Монгол олны минь наадмын төв талбайн хойно байдаг хос толгойн дунд нарны залбиралаа хийхээр улаач нар цугларчээ. Энэ жилийн нарны залбирал нь Улсын их хурлын сонгуулийн жилд болж байгаагаараа онцлоготой.
Энэ удаагийн нарны залбиралын өмнөх өдөр байрлалаа эзлэн улаач шүтлэгтэн олон цугларав. Төв асар түүний өмнө Төрийн далбаа залагдаж, үйл ажиллагаа өмнө хуралдаанаар яригдсаны дагуу өрнөлөө.
Нарны залбиралын өмнөх өдөр Галын тахилга хийгдэж, Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Одбаяр нар толгойлон бөөлж, шавь нар нь дэмжин оролцлоо.
Галын тахилгын дараа оролцогчид Бурхан халдун 2020, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын тухай кино үзэж сонирхолоо.
2020 оны 6 дугаар сарын 22-ны наран мандах мөчид Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал нарандаа залбирч бөөлөөгөө эхэллээ. Нарандаа өргөх идээний дээжээ тавьж, аргал бүхий тулган дээр сүүгээ тавьсан байлаа. Нарны залбиралд оролцож байгаа нэр хүньтэй улаач, төлөөлөгчөөр Их гал болон бусад галаа асаангуут тогоонд тавьсан сүү буцалж, түүнээс өргөлөө өргөх хэлбэрээр зан үйлээ зангиджээ. Олон зан үйл монгол уламжлалыг илтгэн харуулах ажээ.
Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал залбиралаа эхлэн улмаар хуяглан бөөлж, халх бөөгийн өвөрмөц дэг жаягаар бөөллөө. Наран мандах мөчид эргэн тойрон байрлах уул, толгодыг манан бүрхэж улмаар мөнх цаст хайрхад мэт содон сонин харагдана билээ.
Улаанбаатар хотдоо хамгийн ойрхон байрладаг наадмын төв талбайг түшиглэн хийдэг нарны тахилга монгол бөөгийн улаач нарын нэгдэж хийдэг залбиралын газар болоосой хэмээн хүсч МБНЭ-ээс 2012 онд санаачлан эхэлсэн түүхтэй. Нарны залбиралын өмнөх орой нь залуу бөө нар цугларч галдаа бөөлөө хийх болсон билээ. Тэр нь өргөжсөөр олон бөө оролцсон замбараагүй бөөлөө болон хувирч байсан. Дэг журамтай байх гэхээр оролцоо нь багасдаг, оролцсон болгон бөөлүүлдэг юм аа гэхэд шүтлэгтэн олны өмнө нэг л зах замбараагүй бөөлөөн болж хувирдаг байдал ажиглагдсан. Галын тахилга нь голлох болж, залуучууд гал дээр бөөлсөний дараа гол ажиллагаа болох Нарны залбирал эхлэхэд оройны галын тахилгадаа “түүртэн” унтсаар өглөөний тахилгадаа оролцдоггүй байдал их байлаа. Энэ байдал жил болгон давтагддаг.
Дэг журамтай Нарны тахилга байх уу, эсвэл өмнөх өдөр нь галын тахилгаа хийж, түүндээ түүртэж, өглөө нь унатсаар нараа угтах уу. Ийм асуулт нарны тахилгын дараа үлддэг болж байна.
Нарны тахилгаа хамтарч хийх бодлогыг дэмжиж оролцсон улаач нар, шүтлэгтэн олондоо баярлалаа. Монгол бөө мөргөл нар минь нэгдэн тэлж, Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай.