Налайх дүүргээс 20 гаруй км-ын алсад орших Элстэй амны эхэнд бөө мөргөлийн зан үйл болж байгааг зорин очиж, завшаанаар удган Туяатай ярилцсанаа ба бүхэнд сонордуулья. Хамгийн сонирхолтой нь Удган Туяа өөрийн биед буудаг онго сахиусуудтайгаа ярилцах боломжийг зөвшөөрч, түүний биед буусан Жамьяан онгодтой нэлээд удаан ярилцсанаа мөн та бүхэндээ хүргэе.
– Таньд өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр энд ямар зан үйл болж байгаа юм бол
– Туяа удган: Монгол зон олон маань сайхан зусацгааж байна уу. Өнөөдөр болж байгаа үйл явдал бол бөө мөргөлийг ойлгодог хүнд их чухал зан үйл юм. Бөө болох хүн өөрөө дуртайгаа болж байдаг хэрэг биш, харин тэнгэр онгод түүнийг аль эртнээс онцолж сонгодог. Нэгэнт тэнгэр сахиус хэн нэгнийг сонгосон л бол тухайн хүн хүссэн хүсээгүй бөө мөргөлийн зан үйлд суралцаж, өнгө шүтээнээ хүлээн авах учиртай. Өнөөдрийн энд болж байгаа зан үйл бол шинээр онго шүтээнээ хүлээн авч байгаа болон нэгэнт хүлээн авсан сахиуснууддаа “чанар” авах /зэрэг дэв буюу хүч чадлаа нэмэгдүүлэх зан үйлийн шинжтэй арга хэмжээ/ зан үйлийг хийж байгаа юмаа.
Өнөөдрийн энэ зан үйлийн хувьд бол Бөөгийн улаач болохоор сонгогдсон хүнд онго тэнгэр нь буух ёстой гэдгээ хэлж, мэдрүүлж, тухайн улаачаас эд мөнгө бие зөвхөн “биеэ” л нэхдэг. Тэгвэл тухайн онго тэнгэрийг өөртөө буулгах “биеийг” бэлтгэхэд чиглэсэн зан үйлүүдийг энд хэрэгжүүлж байгаа юм.
Бөө мөргөлийг ойлгодоггүй хүнд бол “бөө нь ихдээд бөөс нь олширсон” гэмээр, айл гэрт ачаа дараа болж байгаа ч гэмээр хэрэг юм уу даа. Гэвч үнэндээ яг үүнийг ойлгоод, онго тэнгэртэй харьцаад эхлэхээр нарийн учир шалтгаан нь тайлагддаг. Би бөөг шашин гэж хэлэхгүй, учир нь бөө хүний биед эцэг нь юмуу элэнц хуланцын онго сахиус нь бууж байдаг болохоор тэднээс тусдаа бурхан шүтээн гэж байхгүй. Миний хувьд бөө хүн өөрөө жаргах гэж биш, тэнгэрийн зарлигийг биелүүлэх гэж л амьдардаг гэж ойлгодог. Тэгээд ч бөө хүн тэнгэрийн зараалаар онго тэнгэртэйгээ хэрхэн харьцахаа мэдээгүй, зовж зүдэрч яваа өрөөл бусдад туслах чин сэтгэлээр туслаж, ямар зан үйл хийхийг лавлан асууж байж л ийм хүн зан үйлийн арга хэмжээг явуулна шүү дээ. Миний хувьд гэхэд л хар багаасаа зовлон зүдгүүр, үхэл хагацал үзэж явсан нь одоо эргээд ойлгоход онго тэнгэрийн улаач болох ёстой дохио зааварыг ойлголгүй олон жил явсантай холбоотой байдаг.
Ер нь хүн онго тэнгэр өөрт нь буух цаг хугацааг хүн мэдэхгүйгээсээ болж алддаг амьдын хагацал үздэг, амьдрал ахуй нь урууддаг, аврал өршөөл хэнээс эрэхээ мэдэхгүйгээсээ болж их хугацаа алддаг. Үүнийг нь урьдчилж хэлдэг хүн нь л багш болдог. Өөрөөр хэлбэл сахиусаа хүлээн авах ёстой хоног хугацаа чинь тулсныг, тэнгэр сахиус чамайг улаачаа болгохоор биеэ нэхээд байгаа учрыг гэр бүлийнхэндээ хэлж дуулга хэмээн багш нь хэлдэг. Энд анх удаа ирж байгаа, ах дүүс, гэр бүлээрээ бөө гэдгийн учрыг ч ойлгоогүй, мэдэхгүй хүмүүс зөндөө ирдэг, энэ бүхэнд багш л чиглүүлж тайлбарлаж өгдөг. Харамсалтай нь энэ зан үйлийг өөрөө ч мэдэхгүй байж бусдад заана сургана хэмээн мөнгө төгрөг нэхдэг багш нар олон болсонд харамсаж явдаг даа.
– Таны шавь болохоор ирж байгаа хүмүүс ч гэсэн онго тэнгэрээ ойлгодоггүй, хүлээн авч чадалгүй олон жил зовж зүдэрсэн хүмүүс байдаг уу?
Туяа удган: Тийм тохиолдол байна, энэ онго сахиус чинь удмаа олох гэж, төрлөө олох гэж, улаачаа олох гэж олон жил дагаж явдаг. Харамсалтай нь сүүлийн үед жинхэнэ сахиус, онгийг нь буулгахын оронд өнгө мөнгө хөөсөн хэсэг хүмүүс зовж зүдэрсэн хүн болгоныг л бараг бөө болох ёстой хүн байна гэж ханддаг, өөрөө багш болдог хүмүүс их олон байгаад сэтгэл дундуур явдаг. Миний хувьд би олон шавьтай, шавь болгондоо алдаа оноог хэлж, шавь алдах юм бол багш нь түших барилдлага заавал барьж байж багш шавь бололцдог. Ийм тохиолдолд шавийн сайн муу бүх зүйлийн үр дагавар багш дээр л буудаг.
– Та боломжтой бол онго тэнгэрээ дуудан оруулж, бидэнтэй ярилцах боломж олгож болох уу?
/Энэ асуултанд удган Туяа татгалзаагүйгээр үл барам, эхний удаад Даваа хэмээх өндөр настан буусан юм. Би ярилцах учраа хэлэхэд Даваа онгод би энэ талаар бувтнаад сайн ярьж чадахгүй тул, толгой сахиус Халхын Жамьян онгодтой ярилц гээд хэц хэнгэрэгээ дэлдэж, хар Жамьян хэмээх онгодийг урин буулгасан юм. /
Жамьян онгодтой ярилцсан нь:
– Амар байнуу өвөө, та аян замдаа сайн явж ирэв үү? Өвөө, би сонин мэдээ түгээдэг хүн байгаа юмаа, таниас хэдэн зүйл асууж лавлан түгээж болох уу гэж явнаа?
– Мэндээ, Хөрстийн муу үхээрүүдүүд минь, хэл дайх нь ээ дээ /инээв/. Хөрстийн энэ балчиртай элдвийг сурах нь ээ дээ.
– Өвөө таниас хэдэн хэдэн зүйл асууж сураглая. Хөх монголчуудад хандаж юуг захиж хэлэхсэн бол. Үр хүүхэд бид чинь алдаж эндэх нь их байх юмаа.
– Халхын зондоо хүүрнэх нь бүү хэл, хааяа дарсан садандаа хүүрнэж давахгүй, энүүнтэй урхагтай үйлийг ялгахын цондонд түгээж хүүрнэх үү…
Эрдэж мордсон халх зүс нь хаа мордов
Эрэмгий хүлгээ арилжан муутуун зоосоо барилдсан
Дэвтэй алаг зондоо
Өөдөө тэнгэрт чинь өргөлтэй олон
Өмнөх тахилдаа мөргөлтэй олон
Гал тулгаа ер тахиж давалгүй
Урагаа үндэсээ шүтэж давамгүй
Удам дээдэлж давалгүй
Алаг одсон халх зондоо би, бид гоморхож суудаг юм
– Үр ач бид нар чинь тэр бүр тэнгэр язгуурт та бүхнийхээ захиа занааг тэр бүр мэдэхгүй болж дээ
– Хөрс өвс мэт хүсэвч ариламгүй яс нь байлтай
Хусаад ч шавхардаггүй цус нь байлтай
Халахад цус нь оргисон, дүүхэлзсэн эгүүнтэй
Халх зон нь хавтгайгаа зүдэж тахиагүй атал
Үндэсгүй модыг тойрч эргэсэн
Өмсгөл нь нимгэн балчируудыг ажихнээ бид гоморхож л суудаг юм.
– Балчир үрс бидэнд дээд тэнгэрээс юуг анхааруулж хэлэх бэ, бор дарсанд орох явдал бидэн дунд нэлээд байх юмаа
– Муйхараа муйхар, муйхар хэмээхээс ам давж үг урсаж давахгүй юм. Муйхар одсийн.
Хөрстөөсөө улбаатай
Хөх тэнгэрээсээ унжлагатай
Халх зон нь хаа мордсийм
Сүсэгээ шавируулсан
Сүжин сүжин сүүжээ цоортол хавтгайрсан би удмаа ер гайхдаг юм, халх зон
минь хавтгайрч давсийм, ай даа улаа шүүс хүртэхээс, уул усаа шүтэж давахгүй юм. Энүүтэй хөрстийнхөө балчируудад бид гоморхдог юм. Хурмаст нь гоморхохоор хөрстийн балчир та нар энх цагийг ажицгаан, элдэвлэж л мартаснаас элэнц хуланцаа ухаж давсангүй ээ.
– Тэгэлгүй яах вэ өвөө, бас нэгэн асуух учиг байна, тун удахгүй халх даяар толгой ноёыг олох их аян байгаа юм. Ямар хүн толгой ноён болвол улс гэр амгалан, сайн байх болоо? /Онгод маань түшээгээсээ ямар учиртай хүүрнэв хэмээн миний асуултыг лавлан асуув/
– Аан, өнөө төрийн хэвтүүлийн сунгааны тухай хүүрнэсэн байх нь ээ, ээ дээ би ер ухдаггүй юм, ноёд олшироотвол алба нь дордойдог юм. Ноход олшироотвол хотол нь харладаг учир бий. Энүүтэй ёсыг умартсан, төрийн хэвтүүл /төрийн албан хаагчдыг хэлэв бололтой/ хэмээн цээжээ дэлдсэн хаахалзсан ноёчуудыг, аа даа үхсэн муу үхээрүүд л гэхээс, ер түмэнд элэгтэй балчир үгүй байна. Энэ яриаг ингээд хазаарлах уу даа.
– За өвөө миний асуух учир ингээд боллоо, танд гялайлаа
– Хуучлахгүй дээ…
Босгыг нь даваатахвал ундыг нь барьдаг халх ёс байна, хаяан дэргэд очоотвол нохойг нь шуугиулдаг нас байна чамд, хуучлахнуу хэмээтэл одох нь ээ дээ.
Цэгээ барих уу даа,
Дэлэнгээс нь шувтарсан цэгээ нь үгүй болсийм
Бортогтой хар ундыг пунцаг хэмээн нэрийдсэн
Бид хөх тэнгэрийн ноёдууд хөрст наадсан балчируу хэмээхээр ер сийлэхээ болиотохсон цөвүүн цаг даа
Энх л цаг хэмээн бурдаг юм
Элдэвлэсэн балчирууд энүүтэй хөрстөөр арвинтай юм
Үндэстэй модоо шүтэж даваагүй атлаа
Үндэсгүй модыг тойрч эргэсэн халх зоноо ажихаар
Харуусч л залардаг юм бид…
Өмсгөл эгэлдэргэлээд
Хэц дэлдэхээр хурмастын үйлэнд шамддаг балчир цөөн байнаа
Уул усаа ухалгүй
Удамаа гундуу одоход нь дэмнэдэг
Энүүтэй балчируудын сэтгэл нь хаа мордсийм
Өнөө л муутуун зоос
Шижир ембүүний амь тэрслэн байж дэлдсэн энэ балчируудыг ажихаар элэг минь харуусан суудаг юм
Түмэнд цуу түгээнээ хэмээвээс дорвитойхон түгээ хүү минь
– Хөрс дэлхийг сандаачин, муутуун зоосоор арилжиж байгаа муу сэтгэлтэн олонд тэнгэр ямар гэсгээл үзүүлэх болоо?
– Хөрстөдөө унасийм, хөх тэнгэрээсэ залсийм хэмээн хүн гээч сэтгэлээ өнөө муутуун зоосондоо өгсөн үхсэн муу үхээрүүдийг хүүрнэж байна даа, би таашаадаггүй юм, энүүтээ тэнгэрийг дэлдээд уул усыг бид баясгаж гялайлгаж заларч байхад, өнөө л чулуун хороондоо заларчихаад, зоосон ембүүгээр халх зонгоо мэрсэн үхсэн муу үхээрүүд дээ. Хүн гээч сэтгэлээ хөсөр дэвслээтэхсэн, Хүний нутгаа хэмээн адлаатахсан үхсэн муу үхээрүүд цөөрч л байвал учигтай аятай байгаа юм
– Дээд тэнгэрээс халх зон биднийгээ харж, даатгал ивээлдээ багтаадаг байхаа гэж бодох юмаа хүү нь
– Халх зондоо харам, алаг нутагтаа бидэн ээнэгшиж одоогүй бол энүүтэй улаач нарт өмсгөл эгэлдэрэгдүүлж одуулах үгүй л байсан, ураг садан гагц л удам атугай ухагдээ хэмээгээд удамдаа шүтээн болж заларч байгаа нь энүүтэйгээр бид адлуулсан адлуулсан. Арвинтай зүхүүлсэн, адласан ч бидэн зулын гол шиг, долоон бурхан шигээ бадамлах учигтай байгаа юм.
Зоосон ембүүнд бид хатирсангүй
Зориг гээчээр нь мартсан юм
Хэц хэнгэрэгээ дэлдсэн юм
Хан тэнгэр нь гялайсан юм
Хатан уулс нь түшсэн юмаа
Ураг садан нь уухайлсан юм
Улаа нэхсэн улаач нь түшсэн юм
Энүүтэйд л бидэн эрдэж морддог юм…
Хүн гээч цэгээн сэтгэлтэн
Дэлэнтээ малаасаа шувтардаг
Цэгээг нь хүртдэг халх ёсоо умартаж
Зоосон ембүү, хурдтай хүлэг л хэмээн
Дөрвөн туурайтай цуцдаггүй хүлэг зайдлан
Халх зоноо мартан төрийн хэвтүүл хэмээн омогшсон балчируудыг би таалдаггүй юм.
… Хөвчийн хүрнийг нь хөх чонотой нь намнаад байхаар энэ лусад эзэн байх уу даа хүү минь
Түмэнд түгээх цуу нь арвинтай байг дээ хүү минь… гэснээр Жамьян онгод бид хоёрын яриа хүүрнэл өндөрлөж, онгод маань одохоор мордсон юм.
Энэ мэтээр олон зүйл ярьсныг мөхөс би дуу хураагуурт бичиж авсан нь цөөн ажээ