Уншиж байна...

Эрчимтэй сэргэн хөгжиж буй бөө мөргөлийн эхэн үеийн хөгжил нь алдаатай оноотой ч байгаа нь мэдээж. Саарыг өгүүлэхийн өмнө сайныг нь ч дурьдах хэрэгтэй болов уу. Бөө мөргөлийн сэргэлт нь энэ цагийн хүмүүст шинэ мэдлэг, үзэл хандлагыг бий болгож, шинэ эрин цагт амьдрах үүдийг нээж өгч байна. Энэ цагийн хүмүүс хорвоо ертөнцөд зөвхөн бид амьдардаггүй бөгөөд үл тасрах гинжин хэлхээнд үргэлжилдэг болох тухай түүнчлэн оюунлаг мөн чанарууд мөнхөд оршин эргэх холбоогоор өөрсдөөс доош хөгжилтэй оюун санаатангуудад дэмжлэг үзүүлдэг тухай, хүн бид хорвоо ертөнцийн тухай өрөөсгөл бодол, төөрөгдөл, оюун санаа, сэтгэл зүрхний төгс бус байдлаас хамаарах үйлийн үрээ эдэлдэг болох тухай олон үзлийг хүлээн зөвшөөрөх болов. Түүнчлэн олон хүн тэнгэрлэг мөн чанар, ёс суртахууныг эрхэмлэн дээд тэнгэрийн ивээлийг хүртдэг болжээ. Өөр чухам ямар ололт дэвшил ирснийг цаг хугацаа харуулах нь мэдээж.

 

Сайны хажуугаар саар ямагт байдаг. Энэ цагт ч бөө мөргөлтэй холбоотой олон таагүй зүйлс болох болж, айдас эмээлттэй хүлээн авсан Монголчуудын дургүйцэл, хилэгнэлийг бүр ч ихээр хүргэх болжээ. Мөнх тэнгэрийн нэр хүндийг унагасан болгон гэсгээл хүртэх нь дамжиггүй. Мөнх тэнгэрийн өгсөн үүрэг хийгээд олгосон завшаан боломжийг зөв ашиглан удам угсаагаа өндөр өргөж буй нь ч цөөнгүй байх. Энэ бүхнийг ухан ойлгож чадалгүй дээрээ тэнгэр, доороо газар үгүй мэт санаж, дур зоргоороо аашлагсад ч мөн л цөөнгүй байх шиг. Шигшигдсэн гарч ирсэн шилдэгүүд л хөгжлийн шинэ шатанд дэвших нь гарцаагүй.
Тэнгэрлэг ёсноос хазайж, мөс жудаггүй аашлагсад хүнд тус нэмэр болохоосоо гай зовлонг учруулах нь олон. Эгэл хүнээс илүү эрдэм чадлыг эзэмших болсондоо эрдэж, өнгө мөнгөнд улайран, ид шидийг эрхэмлэн оюун санааны дээд гэхээсээ доод түвшин үрүү илүү тэмүүлэх тэдгээр улаач нар энэ бүх үйлийнхээ хариуд юуг хүртэхээ ухаараагүй л яваа байх.
Ёс суртахууны доройтол, оюун сэтгэлгээний төөрөгдөл нь хүний гэрлэн бүрхүүлийг төдийгүй гариг ертөнцийн материаллаг орныг бохирдуулдаг гэж эзотерикт сургадаг. Тэгэхээр зөвхөн хэн нэгэнд хар муу үйл хийсэн гэдгээс илүү хорвоо ертөнцийг бохирдуулсан ял тэднийг хүлээж байгаа нь лавтай.
Оюун санаа, ёс суртахууны хувьд бэлтгэгдээгүй улаач увидас эрдмийг хүлээн авснаар угаас тэрхүү улаачид агуулагдаж байсан харш сэтгэлгээний эрчим, түүний сэтгэц, биед эвдлэн сүйтгэх нөлөөлөл үзүүлдэг аж. Энэ хэрээрээ тэд дээд тэнгэрийн бус доод эрчмийн буюу хар хүчний нөлөөлөлд автдаг байна. Ийм нөлөөлөлд автсан буюу тийрэн бөө нарын уршиг үнэхээр их. Хорон муу санаат хэмээх хүчнүүд эрт цагаас л нэр төр хөөцөлдөх, “ид шид”-ийг хөнгөмсгөөр саваагүйтэн шохоорхох, бусдаас ялгарах, тэднийг захирахыг улайрах, өнгө мөнгийг шүтэн эрхэм чанарыг үгүйсгэх өчүүхэн бодол ухаантай хүмүүсийг урхидан эзэлдэг байжээ. Муу хүчний зорилго мэдээж өөрсдийн засаглалыг тогтоох. Энэ хэрээрээ нэгэн тийрэнтэн хамсаатнаа төрүүлдөг нь нууц биш. Мөн чанарыг ойлгон таниагүй гэнэн итгэгчид тэдний ээлжит золиос болдог байна. Тэнгэрийн шүүлт хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн. Морин жилийн намар хүртэл үргэлжлэх тухай ч яригддаг. Учраа ч бүрэн олоогүй залуухан улаач нар амь насаа алдсан тухай цөөнгүй сонсогдох болжээ. Мөнх тэнгэр нь биш юмаа гэхэд өндөр дээд өвөг дээдэс нь ухаангүй мунхаг улаачийгаа өөрсдөө шийтгэж, дахин шинэ боломжийг эрэлхийлж байж ч мэдэх юм. Бөөгийн удмын тэмдэгт улаач нь гэм үйлдээгүй ч андуурагдан боссон “улаач” нэртний гэм нүгэл мөн л уршиг ихтэй. Санаатайгаар бөө болж наадагсад уүр удмаа таслуулах аюултай. Мөнх тэнгэр хэнийг хэрхэн яллахаа мэдэж байгаа. Тэнгэрийн таалал оршиг.
Энэ цагт бөө ёстой хүнийг зөв таниагүй, буруу хүнийг тэнгэрт мэдүүлэн босгосон, буруу ёс жаягаар босгосон, үнэн мөн чанарыг таниулалгүй мухар сохроор дагуулсан, шунал хүсэлдээ автан зовлонг нь нэмж туйлдуулсан, бөө болох учиргүй хүнд хээрийн буюу эзэнгүй онгод авч өгсөн, бусдын онгод тэнгэрийг хар буруу үйлд ашиглан сэвтүүлсэн, өчүүхэн бодол ухаан, зан авиртаа автан хүмүүст хараал, зүхэл хийсэн, амраг хос, айл гэрийг хүчээр салгасан, үйлийн үрээ эдлэх ёстой зовлонтны нүглийг хүчээр цайруулах оролдлого хийсэн, байгаль дэлхийд хор хөнөөлтэй үйлийг хийх, тийм үйлтнийг дэмжих, буруу үзэл, үйлтнийг өөгшүүлэх, булихай мууг дэмжих, төрийн хууль цаазны эсрэг үйл хийх, өшөө хонзон санаж хар мууг хийсэн аливаа бүхэн гэмтэй бөгөөд гэсгээл хүртэнэ.
Өш хонзон санаж хэрэгжүүлэхгүй байхыг өндөр дээд гарвалууд ийнхүү сургадаг байна.
Өрөвч цайлган сэтгэлтэй
Өршөөн нигүүлсэнгүйн заяатай байж
Өшөө хорсол зангидваас
Өнчирч хоосрохын нигууртай
Ард түмнээ ачлаад
Алтан төрдөө зүтгээд
Өргөн түмнээ өргөөд
Өндөр тэнгэрээ дээдлээд
Өнчин ядуусыг тэтгээд
Өршөөл ивээлээ үзүүлээд
Өөрийн хийх үйлээ
Өөрөө л хийх учиртай
Заяа муутай завхай
Зам дээр хаягдсан золбинтой
Заалдаж тэмцэлдэх аваас
Зам юугаа хааж
Заяа юугаа гомдоодог учиртай
Өөр өөрийн үйлээр
Өнөө маргаашаа торгоосон
Өөдлөх заяа үгүй
Өөдгүй муу улстай
Өш зангидах хэрэггүй
Өршөөн нигүүлсээд орхи
Улаач байх заяатан хүндрэл бэрхшээл бүрийг зөв даван туулах хэрэгтэй бөгөөд эд бүгдээс дээд тэнгэрийн ухааруулан таниулж, төлөвшүүлэн суулгах гэсэнг ялган ойлгох учиртай. Энэ тухай мөн ийнхүү өгүүлжээ.
Эвий эвий эвий
Эргүү бяцхан үрсл минь дээ
Энэ л ертөнцийн түмэн зовлонг
Элээж л тоолж л явна уу даа
Амьдрал гэдэг хүчир шүү дээ
Алдаа эндээ их л шүү дээ
Алсын зам нь урт л байхад
Ард нь заавал гардаг л юм даа
Өвчин зовлон үхэл хагацал нь
Өрийг өвтгөж зүрхийг зүсдэг ч
Үнэн л чанар нь өөр л шүү дээ
Үйлийн үр нь тэр л шүү дээ
Уйлах дуулах нь л тоотой шүү дээ
Урсах хурах нь хэмжээтэй шүү дээ
Ухаан билгээрээ таньж л чадвал
Ухаарч сэхээрч мэдэж л чадвал
Удаж төдөлгүй дуусдаг л юм даа
Хүчир хэцүү хүнд ч гэлээ
Хүн түүнийг даах л учиртай
Хуурч мэхэлж тойрч болдоггүй
Хууль ёс нь хатуу л шүү дээ
Ихээ ихээ зовлоо ч гэсэн
Эндүүрч буруу ухаарч ойлговол
Эцэслэнэ гэж байдаггүй юм шүү
Эргээд зовлонгоо үүрдэг л юм шүү
Хөрстийн амьдрал хүчирч гэсэн
Хүмүүний зовлон их чгэсэн
Халуун итгэл нь байгаа л цагт
Хар бараанаас салж л болно
хэмээжээ. Улаач заяатан хувь заяагаа хэн нэгэнд даатган амьдрах ёсгүй бөгөөд энэ бүгдийг зөв даван туулах нь эргээд ач тусаа өгөх нь ч байна.
Хүн үр нь
Хэдий балчир ч
Хөрст ертөнцөд
Хүчгүй дорой ч
Хүлцэн тэвчсэн
Хүндрэл бүхэн чинь
Хүлээх алсад нь
Хүчирхэг болгоно
Гэмшин ухаарсан
Гэм нүгэл чинь
Гэсгээл зовлонг чинь
Гэтэлгэн зогсооно
Алдаа юугаа ухааран гэмшиж, мөнх тэнгэрээс өршөөл аврал гуйц, гэм нүглээ үйлээрээ засан залруулах аваас хөнгөлөх боломж байхыг үгүйсгэхгүй тул нэгэнтээ алдсан нэг нь засан залруулах, учраа олоогүй нэг нь зөв замнахыг хичээх хэрэгтэй.


Аравт.мн-ээс авав

Бусад мэдээ

Apr 10, 2024 412

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/