Уншиж байна...
Б.Баярмагнай: “Их сүлдэч” байна гэдэг үнэхээр бахархмаар
 
Монгол Улсын Бүх цэргийн Их Хар Сүлдийг цэнгүүлэх тайлга ёслолын талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй бололтой. Эртнээс уламжлалтай энэхүү тайлга саяхан болжээ.  Энэ удаа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт ууланд ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан байна.Уг тайлгын талаар Бүх цэргийн Их Хар сүлдийн Их сүлдэч, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнайтай ярилцлаа.
-Бүх цэргийн Их хар сүлд яг гэж юу юм бэ?
-Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлэгдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн юм.Хар сүлдийг их эзэн Чингис Хааны үеэс эхлэн ХХ зууны эхэн үеийг хүртэл тал нутгийн нүүдэлчин монголчууд ил, далд хэлбэрээр зуун зуунаар өртөөлөн тасралтгүй тахиж ирсэн талаар түүхийн баримтууд, эд өлгийн зүйлс болоод энэ талаар судалсан эрдэмтдийн бүтээл чамгүй байдаг.
-Хар сүлдийн бэлэгдлийн талаар сонирхуулаач? 
-Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсад ганц байх бөгөөд түүнийг дуурайлган хийх, сүлдэчээс бусад хүн гар хүрэх, хөдөлгөхийг цээрлэдэг. Их хар сүлдийн титэм нь алтадсан  эвэр угалзан жийжүүтэй, гилбэр, дөрвөн ган цэцэг, хоёр ган зангилаанаас бүрддэг. Дээврийг монгол газрын гангаар бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимсэн байдаг.Туургыг мөн гангаар бүтээж, дээд, доод захаар нь алтадсан хүрээ товойлгон хадаж, наян нэгэн сүвэгч гаргасан.Залааг хар зүсмийн азарганы дэлээр, бүч, бүслүүрийг хар дэвсгэр дээр одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн.Сүлдийн шилбийг Хан Хэнтий уулнаас авчирсан хус модоор хийж, ооны хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороож өнгөлсөн.Суудлыг эртний Монгол Улсын нийслэл Хархорумаас авчирсан боржин чулуунд хээ товойлгон сийлж бүтээсэн байдаг.
Харин дөрвөн элч сүлд бол Их хар сүлдийг дөрвөн зүгт төлөөлж, түүний эрч хүчийг дөрвөн зүгт түгээгч элч, дөрвөн талаас нь тулж түших хөл юм.Эдгээр сүлдийг монгол орны дөрвөн зүгт аялуулан төрийн тахилгатай уул, хайрхадыг тахих тахилгад оролцуулан тайлга үйлддэг.Дөрвөн элч сүлд нь нэр, гилбэрийн хэлбэр, эрдэнийн чулуугаараа ялгагддаг.
-Одоо байгаа бүх цэргийн Их хар сүлдийг хэдэн онд бүтээсэн бэ?
-1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, улмаар төрийн бэлэгдлийг шинэчлэн баталсан ба үүний дагуу Батлан хамгаалах салбарт цэргийн туг, тэмдгийг шинэчлэх шаардлагыг бий болсон. Улмаар Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн сүлд, байлдааны тугийг бүтээн залах комисс байгуулагдсан. Бүх цэргийн Их хар сүлдийг XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гурван буюу 1992 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгч, хүндэтгэлтэйгээр залсан юм. Энэ бол олон эрдэмтэн, судлаачид, уран дархчуудын оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бахархал билээ.Хожим Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Бүх цэргийн Их Хар сүлдийн элч дөрвөн сүлдийг бүтээснээс гадна Хар сүлдийн өргөөг байгуулан залсан түүхтэй.Тайлга, тахилгын үеэр гаргаж байна.
-Тахилга тайлга ер нь их нарийн учир утгатай юм шиг байна?
-Эрт дээр үеэс монголчууд аян дайнд мордохдоо Хар сүлдээ тахиж, ялалт амжилтаа даатган, хийморь сүлдээ бадраадаг байснаас гадна улс орны дотоодод гарсан үймээн самуун, хулгай дээрмийг дарахад Хар сүлдээ догшруулан тахиж түүнийг дардаг байсан талаар эх сурвалжуудад дурьдсан байдаг.Тайлгын тухайд бага тайлга, их тайлга, зуслангийн тайлга, догшруулах тайлга зэргээр үйлддэг.Өнөө цагт ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан зарлигаар Бүх цэргийн Их Хар сүлдийн дүрмэнд цэнгүүлэх болон цагаалах тайлгыг үйлдэхээр заасан.
Сүүлд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу цэнгүүлэх тайлгыг 2 жилд нэг удаа тусгайлан бэлтгэсэн тайлгын байранд, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр өргөөнд нь тайхаар заасан байдаг.Бүх цэргийн Их Хар сүлдийн цэнгүүлэх тайлга нь Их хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг хөгжөөж, цэрэг дайчдынхаа эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй хүндэтгэлийн ажиллагаа юм.Энэ үед Их Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, идээ, ундааныхаа дээжийг өргөн, монгол зон олныхоо буян заяа, хүсэл зоригийг даатган өчиг өчдөг.Харин цагаалах тайлга нь хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр болдог.Амар амгаланг эрэн, золгож хүндэтгэл үзүүлдэг ёслол юм.Манай зарим эрдэмтэд.Өвөр Монголын Ордос аймагт өнөөг хүртэл үйлдэж буй13 жилд нэг удаа луу жилд явуулдаг догшруулах тайлгыг сэргээх талаар зөвлөлдөж байна.Цаашид энэ талаар нухацтай хэлэлцэж, эрдэмтдийн зөвлөгөөг авах нь зүйтэй.
-Бүх цэргийн Их хар сүлдийн цэнгүүлэх тайлгыг хэдэн оноос хаана хаана явуулж байв?
-Анх 1998 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өгөөмөр ууланд цэнгүүлж байсан.2011 оноос хойш Баянзүрх хайрханы салбар уул болох Агуйт ууланд цэнгүүлэх ажлыг зохион байгуулж байна.
-Та хэд дэх удаагийн сүлдэч вэ?
-1992-2002 онд хошууч генерал Б.Шагдар, 2002-2006 онд хошууч генерал М.Борбаатар, 2006-2009 онд хошууч генерал А.Ганбат, 2009 оноос миний бие их сүлдэчээр томилогдон ажиллаж байна.
Мөн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн санаачилгаар Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөг засварлах ажлыг С.Гансүх захиралтай “Уушгийн агуй” ХХК-ны тусламжтайгаар засварлан цэнгүүлэх тайлгын өмнөх өдөр хүлээлгэн өглөө. Эрдэмтэн судлаачид, уран дархчуудын хөлс, хөдөлмөрөөр өргөө маань дахин амь орсонд баяртай байна.
Таньд баярлалаа, амжилт хүсье!
                                                                                                       
Ярилцсан Б.Отгонбаяр

Бусад мэдээ

Apr 04, 2024 1470

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1416

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 451

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/