Тахилга эхлэх мөчид тэнгэрт үүл арилж, наран ээж газартаа туяагаа илгээв. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн толгойлон бөөлсөн билээ. Түүний бөөлөлт тахилгаас тахилгад улам эрч, хүчээ авч үнэхээр биширч, сэтгэл огшим болж өнгөрсөн. Бөөлөх үед Тэнгэр дуугарч бороо дуслуулсан.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Лусын тахилгад оролцогсод Мөнх хөх тэнгэр, онгоддоо нэгдсэн хүчээр залбирал хүчээ хүргэж чадсан. Сэтгэл огшим бөөлөлт, олны дэм, залбирал сайхан хоршино билээ.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Лусын тахилгыг өндөрлөмөгц, Дээд цэцийн хуралдайн тавин гуравдугаар хуралдаан болж, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгын хугацааг хэлэлцэн тодотгож, Долоон өвгөн одны тахилгын болзоондоо ирээгүй улаач нарын оронд бөөлөх хүмүүсийг тодотгон томилсон.
Харин Монгол бөөгийн их зайран Балжир болзоондоо ирсэнгүй. БНХАУ-д бөөгийн зан үйл хийж явсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Балжир, түүнтэй хамт яваа Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэнг хүлээж авч уулзаж, гадаадад зарим зохисгүй үйл ажиллагаанд нэр холбогдсоныг анхааруулж байсныг хүлээн авч, зөвшөөрч байсан боловч тахилгаа орхиж БНХАУ-д явсан байлаа.Тэдгээр улаачид Монгол бөөгийн зарим зүйл нууцлалын төвшинд байхыг МБНЭ-ээс урьдчилан анхааруулсан билээ.
Монгол бөөгийн ёс зүй бүгдэд эрх тэгш үйлчилнэ. Бөөлмөөр санагдвал бөөгийн цолны эрэмбээр бусад улаачийн урдуур орж нэрээ дэвшүүлнэ. Дургүйгээ хүрвэл “онгод”-ын болзоогоо үл тоож алга болно. Бид хойч үедээ ийм ёс зүй үлдээх эрхгүй билээ.