Тэнгис Шишгэтийг өгсөөд Зайвраа эмгэний тухай ярьж болно. Дархадын 7 чавганцын нэг Харын хар тэнгэрийн татаас. Ёох гэм бэл...ёох гэм бэл...
-Өнөө Дува чинь шал согтуу юм ирж явна гэсээр ээж энэ тэндээ шинэхэн цас болсон хэдэн хуурай гишүү хормойлсоор орж ирэв. Харин аав “Санаа нь зөв, сав нь бүтэн хүн бол балгаж л баймаар өдөр байна даа” хэмээн ээж рүү харж нүдээрээ инээмсэглэнгээ зангидаж суусан ногтоо зүүн орны хөндий доогуур түлхлээ.


-Хн Дува та хоёрт сайхан далим болж. Юу, юугүй цас дарчихаас өмнө хэсэг өвсөө ч гэсэн дөхүүлмээр юм даа гэж хэнд ч хандаагүй өнгөөр тэрүүхэндээ хэлээд галаа засч хоёр, гурван гишүү хийлээ.
Намайг хүүхэд байхын л түүнийг нутаг орныхон “Дува сохор” гэж дууддаг байлаа.
Тэр хүн бүртэй тийм дотночилохгүй, хальт харсан нэг нь элий солиотой гэмээр боловч аавтай сүрхий найзархана. Арсайн голдоо бүү хэл зэргэлдээ сумдуудад шагшигдсан баян Хөөлэй гэж хүний ганц хүү байж. Хүүхэд байхын л ан авд сонирхолтой, мэргэн цэцэн нэгэн байсан ч 33 нас хүрсэн жилийнхээ өвлөөс өрөөсөн нүд нь гэнэтхэн таг сохорчихож. Аль л сайн эмнэлэг эмч, эрдэмтэй чадалтай бүхнийг дуусгаад нэмэр болоогүй ч азаар өрөөсөн нүднийх нь хараанд ямар ч нөлөө үзүүлээгүй юм гэнэ лээ. Түүнээс хойш баян Хөөлэйн хөрөнгө мөнгө элсэнд хийссэн ус шиг үгүй болоод үр хүүхдүүдээс нь ганц энэ муу Дува л үлдсэн юм. Энэ бол хурга ишиг хариулж, зурам чогчиго үргээж явснаасаа хойш сонссон үлгэр домог шиг яриа билээ. Энэ бүхнийг нэхэн эргэцүүлж хэвттэл
Хүрэн тоо-лоо-гойн ээ сүү-дээр ээ... хэмээн дуулах нь сонсогдлоо. Өвлийн амралтаа далимдуулан аав ээж дээрээ ирсэн би үд шахтал хэвтсэн нь энэ л дээ. Тиймээс шалавхан босч хувцасаа өмслөө. Тэрээр хуучин муу цэмбэн дээл өмсөж, үзүүр нь сэмэрсэн дурдан ороожээ. Хэдэн жилийн өмнө сургууль төгсөж хот хүрээ бараадахад иймэрхүү л янзын хүн байсан хэвээрээ ажээ. “Юмтай хүний зүстэй хүү” явсныг нь гэрчилэхээр үлдээ болов уу гэж энгэрт нь үлдэж хоцорсон хоёр том мөнгөн товчний цан хайлах нь хэн нэгний хауурслын нулимс мэт. Баруун нүд нь улам ч гүн ширгэжээ. Мэнд мэдэлцэж идээ цай болсны дараа ээж нэрмэл гарган халаалаа...
...Хоёр өвгөний яриа задгайрч чангарах янзтай. Хар модны хуурай гишүүний илч өвлийн жижиг гэрт төөнөж агаар амьсгалмаар санагдана. Аавын дээлийг хөөргөж бүслээд гарахад Дува ахын
-“Урд хөл бүдэрхээр хойд хөлийг ташуурдана” гэгчийг энэ биеэрээ тууллаа даа гэсэн үгс хаалганы цаана үлдэхгүй гэсэн шиг жавар сөрөн зүтгэлсээр чих рүү орчих шиг санагдав.
* * *
Эцэг өвгөдөөс өвлөсөн ч өөрийн сайндаа хороож үрэлгүй харин ч нэмж цуглуулсан энэ их хөрөнгийг хэндээ үлдээдэг билээ гэсэн хармын бодол ойрд Хөөлэйн тархинаас гарахгүй зовоож байлаа. Тиймээс ан харах нэрийдлээр уул хангайд гарч, сэтгэлийн шаналалаа бага ч гэсэн нимгэлэхийг санаархана. Тавь хүрсэн хойноо залуу эхнэр аваад ч, уул хангай, онгод бөөгөөр яваад ч түүнд голомт сахих хүү заяасангүй. Энэ бүхэндээ шаналсаар Тамтын ам уруудан сажилж явтал нэгэн шинэхэн урцаас утаа гарч байхтай таарав. Хөөлэй ч элдэв юм бодолгүй урцны гадаа очиж “Нохой хорь” гэж хэлсэн болоод морьноосоо буутал дөрвөн нүдтэй хоёр банхар гэнэтхэн дайрчээ. Мориндоо мордож амжилгүй бариулахын даваан дээр өнөөх урцаас дунд эргэм насны хүүхэн гарч ямар нэгэн юм хэлсэнд хоёр нохой гарч ирсэн шигээ алга болжээ. Хормын дотор болсон энэ явдалд ухаан санаа нь дүйнгэтсэн юм морио түшиж зогстол хазгай монгол хэлээр урцандаа орохыг урив. Үндсэн тагшинд хийж барьсан бор цайг нь салгалж чичрэн аваад үг хэлгүй суутал өнөөх хүүхэн ам нээж:
-Онгод тэнгэртээ хаягдаа юу
Охин хүүхдүүдээ голоо юу
Элгэн ганц хүү хүсээ юу
Эрлэгтэй тохироход ч бэлэн явна уу хэмээн аялгуулан асуух нь тэр. Энэ бүхнийг сонсоод Хөөлэй хахаж цацан сөхөрч суугаад нус нулимстайгаа хутгалдсан амьтан ээрч мууран гай зовлонгоос гэтэлгэхийг, юу хүссэнийг нь өгөхөө амлан, амлан ярьжээ. Харин удган гурав хоногийн дараа өөрийг нь их хүндлэлийн дор аваачиж, өөрийн биеэр хүргэж өгч чадвал хүссэнийг нь биелүүлж өгье гэсэн байна.
Хорогдож өгөхгүй өдрүүд зовоосоор өнөөх гурван хоног өнгөрч удган Хөөлэйнд ирээд арван алдын сур, шинэхэн хазаар, гөрмөл суран ташуур зэхүүлэн хүү даллан дуудаж том гэрийнх нь өрхийг бүтээлгэн өдөр шөнө дамнуулан бөөлжээ. Харин дараа нь Хөөлэйг дуудан өмнөө суулгаад хар, цагаан хэл ам, лусын тархины эрдэнэ авсан учраас хорлол болж. Тиймээс тэр эрдэнээр хийлгэсэн шар эдийг, тэр үед унаж явсан шарга зүсмийн морьтой хамт өөрт нь өгч явуулах, өөрөө хүргэж өгөх ёстойг дахин сануулжээ. Харин морин толгойн чинээ алт олж түүгээр урлуулсан алтан бурхан, арван бодоор ч солихгүй жороо шарга хоёроо Хөөлэй өгөхийг хүссэнгүй. Тэгээд ч яг хүүтэй болох эсэх нь ч эргэлзээтэй учраас удганыг өөрийн зарцаар гар хоосон хүргүүлжээ...
...Аравдугаар сарын цасан шамрагатай орой баяны барлагаар хүргүүлэх замдаа юу ч дуугараагүй удган Тамтын амруу орохоос өмнө ядуу эрийг ирсэн замаасаа өөр замаар буцахыг сануулаад цааш ганцаараа явахаар эргэхдээ
Барагддаггүй хөрөнгөтэй Хөөлэйн
Балаг үүгээр дуусахгүй ээ хоё
Лай ланчигаа дуусахаар
Лаларуудын оронд таарнаа хоё... гэснийг нутгийн салхиар дамжуулан цасан дунд нүүгэлтэх их, их уулс л сонсчээ. Аравдугаар сарын цасан шамрагатай тэр оройноос хойш есөн сарын дараа Хөөлэй баяных шинэ хүнээ тосч байхад Тамтын амны гүн хавцал дунд гавлынхаа баруун нүдээр үзүүртэй хадруу мөргөж унасан удганы шарил тэртээ доор хөглөрч байжээ...
Сэр-Одын нэрэмжит шагналт Т.Дарханхөвсгөл
Улаанбаатар хот 2019.12.10

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/