зэрэг үнэт ангийн арьсан дах өмсдөг” гэсэн бий.
    Юань улсын үеийн буюу 13 дугаар зууны монголчуудын хувцас өмсгөл, гоёл чимэглэлийн талаар “Юань улсын судар”, “Хар татарын хэргийн товч”, “Монгол татарын бүрэн тэмдэглэл” зэрэг хятадын түүхийн сурвалж бичгүүдэд нэлээд бичсэн байдаг. Зурагт тэдгээр хувцаснуудын заримаас дүрслэгдсэн байгаа нь харагдана. Тухайлбал, нум сум харвах гэж байгаа морьтон начин дээл өмсчээ. Начин дээлийн онцлог нь, хоёр гарын булчингийн хавьд ангархайтай, яаралтай харваж намнах хэрэг гарвал дээлээ тайлалгүй, хоёр ханцуйгаа шувтран, тэр ангархайгаар гараа гаргаж, нумаа шүүрэн авч сумаа хийгээд дэлэн татаж харвах боломжтой байдаг аж. Зүйрлэвээс яг л шунган нисч буй начин шонхор лугаа адил тул тийн нэрлэсэн бололтой. Хааны нум баригч хорчин өвгөн, хатны ард байгаа негр, бүргэд барьсан морьтон бас ийм дээл өмсчээ. Начин дээлийн хоёр ханцуй ийм ангархайтай, дээлийн ар нуруунд товчоор товчлогдсон салангид ханцуйтай байх нь бий. Судлаачид, ийм дээлийг их шинжлэх ухаанчаар бодож олжээ гэж дүгнэсэн байдаг.

    Начин дээл нийт нүүдэлчдийн ертөнцөд лавтайяа 9 дүгээр зууны үед өргөн тархсан байсан нь эртний түүх бичлэгт тааралддаг. Өнөөдөр нэгэнт орхигдож мартагдсан нүүдэлчдийн олон хэрэглээний зүйлс бий. Тэдгээрийн нэг нь энэ начин дээл юм. Ийм дээл нэн эрт цагаас, лав л морь унадаг болсон тэр цагт бий болсон байх магадлалтай. Учир нь дорно, өрнийн олон эх сурвалжид нүүдэлчид амьдралынхаа ихэнх цагийг морин дэл дээр өнгөрүүлдэг тухай дурдсан байдаг. Ууж идэхдээ ч, унтаж амрахдаа ч, ажил үйл хэлэлцэж, арилжаа наймаа хийхдээ ч, аян дайнд одож дайтаж байлдахдаа ч мориноосоо салах нь нэн ховор гэж аль Хүннүгийн үеэс л Хятадын ч тэр, Герег Ромын ч түүхэнд дурдсан байдаг.
    Дөрөвдүгээрт, хатны ард талд байгаа бараа бологч харваас хар арьст боол авай. Наад талд нь бас нэг хар арьст боол харагдана. Зургийн доод хэсэгт цааш харан яваа морьтныг музейн тайлбарлагч зааж “Цайвар шар үстэй энэ хүн Дундад Азийн, магадгүй, Европ зүгийн хүн” гэсэн юм. Тун магадгүй. Ази, Европын хэдэн арван улс орныг нэгтгэсэн Монголын их гүрний төрд арван зүгийн есөн хэлийн хүн зон хүчээ өргөн зүтгэж байсан билээ. Тэдний дотор их уран дархан Анигаа тэргүүт балбын урчуул дархчуул, Хубилай хаанаас Улсын багш цол хүртсэн Пагва лам тэргүүт түвд, тангад зүгийнхэн, одон орон судлалыг хөгжүүлсэн араб, персийн иргэд, Ромын папын элч болж ирээд 17 жил хааны дэргэд шадарлан зүтгэсэн Марко Поло тэргүүт түүний аав, авга ах зэрэг европчууд олон байсан билээ.
    Хаан, хатан хоёрын эргэн тойронд хааны шадар бараа бологчид тойрон хүрээлж харагдана. Тэд янз бүрийн төрх байдалтай, зарим нь морин дээрээ нумаан дэлж тэнгэр өөд онилон, тэртээ дээр нисч яваа шувуудыг харвахаар зэхсэн байхад, нөгөө нэг нь их хааны ардхан, хааны нумыг агсан дагаж яваа харагдана. Энэ бол хорч, хорчин, бас зарим ном сударт өгүүлдэгчлэн Хааны нум баригч болой. Тавдугаарт хэлэх гэсэн зүйл минь энэ. Шувуу онилсон морьтон залуугийн барьсан нум сум бол жинхэнэ монгол нум сум мөн. Өнөөдөр монголчууд улсын баяр наадмаараа нааддаг нум сум бол монгол биш, манж нум сум юм. Дайчин баатар монголчуудыг эрхшээлдээ оруулсан манжийн хаад монголчуудыг тэр гайхамшигт зэвсгээ хэрэглэхийг хатуу хориглосон юм. Чингэж зууны уртад монголчууд дэлхийн талыг байлдан дагуулсан гайхамшигт зэвсгээ умартан орхижээ. Чингис хаан өрнө зүгт хийсэн их аян дайнаасаа буцаж ирээд 1225 онд их найр наадам хийх үеэр Есүнгэ мэргэн 225 алд буюу 500 гаруй метр холд харвасан тухай хөшөөнд сийлэн тэмдэглэж түүхэнд мөнхөлсөн байдаг. Зарим хүн үүнийг худлаа, нум сумаар тийм хол харваж чадахгүй гэдэг. Тэгвэл өнөөдөр монгол нум сумыг судалдаг гадаадын, түүний дотор Тайванийн судлаачид үүнийг үнэн болохыг нь нотолж байна. Гэвч энэ тухай жич өгүүлнэ.
    Өрнө зүгийнхнийг хятадаар “сөмүрэнь” буюу өнгөт нүдтэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Шаргал үстэй, цагаан арьстай, цэнхэр, саарал, ногоон нүдтэй хүмүүс байснаас тэр. Түүхээс үзвэл, Монголын төрөөс нийт хүн амыг 4 давхарга болгон ангилж, нийгмийн дээд хэсэгт монголчууд, дараа нь өнгөт нүдтэн буюу Дундад Азийнхан, гутгаарт Хойд Хятадын иргэд, дөтгөөрт Өмнөд Хятадын хүмүүс, гэж ангилдаг байжээ. Үүнээс үзвэл хүн амын дунд Дундад Азийн гаралтай оршин суугчид цөөнгүй байсны илэрхийлэл нь энэ зураг мөн.
    Дээрх өнгөт нүдтэний ард мориных нь хондлой дээр цоохор ирвэс сууж байна. Ерээд оноос хойш зарим хүн “Монголчууд ирвэсээр ан хийж байгаагүй. Худлаа. Энэ бол зураачдын зохиосон хэтрүүлэг” гэсэн үгс явсаар ирсэн. Тэгвэл энэ зураг монголчууд ирвэсээр ан хийдэг байсан эсэх тухай маргаанд цэг тавихуйц хангалттай нотолгоог өгч байгаад нь энэ зургийн нэг ач холбогдол оршино. Цоохор ирвэсийг бас үчимбэр гэдэг. Үчимбэр бол Төв Азид байхгүй, Африк зүгийн амьтан. Түүнийг эзэн хаанд хариас бэлэг болгон ирүүлж байсан байж таарна. Хубилай хаан арслан, заан, барс зэрэг амьтантай байсан тухай Марко Поло тэмдэглэсэн байдаг.
    Зургадугаарт, өөр нэг өнгөт нүдтэн гар дээрээ анчин шонхор шувуу авч явна. Бүр цагаан шонхор гээч. Энэ бол зүгээр нэг тохиолдлын төдий өгүүлэмж яавч биш. Энэ бол Хубилай хааны өвөг дээдэс, их эзэн Чингис хаан, ерөөс монголчуудын гол угсаа болох боржигин овгийн хиад ястны шүтээн мөн болохыг давхар илэрхийлж байгаа хэрэг. Үүгээр энэ зургийн бас нэгэн түүхэн ач холбогдол тодорч байна. Тэр шонхорчийн наад талд буй хүн гар дээрээ анч бүргэд суулгасан харагдана. Италийн жуулчин Марко Поло “Ертөнцийн сонин хачин” номынхоо 92-р зүйлд “…Их хаанд чоно, үнэг, зээр, буга бариулдаг олон тооны бүргэд байдаг. Тэдгээр нь олон тооны ан барих бөлгөө. Чоно барьдаг хамгийн том хүчирхэг бүргэд бий. Тэдний махир хошуунаас зайлж чадах чоно нэгээхэн ч үгүй” гэжээ.

    Долдугаарт, зургийн зүүн доод хэсэгт нэгэн хээр морьтон хар сүлд залж явна. Энэ бол монголчуудын дайны их хар сүлд мөн. Их Монгол Улсад хар, цагаан сүлд байсан, цагаан сүлд нь төрийн хүндэтгэл, ёслолын бэлгэ тэмдэг бол хар сүлд нь дайн байлдааны онгод хийморийн илэрхийлэл болой. Өнөө ч монголчууд үндэсний их баяр наадмаараа цагаан сүлдээ залждаг бол манай Батлан хамгаалах яам Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслол үйлддэг. Хубилай хаан авд мордохдоо мүнголчуудын дайны их хар сүлдийг авч явж цэнгүүлэн баясгаж, магадгүй, ан авын олз хиймориор сүлдээ тахин мялаадаг байсан буй заа.
    Зургийн дүрслэл, илэрхийлэл үүгээр дуусахгүй. Зургийг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж болно. Доод хэсэгт буюу хүн эгц харахад нүдэнд тусах тэр хэсэгт зургийн гол өгүүлэмж болох дээр дурдсан тайлбарууд байх бол зургийн дээд хэсэгт байгаль дэлхий, уул талыг дүрсэлсэн агаад уулсын дундуур тэмээн жин явж буй, дээд тэнгэрт шувууд нисч буй зэрэг өгүүлэмжтэй. Өнгөрсөн зууны жараад оны сүүлчээр үеэ өнгөрөөж, орчин үеийн хурдан тээвэрт халаагаа өгсөн тэмээн жингийн тээвэр 740 жилийн өмнө ямархан байсныг өгүүлж буйд энэ зургийн бас нэг ач холбогдол оршино. Тэмээн жингийн цуваа лавтайяа хоёр мянганы түүхтэй.
    Наймдугаарт, энэ зураг бол зүгээр нэг уран сайхны зураг биш. Зураг дээр Монголын их хаан Хубилайн ав хомрогын зан үйлийн тухай өгүүлэмж дүрслэгдсэн. Тэгэхлээр зурагт дүрслэгдсэн хүмүүс бүгд бодит дүр мөн гэж үзэх нь зүйд нийцнэ. Тэгвэл зураг дээр хэн хэн байгаа вэ? Одоо энэ тухай тогтож ярилцья. Зурагт нийт арван хүн дүрслэгджээ. Мэдээж, Хубилай хаан байгаа болохоор түүний дэргэд агч хатан бол бас түүхт хүн байх ёстой. Тэгвэл тэр бол Хубилай хааны их хатан Чаби, монголоор Цэвэр хатан гэгч болой. Зурагт дүрслэгдсэн арван хүний үйлдэл бүгд нэг хүн рүү буюу нумаа дэлэн тэртээ дээш харвахыг завдан буй залуу морьтныг харж байгаагаар дүрслэгдсэн. Тэгэхлээр бүгдийн анхаарлын төвд байгаа залуу морьтон хэн бэ? Зарим судлаач түүнийг хааны хүү хунтайж гэж таамагласан байх аж. Тун магадгүй. Энэ мэтээр бусад дүрүүд ч бодит хүний эх дүр байх нь гарцаагүй. Харамсалтай нь тэднийг ингэж оноон таамаглах боломж хомс юм. Зураг дээр хоёр негр хүн, хоёр Дундад Ази гаралтай хүн, бас магадгүй Европ төрхтөн ч байна.
    Эцэст нь тэмдэглэхэд, энэ зураг уламжлалт хятад зургаас өөр, Түвд, Балбын уран зургийн арга барилтай байгаа нь Юань улсын үед олон улс үндэстний соёл, урлагийн зүйлс харилцан нөлөөлөлцөж байсны гэрч мөн. Зургийг зурсан зураачийн ур чадвар маш сайн бөгөөд ялангуяа нүүдэлчдийн дээл хувцас, өмсгөл зүүсгэл, хүлэг морьд, тэдгээрийн эдлэл хэрэглэлийг зөв, нарийн дүрсэлсэн нь онцгой. Урлаг судлаач С.Майжаргал энэ зургийн тухай бичихдээ: “…Хүн болон амьтдын хөдөлгөөнийг илэрхийлэх амаргүй ур чадварыг зураач маш сайн эзэмшжээ. Монголын Юань гүрний энэ цаг үеийн уран бүтээлийн тод илрэл болсон энэ зурагт дүрснүүдийн хоорондох хэлхээ холбоо, үгүүлэмж, баатруудын хоорондын харилцаа, зан араншин, төрх байдлыг урлагийн эрхэмсэг тансаг чанартай зүйл байхгүй бөгөөд зураг дээр дүрслэгдсэн бүх зүйл, өчүүхэн жижиг зүйл ч цөм нэгдмэл нэг утга агуулгатай, үзэж байгаа хүнд нэг цогц сэтгэгдэл төрүүлэхэд чиглэсэн байна” гэсэн байдаг.
    “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх 740 жилийн өмнө хааны өөрийнх нь оролцоотой бүтээгдсэн энэ зураг бол яах аргагүй сонгодог уран зураг мөн. Ямарч гэсэн, монголчуудын хувьд энэ зураг дэлхийн сонгодгуудын зиндаанд дээдлэх учиртай асар их үнэ цэнтэй бүтээл юм. Урлагийн гайхамшигт ур хийцээрээ, бас түүхэн ач холбогдолоороо яах аргагүй сонгодог бүтээлийн зиндаанд хэлцэгдэнэ ээ.
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар.
    2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр,
    Тайвань, Тайбэй хот.

  • Ертөнцийг үзэх монгол ухааны гайхамшиг

    Чингис ертөнцийг үзэх өөрийн үзэлтэй байжээ. Чингис хааны ертөнцийг үзэх үзлээс зөвхөн төрийг үзэх үзлийн талаар л ярья. “Бие хэврэг, билиг мөнх” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь хүний оюун ухаан, оюун ухаанаар бүтсэн юм, хүний сэтгэлгээ мөнх юм гэсэн үг. Харин бие бол ертөнцийн жам ёсоор мөнх бусыг үзүүлээд байгаль дэлхийдээ шингэдэг. Хүн бодож сэтгэж байгаа юмаа бүтээж үлдээж чадвал тэр нь мөнх гэсэн үг. Ингэж чадсан хүн бол Чингис хаан.

    “Вашингтон пост” гээд Америкийн том сонин бий. Тэр сонин дэлхийн “Мянганы хүн”-ийг тодруулсан. Энэ мянганд хамгийн суут хүн Чингис хаан байсан. Гэхдээ яаж, ямар шалгуураар энэ хүнийг тодруулсан бэ? Зүгээр л энэ Чингис чинь мянганы хүн байна гээд хэлчих үү? Дэлхийг хэн агшаав? Агшаана гэдэг маань энэ дэлхий гэдэг чинь их жижигхэн юм байна шүү гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг нэг хэмжүүр, энэ дэлхийн ард түмний арга технологийг хэн урагшаа ахиулав гэдэг хоёрдугаар хэмжүүр, энэ дэлхийг хүн эзэгнэж байдаг юм гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг гурван хэмжүүрээр дэлхийн бүх алдартнуудын нэрийг оруулаад цахим тооцоолуураар шалгасан байна. Тэнд Шекспир, Колумб, Напалеон, Македоны Александр гэх мэтчилэнгээр дэлхийд хамгийн алдартай хүмүүсийн нэр орсон. Тэгээд цахим тооцоолуураар шинжлэх ухааны үүднээс тооцоолоход дээрх гурван хэмжүүрийг хангасан хүн ганцхан Чингис хаан байсан. Америкчууд бас үүнд итгээгүй ээ. Дараа нь Нью-Йорк Таймс сонин бас энэ гурван хэмжүүрээр оруулсан. Дахиад л Чингис хаан тодорсон.

    Ийнхүү Чингис хаан үнэхээр аугаа хүн гэдгийг дэлхий өнөөдөр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Чингис хаан энэ Монголоо нэгтгэхгүй бол ерөөсөө сүйрэх нь гэдгийг ойлгосон байсан. Тийнхүү хамгийн түрүүнд Монгол овогтноо нэгтгэх бодлого явуулсан. Чингисийн ухаантай, авъяастай, дайчин гэх мэт бүх чанарууд нь олон Монгол овогтны удирдагчид дотроос товойгоод ирэхээр тэдгээр овог аймгуудын ахлагчид атаархаж эхэлсэн. Ер нь манайхны нэг зовлонтой зүйл нь жаахан товойгоод гараад ирснийгээ заавал татаж унагах гээд байдаг шүү дээ. Яг тэр зүйл 13-р зуунд ч байсан байна. Чингисийг унагах гэсэн олон дайсан байсан. “Монголын нууц товчоо”-г уншихад Чингис тэдний нэг рүү нь ч довтолдоггүй, бүгд л Чингисийг довтолсон байдаг. Харин Чингис хариу бариад л байсан. Тэгсээр байгаад Их Монгол Улсыг байгуулсан.
    Онон мөрний хөвөөн дээр, Ононы цэгээн нуур гэж бий. Түүний хойд эрэг дээр есөн хөлт цагаан тугаа босгоод Их Монгол Улсаа байгуулахдаа Чингис хаан, “Мунгинан явж, намайг зовон зүдэж зонхилон хурахуй мунлаж зоволдон жаргалдан хүчээ үлэмж өгсөн молор эрдэнэ мэт энэ бүх Бэтэ улс минь мүнээ үзтэл зовбоос бээр ерөнхийгийн гол болсноор хөдлөхийн дээд Хөх Монгол гэж хэмээгдэжүхүй” гэж хэлжээ.” Хөх Монгол гэдэг нэр эндээс үүдэлтэй. Энэ бол Саган цэцний “Эрдэнийн товч”-д бичээстэй байгаа. Их Монгол Улс аугаа их хаантай, аугаа их хаанаа сонгодог их хуралдайтай байсан. Хуралдай гэдэг нь одоогийн парламент шүү дээ. Монгол бичиг гэдэг төрийн бичигтэй, улсын шүүгчтэй, шүүгч нь Шихихутаг, улсын зурхайчтай, тэр нь Үсүн гэдэг хүн байсан. Дөрвөн түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, аравтын тогтолцоонд хуваасан цэргийн зохион байгуулалттай. Төрийн алтан аргамжааны бодлоготой.
    Энэ нь дипломат бодлого шүү дээ. Төр улс ямар байх ёстой, тэр бүхнийг цогцлуулсан улсыг Чингис хаан анх байгуулжээ. Хуралдайгаар сонгогдоод хаан болчихлоо. Төрийг яаж барих вэ? Чингис хааны төр барих бодлогыг “Төрийн алтан хайрцагны бодлого” гэдэг байсан. Энэ бодлогод Их Монгол Улсын хуралдайгаар сонгогдсон хаан авч явах ёстой гэж үзэж байсан нь Би гадас болж өрийг бэхлэн сахиж Аргамж болж Улсыг барин хатуужсу гэж хэлснээс нь илт юм. Шударга, харцаа дэмждэг, хамгийн мэргэн ухаантай хүнийг авч ажиллуулж чаддаг, ард түмнээ жаргааж, төрийнхөө эв нэгдлийг баталгаажуулж чаддаг гэх мэт олон сайн шинж чанарыг агуулсан хүн л хаан болж чадна.
    Энэ нь Чингисийн үр хүүхэд, жанжин цэрэг нартаа сургасан сургаал, захисан захиасаас нь тодорхой байдаг. Тухайлбал, “Хаан хүний явдал үсний төдий ч хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал…” гэх буюу “Өчигдөр сая сууриндаа сууж хаан болмогц энэ өдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс эдүгээ их төрд харшин, хойтод үр ач нарт муу суртал болмуй: Дэлхий дахины ямарваа үйлс зүтгэхээс бүтмүй. Алжуугаас бүрэлмүй” гэж айлдаж байлаа. Мөн “Өргөмжлөх цолыг миний үр ач нар бүү хэрэглэ. Өөрийгөө ихэмсэглэн магтах, магтуулах хэрэггүй. Өөрийнхөө нэр дээр “хаан” гэдэг ганц үгийг л нэмэхэд болно” гэж захиж байлаа. Тэгвэл төр нь ямар байх ёстой вэ?

    “Хаан хүний төр харанхуйд үл төөрөлдьюү. Ханьд үл эндэгдьюү” хэмээн нэгэнтээ Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь элдэв хүмүүсийн ятгалга, элдэв санаанд автахгүй, нэгдмэл нягтармал, эв нэгтэй төр байх ёстой гэсэн үг юм.
    “Төрийн бат бэх байх нь бодлогын сайнаас, хуулийн чангаас болмуй”, “Сэтгэл хэмээгч биеийн эзэн. Сэтгэл мунхарваас бие даруй хэвтэнэ. Эзэн хэмээгч улсын хаан, эзэн ташаарваас улс даруй мөхнө” хэмээн мөн айлджээ. Тэгэхээр хаан хүн гэдэг бол хэзээ ч алдаж болохгүй. Энэ бол манай эзэн хаанаас 800 жилийн өмнө өнөөдрийн төрийг барьж байгаа хүмүүст үлдээсэн захиас гэж хэлж болно. Өнөөдөр улс төрчид алдаад л байвал улс орон маань доройтоод л байна. Хамгийн ухаан билигтэй хүн төрийг атгалцахад оролцоно гэж Чингис хаан үзэж байсан. “Онгоц үйлдэн сэлүүрийг нь зохиохуй нь гол мөрнийг гатлахын тулд болой. Эрдэмтэн ухаантныг сонгон авах нь төрийн жолоог атгалцахын тулд болой” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Төрийн жолоог мэргэн билигтэй, ухаантай түшээд атгалцах ёстой гэж үздэг байжээ.
    Тэгж ч чадсан. Мухулай, Боорчи, Сүбэдэй, Зэлмэ гээд есөн өрлөг, мөн гадны ухаантай эрдэмтэй хүмүүсийг орчуулагч зэргээр авч ажиллуулдаг байсан. Хятадын “Чингис хаан” гэдэг кинонд Елүй чуцай гээд хүн Чингисийг бараг хамраас нь хөтлөх шахаад яваад байна аа даа. Монголын ганц ч сурвалж бичигт Елүй чуцайгийн тухай байхгүй. Юань улсын түүхэнд нэг ганц хоёр хуудас байдаг юм. Гэхдээ тэр бол Хятад түүхчийн бичсэн зүйл. Монгол төрийг байгуулахад Елүй чуцай огт оролцоогүй шүү дээ. Тэр чинь бүр сүүлд Алтан улстай байлдаж явахдаа олзолж авсан хүн. Тэр кинон дээр Чингист заагаад сургаад л, төрийн бодлогод оролцоод яваад байх шиг гардаг. Үгүй шүү дээ. Монгол төрийн бодлогыг монголчууд өөрсдөө явуулж байсан. Чингисийг жаахан алдаа, ташаарал гаргавал есөн өрлөг нь засаж зааж хэлдэг байсан. “Алтан товч”-д ч байна. “Нууц товчоон”-д ч тодорхой бичээстэй байна. Хамаг Монгол, Их Монгол Улс бол жинхэнэ монгол ухаанаар, өөрөөр хэлбэл Чингис хааны ухаанаар үүсч хөгжсөн юм.

    Төр ард түмнээ жаргаах бодлого явуулах хэрэгтэй гэдгийг хаантан дэндүү ухаарч байлаа. Нэг удаа Чингис хаан Алтай уулан дээр гараад хатад, охид, жанжид цэргүүд, ард иргэддээ хандаж, “Миний мэргэн харваач, цэрэг дайчид маань ойн гоолин нарс мэт жигдрэн нүүгэлтээд л, хатад, бэрс, бүсгүйчүүлийн маань хацар гал сарнай мэт улаа бутраад л байх юм. Миний сэтгэлдээ эрхэмлэж хатангитан санах нь, эднийхээ аманд амтат чихэр хүлхүүлж, биеийг нь алтан саат хоргойгоор өвч чимж, эдэндээ харгам сайн аргамаг хөлөглүүлж, эднийгээ усны тунгалаг, амттайгаас ундлуулж, мал сүргийг нь соргог сэрмүүн бэлчээрт идээшлүүлж, их замаар урагшлуулахад хотол зоны хөлд тээглэж байгаа чөдөр өвс, сөрдгөр узуур зэрэг тээртэй бүхнийг арилгаж өгөх болой” гэж хэлсэн байна. Тэрчилэн “Эзэнт гүрний харъяат хэн ч бай, монгол хүнийг боол буюу зарц болгож болохгүй” гэж хуульчилан заасан байна. Боолын худалдаа цэцэглэж байсан тэр аймшигт үед монгол хүн хаана ч цээж түхэгэр, толгой гэдгэр, омог бардам явж байж шүү.

    Хүүхдүүд ээ, та нар бол монгол ээжийн ангир уургийг хөхөж, монгол эхийн бүүвэйн эгшгээр манцуйнаасаа гарч, өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаа гоц авъяастнууд юм байна шүү дээ. Би их баярлаж байна. Монголчууд дотор олон гоц авъяастан, болдогсон бол бүгдээрээ гоц авъяастан байгаасай. Тиймээс та бүхэн Чингис гэдэг энэ аугаа хүнээ, Чингисийн энэ аугаа бодлогыг судлах хэрэгтэй. Чингисийг манай эзэн хаан гэж мухар сохроор шүтэхээсээ өмнө ертөнцийг үзэх үзэл, дотоод оюун сэтгэлгээгээрээ ямар хүн байсныг мэдэх хэрэгтэй. Тэгвэл бид түүн дээрээ дөрөөлж урагш хөгжинө. Та аль 800, 900 жилийн өмнөх Чингис хаан гээд улирсан баларсан юм яриад байх юм гэж зарим хүн хэлдэг. Энэ буруу. Яагаад гэвэл өнгөрсөн үе дээрээ суурилж байж өнөө үеэ бүтээн байгуулдаг учраас өнгөрснөө мэдэж байж ирээдүйгээ тодорхойлно. Та ирээдүйн тухай ярь л даа гээд байдаг. Би ирээдүйг харж чадахгүй. Би үзмэрч биш. Ирээдүйг харж болохгүй. Харин төлөвлөж болдог. Ирээдүйд тийм юм хийнэ гэж төлөвлөж болно. Бүтэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэрнийг бүтээхийн тулд бид өнгөрсөн түүх дээрээ суурилах ёстой.
    Би “Монголын нууц товчоо”-г хүүхэд байхаасаа л уншиж эхэлсэн. Хэд дахин уншсаныг мэдэхгүй. Энэ ертөнцийг үзэх үзлийн талаар 1996 оноос судалж эхэлсэн юм. “Нууц товчоо”, “Алтан товч”-ийг үзээд байхад Чингисийн гоё гоё сургаал гарч ирдэг. Энэ сургаалиудаар жижигхэн ном хийе гэж бодоод “Чингисийн оюун билгийн соёрхол” гээд өврийн ном бичсэн. 1999 оноос хойш 100 гаруй номыг Англи, Орос, Монгол хэл дээр уншиж байж энэ бүх сургаалиудыг цуглуулж авсан. Тэгээд “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх Монголчуудын өлзий учрал” гэдэг ном бичсэн юм.

    “Алтан товч” -д Чингис хаан бол хаан хүний 35 эрдмийг эзэмшсэн байсан” гэж гардаг. Чингис хаан яагаад энэ Бурхан халдун дээр гарч бясалгал хийдэг байсан юм бол гэж би боддог. Чингис хааны үзэл суртлын гол баримтлал нь Мөнх Тэнгэр гэж байлаа шүү дээ. Тэр үзэл баримтлалаар бол Мөнх Тэнгэрээс ирж байгаа эрч хүч, дэлхийгээс цацарч байгаа эрчим хүч хоёрын солбицол дээр Чингис хаан бясалгал хийдэг байсан. Тэнд гурван хоног сууж бясалгал хийгээд, “Бид дайнд ялах юм байна” гээд л морддог байж шүү дээ. Хятад руу аян дайнд мордохдоо ч тэгсэн. Сартуул руу ч мөн адил. Хүнээс байнга энерги, эрчим хүч цацарч байдаг. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдоод баттай болчихсон зүйл. Чингис хаанд өөрт нь онцгой эрчим хүч байсан. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс ирж байгаа дохио, газраас ирж байгаа эрчим хүч хоёрыг солбицол дээр суугаад юмыг онцгой мэдрэх чадвартай байсан. Дээр нь хаан хүний 35 эрдэм нийлээд энэ хүн дэлхийн мянганы суут хүн болж чадсан.

    Ер нь хүн амжилтад хүрье гэвэл авъяас билгээс гадна оролдлого, зүтгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд барилдаан, зодоон биш оюун ухааныг шүтэх хэрэгтэй. Бид үзэлцвэл оюунаараа үзэлцье л дээ. Үүнийг л Монголын хүүхэд залууст захина. Би үүнийг телевизээр ярих болгондоо хэлдэг. Өнөөдөр ч би үүнийгээ давтаад л хэлж байна. Оюун ухаан мандах болтугай.

    Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Г.АКИМ

  • Хасар удмынхан хэнд зүтгэсэн бэ?

    Үүнээс нааш ч олон бий бөгөөд тэдний нэг нь Англи, Францын хүчирхэг флот, армид чухам монгол дайчны ур чадварыг гайхуулсан бахдам хавтай цохилтуудыг удаа дараалан өгч явсан алдарт Сэнгэринчин жанжин юм. Тэр бол Хасарын хорин зургадугаар үе нь болно. Зөвхөн нэгнийх нь тухай л бичихэд дээд өвөг Омог босоо Хавт Хасарын түүхээс огтхон ч үл дутах яруу сайхан зохиолын бэлээхэн сэдэв, “түүхий эд” бий дээ. Хавт Хасарын тухайгаар эхлүүлсэн романаа цааш үр хойчисийнх нь бахдам нууцлаг түүхээр үргэлжлүүлэн бичиж чадах хүмүүн чухам өөрөө мөн билээ хэмээн эрхэм зохиолч нөхөр Ж.Заяабаатарт сануулахын ялдамд, дараагийн романыг нь найдан хүлээж буйгаа уламжилсу.
    Омог босоо Хавт Хасар” романы тухай олон зүйлийг өгүүлж болох билээ. Түүхэн зохиолд түүхэн бодит үнэн, уран сайхны давс хужир хоёрын тун банг тааруулна гэдэг амаргүй. Түүхэн үнэний тун ихэдвэл зохиол биш түүх бичлэг болж орхино. Харин уран сайхны давс нь хэтэрвэл түүхээ гүтгэн гүжирдсэн хэрэг болно. Харин энэхүү романд тэр зааг, хэмжээ, чанарыг гайхалтай сайхан тааруулсан. Ялангуяа Хавт Хасарын омог босоо оршсоны нууцын тунг тааруулж ч, тайлж ч чаджээ. Монголын Нууц товчоонд өгүүлэхээс төдийлөн зөрөхгүй атлаа, тэнд байх бяцхан өгүүлбэрийг ч бүрэн дүүрэн өгүүлэмж болгон бүтээж чадсан байх юм. Тэгээд түүнээ өвөрмөц сонин өнцгөөс тайлан илэрхийлнэ. Энэ бол уран бүтээлчийн ур чадвар.
    Ер түүхэн зохиолын гол мөн чанар нь түүхийн алив үйл явдал хийгээд түүхэн хүнийг шинээр нээн, нууц зангилаа бүхнийг уран сайхнаар тайлах явдал юм. Бид Өвөр Монголын алдарт жүжигчин Г.Баасангийн гол дүрийг нь бүтээсэн “Чингис хаан” олон ангит киног дуртайяа үздэг. Хүний сэтгэлийг татаж чадсаны нэгэн учир нь түүхээ яс барьсан ч, тэр түүхэн үнэнийхээ хүрээн дотор гайхалтай сайхан уран сайханжуулж чадсаных юм. Ж.Заяабаатарын “Омог босоо Хавт Хасар” роман ч мөн үүн лүгээ адил. Түүнээс гадна яруу сайхан хэл найруулга, дүр дүрслэлийг эл романы хуудас бүрээс үзэж болно.

    “…Хасар хаврын тарчигт ихээхэн туйлдсаар хүрч иржээ. Цаг ямагт дүрэлзэн жийхайж байдаг жартгар бор нүдийг нь үүлэн цайвар нулимс бүрхэж, сахалтай уруул нь чичрэх аж…” /223-р хуудас/ Энэ хоёр өгүүлбэрээс Балжун нуурт ахыгаа олж ирж буй Хасарын дүр төрх нүднээ харагдах шиг болно.

    “…Хасарын цэргүүд далай руу хошууран орсон элсэрхэг зөөлөн эрэгт тулж ирэх үес огторгуйг зэгэл үүлс бүрхээд, их усны цав цагаан хөөс алгадан цахлай шувууд шуугилдан нисэлдэх авай. Эрх дураараа, дэндүү зоргоороо, бүгдийн эсрэг ганцаараа тэмцэлддэг эрх чөлөөт, хар толгойт шувуухай салхи хүсэн тэнгэрт чарлалдсаар…” Энэ цахлай шувуудын тухай дүрслэл бараг л дэндүү зоргоороо, дэндүү эрх дураар, омог төгөлдөр Хасарын өөрийнх нь дүр төрхийг дамаа өгүүлэх мэт. Хасарыг яагаад “Хавт” хэмээдэг билээ? Хавтай бахтай байх нь сүр жавхлан, зориг чадлын илэрхийлэл билээ.
    Энэ мэт олон сайхан жишээг дурдан өгүүлж болно. Хавтай бахтай, омог босоо Хавт Хасартаа зориулан Монгол түмнээс босгосон яруу сайхан, утга төгөлдөр үгэн хөшөө болжээ хэмээн энэхүү романы тухай тун товчоор үнэлж болно

    ХАСАР

    https://mn.wikipedia.orgвэбсайт дээр тэмдэглэгдсэн өгүүллээс…

    Бага нас

    Жочи Хасар нь Чингис хааны эх эцэг нэгтэй гурван дүүгийн нэг байсан. Тэрээр нум сум харвахдаа чадварлаг сайн байсан учраас түүнийг мөн Хавт Хасар гэж нэрлэдэг байсан. Хасарыг хүүхэд байхад нь тайчуудын жанжин Таргутай Хирилтуг гэр бүлийнх нь хамт Боржигон овгоос хөөж явуулсан. Хоол хүнс ховор байсан бөгөөд түүний эх нэгтэй дүү Бэxтэр хүнс хулгайлсан учраас Хасар ах Тэмүжингийн хамт Бэхтэрийг найман шарга адуугаа хариулж байхад нь хоёр талаас нь угтаж харван алсан.

    Идэр нас

    Тэрээр 1179 оноос эхлээд Чингис хааныг их улсаа төвшитгөн, нэгтгэх хүртэл хорь гаруй жилийн туршид хүчин зүтгэж байсан. 1203 онд хаан ахтайгаа эв түнжин хагарч сарнисан үед, Хархалзан элээт хэмээх газар Монгол, Хэрэйдийн цэргийн хүчин хоорондоо байлдаж, Чингис хан зүүнш ухарсны дараа Хасар тэргүүтэй Монгол өрхүүдийг Хэрэйдийн их цэрэг хураан авсан. Чингис, Хасар нар дахин нэгдэж Ван хааныг туулын Хар Түнийн шугуйд бүхүйд нь хумин авч довтлоод эзлэн авчээ.

    Өмч газар хүртсэн нь

    Чингис хаан эх нэгтэй дүү Хасар, Хачиун, Тэмүгэ, Бэлгүтэй нарт Их Монгол улсын зүүн захад нутаг олгож, зүүн жигүүрийг бүрэлдүүлсэн бол гурван хүү Зүчи, Цагадай, Өгөдэй нарт баруун захын нутгийг өгч баруун жигүүрийг байгуулсан. Баруун жигүүр баруун тийш үлэмж хэмжээгээр газар нутгаа тэлсэн боловч зүүн жигүүрт тийм их эзлэх газар байгаагүй. Баруун жигүүрээс ялгаатай нь зүүн жигүүрт Хасар, Хачиунаас илүү Тэмүгэг илүү дэмждэг байсан. Хасарын улс (ард түмэн болон хоёрдугаарт газар нутаг) Тэмүгэгийн улсаас хавгүй жижиг байсан. Түүний анхны газар нутаг Хянган уулсын баруун тал байсан бөгөөд Эргүнэ мөрөн, Хайлар мөрөн болон Хөлөн уулаар хүрээлэгдсэн байжээ. Хятадыг байлдан дагуулсаны дараа Хасарын удмын ноёд нэмж Шаньдун болон Жяньши мужуудад тус тус хувь газар хүртээж өгсөн.

    Залгамжлагчид

    Хасарыг түүхэн сурвалжуудад 40 орчим үр хүүхэдтэй гэж бичсэн байдаг. Харин түүхэнд нэр дурьдсан нь Егү, Есүнгэ, Тогу нарын нэрс тодорхой үлджээ. Хасар, Хачиун, Тэмүгэ зэрэг ноёдын удам нь Жалайр, Хонгирад, Ихэрэс, Үжээд, Мангууд зэрэг таван хүчирхэг аймагтай ижил хэмжээнд очиж, зарим үед тэдгээрийг өөрсдийн харъяанд багтааж байв. Эдгээр удамынхныг ихэвчлэн Тэмүгэгийн удмын ноёдууд удирддаг. Аригбөх хааны тэмцэлийн үеэр энэхүү гурван ноёдын удам Тэмүгэгийн ач хүү Тачарын удирдлага дор Хубилайг (Чингис хааны ач хүү) дэмжсэн.Түүнийг нас барсны хойно Егү залгамжилжээ. Түүний дараа Хасарын ноёдын дунд гурав дахь гэр бүлийн тэргүүн Есүнгэг Хубилай хаан сонгож баталгаажуулсан байна. Тэрээр Хасарын хүү бөгөөд ах Егүгээ залгамжласан. Тэрээр Есүнгэгийн бичээсийн (хуучин чингисийн чулуу гэдэгээрээ алдартай) баатар юм. Энэхүү ноёдын удамыг Есүнгэгийн хүү Эсэн Эмүгэн залгамжласан бөгөөд дараа нь Эмүгэний хүү Шидур залгамжласан. Хэдийгээр Шидур Тэмүгэгийн ачинцар Наянгын удирдсан Хубилайн эсрэг бослогод оролцсон боловч энэхүү ноёдын овог ямар нэгэн самуунгүйгээр үлдэж чадсан. Зургаа дахь тэргүүн Бабушад 1307 онд Хайсан Хүлүг Хаан Чин ван цол хүртээсэн. Эх сурвалжаас харахад Хасарын удамын ноёд эзэнт гүрэн Хятадаас гарсны дараа ч гэсэн энэхүү цолыг хадгалсаар ирсэн. Хасарын үр удам монголын эзэнт гүрний бусад хэсэгт ч гэсэн хүчирхэг хэвээр байсан. Жишээ нь Хасарын удамын Тугайтөмөр, XIV зууны дунд үед Ил ханы улсын хан ширээний төлөө өрсөлдөгчдийн хамгийн сүүлчийн хүчирхэг нэгэн байсан.

    Хасарын удмын нэг ноён Мин улсын цэргүүдээс хамгийн сүүлчийн Их хаан Тогоонтөмөрийг хамгаалах гэж яваад алагдсан гэж мөн нотолдог. Монголчууд Хятадаас ухарсны улмаас үүссэн үймээн самуунаас болж Юань гүрний сүүл үеэс зууны дунд үе хүртэл Хасарын удмын ноёдод юу тохиолдсон нь тодорхойгүй байдаг. Монголын он тооллын бичигт Хасарын үр удмын талаархи зарим нэг тэмдэглэл байдаг боловч тэдгээрийг түүхчид ихэвчлэн буруу ташаа мэдээлэл гэж үздэг. Ялангуяа Мэргэн Гэгээний зохиосон Алтан Товч (Лувсанданзангийн Алтан товчтой андуурч болохгүй) Хасарын удмын ноёдын нөлөөг хэтэрхий дөвийлгөсөн байдаг. Учир нь үүнийг зохиогч нь өөрөө Хасарын удам юм. Өнөболдын тухай өөр нэг алдартай түүхэнд тэрээр Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд гэрлэх санал тавьсан боловч Мандухай түүний оронд Чингис хааны удмын балчир хүү Батмөнхыг (Даян Хаан) сонгосон гэдэг.

    Хасарын угсааныхны эзэмшил

    Болунай, Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийшхи нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрний захиргааны Жиримийн чуулганы Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Зуу Үд чуулганы Ар хорчин, Улаан Цав чуулганы Дөрвөн Хүүхэд, Муу Мянган, Урад аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингын ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсаны эхний үед эзэн хаан Айсан Гиорогийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрэний ноёрхолын туршид дээд түвшиний ноёдын цол хэргэмтэй байсан. Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд Чин гүрэнд дагаар орж Хасарын үр удамынханы удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан.

  • Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга

     

    Улаан зосон ХАС буюу Монгол нутгаас олдсон хамгийн эртний хас

    “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө ӨвөрМонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн …хээтэй вааран сав олдсон… Энэ хээтэй вааран савыг манай орны Улаанхад хотын Аухан хошууны Ши Пин шан уулнаас уудлан гаргасан…” гэж өвөр Монгол судлаач Солонгууд Б.Буян /Эртний зоосон дээрх наран шүтлэгэт зургийн тухай/ бичсэнийг хальт уншихдаа Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байна гэж ихэд олзуурахсан сан.

    Судлаач маань тэр нь ямар овог аймаг болохыг мэдсэнгүй ч, хятад маягаар цөөн тоот үндэстэн гэсэн нь ч, тэр ваар хаанаас гаралтайг дурдаагүй нь ч хамаагүй л дээ. Гагцхүү судлаачийнхаар бол хүн төрөлхтөн чулуугаар оролдон эхэлж байсан тэр үед Монгол нутагт ваар шатаадаг хөгжлийн нэлээн дээд шатанд гарсан овог аймаг байсан болж таарч байгаа нь үнэндээ хачирхалтай болж ирэв. Шинэ чулуун зэвсгийн үе гээд байдаг, тэгсэн мөртлөө 4500 жил гээд байдаг. Цаг хугацааны хувьд бүр олигоо алдав.

    Чулуун зэвсгийн үе нь хоёр сая жилийн өмнөөс 6000 жил хүртэл үргэлжилсэн. Шинэ чулуун зэвсэг гэхээр хоёр сая жилийн өмнөх юм болох гээд байдаг. 4500 жил гэхээр Хүрэлийн үе рүү давхиад орчих гээд байдаг. Гэвч нэг тийм ваар олдох нь олдож. Нийтлүүлсэн зургаас үзвэл энэ нь нар буруу эргэсэн, чингэхдээ үзүүрийг давхар эргүүлсэн хас байна.

    Тэгтэл хас судлаач М. Энхпүрэвийн “Монгол хасын эх орон” номноос . .Доктор Д.Цэвээндорж Увс аймгийн Зүүн хангай сумын нутаг Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадны дундаас эртний хүмүүсийн 7000 жилийн өмнө улаан зоcoop зурж үлдээсэн хас тэмдгийг нээн илрүүлжээ” гэж бичсэнийг олж үзэв. 7000 жилийн өмнө… Энэ нь харин Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байлаа. Дархан хотын орчмоос морин толгойг нар буруу эргүүлэн сийлсэн хас бүхий буган хөшөө олдож.

    Буган чулуун хөшөөг хуучин чулуун зэвсгийн төгсгөл, Хүрэлийн үе рүү эрдэмтэд хамааруулж байгаа. Чингэхлээр энэ буган чулуун хөшөөн дээр байгаа хас нь 6000-аас 5000 жилийн өмнөхийн юм болж таарч байх шиг.

    “СВАСТИКА” буюу Энэтхэгчүүдээс хас үүссэн гэнэ

    Эртний энэтхэгчүүд хоёр гараа энгэртээ зөрүүлэн мэнд усаа мэдэлцдэг аж. Энэ мэндлэх заншлаас хас үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүдийн свастика/svastika/ гэж нэрлэдэг хас нь зөрүүлсэн хоёр гарын дүрс юм байна. Хас нь тэрхүү свастика гэдэг нэрээр дэлхийд тархжээ.

    Гэтэл Монголд түүнийг хас гэнэ. Свастика нэрийг Монголчууд зээлдсэнгүй. 7000 жилийн өмнө хас дүрслэж байсан Монголын дээдэс үлийгээ хийж гаднын үгийг авах билээ. Харин 7000 жилийн тэртээд энэтхэгчүүд гараа цээжиндээ зөрүүлж мэндэлдэг байсан болов уу.
    Свастика гэдэг нь самигардиар “сайн сайхан, оршихуй” гэсэн хоёр язгуураас бүтжээ. Иймээс сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал гэсэн утга илтгэдэг аж.

    “Хаос бол хас мөн” буюу манай мэргэд хасын тухай юу айлддаг вэ?

    Хасын судалгааны салхийг хагалсан хүн бол Ч. Эрдэнэ гэж бодож байна. Тэрвээр “Их гурвалжин” номдоо “Хас нь угтаа ертөнцийн томъёо, тэр тусмаа орчлонг үүтгэгч хосмол, нэгдмэл ерөнхий/универсиум/ язгуур зарчмын загвар юм…Орчин цагийн шинжлэх ухааны гол объектын нэг нь хаос төлөв бөгөөд учир нь энэ хуйларсан
    замбараагүй төлөв хэрхэн хар аяндаа зохион байгуулагдах процесс, зүй тогтол нь нэн сонин байгаа юм. Тиймээс Хас маань материйн өөрөө эмхлэгдэн зохион байгуулагдах зүй тогтлын томъёолол эцэстээ мөн” гээд Хаос бол Хас мөн гэсэн гаргалгаа хийжээ.

    Гэхдээ чухам яагаад гэдэг үндэслэлийг үнэмшилтэй гаргасангүй юу даа гэж бодмоор. Хасын судалгаа руу ханцуй шамлан орсон хоёрдох хүн бол М.Энхпүрэв юм. Тэрвээр “Мөнх тэнгэрийн хасбуу”, “Монгол хасны эх орон” гэсэн хоёр ч ном бичжээ. Түүний “Монгол хасны эх орон” номдоо бичсэн нь: “Миний бие …хаадын итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн дээд идеал болсон мөнх тэнгэр нь Монгол угсаатны гүн ухаан, онол сэтгэлгээний цогц мэдлэгт үндэслэсэн гэдгийг товчоолон гаргахыг зорьсон болно.

    …Энэхүү идеалист гүн ухааны мөнх тэнгэрийн санаа зориг хэмээх ойлголтыг нар зөв эргэлттэй хас, мөнх тэнгэрийн ивээлийг нарны эсрэг хөдөлгөөнтэй хас дүрсээр төлөөлүүлэн бэлгэдэж байсныг хэдэн жилийн харьцуулсан судалгаагаараа гаргаж тавьсан болно” гэжээ. Гэтэл энэ санаагаа ягштал баталсангүй юу даа гэмээр. Гэхдээ өөр бичсэн өгүүллүүддээ гаргасан, түүнийг нь молхи би уншаагүй байж болно л доо.

    Бас ӨвөрМонголын судлаач Буян дээр дурдсан өгүүлэлдээ бичихдээ: “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө ӨвөрМонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн хас хээтэй вааран сав олдсон нь тухайн үе дэх нарыг шүтэж байсан гэдгийн тусгал байжээ” гэж шув шулуухан дүгнээд “Нарны гэрлийг эрт дээр үед хас хээ зургаар илтгэж байсан гэдэг маань найдвартай болно” гэж их л итгэл төгс өгүүлээд, харин яагаад гэдгийг баталсангүй.

    Зүрхний тамга буюу хасын тухай гадныг мэргэдийн айлдсан нь

    Үнэндээ гадаадын мэргэний бичсэн бие даасан өгүүлэл олж үзэж чадсангүй. Гэхдээ хоёр гурван нэвтэрхий толь шүүрдсэнээс хамгийн сонин тайлбартай нь орос В.Андреева, В.Куклев, А.Ровнер нарын найруулсан “Энциклопедия символов, знаков, эмблем” байлаа. Энд нэлээд хэдэн тайлбар оруулжээ. Эдгээрээс онц сонирхолтой ганц хоёр тайлбарыг орчуулан сийрүүлсү.

    “Эртний нарны тэмдэг хамгийн балар үеийн тэмдэг бөгөөд нүдээр харахад Дэлхийг Нар тойрон эргэж байгаа хийгээд жил дөрвөн улиралд хуваагдаж байгааг зааж байгаа юм. Нарны жилийн хөдөлгөөн ба өвөл зуны хоёр тэнцэтгэл өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн ертөнцийн дөрвөн зүгийн утгыг илэрхийлж байгаа болно.. .Нар зөв эргэлттэй хас нь материйг эрхшээх, материйг жолоодох/ёогт биеэ хөдөлгөөнгүй барьдаг шиг/-ын тэмдэг юм. Нар буруу эргэлттэй хас нь биеийн болон зөн билгийн хүч суларч, дээд хүч нэвтрэхэд саад учирч байгааг илтгэдэг. Энэ чиглэлийн хөдөлгөөний үед механик, газрын талыг эрхэм болгодог гэжээ.”

    Энэ нь бас эзотерик буддизмын тэмдэг бөгөөд энэ үүднээс “Зүрхний тамга” гэж нэрлэгддэг аж. Бурхан багшийн зүрхэн дээр хасыг дарсан учраас тэгж нэрлэдэг гэж домогт өгүүлжээ.

    Түмэн наст хээ буюу Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр Монголчууд гишгэлээ гэж үү?

    Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол Монголчууд дээр нь гишгэх үү. Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахиж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан. Энэ нь Чингис хаан Гурван мэргэдэд хөөгдөж, Бурхан халдунд бүгээд, буухдаа “гараа өвчүүндээн мөөлдөж, наран зүг есөнтөө сөгдөж сацал, өчүүл өргөсөн”-өөр нутлагдана.

    Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт (тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхэлсэн (бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд” гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарлигаа ингэж титэмлэсэн байдаг.

    Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарлигаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дүр. Аюутугай, биширтүгэй” гэжээ. Мөн Монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил Монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй.

    Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Монголчууд ширдгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхээр /Таамнал/ бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм.
    Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон.

    Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр Монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ.

    Мөнх тэнгэрийн хөвгүүд буюу тэнгэрийн бэлгэдэл юу вэ?

    Нарны дүрс гэдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Бүүр балар цагт босгосон буган чулуун хөшөөний оройд сийлсэн нарны зураг үүний баталгаа мөн. Буган чулуун хөшөө гурван янз буйгаас нэг нь цулгуй, хоёр нь сийлбэртэй. Шувуун хошуутай буган хөшөөний оройд ч Монголчуудын бүх шүтлэгтэй холбоотой бухтай хөшөө, зэр зэвсэгтэй /нум сум, чинжаал хутаг/ хөшөөний оройн аль алинд нь нар дүрсэлсэн байна.

    Эртний Монгол, хөх түрэг угсаатан нарыг мөнх тэнгэрийн хөвгүүн гэж үздэг байсан Безертинов/. Мөн буган хөшөөн дээр нар дүрсэлснийг хүний тэргүүн гэж үзэх археологчид бий. Алтан ордны улсын Тогтох хааны зэс зоосны ард наран дотор хүний нүүр дүрсэлсэн нь түүнийг баталж байж магадгүй. Энэ нь нарны хүнчилсэн дүрс байж болно.

    “Хөдөлгөөнгүй мөртлөө хөдлөж байгаа дүрс” буюу хас эргэлдэж байгаа зүйлийг бэлгэддэг

    Хас мөнхийн хөдөлгөөнийг зааж байгаа талаар судлаачид санал нэг байна. “Хас тэмдгийг ямар ч хувилбараар зурсан, хөдөлгөөн, орчил эргэлтийг хүний санаанд буулгах увидастай. Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” гэж Ч. Эрдэнэ бичсэн нь үнэхээрийн оносон дүгнэлт юм. Хас үнэхээр мөнхийн хөдөлгөөнийг илтгэж байдаг. Чингэхээр хас эргэлдэж байгаа нэгэн зүйлийг бэлгэдэж байгаа нь тодорхой юм.

    Тэр эргэлдэж байгаа юм нь юу вэ. Дэлхий буюу эртний Монголчуудын нэр томъёогоор бол Этүгэн эх гэж молхи би мунхаглаж байна. Хэдийгээр харьцангуй ойлголт гэж болох боловч Дэлхий тэнхлэгээ мөнх эргэж байдаг гэж хэлж болно. Иймд молхи би Хас бол Этүгэн эхийн бэлгэдэл гэж таамнаж байна.

    Чингис хааны сүлд буюу “тэнгэр газраа хүч нэмэгдэж…”

    “Монголын нууц товчоон”-д Тэмүжин Гурван мэргэдийг ялсны дараа Тоорил, Жамуха хоёрт “Эрхт тэнгэр нэрийдэж, Эх этүгэнээ хүргэж..гэж хэлж байдаг. Мөн Хамаг Монголын хан болоод нөхдөдөө “Тэнгэр газарт хүч нэмэгдэж игээгдвээс…” хэмээн бас өгүүлж байдаг. Ингэхээр Чингис хаан Тэнгэр, Этүгэн эх гэсэн хос шүтээнтэй/ dualism/ байсан нь тодорхой байна.

    Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнгөрсөн зун Монголын хаадын зоос цуглуулагч, судлаач Б. Нямаагийн “Монгол Улсын гүйлгээний мөнгөн тэмдэгт” гэсэн гайхамшигтай номыг олж үзсэн юм. 1227 онд Самаркандад дэлдсэн, ар талдаа Чингис хаан, Чингисийн мөнгө гэсэн араб бичээстэй, нүүрэн талдаа оройн хэсэгтээ, нуман тамганы дээд талд одоо бидний ширээтэй онги гэж нэрлэдэг тамга бүхий зоосны зургийг уг номонд тавьсан байлаа.

    Тэр ширээтэй онгийг Чингис хааны сүлд нь энэ биш үү хэмээн дуу алдав. Тийм ээ, энэ нь Чингис хааны буюу Их Монгол Улсын сүлд яах аргагүй мөн байх учиртай. Тэгээд бэлгэдлийг нь тайлах ухааны юм болов. Бидний “онги” гэж нэрлээд байгаа дугуй цагираг бол, мэдээж, нарны дүрс юм. Х.Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” бүтээлдээ онгин тамгыг наран тамга гэж нэрлэсэн нь түүнийг батална.

    Энэ талаар маргах хүн ховор биз. Гэтэл бидний “ширээ” гэж нэрлээд байгаа тэр хайрлага, түүний чанх голд перпендикуляр буусан босоо хайрлага юу вэ, юуг бэлгэдэнэ вэ. Муугаа мэдэхгүй толгойгоо гашилгаж эхпэв. Их хааны дуализм л сэтгэлд буугаад байлаа. Тэр хайрлага Этүгэн эхийг бэлгэдэж байгаа юм биш биз. Гэхдээ яагаад хайрлага /зураас/ гэж Нямаагийн номыг цааш нь ухлаа.

    Хариугаа олох шиг болов. Тэр хайрлага бол Хасын, чингэхдээ битүү хасын/+/ махбод/элемент/ байна гэж тархи руу харвав. Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн зоосон дээр Бат хааны хөлтэй ширээ бүхий онгин тамга байна. Мөнхтөмөр, Тодтөмөр, Тольбуга, Тогтох зэрэг хаадын тамганд ч Батын сүлд төдий л өөрчлөгдсөнгүй буюу баруун хөл, зүүн хөлний үзүүрт зэтэр нэмэгдсэнээс өөр онцын өөрчлөлтгүй явж байснаа Бэрхэ хааны тамга буюу сүлд нь цувгаа дөрвөлжинтэй онги болжээ.

    Чингэтэл Сарай хотод дэлдсэн гэх нэгэн зэс зоосон дээр тэрхүү цувгаа дөрвөлжин голтой нар буруу эргэсэн өлзий хэлбэртэй хас урлажээ. Чингэхээр Алтан ордны улсын сүлд нь нар буруу эргэсэн буюу билиг хас байжээ. Хэрэв Хас Этүгэн эхийн бэлгэдэл гэдэг миний таамаг үнэн бол нар буруу эргэлттэй буюу эм байх учиртай. Манай дэлхий ч тэнхлэгээ нар буруу эргэдэг шүү дээ.

    Ялдар дурдахад, Кашгарт дэлдүүлсэн, он нь үл мэдэгдэх зэс зоосны ар талд нар зөв эргэсэн хас дүрсэлсэн нь бий. ӨвөрМонголын нэрт эрдэмтэн Сайшаал агсан “Чингис хааны товчоон” номдоо Говийн умардыг захирагч Гүнжийн тамганы дардасыг нийтэлжээ. Энэ тамганы голд Хас ина гэсэн үгийг Монгол бичгээр сийлсэн байна. Энэхүү “ина” нь инь, янь буюу арга билиг гэсэн үгийн инь буюу арга биш байгаа.

    Өөрөөр хэлбэл, “арга хас” гэсэн үг биш биз. Яагаад ингэж бодов гэвэл нэгд, ина. инь хоёр үгийн бичлэг төстэйгээс хоёрт. Чингис хаан Уйгарын Идагудад Алалтун бэхи охиноо өгөхдөө хэлсэн үгнээс ургуулсан болой. Чингис хаан охиндоо захихдаа: “Хатагтай хүн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргүүн, төр эр буй. Түүний хойно нэр эр буй. Түүний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ.

    Төр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсхүү буй. Бэлэн нэр эрийг бэхлэвсээс авсан эр хол ангид, алс хэтэс хаана одох” /Лувсанданзан. Алтан товч/ гэжээ. Иймд төрийг арга гэж сэтгэж байсан юм биш үү. Тийм бол төрийг бэлгэдсэн тамга арга байх, төрийн тамгыг баригч нь билиг байх учиртай. Богд хааны зааны ясан хайрцагт нандигнан хадгалж байсан Чингисийн бөлзөгний хас хаашаа эргэлттэй байсныг Осендовский бичиж үлдээгээгүй нь юутай харамсалтай.

    Дашрамд хэлэхэд хааны сүлдний нарны доорхи одоо бидний ширээ гэж байгаа зураасыг зураас, ширээ гэж нэрлэж байгаагүй нь тодорхой. Нэг нэр томъёо байсан байж таарна. Магадгүй, эртний Монгол үгсийг хадгалж үлдсэн буриад, урианхай, дөрвөд аялгуунд байж ч байж мэднэ дээ. Ямартай ч, Монголчууд бид хааныхаа сүлдийг морин эрдэнийнхээ гуяан дээр авч үлдсэн баяртай.

    Хас дөрөө буюу хас дээр гишгэдгийн учир юу вэ?

    Түмэн наст хээ нь Этүгэн эхийн мөнх оршихын бэлгэдэл юм. Ер нь бол түмэн наст хээ нь хязгааргүй үргэлжилдэг хээ. Өөрөөр хэлбэл, энэ хээг үргэлжлүүлэн зураад байвал дэлхийг ч бүтэн бүрж болно. Түмэн наст хээгээр ширдгээ ширдгээрээ тэр айл гэр хотлоороо урт наслаж, удаан жаргах, айл гэрийн эв зангиа бөх бат байхыг бэлгэддэг. Энэ хээн дээр гишгэж байгаа нь Этүгэн эх дээр бат гишгэхийн бэлгэдэл юм гэж молхи би мунхаглаж байгаа юм. Дөрөөний улыг хасаар чимэглэдэг нь Монгол хүн дөрөөгөө бат жийж, эмээл дээрээ бат суухын бэлгэдэл мөн. Яваандаа хас нь бат бөхийн бэлгэдэл болон хувирсан байна. Үүнийг Хар-хүрэм хотын туурьнаас гарч буй тоосгон дээр нар буруу эргэсэн хас товойлгосон байгаа нь нутална. Өөрөөр хэлбэл, тэр ордон, харш, сүм нурахгүй, бөх бат байхын бэлгэдэл баих нь л дээ.

    Сүлд нь овоо буюу хас арвангурванын тоотой холбогдох нь

    Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Сүлд нь хөх овоо гэж бий. Чингисийн цагаан сүлдийг тахиж байсан дагшин газар. Сүлд нь хөх овоо 13 овоотой. Голдоо сүмбэр овоо нь, дөрвөн талдаа дөрвөн тийшээ цацарсан дөрөв дөрвөн овоо. Өөрөөр хэлбэл битүү хасын хэлбэртэй. Ийм хэлбэртэй овоо гэвэл миний үзсэнээс Хэрлэн баян улаан уулын арван гурвын овоо юм. Энэ овоог Чингис богдын 27-ны сүүдэрт зориулж босгосон гэж домоглодог. Овоон хас дэлхийтэйгээ хамт нар буруу эргэж байдаг. Бид овоондоо мөргөхдөө нар зөв тойрдог. Энд арга билгийн нэгдэл болж байж мэднэ. Хас ийнхүү овоогоор дамжин арвангурвын тоотой холбогдож байж болзошгүй.

    Хасбууд өөрөө тодорсон хас гэсэн утга байгаа юм биш биз

    Нэгэнт хасын тухай өгүүлсэн болохоор хасбуу тамганы талаар бодлоо хэлмээр санагдав. Гэхдээ урьд нь нэг сонин домог сийрүүлсү. Чингис хаан хасбуу тамгаа Цагаадайд өгөхөд Өүлэн эх далдуур харамсч, хасбуу тамгыг хөхөндөө дарж, дардсыг нь авч үлдэн, тэр дардсаар хийсэн тамгыг Өгээдэйд өгсөн гэнэ.

    Миний бие 2011 онд ӨвөрМонголын Ордост явж байхдаа өвөрлөгч эрдэмтдээс хасбуу тамгыг сураглавал тэд “Лигдэн хааныг Хөх нуурын орчимд таалал барьсны дараагаар түүний хүү Эрххонгор Манжид Толийн цайдамд бууж өгөхдөө хасбуу тамгыг Манжийн хаанд өгсөн гэдэг яриа бий гэж тэд хариулсан. Тэгээд намайг Толийн цайдамд аваачиж уг газрыг үзүүлсэн.

    Үүнийг өгүүлэлгүйгээр домгийг үргэлжпүүлбэл, хасбуу тамгыг авсны учир Манжийн хаан хүчирхэг болсон гэнэ. Цагаадайд өгсөн тамга яаж яваад ч юм Оросын хааны гарт орж улмаар Оросын цагаан хаан хэндч дийлдэхээ байсан гэнэ. Ийм нэгэн хачин нууцлаг домгийг урианхай нарын дунд ярьдагийг сэтгүүлч Ш.Адьшаа түмэнд ил болгосон байсан. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, “МНТ”-д хас гэсэн үг ганц ч байдаггүй.

    Харин “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” гэсэн сурвалж бичигт “Хас ордон”, “Хас их зарлиг”, “Эрдэнэт хас аяга” гэж гурав гарч байна. Хасбуу тамганы тухайд анх дурдаж байгаа нь, “Эрт төрөхүйд минь баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурханы зарлигаар учирвай”. Энэ зохиолыг судлаачид 1330 оноос өмнө зохиосон байх гэж таамагладаг аж. Ямартай ч, Монголд бурханы шашин хүчтэй болж ирж байсан үед зохиогдсныг “хасбуу тамга бурханы зарлигаар учирвай” гэдэг өгүүлбэрээс мэдэж болно. Мөн хас гэдэг үг энд хийсвэр утгаар хоёр, бодот утгаар нэг гарч байна.

    Үүний дараагаар хасбуу тамганы тухай дурдсан хүн бол Саган сэцэн юм. Чингис хааны 22 дугаар үеийн удам Саган цэцэн хунтайж “Эрдэнийн товч” бүтээлдээ хасбуу тамга бүтсэн тухай сонин домог оруулжээ. Сийрүүлсү. . Тэмүжин хан хөвгүүн хорин найман насандаа шарагчин тахиа жилээ Хэрлэн мөрний хөвөөнөө Хөдөө аралаа хаан орноо суухуйд тэр өдрөөс урьд гурван өглөөд, гэрийн өмнө нэгэн дөрвөлжин цагаан чулууны дээр таван өнгөт болжмор мэт шувуу сууж, Чингис, Чингис хэмээн донгодсоноор дунд бүр дуурьсах нэр нь Суут богд Чингис хаан хэмээн хотол зүгүүдэд алдаршжээ.

    Тэнд тэр чулуун гэнэт бөгөөд өөсөөн хагарсан дотроос хасбуу нэрт хас тамга уртуулин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон агсан, жидэр нь сийлсэн мэт горвилон бүхий гарвай” гэжээ. Цагаан чулуун дээр таван өнгийн болжмор мэт шувуу донгодож байгаа нь энэтхэг домгийг санагдуулам. Яст мэлхийн дээр хоёр луу ороолдсон, үсэг нь сийлсэн мэт гэж байгаа нь Хятадын ханз үсгийг яст мэлхийний хуягны хээг дууриалган зохиосон гэдэг хятад домгийг санагдуулам.

    Гэвч эдгээрээс миний хамгийн сонирхсон нь цагаан чулуу өөрөө хагараад хасбуу тамга бүтэж байгаа явдал юм. Энэ нь соёмбу үсгийн үүссэн домгийг санагдуулаад байгаа юм. Соёмбу буюу Svayinbhy-г өөрөө тодорсон үсэг гэдэг. Самгарид хэлний бу(соёмбу, замбу) нь оршин буй, орон, дэлхий гэсэн утга заадаг аж. Бурханы шашины түүхийг бичсэн Саган сэцэн өөрөө тодорсон үсэг буюу соёмбу-г мэдэхгүй байх гэж үгүй. Учир иймд хасбуу-г өөрөө бүтсэн хас гэсэн утгатай болгох гэж эрмэлзсэн байж магадгүй юм аа. Ялдар сонирхуулахад, хасбуу тамга гарч ирсэн гэх домогт хад Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг. Нутгийн ард тийш гаднын хүн авч очих дургүй юм билээ.

    Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгыг тайлах гэсэн мөхөс оролдлого, таамнал ийм болой. Гэхдээ энэ нь Монголчуудын сэтгэлгээний үүднээс тайлах гэж оролдоход шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Сүлдийг мөнгө зоосон дээр тавьдаг уламжлал Монголчуудаас эхтэй байж мэдэх юм шүү.

     

  • Юань гүрнийг үндэслэгч Хубилай Сэцэн хаан1

    Сүн улсын нутаг баруун талаараа мөн давшгүй бэрх бартаа бүхий мянга гаруй километр үргэлжилсэн Күн Лүн, басхүү Гималайн уул нуруугаар хүрээлэгдэж, тэдгээр нь гадны дайсан нэвтэршгүй бат бэх хэрэм болж, хятадын уудам тал нутгийг төвдийн өндөрлөг газраас битүүлжхамгаалжбайв.Урьдөмнөдавшгүй, нэвтэршгүй гэгдэжбайсан энэхүү сүрлэг их уулсын оронд Хубилай хаан ахынхаа даалгавраар буман хүнтэй их армиар цөмрөн оржээ. Хэнд ч захирагдаж үзээгүй омголон дайнч овог аймгууд уулын зөрөг жим бүрийг хамгаалж, замыг нь хааж байв.Тиймээс өдөр тутам дайсантай учирч байлдаж, ялж дийлсээр урагшлав.Овог аймаг бүрийг дараалан бут цохиж байлдан дагуулаад толгойлогчоор нь дараагийн аймгийн нутаг руу газарчлуулж, хоол хүнс гаргуулан, дайчдаар нь цэргээ сэлбэж шаргуу давшин явжээ.Ийнхүү алхам алхмаар урагшилж замдаа байнга тулалдан дийлсээр урьд хожид ямар ч цэрэг арми туулж байгаагүй тэр их уулсын орноор 1500 км аялан өнгөрчээ.

    Чингээд Хубилай өнөөгийн Юннаний хил болох Кин Шачианд хүрэв.Энд Нан Чаогийн хаант улсын цэрэг нутгийн овог аймгуудтай хүч хавсран уулсын гол даваагхамгаалан, Хубилайн замыгхаажхоригложээ.Тэд дагаж орохыг шаардаж явуулсан элчийг барьж алав.Тэгэхээр нь монголчууд тэднийг дайран орж амь хайргүй хядав.Нан Чаогийн хаан уулын цайзад амь хорогдон бүгэн суухад нь монголчууд цайзыг дайрч эзлэн Юннан хот руу дутаалгав.Амь тэмцсэн хааныг бариулахаар Хубилай хойноос нь их жанжин Сүвээдэйн хүү Урианхадайг илгээгээд өөрөө улсын нийслэл Та Ли хот руу хөдөллөө.Гэвч энэхүү нийслэл хотыг маш хүчтэй бэхэлж хамгаалсан байсан тул Хубилайн цэрэг хотыг хүрээлэн хуарагнан буугаад, өглөө эртлэн довтлон орохоор бэлджээ.

    Хубилай цэргийнхээ хүрээнд сууж байхдаа нэгэн хятад зөвлөхийнхөө өгүүлсэн ганц ч хүний аминд хүрэлгүйгээр дайсны хотыг эзэлж авсан хятадын нэгэн жанжны тухай домгийг сонсоод босон харайж “Чиний ярьсан үлгэр домог байна.Харин би маргааш үнэн түүх болгоно” гэж ам алдсан гэдэг.Тэгээд үүнийгээ удалгүй ажил хэрэг болгож “Хүний амь хороохыг цаазлан хорилоо” гэж томоор бичсэн туг хиуруудыг босгоод, бууж өгөхийг шаардан цэргийн дарга гурван хүнийг төлөөний элч болгон хот руу явуулжээ.Хотыг хамгаалах цэргийн 2 дарга элчийг алсан ч энэ хооронд үлдсэн нэг монгол цэрэг нөгөө туг хиуртайгаа хотод нэвтрэн оржээ.Тэгэхдээ хотын гудамж талбайд “Хүн алахыг цаазлан хориглож байна” хэмээн чангаар зарлаж явахад нэг ч хүн түүнд гар далайсангүй гэдэг.Ийнхүү нэг ч хотын иргэн монголын нэг ч цэрэг амь хохирсонгүй.Хубилай хотыг ийн буулган аваад элчийг нь алсан нөгөө хоёр даргыг л зарлигийг зөрчсөн учир хэмээн буруутгаад цаазаар авчээ.Тэгээд өөрөө Юннан хотыг яаравчлан зорьж аврагдах ямар ч найдваргүйгээ ойлгосон хан хүү нь буужөгөхөдхэдийгээр монголын ёсонд элчийг алах нь хүнд гэмт хэрэгт тооцогдож заавал алж хороодог заншилтай ч энэ удаа элчийг нь алсан түүнд гар хүрсэнгүй.Түүнийг эхлээд Хархорум хот руу их хаан Мөнхөд хүргүүлэх гэснээ дагаж захирагдахаа илэрхийлмэгц, улсад нь харьяат ноёны албанд нь эргүүлэн тавьжээ.Сүрлэг өндөр уул нуруу дамжин Юннанийг эзлэн авах аян дайн ийнхүү жил гаруй үргэлжлэн дуусав.Хубилай ийнхүү аян дайнаа амжилттай дуусгаж буцахдаа Урианхадайг үлдээж Сүн улсын ар талд түшиц газар бий болгож бэхжүүлэх үүрэг ногдуулжээ.

    Хубилайн алсын аян дайнд авч гарсан буман монгол хүнээс хоёр түмэн хүн үлджээ.Аян дайны явцад их цэргийн тавны дөрөв нь амь үрэгдэх буюу өвчин тахлаар хиарсан ч нутгийн ялагдсан ард түмнээс нөхөн авсаар цэрэг дайчид нь дайнд дөнгөж мордож буй мэт бэлэн байлдааны чадвараа хадгалан байв.Хэдийгээр Хубилай авьяас билэгтэй эрэлхэг зоригтой жанжин ч гэлээ хятад хүмүүжил нь даравч далдайж булавч бултайж байлаа.Энэ байдлыг нь Мөнх хаан мэдэж хойш дуудан тушаалаас огцруулж буруутган яллах гэж байснаа даруй эвлэн учир зүйгээ ололцсон байна.

    Улмаар итгэлийг эвдэн элчийг нь алсан Сүн улсын эсрэг аян дайнд Мөнх хаан өөрөө оролцохоор болжээ.Чингээд хүчээ төвлөрүүлэн өмнөд хятадын Сүн гүрнийг гурван талаас нь нэгэн зэрэг довтолжээ.Энэ үед Хубилай умар зүт Хунаны дэргэдээс хөдлөн Сүн улсад цөмрөн Хөх мөрнөөс хойшхи нутгийг бүхэлд нь эзлээд мөрнийг гаталж, Учань Фү хотыг бүслэхэд Урианхадайн цэрэг баруун өмнөөс нь нэвтэрч орсноор хүчээ нийлүүлж аваад Сүн улсыг тэг дундуур нь тасалж авахаар заналхийлэв.Яг энэ мөчид Хочаугийн дэргэд байлдаж байсан Мөнх хааны цэрэгт цусан суулга өвчин дэлгэрч хаан өөрөө өвдөн нас баржээ.Энэ байдлыг ашиглан Хубилай Долнуурын Шандуд садан төрлийнхөн болон хятад цэргийн ноёд, дарга нар болон хятад мужуудын монгол захирагч нараар хурал хийлгэн өөрийгөө их хаанаар зарлуулав.Чингис хааны нас барснаас гучин жилийн хойно хааныг алтан уршйнхныг бүгдийг нь байлцуулан сонгох, өрсөлдөгч гаргаж ирэхийг цаазлан хориглосон хууль ийнхүү мартагдав. Улмаар улсын нэрийг өөрчлөн нийслэлийг дотор газар шилжүүлж, Хубилайн удирдсан монгол хятадын нэгдсэн цэрэг Арибөхийг бут цохив.Монголчуудьга өөр хоорондын дайн тулаан өрнөснийг Сүн улс ашиглан дахин толгой ондийлгөж ирэв.Гэвч байр сууриа нэгэнт бататгаж чадсан Хубилай гадаад аян дайнд дахин анхаарлаа хандуулав.Чингисийн дайнбайлдааны сургууль мөн гуравдахь үе дээрээ ялан дийлж алдраа дуурсгав.Сүн улсын нийслэлийг эзлэн авч эзэн хааныг нь олзолсон ч 40 жилийн дайн үүгээр дуусангүй.Хятадьтн өмнөд нутагг эсэргүүцэл үзүүлснээр байсныг ихээхэн хүчин чармайлт гарган бүрэн дарж эрхшээлдээ оруулав.

    Хубилайн цаашдын аян дайны ажил үйлс дорно өмнө зүгт чиглэх болжээ.Меконг мөрний өмнөд хэсгийн Нам Бо улсын хаан дагаар орохоо илэрхийлж бараалхахаас татгалзсан учир монгол цэрэг нутаг оронд нь халдан орж нийслэлийг нь эзлэн эвдэн сүйтгэжээ.Аннам улсьгн хаан нутаг дээгүүрээ монгол цэршйг өнгөрүүлэхээс зайлсхийж нэг үзсэнээ сайн дураар алба барьж эхэлжээ.Бирмийн хаан хүүгээ Хубилайд илгээсэнгүй учир нутаг орон нь гурван ч удаа халдлагад өртөв.Хубилайн цэргүүд Сиам, Энэтхэг, Ганга мөрний цаад тал мөн Ява аралд дайтаж явлаа.Дайны ялалт ашиг тусаа өгөх эсэхээс нэг их хамаатай бус гагцхүү газар сайгүй ноёрхож захирах дон Хубилайг эзэмдэж сэтгэл санааг нь тавируулах болжээ.Иймээс Чингис хааны хянуур болгоомжтой аян дайнд бэлтгэдэг шургуу нухацтай бодлого орхидох болсны учир бэрх ялагдал хүлээх нь гарцаагүй мэт болжээ.

    Үнэхээр ч түүхэндээ харийн ноёрхол гэдгийг үзээгүй Япон улсад тулган шаардсан нь доромжлол байсан агаад хариу өгсөнгүй. Тэгэхээр нь 45 мянган монгол, 120 мянган хятад, солонгос дайчид бүхий асар том армийг япон аралд буулган тэгш тал газрыг эзлэн сүйтгэсэн ч бэхлэлт суурингуудыг эзлэх гэсэн оролдлого нь япончуудын баатарлаг эсэргүүцэлтэй тулгарч ахисангүй, дээр нь байгаль дэлхий туслаар ирсэн мэт хар шуурга Хубилайн байгуулсан тэнгисийн цэргийн урьд хожид байгаагүй агуу их флотыг устган сүйрүүлжээ. Японы аралруу Хубилай дахин цэрэг илгээсэн ч дээрх гунигт хувь тавилан давтагдсан байна.Хубилай хятадыг түүний ахуй амьдрал соёлыг хүндэтгэдэг байсан ч хятадуудад итгэдэггүй байв.Хэдэн зуун мянган хүнээр 60 сая хүний хазаарлан барьж буй гэдгээ их хаан хэзээ ч мартдаггүй байсан бөгөөд тэдэнд нэгдэж нягтрах ямар ч бөлөмж гаргаж болохгүй гэдгийг хатуу анхаарч байв.Хятадын цэргийг ашиглахдаа тэрбээр өмнөд хятадынхыг умард хятадад, умардынхыг өмнөдөд суулгаж, дорно зүгийн дайчдыг өрнөдөд, уул хөвчийн овог аймгийг тал хээрт байрлуулан, 2 жил тутамд сольдог байжээ.

    Тэрбээр Монголын төрийн төвийг хятад газар шилжүүлсэн ч өөрийгөө хэзээ ч хятад хүн гэж үзсэнгүй тэднийг захиран дарангуйлсан монголын их эзэн хэмээн үзэж байв.Энэ үед Хубилай их хааны хувиар Ази Европ тивийн тав хуваасны дөрвийг захирч байв.Тэр бол Алтан Ордны улсын ч мөн эзэн байв.Хятад Манжуурт аян дайн явуулахдаа Ижил Днепр мөрөнд ахуй Оросын хотуудаас цэрэг цуух дайчилж байв.Түүний торгон шадар цэрэгт алаан дайчид, кавказ гарлын цагаан арьстнууд, христ түшмэдүүд алба хашиж байжээ.Өмнөд Азид Хүлэгүгийн байгуулсан Амударьяагаас Сири хүртэл дамнан оршиж, Византийн гүрэнтэй хиллэж байсан гүрэн бол Хубилайн улсын гадаад муж гэгдэж байлаа.Хүлэгүгийн улсын хаад Хубилайгаас “Ил хаан” гэдэг хааны хэргэм цолыг хүртдэг байв.Тэбриз хотноо цутгасан зоос Хубилайн нэрээр гарч байв.Энэ асар том гүрэнд монгол хэв ёсны энх журам ноёрхож байсан юм.Даян дэлхийн түүхэнд анх удаа Ойрхи Дорнод, Хятад, Орос, Төвд зэрэг улс орнууд туулшгүй их говь цөл, давшгүй өндөруул нуруугаар зааглагдан оршиж байсан нь одоо өөрчлөгдөж, дайсагнасан улс орнууд харилцан халдан түрэмгийлэхээ больж, хоорондоо мөнхөд олзлолдон булаалдахаа зогсов.Дээрмийн халдлага үймээн самууныг эгнэгт арилгав.Монгол цэрэг аяны зам харгуйг сэргийлэн хамгаалж, монгол түшмэд өртөө бүрт ирэх, явах жингийн цувааг бүртгэн суух тул харьяат аль нэг аймгийн нутагг жингийн ачаа тээш алга болвол амбан сайд нь ялд унах билээ.Ийнхүү Хубилайн алдар суу тив дэлхийгээр дамжин түгсэн билээ.