Тэнгэрийн мянган бурхан анхан хүмүүсийг бүтэхдээ элээ шувуугаар эргүүл харуул тавьж ямар нэг ад чөтгөрөөс харж хамгаалж бай гэжээ. Хэрэв хүмүүсийг хорлох дайсан ирвэл элээ бурханд хэлэх ёстой байлаа. Элээ ч бурханы зарлиг ёсоор хашаа хороон дээр үргэлж сууж, хүн амьтныг харж байв. Тэгтэл тэр хүмүүсийн хүүхдүүд нь элээг харваж намначих гээд амар заяа үзүүлэхгүй болохоор нь тэр бурханд очиж: Би энэ хүмүүсийг чинь харж манаж чадахгүй. Тэд чинь намайг харваж алчих гээд байна гэв. Бурхан хариуд нь:
За тэгвэл чи хүмүүст очиж ид шидийн хүчээ өг гэжээ. Элээ нисэж явсаар хонь хариулаад гэрээсээ хол төөрсөн нэг бяцхан охины дэргэд модны тайрдсан дээр ирж суугаад тэр эмэгтэйд ид шидээ өгчээ.
Охин сэрээд ийш тийшээ араад ухаан санаа нь сэргэж юм бүхэн ив илхэн юм шиг болсон байв. Тэгээд охин гэртээ эргэж ирвэл ах нь “Чи гурав хоног хонь аваад хаашаа алга болсон, чамайг ална шулна” гэж аашилжээ. Охин ингэж ахыгаа учир зүггүй аашлахад түүнд гомдов. Тэгтэл ах нь тэр дороо муурж унаад шээс нь хаагддаг өвчтэй болсон байв гэнэ. Бяцхан охин ахдаа “Би таныг эдгээнэ” гээд түүнийг цагаан эсгийн дээр тавьж гэрт оруулж, ацтай баганан дээр хэвлийгээр нь хэвтүүлээд авсан чинь тэр дорхноо эдгэрч гэнэ. Түүнээс хойш тэр бяцхан охин удган болсон юм байна. Энэ анхны удганыг “Шошоолок” гэдэг байсан юмсанжээ.