Уншиж байна...

Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Энэ бүхэн нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг, монголын соёлын үнэт өвийг эрт үеээс өнөөг хүртэл түүхийн хүнд хэцүүг туулан тээж ирсэн, монголын тэнгэр шүтлэгтэнүүдийг бага ч гэсэн хөдөлгөөнд оруулж байна. Энэ чинь юу билээ гэж бодож, сэтгэхэд хүргэв.

 

Монголчуудын түүхэнд олон “цагаан үе” бий. Түүнийг нэг хэсгийг зориуд мартагнуулсан түүхийн үе эзэлдэг, тэдгээрийн нэгийг эргэн санахыг оролдоё. Судалвал олон зүйл сэргэнэ. Эдгээр үйл явдлаас нэгэн зүйлийг сэргээх шалтгаан бидэнд тохиов. Бид урд нь яагаад үүнийг бичдэггүй байв. Үүнд олон шалтгаан бий. Тэр нь голдуу монголчуудын үндэсний үзэл сэргэн мандахаас эмээх зүйлээс эхлэлтэй. Гэхдээ шинэ эрин эхэлж байна. Дэлхий нийт шинэ уур амьсгалаар амьсгалж эхэллээ. Монголчууд хэзээ ч ийм үйл явдлаас хоцорч байсангүй.
Би түүхч биш ээ. Гэхдээ өнөөдрийн бичих зүйлээ түүхийн зарим асуудлаас эхлэх хэрэгтэй байна. Цагаан морин жил 1990 оноос Монголын мартагдсан олон төрөл зүйлийн нэг, монголын соёлын үнэт өвийн нэг бөөг сэргээн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол бөө бол гүн ухаан, шүтлэг бишрэл, зан үйл, ёс заншил, далд ухамсар зэргийг багтаасан цогц ухаан юм, нийт хүн төрөлхтөн нэгдмэл нийтлэг, үзэл суртал, гүн ухааны угшил болсон бөөгийн тэнгэрийн үзэл, даян дэлхийд нүүдэлчдийн нэгэн үзэл суртал байсан билээ. Төв Азийн нүүдэлчин морьтнууд ноёрхолоо тогтоож, эзэнт улсаа байгуулж явсан түүхийн ихэнх нь Алтайн нуруу, Орхоны хөндийгөөс эхтэй.

Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлон бүтээсэн гэж үздэг. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм. Тийм учраас Монгол бөөг сонирхох урсгал монгол руу чиглэлээд байгаагийн нэг учиг энэ юм.
5000 жилийн өмнө Монголын төв хэсэг Архангайн Чулуут голын хадан дээр тэнгэрийн эрхэсийн 1400 гаруй одыг дүрслэн тэмдэглэл, Хойд Цэнхэрийн агуй дахь эртний хүмүүсийн оромж, түүний ханан дээгүүрх зураг дүрс бол Монголчууд эрт цагаас эхлэн агуу их Мөнх тэнгэрийг судлан шүтэж ирсний гэрч мөн.
Бидний Их тахилга хийсэн Монгол Улсын толгой уул Жаргалант хайрханы хажуухантай 10 орчим км үргэлжилсэн хадан дээр үлдээж зурсан арслан заан, тэмээн хяруул, тэмээ зэрэг амьтад монгол нутгаар идээшиж байсан эрт балар үеийн хүн байгалийн уудам орон зайг эзэмшин оршин сууж байсныг дүрсэлсэн бүтээл өнөөг хүрч ирсэн нь дэлхийд гайхагдах хүн төрөлхтөний гайхамшигт ГАЛАРЕЙ байлаа. Энэ чанараараа Монгол Улсын толгой уулын мөн чанарыг тодорхойлж, Монголын түүхэнд бөхөж унтралгүй үеэс үед дамжин үлдсэн соёлын нэгэн их том ололт болсон бөөгийн шүтлэгийн мөн чанарыг улам бүр тодотгосон юм.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеийн нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл "Хадны ном" болох хад чулууны дүрс бүх аймагт тааралддаг бичлэгт бөөгийн шүтлэгийн болон нүүдэлчдийн аж төрөлтэй холбоотой олон сүг дүрсүүд зурагдан үлджээ. Монголын соёл цацран мандсан ба үүн дээр тулгуурлан монголчуудын тэнгэрийн үзэл, номлол дэлгэрэн Монгол бөө хөгжсөн түүхтэй.
Хүннүгийн Луушаан шанюй Христостын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан үндэстний Хуандид бичсэн захидалд өөрийн биеийг "Тэнгэр газрын төрүүлсэн, наран саран мандуулсан Хүннү гүрний их Шаньюуй хаан" гэжээ.
Монгол соёлын ховор ном судрыг цуглуулан хадгалж байдаг Монгол улсын үндэсний номын санд Б.Ринчений үзэж тэмдэглэснээр, Монгол бөөгийн дуудлагыг мөнхүү есөн эрдэнээр урлан бүтээсэн нь анхных байжээ. Монгол олон аймаг нь дотроо тус тусдаа өөрийн онгон шүтээн болох хандгай, хун шувуу, морь зэрэг амьтдыг омог аймгийнхаа гарлын тэмдэг болгож, шүтэж иржээ. Энэ бүх бэлэгдэл МБНЭ-ийн логонд бий.
Бөө судлалын түүхэн сурвалжуудыг Эртний хад чулуун дээрх сүг зураг дүрслэл, Монголчуудын судалгааны бүтээл, Дэлхийн судлаачдын бүтээл гэж ангилж байна. Дэлхийн судлаачдын бүтээлийг Эртний хятадын түүхэн сурвалж бичгүүдийн тэмдэглэл, Монгол орноор аялсан хүмүүсийн замын тэмдэглэл, Оросын эрдэмтдийн бүтээл, Японы эрдэмтдийн бүтээл, бусад гэж хувааж болох юм.
Монголын бөөгийн шүтлэгийн тухай хамгийн эртний түүхэн дурсгалт бүтээл бол "Монголын нууц товчоо" юм. "Монголын нууц товчоо"-нд тэр үеийн бөө нарын тухай, бөөгийн тахилга, зүхэлийн тухай, бөөгийн тэнгэр шүтлэгийн тухай 60 гаруй удаа тэмдэглэж үлдээсэн байна.
1699 онд зохиосон "Юаньши" (Юань улсын түүх)энэ зохиолд Хубилай хааны үеийн Юань гүрний тухай түүхэн баримтуудыг тусган харуулсан хоёр зуун гуч гаруй дэвтэр түүхийн ном юм. Эдгээрээс хойш бөөгийн талаар анх дагнан судалсан бүтээл бол эрдэмтэн Дорж Банзаров 1846 онд Петербург хотноо "Бөө судлал буюу Монголын харын бөө" гэсэн ном бичиж бөө судлалын эхлэлийг тавьсан юм.
Коммунист засаглалын хаалттай үед Б.Ринчен "Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн" хэмээх дөрвөн дэвтэр бүтээлээ Франц улсад 1956, 1963, 1975 онуудад хэвлүүлэн гаргасан нь 1924-1970-аад онуудад орон нутгаар аялан явж үлэмж хэмжээний бөөгийн дуулал, тамлагыг цуглуулсанаа тэмдэглэн авч нийтлүүлжээ. Энэ бүтээл бөө судлаач нарт үнэтэй ховор судлагдахуун болно.
Монголчуудын үндэсний соёлын нэгэн хэсэг болсон бөөгийн доторх олон тооны зан үйлд тамлага, дуудлагууд, ерөөл магтаал зэрэг ардын яруу найраг, тууль домгийн үнэт бүтээлүүд одоо нэгэнт олдошгүйгээр устан алга болсноос үзэхэд дээрх судалгааны ач холбогдол цаглашгүй үнэ цэнэтэй нь ойлгомжтой.
Ц.Дамдинсүрэн "Монголын уран зохиолын тойм" номын I ботид Монголын бөө мөргөлийн яруу найргаас товчлон авч бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг жишээ баримтаар харуулжээ. Б.Содном "Монголын хар бөөгийн дуудлагын тухай" гэдэг өгүүлэлдээ бөөгийн хар шарын дуудлагуудыг тоймлон дүгнэлт хийжээ. Түүхч Ч.Далай "Монголын бөөгийн товч түүх" (1959 он) ном нь түүний Бээжингийн их сургуулийн дипломын ажлын хэмжээнд бичигдсэн бүтээл болно.
Түүхч Ч.Далай гуай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээчээр олон жил ажиласан юм. Надтай хамтран ажиллаж байсан тэр мөчөө эргэн дурсахад нэн таатай байдаг.
Эрдэмтэн О.Пүрэв "Монгол бөөгийн шашин" (2007 он) хэмээх ном бичиж хэвлүүлсэн нь орчин үеийн бөө судлалд шинэ хуудас, шинэ үзэл санааг оруулж ирсэн юм. Миний бие эрдэмтэн О.Пүрэв гуйатай тодорхой түүхийн сэдвээр уулзаж байлаа.
Түүхийн хариуцлагатай үед Монгол бөөг хөгжүүлэх, Тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа. Чухам энэ түүхийн захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв, 2003 онд Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагджээ. Энэ хоёр байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад нэрт эрдэмтэн Ринчен, Хөвсгөлийн зайран Дамдин, 1990-2000-ээд онд эрдэмтэн судлаач О.Пүрэв, Зайран Цэрэн Баавай, Зайран Д.Бямбадорж, Удган Д.Энхжаргал, судлаач Ш.Сүхбат, Бөөгийн төвлөрсөн төв байгуулагын хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зайран, удган Д.Батчулуун, П.Батжаргал, Д.Одонхүү, Б.Бадамсүрэн нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
Ш.Сүхбатын бүтээлүүд монгол бөөгийн өмнөх түүхийг нэгтгэн дүгнэж, зан үйлийн зарим шинэ баримтуудаар баяжуулсан, бөөгийн албан ёсны анхны байгууллагыг байгуулж хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөгийн нэгэн үе энэ хүний хөдөлмөр тэмцэл, үйл ажиллагаатай шууд холбогдоно. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үед хамт амьдарч, ажиллаж байгаагаа ховор завшаан гэж үзэхээс аргагүй билээ.
Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Буриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монголын баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Монгол бөөг олон түмэнд ойлгуулан түгээх хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг нь Зайран Д.Бямбадорж юм. Монгол бөөгийн олон давтагдашгүй зүйлийг түгээхэд түүний амьдралын 20 гаруй жилийн хугацаа зориулагдсан байна. Монгол бөөд тэрээр өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, хэв жаягийг бүтээж эзэлсэн байна. Монгол төрийн хүндэтгэлийн ёслолд оролцож бөөлсөн өөр зайран алга байна. Түүгээрээ монголын төрд монгол төрийн бөөгийн уламжлагдан ирсэн олон зүйлийг сануулж өгсөнөөрөө түүхэн гавьяатай хүн. Бөө хүн хоёр амьдралтай. Д.Бямбадорж эгэл жирийн үедээ ч яруу найргийн их хүлэг дээр мордож, дүүлэн аялах дуртай. Түүний яруу найргын онгодоос дорны яруу найргын өнгө айзам, бөөгийн тухай хэн ч өмнө нь дурдаагүй уянга эгшигийг олж мэдэрдэг.
Өнөөдрийг хүртэл уламжлалт бөө мөргөлөө авч яваа зайран, удган Ц.Чулуунбаатар, Б.Хүүжий, Б.Баяраа, Б.Төмжий, П.Даваадорж, Ц.Болд, Авид гээд олон арван улаачийг нэрлэж болохоор байна. Бөө маань зөв чиг голдиролоор явж байна.
Энэ ялдамд монгол бөөгийн нэр алдраар олон жил хөлөглөсөн үр шимийг хүртэгсдэд уламжлалт шүтлэгийнхээ төлөө үлдсэн амьдрал, хөлс хүчээ зориулах цаг ирсэнийг би сануулах үүрэгтэй гэж үзэж байна.
Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажилладаг.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 110 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, хэдэн мянган бөө нар байна. Гэвч төрийн бус байгууллагын төлөвшөлөө олсон, байнгын ажиллагаатай бөөгийн байгуулага байхгүй байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй.
Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор Хар зүрхний Хөх нуурт цугларч чадав. Зарим нь олон бөө нэг дор бөөлөхийг хараад “шогширч” сууна. Гайхах хэрэггүй, муулах ч шаардлагагүй, энэ бүхэн гайхамшиг. Нэгдвэл ямар их хүч байгааг харуулснаараа энэ түүхэн үйл явдал байлаа.
Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Хэдий чиг, чигээ харсан олон бөө нар нэгдэх нь цаг хугацаа их шаардах ажил боловч, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд манлайлагч нар нэгдэж чадах юм. Бидний зорилго амжилттай биелж байна.
Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм.
Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ.

Д.Жаргалсайхан
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч,
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

Бусад мэдээ

Mar 30, 2024 386

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 174

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/