Арван дөрөв. БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ИРЛЭЭ.
Баян-Өлгий аймагт миний хувьд олон удаа томилолтоор ирж ажилласан билээ. 1940 онд казакын анхны сум байгуулагдсанаас хойш, Монголчууд энэ нутгаас аажимдаа шахагдсаар өнөөг хүрч ирсэн билээ. Одоо хүн ам зүйн байдал нь нийт хүн амын 90,4 хувийг казак үндэстэн, 5,19 1,42 хувийг урианхай, 1,42%-ийг дөрвөд, 1орчим хувийг тува ястан тус тус эзэлдэг. Үндэсний цөөнх нь монгол үндэстнүүд болчихсон. Тиймээс ҮАБЗ-д ажилаж байхдаа энэ талаар баримтлах төрийн бодлогыг боловсруулах ажилд зүтгэхээр энэ нутагт олонтай ирж, судалгааны ажил хийж байсан. Дараа нь тэр бодлогоо ч хэлэлцүүлж гаргасан. Энэ нутагт олон хүн танина.
Энэ удаа Баян-Өлгий аймагт ажиллаж МБНЭ-ийн ажлаа сурталчилахаар ирсэн. Цэнгэл хайрханд хийсэн анхны нэгдсэн тахилгаар онгод энэ нутагт 200 орчим тольтон /улаач/ төрнө гэж айлдсан. Тэр айлдвар биелж байгаа. Баян-Өлгийд бид бүхнийг нутгийн Урианхайчууд угтан авч, хамтран ажилласан билээ. Замд нийлсээр бидний бүрэлдэхүүн нилээд өргөн болсон.
Монгол Улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтайн нурууны далайн түвшинээс 1301-4374 м (нийт нутгийн 95,3 хувь далайн түвшингээс 1600 м-ээс дээш) өргөгдсөн, мөнх цааст өндөр уулсаар хүрээлэгдсэн, 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) юм.
ОХУ-ын Алтайн БН Улс (225 км), БНХАУын ШУӨЗО (450 км), Монгол Улсын Ховд (450 км), Увс (165 км) аймгуудтай хиллэдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй (13 сум, 1 тосгон)-той.
Монголын хамгийн үзэсгэлэнт байгаль онгон хэвээр байсаар ирсэн. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтөй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой. Байгалийн асар их баялагтай.
Арван тав. ӨЛГИЙ ХОТОД
Өмнийн говиос эхэлсэн аялал Баян-Өлгийн төв Өлгий хотод ирлээ. Монголын ардын хувьсгалын түүхэнд томоохон тулалдаан болсон Толбо нуурын дэргэдүүр өнгөрч, дурсгалын хөшөөн дээр зогсож, Толбо нуурын дөлгөөн мандалыг харж түр амарсан.
Даваа даваад уруудангуут Өлгий хот алган дээр тавьсан мэт тод харагдана. Хот руу дөхөж явахад Өлгий хотын урианхайчууд угтаж авсан билээ. Өлгий хотод биднийг тэнгэр үзлээ дээдэлдэг Урианхайчуудын төлөөлөл хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж, харилцан санал бодлоо солилцсон билээ.
Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангид зочилж, хилийн цэрэгт бүх амьдралаа зориулсан хилчин гэр бүлийн тухай нэвтрүүлгээ хийсэн билээ. Өөдөө удган нэвтрүүлгийн зургаа авч, ангийн байдлыг харуулсан сайхан бүтээл бэлэн болсон.
Хилийн цэргийн ангид байгуулсан усан оргилуур хэний ч нүдэнд тусна. Түүний дэргэд бид дурсгалын зураг авахуулав. Энд бид аян замын алжааллаа тайлж цаашид хийх аялалын бэлтгэлээ хангасан юм.
Өлгий сум нь 1940 онд байгуулагдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн нурууны хэсэгт хамаарагдах Бөхөн уулын ар бэлд байрлана. Өлгий хот нь Баян-Өлгий аймгмийн Засаг захиргаа, боловсрол соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, үйлдвэр үйлчилгээний төв нь юм. Эдийн засгийн хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй бус үйлдвэр үйлчилгээ юм. Аймгийн нийт хүн амын 1/3 нь буюу 30 хувьтай нь Өлгий хотод төвлөрсөн байна. Монгол Улсын хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн станцын хамгийн өндөр 350 м цамхаг Өлгий хотод байрласан байна. Оршин суугчдын 93 хувь нь нэг шашин шүтдэг үндэсний өвөрмөц ёс заншилтай казах иргэд амьдардагаараа онцлог.
Өлгий хотын дундуур урсаж өнгөрөх Ховд гол нь манай улсын Төв азийн гадагш урсгалгүй савд багтах хамгийн том гол юм. Гэр хорооллын нийт айл өрхийн 70 гаруй хувь нь энгийн худаг ашигладаг.
Хотын нутаг дэвсгэр дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн 9.7 км, хотын чанартай 14 км бүгд 23.7 км асфальт болон сайжруулсан шороон зам 10.4 км бетон чулуу холимог 5.6 км явган хүний замтай. Сум нь ОХУ-аас импортоор авдаг баруун бүсийн Эрчим хүчний системд холбогдсон, 241 км кабелийн цахилгаан дамжуулах шугамтай.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай нийтийн 2-5 давхар орон сууцанд 460 айл өрх амьдардаг бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 7 хувийг эзэлж байна. Үлдсэн 93 хувь нь гэр хороололд амины хашаа байшинд амьдардаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 10 сургууль, 2 бага, нийт 13 сургуультай.
Өлгий сумын төвд Монгол улсын баатар Мазимийн Икейд зориулж 1985 онд босгосон хөшөө, 1921 онд Цагаан гвардын эсрэг Mонголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Толбо нуурын дэргэд хийсэн баатарлаг тулалдаанд амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн партизануудын дурсгалд зориулж 1957 онд босгосон найрамдалын хөшөө хотын төв талбайд, Улс орны хөгжил дэвшилд өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байсан төр нийгмийн зүтгэлтэн 6 хүний цээж барималууд байдаг.
Өлгийн нисэх буудал (ULG/ZMUL) нь олон улсын стандартад нийцсэн төмөр бетон зурвас замтай. Улаанбаатар ба Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хот нислэгтэй.