-Хөвсгөл аймгийн Их-Уул суманд зургаан настай Ө.Энхзул охин төөрсөн байна-
Зураг: Зүүн гар талаас хоёр дахь нь Ө.Энхзул охин
-НОХОЙНООСОО АЙСАН ОХИН ГЭРЭЭСЭЭ ТӨӨРЧ ОДОВ-
Зургаан настай охин хөвч тайгад гурав хоног төөрчээ. Охиныг ойд төөрч алга болох үед  Их-Уул суманд тасралтгүй бороо орж байсан гэнэ. Ууланд манан бууж арван алхмын цаадах зүйл харагдахгүй байжээ.Бороо хувингаар асгаж байгаа юм шиг л их устай. Охиныг хайж явсан хүмүүс бороонд норж, хамаг хувцас нь усан гүзээ болоод  осгох шахаж байсан гэдгийг Их-Уул сумын Тамгын газрын дарга М.Пүрэв онцолж байна лээ. Ингээд тухайн үед юу болж өнгөрсөн талаарх мэдээллийг  уншигч та бүхэнд нэхэн хүргэж байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчин Д.Өлзийбатынх Хуштын мод гэх газар өнгөрсөн наймдугаар сард намаржиж байжээ.Удам дамжсан малчин Д.Өлзийбат сумынхаа мянгат малчдын нэг.Тэднийх таван хүүхэдтэй юм байна.Харин ойд гурав хоног төөрсөн охин Ө.Энхзул дөрөв дэх хүүхэд нь аж.Өнөө жил сумынхаа дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж сурч байна. Наймдугаар сарын 22-нд гэрийн эзэн Д.Өлзийбат сумын төв рүү нэг хүүхдээ дагуулаад  мотоцикльтой явжээ. Харин хоёр том хүү нь адуугаа хурааж, айлын хашаанд хийж байгаад дэллэх гээд явжээ.Гэрийн эзэгтэй Д.Оюунгэрэл болон Ө.Энхзул гурван настай бага хүүхдийн хамт гэрээ сахиад үлджээ.Гэтэл үнээ саах цагт буюу цагаан гэгээ тасарч эхлэхэд тэнгэр муухайрч, баруун хойноос хар үүл бүрхэн бороо орж эхэлжээ.Сүүлийн хэдэн жил орж байгаагүй хүчтэй, цахилгаан тачигнан азарган бороо асгасан байна.Энэ үеэр тэрүүхэнд бэлчиж байсан хонь, ямаа хошуурч уруудсаар хөтөл давсанд ээж, охин хоёр араас нь явган гарчээ.Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдаггүй.  Харин энэ удаад цуг явахыг хүсэхэд ээж нь гараас нь хөтлөн алхжээ.
Их-Уул сумын ой хөвч араатан амьтнаар дүүрэн.Тэр тусмаа хээрийн амьтан болох чоно элбэг.Азарган борооноор хонь уруудаж, хүчтэй салхинд торох юмгүй яваа хонь, ямааныхаа араас ээж нь явж, тогтоож үлдээсэн хэсэг хонио харуулан Ө.Энхзул охиныг нохойныхоо хамт үлдээсэн байна.Цахилгаан цахих гялбаанаар хэсэг тогтсон хонь уруудаж, нохойн нүд гэрлийн гялбаанд ногоорох нь чоныг санагдуулсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт гүйсэн байна.Ингээд охин ор сураггүй алга болжээ.Азарган бороо асгасан хэвээр л байж.
-МӨӨМ БАРЬДАГ БУЛЦГАР ГАР НЬ НҮДЭНД ХАРАГДААД ЦУЦТАЛАА ГҮЙСЭН Ч ОХИНОО ОЛООГҮЙ-
Оройн 20.00 цаг болж байхад охины ээж Д.Оюунгэрэл хонио туусаар гэртээ ирсэн байна.Тэрээр гэр нь ойрхон байсан учир охиноо гэр рүүгээ орсон байх хэмээн бодож явжээ.Гэртээ ортол бага охин нь орон дээрээ унтаж, Ө.Энхзул алга байж.Охиноо гэртээ ирээгүйг мэдэж, цуваа өмсөөд, нимгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад хайхаар гарчээ.Тэрбээр охиноо хайж гурван цаг гаруй хоолойгоо сөөтөл дуудаж, морио цуцтал давхисны дараа сумын төв рүү хэл өгөх хэрэгтэйгээ мэдэж, утасны сүлжээ барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна.Саахалтын хүнд, адуугаа тууж яваа адуучинд гээд замдаа таарсан бүхэнд захиж, сураглаж явжээ.
24:05 цагийн үед сумын төвд байгаа ах дүү нартаа, Онцгой байдлын газрын албан хаагчдад хүүхэд алга болсон талаарх мэдээлэл өгч чаджээ.Д.Өлзийбатынх Их-Уул сумын төвөөс 40 гаруй километрт намаржиж байсан бөгөөд долоон аврагч мэдээлэл ирсэн даруйд сумын төвөөс охины аавыг нь машиндаа суулгаад иржээ.Өлзийбатынхтай айл, саахалт байдаг нутгийн иргэд, аврагчидтай нийлэн гурван баг болоод ойр орчмын нутгаар үүр цайтал самнасан байна.Гэвч охин усанд хаясан чулуу шиг л алга болжээ. Охин  дан цамц, тод яагаан өнгийн өмд, кеттэй байжээ.
Охины ээж Д.Оюунгэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайгаад л байж.“Миний охин хаана байна аа.Энхзул аа” гээд хоолойгоо сөөтөл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгээ мэдэхгүй зөндөө гүйж.Тэрбээр “Үгээр хэлэхийн аргагүй хэцүү юм билээ.Яах гэж орхиж явав даа гэж өөрийгөө зэмлэж бодохоос өөрийг хийж чадахгүй.Энэ модон дор орчихсон болов уу, тэнд байж байгаа юм болов уу, уйлж гүйсээр хаа нэг газар бахардаж унаад амьтан, шувууны хоол болчихоогүй байгаа даа” гээд элдвийн юм бодогдож байгаа юм.Ер нь л дэлхий хөмөрчих шиг, хамаг юмаа алдчихсан юм шиг л байсан.Ингэж явахдаа өөрөө төөрчихсөн.Дүүтэйгээ булаацалдаж мөөм барьдаг булцгар гар нь нүдэнд харагдаад дотроос юм аваад явчих шиг л болж байсан.Охиноо олох юм шүү.Олохгүй бол би буцахгүй гэж өөртөө хэлж, модны хонгил олоод орчихсон байгаасай гэж их залбирсан” хэмээн ярив.Харин Энхзулын аав морио унаад ууланд гарсан байна.Хашгираад л давхиад байсан гэнэ.Бүр сүүлдээ унаж явсан морь нь эцэж, явган явжээ.Хүн, амьтан бараг явдаггүй хөвч тайгын их өвсөн дунд гутлаа арай чамай өргөн дийлж байхад хүйтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан нь хамгийн хэцүү даваа байсан.Бүх хувцас норж, гүйх аргагүй болтол жиндээж, хүндэрч байсан ч бид дуу гарган, охин минь бидний дууг сонсоод айчих вий гэхдээ арай аядуугаар дуудсаар явсан гэж ярилаа.Эрлийн багийнхан энд тэндгүй буу тавьж, хашгирч хээрийн амьтан үргээж явжээ.
-ҮЗМЭРЧИД ОХИНЫГ "АМЬД ОЛДОХГҮЙ, ЛУС ХИЛЭГНҮҮЛЖЭЭ" ГЭЖЭЭ-
Ийн үүр цайж өглөө болжээ.Гэвч тэнгэр бүрхэг хүчтэй орж байсан бороо бага зэрэг намдсан ч зүсэрсэн хэвээрээ.Эрлийн багийнхан эхнээсээ Д.Өлзийбатынд иржээ.Бүгдийнх нь хувцас нороод, усан гүзээ болчихсон, ууланд яваад их ядарчээ.Аймгийн төвөөс Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, эрэлд явах арав гаруй хүний хамт ирсэн байна.Нутгийн иргэд, сумаас ирсэн аврагчидтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газраас хааш хаашаа 30 километрт самнасан боловч олдоогүй аж.Бут сондуул, нүх, модны хонгил, жалга, хадад, уул гээд л их өвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг л хайжээ.Энэ хугацаанд хүйтэн бороо зүсэрсэн хэвээр л байж.
Охины ар гэрийнхэн бүгд хэцүү байдалд оржээ.Тэр тусмаа ээж нь “Яах гэж охиноо хаяад явав” гээд л уйлж, ухаан санаа нь дэн дун болоод галзуурах дөхжээ.Эрлийн багийнхны зарим нь үзэж, хардаг мэргэн түргэн хүмүүст үзүүлж эхэлсэн байна. Зарим нь лам руу явж зарим нь бөө рүү явжээ. Ихэнх үзмэрч “Амьд олдохгүй юм байна. Лус хилэгнүүлжээ. Уул, усаа аргад” хэмээн хэлж байсан гэнэ. ХАРИН НУТГИЙН НЭГЭН БӨӨ ОХИНД ҮЗҮҮЛЭХЭД “ГЭРИЙН ЧИНЬ БАЙГАА ЗҮГЭЭС БАРУУНТАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ДУЛААН ГАЗАР ГАРААРАА ОРОЛДООД СУУЖ БАЙНА. ИХ СЭРГЭЛЭН ХҮҮХЭД ЮМ. АМИЙГ НЬ БӨХӨЛЧИХЛӨӨ. ТЭНГЭР ГЭГЭЭРЧ, БОРОО НАМЖИХААР ОЛДОНО” ГЭСЭН БАЙНА. Охиныг амьд хэмээн хэлсэнд сэтгэл нь жаахан уужирч, эрлийн баг дахиад л уул руу гарчээ. Гэвч ололгүй хоёр хоножээ. 
-ОХИН ОЛДОХГҮЙ НЬ, ЭРЛЭЭ ОТОГЛОЁ-
Хоёр дахь хоногоос эрлийн багийнхан эхнээсээ явж эхэлжээ. Тэд охиныг амьд олдохгүй хэмээн найдвар тасраад буцаж эхэлсэн байна. Өлзийбатынхаас километр хүрэхгүй зайд их модтой ой, уулс байдаг аж. Онцгой байдлын газрын албан хаагчид болон нутгийн иргэд охиныг “Олдохоосоо өнгөрөв бололтой” хэмээн эцэг, эхэд нь хэлэхээс зүрхшээн “Ингэсгээд эрлээ отоглох уу даа” гэсэн байна. Гэвч Ө.Энхзулын ар гэрийнхэн болоод 30 гаруй хүн эрлээ үргэлжлүүлсээр байжээ. Охин алга болоод гурав хоножээ. Өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд болох Д.Өлзийбат, Д.Оюунгэрэл хоёр гурав хоног нүдний хор гаргаагүй шахам эрлийн багийнхныг хооллож, ундлахаар гэр рүүгээ эргэж, хонь гаргуулан цайлсан байна. МӨН БӨӨ “ЭЭЖ НЬ УУЛНААС БУУХГҮЙ УЙЛААД ГҮЙГЭЭД БАЙХ ЮМ. НУЛИМС НЬ ОХИНЫГ ЧИНЬ ХААЧИХААД БАЙНА. БИТГИЙ УЙЛ. СҮҮ, ЦАГААН ИДЭЭГЭЭ ХАНГАЙ, ДЭЛХИЙДЭЭ ӨРГӨ” ГЭСНИЙГ САНАН ТЭНГЭР, ХАНГАЙДАА ЦАЦАЛ ӨРГӨЖ, ЗАЛБИРЧЭЭ. Энэ үеэс тэнгэр цэлмэж таарсан байна.Гурван өдөр тасралтгүй уйлагнасан тэнгэр энд тэндээ цоорон цэлмэж эхэлжээ. Ууланд үлдсэн эрлийн багийнхан гэр рүүгээ буцах гэж байтал Амгалан хэмээх нутгийн залуу “Та хэд хөдөлж бай, бид хоёр энүүхэн хавиар харчихаад араас чинь давхиад очье” гээд модны зах руу оржээ.
Амгаланг юм үзэж, хардаг хэмээн нутгийнхан нь алдсан мал тэргүүтэй зүйлсийн сургийг гаргадаг байсан аж. Хамт яваа хүндээ Амгалан “Ийшээ л байгаа юм шиг мэдрэгдээд байх юм. Худлаа биш байгаа даа” гэсээр явсан аж. Тэднийг охины нэрээр хашгиран дуудаж явтал нэгэн бүдүүн модны ёроолд юм хөдлөх шиг болжээ. Лавшруулан харвал охины ягаан өмд цухуйх шиг болж гэнэ. Тэгээд мориноосоо буун дөхөж очоод, “Энхзул аа, Амгалан ах нь байна.Таньж байна уу” гэтэл модны хонгилоос охин шурган гарч ирээд хүзүүдээд авчээ. Хүзүүнээс нь тас тэвэрч, нэлээдгүй уйлсны дараа Амгалан охиныг дээлэндээ ороон тэврээд гэрт нь хүргэжээ.Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл арав гаруй километрийн зайтай байжээ. Ингэж зургаахан настай, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй нялх охин хөвч тайга дунд гурав хоног байжээ.Бүр эрүүл саруул олдсон байна.Олсон даруйд сумын эмч түүнийг үзээд “Зүгээр байна.Юутай ч халаасан шар тосоор бүх биеийг нь илж өгөөрэй” гэж. Шар тосоор тослуулсан нялх амьтан ээжийнхээ өвөрт сэтгэл амар унтсан гэнэ.
-“ТЭНДЭЭ БОРОО НАМДАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙСАН ЧИНЬ УНТЧИХСАН БАЙСАН. СЭРСЭН ЧИНЬ МИНИЙ ХАЖУУД ХОЁР ГӨРӨӨС ХЭВТЭЖ БАЙСАН. ТЭР ХОЁР НАМАЙГ ХАМГААЛСАН"-
Ойд төөрч, гурав хоносон тухайгаа охин “Нэг харсан чинь ээж намайг Бүргэдтэй орхиод явчихсан байсан. Бүргэдээс би айдаг болохоор ээжийн араас гүйсэн юм.Гүйгээд л байсан.Модон дундуур гүйж байхдаа их даарсан.Тэгээд тэр модны доор орсон. Тэндээ бороо намдахыг хүлээж байсан чинь унтчихсан байсан.Сэрсэн чинь миний хажууд хоёр гөрөөс хэвтэж байсан.Тэр хоёр намайг хамгаалсан.Бороо намдахаар гэр рүүгээ явна даа гэж бодож байсан. Би ерөөсөө ч айгаагүй” гэж ээждээ ярьжээ.Мөн охин борооны тогтоол ус ууж, ойр орчмоос жимс түүн идэж байсан гэсэн. Гэхдээ гэртээ ороод хэсэг уйлж аав, ээждээ үнсүүлж байснаа “Хоол идмээр байна” гэж хэлсэн гэнэ лээ.  Удалгүй тэрбээр түүний орсон модны хонгилын хажууханд туулай гүйж явсныг ярьсан байна.Хүний хашгирах чимээ гарч, морьтой хүн өөр рүү нь дөхөхөд айхдаа том холтсоор хонгилынхоо үүдийг хаахыг оролдсоноо ч ярьжээ. Зарим хүүхдээр бол ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй шахам нялх амьтан хав харанхуй өтгөн ой дунд тасралтгүй шаагих усан борооноор, хэн ч сонсохгүй анир их тайгын дунд хэчнээн удаа орилон бахирсан бол.Ээжийгээ хэдэнтээ дуудаж, олж очсон хонгилоосоо гарахыг хүсэвч зүрхлэхгүй бөмбөгнөн суусан бол.Гэрээсээ арав гаруй километр гүйхдээ юу эсийг бодож, юм бүхнээс айгаа бол.
Тэрбээр бүтэн гурав хоног цутгасан хүйтэн бороонд огтхон ч нороогүй бөгөөд модны хонгил ийм үеэр их дулаахан болдог байна.Хэдийгээр охин ээждээ айгаагүй гэж хэлж байсан ч нүд нь хавдаж, зөндөө уйлсан байжээ. Аймаг, сумын Онцгой байдлын аврах тусгай ангийн долоон машин, нутгийн иргэд болон ах, дүү хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикль, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг эрлийн ажиллагаа өрнөсөн байдаг. Охиноо эсэн мэнд олсон аав, ээж хоёр сайхан сэтгэлт эрлийн багийнхныг долоо хоногийн дараа гэртээ урьж, нижгээд найр хийсэн байна.Ө.Энхзул охин өдгөө Их-Уул сумын арванхоёр жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байна.Тэрбээр 35 үсгээ ангийнхнаасаа түрүүлж нүдэлсэн бөгөөд хичээлдээ бусдыгаа тэргүүлдэг тухай ээж нь ярьж байв.Түүнчлэн “Хонь эргүүлэх, тугал хаших зэргийг өлхөн хийчихдэг охин маань нохойноосоо айдаг байсан юм.Хонио орхиж, намайг хайж, төөрсөн шалтгаан нь ердөө л Бүргэд байсан юм билээ” хэмээн ярив.
Х.ХҮСЛЭН
 

Бусад мэдээ

Jan 11, 2020 19

Адууны тухай .

Jan 11, 2020 16

миний шүтээн

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/