Түрк улсад цөөнгүй удаа ажлын томилолтоор болон аялж очих хувь надад тохиожээ. Терроризмтай дэлхий нийтээр тэмцэх шаардлага бий болсон үед энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны хуралдаанд тухайн үед Монгол Улсын Гадаад хэргийн сайд байсан Эрдэнэчулуун гуайтай хамт оролцож байснаа эргэн дурсахад сайхан байдаг.
Гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн ийм хүмүүс Монголын хувь заяанд их үүрэг гүйцэтгэхээр цаанаасаа заягдсан байдаг. Гадаад харилцааны талаар мэргэшсэн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсийг төр бүрэн ашиглах ёстой. Мэргэжлийн чиглэлээр олон шатны сургуулиудыг төгссөн, олон улсын харилцаагаар олон жил ажилласан, практикын асар их туршлагатай, нэр хүндтэй хүмүүс их зүйлийг хийж чадна. Чухамхүү ийм хүнтэй хамт олон улсын арга хэмжээнд оролцож байсан цаг үе фото зурганд түүх болон үлдсэн байна.
БНТУ-ын Үндэсний аюлгүй байдлын нарийн бичгийн дарга, бригадын генерал Кылынч гуайтай танилцаж хамтран ажиллан цөөнгүй асуудал шийдвэрлэхээр саналаа солилцож байсан. БНТУ-тай Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах эхлэлүүд тавигдсан. Цэрэг, цагдаа, иргэний салбарт боловсон хүчин бэлтгэх, эдийн засаг, боловсролын салбарт хамтын ажиллагааны олон сайхан ажлууд хийгдсэн.
Өвөрхангай аймгийн Хар хорины Цайдамын хөндий дахь хамтарсан архиелогийн судалгааны төсөл, түүний хэрэгжилт, хамгаалалт, музей гээд олон ажил амьдралд түүх болон үлджээ.
Турк улсад ажиллахдаа боловсролын тогтолцооноос суралцах зүйл их байгааг анзаарсан. Турк улсад боловсролын тогтолцоо улсын болон хувийн хэвшилээр жинхэнэ утгаараа хэрэгжсэн байдаг. Миний хувьд Станбул хотоос Анкара хүртэл автозамаар аялж, олон дээд, дунд сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Дээд, дунд сургуулиудын сургалтын материалаг баазад улсаас тодорхой стандартыг тогтоож өгсөн байдаг. Чухамхүү тэр стандартын шаардлага хангасан барилга байгууламж, сургалтын материаллаг баазтай байж сургуулиудад сургалт явуулах эрхийг нь олгодог байна. Хамгийн наад зах нь боловсролын сургуулиудад спорт болон усан бассейн заалтай байдаг. Туркын боловсролын сургуулиудын лабортори, компютерийн тоноглолууд хамгийн сүүлийн үеийн хэрэгслээр хангагдсан байсан.
Миний орсон бүх сургуулиуд энэ шаардлагыг хангасан байсантай танилцаж билээ. Нэг ангид дунджаар 12-15 хүүхэд сурдаг, нь багшийн ачаалал, сурагч бүртэйгээ тулж ажиллахад ихээхэн боломж бололцоо олгодог нь харагдаж байсан. Туркэд байх хугацаандаа дэлхийн турк хэлний олимпиадын түрүүлэгсдэд шагнал гардуулах ажиллагаанд оролцсон. Тэгэхэд Баян-Өлгий аймгаас оролцсон охин олимпиадад түрүүлж, алтан медалиар шагнагдаж байсныг санаж байна. Мөн уран уншлагын тэмцээнд Улаанбаатар хотоос оролцсон Монголын сурагч уран яруу хэллэг, сэтгэл хөдлөм найраглал уншиж, Туркын олон иргэдийн сэтгэлийг татаж байсан. Гудамжинд тавьсан телевизийн том дэлгэцүүдээр Монгол охины уншиж буй шүлгийг сонсож, олон зуун туркчууд нулимс унаган үзэж байхийг харсан билээ. Тэр охин тухайн үедээ Туркчуудын дунд Монголын нэрийг цурайтуулж чадсан билээ.
Турк бол аялал жуучлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн орон.Олон мянган жилийн түүхийг харуулсан сүм хийд, барилга худалдааны төвүүд өнөө хүртэл олны хөлд дарагдаж, иргэд, жуулчид, тасралтгүй үзэж сонирхож, биширч, шүтэж байдаг. Туркын хаадын амьдарч байсан музей, өргөөгөөр орж үзмэрүүдтэй танилцаж байхад Монголд үзсэн Туркын олон ангит киноны үйл явдал нүдэнд харагддаг юм билээ.
Туркын эргийн дагуух амралтын газрууд жинхэнэ жуулчид, амрагчдыг татаж чаддаг. Үйлчилгээ нь ч зэрэглэлээс хамаараад янз бүр байдаг ч, үйлчилгээ гэж ямар байдагийг харуулдаг.
Миний анзаарсанаар Турк бол малын махаар хоол хэрхэн хийх, түүндээ малын цагаан идээ, сүү, тараг, бяслагийг хэрхэн ашиглах талаар бидэнд олон талаар тусгаж авах баялаг жортой газар байна лээ.
Д.Жаргалсайхан