Тээр жил хөдөө явж байгаад нэгэн бөөвгөр бор ганц гэрийн үүдэнд хэдэн хүн юм хүлээсэн мэт цувран сууж байхтай тааралдаад "'Дэлгүүр юмуу гэхнээ нь ямар ч тэмдэггүй, бас тэгээд цагаан бүрээсгүй, багийн даргынх юмуу гэхээр арай л ядуувтар гэр.
Ер нь энэ хүмүүс юу хүлээж байгаа юм бол гэж бодоод сониуч зандаа хөтлөгдөн тэргээ холхон зогсоогоод явган хүрч очсон чинь сууж буй хүмүүс багахан бишүүрхэж эгдүүцэн харцгаав. Намайг нэгэн том дарга гэж бодсон бололятой. Мэндэлсэн чинь дуртай дургүй хариу өглөө.
-Та бүгд юу хүлээж суугаа юм бэ? гэж асуусан чинь
-Зүгээр л оточоор судсаа бариулах санаатай гэж нэг хүүхэн ам алдав.
-Отчийнх юмуу. Тэгвэл би бас судсаа бариулая.Толгой өвдөөд ....гэсэн чинь тэр сууж буй хүмуус шал өөр болж надаас бишүүрхэхээ болив. Дарга биш гэж боджээ.
-Та яаралтай яваа бол ороод судсаа бариулчих л даа. Бидэнд яарах юм алга гэж нэгэн хижээлдүү хүн надад тал засав, Тэд нар цөм л малчид бололтой юм. Хувцас хунар, төрх байдал нь тэд яав ч хотын хүмүүс биш байлаа.
-Зүгээр зүгээр Би хамгийн сүүлд ирсэн хүн, Та нарын дараа гэсэн чинь
-Явуулын хүн саатаад яахав, та ор ор, гэж нөгөө хэжээл эр үүд сөхөхөд нь арга буюу орж явчихлаа
Гэрт ердөө онцгой юм алга. Нэг өвгөн нөгөө өвгөнийхөө судасыг барьж баруун хоймроо эзлэн сууж байлаа. Судас чагнахад нь саад болохгүйн тулд би дуугүйхэн толгой дохиж мэндлээд зүүн талд очиж суув. Оточ
-Дусал цувраад удаж байна уу? гэж нөгөөх судсыг нь барьж байгаа хүнээсээ асуув. Эхлээд би сайн ойлгосонгүй Тэр хүн
-Нэлээн хэд хоног болчихлоо гэв,
-Дусап цуврах нь ус хаагдахын шинж. Тэгэхлээр чи туулайн мах ид, Бүхэл ясыг нь будаатай хамт буцалгаж шөлийг нь уу. гэж оточ хэлсэнд
-Өө юун сайн юм бэ? Муусайн туулай бишгүй л нэг гүйж яваа. За би өнөөдөр л ...гэж хэлээд тэр хүн босч гадагшаа гарахад зөрөөд л өөр "нэгэн орж ирэв. Тэгээд шууд л оточийн өмнө сөхрөн суув Тэгээд гараа оточид өгөх зуур:
-Мах буураад, залгамж тасрах нь шиг байна, Яахав гэж асуув. Оточ судасыг. нь барьснаа
-Гайгүй л юм байна. Шар үнээний нэг аяга сүү, хоёр аяга усанд хярамлаад буцалгаж уу. Арав дахин ууна. Махжаад ирэхийн үед нь энсэгийн зүйл удсан тосонд найруулаад сарын албин өнгөрмөгц уух юм бол үр олдоно гэв,
Тэдний ярианы үгийн сан нь хачин өөр байхад нь би гайхаж суутал дараах хүн нь орж ирмэгц мөн л сөгдөж
-Сүүлийн үөд мартамхай болоод байна. Бас үө үе уруу суугаад шартамхай ч болох шиг, ой булгиад л. гэж үглэхэд нь оточ судасыг бариад
-Живэрт хулганы тархийг усанд эуурч уу. Санамгай болво. Ёлын ходоод ч бас хэрэг болж мэднэ. Гэхдээ арван нэгдүгээр сард олж хадгалсан сарьсан багваахайн мах идвэл ч бараг бүх шаналгаанд тустай, бүр .... гэснээ танайх чинь хуүхэдтэй билүү? гэж асуусанд нөгөөх эр
-Байдаггүй шүү. Эхнэртээ ч хаягдаж мэдэх болоод байна. Үгүй тэр живэрт хулгана гэдэг чинь юу билээ гэж лавлаа
-Сарьсан багваахай л даа. Өвлийн эхэн сарын үед олж хадгалсан сарьсан багваахайн мах, тархи л чамд хэрэг болно гэсэнд тэр хүн шаламгайлан босч
-За гялаалай. Сарьсан багваахай энэ хавьд ховор. Би явнаа. гээд үүд чиглэв. Түүнтэй зөрөөд нэгэн бүсгүй орж ирэв. Оточ:
-Давхар эхнэрт зохисгүй юм идсэн байна. Аягүй бол нярайлахад чинь хүндэрч мэднэ гээд судасыг нь барихаа болив.
-Үгүй тэр зохисгүй юм гэдэг чинь юу юм болоо? гэж өнөөх эхнэр гайхан асуув. Оточ ;
-Хөх хуцын мах идсэн үү? гэв.
-Өө нээрээ тийм, манай хажуу айлын хөх хуц хөгширөөд өнхрөөд өгсөн л дөө.Түүний гэдэс махнаас хуваалцахаар нь идэж орхисон юм гэж нөгөөх жирэмсэн бүсгүй дуу алдав.
-За тэр чинь л давхар эхнэрт хориотой зүйл. Тэгэхээр төрөх дөхөөд ирэх үедээ шарга морины сүүлний хялгасыг галд түлж хярвасыг зуурч уувал тустай, үгүй бол олби оготны арьсыг олж хадгал. тэгээд төрөх хүндэрвэл түүнийг атгаад бай. Одооноос нөхөртөө хэлж бэлтгүүл гэв. Нөгөө эхнэр
-Тэгье тэгье гээд босч гарахаар явав. Тэр хүмүүс зав зай өгөхгүйгээр хойно хойноосоо орж ирэн, цаг үрэхгүй шуурхай гарцгааж байхад нь би гайхан харж суув.
Нэгэн хижээлдүү насны эр орж ирээд
-Би удахгүй нэг л юм асуугаад гарна. гээд надруу хялавхийн харснаа оточоос
-Эхнэрийн хөх сүүгүй болчихлоо. Яах вэ? За тэгээд би ч бүр хүүхдэд дарагдаж гүйцэхнээ. Үр тасалмаар байна яах вэ? гэж зогсоогоороо асуув.
-Эхнэрийн чинь хөх сүү орохгүй байгаа бол янгирын чөмөг идүүл, Хавдсан бол хар бивлин усанд зуурч хөхийг шавш. Чи өөрөө үр тасалмаар байгаа бол буудайн гурил исгэж нэг жинг сайн архинд зуурч чанаад шаарыг нь шүүж хаяад гурав хувааж авгайдаа сарын тэмдэг ирсэн орой нь нэг аягыг, маргааш өдрийн үдэд нэг аягыг нар гарах үед нэг хэсгийг уу Чи өөрөө ч бас тэгэж уу. Тавин нас хүртэл үр тасарна гэж мэдээрэй гэж оточ зааварлахад өнөө эр
-За гээд эргэж гарав. Хамгийн сүүлд бололтой нэгэн охин орж ирээд
-Өвөө би дигваранзанд хатгуулчихлаа яах вэ? гэв.
-Цагаан байван усанд уусгаад л түрхэхгүй юу, үгүй бол худгийн ёроолоос шавар авч хэд дахин түрх гэсэнд охин
-За аавд хэльө гээд годгосхийн гарч одов. Ахиад хүн орж ирсэнгүйд Оточ надруу
-Өршөөгөөрэй. Таныг чилээчихлээ. Энэ улсууд өглөөнөөс л хүлээсэн юм. Та юу гэж явна? гэв.
-Өө би бараг зүгээр шахуу, энд ганц гэр, тэгээд үүдэнд нь хүмүүс байхаар сониучлаад ирсэн чинь хүмүүс урдуураа оруулчихсан юм л даа. Тэгээд суутал хүмүүсийн яриа сонирхол татаад хүлээчихлээ.
-Энэ хавьд хүн амьтан айл хунар байхгүй юм. Та тэгээд энд ганцаараа суудаг юмуу? гэсэн чинь оточ;
-Энд суудаггүй юмаа. Түр барьсан гэр л дээ. Нутгийнхан судсаа бариулна гээд хүний нүднээс далд энийг барьсан юм.Та яаж олж ирэв? Машин замгүй газар шүү дээ? гэж асуув.
-Би энэ хавьд нэг чулуу байдаг гэхээр нь олж үзэх гэж яваад л ....гэсэнд оточ
-Албаны хүн үзчихвэл мухар сүжиг энээ тэрээ гээд байдаг болохоор хүмүүс нууцаар гэхүүдээ жилдээ үе үе судсаа бариулдаг юм Өнөөдөр энэ сарын наймны өдөр, хуучнаар бол манал бурханы өдөр гээд л судас барьж хэнхэглэдэг юм л даа би гэв.
-Би нэг их сүрхий дарга марга биш. Ер нь зохиолч хүн л дээ, Таныг судас барьж хүмүүст зөвөлгөө өгөхийг сонсоод бүүр гайхмаар санагдлаа. Таны хэл яриа бүүр эртний монгол сонин үгсээр дүүрэн байсан нь надад тун их том олз боллоо.
-Ямар үг тийм их олз болдог билээ? гэж оточ гайхав.
-Залгамж тасрах (үр хүүхэд, гарахгүй байх), ус хаагдах (шээс хаагдах), сарын албин (сарын юм), мах буурах (турах), мяраалах (таргалах), давхар эхнэр (жирэмсэн зхнэр), уруу суулгах (гэдэс гүйлгэх), дур булгих (дургүй болох), гээд л тун боловсон үгс юмдаа гэсэн чинь
-Юу нь боловсон байхав дээ. Эртний хуучинсагийн үг шүү дээ гэж оточ хэлэхэд нь: би
-Одоогийнхний шууд утгаар нь хэялээд байдаг бүдүүлэг үгсийг (үгийг байтугай хэрэг явдалыг) их л эелдэгээр нууцлаг хэлбэрээр хэлж байгаа нь боловсон гэх ёстой зүйл юм.
-Хэллэг бүдүүлэгжиж байгаа нь өнөөгийн хүмүүсийн сэтгэлгээний нэгэн сул тал юм гэж би зохиолчийн хувьд үздэг л дээ. Харин зарим нэр томьёоны хувьд ч танаас шинэ үг сонслоо. Жишээ нь сарьсан багваахайг "живэрт хулгана" гэж та хэлнэ лээ гэтэл
-Хуучны ном сударт тэгэж байдаг юм. Одоо ч мартчихсан хэрэг. Тэр ч байтугай "Оточ" гэдэг үг их учиртай байтал хаяад "эмч" гэдэг болсон нь хачин санагддаг. Би бол оточ гэгдэнэ үү гэхээс "эмч" биш. Оточ гэдэг бол хүнд тусч эхэлж байгаа эсвэл тусч болох өвчнийг судасны нь байдлаар оношлож гүнзгийрэхээс нь сэргийлж "отлого" хийдэг хүний нэр. Одоогийнхоор бол "Урьдчилан сэргийлэгч "юм л даа. Тэгтэл одоо "эмч" гэдэг болсон нь үнэндээ нэгэнт тусчихсан өвчнийг л эм хэрэглэж эдгээдэг болсон гэсэн үг. Өвчин бол гэнэт тусах нь ховор, Эхлээд шинж тэмдэг нь илэрч дараа нь аажмаар үгдэрч хүндрэн өвчлүүлдэг зүйл. Оточ бол урьд цагт эхний шинж тэмдэгийг судсаар нь оношлоод урьдчилан сэргийлж өгдөг л хүн байв. Манай аав ч яг л тийм байсан. Харин би нэг их олигтой сураагүй болохоор ор нь тасрахын өмнөхөний л оточ гэмээр хүн л дээ. Манай энэ хавийнхан алс зэлүүдэд нутагладаг болохоор боловсон эмнэлэгээс хол түргэн тусламж авах хэцүү болохоор надруу л гүйцгээж ирээд сурчихсан юм. Зарим нь илааршиж эдгэрдэг тохиолдол нилээн болсноос л би ингэж "бурхангүй газар бумба галзуурч" байгаа хэрэг гээд оточ гараа сунгаж
-За алив ,таны судсыг нэг бариад орхие гэв.Судсыг маань барьсны дараа тэрээр
-Эв эрүүл залуу байна, Гэхдээ нохойн хошуу чанаж уух, живэрт хулганы хатаасан мах хаяа идвээс (тэр мах халуун чанартай) нас уртсахад тустай л гэдэг юм гэснээр бидний яриа дуусвар болсон юм. Учир нь оточийг нүүлгэж авч явахаар хүү нь морин тэрэгтэй ирсэн билээ...
...Тэр цагаас хойш бараг хагас зуун өнгөрөв. Оточийн зөвөлсөнөөс нохойн хошуу жимсийг үе үө хэрэглэж байв.
-Харин живэрт хулгана буюу сарьсан багваахайн мах нас уртасгана гэдэгт эргэлздэг байлаа. Залуухан үедээ айл гэр болж Шадублин дахь Зохиолчдын Хорооны гурван модон байшингийн нэгэнд зусланд гарсан тэртээ олон жилийн өмнөх нэгэн явдал мартагддаггүй билээ. Юу гэвэл тэр үед Шадублинд зуслантай байгууллага бараг байсангүй. Зохиолчид, Банкныхны хэдхээн байшин байлаа. Сарампай шахуу байшинд зусч байх үед дээвэр, даазны нь хөндийд сарьсан багваахай үүрлээд шөнө андаа гарч хошуунаасаа дуун долгион цацруулан сүрчигнүүлж цочоодог байлаа. Тэрнээс хойш сарьсан багваахайг ч нөгөөх оточийн зөвлөлгөөг ч мартаад шинэ зуун гарч нэлээн хэдэн жил өнгөрөх үед гэнэт нөгөөх "живэрт хулгана" буюу сарьсан багваахайн тухай мэдээлэл олж үзээд гайхав. Долоо найман төрлийн өвчин эдгээхэд тустай бас нас уртасгадаг ид шидтэй мах бүхий хулгана ажээ. Бас түүний хоргол нь хүртэл чухал хэрэгтэй чанартай юм байна. Бусад хулганын хорголноос ялгаатай гурван үзүүр бүхий цагаан өнгөтэй байдаг ажээ.
Оточийн үүдэнд сууж байсан тэр хүмүусийн ярианы эзэд, оточ өөрөө ч нэгэнт хорвоог орхисон боловч мэдлэг сургамж нь үүдэнд биш хойморт байдаг монгол сударт үлдсэн ажээ.
Л.ТҮДЭВ /ДАЛ/