Гэр нь яс мод болон бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ.
Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна.
Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ. Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана.
Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Угсралтын үед ханын толгойг буруу (доош) харуулж, гэрийн тооныг буруу харуулан барих гэх мэт явдал гадаадын хүмүүст болон Монгол хүмүүст ч тохиолдоно.
Гэрийн мод
1. Хана
2. Хаалга
3. Тооно
4. Багана
5. Унь
6. Шал
Гэрийн бүрээс
1. Цаваг
2. Дээвэр
3. Туурга
4. Гэрийн гадуур цагаан бүрээс
5. Өрх
Тэрэм (хана)
Гэрийн том жижиг, дугуй хэлбэртэй байхыг гэрийн хана гүйцэтгэнэ. Гэрийн хэмжээ янз бүр байна. Монгол гэр ханын тоо (4, 5, 6, 8, 10) ширхгээс хамаарч нэрлэгдэнэ. Жишээ нь, таван ханатай гэр, найман ханатай гэр, их таван ханатай гэр, бага таван ханат гэр гэх мэт. Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна. Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хана гэнэ. Гэрийн ханатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш хананаасаа арай богино байна. Ханын толгойд нь унь өлгөх, дээвэр туурга зэргийн уулзвар тохой болдог учир сайхан үзүүрлэсэн байдаг.
Хаалга
Эртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед модон хаалга хэрэглэх болжээ. Гэрийн модон хаалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгын онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэр болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно. Хаалганы хийцийн хувьд дан ба давхар ястай хийнэ. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу сийлбэрдэж үзүүлдэг.
Монгол гэрийн хэмжээ
Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд малчин ардын дунд одоо хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь 5, 6 ханат гэр болно. Тэгэхдээ нэг хэмжээний гэр дотроо гурван янз байдаг ба бага, дунд, их таван ханат гэх мэт байх бөгөөд бага таван ханат нь ихээсээ арваад униар цөөн байдаг. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.
Монгол гэрийн доторх горим ёс
Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.
Монгол гэрийг барих, буулгах
Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай. Тухайлбал, шал тавих, хаалга босгох, хана дугуйлах, дотуур бүслүүр татах, тооно, багана босгох, унь өлгөх, дотуур бүрээс тавих, туурга нөмөргөх, цаваг тавих, дээвэр тавих, гадуур бүрээс нөмөргөх, бүслүүр татах, өрх тавих, хатавч татах, оосор бүч бэхлэх зэрэг дараалалтай.