Дөрвөн Ойрадад алаан болоход Торгуудын тайш нь Хо өрлөг нь "Тэр мэтийн нэг нь нэгнээ алж, албатаа барснаас хол газар одож, харь яст улсын ойр сууж, тэдэнтэй алалдан олз авч явбаас дээр болой” хэмээн 1628 он өөрийн албат Торгууд ба Хошууд, Дөрвөд таван түмэн өрхөө авч, зургаан хүүгээ дагуулан наран шингэх зүгт морджээ. Одоогийн Халимагууд байгаа газар буюу Ижил мөрөн л дөө.


Түүнээс 100 жилийн дараа буюу 1758 оны Амарсанаагийн бослогошуу юм дарагдаж Манжийн цэрэг Ойрадыг хүйс тэмтэрч, үнсээр хийсгэхэд Зүүнгараас амь зулбан гарсан Шэйрэн тайш түмэн өрхийг Ижил мөрөнд дагуулан Увш хаантай уулзаж. “Зүүнгарт эрэгтэй хүүхэд үлдсэн бол эхийн хэвлийд л үлдэв...” гэж уйлсаар ирж урьжээ.
Халимагууд хэлэлцэж, Зүүнгарт мэнд хүрвээс нэг шашин, нэг хэлт эртний ах дүү Халх ба хойд хоёр төрлийн жаргалын орон болсон Түвд тэнд буй учир сүйрсэн зүүнгарын голомт дээр бууя гэж шийджээ.
Тэр жил 1771 оны 1 сард Ижил мөрөн хөлдсөнгүйд мөрний баруун этгээдэд байсан Халимгууд нүүж чадалгүй үлдсэн гэдэг. Гэхдээ Торгуудын зонхилогч үүргийг эсэргүүцэж байсан, одоо манай увсад буй Дөрвөдүүд улсын дотор толгой мэдэн суухын тулд үлдсэн ч гэдэг.
Ийнхүү Ижилийн монголчуудын гуравны хоёр нь болсон 170 мянган хүн эх нутагтаа буцах их нүүдлийн замд гарчээ. Энэ бол монгол ахан дүүс хүний нутагт хавчигдан сууснаас мөхөж сүйрсэн Зүүнгарын орыг залгамжлан, төр улсаа сэргээн мандуулах их хүслээ тээж одоогийн Шинжаан руу буцахаар зориглон боссон түүх. Халимагууд оросуудыг гэнэдүүлэн замдаа гарчээ. Хөгшин хөвөө, хүүхэд нялхас, мал сүрэг, гэр хогшлоо тээсэн 170 мянган монгол хүнийг зургаан мянган бээрийн урт, хүнд хүчир аймаар зам хүлээж байлаа. Оросууд цэрэг гарган хойноос нь хөөсөн ч гүйцсэнгүй хоцорч. Хорссондоо Хасаг, Хиргис ноёдод алж талж сүйтгэ, олз омгоо өөрсдөө ав гэж хэлүүлжээ. Халимагууд харь цэргийн өмнө сөхрөөгүй ч байгалийн өршөөлгүй авир ааш, цас зуд, тэсгим хүйтэн, догшин шуурганд өртөж хүчин доройтжээ. Өвчин, өлсгөлөнд өртсөн өтгөс настан, хүүхэд нялхас цасан шуурган дунд амьсгал хурааж байлаа. Өлдөж ядарсан торгуудуудыг довтолсон Хасагийн Авлай хааны цэрэг эхний удаад дийлсэнгүй, аль аль тал цус ихээр асгаруулжээ. Дараа нь Зүүн Хасагийн нутагт Ирлай султан бас отож байлаа. Нүүж яваа цувааны замыг тосон халуун цай, идээгээр дайлдаг нүүдэлчний сайхан уламлжлалыг исламжсан хасгууд алж талах мэх болгосон доо. Аян замд зүдэрсэн халимаг нүүдэлчдийг хэд хоног амарч тэнхэрч болно гэж Ирлай боовдож цаг хожиж, зүүн талаасаа Авлайгаас цэрэг нэмж татан, хүчээ зузаалаад, хэсэг амарч байсан монголчуудыг гэнэдүүлэн довтлов. Хасагийн довтолгооны дараа дараа бурууд хэмээх киргизүүд бас отож байлаа. Ойрадуудад хоёр зуун жил захирагдаж явсан Хасаг, Хиргисүүд өс санаж байсан юм. Хиргисийн дайралтыг давсны дараа, тэсгим хүйтний араас элсэн цөл, аагим халуун угтаж байлаа. Балхаш нуур хүртэлх элсэн цөл хагас мянган км урт. Ийнхүү анх замд гарсан хүмүүсээс 100 мянган хүн нүүдлийн замд үрэгдэж, 60-70 хүрэхгүй мянган хүн Зүүнгарын нутагт ирсэн ажгуу. Малынхаа гүрээний цусыг ханаж уун амь зогоож, туранхай цөөн тэмээтэй үлдсэн монголчуудыг басахын аргаггүй Манжийн 30 мянган цэрэг бас отон хүлээж байсан юм. Торгууд ноёд хуралдан Манжид дагаж орохоор шийдсэнээ мэдэгдэхэд Тэнгэр тэтгэгч хаан “аймшигт бэрх замыг туулж ирсэн” хэмээн тэдэнд 1125000 мал, 20000 цай, 20000 таар тутрага, 51000 толгой бөс даавуу, 15000 фут хөвөн, 400 эсгий гэр, 400 лан мөнгө олгосон байдаг. Манж хаан торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөсөн.
Тэдний үр сад нь өнөөгийн Хятадын Шинжааны торгуудууд. Ховд аймгийн Булган сумын торгууд, хошууд нар ч дурьдан буй их нүүдлээр ирэгсдийн удам ажгуу!
Цорос, Хошууд Дөрвөдүүдийг бодвол Торгуудууд ахан дүүс халхтай алалцаагүй "Их цааз"-ыг мөрдлөгө болгон цаашаа дайтсан бахархам түүхтэй!
“Илийн голын усыг амттай гэж бодов уу, Ижил мөрний усыг гашуун гэж голов уу.Алтай талаа харахаар Атан тэмээ минь газарч аа”... Хүн төрөлхтний хамгийн сүүлчийн их нүүдлийн замд төрсөн ардын дуу одоо ч торгууд түмний зүрх сэтгэлийн угаас ундран уянгалсаар л байдаг бизээ!

 

Бусад мэдээ

Feb 05, 2021 93

МОНГОЛ БАНХАР

Feb 05, 2021 67

АРГАЛЫН УТАА1

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/