Шашингүйн үзэлд хэт автсан социализмын он жилүүдэд бурхан тахил эвдэж сүйтгэн, эс бөгөөс далдын хүчтэй хутагт хувилгаадаар оролдсоныхоо хариуг дэндүү чанга хүртэгсэд олон байсан нь ойлгомжтой.Харамсалтай нь эдгээр хүмүүсийн дийлэнх нь уг хэргийнхээ учир шалтгааныг бүрэн дүүрэн мэдэрч амжаагүй нь гачлантай.Иймээс иймэрхүү явдлын тухай бичиглэвэл өнөөгийн бидэнд ч гэсэн зарим талаараа сургамж болох буй заа.
Нэгэн мянган есөн зуун тавин зургаан оны зун Улаанбаатар хотод хөдөөнөөс нэгэн айл нүүж ирсэн нь хэний ч анхаарлыг татсангүй.Гэрийн эзэн нь Лагсаг гэх дөч орчим насны эр байх.Харин жижигхэн хэрнээ адтайхан эхнэрийнх нь нэрийг Отгонжий гэх агаад тэрсхэн төрсөн гурван хүүхэдтэй гойд эд хогшил гээд байх юмгүй таван ханатай навтгар хар гэртэй.Үнэндээ хүний нүдэнд гялайж гялтайчих эд хогшил үгүй жирийн л бор тоорог амьдралтай айл байсан нь хэний ч анхааралд өртөөгүй хэрэг.Тэгээд ч 1950-иад оны үеэр олон үйлдвэр завод босохын эхлэл тавигдаж байсан учраас ажлын байр олноор бий болж нийслэлд шилжиж ирэгсэдийн нүүдэл эрчээ авч байсан юм.Гэвч эднийх ажиллаж амьдрах гэхээсээ илүүтэйгээр ороо бусгаа цагийн хатууд амьд үлдэхийн төлөөх тэмцэл явуулж байсныг анзаарсан хүн үгүй.Тийм ч учраас Улаанбаатар хотод ах, дүү, хамаатан бүү хэл тэр гээд нэрлэчих зүс таних хүн ч байсангүй.Үүндээ ч эр, эм хоёр ихэд сэтгэл хангалуун байсан нь гайхалтай.Цаашид өрнөх үйл явдлыг өгүүлэхийн өмнөхөн Лагсаг гэгч чухам хэн болох, яагаад орон нутгаасаа дайжиж огт хүн танихгүй их хөлийн газрыг бараадах болов?гэдгийг нь нуршилгүйгээр товчхон өгүүлэх нь зүйтэй болов уу.
Лагсаг үнэндээ өөрийнх нь мэдэхээр долоон үеийн харын бөө.Түүний өвөг эцэг нь Дархадын томоохон зайрангуудын нэгэн байсан бөгөөд долоохон настай байхад мөнх тэнгэрт хальжээ. Өвөөг нь тэнгэрт одоход маш олон хүн цуглаж идэх уух юм арвин байсныг хүү санадаг байлаа. Хэдэн жилийн дараа эцэг нь гэнэтхэн ухаан алдан унах болж, өвчилж эхлэв.Гэвч энэ нь өвчин бус онгод нь орж бөө зайран болж буйг учир мэдэх хүмүүс хэлж, зөвлөснөөр эцэг нь өвөөгийнх нь хэнгэрэгийг барих болжээ.Ингэснээр хүүд хандах хүмүүсийн хандлага ч эрс өөрчлөгдөн хүндлэл хайр нь эргэж иржээ.Ийн сайхан байх цаг нь харамсалтай нь төгсгөлтэй байлаа.
1936 оны өвөл гэнэтхэн эцэг нь хүүгээ дуудан аминчлан хүүрнэв.Нас бие гүйцэн эхнэр авахыг нь сануулсанаас гадна нэгэн гунигтай зүйл яригдав.Эцэг нь түүнд нас биед хүрсэн эр хүнийх нь хувиар итгэж илэн далангүй зүйл ярьжээ.Шинэ төр засаг лам нарыг төдийгүй бөө мөргөлтнүүдийг хяхан хавчин толгойг нь авч эхэлсэнийг яриад энэ их хядлага өөрийг нь ч тойрохгүйг илэн далангүй ярив.
Эцэг нь үхлээс мултарч болох ч ар гэрээ бодох, бас чиг онгод нь түүнд нас нь гүйцсэнийг хэлсэн болохоор мөнх тэнгэрээс зөрчихийг зүрхлээгүй гэнэ.Харин хэдэн жилийн дараа эцгийнх нь сүнс түүнд онгод болон очих учраас Лагсаг бөө зайран болох аж.Нэгэнт мөнх тэнгэрийн хуулийг зөрчих аргагүй учраас амь насаа хэрхэн авч үлдэх нь онгодоос нь бус хувь хүнийх нь ухаанаас шалтгаална гэдгийг эцэг нь сайтар захьжээ.Гэвч эцэг нь тийм ч амархан бас чиг мөрөөрөө алагдчихсангүй.Үүнээс долоон хоногийн дараа сумын төлөөлөгч аймгаас ирсэн ногоон малгайтнуудын хамт хөвчид гарч иржээ.Гэрт нь орж ирээд зураастай бичиг уншиж хөрөнгийг нь битүүмжлэх болоход
- Өө чааваас зайран зайран гээд байсан чинь олигтой эд хогшил алга л байна ш дээ гэж нэг ногоон малгайтан нь дурссан маягтай хэлж байсныг хүү тодхон санаж үлджээ.Эцгээс нь
- Зайран дахиад төрдөг гэл үү?Чи одоо энэ хүүгээ үхсэн хойноо бөө болгох уу?гэж асуухад эцэг нь маш их сандран
- Үхэх хүн дахин төрнө гэж юу байхав. Тэгээд ч ийм унхиагүй, шүтлэггүй хүн хэзээ ч зайран болж чадахгүй гэж шүлсээ хаяхад нь ногоон малгайтнууд баярласан янзтай муухай хөхрөлдөв.Ингээд эцэг нь зайдан морин дээр сууж ганц ч удаа эргэж харалгүй явж одсоноор сураг нь тасарчээ.Үүнээс хойш хэн ч ирж тэднийг оролдсонгүй.
Лагсаг ч эхнэр аван эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр амьдрал ахуйгаа өөд нь татаж эхлэв.1940-өөд оны эхээр фронтод бэлэг явуулахаар бүх нийтийн хөдөлгөөн өрнөх үеэр Лагсаг багийн хуралд очжээ.Тэрбээр өөрийнхөө хэр хэмжээнд тохируулаад унааны морь нэгийг амлатал нь намын дарга гэнэтэн уурсч ...
Үргэлжлэл бий