Уншиж байна...
 
Манжийн хаан Нурхач 1621 онд Мин улсын Шэньяан зэрэг хэдэн хотыг эзлэн, Ляодунд бэхжсэнийхээ дараа Монгол аймгуудын талаар явуулах бодлогодоо өөрчлөлт оруулав. Нурхач Мин улсын хязгаарыг эзлэн газар нутгаа өргөтгөхөд гол анхаарлаа хандуулж, Монгол аймгуудын элдэв хатгалгад тэвчээртэй хандаж, тэднийг биедээ эзэр татах бодлого  явуулж байснаа 1623 оноос айлган сүрдүүлж, цэргийн хүчээр дагуулах бодлогод аажмаар шилжжээ.
 Лигдэн хутагт хаан харъяат улсаа тайван төрөөр нэгтгэн төвшитгэх бодлого бүтэмжгүй болж ирмэгц, дайчин төрөөр хураан захирамжлах хатуу бодлогод шилжсэн байна. Лигдэн хаан Манж нартай биеэ даан харилцахыг хориглосон цаазыг зөрчин холбоо тогтоосон, түүнтэй эе таарахгүй болсны улмаас түүний захиргааг эсэргүүцэн, бусдыг түшихээр гарч одсон мянганы Дайчин тайж нарыг өмгөөлөлдөө авч, Өвөр Халхын цэрэгтэй тулалдсан Хорчин аймагт цэрэг хөдөлгөжээ.
 Лигдэн хутагт хаан Манжийн их цэрэг айсуйг сонсоод бүслэлтээ зогсоон цэргээ татаж, яаравчлан гэдрэн буцсан байна.
 Манж нар Лигдэнгийн цэргийг ухруулсны дараа 1626 онд Монгол нутагт цөмрөн Жарууд, Баарин аймгийг довтлон эзэлж, хүн мал олныг олзолжээ.
 Манжийн цэргийн довтолгоон амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө өсч, монголчууд дараа дараагаар дагаар орох нь нэмэгджээ. Өвөр Халхын таван отог, Хорчин аймгаас гадна 1627 онд Найман, Аохан аймаг, 1628 онд Харчин аймаг манжид дагав.
 1626 онд Манжийн хаан Нурхач нас нөгчсөний дараа түүний суурийг залгамжилсан Абахай монгол аймгуудыг байлдан дагуулах талаар эрчимтэй бодлого явуулав. Тэрбээр 1626 оны 2 дугаар сард Харчин аймагтай харилцахаар зарчан элчийг хорлосон гэдгээр шалтаглан Цахарын Долоон аймгийн нутаг руу довтолж түм илүү хүн малыг олзлов. Үүнд хорссон Лигдэн хутагт хаан цэрэг дайчлан Харчины нутагт цөмрөн ихээхэн хүн мал олзлон авчээ. Хариуд нь Харчин, Түмэд, Ордос, Асуд, Юншээбү аймгийн ноёд, тайж нарын цэргийн хамтарсан хүчин Хөх хотын орчин сууж байсан Цахарын 40 000 цэрэг, Мин улсаас хязгаар хамгаалсны шагнал авахаар явсан Лигдэнгийн 3 000 цэргийг бут цохижэ.
 1631 онд Манжийн хаан Абахай дагаар орсон Өвөр Монголын Түшээт хан Ууба, Сүн Дүүрэн, Далай Цөхүр, Сэнгэ хошууч эхлэн Монголын их, бага ноёдтой хамтран Цахарын Лигдэн хутагт хаан болон Хятадын Мин улстай цэрэглэн байлдахад дагаж мөрдөх цаазыг хэлэлцүүлэн батлуулсан.
 Манжийн хаан Абахай энэ удаа Лигдэнг бүрмөсөн цохин устгахаар шийдвэрлэж, 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж, Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж, Хянганы давааг давжээ. Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн Манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож, Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийн, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөх нуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаан гарсан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман  хувь нь гээгдэн хоцорсон. Абахай Хөх хотод ирээд Лигдэн Хатан голыг гатлан нэгэнт гүйцэгдэхгүй хол газар хүрснийг олж мэдээд нэхэхээ зогсоож, буцах зам зуураа Лигдэн хутагт хааны харъяат үлдэж хоцорсон хүн малыг цуглуулж, Цахарын нутгийг бүрэн эзэлжээ.
 Лигдэн хутагт хаан Хөх нуурыг чиглэн явах зам зуурт Түмэд, Ордос аймгийг довтлон цохиж, Ордост байсан Чингисийн онгоны өмнө өөрийгөө Монголын их хаан хэмээн тунхаглаж, Чингисийн онгоныг хөдөлгөн авч явахыг оролдсон ажээ. Лигдэний энэ үйлдэл өөрийнх нь захиргааг эсэргүүцэж байсан Түмэд, Ордосыг гэсгээх, Хөх нуурыг эзлэн тэнд улсаа төвлөрүүлэх, Чингисийн онгоныг авч явснаар нийт монголчуудыг биедээ татах гэсэн хэрэг байжээ. Лигдэн хутагт хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж, урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэн босохыг эрмэлзэж байсанд оршино.
 Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж, 43, настайдаа тэнгэрт хальжээ.
 Лигдэн хутагт хаан нас нөхцсөнөөр Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгүй болж, тус тусын аймгуудаа дагуулан Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Умард Алтан улсын хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ.
Лигдэн хутагт хаан бол Чингисийн ургийн сүүлчийн их хаан,  XVII зууны эхэн үеийн Монголын түүхэнд гарсан төр, цэргийн нэр зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнолыг хамгаалан Манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэн хүн юм.
 Шинэ тулгар байгуулагдсан Умард Алтан улсын идэрмэг, зохион байгуулалт сайтай төр, цэргийн хүчний эсрэг Лигдэн тархай бутархай монгол аймгуудын хүчийг нэгтгэн сөрөн тэмцэх нь хүнд, бэрхшээлтэй зорилт байсан нь тодорхой. Хэдий тийм боловч Лигдэн хутагт хаан манж нарын хүчийг дутуу үнэлэн, цаг тухайд нь улс орныг батлан сэргийлэх ажлыг дорвитой зохион байгуулаагүй, Манжийн түрэмгийллийг Мин улстай хамтын хүчнээр сөрөн тэмцэхийн оронд Мин улсаас олох эдийн ашгийг урьтал болгосон, монголчууд бараг нийтээрээ шарын шашны шүтлэгтэн болоод байсан үед улааны шашныг илэрхий баримтлах болсноор шашин, төрийн зүтгэлтнүүд, ард олныг өөрийн эсрэг талд түлхсэн, аливаа асуудалд хатуурхан хүч хэрэглэж, дотоодын олон дайныг өдөөн, хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэж, монголчуудын хүчийг буруулсан зэрэг эндэгдэл гаргасан нь манж нар Өвөр Монголыг эзлэхэд дөхөм болжээ.
 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1473

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1417

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/