Category: Үндэсний соёл, зан үйл

  • Ринчен багшийн монгол бичгээ аварч үлдсэн түүх

     

    Оросын ард түмэнд бурхан мэт шүтэгдсэн Ленин багш нэгэн цагт “Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн” хэмээн айлджээ. Энэхүү айлдварын хүрээнд уйгаржин монгол бичиг үсэг маань солигдож байсан билээ.
    БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоева нар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа очиж байжээ.
    Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан, эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой, тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. Харин Тодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ. Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ.
    1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс “Орчин цагийн монгол хэлний хичээл” ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ. Хожмоо түүний хэвлүүлсэн “Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг” хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, “Монгол-Ойрдын баатарлаг туульс” (1923 он), “Монгол бичгийн хэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа” (1929 он) зэрэг суурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотноо урьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов “Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс бие биеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.
    Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.

    Черчешенко, Тодоева нар Монгол бичгийг славжин үсэг бичгээр солихоор Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод, билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солихгүй байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ. 1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.
    Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, “За, би танд л найдаж байна” хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. Ийнхүү 1958 оноос Өвөр Монголд кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.
    1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. Нэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийг ээдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.
    Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.

  • ААВААС ХҮҮХДЭД ӨВЛӨГДДӨГ 15 ЗҮЙЛ

    Нүдний өнгө
    Хүрэн, хар нүд давамгайлах шинж болдог бол саарал зэрэг цайвар, цэнхэр, ногоон өнгө дарагдах хандлагатай байдаг. Хэрвээ эцэг эхийн нэг нь хүрэн бор нүдтэй, нөгөөх нь цайвар өнгөтэй бол хүүхэд хүрэн нүдтэй болох магадлал өндөр. Багадаа цайвар нүдтэй төрсөн ч том болоод нүдний өнгө нь өөрчлөгддөг. Гэхдээ эсрэгээрээ байх тохиолдол ч бий.
    Нүүрний хэлбэр
    Нүүрний хэлбэр ч бас удамшлаас ихээхэн хамааралтай. Хэрвээ нөхөр шовх эрүүтэй, өвөрмөц хэлбэртэй хөмсөгтэй, эсвэл бүргэд хамартай бол хүүхдүүдэд тэр шинж нь гарч ирдэг. Түүнчлэн чихний хэлбэр ч ааваас удамшдаг.
    Хацрын хонхорхой
    Нүүрний булчинтай холбоотой энэхүү онцлог ч бас давамгайлдаг. Тиймээс эцэг нь хацар дээрээ хонхойдог бол хүүхэд нь ч мөн тийм төрөх магадлал нэмэгдэнэ.
    Шүд
    Шүдний чанар, хэлбэр удамшлаас их шалтгаална. Хэрвээ аав нь амны хөндийн асуудалтай, өөтэй, зайтай бол хүүхдүүдэд нь ч энэхүү таагүй асуудал үүсэх магадлал их. Азаар орчин үеийн анагаах ухаанд шүдний энэхүү асуудлыг засаж болдог болсон.
    Үс
    Үсний өнгө, бүтэц, өтгөн, шингэн бүгд удамшлаас хамаарна. Түүнчлэн эрчүүдийн хувьд халзралт, эрт бууралтах зэрэг нь ааваас нь дамждаг. Хэрвээ аавын үс өтгөн, хар өнгөтэй бол хүүхдийнх ч мөн тийм байна.
    Харин аав нь буржгар үстэй бол хүүхдийн үс шулуун байх магадлал тун бага.
    Оюуны түвшин
    Мэдээж хүн амьдралынхаа туршид хөгжиж байдаг. гэхдээ оюун ухаан өөрийн гэсэн потенциалтай байдаг бөгөөд түүнээс давж гарах гэвэл хэцүү. Энэхүү потенциал удамшлаас ихээхэн шалтгаална гэдэгт эрдэмтэд итгэлтэй байдаг. Ялангуяа эцгийн генээс бүх зүйл шалтгаална. Тиймээс хэрвээ таны нөхөр ухаалаг бол хүүхдүүд тань азтай л гэсэн үг. Магадгүй та ирээдүйн суутанг хүмүүжүүлж байгаа ч юм бил үү.
    Хурууны хээний мушгиа
    Мэдээж хүн бүрийн хурууны хээ давтагдашгүй. Гэхдээ эцэг эх, хүүхдүүдийн хурууны хээний зураас төстэй байх нь элбэг. Ялангуяа мушгиа, эргүүлэг нь эцэг, хүүгийн гар дээр давтагддаг байна.
    Уруул
    Хүүхдийн уруул зузаан, нимгэн байхад ген их нөлөөлдөг. Хэрвээ эцгийн уруул зузаан бол хүүхдийнх ч мөн тийм л байна. Энэ шинж эцэгт илүү давамгайлдаг.
    Өндөр
    Хүүхэд хэр өндөр хүн болох нь эцэг эхийн хоёулангийн генээс хамаардаг. Гэхдээ хүүхэд өндөр, эсвэл намхан байх нь ааваас илүү хамааралтай. Хэрвээ аав маш өндөр, биерхүү байвал хүүхэд ч тийм байх магадлалтай. Гэхдээ ээж нь намхан бол ааваасаа бага зэрэг намхан болж мэднэ.
    Хүүхдийн дундаж өсөлтийг тооцдог арга байдаг. Хэрвээ хүү бол эцэг, эхийн өндрийг нэмж, гарсан хариугаа хоёрт хуваагаад, түүн дээр 5 см нэмнэ. Харин охин бол эцэг эхийн өндрийг нэмж, гарсан хариугаа хоёрт хуваагаад, түүнээс 5 см хасна.
    Биеийн жин
    Өндөр, биеийн жин удамшлаас ихэд шалтгаалдаг. Хэрвээ эцэг нь таргалах хандлагатай бол хүүхдүүд, ялангуяа охид энэ онцлогийг нь өөртөө тусгадаг.
    Аав нь спортлог, өв тэгш бие галбиртай бол гоолиг хүүхдүүд төрдөг.
    Хошин шогийн мэдрэмж
    Хошин шогийнг мэдрэмж ч бас удамшлаас ялангуяа эцгээс дамждаг. Хүүхдээ хошин шогийн мэдрэмжтэй болгоё гэвэл гэрт нь хөгжүүлж, хошигнож, инээлдэж хөхрөлдөж байгаарай.
    Унтах байрлал
    Интернэт сүлжээгээр та бүхэн аав хүүхдүүд адилхан байрлалаар унтаж байгаа зургийг өчнөөн харж байсан биз ээ. Унтах хэв маягийг ч бас эцгийн ген тодорхойлдог. Үүнээс гадна аав нь шар шувуу, болжморын аль нь болох нь хүртэл хүүхдэд дамждаг.
    Наранд найтаадаг
    Нөхөр тань хурц нартай үед найтаадаг уу? Энэхүү онцлогийг гэрлийн найтаах хам шинж гэдэг бөгөөд хүүхдэд удамшиж ирдэг нэг шинж юм.
    Эрсдэл, мөрийтэй тоглоомд дуртай
    Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй зүйлд дуртай байх нь мөн л удамшдаг. Тиймээс эрсдэлтэй алхам хийх хандлагыг хариуцдаг ген гэж байдаг. хэрвээ аав эрсдэл, адал явдалд дуртай, тэндээс адреналин авдаг бол хүүхдэд ч энэ шинж илэрдэг.

  • Монголчуудын цээрлэх ёсноос: Архи, дарстай холбоотой цээрлэх ёс

    -Архи дарс өргөн барих, хүртэхдээ хэн хэн нь ханцуй шамлах буюу хормой шуух, эс бөгөөс энгэр заам сул задгай байхыг цээрлэнэ. Хувцас хунар, малгайгаа тэгш байлгах нь ёс төрийн их идээг хүндэлж буй илтгэнэ.
    -Архи анхлан барихдаа зочны өмнө шууд тавихыг цээрлэнэ, архи барьж буй хүн заавал баруун гараараа барьж зүүн гарын алгаа дэлгэн дээш харуулан барих нь хүндэтгэлийн ёс.
    -Архи дарсыг амсаж уусны дараа гашуун нясуун, хатуу догшин хэмээн хэлэхийг цээрлэнэ. Идээний дээж хэмээн хүндэтгэхийн учир тэр бөлгөө,
    -Архи дарсыг зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал хэрэглэхийг цээрлэнэ Монголчууд «Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж зоогло, жар хүрээд жаргал болго» гэх буюу «Архинд донтвол амьдын тамд унана» хэмээн сургаж алив найр наадам, цэнгэлд гурван хундагаас хэгрүүлэхийг цээрлэдэг байжээ.
    -Архийг зогсоогоор амсах буюу уухыг цээрлэнэ. Ёс төрийг эрхэмлэж заавал сууж амсах буюу ууна.
    -Архиар хүн шахах, албадан уулгахыг цээрлэнэ. Зөрчвөөс хүндэтгэлийн идээг хүндгүй болгоно. Зочин буюу анд нөхрөө дээрэлхэн доромжилсноос ялгаагүйд тооцно.
    -Архи дарс хүүхэд багачуудад амсуулах, уулгахыг цээрлэнэ. Зөрчвөөс ухаан мунхаг болно, өвчин олно гэнэ.
    -Архи дарсыг ахмад настан, аав ээж, ахас дээдсийн дэргэд уухыг цээрлэнэ. Хүндтэй идээг хүндлэх учиртай хүмүүсийн дэргэд ууваас ёс алдана, цадиггүй, эх захгүй гэгдэнэ.
    Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ
    МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС

  • Хүүхэд ширгэлэх зан үйл

    Үдшийн бүрэнхийгээр гэнэт чангаар хашгирч уйлах, бие нь эвгүйтэх, нүд нь гүйх гэх мэтэд элдэв зүйлээс айж цочсон хэмээн үзэж эртнээс Монголчууд ширгэлэн домнодог байсан байна. Ширгэлж домнох хэд хэдэн арга байдгийг доор өгүүлэв.
    1. Тугалгаар ширгэлэх
    Домнохдоо нүдэнд нь сэв суусан гэж үзээд тугалга хайлуулж рашаанд /усанд/ сэвийг нь шингээж авдаг байжээ. Тугалгыг рашаанд хийхдээ:
    Мэлмийн хар нь рашаандаа
    Мэддэг сэв нь усандаа
    Хар буруу нь рашаандаа
    Хамаг бузар нь сэвэндээ хэмээн хэлж домнодог ба тугалга дүрсээ олоход сэвийг нь биежүүлж гаргалаа гэж үздэг. Мөн гэрийн эзэн, эрийн бахархал, бяр чадалтай аав нь бяцхан үрийнхээ амийг хамгаалж, хар мууг дарлаа гэж нүдэн дээр нь гарсан дүрсийг хугачин үзүүлэх бөгөөд рашаанд /усанд/ нь чимх босгоны шороо хийн зүүн хойд зүг рүү гарч:
    Жам ёсоороо хүн болж төртүгэй
    Жаргал зовлон хоёрыг тэнслэн, тэнслэн амьдартугай
    Энэ биеэ застугай
    Ирэх ерөөлийг хүсье гээд хар мууг тонилгодог байжээ.
    2. Лааны тосоор ширгэлэх
    Аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айж цочсон амьтан, хүний дүрсийг олж лаа царцдаг гэдэг бөгөөд Сосорбарам бурхны зүрхэн тарнийг шившин уншиж, аягатай усанд 3-7 удаа үлээгээд, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлэн хүүхэд хөлссөн зүгт цацдаг байна.
    Сосорбарам бурхны зүрхэн тарни: Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даарий базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум пад пад
    3. Давсаар ширгэлэх арга
    Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах бөгөөд энэ үед хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг ширэг ширэг” гэж гурван удаа амандаа шившин уншдаг байна. Сосорбарам бурхны тарни болон Ширгийн тарнийг аль алийг нь хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.
    4. Хүүхэд тань шөнө уйлж цочиж сэрээд байвал Ногоолин чулуу зүүж өгөх арга бас бий. Үүнээс гадна галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхэддээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй. Харин уулын болор чулууг хүүхдийн элдэв өвчнөөс хамгаалахын тулд зүүж өгдөг байна. Шүр, маргад хоёр хүүхдийн хүзүүнд зүүлгэвэл арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг хүүхдэд ээлтэй чулуу гэнэ.
    5. Бор туулай болгох дом
    Харуй бүрий болох үед, үүр цайхын өмнөх үед хүүхдийн гурав дахь мэлмийн нээгдэж элдэв дүртэнг ажихвий хэмээн эмээж Бор халзан туулай болгон домнодог байсан нь өдгөө ч хэвээрээ. Балчир үрийн галны заадсаас эхлэн хамрын үзүүр хүртэл хар хөөгөөр зураас татахдаа:
    Сүнсэн бие нь бэхжихээс өмнө
    Сүүдэр бүхнийг бүү хартугай
    Эрхэм бие нь бэхжихээс өмнө
    Элдэв мууг бүү хартугай хэмээн хоёр шивнээд гурав дахь дээр нь зулайг нь үнсэн хөө тортогийг нь зурдаг домтой. Ингээд харуй бүрийгээр хүүхдийг авч явахдаа өлгийнийх нь бүсэнд гурван ширхэг Явуу хийн:
    Хар лусын хаздаг цагааны шид
    Хонгор үрийн бүслүүр зангилаа
    Хөх лусын хаздаг цагаан шид
    Хөөрхөн үрийн бүслүүр уяа
    Улаан лусын хаздаг цагаан
    Ураг төрлийн минь бүслүүр хамгаалалт гэж гурвантаа хэлээд үрийн өлгийд явууг зэхэн тогтоож харуй бүрийгээр балчир үрсийг авч явдаг домтой аж. Энэ домыг хэрэв хийхгүй бол хүүхдийн мэлмий хүчирхэгээр хардаг учир айн мэлмий сэвтэж, ухаанд нь сэв суун, энэ ужиг нь өсвөр насанд нь илэрч Авир муутай элдэв муу уршигтай хүн болно хэмээн цээрлэдэг аж. Төрснөөс эхлэн гурван нас хүртэл энэ домыг хийхэд зохимжтой. Учир нь зулайн яс битүүртэл ухамсарт нь хар муу сүнсний ухамсар орж шингэнэ гэж үздэг байна.

  • Шагайн харвааны үүсэл, хөгжил

    Уламжлалт бэлчээрийн малтай нүүдэлчин овог аймгуудын дунд малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн авч амьдрал ахуйдаа хэрэглэж ирсний дотор ялангуяа хүнсэнд хэрэглэсэн малынхаа мах, арьс, нэхий, яс зэрэгт маш хүндэтгэлтэй хандаж эрүүл мэндээ нөхөн сэргээх, эрхлэн тоглох наадам цэнгээний чухал хэрэгсэл болгон ашиглаж ирсэн уламжлалтай. Үүний нэг жишээ нь мал болон зээрийн шилбэнд байдаг дөрвөн бэрхийн буулт бүхий жижигхэн ясыг “шагай” хэмээн нэрлэж түүнийг гэрийн тоглоом наадамд хэрэглэх арга ухааныг сүвэгчлэн бүтээсэн төдийгүй хүн ардынхаа ёс зан заншил, ой ухааныг хөгжүүлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах харилцааны өндөр соёлыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байна.
    Шагай шүүрэх, шагай няслах, шагай таах, богцог няслах зэргээс салбарлаж гарсан “Шагайн харваа” наадам нь Гурван голын эхээр нутаглаж байсан Хамаг Монголын олон овог аймгуудын дунд хүчтэй түгэн дэлгэрч байсныг түүхийн зарим эх сурвалжуудад тов тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг. Сурвалж бичгүүдэд, Харвах намнахдаа мэргэн Халх монголын эрчүүд Хана Хасаа өрж Харваа,цэц мэргээ сорьдог байжээ гэсэн нь Гурван голын сав нутгийн эрчүүд ав ан хомрогод мордох, цэрэг дайны бэлтгэл хангах цугларалтынхаа үед шагай харваж наадан, отог овгоороо багшин нэгдэж бие биедээ хүндэтгэл үзүүлж урам хайрлах ур ухаанаа дэлгэрүүлж байсны гэрч билээ.
    Шагай харваж наадах дэг горим нь нэг баг 7-9 эрчүүдээс бүрдэх ба тоглож буй хоёр баг 30 хасаа өрж 9 тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үеүдэд баг тус бүрээс 2 харваач сууж тус бүр 4 сум тавьж 3 өрөг харваж нэг нь нөгөөгөөсөө таван хасаа татаж чадсан тохиолдолд хожил тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн 2 баг дундын сайхан уухайгаар хүндэтгэл илэрхийлж бас урам хайрлан оноо цэц мэргийг нь улам анхиулдаг юм. Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлд хуваагддаг.
    • Төв халхын угалз уухай
    • Боржигон уухай
    • Зуутын идэрийн уухай
    • Баруун монгол буюу Дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт өв хэмээн үздэг байжээ.
    Манай нэрт яруу найрагч, төрийн соёрхолт Р.Чойном Монголынхоо тухай нэгэн шүлэгтээ, Монгол гэдэг чинь
    Адууны үнэртэй халхын талд байдаг юм
    Агар зандан хашлаганаас тавих сумны уухайнд байдаг юм
    Айраг найрын хуа дэмбээнд байдаг юм гэж яруу сайхнаар дүрсэлж адуу, шагай, айраг гурваар аугаа монголын дүр төрхийг холын хүний сэтгэлд хүргэж байсан байна.
    Төв болон баруун аймгуудад Шинийн 3-ны дотор хотондоо шагай харвуулсан айлын мал тэр жилдээ өвчин эмгэггүй өсч үрждэг, түүнээс гадна шагайн харвааны сүрлэг сайхан уухайн дууг сонссон хүний хийморь сэргэдэг гэх мэтээр бэлэгдлийн өндөр ач холбогдол өгдөг.

  • Төрийн есөн хөлт цагаан туг

    1992 онд батласан шинэ үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн % хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн юм.
    Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг цаазтай.
    Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ.
    Сүлдэнд түүнчлэн их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг.
    Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг.
    Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай билээ.
    Б.БАРС

  • 800 жилийн өмнөх цаасан мөнгийг хадгалах хэцүү

    – Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?   
    – Би Москвагийн их сургууль төгссөн, түүхч хүн л дээ. Монголын мөнгөн   тэмдэгтийн түүхийг 2001 оноос судалж байна. Энэ бол их өвөрмөц, манайдаа судалгааны гадуур өнгөрчихсөн эд л дээ. “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт” гэдэг номоо “Адмон” компаниар сая хэвлүүллээ. 2002 онд “Монголын мөнгөн тэмдэгт”, 2005 онд “Монголын эзэнт улсын зоосон мөнгө, хаадын тамга” гэдэг ном гаргасан. Эхнийх нь каталогийн шинжтэй. Дараагийнх нь судалгааны чиглэлийнх. Анх¬ны номоо хэвлүүлээд 4-5 жил болчихож. Номнуудыг минь гадаад, дотоодын хүмүүс их сонирхож байгаа. Ном сайндаа биш юм аа. Гол нь асуудал нь өөрөө их сонирхолтой.
    – Түүх талаас нь судал­сан уу, аль эсвэл урлаг талаас түлхүү байна уу?  
    – Ер нь бол түүхийн талаас нь. Урлаг гэдэг утгаар нь би бодож   зорьсонгүй. Тэр мөнгийг хийсэн ур чадвар зураачийн чадвар гэдэг юм уу, тэр талаас нь харвал үнэхээр гоё юм зөндөө бий. 1921 оны мөнгөн дэвсгэртийг одоогийн мөнгөтэй харьцуулж харах юм бол өнгө зүс, хээ, будаг, утас нь үнэхээр гайхамшигтай. Тийм сайхан мөнгө байсан юм билээ. Харамсалтай нь манай улс хэрэглээгүй.
    – Яагаад тэр вэ?  
    – 1921 онд төр хоёр солиг­д­сон. Барон Унгерн нийслэл хүрээг эзэлж,   гамингуудыг хөөж гаргаад, Богд хааныг эргүүлж хаан ширээнд залсан шүү дээ. Монголын Зас¬гийн газар шинээр байгуулагдсан. Тэгээд шинэ мөнгөн тэмдэгт гаргасан юм. Тэр мөнгөн тэм­дэг­тийн дээр байгаа бичээс, үг хэллэгнээс нь болоод “Бага болзоот” гэж нэрлэсэн. Уг нь Засгийн газар түүнийгээ зээллэг гэж гаргасан юм. Тэр үеийн ханш, Монголын банк сан­хүүгийн систем олигтой бүр­эл­дэж тогтоогүй, худалдан авах чадвар, зээлийн чадвар, аливаа юмнаасаа болоод энэ мөнгө зээллэг болж чадаагүй. Энэ бол манай Монголын мөнгөн тэмдэгтийн түүхэнд гайхамшиг болсон бүтээл. Би судлаач, цуглуулагч хүний хувьд үнэхээр бахархдаг. Монгол Улс ийм мөнгөтэй байсан байна, Монголын сайд дарга нарын, Засгийн газрын тамга тэмдэгтэй, ийм мөнгө 1921 онд гарсан байна. Харамсалтай нь тэр үеийн байдал, хүндхэн болж Ардын засаг хэдхэн сарын дараа гарч ирсэн. Ардын засаг түүнийг учиргүй хүчингүй болгож хаяагүй, 2-3 жил хэрэглэсэн. Гэхдээ тэр үеийн шаардлага хангахгүй болсон учраас аажимдаа тэр мөнгийг эргүүлж Сангийн яам татаж аваад, хамгийн харамсалтай нь бүгдийг нь устгасан байгаа юм.
    – Нэгийг ч үлдээлгүй юу?  
    – Нэг ч үлдээгүй гэж хэлэхэд хаашаа юм. Ер нь архиваас үзвэл санд   хураагдаагүй хэдхэн ширхэг үлдсэн байна. Гэхдээ тэр нь Монголд байх магадлал байхгүй. Цөөхөн хэдэн гадны худалдаачны гараар дамжаад гадагшаа гарчихсан. Ихэнх нь урагдсан, хаягдсан, хулгана зурам идэх явдал ч байдаг шүү дээ.
    – Та яаж олж авав даа?  
    – 10, 25, 50, 100 гэсэн дөрвөн дэвсгэрт л байдаг юм. Энэ жил эх   хувиар нь олсон. Яг хэмжээ дамжаа, өнгө зүсээр нь энэ номд оруулсан. Ганболд гэдэг залуу бид хоёр нэлээд хэдэн жил ярьж байгаад энэ номыг бичлээ. Энэ бол анх удаагаа хэвлэгдэж байгаа зураг шүү. Тэр архиваас ухаж гаргаж ирсэн баримтууд ч гэсэн анх удаа олны хүртээл болж байна. Түүгээрээ манай түүх сонирхдог хүмүүс, шинжээч судлаачдад хэрэгтэй ном болох ёстой гэж бодож байна. Нөгөө талаас Монголын түүхийн нэг иймэрхүү үрэгдэж алга болсон зүйлийг олж цуглуулна гэдэг өнөөгийн монголчуудын үүрэг л дээ.
    – Та тэгээд хаанаас олж авсан хэрэг вэ?  
    – Би энэ дөрвөн дэвсгэртийн хоёрынх нь жинхэнэ эхийг Америкт дуудлага   худалдаагаар авсан. 50-тын дэвсгэртийг Австрид бас дуудлага худалдаагаар авсан юм. Энэ үнэхээр ховор эд. Дэлхийн томоохон зоос, цаасан мөнгөний дуудлага худалдаа явуулдаг газруудын мэдээгээр манай бага болзоотын 10-тын дэвсгэрт дэлхийд 3-4 ширхэг байгаа гэсэн байна лээ. Тэрний нэг нь Монголд, надад байна. 25-тын дэвсгэртийн сургийг саяхан гаргасан. Үүнийг хөөцөлдөнө. Одоохондоо оргина-лаараа байхгүй байна.
    – Их үнэтэй авсан байх даа?  
    – Үнэтэй. Мөнгө төгрөг илүү дутуудаа би үүнийг аваагүй. “За больдог ч   юм уу даа, үнэтэй юм” гэсэн чинь “Наад 10-тын дэвсгэрт чинь хэрэв гурав мэдэгдэж байгаа нь үнэн бол хоёр ширхэг нь жинхэнэ цуглуулагч хүний гарт л байгаа. Тэр хүмүүс түүнийгээ хэзээ ч зарахгүй. Нэг ширхэг нь сул гарч ирээд дуудлага худалдаагаар зарагдаж байна. Үүнийг л авахгүй бол алдана гэж хүмүүс зөвлөсөн. Тэгээд л авсан. Харин 100-тын дэвсгэртийг 2004 онд Америкт үзэсгэлэн худалдаанаас олж авсан. Тэр үедээ л их үнэтэй авсан даа. Хамгийн том дэвсгэрт нь энэ. 100-тын дэвстгэртийг 400-хан ширхэг гаргасан юм билээ. Одоо ганцхан ширхэг мэдэгддэг, тэр нь минийх. Өөр гарна гэдэгт би итгэхгүй байна. Энэ дэвсгэртүүд өнөөдөр Монголдоо байгаад монгол хүнийхээ хувьд, түүх судалдаг судлаач хүний хувьд би бахархаж явдаг.
    – Яагаад энэ бүхэн Монголд байхгүй, гадагшаа гарчихав гэж гайхаж байна?  
    – Монголд байхгүй шалтгаан нэг байна. Нэгдүгээрт түрүүн хэлсэн,   бүгдийг нь аваад устга­чихсан. Сангийн яам шатааж устгасан гэж архивын баримт байгаа шүү дээ. Тухайн үед эргэж сангийн яаманд хураагдаагүй хэсэг үлдчихсэн байхгүй юу. Тэрнээс л цөөхөн хэд нь үлдээд хүмүүсийн гараар дамжаад гадагшаа гарчихжээ. Дотооддоо байхгүй гэдгийг олон талаас нь би судалсан. Улсын сан хөмрөг, банкны сан хөмрөгт алга. Тэгэхээр энэ дэвсгэртүүд Монголоос гарах магадлал бараг байхгүй гэж хэлж болно.
    – Таны цуглуулгыг сонир­хож болох уу? Хэр арвин цуглуулгатай вэ?   
    – Би Монголын зоос, мөнгөн тэмдэгтээр л цуглуулга хийдэг. Янз бүрийн   хутга шөвөг, өөр зүйл цуглуулдаггүй. Миний цуглуулга гурван янз. Нэг дэх нь Монголын эзэнт улсын үеийн зоос. Үүнийгээ би хамгийн сайн цуглуулга гэж боддог. Монголд одоохондоо ийм цуглуулгатай хүн байхгүй байх. Монголын эртний хаадын нэр овгийн тамгатай, ийм зоос. Тэр зоосны талаар би найман жил судалж байна. Цаашдаа ч би гарцаагүй ховор юмыг судлах л болно. Хоёр дахь хэсэг нь цаасан мөнгө. Надад Юань улсын цаасан мөнгө бий. Тэрийг жичид нь судалгааны аятайхан ном болгох бодолтой байгаа. 800 жилийн өмнөх цаасан мөнгө байлгана гэдэг хэцүү л дээ. Гуравдугаарх нь Монголын гүйлгээний болоод дурсгалын мөнгөн тэмдэгт. Тэр бас сонин цуглуулга. Учиргүй ховор ч эд биш.
    – Танд ямар ямар хаадын зоос байдаг вэ?   
    – Чингис хаан, Өгөөдэй, Гүег, Мөнх, Аригбөх гээд их хаадын гаргасан   зоос миний цуглуулгад байдаг. Үүнийг эргүүлээд олно гэдэг найдлага надад байхгүй. Яахав ганц нэг олдож магад. Цуглуулга гэдэг зүгээр нэг хадгалаад байх эд биш юм. Энэ дотор байгаа, ялангуяа Монгол Улсын түүхтэй холбоотой нарийн ширийн юмнуудыг заавал мэдэх хэрэгтэй.
    – Монголд үе үе зоосны үзэсгэлэн болдог. Та оролцдог уу?  
    – 2006 онд би Монгол Улсын 800 жилийн ойгоор эртний зоосны бие даасан   үзэсгэлэн гаргаж байсан. Монголын эзэнт улсын 300-гаад зоос тавигдсан. Энэ дашрамд би нэг юм хэлчихье. “Чингис хааны алтан зоос” гэдэг номыг үзлээ л дээ. Тэр номонд тавьсан зураг, зургийн тайлбар маш буруу байна лээ. Хятадын бэлгэдлийн зоос гэж байдаг юм, дурсгалын маягтай. Өнгөрсөн зууны эхэн үед л гарсан. Ямар нэгэн бичээс байхгүй. Тэрийг Чингис хааны алтан зоос гэж нэрлээд ном гаргажээ. Хятадын бэлгэдлийн зоосны каталогийн ном байдаг. Түүн дээр бүр номер дугаартайгаа байдаг юм. Хятадын зүгээр нэг бэлгэдлийн зоосыг бид андуураад Чингис хааны алтан зоос оо гээд ном гаргаж болохгүй шүү дээ. Чингис хааны жинхэнэ алтан зоос 2-3 янз бий. Тэр нь аугаа их хаадын хаан, аугаа их Чингис хаан гэсэн үгтэй. 1221 онд гарсан. Чингис хаан Хоризмыг яг дайлаар мордож бай­сан үе. Түүнийг бүх дэлхий даяараа судлаад шинжээчид, цуглуулагч Чингис хааны алтан зоос гэж баталсан. Тэр зоосны нэг хувь нь Монголд бий шүү.
    – Танд тэр нь байгаа юм биш биз?  
    – Тийм шүү. Түүгээрээ би их бахархдаг.  
    – Та ингэхэд хэзээнээс цуглуулга хийсэн бэ. Өвлөж авсан уу?  
    – Долоон жил болж байна. Өвлөж аваагүй ээ, миний аав харин марк   цуглуулдаг мундаг хүн байсан. Би хүний нутагт найман жил болсон. Жаахан уянгын халилтай хэлэхэд би нутгаа их санадаг байсан. Найз нөхдөө их үгүйлдэг. Тийм учраас жаахан зав чөлөө гарвал Монголынхоо түүх, гадаадад ямар юм байна, юу бичиж байна, юу уншиж байна гэдгийг судалсан. Монголын түүхийн юм хөөцөлдөж яваад л зоос, мөнгөн тэмдэгт рүү орсон. Миний аав намайг энэ рүү үндсэндээ чиглүүлсэн хүн л дээ. Олон улсын маркны үзэсгэлэн худалдаанд оролцож, дээгүүр байранд орж байсан. Гэхдээ би тэрийг нь ерөөсөө сонирхож байгаагүй.
    – Гадаадад манай эртний зоос, мөнгөн тэмдэгт хэр олдууштай байдаг юм бэ?   
    – Эртний зоос, Монголын эзэнт улсын мөнгөн тэмдэгт, энэ чиглэлийн   судалгаа дэлхийн зах зээлд ид хүчээ авч байна. Орост өнгөрсөн сарын сүүлчээр нэг доктор зөвхөн Цагаадайн зоос гэж судалгааны ажил хийсэн байна. Ганцхан Цагаадайн улсын зоосон мөнгөөр. Хятадууд Юань улсын мөнгөн тэмдэгтээр өчнөөн судалгаа хийж, зэрэг цол хамгаалсан байдаг. Алтан ордоор бол нэлээд их юм хийсэн. 1990 оны дунд үеэс Монголын эзэнт улсын зоосон мөнгө Араб дахин, баруун Европын эртний зоосон мөнгөний зах зээлд элбэг байгаагүй. Тэрийг хүмүүс нэг их ойшоож тоодоггүй байж. 1997, 1998 оноос эхлээд нэлээд мөнгө Америк руу гарсан. Тэнд нэг айхавтар том судлаач сайн цуглуулсан. Тэгээд гадагшаа каталог гаргаж, өөрөө ч ийш тийш нь нэлээд борлуулсан юм шиг байгаа юм. Би биеэ магтаж байгаа юм биш, би яг тэр үеэр түүнтэй таарсан. Тэгээд яриад, сүүлдээ найз нөхөд боллоо. Бие биедээ мэддэг чаддаг юмаа хэлдэг, бие биенээсээ их юм сурсан. Нэлээд ч зоос түүнээс олж авсан. Гэтэл 2006 оноос Араб дахин, баруун Европын эртний зоосны зах зээл дээр байсан мөнгө, зоос ор тас алга болчихлоо.
    – Яагаад тэр вэ?  
    – Яагаад алга болсон бэ гэдэг талаар Пакистаны нөхдүүд надад ингэж   ярьсан. Энэ чинь алга болсон биш ээ. Хятадууд авчихсан. 2006 онд Хятадаас гурван групп гарсан юм байна. Афганистан, Иран, Иракийн чиглэлд нэг хэсэг, Турк тэр хавь руу нэг хэсэг хүн, Орос руу хэсэг хүн явсан юм байна. Цуглуулагч, эрдэмтэн судлаач, янз бүрийн хүмүүс тэнд байсан. Тэд зах зээл дээр байгаа Хятадын холбогдолтой, тэр дундаа Монголын холбогдолтой бүх мөнгөн тэмдэгт, зоосыг хамсан байхгүй юу. Зах дээр гаргаагүй, хувь хүмүүсийн гэртээ хадгалж байгаа юмыг хүртэл сургаар нь олоод барьж авсан байгаа юм. Монгол мөнгө байна уу гээд аваад байсан гэж байгаа. Гэтэл хагас жилийн өмнө Шанхайд дэлхийн эртний зоосны том үзэсгэлэн гарлаа. Тэнд өнөө баруун талд яваад байсан зооснууд бүгд байх жишээтэй. Тэгэхээр манайхан Монголынхоо юмыг хэд гурвыг ч гэсэн амжиж авахгүй бол болохгүй нь.
    – АНУ-д амьдраад удаж байна уу? Эх орондоо хэзээ ирэх вэ?  
    – Америкт амьдраад найман жил болж байна. Хоёр жил болоод ирнэ ээ.   Харин би тэнд очсоных нэлээд юм судалсандаа баярладаг юм. Монголын эртний монгол зооснуудыг олон түмэнд хүргэлээ. Үзэсгэлэн гаргалаа, номоо гаргалаа. Дээрээс нь би монголчуудын хаадын тамганы талаар нэлээд гайгүй судалгаа хийж байна. Тэр тухайгаа би дараагийн номдоо оруулна. Гэхдээ би ганцхан л юм хэлье. Би Монгол Улсынхаа төлөө л явж байгаа даа.
    Г.Оюунгэрэл

  • Мал сэтэрлэх ёс

    Үүний дагуу мэдэгдэл авсан хүн гэр орондоо бөө залж ирүүлээд бөөгийн зөвлөмжөөр бэлтгэсэн сэтэр хийх материалаа бөөд хэл хуураараа онгод оруулалгүй хөгжимдөн шивнин халбаганд уугилсан арцны утаан дээр нар зөв есөнтээ эргүүлнэ. Энэ бол үйлдсэн сэтэрийг амилж байгаа зан үйл болно. Сэтрээ амилсаны дараа сэтэрлэх хонь ямааг гэрт оруулж, голомтын баруун талд зогсоож эхлээд усаар, дараа  нь цээдмээр угаана. Үүний хар,цагаан угаалга хэмээн нэрлэдэг.  Ингэж угаалга хийснээр сэтэрлэх малыг ариутгаж байгаа нь энэ болно. Тэгээд духнаас нь хондлой хүртэл нарийн зурваст тараг,дөрвөн мөчний үе бүхэнд тос түрхэнэ. Энэ нь сэтэрлэх бол бүх үйлдлийг гэрийн цагаан зүгт гадаа үйлдэнэ. Сэтэрлэх малыг онгодын өмнө гурван удаа  (толгой дээр нь  дарж)мөргүүлнэ.

  • ​Хубилай хааны сүйрсэн флотын үлдэгдлийг Японы эрдэмтэд олжээ

    Хубилай хаан 1281 онд Такашима арлын ойролцоо газар 4400 усан онгоц илгээж, Кюүшюү арлын хойд хэсэгт тулалдсан түүхтэй. Мөн Камиказе хэмээх тэнгэрийн салхи хоёр удаа дэгдэж, Хубилай хааны хөлөг онгоцуудыг эвдэлж, хэдэн мянган цэргүүдийг нь хөнөөсөн гэсэн Япон домог бий.

    Хамгийн сүүлд олдсон дээрх усан онгоц нь 2011 онд Монголын байлдааны хөлөг олдсон газраас 1,7 км-ийн зайтай, 14 метрийн гүнд байрлаж байсан болохыг хэмжигч багажаар нотолсон байна. 11 метр урттай уг хөлөг 2011 онд олдсон дурсгалаас илүү сайн хадгалагдаж үлджээ. Гэхдээ Хятадын шаазан эдлэлүүдээс тэс ондоо хийцтэй байгаа тул гарал үүслийг нь тогтооход төвөгтэй гэж шинжээчид үзэж байна. “Бид үүнийг Монголын усан онгоц гэж үзэж байгаа. Бүтэц, хэмжээг нарийвчлан тогтоож, гарал үүслийнх нь талаар нэмж судална. Маш сайтар хадгалагдаж үлдсэн тул шаазан эдлэл, зэвсэг тээвэрлэхэд онцгой гүүрэг гүйцэтгэдэг байсан гэж дүгнэлээ” хэмээн судалгааг удирдаж буй Рюкюү их сургуулийн профессор Иошифуми Икеда ярьжээ.

    Үүнээс гадна дурсгал олдсон газрын ойролцоо шаазан эдлэлийн хэлтэрхий, туйпуу, их бууны сум, чулуун зангуу зэрэг 4000 гаруй эд өлгийн зүйл олдсон гэж CNN мэдээлэв.

  • ​Улаан-Үдээс Монгол эзэнт гүрний үеийн булш олжээ

    Тосгоны оршин суугчид хашаандаа бордооны нүх ухаж байтал дээрх хүний араг яс гарсан бөгөөд ердөө 1.5 метрийн гүнд байсан аж. Цагдаа нарын хэлснээр, булшийг олсон оршин суугчид энэ газарт дөрвөн жил зургаан сарын өмнө нүүж ирсэн бөгөөд хуучин эзэмшигч нь хашаа байшингаа зарж Москва уруу шилжжээ. Одоо Улаан-Үдийн уг тосгоны газрыг хамгаалалтад авч,өргөн хэмжээний малталт хийж эхэлсэн байна. Булшнаас олон төрлийн эд өлгийн зүйлс гарсан ч энэ нь булшны аль үед харьяалагдахыг тодорхойлоход учир дутагдалтай байгаа аж. Ямартай ч, булшнаас товч, бүсний арал, метал болон хуванцар бүтээгдэхүүн, гутал гарчээ. Харин араг яс чулуужсан бөгөөд албаныхан VI-XIII зууны үед хүнийг 1.5 метрийн гүнд оршуулдаг байсан гэж оршуулгын зан үйлээр нь тодорхойлж байна. Тиймээс энэ булшийг Монголын эзэнт гүрний үед хамааруулж байна. Одоо цогцсыг шинжилж байгаа бөгөөд сар орчмын хугацаа шаардах гэнэ. Шинжилгээний дараа уг цогцсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч, үхлийн шалтгаан тодорхой болох агаад шинжилгээг Белоруссийн талаар хийлгэх ажээ.
    Э.Төгсжаргал