Category: Нийтлэл, ярилцлага

  • ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №9

     

    Дашрамд хэлэхэд “нууц” гэснээр түүхэн  суут үйл явцыг нуух гээгүй харин ч  амьдрал, үйлсэд баттай хэрэгжсэн билиг шид чадлын оньс гогцоог өнгөлөн далдлаад, хойч үе маань түүнийг илрүүлэхдээ оюун ухаандаа бадраагаад  бүр лавшруулан ундруултугай гэсний  таавар зангилаа нь байжээ хэмээнэм. Өвөг дээдсийн минь дээд тэнгэрээс ундаргатайбилигувдис   алс   холд ч  тодрох эрчтэйд итгэж байжээ.  Тэрхүү нууц зангилаа дан бодист ертөнцийг тандсан эрдмийн хүрээнд  үл тайлагдахыг дээдэс ухаж байсан  учраас  дээд оюуны чадлаар  хүрэхийн заяаг хойч үедээ билиг эрдмийнх нь шалгуур болгон  үлдээсэн буюу. Цаг нь ирнэ. Чингэхэд хойч үе билигчиндад нэвтэрч, Мөнх  Тэнгэрийн хүчийг амьдралдаа хэрэгжүүлэх, билиг соёлыг бадраах чадлыг олно хэмээн нэвт гэгээн итгэлээр харсан байх шүү.

                 Өмнө дурдсанаар дээд тэнгэр бол квант зүй тогтолтой дээд тавилангийн  төгсгөлгүй тасанги  заагтай цувраа бүхий билиг оюуны ертөнц юм. Энэхүү ертөнцөд амьгүй  их юмсыг эзэгнэсэн далд сэрэхүйн эрч    бүрэлддэг гэж өмнө ярилцав.  Тэр эрч бол  өвөг дээдсийн эзэн, лус, савдаг хэмээн нэрлэсэн амьгүй юмс дахь   дээд тэнгэрийн   оюун сэрэхүйн бүтэц мэт буюу.  Амьгүй юмсын төрх төлвийг тандан хөтлөх тэрхүү билиг оюуны  тавилан  бас л төгсгөлгүй   төвшин  увидастай. Мөн од гариг, нарны аймаг, тэнгэрийн эрхсийн эзний шид эрчийг тэгэхлээр бас  төгсгөлгүй тавилангаас хурайлан илрүүлж  болно хэмээнэм. Эдгээр дээд оюуны өндөр төвшинд хамаарах буюу. Газар дахь амьгүй  юмсын савдаг, лус  хийгээд  хүний онгод бол харьцангуй доод төвшнийх нь ойр дөтийнх нь бололтой.

      Хүмүүн төрөлтний хувь заяа, амьгүй хийгээд амьд юмсын угшил хувьслын их жам, одот орчлонгийн  үүсэл бүрэлдэл, язгуур чанар хийгээд харь оюун ухаан лугаа харилцах зэрэг аугаа цогц- оршихуйг билгээр тандаж ний  чадвар хүмэнд бас заяасан хэмээнэм.  Алс холын бодист оршихуй хийгээд  дээд тэнгэрийн тавилан зүйг нь билгээр тодруулах  чадвар  бол оройн дээд гэгээрэл, билиг  онгодын төлөвт хүрсний илрэл юм.  Дээд билиг онгодод хүрч, хүссэн  үйл хувирлын жамыг хурайлан залбирч илрүүлдэг увдастан тийм байх буюу.

    /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/

  • Т.Галсан: Ээжийнхээ сүүтэй хамт хөхсөн эх хэлээ бузарлачихгүй юмсан

     

    –Эх хэл гэдэг өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн хамгийн том соёл юм. Гэвч өнөөдөр энэ уламжлал алдагдах боллоо?
    -Ярилцлага өгөхөөр ирэхийнхээ өмнө юу ярих тухайгаа их бодсон. Тэгээд ойрын хоёр сард хэвлэл мэдээллийн салбараар гарч буй зохисгүй, буруу үг хэллэгийн тухай яръя гэж шийдлээ.
    Энэ нь алдаа бүхнээсээ ангижирч, амжилт бүтээлээ бататгахаар тэмүүлж буй энэ цаг үед нийцэх байх. Одоогоос 60 жил 15 хоногийн өмнө их говийн дундах хамгийн өндөр алтайн уулсын оргил Их богд хайрхан шилгээсэн юм. Тэгэхэд ард түмэн их сандарсан. Америк нь атомын бөмбөг гэдгээ шидчихэв үү. Ах нар минь ялагдчихав уу. Нэг юм боллоо гээд л. Энэ үеэр хайрхны дээгүүр царцаа ногоон онгоц нисэхэд нулимсаа арчиж, сүү цайныхаа дээжийг өргөсөн. Бид чинь төртэй, эзэнтэй юм байна гэж баярлаж байсансан. Богд сумын төвөөс гуравхан саахалтын газарт өнөөх онгоц буулаа. Улсын коммиссын дарга Д.Майдар ширвээ урт сахал, савхин дээлтэй. Эрдмийн зэрэг цолгүй атлаа энэ дэлхийд танигдсан их эрдэмтэн О.Намнандорж гуай, өнөөх одон орон судлалын С.Нинжбадгар зэрэг хүмүүс буухад газар хөдөлжээ гэдгийг сая л ард түмэн мэдсэн. Тэд ирэхдээ Их богд, Зүүн богд, Дулаан богдын дээгүүр нисч, 270 км буюу есөн өртөө газар, газар цуурсныг, хэдэн мянган мал, араатан амьтан хаданд дарагдсаныг үзчихсэн байсан. Үүний учрын зангилааг тайлахад тухайн үеийн дарга нар Богд гэдэг нэртэй уул байх учиргүй. Нэрийг нь соль. Уул ус хамаагүй, хашаа хороо барь гэжээ. Үүнээс болж лус савдаг хилэгнэлээ гэж нутгийн буурлууд ярьж байсныг би ортой болов уу гэж бодож байна. Үүнтэй адил саяхан Отгонтэнгэр хайрханд осол боллоо. Ө.Энхтүвшин тэргүүтэй, цэц очиход төр засаг маань яст мэлхий шиг хөдөлж яддаг биш, цаг мөчтэй уралдан авралын гараа сунгах бяртай байгаа юм байна гэж ард түмэн дүгнэсэн. Энэ осол юунаас болов гэтэл цус ойртсон хэвлэл мэдээллийн салбарууд хавтангийн гулсаа гэж ярьж, бичсэн. Монгол хэлэнд хавтан гэдэг үг байгаагүй. Хавтгай гэдэг үг байсан юм. Жишээ нь манай ард түмэн гэдсэнд байдаг шимэгч хорхойг хавтгай хорхой, мөр нь говиор нэг хавтгай тамга болчихдог зэрлэг тэмээгээ хавтгай гэдэг. Гэтэл Орос ах нар Улаанбаатар хотыг түргэн хөгжүүлж, олон барилгатай болгохын тулд угсармал хийцийн үйлдвэр байгуулсан. Тэндээс барилга барих бүтэц хэвлэдэг болжээ. Үүнийг хавтан гэж нэрлэснээр энэ үг гарсан юм. Өнөөгийн хэлний гажуудал эдгээр шинэ бүтээгдэхүүний нэр томъёоноос гадна орчлон ертөнцөд болж буй үйл явдлыг англи хэлнээс бүдүүн тоймыг нь авч, хэн дуртай нь буруу зөрүү орчуулж, нэр өгч байгаатай холбоотой. Энэ бол хүний зажилсан бохийг газраас авч зажилах шиг бүдүүлэг явдал юм. Хэрэв осол хавтангийн гулгаанаас болсон юм бол Отгонтэнгэр хайрхан чинь угсармал байшин болж хувирч байна. Хайрханыг ингэж гүжирдэж байгаа нь өөрөө хилэнцтэй юм шүү.
    –Тэгвэл энэ ослын тухай юу гэж мэдээллэвэл монгол хэлзүйд нийцэх ёстой байсан бэ?
    -Үг зүйн хувьд монгол жангарт зулайн хэсгээс нь цас гулсвал өрх хийслээ. Цээжин талдаа цас гулсвал цаваг сэгсэрлээ. Бэл рүүгээ болохоор туурга гулслаа гэж тайлбарласан байдаг. Монгол хүн их ус, их гал, уул савдагийг басдаггүй. Үүнээс хойш эрхэм сэтгүүлч, бичгийн мэргэд хэл шинжээч, эрдэмтэн мэргэд минь хайрханы өрх хийслээ. Эсвэл цаваг сэгсэрлээ, туурга гулслаа гэж хэлж, бичих нь зөв юм. Ахмад үе нь мэддэгээ хэлж өгч, залуу хойч үе нь түүнийг нь өвлөн залруулж байх шаардлагатай үед бид ирчихэж. Саяхан “Залуу манлайлагч” гээд телевизийн нэвтрүүлгээр өмнө нь Гэгээрлийн сайд байсан нэг эрхэм их эвгүй үг хэллээ. “Би хойно сурч байлаа. Гэтэл миний том ах” гэнээ. Өндөр Гонгороос өндөр, сумо бөхөөс бүдүүн хүнийг л том ах гэнэ дээ. Гэгээрлийн сайд хүн ууган гэж ярих нь зүйтэй. Цааш нь “Аягүй гоё зөвлөгөө өгсөн” гэв. Аягүй гэдэг үг нүдээрээ харшгүй, хэлээрээ долоошгүй хамраараа үнэрлэшгүй, гараараа барьшгүй зүүдэндээ үзэшгүй, сэтгэлдээ бодошгүй зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ бүхнийг гоё гэж дүгнэх нь эрүүл сэтгэхүй мөн үү. Төрийн сайд, тэр дундаа Гэгээрлийн сайд байсан хүн ингэж ярихаар яах вэ. Тандвал нэгэн том гүрэнд эх орноо төлөөлсөн Элчин сайдаар очих бололтой. Тэр гүрэн манайхтай адил хүнийг үгээр нь шинждэг. Тэгэхээр энэ мэтийн утгын алдаатай үгээр яривал монгол үндэстэн доромжлогдоход хүрнэ гэдгийг хүүхдүүд болон төрийн эрхэм түшээд минь бодууштай.
    –Аягүй, аймар гэсэн үгийг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Энэ нэг ёсны монгол хэлний эмгэнэл, мөхөл байх нь ээ?
    -Манай ерөнхий боловсролын сургуулиудад үгний үг зүй, утгазүйг буюу хэрэглээний үгний тухай үздэггүй. Хэлний дээд зэргийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих хэл шинжлэлийн нарийн хичээлийг үзэх юм. Энэ нь хурга хариулах ёстой хүүхдийг сансарт нисгэсэнтэй адилхан. Өгүүлбэрийн өгүүлэхүүнийг далий зурна, шулуун зурна гээд монгол хэлний хичээлийг зургийн хичээл болгочихсон. Үүний оронд үгийн утгыг сэнхрүүлэх ёстой. Шинэ сайд энэ тухай анхаарах байх гэж найдаж байна. Өмнөх сайдын үед Уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасчихсан. Энэ хичээл чинь эх хэлний уран чадварын есөн эрдэнийн цогцолбор шүү дээ. Заагаад сурахгүй байгаа хүүхдүүд яаж бие дааж сурах вэ. Энэ нь гадаад хэлний хичээлийн цагийг уртасгах бодлоготой холбоотой гэж би харж байна. Мөн элсэлтийн шалгалтад монгол хэлээр шалгалт авна. Гэхдээ оноо өгөхгүй гэжээ. Энэ нь эх хэлээ муухайгаар доромжилсон явдал. Ширээ атны үнэтэй үнэлгээг шалзандаа бариулчихсан ишигний үнэлгээгүй болгож байна. Тэгэхээр хүүхдүүдэд монгол хэлний хичээлээр яах вэ гэсэн бодол төрнө. Харин 2018 оноос үүнийг залруулна. Элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноотой нь эх хэлний шалгалт болгоё. Монгол хэлний шалгалтаа давсан хүүхэд дараагийн шалгалт өгөх эрхтэй болно гэж ярьж байсан. Үүнийг л хэрэгжүүлэх хэрэгтэй.
    –Манай урлагийнхан дунд ч марзганасан яриагаар хүмүүсийг инээлгэх оролдлого их байх шиг ажиглагдах юм?
    -Ялангуяа хошин урлагийн жүжигчид гэж бөөн авьяас мөртлөө хүн инээлгэхийн тулд марзганасан үг хэллэг хэрэглэх юм. Ээжийнхээ сүүтэй хамт хөхсөн эх хэлээ бузарлачихгүй юмсан гэсэн бодол бага харагдаж байна. Ийм үг, шүүмжлэл сонсч байгаагүй учир аргагүй. Хэрэв зааж, сургавал тэд энэ алдаагаа засч чадна.
    –Дэлхийн бусад үндэстнүүд эх хэлээ яаж хайрлаж, хамгаалдаг юм бэ. Энэ бол улс орны тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал шүү дээ?
    -Эх хэлээ алдсан үндэстнээс зөвхөн Еврейчүүд сэргээж чадсан байдаг. Хятад улс эх хэлэндээ харь үг нэгийг ч оруулдаггүй. Зөвхөн утгачилж, галиглаж хэрэглэдэг. Энэ орны хүчирхэг байгаагийн нэг нууц нь эх хэл нь халдашгүй дархан байгаатай холбож тайлбарладаг. Өнөөдөр манай сурагчид монгол үгээ мэддэггүй. Багш нар нь тайлбарлаад өгөх, хэлнийхээ сэтгэлзүй талын боловсрол байхгүй. Хичээлийн ном нь сурах биш урах бичиг болчихоод байна. УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй нөхөд эх хэлний хууль санаачилсан. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн н.Шинэбаяр зэрэг залуу эрдэмтэд оролцож, хэрэгжүүлсэн. Үүнийг амьдралдаа хэрэглэж хэвшмээр байна. Саяхан Зөрчлийн тухай хууль гарлаа. Энэ хуульд хэлний зөрчлийн тухай багтаагүй нь тоогүй.
    –Эх хэлээ авч үлдэх хамгийн том боломж юу юм бэ. Залуус бид юуг анхаарах ёстой вэ?
    -Хүн бүхэн би монгол хүн гэж бодох хэрэгтэй. Монгол хүнээ батлах хамгийн том шалгуур нь монголоороо сэтгэж, ярьж, чаддаг байх. Саяхан “Өгөх өдөр” –ийн тухай ярьж байгааг сонслоо. Гэтэл дунд сургуулийн хөвгүүд охидоо өнөөдөр өгөх өдөр шүү дээ, хайртайгаа баталчих гээд хоргоох хандлагатай. Энэ үг нэгэн хүн арьс нь ясан дээрээ тогтчихсон, үхэх гэж байхад нь нутгийн улаан арьст индианчууд туслаж, явахад нь хүнсийг нь бэлдээд өгсөн тэр буяныг бодож өгсөн нэр юм. Үүнийг англи хэлнээс нь шууд “Өгөх өдөр” гээд орчуулчихсан. Үндсэндээ өглөг буяны өдөр гэсэн утгатай юм.
    –Өнөөдөр монгол гэсэн нэрнээс цаашгүй, хэтэрхий гадны соёлыг шохоорхсон залуус их болжээ. Та үүнд шүүмжлэлтэй ханддаг байх?
    -Эх хэлээрээ ярьж чаддагүй хүн золбин гөлөгтэй адилхан. Энэ бол эмгэнэлт хувь заяа. Ирээдүйд чи Монгол Улсын төрийн түшээ сайд ч болж магадгүй. Тэр үед ард түмэнтэйгээ эрлийз хэлээр яривал чамайг дор нь нулимж, өлмий доороо дэвсээд, өсгийгөөрөө нэтгэрэх болно. Чи ард түмнээ эх хэлээрээ л хураана. Манай үе, үеийн төрийн тэргүүнүүд их этгээд шүү. Харин шинэ ерөнхийлөгч Х.Баттулга хүний бичсэн үг уншихгүй, ярьж болоод байна. Б.Ренчин багшийн хэлснээр ээжийнхээ цагаан сүүтэй хөхөж өссөн энэ хэл өөрөө амь юм. Бусад хэл эрдэм сурч, нүд нээхэд хэрэгтэй жигүүр юм гэдгийг залуус та нар санаж явууштай.
    –Эх хэлээ хөгжүүлэхийн тулд ном унших шаардлагатай. Гэвч ингэж боддог хүн их цөөхөн болж ээ?
    -Номыг заавал өдөржин унших албагүй. Нэг өдрийн хэсэгхэн цагийг зарцуулахад хангалттай. Гэхдээ зүгээр уншаад өнгөрөхгүй. Урьд нь сонсч байгаагүй, содон үгнийхээ доогуур зурчихаж бай. Харин ой гутам, алдаатай үгний доогуур могойчлоод тахир зурах хэрэгтэй. Түүнийгээ ханьтайгаа, үр хүүхэдтэйгээ ярьж, зөвлөлд. Энэ бол монгол хэлэндээ гаргуун болохын эхний алхам юм. Хүний тархи гэдэг аливааг тунгаан бодож, тогоох чадамжтай. Харин бид залхуураад тэр бүр тархиа ажиллуулдаггүй. Тэгэхээр шүлэг цээжилж бай. Саяхан Эрдэнэт хотод нэг хүү ээжтэйгээ ирээд надтай зурагаа татуулъя гэж байна. Тэгэхээр нь хамт зурагаа татуулахад 100 мянган төгрөг гэсэн юм. Хүү жуумганаад, ээжээ танд мөнгө байгаа юу гэж байна. Хэрэв хүүхэд нь шүлэг унших юм бол үнэгүй зураг авахуулна гэсэн чинь хөөрхөн шүлэг уншиж өгсөн. Хүүхдийг багаас нь уран зохиолын ном, шүлэгтэй нөхөрлүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй.
    –Гадуур байгаа цэцэрлэгийн заруудад гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэж тодотгосон байх юм. Монгол хэлээ гүйцэд сураагүй энэ хүүхдүүдэд гадаад хэл сурах шаардлага байна уу?
    -Энэ тухай хууль гаргах байх гэж УИХ-ын гишүүдэд найдаж байна. Монгол төрийн тэргүүн, харь газар цаазаар авахуулсан А.Амар сайд хүүхдэдээ 16 нас хүртэл нь харь хэл бүү сурга, сонсго гэж хэлсэн байдаг. Тэртээ тэргүй монгол хүн гадаад хэлийг өөрийнхөө хэлнээс илүү сурах чадамжтай. ОХУ-ын ерөнхийлөгч Путин манай гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг орос хэлний мэр­гэжилт­нүүдээс илүү ярьж байна гэж биширсэн. Тэдгээр зар тавьсан нөхөд Монголоо биш орлогоо бодож байна. Саяхан багш нар ажил хаялаа. “Сурах бичиг муу байна. Хичээлийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчил, буруу бичих дүрмийг зөв бичих дүрэм болгож өгөөч” гэж шаардах байх гэсэн найдлага минь талаар өнгөрсөн.
    –Б.Ренчин гуай эх хэлний тухай олон асуудал хөндсөн байдаг. Та багшийнхаа энэ үйл хэргийг хэр үргэлжлүүлж байна?
    -Түрүүхэн үед Б.Ренчин багш ганцаарддаг байсан. Одоо нэг авууштай нь монгол бичиг мэддэг залуус олон болжээ. Тиймээс тэдгээр залуустайгаа хамтраад олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Саяхан нэгэн нэр хүндтэй сонины редакци хэд, хэдэн том алдаа гаргасан байна лээ. Нэр хүндтэй хэвлэл учир нэг удаа би өршөөе. Эрхлэгчид нь нэг алдаанд 10 мянган төгрөг. Гурван алдаа гаргавал тус сэтгүүлч өөрөө өөрийгөө ажлаас чөлөөлөх шаардлага тавибал яасан юм гэхэд их таатай хүлээж авсан шүү /инээв/. Мөнгө авахдаа гол нь биш. Хэлний зөрчлийг ингэж дарах хэрэгтэй. Хэл эрүүлжвэл оюун сэтгэхүй эрүүлжинэ. Үүнээс улбаалаад улс Монголын мандан бадралд нарны гэрэл тусна даа.
    –Үүний хамгийн ойрын жишээ таны “Жирмийн сүлжээ” цомирлог гэж бодох юм?
    -Өндөр насыг наслах сайхан юм. Ертөнцийн аар саар жижиг явдлууд мартахуйн мананд баллуурдагдаад монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтөнд өгөх ёстой гэрийн даалгавар урд овойгоод ирдэг юм байна. Түүнийгээ хийж сууна. Энэ даалгаврын маань хамгийн том тайлан нь монгол ертөнцийн гурав юм. Дэлхий дээрх найман монгол язгууртнаас цуглуулахад гурван боть болж байна. Цаана нь дахиад хоёр боть бэлэн байна. Үүнийг ШУА, хэл зохиолын хүрээлэн, их дээд сургуулиуд хийх нь яав. Очиж, очиж энэ муу Т.Галсан хийсэн байна гэж Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай матах маягаар магтсан байдаг. Үүнийгээ би ард түмэндээ өгөх ёстой өрөө нимгэлж байна гэж боддог. Замын-Үүдэд хүүхэд нь “Хүйтэн архи уушгинд хутга. Халуун архи элгэнд хутга. Аль ч архи аминд хутга” гээд уншаад байхаар аав нь архи амсахаа больчихлоо гэж н.Пүрэвсүрэн эмээ надад хуучилсан. Ертөнцийн гурав гэдэг ийм л хүнд хүрэх, үр өгөөжтэй нь энэ жишээнээс харагдаж байна.
    –Ертөнцийн гурвыг манай улсаас өөр ямар оронд хэрэглэдэг вэ?
    -Германы Зайдель гэдэг хүн ертөнцийн гурвын тухай дөрвөн дэвтэр гаргаад байна. Тэд зах зээлийн ухаантай, соёлтой хүмүүс учир эхлээд тандах судалгаагаар бага хэвлэжээ. Гүйлгээ нь ихсэхээр олшруулдаг юм билээ. Нөгөө талаар ор­чуулгынхаа алдаа мадгийг их хянадаг. Ах нь МУИС-ийг 60 жилийн өмнө төгссөн оюутны хувьд, ард түмнийхээ ухааныг ууж өдий хүрсний хувьд, үлд­сэн цөөн насаа хүн төрөлхтний соёлд Монголоос орох бүтээлд зо­риулъя гэж бодож, зүтгэж байна
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Л.Дашням: Монгол гэр бүл үнэлэмжийн зөрчилтэй, төрийн хямрал айл гэрт нөлөөлөх болжээ

    Гэр бүл салалт жил ирэх тусам нэмэгдэн, олон хэв шинж бий болж, тэр хэрээр гэр бүл хэврэгшиж байгаа зэргээс дүгнэхэд Монгол төрийн тулгуур багана байх ёстой гэр бүлүүдэд задрал явагдаж, хор хохирол их болж байх шиг санагдах юм.Та юу гэж үзэж байна вэ, багш аа?
    -Санал нэг байна.Өнөөдөр хүн бүрийн сэтгэл зовоож байгаа асуудал, сэдвүүдийн нэг нь монгол гэр бүл мөн.Хэчнээн гэр бүл салж сарнин, хэдэн эмэгтэй өрх толгойлон амьдарч байна вэ.Мөн хэчнээн аав ганцаараа үр хүүхдээ тэжээх болов.Энэ бүхэн янз бүрийн шалтгаантай.Гол нь хүмүүс, тэр дундаа залуучууд амьдралын гол асуудалдаа хөнгөн хуумгай хандаж байгаагаас болж байна.Монгол уламжлалаа умартаж, гэр бүл, амьдрал хэмээх сонголтдоо хайнга ханддаг, эрт, өөрөөр хэлбэл хариуцлага үүрэх чадамжгүй насандаа гэр бүл зохиох гэж оролдох, харийнхны амьдралыг өнгөцөөр даган дуурайх болсон гэх зэрэг шалтгаантай.
    Баруунд “Бид сайн хүн бий болгохын тулд эхийн хэвлийд таван сартай байхаас нь санаа тавьж байна.Таван сартай үр хөврөл мэдээлэл хүлээж авч чаддагийг шинжлэх ухаан нотолсон.Тэр үеэс нь сайн, сайхан мэдээлэл өгөхөөс хүүхдийн хүмүүжилд анхаардаг” гэж ярьж байна.Тэнд тийм юм байж.Харин монголчууд төрөх хүүхдийн ирээдүй, төвшин сайхан гэр бүлийн төлөө бүр эрт санаа тавьж ирсэн уламжлалтай.Гэр бүл болох хоёр залуугийн удам судрыг судалж, жил, мэнгэ нь таарах нь уу, үгүй юү, ивээл үү, харш уу гэж судлахаас эхэлдэг байлаа.
    Одоо ч хардаг, судалдаг тал бий.Эмэгтэй хөл хүнд болоход хорио цээр тавихаас авахуулаад гэр бүл бүрэн бүтэн, эхнэр, нөхөр төлөв амгалан байж, хүүхэд багачууд нь эрүүл саруул өсөж хөгжих нөхцөл бүрдүүлэх тухай бүхэл бүтэн шинжлэх ухаантай улс, бид.Жирэмсэн эхийн дэргэд чанга ярихгүй, айлгаж цочоохгүй, муу муухай, хараалын үг хэлдэггүй.Жирэмсэн эмэгтэй ч өөрөө энэ бүхнийг цээрлэнэ.Ингэж урагт муугаар нөлөөлөхгүй, үр зулбуулахгүй байх тухайд аль аль талаас хичээж ирсэн.Би энэ талаар “Монголчуудын хүн бүтээх эрдэм” гэдэг номондоо бичсэн дээ.
    Олдохоосоо авахуулаад ннгэж хайрлуулж төрсөн хүүхэд ёстой л өнөө арвай буудай асгахад зүүний толгой олж тогтохтой адил хүн болох хувь заяаг онож төрсөн үр айл гэрийн шүтээн байхаас яах билээ.Энэ ховорхон хувь заяанд хүн болж төрсөн юм шүү гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулахаас, хүмүүжүүлэхээс хэн болох вэ гэдэг нь хамаарна.Тэр хүүхэд нь насанд хүрч айл гэр толгойлох эр, гэр бүл, үр хүүхдээ авч авах гэргий болдог.Эндээс, эхнээс нь ярих ёстой асуудал бол гэр бүл, түүний төлөвлөлт, төлөвшил, хөгжил юм.
    -Хүмүүн заяаг олох гэдгийг маш их дээдэлдэг, тэндээс хүнээр хүн хийх ухаан бий болгож байсан гэж ойлгох уу?
    -Болно. Монголчуудын уламжлалт ухаан бол дахин төрөх гэдэг ойлголт агуулсан Дорнын ухаанаас гаралтай.Дахин төрөх явцад янз бүрээр хувирч болно.Гагцхүү хүний төрлийг олж төрөх гэдэг тэр бүр заяахгүй хувь тавилан.Тиймээс энэ тавиландаа эзэн болж амьдрах гэдэг хүмүүний жаргал юм.
    -Тэгэхээр ээж аав бүр, гэр бүл болгон үүнийг мэддэг учраас хүмүүн заяанд ирсэн хүүхдээ эхийн хэвлийд олдсон цагаас нь эхэлж хайрладаг, бөөцийлдөг, хүндэлдэг байх нь.Хүүхэд тэр их хайрыг мэдэрч төрж, өсөх нь сайн хүн болохын гараа юу?
    -Тийм ээ.Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдгийн учир энэ.Энэ хэдхэн үг бүхэл бүтэн хөтөлбөрийн утга, агуулгатай.Хөтөлбөрт зорилго, зорилт тодорхойлдог биз дээ, түүн шиг зорилгыг ч, зорилтыг ч тодорхойлсон ардын ухаан юм.Хүүхдийг хүн болгоё гэвэл багаас нь анхаар, мундаг сайхан хүлэгтэй болъё гэвэл унаганаас нь сурга.
    Хүүхдийн хүн болж төлөвших орчин нь гэр бүл.Хүн болсон хүнээ эрдэмтэй, номтой болгохын төлөө сургана гэж авчрах ёстой.Харамсалтай нь одоо хүн хараахан болгож чадалгүй, түүхий, нойтон чигээр нь эрдэмтэй номтой болгоё гэх болжээ.
    -Тэгэхээр эндээс үүдээд хүнийг бий болгодог, өөрөөр хэлбэл олдог, тээдэг, төрүүлдэг, хүн хийдэг асар том амьдралын процессыг удирддаг гол хариуцлага ээж, аавд, гэр бүлд байна.
    Монголчуудын хувьд гэр бүл гэдэг нь ариун дагшин, энэрэхүй, нигүүлсэхүй сэтгэл дээр тулгуурласан ойлголт байж.Өнөөдөр энэ ойлголт ямар болоод байна вэ.Их өөрчлөгдсөн юм биш үү?
    -Амьдралын хэвшил, ахуй, монголчуудын сайн, муу гэх үзэл, амьдралынхаа зорилгыг тодорхойлж байгаа байдал энэ бүхэн уламжлалт ойлголттой харьцуулахад өөрчлөгджээ.Цагийн эрх, нийт хүн төрөлхтний хөгжил, бусад үндэстний соёл, шинжлэх ухаан, техник, технологи нөлөөлж байна.Түүхээ эргэж харахад хүн болгосон хүнээ ямар мэргэжил, чадвартай болгох вэ гэдэг нь их тодорхой байдаг байсан.
    Малчин бол бүх талын чадвартай малчин болгох, эсвэл сүм, хийд бараадуулж номын мөр хөөлгөх зэргээр замыг нь чиглүүлж өгдөг байсан.Энэ нь малаа зүс, шүдээр нь сайн таньдаг шиг хүүхдээ бас сайн таньж мэддэг байсантай холбоотой.

    -Монголчуудын үр хүүхдээ шинжих ардын ухаан юм даа.
    -Үнэн. Монголчууд байгалиа сайн шинждэг.Байгалийг сайн шинжиж таньж мэдэхийн нэг хэсэг нь хүн шинжиж, таньж мэдэх ухаан.Энэ бол хосгүй.Бусад үндэстэнтэй харьцуулахад онцгой чадвартай.Энэ бол бидний бахархал, үнэ цэнэт зүйл мөн.Монгол мэдлэг гэж яриад байдаг маань энэ хүрээнд байдаг.Одоо бол тэр монгол мэдлэг байхгүй.Нийгмийн хөгжилтэй холбоотой амьдрал ахуйн өөрчлөлтөөс болж алга болж байна.
    Мал маллагааны, нүүдлийн нөхцөл нь хот, суурин газрын болж хувирсантай холбоотой.Үүнтэй холбоотойгоор монгол хүний хүсэл эрмэлзэл, тэмүүлэл нь олон талтай болсон.Ийм болоод байгаад эзэн хүн буруугүй.Энэ бол нийгмийн хөгжлийн асуудал.Нийгэм ийм болж байгааг хүн өөрөө ойлгож мэдэх ёстой.Ойлгож мэдэхгүйн буруу их. Хүүхдээ шинжиж чиглүүлдэггүй, хүн дуурайдаг, тэдний хүүхэд хөгжим мундаг тоглодог болсон байна, чи ч гэсэн тогло, тэдний хүү гадаад хэл гарамгай сурчээ, чи юугаар дутдаг юм, сур гэж тухайн хүүхэд байгалиас ямар өгөгдөлтэйг нь анзаарч мэдээгүй байж өөрийн дураар шахдаг тал байна.
    Хүүхдүүд өөр өөр чадвар, авьяас, билэгтэй.Түүнийг бодох ёстой, ойлгох хэрэгтэй.Тэгж таньж мэдээгүйгээс болоод хүүхдээ долоо, наймтайгаас нь эрдэмтэн болгох гээд элдэв юмаар шахаад л, яараад л, ядраагаад л байдаг болжээ.Энэ бүхэн монгол хүүхэд монгол хүн болж өсөхөд нь, оюунаараа ухаарч, биежиж төлөвшихөд нь саад болох янзтай.
    Хоёрдугаарт, залуугаараа гэр бүл болж байна.Өөрсдөө юм мэдэхгүй, чадахгүй байж гэр бүл болоод хүүхэд төрүүлээд, яахаа мэдэхээ байх нь элбэг.Уламжлалаар бол, ялангуяа эрэгтэй хүүхэд айл гэр аваад явах чадвартай болж байж эхнэр авдаг.Хүүхдүүдээ хань ижилтэй болоход аав, ээж нь гэр барьж өгч, мал хөрөнгө тасалж тусад нь гаргадаг байлаа.Одоо тиймгүй болчихоод байна.Үүнээс үүдээд дундаасаа гарсан хүүхдээ яах билээ, амьжиргаа, орлого хаанаас бий болгох билээ гээд асуудал эхэлдэг.
    -Гэр бүл болох төр ёсны уламжлал ч энэ биз?
    -Төрийн эдийн засгийн бодлогын гол суурь нь энд, гэр бүлд явж байдаг.Хүүхдүүдээ айл болгоод хажуудаа аваад явж байгаа эцэг, эх тасалж өгсөн хөрөнгийг өсгөж үржүүлээд аваад явж чадах нь уу, үгүй юу, үрэн таран хийх нь үү гэдгийг амьдрал дээр ажиглаж, зааж хэлж өгөх юм байвал чиглүүлж явдаг байсан.Одоо гэтэл хүүхдийг нялх байхаас нь ясли, цэцэрлэгт өгчихөж байна.Гадаадад бол нэг багш тав, зургаан хүүхэдтэй л ажилладаг.Хүүхэд бүртэй тулж ажиллаж, сургаж хүмүүжүүлдэг.
    Эх, эцгийн үүргийг гүйцэтгэж, хүүхдийн авьяас, чадварыг тодорхойлж эцэг эхэд нь хэлж өгч байдаг.Харин манайд нэг багшид 30-40 хүүхэд ногдож байна.Ясли, цэцэрлэгийн багш бол хүүхдүүдийг “хариулж” өдөр өнгөрүүлэх үүрэг гүйцэтгэх болсон.Орой нь эцэг, эхчүүд хүүхдүүдээ аваад харина.Ядарсан, уур уцаартай, эсвэл буцаж гарах гэж өндөлзсөн хүмүүс хүүхдийнхээ асуултад олигтой хариулахгүй.Өөрөөр хэлбэл, хүүхэдтэй ажиллах, тэднийг сургах, хүмүүжүүлэх цаг зав байхгүй.Яаж сургахаа ч мэдэхгүй.
    -Хүнээр хүн хийх уламжлалт монгол ухаан орчин үеийн даяаршлын нөхцөлд өөр ухаанаар солигдоод байх шиг.Монголын нүүдлийн соёл иргэншлийн орчин дахь гэр бүл, аав ээж, үр хүүхдийн харилцааны хэм хэмжээ орчин үеийн хотжсон, даяаршсан иргэншлийн нөхцөл дэх харилцаанд ихээхэн өөрчлөлт орж байна аа даа.Үүнд бид хэр дасан зохицож чадаж байна вэ?
    -Бидний даган дуурайх гээд байдаг хөгжилтэй орнуудад хүнээ хүн болгож буй ухаан бол биднийхээс тэс өөр.Тэнд хүүхдийг төлөвшүүлж хүн болгох ажлыг бага насанд нь цэцэрлэгээс нь эхлүүлээд хийгээд явдаг.Зөв бол дэмжиж тэтгээд, буруу байвал засаж залруулаад, бүр хүмүүжлийн стандарттай байдаг.
    Монголын уламжлалт ухаантай адилавтар юм нь юу вэ гэвэл хүүхдийн байр байдал, зан төлөвийг олон талаас нь харж тодорхойлдог.Тэгснээр хүүхдийг амьдралын замд нь эртнээс чиглүүлдэг.Өөрөөр хэлбэл, хүнийг эртнээс тодорхойлж, хөгжүүлэх ухаан буюу хөтөлбөр хаа ч байна.Харин манайд нүүдлийн болон суурин амьдралын хоёр хэвшил удаан хугацаанд зэрэгцэн оршиж байна л даа.
    Нэг хэсэг нь малчдын ахуй, амьдралд суурилсан уламжлалт хэвшлээ болж байна гэх.Тэгэхээс ч аргагүй юм.Гэтэл суурин газрын хэвшилтэй болсон хэсэг нь нөгөөхөө хоцрогдсон гээд байдаг.Тэгэхээр соёл, үзэл, үнэ цэнэтэй гэж үзэж байгаа юм нь зөрүүтэй болж байна.
    -Үнэлэмжийн зөрүү гарч ирж байна уу?
    -Тийм ээ.Монголчууд бид үнэт зүйлийн хувьсал өөрчлөлт, үнэлэмжийн зөрчилтэй болчихоод байна шүү дээ.Хотынхон нь “Хөдөөнийхөн нэг тийм юм ярьж л байдаг юм, түүнийгээ лут гэж үздэг” гэдэг бол хөдөөнийхөн нь “Хотынхон тэгж л байдаг юм” гэж шүүмжилдэг.Хоорондоо эвлэдэггүй.Эндээс үүдээд гэр бүлийн суурь орчин үймээнтэй болчихож.
    -Судалгаанаас харахад гэр бүлийн олон хэв шинж бий болжээ.Хамтран амьдрагч л гэнэ, дан болон нийлмэл гэр бүл гэж байх юм.Яагаад ийм олон хэв шинж үүсээд байна вэ?
    -Манай орон 1990 оноос нээлттэй орон болсноос хойш энэ орчлон хорвоод хаана юу байна, мэдээгүй, үзээгүй юмгүй болсон.Бүгдийг дуурайлаа.Урьд өмнө монгол амьдралд байгаагүй юмнуудыг зөөж ямар ч шалгуур, шүүлтүүргүйгээр оруулж ирсэн.Жишээ нь, хамтран амьдрагч гэдэг ойлголт бол Баруунд зураачдын дунд бий болсон зүйл.
    Хоёулаа уран бүтээл, санаа бодлоороо ойлголцдог, бие биедээ урам өгдөг, тэгсэн мөртлөө гэр бүл болох харилцаагүй, хүсэл эрмэлзэл ч төрдөггүй, бие биеийнхээ дотоод хүрээ рүү нэвтэрч ордоггүй, хүний эрх, хувийн амьдралын эрхшээлийг нь хүндэтгэдэг тийм хүмүүс байдаг. Уран бүтээлчийн хувьд хамтраад амьдрах нь эвтэйхэн.Их тооцоотой хамтарч амьдарна.Тийм байхыг харсан манайхан “Их гоё юм байна” гэсэн дутуу ойлголттойгоор зөөж авчраад буруудуулсан.
    Хоёр хүн хоолоо нийлж хийж эхэлж байтлаа лавшраад гэрлээгүй байж хүүхэдтэй болчихдог.Эндээс хүссэн, эсвэл хүсээгүй гэр бүл үүснэ.Зарим нэгнийх нь хувьд болоод явчихдаг байж болох юм.Ихэнх тохиолдолд хүсээгүй гэр бүл, улмаар хүүхэд бий болчихоор хэн хэнд нь дарамт бий болдог.Тэгээд маргалдаж, зөрчилдөж эхэлнэ.
    Бас дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд амьдралын янз бүрийн бэрхшээл, өөр соёл, дэлхийшлийн нөлөө зэрэг нийгмийн шалтгаанаар зохиомол гэр бүлүүд нэлээд үүссэн.
    -Манайд тухайлбал, 500 мянган төгрөгийн төлөө зохиомлоор нэлээд гэрлэлээ шүү дээ.
    -Тийм ээ.Манайх цөөн хүнтэй жижигхэн нийгэм учраас энэ бүх гажуудал илт мэдрэгдэж байгаа юм.Хэдэн сая хүнтэй бол хэн хаана яаж амьдарч байгааг хэн ч мэдэхгүй.Тэр хүмүүс хоорондоо болж байсан ч, салж байсан ч бусдад буюу нийгэмд нөлөө үзүүлэхгүй, өөрөөр хэлбэл, үзүүлэлт болж чадахгүй.Манайд бол нөлөөлнө.
    -Эндээс үүдээд манай нийгэмд ёс суртахууны уналт явагдаад байна уу.Монгол гэр бүл хот айлаараа хамт амьдрахад зан заншил, бичигдээгүй хуулиараа гэр бүлийг сайхан бойжуулаад байдаг юм байна.Гарааны компанийг бойжуулдаг гэдэг шиг.Эмээ, өвөө, аав, ээж, ахан дүүсээрээ хамт нэг хотонд байхад гэр бүлийн доторх зөрчил маргаан одоогийнх шиг хурц ширүүн байдаггүй юм болов уу.
    Зодож занчихгүйгээс эхлүүлээд хуурах, мэхлэх хүртэлх ойлголт монгол гэр бүлийн уламжлалд маш ховор байжээ.Харин хотжилт түргэсэхийн хэрээр намайг хэн хэлэх вэ гэж зоргоор аашилсаар гэр бүлийн задрал, гэр бүлийн соёлын хэм хэмжээ алдагдаад байна уу даа?
    -Яг үнэн.Гэр бүлийн задрал хурдтай явагдаж байна.Ганц манайд биш, дэлхийд бас тийм болов.Энэ байдал Францад хуульд нь тусаж эхэллээ.Гэр бүл болохын тулд зургаан сарын турш гэр бүлийн амьдралаар амьдрах заалттай болсон.Гэр бүлийн угтал үе гэж нэрлэсэн байл уу даа.Олон сая хүнтэй улс оронд хүмүүс бие биеэ олоход хэцүү байдаг юм байна.Хань ижил хайсан зарлал мянга мянгаараа, сонин хэвлэл хүртэл гарч, телевизийн нэвтрүүлгүүд байнга хийж байдаг нь үүнтэй холбоотой.
    -Энэ бүхнийг гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ гэх юм билээ.
    -Манайх түрүүн хэлсэнчлэн жижиг нийгэм учраас тийм зарлалын хэрэггүй, уламжлалаараа удам, судар, жил, мэнгээ харж судлаад залуусаа гэрлүүлээд яваад байвал ирээдүйд үл ойлголцол, зөрчил, маргаан гарах нь бага байх юм.Тиймгүй болсноос, мөн элдэв нөлөөгөөр ёс суртахуун, хайрлаж, хүндэлдэг, эрхэмлэдэг юмнууд, өөрөөр хэлбэл, үнэ цэнэтэй гэх болгон алга болчихоор яавал ч яаж болно гэсэн сэтгэлгээ давамгайлдаг болж.
    Ингээд ирэхээр юм болгон задардаг юм байна.Амьдралын, хэв шинжийн өөр загвар хайж олоод, түүгээрээ бүхнийг тайлбарлаад, тэр өөр загваруудаа бусдад нөмөргөх гээд байдаг.Удам угсаа харах нь генийн судалгаа юм.Эрүүл сайхан монгол хүн бий болгож, үнэ цэнэтэй монгол гэр бүлүүд үүсгэх нь төр түвшин, түмэн олон амгалан байхын үндэс.
    -Нэг талаар дээрээсээ доошоо гэр бүлүүдэд төрийн хямрал нөлөөлөөд байх шиг санагдах юм.Буруу хараад байна уу?
    -Зөв харжээ.Би ч гэсэн тэгж бодож байна.Төр, нийгмийн олон талт зөв бодлого явуулж байх аваас гэр бүлүүд тайван, үр хүүхдийн хүмүүжил, төлөвшил сайн байх юм.Одоогийн байдлаар ингэж үймж бужигнаж байгаа төрийг хараад нэмэргүй тул эцэг, эх бүр хүүхэд багачуудынхаа ирээдүйн сайхан амьдралын төлөө ухаан зарж, өөрсдөө уншиж, судалж, сайн сайхнаар нөлөөлөх арга зам л байна.
    Нийгэм бухимдалтай, муу муухайгаар дүүрэн байхтай зэрэгцээд гэр бүлд нөхцөл тийм байх юм бол хүүхэд хэн болж өсөж өндийх вэ.Гэр бүл болгон боловсролтой, соёлтой байж, цэцэглэн хөгжих явцдаа хүүхдүүдээ ухаалгаар хүмүүжүүлж төлөвшүүлэн насанд хүргэх аваас нийгэм доороосоо цэвэрших ганц зөв гарц байна.

  • Х.Билгүүн: Хүмүүсийн хайгаад байдаг АЗ ЖАРГАЛ, АМАР АМГАЛАН чинь бидний монгол амьдралд л байна

    Ингээд тэрхүү зоригтой, зорилготой хоёр залуугийн нэг болох Хүрэлбаатарын Билгүүнийг “Breakfast Time” булангийнхаа энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа.
    – Сайхан хаваржиж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
    Сайн байцгаана уу. Сайхан хаваржиж байна. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Намайг Харгана овогт Хүрэлбаатарын Билгүүн гэдэг. Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэсант суманд Гомбо-Очир малчныд мал маллахаар явсан хоёр залуугийн нэг нь байнаа.
    – Билгүүн ямар мэргэжилтэй вэ. Хүүхэд ахуй цагтаа мал маллаж байв уу. Аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ?
    Би Эрдэнэт хотод төрж, өссөн. Наймдугаар дугаар ангидаа Улаанбаатар хотод гэр бүлтэйгээ шилжиж ирээд гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийг төгссөн байгаа. Үүний дараагаар гадаад хэлний чадвартаа тулгуурлан Олон улс судлалын дээд сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцаа мэргэжлээр төгссөн дөө. Багадаа эмээ өвөөтэйгөө хөдөө явдаг байснаас мал маллаж огт үзээгүй л дээ. Аав минь Хэнтий аймгийн Дадал сумынх, ээж маань Улаанбаатар хотод төрж, өссөн.
    – Тэгэхэээр мал маллах ямар ч туршлагагүй гэсэн үг байх нь ээ. Төв аймагт очиж мал малахаасаа өмнө ямар ажил хийж байсан бэ?
    Тийм ээ. Ямар ч туршлага байгаагүй. Төв аймаг явахаасаа өмнө нэг найзтайгаа хамт жижиг хэвлэлийн газар ажиллуулж байсан.
    – Яагаад гэнэт хөдөө явж мал маллахаар шийдсэн юм бэ?
    Энэ шийдвэрийг гэнэт гаргаагүй л дээ. Багын мөрөөдөл маань байсан гэх үү дээ. Өвөө эмээтэйгээ багадаа амарч байхдаа аавынхаа нутгаар зочлоход манай садангийн эгч анх морь унуулж үзүүлж байсан юм. Тэр сайхан хангайд цагаан морин дээр урдаа суулгаад ногоон талаар салхи татуулан давхих нь багын мартагдашгүй дурсамжуудын минь нэг болон үлдсэн. Хүн болгон өөрийн амар амгаланг хайж байдаг байх. Миний хувьд өвгөдийнхөө мөрөөр хөдөө нутагтаа малаа маллаад амьдрах нь миний хүсэл болсон доо.
    – Анх очсоны дараа ямар мэдрэмж төрж байсан бэ. Хөдөө нутгийн хамгийн их сэтгэл татагдаж байгаа зүйл тань юу вэ?
    Анх ирэх үед намар цаг байсан. Налайгаад л, хонины бэлчээр дээр үнэхээр сайхан. Дээрээс нь цэвэр агаар, цэнгэг ус, эрүүл хөрс, цагт баригдахгүй байдал, өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг ихтэй зэрэг нь хотын утаа, ханиад томуу, хотын стрессээс хол байгаа нь хамгийн сайхан, таатай санагдаж байгаа зүйлс юм даа.

    – Өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэхээр сонирхолтой байна л даа. Жирийн хөдөөний малчин залуус чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжтой байдаг юм бэ?
    Хонины бэлчээр дээр хүссэн номоо уншиж болно. Мөн интeрнeт, зурагт зэрэг байгаа учраас мэдээллээс хоцрогдохгүй. Миний хувьд байгал дэлхий, од гаригсийг судлах бодолтой байгаа.
    – Уг нь мэргэжил тань Олон Улсын эдийн засгийн харилцаа юм байна шүү дээ. Тэгээд одоо хөдөө очоод мал маллаж байна. Байгал, дэлхий, од гаригсыг судална гэлээ. Ирээдүйн амьдралын тань зорилго юу вэ?
    Энд ирээд малчидтай танилцаад, амьдарч байхад нэг зүйл ажиглагдсан. Малаас авах ашиг шим, түүхий эдийн үнэ одоогийн зах зээл дээр хэт доогуур байгаагаас малчид чанарыг биш тоог илүүд үзэж байна. Ингэхээс ч аргагүй юм байна. Энэ нь цаашдаа олон хүндрэлийг бий болгож байна. Тодруулбал, мянгат малчид энд олон байна л даа. Гэвч бүл цөөнтэй айлд тэр их малыг маллах хүн хүч дутдаг. Хөдөө орон нутагт чанартай их сургууль байхгүй байгаагаас хүүхдүүд нь хот орж сурч, ажиллаж, тэндээ амьдрахаар шийддэг зэргээс дэлхийд цорын ганц үлдсэн өвөрмөц соёл иргүншил болох Нүүдлийн соёлыг маань үргэлжлүүлэх залгамж халаа хомсдож байна. Тиймээс би малчдынхаа амьдралыг сайжруулах тал дээр олон ажлууд төлөвлөж байгаа. Хуучны уламжлалуудыг сэргээх, мартагдаж байгаа арга тeхнологиудаа өвлөн авч үлдэх, хөдөлмөрөө хоршин залуусдаа хөгжих боломжийг нь гаргаж өгөх цаашлаад их сургууль байгуулах, хотоос дутахааргүй амьдралын нөхцлийг бий болгохын төлөө бодож, төлөвлөж байгаа олон ажлууд байгаа.
    – Малчид чанарт биш тоонд илүү анхаарч байна гэлээ. Энэ тал дээр яг ямар байдлаар анхаарч ажиллах хэрэгтэй юм бэ?
    Сайхан асуулт байна. Жишиж хэлвэл жижиг компаниуд нийлж групп, корпораци байгуулдаг шиг хуучныхаа уламжлалаа сэргээнэ. Сорхөхтани бэхи хатнаас уламжилж ирсэн номуудыг судлаад байхад тэр үед отог, айл бүл болж амьдарч байж л дээ. Отог нь ойролцоогоор 10000 иргүнтэй том бүл байж. 8-10 отог нийлэн айл бүлийг үүсгэж байсан юм байна. Үүний давуу тал нь хөдөлмөрийн хуваарилалт сайжирч, хүн бүр өөрийн хүссэн салбартаа мэргэших боломжийг олгодог байсан байна. Энэ үeд нүүдлийн иргүншил маань хөгжлийн алтан үeдээ хүрч, цогц утгаараа хөгжиж байжээ. Үүнийг л энэ асуудлыг шийдэх гарц гэж харж байгаа. Үлгэрийн мэт сонсогдож болох ч эхнээсээ залуучууд маань ирж ажиллаж амьдарч үзэхээр болж байгаа. Хавраас дахин хоёр залуу ирэхээр яригдаж байгаа.
    – Сайхан мэдээ байна. Гомбо-Очир малчны тухай юу хэлэх вэ. Их зүйл зааж өгч байна уу?
    Гомбо-Очир гуайн хувьд гэвэл малаа цаг уурт нь дасгаж малладаг хүн л дээ. Бусад малчид хашаагаа саравчтай барьж байхад эднийх саравчгүй өвөлжиж байх жишээтэй. Мөн аль болох задгай хонуулахыг зөвлөдөг. Өглөө болгон цаг агаар, нөхцөл байдлыг лавлаж асуун, зааж зөвлөдөг.
    – Өмнө нь мал маллаж байгаагүй болохоор ялангуяа өвлийн цаг их хүнд бэрхшээлтэй байсан байх. Мал сүрэг нь өвөлд мэнд оров уу. Юу хамгийн хэцүү санагдаж байсан бэ?
    Миний хувьд өвлийн нэгдүгээр сард хувийн шалтгаанаар хотод байсан. Надтай хамт байсан Тэнгис гээд залуу маань адуучин ахтай хамт давж гарсан. Өвөл цасан шуурга л хэцүү юм билээ. Бусдаар бол давгүй дээ.
    – Гомбо-Очир гуайнх хэр малтай айл вэ. Туслах малчин залуусыг ерөнхийдөө бүл дутмаг, их малтай айлууд руу явуулаад байгаа гэж ойлгоод байгаа л даа?
    Гомбо-Очир гуайнх таван азарга адуу, 50 гаран үхэр, 1500 богтой.
    – Нэлээн их малтай айл байна шүү. Анх яаж тэнд очсон тухайгаа сонирхуулаач?
    Тэнгис бид хоёр “Пийс тауэр” дахь “Алтан гар” хөдөлмөрийн биржийн зуучлалаар гурван талт гэрээ хийж энд ирсэн. Тус бирж руу гэрээт малчин авах хүсэлтэй малчид хандаж, мөн ажиллах хүсэлтэй хүмүүсийг хооронд нь холбож өгдөг юм. Гэрээний талаар сонирхуулахад хоол, гэрээр ханган өрхийн 500 мянган төгрөгийн цалинтайгаар жилийн гэрээ байгуулсан.
    – Өрхийн 500 гэдэг нь ?
    Эхнэр, нөхөр нийлээд 500 гэсэн үг. Дундаж ханш нь тийм байдаг юм билээ. Бага сонсогдож байгаа ч мөнгөний шаардлага гарахгүй учир хуримтлагдаад л байна гэсэн үг. Хамгийн гол зүйлийг нь хэлэхээ мартчихаж. Жилийн эцэст ажлыг маань дүгнэн малжуулна. Eр нь залуу малчдадаа мал тасалж өгч малжуулдаг юм байлээ, сайхан шүү.
    – Мал дагавал ам тосдоно гэдэг дээ. Та их ном уншдаг бололтой. Дийлэнхдээ ямар төрлийн ном уншиж байгаа вэ?
    2013 оноос хойш Сорхөхтай хатны дөрвөн номыг уншиж судалж байгаа. Миний ширээний ном л доо. Мөн Ц.Нацагдорж гуайн эмхэтгэсэн “Чингис хааны сургаал”, “Зарлигийн товчоон” хэмээх хоёр боть номыг уншиж байгаа. Бас мал маллах арга ажиллагааны талаар гарын авлагуудыг уншиж байна даа.
    – Яагаад монгол ёс заншил, уламжлалт арга ухааны талаар илүү их сонирхох болсон юм бэ. Бидний үеийн залуус техник технологи, хууль, эдийн засагт илүү сонирхолтой байх шиг санагддаг?
    Бидний Монгол улс өөрсдийн агуу соёл, түүхтэй, гавьяатай. Одоо үeд дэлхий даяаршиж сайхан соёлууд устаж үгүй болж байна. Гэтэл Азийн хөгжингүй орнууд болох Хятад, Япон, Солонгос одоо нэмэгдээд Казакстан улс хөгжихийн хажуугаар өөрсдийн соёлоор дэлхийд гайхуулж сурталчилж байна. Бид эдгээр орноос дутахааргүй соёл уламжлалтай улс шүү дээ.
    – Тодруулбал?
    Хотын залуус eвроп хувцас, ухаалаг утас, ганган машин уналаа гэхэд гадныхан хараад хятад уу, солонгос уу гэж ялгахгүй шүү дээ. Харин та монгол хувцас, өв уламжлал, түүхээ хэрхэн мэддэг, дээдэлдгээрээ дэлхийд хүндлэгдэнэ. Анзаарсан бол гадаадад олон жил ажиллаж амьдарсан хүмүүс энэ ондоошлынхоо үнэ цэнийг илүү ойлгосон байдаг даа. Үүний нэг жишээ бол Амай.
    – Өөр шиг тань бодолтой залуучууд хэр олон байгаа бол. Сүүлийн үед залуус их шүүмжлүүлэх болсон л доо?
    Олон гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээгээр байгаа гэж бодож байна. Биe биeнээ олж нэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй адилхан бодолтой залуус байвал жинхэнэ ахуй дээрээ ирээд нэг хоног магадгүй чадвал долоо хоног ч болсон үзэх хэрэгтэй. Хүрэлцэн ирвэл дуртайяа угтан авах болно.
    – Монгол залуус нэгдээд юу хийж чадна гэж боддог вэ. Яагаад ч юм эртний сайхан монгол хүний зочломтгой зан байхгүй болсон, жинхэнэ ёс уламжлалаа хадгалсан малчид гэж ховор болсон гээд хүмүүс их шүүмжилдэг л дээ. Хөдөөний малчин айлын амьдрал өглөө хэрхэн эхэлж, шөнийг угтдаг талаар сонирхуулбал?
    Монгол хүний зочломтгой зан байлгүй яах вэ. Жинхэнэ ёс уламжлалаа өвлүүлэх залгамж тасарч байгаагаас тэд маань мартагдаж байна гэж хэлэх байна. Монгол залуус нэгдээд уулыг эргүүлж, усыг илч болгох чадалтай гэдэгт би итгэдэг.
    Нэг өдрийнхөө талаар сонирхуулъя л даа. Өглөө зургаан цагт босоод радиогоор цаг агаарын мэдээгээ сонсоод босно. Галаа түлээд, цайгаа чанаж, хоолоо хийж иднэ. Тэгээд гэртээ үлдэх нь хотон дахь үхрийн баасаа цэвэрлэнэ. Цасаа авч усаа хайлуулна. Мод, аргалаа түүнэ. Хонь ямаагаа хариулах нь хоолоо сайн идээд, дулаан хувцаслаад, морио унаад хонио дагаад гарна даа. Хонио хариулж байгаа нь номоо аваад бэлчээр дээр уншиж болно. Хүйтэн үeдээ би утасныхаа хөгжмийг сонсоод явдаг юм. Гэртээ үлдэж байгаа нь оройн хоолоо хийнэ. Мөн талх барьж, боорцог хайрдаг. Интернэтээс гоё хоолны жороор амттай хоол хийж, хоол хийх чадвараа сайжруулах боломжтой
    – Бага байхаасаа хотод байсан болохоор их хотын амьдралд нэлээд дассан байсан байх. Гэнэт хөдөө очиж мал маллаад, огт танихгүй хүмүүстэйгээ нөхөрлөж, хамт ажиллаж, амьдарна гэдэг нэг талаараа их сонирхолтой юм. Энэ цаг хугацаанд таны үзэл бодол, дотоод хүнд хэр өөрчлөлт орсон бол. Хамгийн их ойлгож, мэдэрч байгаа зүйл тань юу вэ?
    Хотын амьдралд дасна гэхээсээ илүү салсандаа баяртай байдаг. Сонирхолтой. Гэхдээ нэг гэрт байгаа учраас амархан нэгнээ ойлгож танилцаж нөхөрлөнө дөө. Ойлгож ухаарсан зүйл гэвэл хүн болгон өөрийн давуу болон сул талуудтай. Үүнээс сайн талыг нь олж харан аливаа харилцаанд хүлээцтэй хандах хэрэгтэй гэдгийг ойлгосон доо.
    – Удахгүй буцна. Тэгэхээр буцаж ирэх сонирхолгүй байгаа байх нь ээ. Хань болох бүсгүйтэйгээ танилцвал хөдөө амьдрах уу?
    Миний хувьд эндээ амьдралыг цогцлоох зорилготой байгаа. Хань болох бүсгүйтэйгээ танилцвал эндээ амьдарна аа. Эндээ гэж монголын нутаг уудам, нүүж суун, газар орон үзэж, олон сайхан малчидтай танилцаж тэднээсээ эрдэм мэдлэгийг нь өвлөн авч үр хүүхэд болон дараа үeдээ өвлүүлнэ гэж боддог.
    – Яг одоо их хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
    Мал төллөх үeэр залуучууд ирж туславал хэрэгтэй л байна. Тэр өхөөрдөм амьтдыг нэг өлгийдөөд авсан байхад нандин холбоотой болдог юм шиг байна лээ. Ямар ч байсан эргэж тойроод холбоотой байх байх аа. Саяхан манайд нэг үнээ тугалсан. Магнай дээрээ буржгар үстэй, сормуус нь тормолзоод хэчнээн хөөрхөн гээч. Хүмүүс аз жаргалыг мөнгөнөөс, харийн орноос хайгаад байна. Гэтэл айлаас эрэхээр авдараа уудал гэдэг шиг тэрхүү аз жаргал, амар амгалан чинь бидний монгол амьдралд л байна шүү дээ гэж хэлмээр байна даа.
    Ярилцсанд баярлалаа.
    Б.Баргужин

  • 2050 он гэхэд дэлхийн ихэнх хүн усны хомсдолд орж болзошгүй

    Цаг уурын өөрчлөлт чийглэг газрыг улам чийгшүүлж, хуурай газрыг улам хуурайшуулах болно гэж НҮБ-ын гаргасан тайланд дурджээ. 2030 он гэхэд усны хэрэгцээ хангамжаасаа 40 хувиар давж, дэлхийн хүн амын бараг тэн хагас нь усны гачигдалд орох тооцоо гарсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн мэдэгдсэн.
    Тэрээр Европын орнуудад ажиллахдаа усны салбарын хүмүүстэй уулзжээ. Энэ үеэр усны замбараагүй хэрэглээнд илүү сайн хяналт тавих туйлын шаардлагатай буйг анхааруулсан.
    Цааш нь ноён Бан Ги Мүн “Дэлхийн бүх улс орны бүх салбарт усыг хайр гамгүй, замбараагүй ашиглаж байна. Энэ нь бүгд усыг хэрхэн хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах арга замыг олоход хамтарч ажиллах ёстой гэсэн үг. Бизнесийн салбарынхан, хувь хүн бүгдээрээ хүчин чармайлт гаргахгүй бол Засгийн газрууд дангаараа асуудлыг шийдэж чадахгүй” гэжээ.
    Хөдөө аж ахуйн салбарынхан хамгийн их ус хэрэглэгч байгааг тэрээр сануулаад, дэвшилтэт технологи ашиглан “дусал усаар илүү их үр тариа” гэсэн уриан дор ажиллах хэрэгтэй гэсэн байна.

  • ​Олны танил эрхмүүд үнэнийг өчив…

    Бэлэн гоймон шиг бэлэн хүүхнүүд шөнийн цэнгэлд дэргэд чинь байлаа ч, зовлонгийн уртад хань болдоггүй юм.
    Хэтэвч нь зузаан ч сэтгэл нь нимгэн залуу жаргал цалгисан мөчүүдэд чинь хамт байлаа ч, гуниг нөмөрсөн үед хулжиж мэднэ.
    Хувцасны чинь брендлэгт, машины чинь тансагт шунасан хүүхэн хувцас чинь хуучир ч, бензин чинь дуусахад ор мөргүй арилсан байж мэднэ!
    Даашинзны чинь богинод татагдсан залуус замын уртад илүү оодгор банзалтай энгэр илхэн нэгнийг хараад урваж мэднэ.
    Бид удаан амьдарч, хол алхана. Гишгэсэн мөр бүхэн зөв байх албагүй ч, эргээд харахад харуусал төрөм байх ёсгүй.
    Цаг хугацаа чамайг, намайг хүлээхгүй урсан өнгөрнө. Амсаад үлдээсэн хундага дарсны төлөө, наргиж амжаагүй мөчүүдийн төлөө, тэвэрч үзээгүй бүсгүйчүүлийн төлөө биш!!! Даанч сайхан залуу насыг татаад хаядаг тамхины иш шиг золбин үрсэндээ харамсаж мэднэ ээ УХААРЧ ҮЗ!!!
    Үрс минь үлдэж
    Нэрс минь мөнхөрнө
    Удам өндөр
    Нэр цэвэр
    Мөр зөв байхыг эрхэмлэе ЗАЛУУСАА..
    Бавуугийн Лхагвасүрэн
    Монгол сайхан бүсгүйчүүд нь гадны залуусд дурлаад явж байгаа бол Монгол эрчүүдийн хохь нь ээ ! Чацга царайлаад, нөгөө сайхан дорны соёлоо дагаад эхнэр хүүхдээ зодоод, эмэгтэй хүнийг дорд үзээд, гөх толбоо толинд харж цээжээ дэлдэж мэлмэрээд, залхуурч ажилгүй хэвтээд, архиа гудраад явж байхгүй юу.
    Ч.Ганжавхлан

    Хань юм бол хань шиг л бай
    Хатуу бор дарсны бөглөө бүү бол
    Эр юм бол эр шиг л бай эмсийн хормой чангааж үрсээ бүү бузарла
    Эцэг юм бол эцэгшиг л бай
    Эрвээхэй үрсийнхээ харцанд сүүдэр бүү хургаа
    Түшиг л юм бол түшиг шиг л бай
    Түмний бузар хэлээр ханиа бүү орхи
    Эзэн юм бол эзэншиг л бай
    Эрээн алаг замбууд чамаар дутах хүн олон шүү
    Хүү нь юм бол хүүшиг л бай
    Хүмүүн заяанд мэндлүүлсэн ижий аавыгаа жаргаа
    Хүн юм бол хүн шиг л бай
    Хатууд бүдэрсэнч бэрхэд чанга бай
    Улаач юм бол улаачшиг л бай
    Уруудаж ирсэн нэгний зовлонгоор нь бүү жаргал хий
    Тоост замбуу нь догшин шүү
    Тоолгүй үйлдсэн үйлийнхээ үрийг чи үүрнэ
    Хөрсд замбуу нь хатуу шүү
    Үүрч дуусгаагүй бурууг чинь үр чинь үргэлжилүүлээд үүрнэ дээ

    Ц.Цэрэнболд