Уншиж байна...

Нүүдэлчин гэх ухагдахуун
Дэлхий нийтэд нүүдлийн соёл иргэншил хэмээх ухагдахууныг гадны судлаачид анхнаасаа буруу ойлгож, тайлбарлаж ирсэнээр манай түүхийн хамгийн том тулгамдсан асуудлын эхлэлийг тавьжээ.


Угтаа бидний нүүдлийн соёл иргэншил хэмээгч нь дөрвөн улиралаа даган өвс ургамалын гарц, уул усны байршилын онцлогоос шалтгаалан өвөлжөө, хамаржаа, намаржаа, зуслангаа тойрон нүүдэллэж, аж төрөх амьдралын нэгэн хэв маяг билээ. Энэхүү мал ахуйтан ард түмний амьдралын гол учир шалтгааныг дутуу ойлгосноор тэдгээр ард түмнүүд хаа дуртай газраа хэрэн тэнүүчилж, харсан зүгтэй ямар нэгэн зорьлогогүйгээр эсхүл дээрэм тонуулын мөрөөр нүүдэллэн амьдарч байдаг гэсэн ташаа ойлголтоос үүджээ.
Гагцхүү өөрсдийн амьдарч байсан уугуул нутгаа орхин хэдэн зуун жилээр, алс холыг зорин нүүдэллэх ГАНЦ Л ШАЛТГААН байсан нь тухайн ард түмнүүдийн овог аймаг хоорондын зөрчил, газар нутаг бэлчээр усаа булаацалдан тэмцэлцэх буюу үндсэндээ дайн байлдаанаас үүдэн гардаг байжээ. Ийн нүүсэн бүлэг нүүдэлчид харин хэсэг хугацаанд ямар нэгэн зорилгогүй, дээрэм тонуулаар аж төрж болох бөгөөд бусдын нүдэнд харагдсан зөвхөн энэ нэг талын өнцөгөөр мал ахуйтан ард түмний түүхийг төсөөлж, бичиж ирсэн байх талтай юм.
Одоогийн манай Монгол улсын нутаг дэвсгэрт оршин байсан аливаа нэгэн төрт улс нуран унаж, дараагийн нэгэн төрт улс залган гарч ирэхэд өмнөх улсын ард иргэд тэр чигтэй нүүдэллэн алга болох эсхүл бүрэн шахагдаж, оргүй хоосон газар нутагт тэр эзэлсэн улсын ард түмнүүд оршин суудаг мэтээр нүүдэлчид гэдэг ухагдахууныг нааж бидний түүхийг санаатай юмуу санаандгүйгээр тайлбарлаж ирсэн байна. Бид ч энэ мэтээр төсөөлж иржээ.
Чухамдаа Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэр болоод эдгээр их уулсыг тойрон мал ахуйгаа даган аж төрөх нэг хэл соёлтой, олон овог аймагт хуваагдсан (соёлын хувьд хол зөрөөгүй, хэл ижил ч аялга ондоо) ард түмнүүдийн ээлжлэн төрөө байгуулж, бусдыгаа эрхшээн ДАГУУЛЖ байгаа үйл явц нь хэдэн мянган жилийн турш явагдасаар ирсэн байна.
Түүхэнд бичигдэж, цаасанд буусан нь Хүн гүрний үеэс эхэлжихүй. Энэхүү одоогийн Монголын тэгш өндөрлөгт болж байсан зөрчил тэмцэл нийт хүн төрөлхтөнийг хөдөлгөөнд оруулж байсан нь Хүн гүрэн болоод дараагийн төрт улсуудын мандал бадрал, мөхөл сүйрлүүдээс тод харагдана. Хүн гүрнээс өмнө энэ үйл явц хэдэн удаа, яаж өрнөж байсан нь гагц бичигдэж үлдээгүйн улмаас бид одоо мэдэхгүй болжээ. Таамаглавал Шумерийн үе (эртний перс?), Скифийн (индо-европ?) үетэй ч холбоотой байж болох юм. Эдгээр одоо ч бүрэн судлагдаагүй, гарал үүсэл нь тодорхой биш, маргаантай нүүдэлчин овог аймгууд мөн л баруун тийш шахагдсанаас (хэсэг бүлэг нь) их нүүдлийг үүсгэн (энэ үйл явц хэдхэн жилийн бус хэдэн зуун жил дамнана), хүн төрөлхтөний нэгэн гайхамшигтай түүхийг бичилцэж ирсэн. Чухам хаанаас гарч ирээд тийн болсон нь тодорхойгүй ч нөгөөх л ГАНЦ учир шалтгааны улмаас үүдсэн байж болно. Шалтгаангүйгээр эх нутаг, газар усаа орхин нүүхгүй билээ.
Хүн гүрэн мөхөж задран унахад эрх мэдэл бүхий ноёд язгууртнууд нь өөрсдийн захиргааны хэдэн мянгаас хэдэн түмэн өрх айлаа дагуулан эх нутгаа орхин явсанаас биш тухайн Хүн гүрний бүх ард түмнийг дагуулан явна гэсэн ойлголт байж боломгүй асуудал. Үндсэн ард түмэн бол байдаг газраа үлдээд дараагийн шинэ төрөө дагаад тэдний улсын туган доор аж төрөн, тэдний хойчис нь мөн л дараагийн шинэ төрөө дагах мэтээр үргэлжилнэ. Энэ нь овог, аймгууд өөрсдийн төрөө ээлжлэн байгуулж, төр улсын нэрийг өөрсдийн овог, аймгийн нэрээр нэрлэж буй явц бөгөөд үндсэн ард түмнүүд байдгаараа л байна.
Өөрсдөө мэдэлгүй түүхийн хулгай хийх болсон үндэслэл
Манай түүхийн үүсээд буй гол асуудал Түрэгийн эзэнт гүрний үеэс эхэлнэ. Түрэгийг дээдсээ болгосон Турк, Казакууд манай түүхийг булааж биднийг энэ газар усны уугуул бус суугуул болгох хүртэл хэмжээнд асуудал нэн их хурцаджээ.
Жужан гүрний үед төмрөөр алба барьж дагаар орсон Ашина овгийн 500 өрх анх Алтайн нурууны Дуулга ууланд ирж суурьшжээ. Хэдэн зуун жил өнгөрөхөд хүчирхэгжин МЭ VI зуунд Этүгэнд төрөө байгуулах хэмжээнд хүрсэн байна. Ашина түрэг овгоос, Түрэг аймаг болж, аймгаас Түрэг улс болж, улсаас эзэнт гүрэн болсон хэдэн зуун жилд анх 500 өрх байсан ардууд Этүгэнийг бүхлээр нь Түрэгжүүлэхүү эсхүл олонх байсан Хүн гүрний хойчис Этүгэн ард түмний дотор уусах уу? Модуны үед оргил үедээ 300-400 мянган морьт цэрэг гаргах хүчин чадалтай Хүн гүрний хойчис Түрэгт эзлэгдэсэнээр бүгд түрэгжих үү? Эсхүл Ашина түрэгүүд хаанаас ирсэн хэн байлаа ч гэсэн анх Алтай орчмыг нэгтгэн Түрэг аймаг болохдоо Хүн гүрний хойчис баруун дээдсийн хэл соёлд уусан Түрэг гэдэг нэр л үлдсэн байж болох уу? Тэд ямар хэлээр ярьдаг ямар үндэстэн байв? Үсүнь газар усны ардууд уу? Энэ бол бидний эхлээд шийдэх асуудлын нэг нь. Үсүнь гэдэг бол Каспийн тэнгисээс Алтайн нуруу хүртэлх өргөн уудам газар нутгийг хамрах ойлголт.
Ямартай ч Түрэг төрийн үеийн хадан бичээсэнд Хүн хэлээр ярьдаг байсныг Sergelen International Expedition -ны судлаачид тогтоож буй нь талархуйштай. Үүнээс гадна тэдний судалгааны ажил маш олон зүйлийг ухааруулж, сэхээрүүлж байгаа билээ.
Ашина түрэгүүд анхнаасаа Хүн хэлээр ярьдаг байв уу? Хүн соёлд автав уу? гэдэг нь бас нэг тусдаа асуудал. Гэхдээ тэд Этүгэний ард түмнээс тэс ондоо хүмүүс биш байсан болов уу? Соёлын багахан зөрөөтэй, аялага өөр байснаас их хэтрэхгүй гэж бодож байна. Жужаныг цохиж бүгдийг нь шахаж үлдсэн орон зайг Түрэг ардууд эзэлсэн гэх үлгэр яавчиг логик ухагдахуунд буухгүй. Яг энэ нүүдэлчин гэдэг ухагдахуунаар Хүн гүрнийхэн бүгд шахагдаад үлдсэн орон зайг Сүмбэ эзэлсэн, Сүмбийг Жужан, Жужаныг Түрэг, Түрэгийг Уйгар гэх мэтээр үргэлжилнэ. Их Монгол улсыг ч мөн ингэж үзнэ.
Түрэг гэдэг нэр хэрхэн яаж яваад Хүн үндэстэн Монголчуудын түүхээс салсан нь тэдний байлдан дагуулалтай холбоотой асуудал юм. Алтайн нуруунд анх 500 өрх айл ирж суурьшихаас эхлээд хэдэн зуун жилийн дотор одоогийн Монголын өндөрлөгийг нэгтгэн Этүгэнд төрөө байгуулсанаар өмнөх болон дараагийн төрт улсуудынхаа адилаар Үсүнь газрын ардуудыг дагуулжээ. Чухам энд л бидний төөрөгдөлийн шалтгаан тайлагдах учиртай юм. Үсүньчүүд Түрэгийн ноёрхолд орсон нь мөн л бүгд Түрэгүүд болно гэх ойлголт байхгүйг бид мэднэ. Гагц Түрэгийн соёлын нөлөөнд их бага хэмжээгээр автаж тэдний туган доор тэдний нэрээр цаашид аж төрөх тухай ойлголт юм. Цаашлаад эзэнт гүрэн болсон Түрэгүүдийн байлдан дагуулалт лалын ертөнцөд тэлэхэд Түрэг удирдагчидтай Үсүнь ардуудын нэр тухайн бүс нутагт Түрэг нэрээр үлджээ гэж ойлгож болно. Үсүньчүүд газар усныхаа эздийн хувиар олонх байсан учир он цаг өнгөрөх тусам ноёлогч анги нь үндсэн ард түмнийхээ дотор уусаж алга болдог нь зүй тогтол. Үсүнь газар усны ардууд өөрийн газар усандаа Хүн төрийн үед ч байсан, Түрэг төрийн үед ч байсан, Их Монголын төрийн үед ч байсан мөн одоо ч байсаар л байгаа энэ Казакын ард түмэн юм. Ерөнхийдөө Их Монголын эзэнт гүрний үед Алтан ордны улсын ноёлогч анги нь Монголчууд, ихэнх ард түмэн нь Кипчагууд байсантай ижил юм.
Чухам яагаад Түрэг гэдэг нэр бусдаасаа илүү Үсүньд үлдсэн нь сонирхолтой. XI зуунд арабын Махмуд ал Кашгари хэмээгч хүн Түрэг хэлний тайлбар толь зохиосон нь “Диван лугат” юм. Энэ толийг бичих шаардлага гарсан нь тухайн үед Түрэг хэлээр ярьдаг төр ямар нэгэн хэмжээгээр байсныг илтгэнэ. Харин XIX зуунд Османы эзэнт гүрний үед ижил шашинтай учир зарим нэг үгийг тайлж уншсанаар манай эртний хэл юм байна гэсэн өнгөц ойлголт авч тухайн толин дээр гарах Түрэг гэх улсын нэрээр XX зуунд улсаа нэрлэсэн байх үндэслэлтэй юм. Одоогийн Анатолын хойгт суурьшсан Сельжүкүүд суугуул ардууд учир өөрсдийн түүхийн эрэл хайгуулаа хийж явахдаа буруу замаар орсон нь энэ юмаа. “Диван лугат” толь дээрх Түрэг үгсийн 70 хувь орчим нь одоогийн бидний хэлтэй дуудлагаараа ижил, жирийн хүн ч ойлгохоор тодорхой байгааг судлан гаргажээ. Харин үлдсэн 30 хувь нь Үсүнь хэлний үгс аж. Эндээс одоогийн Турк, Казак болон СТАН-ны орнуудын дээдэс бол Үсүньчүүд гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэд анх түүхийн хулгай хийж байгаагаа мэдээгүй байсан бол одоо мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
(Мустафа Камиль пашагийн үеээсээ улсаа Турк гээд нэрлэчихсэн хүмүүс үүнээсээ буцна гэдэг бас хүнд асуудал шүү!!!)
Түрэгүүд Хүн хэлээр ярьдаг байсныг шинжлэх ухаанчаар нотлох нь бидний эхний хийх алхам гэдгийг дахиад дурдъя.
Өөрсдөө түүхийн хавханд орж буй Монголчууд
Асуудал хэдий ийм боловч шийдэхэд хамгийн том бэрхшээл нь Их Монголын эзэнт гүрний үетэй холбогдоно. Учир юун хэмээвэл Тэмүчин Чингис хаан бол бидний Монголчуудын хамгийн ихээр бахархан, хүндэтгэдэг их эзэн хаан.
Бидний түүхийг өмчлөх, булаах үйл бид Чингис хааны Их Монголын төрийн түүхээр түүхээ хардагаас болж буй хэрэг. Үүнээс болж энэ үеийн түүхээ өмнөх эртний түүхүүдтэйгээ шинжлэх ухаанчаар холбож чадалгүй мухардалд ордог байдал. Түүхийг төрийн биш ард түмний түүхээр бичсэнээр бид мухардалаас гарна.
Уншигч та гайхаж буй байх. Учрыг сийрүүлье:
Монголын нууц товчооны хамгийн эхний бүлэг ЧИНГИС ХААНЫ ДЭЭД ЯЗГУУР БӨРТЭ ЧОНО ГЭРГИЙ ГУА МАРАЛЫН ХАМТ ТЭНГИС ДАЛАЙГ ГЭТЛЭН ИРЖ ОНОН МӨРНИЙ ТЭРГҮҮНЭЭ БУРХАН ХАЛДУН УУЛАНД ИРЖ НУТАГЛАЖ буй тухай хэсэг. Мөн Рашид Ад Диний “Судрын чуулган” дахь Эргүнэ хунгийн домог, бусад сурвалжууд зэргээс үзэхэд Чингис хааны дээд өвгүүд хэзээ ч Этүгэнд ирж төр барьж байгаагүйг харж болно. МЭ VIII-XIX зууны үед л Бөртэ чоно тэнгис далайг гэтлэн ирж Бурхан Халдунд иржээ. Энэ бол хөдлөшгүй баримт. Чухаг нь бас нэгэн судлах ухагдахуун бол Хамаг Монголчуудын гарал үүсэл юм. Үүнд Шивэй аймгуудын түүх, Жужаны хиан, чонос 2 овгийн Эргүнэ хунд шургасан явдал хийгээд Бөртэ чонотой хэрхэн холбогдож байгаа түүхийг сэргээх нэн шаардлагатай.
Этүгэн бол Хангайн нурууг тойрсон гол ус ихтэй, өвс ургамал тэгширсэн төв нутаг. Орхоны сав бол үе үеийн төрийн голомт. Чингис хаан бүх овог аймгуудыг нэгтгэж Орхоны савд Хархорумыг байгуулсан нь тохиолдол биш ээ. Үеэс үед хамгийн их хүнтэй, малтай нутаг бол ЭТҮГЭН нутаг, одоо ч хэвээрээ.
Төрийн түүхээр түүхээ бичнэсээр бид гадныхны зохиосон нүүдэлчин гэдэг ухагдахуунаар суугуул иргэд болоод байгаа нь ийм учиртай. Турк, Казакууд Түрэгийг дээдсээ гэж үзсэнээр (асар их хөрөнгө хаяж судалж байна, суртчилаж байна, Турк улс Түрэгтэй холбон нэрээ ч сольж байна) биднээс 700 гаруй жилээр урт түүхтэй болж энэ газар усны уугуул эзэд болоод зогсохгүй Хүн гүрний түүхийг өмчлөх хэмжээнд тулан ирээд байна. Мэдлэггүй, мунхагаасаа болж бид өөрсдөө хавханд гүйн орж дотроо ч учираа олохоо байжээ. Чингис хааныг үгүйсгэж байгаа хэрэг огт биш. Чингис хаан хэдий агуу хаан ч гэлээ, Их Монголын эзэнт гүрний түүх эгнэшгүй ч гэлээ түүнээс өмнө ч бид агуу хаадуудтай, мөн л эгнэшгүй түүхүүдтэй байсан.
Хүн гүрний задралаас хойш олон овог аймгууд өөрсдийн төрөө ээлжлэн байгуулж ард түмнүүд нь нэрээ сольж, хаанаа сольж байсан шиг тэдгээр олон овог аймгуудын нэг болсон Хамаг Монголчууд өөрийн төрөө байгуулж байжээ гэдгийг ухах хэрэгтэй. Тухайн XIII зууны үед хэл болоод соёлын онцын ялгаагүй Хамаг Монголчууд зүүн хойд захын жижиг аймгаас Чингис хааны суу ухаан, авъяас билэгээр Этүгэнд ирж төрөө байгуулсан байна.
Этүгэн дэхь төвийн төр хуваагдалтай, хүч дорой байснаас Түрэгийн Буман хаан Тэлэг цохин дагуулж, улмаар Жужан төрийг нураан ноёрхох болжээ. Чингис хааны үед төвийн төр нь Хүн гүрний шууд хойчис болсон Этүгэн дэхь Хэрэйдүүд (Хэрэйдүүд дотроо маш их хагаралтай байсныг бид “Монголын нууц товчоо” –оос мэднэ) байж. “Монголын нууц товчоон” -д Ван хан Тоорилыг хамгийн эртний хаадын отгон нь хэмээн хүндэтгэсэн байдаг, мөн Хамаг Монголчуудыг “дорно зүгийн цөөн Монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан үхүүлэв. Тэгээд тэд, бүгдийг эзлэн хаан болох санаатайа юу?” гэж Найманы Таян хан өгүүлдэг. Энэ нь XIII зуунд тухайн үедээ Хэрэйдүүд хамгийн их хүн амтай, малтай аймаг нь байж, Их Монгол улсын ард түмэн хийгийд үндсэн соёл нь Хэрэйд давамгайлсан, төр нь Хамаг Монголчууд байжээ гэж үзэж болно. Ялангуяа Хэрэйд хатантай Тулуйн угсаа зэвсэг зөрүүлэлгүй төрийн эргэлт хийсэн нь түүний хөвгүүдийн ард Хэрэйдүүд дэмжиж байсантай холбоотой юм. Алтан ордны Бат хааны дүү Бэрх 3 түмэн цэрэгтэй хуралдайд ирээд Мөнхийг хаан болгож байхад Их хаан Өгөөдэйн угсаа эх нутагтаа Бэрхийн 3 түмэн цэргээс эмээсэндээ хаан ширээг талбин өгсөн байх учир байхгүй юм.
Үүнтэй ижил нэг тохиолдол өмнө нь дэлхийн түүхэнд ч тохиолдож байжээ дурдсуу.
МЭӨ IV зуунд Грекийн хойд захын Македон хэмээх жижиг муж улс суут байлдан дагуулагч Агуу Александр болон түүний эцэг Филиппийн үед бүх Грекийг нэгтгэж дуусган бага Азийг байлдан дагуулжАхеменидийн Персийн эзэнт гүрнийг мөхөөж зүүн зах нь Энэтхэг, Бактриа (одоогийн Афганистан орчим) хүрчээ. Биднээс ялгаатай нь Грекүүд улсаа Македон гэж төрийн нэрээр нэрлэсэнгүй түүнээс өмнөх эртний Грек хэмээх нэрээр улсаа нэрлэжээ. Одоо үед Агуу Александрыг хэн ч Грек хүн биш гэж хэлэхгүй. Грекүүд эртний Македоны түүхийг 100% өмчилж байна. Балканы хойгт Югославын задралаар шинээр бий болсон слав гаралтай үндэстэн Македон хэмээх нэрийг авч улс болоход Грекүүд эсэргүүцсээр байгаад саяхан 2019 онд улсынх нь нэрийг Хойд Македон болгон өөрчлүүлж чадаж байна. Агуу Александрыг жанжид нь Грек хатан авахыг хүсэхэд зөрүүдэлсээр байгаад Бактриагаас хатан авсан нь түүний босгосон эзэнт гүрэн мөхөх нэг шалтгаан нь болжээ. Александрыг нас нөгчмөгц жанжид нь хатан, хан хүүг нь хороож эзэнт гүрнийг нь хуваан захирдаг. Энэ бас манай түүхээс бас нэг ялгаатай тал нь. Их Монгол улсын хаан угсаа Хэрэйд эхтэй Тулуйн хөвгүүдэд шилжсэнээр Хүн гүрний шууд хойчис Хэрэйдүүд тэдгээр хөвгүүдийг хаанаа хэмээн хүлээн зөвшөөрч Чингис хааны байгуулсан их улсыг задраалгүй авч үлджээ. Нөгөөтэйгүүр Өгөөдэй хаан амьд сэрүүн байх үедээ Хэрэйдийн бэлэвсэрсэн хатан Сорхугтани Бэхийг хүү Гүегтэй эртний Монголын авга түших ёсын дагуу авч өгөх гэсэн нь тохиолдолын хэрэг биш бөгөөд өөрийн удмын хаан угсааг хадгалан үлдэх гэсэн холын бодол байжээ. Дөрвөн том болсон хөвгүүдтэй, хөгшин эмэгтэйг зөвхөн өөрийн хүүдээ авч өгөх гэсэн нь өөрөөс нь хойш төр хямрах үйл явцыг ухсан байж. Борчигуны угсаанаас Гүегээс өөр авга түших эр олдохгүйдээ тэгсэн хэрэг биш юмаа.
Одоо уншигч та санааг ойлгож буй байхаа. Хүн гүрний задралаас үүссэн олон овог аймгийн нэг Хамаг Монголчууд XIII зуунд өөрсдийн төрөө байгуулжээ. Грекээс ялгаатай нь бид улсаа Хүн гэж нэрлэсэнгүй Монгол гэж нэрлэсэн нь төөрөгдөлд оруулж байгаа юм. Басхүү Монгол гэж нэрлэсэн нь буруу гэж байгаа зүйл биш гэдгийг ухах хэрэгтэй. Төрийн түүх, үндэстэний түүх гэдэг ялгааг ойлгож, үндэстэнийхээ буюу ард түмний түүхээр өнгөрсөнөө харж, сэргээж чадвал би Хүн гүрнээс хойших үе үеийн бүх төрийн түүхүүдээ давхар өмчилж чадах билээ.
Мал ахуйтан Хүн үндэстэний 2200 жилийн түүхэн дэх зөвхөн XIII зуунд хамаарах хэсэг нь Их Монгол улсын үе юм шүү.
Анхаарал тавин уншиж дуусгасанд гялаалаа!
Бичсэн: Оюунбаатарын Наранбаатар. 2022 оны 07 сарын 28 өдөр.
Гол эх сурвалж: Sergelen International Expedition -ны судалгаа

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/