Зэвсэгт хүчин нь бусад хүчний байгууллагуудаас эрс ялгарах нэг зүйл байдаг. Тэр нь зэвсэглэл нь маш өргөн хүрээтэй. Түүнийг ашиглан цэргийн байлдааны ажиллагааг удирддаг нь мэргэжлийн онцлог юм. Мэдээж бүхний төвд хүн байдаг. Хүн хэрхэн цэргийн техник, зэвсэглэл эзэмшсэн байна, түүнээс олон хүчин зүйл хамаарна. Өнөөдөр цэргийн сургууль хамт төгсөгчдөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, шадар сайд, сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга, агентлагын даргаар ажиллаж байна, ажиллаж байв. Энэ бол цэргийнхэний бахархал мөн.
Нөгөө талд нь гажуудал бий болсон. Улс төрөөс явсан хэн ч өнөөдөр шууд хурандаа, маргааш нь генерал болж болох жишиг тогтсон. Тиймээс цэргийнхэний дотор “малчин”, “уран сайханч” нэр устай ар талын мэргэжлийн олон хүн генерал болсон нь энэ цаг үед цолыг бас санхүү, мөнгөтэй холбож онигоотоход хүрсэн байж болох юм.
Саяханыг хүртэл зэвсэгт хүчнийг мэргэжлийн хүмүүс удирдаж байлаа. Одоо бол өөрчлөгдсөн. Яагаад гэвэл зорилго, чиглэл, үйл ажиллагаа удирдлагын байдалд ихээхэн өөрчлөлт орсон. Улс төрчдийн гар их орох болсон. Нөгөө талдаа байлдах урлаг шаардлагагүй болж, хэн ч удирдаж болох мэт шалтгаан шаардлагууд гарч ирсэн.
Улс орноо батлан хамгаалах үндсэн зорилго өнөөдөр энхийг сахиулах нэрийн дор харь оронд албан үүрэг гүйцэтгэхэд чиглэгдэх болсон. Улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл тул яах аргагүй ингэхээс өөр аргагүй болсон гэх тайлбарыг өгөх нэгэн байж байгаа.
Цэргийн мэргэжлийн удирдлага болох төрөл мэргэжлийн зангидан нэгтгэх чадвар шаардлагагүй болж зэвсэгт хүчнийг төлөөлөн удирдах мэргэжилтэн байхад л хангалттай болсон. Байлдааны ажиллагаа байхгүй бол энгийн байгууллага шиг хэн ч удирдаж болно гэсэн үг гэлтэй.
Зэвсэгт хүчний жанжин штаб хэмээх цэргийн цогц удирдлагыг сүүлийн жилүүдэд инженер, агаарын цэргийн болон ар талын хангалтын мэргэжилтнүүд дагнан удирдаж ирэв. Ийм үзэгдэл нь зэвсэгт хүчнийг ямар ч мэргэжилтэн удирдаж болох юм гэсэн санааг улс төрчдөд өгч улмаар энгийн мэргэжилтэн, цагдаа, төрийн хамгаалалт, онцгой байдлын мэргэжлийн хүмүүсээр цэргийн удирдах мэргэжлийн байгууллагууд дүүрэх шинжтэй болов. Хөөрхий цэргийн жинхэнэ мэргэжилтнүүд одоо анги, салбарт ажиллах хувь заяа ногдож байна.
Байлдааны буудлагатай хээрийн сургууль-цэргийнхэний бахархал. Хүн нэг бүрийн зэвсэгээс аваад артиллерийн бүх систем, хуяг тээвэр, танк оролцсон байлдааны сургууль оролцож, үзэж байхад мэргэжилээрээ бахархах сэтгэл төрдөг. Саяхан тийм нэг хамтарсан сургууль болж билээ. Тэгэхдээ энэ сургууль нь энхийг сахиулах бус жинхэнэ цэргийн удирдлагын ур чадвар, чадамжийг харуулсан байлдааны буудлагатай хээрийн сургууль байсан. Тэр үед л жинхэнэ цэргийн удирдлагын чадвар шаардсан. Харамсалтай нь Зэвсэгт хүчний дээд удирдлагад төрөл мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг удирдах цэргийн удирдлагч харагдсангүй. Тэгээд цэргийн сургуулийн багш хүн манай талаас нөгөө талаас хошууч генерал хүн удирдаж таарав. Цэргийн мэргэжилтэн нь байна, гагцхүү олж, дэвшүүлж, томилж чадахгүй улс төрчдийн удирдлагад алдаа нь ногдоно.
Энэхүү байлдааны буудлагатай хээрийн сургуулийг удирдсан хурандаад Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар манай байгууллага шагнасан, тэр булган сүүл дагуулж генералын алтан мөрдөс авчирсан.
Би Цэргийн Нэгдсэн Дээд сургуульд цэргийн мэргэжлийг нь эзэмшсэн, дараа нь ОХУ, АНУ, ХБНГУ-д дээд, их, академийн түвшинд мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн. Дараа нь ажлын дадлага, туршлага эзэмшсэн. Одоо л ажилмаар байна гэх насанд минь даань ч улс төрчдийн шалгуур үзүүрт тэнцэлгүй “гудамжинд” явна даа.
Цэл залуухан насандээ эх орондоо зориулж өргөсөн тангарагтаа эрчүүд бид үнэнч хэвээр, мөнх тэнгэр шүтлэгтэнгүүдийн хамт Мөнх тэнгэрийн хүчин дор зүтгэсээр явна.
Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа