Уншиж байна...
 “Хүн ахтай дээл захтай” гэдэг зүйр үгийг Монголын нууц товчоонд Чингис хааны дээд удмын Бодончар өгүүлсэнээс үзвэл ах зах хүнээ эрхэмлэн хүндэтгэх ёс маш эртний уламжлалтай ажээ.
Эрт урд цагт муу мянганчууд өвгөд хөгшдөө үр хүүхэд нь хонины уураг сүүлээр хахааж алдаг хачин зуршил дэлгэрснээс юмны учир мэдэх настай хүнгүй болж эмгэнэлт гай гамшиг гарсан тухай домог байдаг. Үүний улмаас энэ овог аймгийн угсаатан “Муу мянган” гэх нэр авсан байж болох юм.
Ямар ч атугай энэ домогт юм мэдэх хашир туршлагатай өтгөс өвгөдийн мэдлэг, амьдралын их туршлагын их ач тус зөвхөн хувь хүн ураг төрлийн дотор төдийгүй улс гүрний мөхлийг аврах ачтай юм шүү гэдэг гүнзгий санааг өгүүлжээ.
Эзэн Чингэс хаан хүний насан хутгийг мөнхрүүлж болох эсэх талаар нангиадын мэргэн түшмэлээс асуухад “хүнийг мөнхрүүлж чадахгүй ч урт наслуулах арга буй” хэмээн өгүүлдэг.
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс өтгөс өвгөдөө урт удаан  наслуулж амьдралын агуу их туршлага, хуримтлуулсан их мэдлэгийг нь хойч үедээ өвлүүлсээр иржээ. Энэ бол хүн төрөлхтний олон мянган жилийн турш хуримтлуулсан амьдралын их жам ёсны нарийн нандин ёсны нэг юм. Бидний монголчуудын хувьд  50 гаруй наслах үеэс идэр залуугийн эрч хүч нь буурч өтөл нас руу өнгийх шинж тэмдэг илэрч эхэлдэг бололтой. Чухам энэ л үеэс идээ ундаа, явдал мөрийнхөө дэгийг айхтар бодож уруу өнхрөх чулуу мэт өтөл насны буурах эрчийг сааруулах элдэв аргыг эзэмших хэрэгтэй. Ингэж чадвал ажлын эрч хүч, өнгө чалх 15-20 жил онц ихээр алдагдахгүй хэвээр хадгалагдах бололцоо бий.
Биеэ тордож, ажил амьдралынхаа өөртөө тохирсон дэгийг зөв тогтоон чандлан сахих хэрэгтэй. Гэхдээ тавь хүрээд л биеэ чагнаад бай гэсэн үг огт биш.                                     Монгол ардын зүйр үгэнд: “Тавь хүрээд тавьж уу                                                                                                          Жар хүрээд жаргаж уу” хэмээн энэ насны хүний архи сархадыг тааруулан хэрэглэж болохыг таалсан байх нь хүний нас, бие махбодын хувиралттай уялдуулан хэлсэн үг мэт санагдана. Учир нь архи гэдэг идээ бол  халуун чанартай тул тавь жаран насны үеэс хүний ходоодны гал илч буурч ялангуяа өвлийн цагт нас ахисан хүнд хүйтнээр хөлөлсөн өвчин эмгэг нүүрлэх тохиолдол элбэг байх үүднээс энэ насны хүмүүст бүлээцүүлэх, шимжүүлэх зорилгоор архи сархадыг дангаар буюу эм тангийн даруулга болгон хэрэглүүлдэг ажээ. Өтөл насны хүмүүс тухайлбал жараас дээш насныхан дур хүслээр бус хэмжээгээр хооллох хэрэгтэй.
Монголчууд зун цагт хааяа үхрийн борцтой хоол идэхээс бус бүхэл мах бараг идэхгүй өрөм, хурууд, айраг, тараг, хоормог тэргүүтэн цагаан идээгээр голчлон хооллож байсан нь ходоод гэдсээ өнгөршүүлэх гэж хэлдэг авч цаанаа цаг улирлынхаа нөхцөл байдалд нийцүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй маш оновчтой нарийн дэглэм байжээ. Зуны гурван сард зүрх, гэдсэнд өвчин буух нүүртэй байдаг тул халууны улиралд тохирсон хөнгөн, шим тэжээл сайтай цагаан идээгээр хооллох нь зүрхэнд халуу шургах, гэдэсний элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж байсан хэрэг юм.
Ахимаг насныханд анхаарах зүйл гэвээс зүрх судасны өвчин, хуян шар усны хурмалаас болж хөл гарын үе гишүү сулрах, өвдөх, даралт ихсэх, эрэгтэй хүний манжин булчирхай өрөвсөх (томрох) зэрэг нас дагасан өвчин хууч ихсэх хандлагатай байдаг байна. Үүнд тус нэмэртэй ойр зуурын арга гэвээс нутаг орныхоо сайн чанарын амны хужирыг шороо чулуугүй цэвэр ариун авч нунтаглаж шигшээд, ширмэн тогоонд хуурч цайндаа бага багаар орхиж ууваас даралтанд тус болохын дээр цус харвалт хэмээх аюулт өвчнөөс сэргийлэхэд ч тус болно. Даралттай хүн задьтай цай тогтмол ууж байхад бас тустай гэдэг. Хөл гарын шар усны өвчинд найман настай эрэгтэй хүүхдийн өлөн шээсээр шавших, зэс бугуйвч зүүх, тохирсон иллэг, хөдөлгөөн хийх тус болно.
Манжин булчирхай томрохоос сэргийлэхийн тулд морь, дугуй унах, өглөө нойрноос сэрмэгц төмсөг хярзангаа доороос нь дээш нь насны тоогоор иллэг хийдэг уламжлалт арга буй. Сүүлийн үед манжин булчирхайн томролт залуужих, мөн шамбарам буюу цагаан мах гарах өвчин ихсэх хандлагатай болж байгаа нь морь мал унах, завилж суух, хатуу ор дэвсгэр хэрэглэхээ багасгасантай холбоотой байж болох юм.                                                                                                                                                                                           Монгол ардын зүйр үгэнд: “Дэрийн өндрөөс хуян                                                                                                                  Дэвсгэрийн зөөлнөөс бам” гэсэн оновчтой сургаал байдгийг ч санахад илүүдэхгүй биз ээ. Юу ч атугай та өдөрт гурваас дөрвөн цаг завилж суугаад ажил үйлээ амжуулахыг хичээгээрэй. Ингэж сууж сурвал таны алжаал ядрал багасаж, тархи толгой сэргэлэн, бие чийрэгжих болно.
Идээ ундаа, явдал мөрийн зохицуулалт
Эрүүл чийрэг байх нь эм тан гэхээсээ юу юуны тэргүүн хоол унд, ажил хөдөлмөр, амралтаа зохицуулах явдал юм.
Ахимаг насны хүн аль болохоор чанарлаг шим тэжээл сайтай хоолыг бага багаар өдөрт 3 удаа идвээс зохистой. Шар тос хий дарж, арвайн гурил гэдсэнд илч үүсгэн хоол шингээлтийг сайжруулж биенд сайн шим тэжээл болно. Мөн өглөөдөө сүүтэй цайнд бага зэрэг цагаан тан хийж ууваас ханиад томуу хүрэх нь бага, хүрэвч хөнгөн тусна. Үүнээс гадна хий дарах үйлчилгээтэй тул цус харвалтаас сэргийлэх сайн талтай юм.
Манай монголчууд махан хоолыг өргөн хэрэглэх тул түүний мөн чанарыг сайн мэдэж цаг улиралд биеийн байдалд зохицуулан хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал халуун шартай хүн адуу, хонины махыг дур хүслийнхээ дагуу хэрэглэх юм бол уг өвчний чухам морийг нь унуулна. Имгэхээр ямаа, тэмээний мах сэрүүн чанартай, үхрийн мах тэгш чанартай, хонь адууны мах халуун чанартай гэдгийг бодолцож аль нь зохимжтой болохыг тааруулж хэрэглэвээс таны биед нийцтэй байх болно.
Ахмад настангууд насан турш олж авсан мэдлэг, ажлын арвин туршлагаа үр хүүхэд, садан төрөл, шавь нартаа өвлүүлдэг сайхан уламжлалтай. Тухайлбал үйл үртэс хийх, чөдөр ногт зангидах, хонь малын мах эвдэж янзлах, арьс, сур элдэх, гэр өргөө зохируулах тэргүүтэнд настангууд биеэр үлгэрлэн үзүүлж, зааж зурж ирсний хүчээр энэ уламжлал манайд тасраагүй.
Залуу хүмүүс ахмад настангуудаасаа юм сурахын тулд тэдний хийж чадахгүй ажил төрөлд нь гар хурууны үзүүрт зарагдан явж, нарийн нандин бүхнийг нь өвгөдөөсөө өвлөн авдаг сайхан заншилтай байлаа. Жишээ нь: эмнэг хангалыг нь сургах, хашаа хороо, худаг ус гаргах, аян жин тээх, мал муулах, идэш ууш гаргах тэргүүтэн хүнд хүчир ажилд залуу хүмүүс голлон ажиллаж харилцан бие биендээ тусалж хэн хэнийхээ хэргийг бүтээж байлаа. Малчин хүний хувьд хуучин цагт тэтгэвэрт сууна гэсэн ойлголт огт үгүй. Настангууд олон мянган жилийн уламжлалтай бичигдээгүй хууль ёсоор хот айлын жинхэнэ “зөвлөх” болж өөрийн нас намбанд тохирсон ажил хийж биеэр үлгэрлэнэ. Өөрийн чадал тэнхээ, нас биендээ тохирсон бага боловч ажил хийж байх нь настангуудын долоон тамирыг нь доройтохоос хамгаалж байжээ.
Биеийг шимжүүлэх эм, домын засал
Хүний биеийн хүч чадлыг сэлбэж биеийг шимжүүлэх эм, тангийн зүйлийг монголын уламжлалт анагаах ухааны судар номд тусгай бүлэг болгон заасан байдаг. Гэвч олдох, олдохгүй олон эмийн жор тоочих нь “савхдах бүлээн юм үгүй, сайхан хоолны нэр тоочсонтой” адил буй заа. Үүний тул гарын дор амар дөхөм олдох зүйлээр биеийн чалх тамирыг хэрхэн засах талаар зөвлөхийг оролдъё.
Эмийн номын үндсэнд “саримсаг бол шим авахуулахад хамгийн дээд ” гэж дурьдсан буй. Саримсагийг хальсалж сайн архинд хэд хоног дэвтээгээд шүүсийг нь буцалсан сүүнд 3-5 дуслаар хийж эмийн журмаар уух сайн. Эсвэл саримсагийг хайлсан тостой найруулж арвайн гурилтай багсарч гурван долоо хоног идүүлбэл хийг дарж биеийг шимжүүлдэг байна.
Ходоодны гал суларч, биеийн чалх буурсан ахимаг насны хүнд улаан чинжүү 50 граммыг гурван хоолны халбага зөгийн бал, хуурай сүү мөн гурван халбага хийж багсарч зуурмаг болгоод мөхлөг эмийн маягаар өглөө эрт бага багаар хүлхэж идэхэд биеийн илчийг сэлбэж, царай зүс өнгө оруулж чалх тамир сайжруулна.
Мөн цэвэршүүлсэн барагшинг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэхэд элэгний үйл ажиллагаанд тустай төдийгүй бие махбодыг чийрэгжүүлж, нас уртасгах увидастай хэмээдэг. Эмийн сударт шорооны тунгалаг барагшингаар үл эмчлэгдэх өвчин байхгүй төдийгүй нас уртасгахын дээд нь юм гэсэн буй. Харин барагшин хэрэглэсэн хүн хятад буурцаг, тагтааны мах нэг насаар үл хэрэглэх ёстой гэнэ.
Ахимаг насны хүний яс мах бэртэх гэмтэх нь хялбар байх тул махны тэжээл шорооны тунгалаг барагшин, ясны тэжээл чулууны тунгалаг жонш, хүчний тэжээл модны тунгалаг бурам, шимийн тэжээл сарлагийн цагаан тос тэргүүтнийг зүй зохистой хэрэглүүлэх хэрэгтэй.
Мөн өтгөсийг тэнхрүүлэхэд хааяа бүхэл хонины ясны шөл арц, даль, балгана, зээргэнэ, агь тэргүүтэн таван рашааны хандтай халуун усанд оруулахад бас арьс шимжүүлж, нойр хоолондоо сайжрах сайн талтай. Ер нь тэгээд өвгөн хүнд өргөмж хэрэгтэй. Залуу хүнд сургамж хэрэгтэй гэсэн сургаалийг санаж та өтгөсөө сайн өргөж чадвал хариу тус нь таньд төдхөн эргэж ирнэ гэдэгт битгий эргэлзээрэй.
Эх сурвалж : duuren.mn
 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1583

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1530

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 479

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 756

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/