Шагай шүүрэх тоглоомоор олон хүн олон шагаагаар тоглох нь өрсөлдөөнтэй болгож өгдөг. Олон хүн талцаж тоглож болдог. Зузаан дэвжээ(олбог) засч тойрон суугаад шагаагаа дэвжээн дээрээ тарааж байрлуулна. Хэн эхэлж тоглохоо тогтоод нар зөв тойрон тоглодог. Тоглогч сумдаа багтах (хөө хуяг)- аа өөд нь шидээд тараасан шагааныхаа өөрийн урд байгаа зах хэсгээс атгандаа багтах хэсгийг хаман авч дээш шидсэн сумаа атгасан шагаан дээрээ тогтоож авна. Шагаа хамж атгахдаа бусад шагаанд хүрч, хөндөж болохгүй.
Хэрэв ойр орчмын шагаанд гар хүрч хөдөлгөх, атгасан шагаанаасаа унагавал алдаа гэж үзээд хүчингүйд тооцож дараагийн хүн шүүрнэ.
Дээрх алдааг гаргалгүй авсан хүн шагаагаа өөрөө авна. Ингэж наадсаар дэвжээн дээрх шагаа дуусахад хамгийн цөөхөн шагаатай хүний шагааны тоотой адил шагаа нийлүүлэн дэвжээнд цацаж тараагаад түрүүчийн тоглолтын хамгийн сүүлчийн шагааг авсан хүн эхэлж шүүрнэ.
Шагаа шүүрэхэд хамгийн сүүлд гар багтахуйц цөөн шагаа үлдвэл түүнийг хажуугийн хүн алгандаа шигшин багцалж өгдөг. Энэ багцыг шүүрэхэд нэг шагаа үлдэхийг зөвшөөрдөг бөгөөд үүнийг сүүл гэж нэрлэдэг. Хэрэв тоглогч ээлжиндээ энэ миний алганд багтахгүй гэж үзвэл багцаас ганц шагаа аваад дараагийн хүн шүүрдэг. Зарим тохиолдолд цөөхөн 2-5 хүртэл шагаа үлдвэл түүнийг энд тэнд байрлуулж сум буцаж буух хооронд тоншиж (түүж) авдаг. Энэ нь маш хурдан шалмаг хөдөлгөөн, хурц хараа, баримжаа шаарддаг юм.
Ийнхүү наадаж тоглолтын явцад нийлэх шагаагүй болсон нь хасагдсаар, бүх шагааг өөртөө авч чадсан нь хождог. Шүүргийн шагаа нь маш жижиг шагаануудыг түүж тусад нь бэлтгэсэн байдаг.