Уншиж байна...

МОНГОЛЫН ШАШИНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,
Илтгэгч нь: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийг санаачлагч 2012.04.20

МОНГОЛЫН МӨНХ ТЭНГЭРИЙН СУРГААЛЬ, БӨӨГИЙН МӨРГӨЛИЙГ УЛАМЖЛАН ХӨГЖҮҮЛЭХ ИХ ХУВЬ ЗАЯА ТА БИДЭНД НОГДЖЭЭ.

Бид Монгол Улсын шашны өнөөгийн байдалтай танилцлаа. Бидэнд эрэгцүүлэн бодох зүйл их байна. Бидэнд санаа зовж, шийдвэрлэх асуудал их байна. Бидэнд хийх зүйл их байна. Бөөгийн талаар дэлхий нийтийн нэгдмэл ойлголт нь шашин бус зан үйл сүнстэй холбон үздэг. Гэвч Монголчууд бид хүн үүссэн цаг үеэс улбаатай, Хүннүгийн их гүрнээс төрийн ёс заншилдаа оруулан хөгжүүлж ирсэн бөө мөргөлийг Чингис хааны үед төрийн Шүтлэг болтол хөгжүүлж, монголчуудын оюуны аугаа их нэгдлийг бий болгон дэлхийг эзэлсэн Монголын их гүрнийг байгуулсан түүхтэй.

Үүгээрээ бид дэлхийн бусад бөө шүтэгсдээс эрс шалгарах бөгөөд Бөөг шашины хэмжээнд авч үзэх эрхтэй юм.
Монгол бөөгийн Дээд хуралдай ардчилсан, олон ургальч үзлийн зарчмаар ухаан бодлоо уралдуулан чуулж байгаад миний хувьд олзуурхаж, баяртай байна.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдсийн бүтээсэн бөөгийн шашнаа уламжлуулан шинэ нөхцөлд бүтээн цогцлоохын төлөө борвио бохиртол хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөн ахмад үе, дунд үе, залуу үеийнхэн хуран цугларчээ.
Одоо цаг үеэ эзэгнэн байгаа Та бүхэн, ирэх цагийг түүчээ болсон хойч үеийнхний хамт олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шашны түүх, судлахуй, суурь үзэл, Монгол дахь шашны хөгжлийн байдалтай уялдуулан авч үзэж, магадгүй түүхийн хэдэн зуун жилийн түүхэнд завсар авсаны дараа анх удаа Бөө нар хуран цугларч нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж байгааг машид олзуурхан, магнай тэнэгэр хуваалцаж байна. Түүхийн цаг хугацаа өнгөрөвч ой санамж үлдэнэ. Өнгөрсөн олон зуун жил нь Бөөгийн шашин олон шахалт дарамт дунд олон чухал зүйлээ алдаж, нөгөө талдаа уламжлалт чанараа дамжуулан үлдээж, асар ихийг олж авсан, олон зүйлийн суурийг зөв тавьсан он жилүүд байв. Хөгжлийн олон зуун жил олсон ололтыг ч, алдсан алдааг ч Бөөгийн шашнаас салгаж, тусад нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бахархаж бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь Бөөгийн шашинд бий.
Та бидний хуран чуулж байгаа анхдугаар Дээд хуралдай нь энэ шашны төлөө сэтгэл зүрхээ, амьдралаа зориулагсадын оюун санааны нэгдлийн их хурал, тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаа зовин хуран цугларсан сэтгэлийн хүсэл тэмүүлэлийн их хурал, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллахын төлөө санаа зовнин амьдралаа зориулж яваа Тэнгэрийн улаач, зайран, удган нар, шүтэн биширэгч сүсэгтэн олны хамтын ажиллагаа, шинэчлэлийн Их хурал. Асар хурдтай, эрс эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явдтай хөл нийлүүлэн алхахын тулд Бөөгийн шашин шинэчлэгдах учиртай. Улс оронд гадны шашин хүчтэй түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшилтэй хамт байхын тулд шинэчлэгдэх хэрэгтэй.
Монгол үндэсний уламжлалт Бөөгийн шашин жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтдэг шашин хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа тавьж өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Хөгжинэ, эсвэл мөхөсдөнө. Бидэнд гурав дахь зам өгөгдөөгүй. Хатаж хагдралгүй, оршин тогтнож, ургаж төлжиж байхын тулд Бөөгийн шашин байнга шинэчлэгдэх заяамал тавилантай. Шинэчлэлийг цаг тухайд нь хийхгүй бол аль ч шашин хүссэн хүсээгүй хурын шим дутагдсан өвс ногоо адил хатаж хагдарна. Шашин болгон өөрийн үндэснээс ургана. Бөөгийн шашин Мөнхийн хөх тэнгэр, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл, монгол омогшлоос улбаатай. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн.
Өнөө үед үндэслэн цэцэглэсэн уугуул, үндэсний Бөөгийн шашнаа сэргээн хөгжүүлэхийн тулд бид нэгдэн нийлж, нэгэн зорилгоор ажиллаж эхлэх бодлого, шийдвэрийг Бөөгийн Дээд хуралдай гаргавал олон зуун жил дуншсан маш том асуудал шийдлээ олж, Бөөгийн шашнаа хөгжүүлэх замыг тодотгох түүхэнд үр дүн тодоос тод сийлэгдэн гэгээн мөрөө үлдээх болно.
Бөөгийн шашны үзэл баримтлалыг хөгжүүлэх, шүтэн бишрэгсэддээ ойлгуулах хэмжээнд цэгцлэн боловсруулах шаардлага байна. Үзэл баримтлалын энэхүү шинэчлэн тодотгохдоо баримтлах бодлогын тулгын чулуу, амин сүнсийг зөв тодорхойлоход ихээхэн анхаарах учиртай. Үүнд Манай зайран удганууд, Бөө судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал нь тодорхой. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг зөвхөн уламжлалд үндэслэн тулгуурлаж хийх ёстой, өөр зам сонговол уугуул хөрснөөс хөндийрч, хий зайд дүүжлэгдэн, алдаа мухардлаас өөр зүйлд хүрэхгүй. Шинэтгэл бол чухамдаа уламжлалыг л шинэчлэнэ гэсэн үг. Тэр уламжлал оршиж байж л шинэчлэл өөрийн хөрсөндөө боловсорно. Бөөгийн шашны баялаг уламжлалд-шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Шинэчлэлд уламжлалыг эс тооцвоос шинэтгэл бус, сүйтгэл болж хувирна. Сүйтгэлээс зайлсхийхийн тулд уламжлалаа шинэчлэх аргаар хадгалах ёстой. Бидний үзэл санаа аливаа шинэ юм хэрэгцээгүйгээр нэвтэрдэггүйг ямагт санаж байх учиртай. Бөөгийн шашинд бодлого, шинэ арга барил, шинэ сэтгэлгээ, шинэ үйл ажиллагаа нэвтрүүлэх хэрэгцээ нэгэнт бүрдсэнийг ухаарч, цаг үеэ мэдрэх мэдрэмжтэй байгаа нь туйлын сайн хэрэг.
Сүүлийн 20 жилд бидэнд Бөөгийн шашнаа хөгжүүлэх чиглэлд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгуй байсан. Цаашид аддсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай Зайран, Удган нар ухаантай хүмүүс. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Шүүмжлэлийг тэвчээртэй сонсож, тэсвэрлэн дааж, түүнээс сургамж авч, алдаагаа засаж явбал бид хүчтэй. Гэхдээ илэрхий худал, үнэнийг гуйвуулж байвал түүнийг няцаах хэрэгтэй.
Бөөгийн шашны нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэлд үнэлэмж дүгнэлттэй хандаж, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж чадвал бид амжилтад хүрнэ. Эдгээр шүүмжлэлээс зайлах арга, зугтах газар байхгүй.

Бөөгийн шашин шүтэгсэд Мөнх тэнгэрийн онолыг Бөөгийн шашин бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Уг зорилтыг хэрэгжүүлэхдээ Бөөгийн шашны онол арга зүйд уламжлал, шинжлэх ухаанч арга барилыг хослон судлах шаардлага байна. Энэ бол улам бүр шаардагдах зүйл болно. Ард түмэн маань улам их арвин байлаг мэдлэг, мэдрэмжтэй болж байна. Бид энэ шаардлагаас хоцорч болохгүй.
Мөнх тэнгэриин онолын дээд шүтээн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингис хаан Бөөгийн шашныг жинхэнэ үндэсний уламжлалт, төрийн шашин болгон хөгжүүлсэн билээ.
Гал усны аюул мэт хөнөөлтэй, шашныг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох Бөөгийн шашны нэр хүндийг ашигладаг цөөн бус хүмүүстэй эрс шийдэмгий тэмцэл хийх нь манай Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Бид болж байвал бусдын хэрэг бидэнд хамаагүй гэж бодох аминч үзэл Бөөгийн шашны нэр хүндэд айхтар цохилт болж байна. Өдөр хоног өнгөрөөх биш, ийм үйлдлийг үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм эзэдтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, шүтэн бишрэгчидэд шашинаа дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
Олон түмэн манай Бөөгийн шашны бодлогын юуг нь дэмжиж, юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ?, цаашид юунд анхааралтай хандах вэ гэдэг бидний анхаарч байх зүйл.
Бөө хүн чадваргүй бол олны доог, чадваргүй дээрээ, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлтэй бол хүмүүс бүр ч үзэж чадахгүй. Бөө нараа орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн сургах нь Бөөгийн нэгдсэн эвлэлийн бодлогын шинэчлэл байх болно.
Хариуцлага алдсан Бөөгийн шүтлэгтэнд хариуцлага тооцож байхыг олон түмэн хүлээж байгаа юм. Шашины үйл ажиллагаанд хариуцлагын ардчилсан, шударга тогтолцоог шинэчлэлийн хүрээндээ цаг алдалгүй хийе.
Бөөгийн шашны зан үйлтэн шударга бус ажиллавал бөөгийн нэрийг шавар шавхаатай хутгаж орхино. Дэлхий дээр ганцхан л шившиг бий. Шударга бус хэрэг. "Шударга ёс алга болбол хүмүүсийн амьдралд үнэт зүйлийг өгч болох юу ч үлдэхгүй".
Бөө нар шударга ёсыг шашныхаа шинэ бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол шашны бодлого, арга барил, сэтгэлгээннй шинэчлэлийн амин сүнс мөн.
Өнөөдөр бөөгийн ийм байгууллагыг эсэргүүцэх нэгэн байгаа. Сайн муу ямар үр дүнд хүрэхийг тааж мэдэх аргагүй. Сайн, муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх гэдэг.
Та бид нар энд урт настай, сайн шийдвэр гаргах үүрэгтэйгээр цугласан. Үүргээ '"нэр төртэй биелүүлцгээе. Бөөгийн нэгдсэн эвлэл бол Бөөгийн шашинаа хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн төрийн бус, олон нийтийн байгууллага. Бөөгийн холбоонд олон ургальч үзэл ус агаар мэт хэрэгтэй, харин тэс өөр үзэл санаа нэг дор байх аргагүй.
Ард түмнийхээ итгэлийг дааж, бөөгийн шашинаа хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл улс орноо хөгжил дэвшилд хөтлөх итгэлт хөтөч, ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудах, аз жаргалтай амьдруулах авралын элч байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Мөн хувь Онго сахиусын явцуу үзэл санааг тулгах боломжгүй учир нэгдмэл зөв тэнгэр үзлийг орчин үед нийцүүлэн дэлгэрүүлэх үйл явцыг түгээх болно.
Бөөгийн шашныг хөгжүүлэхэд Зайран удган нар, эрдэмтэн судлаачид, эгэл жирийн шүтэн бишрэгсэд, удирдлага хийгээд гишүүд аль алинд нь эр зориг хэрэгтэй. Цаашдаа та бид олонтай цугларч шинэчлэлийн бодлогыг тодорхойлох асуудлуудаа шийдэх болно. Шинэчлэлийг эрч хүчтэй, эр зоригтой баг удирдаж, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлж чадна. Тийм баг манай шашин шүтэгсдэд байгаа. Шинэчлэлийн үзэл санааныхаа төлөө бүхнээ зориулахад бэлэн дайчин эрсийн сэтгэлтэй хүмүүс Манай бөөгийн нэгдсэн эвлэлийн шинэ бэлгэдэлт туган дор нэгдэж, шинэчлэлийн гал дөлөн дундуур шашиныхаа төлөө ажиллах, үүрэг хүлээнэ. “Ийнхүү гал дөл дундуур туучин гарахад олз ашиг хайгчид зугтан одож, шалтаг хайгчид сугаран үлдэж, өвс сүрлэн хүмүүсийг шатааж, ган төмөр мэт хүмүүсийг хайлуулан нэг цул болгоно. Ийм төмөр мэт цул хүчирхэг хүмүүс нэгэн зорилго дор нэгдсэн байгууллагын эсрэг юу ч зогсож чадахгүй. Манай шашин чухам ийм төмөр мэт нягт хүмүүс үзэл-бодлоороо нэгдсэн хүчирхэг байгууллага байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Бөө мөргөл бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх тэнгэрийн мөнхийн үзэл мөн.
Монгол бөөгийн нэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн төрийн бус, Мөнх тэнгэрийн Онго сахиусын зараалаар байгуулагдсан байгууллага юм.
“Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл” Төрийн бус байгууллага (цаашид “МБНЭ” гэх) нь Мөнх тэнгэртээ мөргөн шүтдэг бөө, түүнийг дэмждэг дэлхий даяарх ажил хэрэгч хүмүүсийг нэгтгэсэн Олон улсын төрийн бус байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ дүрэм түүнд нийцүүлэн гаргасан бусад заавар, журмыг эрх зүйн үндсэн эх сурвалж болгон мөрдөн ажиллах ашгийн бус, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага мөн. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл “Монголын үндэсний язгуурын шашин болох бөө мөргөлтнүүдтэй хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх”, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгэж оруулах боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэх, “Монгол бөө мөргөлийг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Төрийн хараа ихт хар туг, хангал ихт есөн хөлт цагаан туг, сүлдийг тахиж байсан уламжлалыг сэргээж, Монгол төрийн ёслолын ажиллагаанд оруулах тус тус дэвшүүлсэн.
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь Салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж бөөгийн тухай төвлөрсөн, нэгдсэн ойлголтыг бий болгохыг үндсэн зорилго болгоно. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
- Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх,
- Хүний эрхийг дээдлэх,
- Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх,
-Ил тод байх,
-Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах,
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:
- Хувь хүний хөгжил: Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гишүүд өөрсдийнхөө авьяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангах.
-Нийгмийн хөгжил: Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн шаардлагыг мэдэрч, нийгмийн асуудалд суралцаж, тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх.
- Бөөг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана.
-Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, бусад байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан монгол уламжлалт бөө мөргөлийг судлах, түгээх, дэлхийн бусад оронд амьдардаг бөө мөргөлтөн, тэдний соёл, зан заншилтай танилцаж хамтран ажиллах,
МБНЭ нь Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиж, төрт ёсыг дээдлэн хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана. МБНЭ нь бөөгийн шашныг олон түмэнд дэлгэрүүлж, сурталчилахын төлөө ажиллана. МБНЭ нь зохион байгуулалт, үйл ажиллагаа нь уламжлал, ардчилсан зарчимд тулгуурлана.
Бөөгийн шашныг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана. МБНЭ-ийн удирдах байгууллагуудыг сонгох, уламжлан шалгаруулах хэлбэрээр байгуулна. МБНЭ нь үйл ажиллагаагаа ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулна. МБНЭ-ийн төвийн бүх шатны байгууллагад эрдэмтэн судлаачид, шүтэгч, бишрэгчид, ивээн тэтгэгчидийг өргөнөөр оролцуулахыг эрмэлзэнэ.
МБНЭ нь бэлгэдэл, далбаатай байна. МБНЭ-ийн салбар, хүрээлэнгүүд өөрийн бэлэгдэл далбаануудтай байж болно. Далбаа нь гурвалжин хэлбэртэй байх бөгөөд МБНЭ-ийн Цэцийн Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна. Эхний ээлжинд МБНЭ өөрийн вэб ажиллуулна.
Монгол бөөгийн нэгдсэн эвлэл бол бөөгийн шашины дээд байгуулллага мөн. Бөөгийн энэ байгууллагад гишүүнээр элсэхийг хүссэн Зайран, Удган нар өөрсдийн одоогийн бий болгосон бүтэцээ хадгалан элсэх боломжийг дүрэмдээ тусгасан юм. МБНЭ-ийн гүйцэтгэх дээд байгууллага нь 99 гишүүнээс бүрдсэн Бөөгийн бага хуралдай юм. Дээд хуралдай 3-4 жилд хуралдаж байхаар дүрэмд тусгасан. МБНЭ-ийн байнгын үйл ажиллагааг хангахаар Дээд цэцийн Зөвлөл нь жилд дөрвөн сар дутам нэгээс доошгүй удаа хуралдахаар байна.
МБНЭ нь хоёр хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт: Бөөгийн байгууллага бөгөөд бөөгийн мэргэжлийн зан үйлийг хариуцна. Эндээс Тэргүүн бөө, Тэргүүн дэд бөөг сонгоно. Хоёрдугаарт: МБНЭ-ийн үйл ажиллагааг хангаж байх зорилго бүхий байгууллага байх бөгөөд тэндээс Ерөнхийлөгч сонгогдоно. Энэ байгууллага нь Бөөгийн цогцолборыг байгуулах, Эрдэм шинжилгээний байгууллагыг ажиллуулах, сурталчилгаа хариуцах болно. Бөөгийн цогцолбортой болох нь шүтэн бишрэгчидтэйгээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Цогцолборын асуудлыг шийдэхэд төрөөс дэмжлэг авах хүсэлтийг тавих болно. Санхүүжилтийн асуудлыг шүтэн бишрэгсэд, гадаадын аялал, жуулчлалын орлогоос олохоор томьёолж байна.
Гэвч энэ бүхэн цөөнгүй жил, асар их хөрөнгийн туслалцаатайгаар бүтээн байгуулна. Энэ талаар олон улс орноор явахдаа үзсэн харсан зүйлээсээ санаа авч, туршлага судалж, санаж сэдэж төсөөлөн бодож зурагласан зүйл бий. Бид үүнийг хийж чадахгүй байж болно. Гэвч бидний дунд байгаа залуучууд ирээдүйн шүтэн бишрэгчид дотроос энэ их үйлийг гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна.
Бид хуралдах нь зөвхөн зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэж байна гэсэн үг. Цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүн нэг бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Хүн бүрийн хүчин чармайлтаас нийтийн хүсэл зорилго амжилт тодорхойлогдоно. Бид мөнх тэнгэрийн хүч, эзэн Чингисийн ивээлээр Монголдоо оюуны аугаа их нэгдэл, монгол огшилоо бий болгож, монгол үндэсний ухамсар, монгол зан чанараа сэргээн төгөлдөржүүлж, монгол цусаа хамгаалж чадна.

Тэнгэрлэг үзэлт, хөх толбот, тэнгэрлэг Монголчууд аа.
Мөнх тэнгэр, Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр дор мөргөмү. Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн гэрэлт сүнс үргэлж ивээх болтугай.
Хурай, хурай,

Бусад мэдээ

Mar 30, 2024 1829

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 651

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/