Уншиж байна...

Тувагийн хил дагуу амьдарч байсан малчин Дорлигжав урт гартай нэгэн аж. Нэг удаа олуул нийлж Тува руу гараад бөөгийн малаас хөөжээ. Тэр бөөг эмэгтэй хүн мөртлөө сахал үстэй алмас шиг амьтан байдаг гэж ярилцана. Түүний талаарх ёозгүй мэдээллүүдийг социализмын үзэл сурталд согтсон ойворгон эрчүүд эс тоожээ. Хөхчин бөөгийн адуу малыг хөөж ирснээс хойш бүлэг хулгайчдын амьдрал өөд гарсангүй.

 

Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд үлдэж, нутгийн номч мэргэн улаан сахиусны өвгөний номын шидэд биширч байв. Нэг удаа Улаан өвгөн түүнд хэлжээ. “Миний бие барагтай болов. Одоо үүнээс цааш чамд туссан бөөгийн хараалыг хариулж чадахгүй. Чи нутаг сэлгэж хол нүү, тэгвэл гайгүй байж магадгүй” хэмээжээ.
Дорлигжав ч өвгөний үгэнд орж бөөтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд Хөвсгөл аймагт шилжиж очжээ. Дархадын бөө нарт очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд огт халгаасангүй. “Өөрөөс чинь холуур өнгөрөөх арга бодъё” гэжээ. Төдий удаагүй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том хүү Цэдэн сураггүй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд үзэгдэх бараагүй алга болсон хүүгийнхээ талаар зовлонд учирсан эцэг Дорлигжав асууж, сураглаад үр дүнд хүрсэнгүй. Шүүх, цагдаагийнхан ч ямар нэгэн ул мөр олсонгүй гэнэ. Арга барахдаа нөгөө бөө дээрээ очиход “Хүүгийн чинь бие сүнсийг Тувагийн хөхчин бөө хулгайлсан байна. Түүнд чиний хийсэн нүглийг үүрүүлж байгаа юм байна” гэсэн итгэхэд бэрх үгийг хэлжээ. Амьдын хорвоод хүний горьдлого хэзээ ч тасардаггүй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хөхчин бөөгийн гадаа очиж харвал хүүхэд нь үхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгүй ажиллаж байна гэнэ. Үнэхээр боол, зарц шиг зүтгэж байгаа хүүгээ хараад Дорлигжав тэсэлгүй “Цэдээн, миний хүү нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харъя” гэж орилсон байна.
Хүү Дорлигжавыг хараад танихгүй байгаа бололтой, бүр үзэн ядсан царай гаргаад хөлдүү баасаа шидэж хөөжээ. Дорлигжавыг харсаар байхад хүү нь дүрээрээ байсан бөгөөд их л зовж шаналсан харагджээ.
Цэдэн хүү Дорлигжавыг өөртөө ойртуулахгүй хөөж, түүнийг барьж тэврэх гэж зүтгэн тэмүүлсэн байдалд нь дийлмэр болмогц бөөгийн гэр рүү улангасан гүйж орсон байна. Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хөхчин бөөгийнд гүйж оржээ. Бөө урт хулсан гаансаар тамхи татан сууж байв. Түүнийг хүн гэхэд бэрхтэй, хүн гөрөөс гэмээр төрхтэй санагджээ.
Дорлигжав эхэр татан уйлж, газар сөхрөн суугаад бүх гэм буруугаа хэлж “Өршөөн хэлтрүүлж, хүүг минь буцааж өгөөч” хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө, алт эрдэнэс хүртэл амласан байна. Энэ үед Цэдэн хүү Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвүүцэнгүйгээр Хөхчин бөөгийн хажуугаар би энэ хүний талд шүү гэсэн шиг зогсож байв. Бүхэл өдөржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хөхчин бөө хүн болохоор сэтгэл зөөлөрч Цэдэн хүүг түүнд өгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дүүргэж түлээд бөөлж гарах нь тэр.
Энэ хугацаанд Цэдэн хүүгийн нүүр царай хэдэнтээ хувирч өнгө солигдох шиг болж байв. Энэ бүхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд хүү нь түүний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бөөгийн хүссэн бүхнийг ах дүүгээсээ цуглуулж хүргэж өгсөнөөр Цэдэн хүүтэйгээ хамт Хөвсгөл нутагт ирж амар жимэр амьдарч байжээ. Цэдэн хүүг үеийнхэн нь гажиг зантай гэлцдэг. Оршуулгын газар очиж хохимой толгой цуглуулж төмөр утсаар хэлхдэг байна.
Нөгөө хэлхээтэй толгойнууд маргааш нь салчихсан байдаг гэнэ. Цэдэн нэг толгойн талаар үеийнхэндээ их сонин түүх ярьж өгчээ. Тэр толгой амьддаа их юм хийсэн эд гэнэ. Ойд жимс түүж явсан охид бүсгүйчүүдийг ангуучилдаг байсан түүний хувхайрсан толгой дээр өдөр болгон хар хэрээ зайдлан суудаг юм байх. Тэр өгөр толгойг зовлонгоос салгах гэж Цэдэн бусад толгойнуудыг хооронд холбож төмөр утсаар эрх зангидаг байна. Тэрхүү хохимой толгойн эрхи нь гүйцэж 108 болоогүй болохоор хүч чадал нь хуралдаж амжихгүй хоорондох хэлхээс нь тасарч байгаа гэнэ. Түүний энэ ажил удахгүй дуусна гэж Цэдэн нээх том зүйл амжуулж байгаа аятай ярьжээ. Яаж дуусах вэ гэвэл голын урдтай амьдардаг ная гарсан настай эмгэнийг бурхан болмогц түүнийг ил задгай оршуулах эртний заншлаар авч ирж тэрхүү хохимой толгойнуудтай нэгдэх аж. Ингэснээр тэрхүү хохимой толгойн эрхи гүйцэж нөгөө зовлонт хохимой толгой амаржин өгөрших бололтой.
Үнэхээр ч Цэдэнгийн хэлж ярьж байсан зүйл бүгд үнэн болж 108 хохимой холбосон эрхи бий болсноор нутаг усанд ээлийн сайхан зун болсон гэлцдэг. Юм гэдэг огт холбоогүй мэт боловч далдуур машид гүн холбогддог байна. Энэ түүхийг эргэлзэн хүлээж авах хүн бий боловч үнэхээр үнэн юм шүү гэсэн үүднээс хандах нь ч цөөнгүй буй за.
 

 

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/