Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сосорбарам томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ бол МБНЭ-ийн сумын бөөгийн Тэргүүнээр томилсон анхны тохиолдол байсан юм. Бид сумын бөөгийн байгууллага хэрхэн ажиллаж болох талаар анхны туршлага энд хуримтлагдсан гэж үзэж байсан. Тиймээс Удганы ажлын талаар ихээхэн сонирхосон юм. Энэ суманд ажиллахад Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал байлцсан билээ. Тэднийг нутгийн олон түмэн хадаг, сүүгээ барьж угтсан.
Дараа нь Нөмрөг сумын бөө нартай уулзсан юм. Энэ суманд хэдэн жилийн өмнө бөөгийн уг босгох чанар хийж байсан бөө нар хоорондоо зодолдож нэгнийхээ амь насанд хүрсэн гэмт хэрэг гарчээ. Түүнээс болоод энэ суманд Бөөгийн нэр хүнд унасан тухай бидэнд мэдээлсэн юм. Тэд мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө хамтарч ажиллах цаг болсоныг дэмжиж байлаа. Нөмрөг сумын бөөгийн Тэргүүнээр Удган Ж.Сонинжаргалыг томилов.
Тосонцэнгэл сум бол хүн амын төвлөрөлөөр улсад дээгүүр ордог олон хүнтэй сум төдийгүй баруун аймаг руу явах төв зам дайран өнгөрдөг юм. Тиймээс энэ сум олон талаар чухал ач холбогдолтой. Монгол бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа Удган Утюктай уулзаж, МБНЭ-ийн талаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо солилцсон юм. Орон нутагт ажиллаж байхад нутгийн бөө нар хамтран ажиллах талаар ихээхэн дутагдалтай байгаа нь харагдлаа. Тиймээс орон нутагт бөөгийн байгууллага ажиллахад багагүй бэрхшээлийг туулж байж эхний үр дүнд хүрэхийг бодит байдал харуулж байна.