Монголд хичнээн төрлийн бөө байдаг вэ?
Ерөнхийдөө таван язгуур бөө байдаг.Тодруулбал Дархад, Буриад, Халх, Ойрд, Хотгойд гэсэн язгуурт хуваагддаг.
Аль язгуурын бөө олон байдаг вэ?
Тооны их багад хийсэн тодорхой судалгаа байдаггүй.Бөө мөргөлд ямар ч нэгдсэн удирдлага гэж байхгүй.Язгуурын бөө нар тус бүртээ янз бүрийн холбоодод харъяалагддаг.Олон бөө төрж байгаа асуудалд хүмүүс эмзэглэдэг ч би нэг их эмзэглээд байдаггүй.Бөө шинээр төрөх хандлага зөвхөн Монголд бус олон улсад ч ажиглагдаж байгаа.Бөө бол шашин биш байгалийн оршихуй юм.Бүх шашиныг бий болохоос өмнө бөөгийн шашин байсан.Тиймээс бөө бол бүх шашины эцэг гэж хэлж болохоор юм.Хийж буй үйл хэрэг нь шашных юм шиг боловч оршихуй нь будда, христ зэрэг бусад шашин шиг номлол гэх зүйл байхгүй.Байгаль дэлхий сүүлийн хэдэн жилд маш ихээр сүйдлээ.Нэг ёсондоо бөө нар байгаль дэлхийн хэлмэрч гэж бас ойлгож болох.Тэд л байгаль эхтэй ярилцдаг.Бөө олон төрж байгаа ч байгаль эх өөрөө шалгарал явуулдаг.Хэн сайн, чадварлаг нь л үлдэнэ.
Бөө ийм олноор төрж байгаад эерэг болоод сөрөг тал бий юу?
Энэ орчлонд бүх зүйл сайнтай муутай байдаг.Бөө нар хүний сайн сайхны төлөө л байх ёстой.Зарим нэг нь үүнийг буруугаар ашиглаад яваа ч байх.Гэсэн хэдий ч бүх шашин төрдөө захирагдаж явах ёстой гэсэн үе үеийн хууль бий.Төр үүнийг зохицуулах үүрэгтэй.Түүнээс биш ямар нэгэн холбоо бөөгийн нөхцөл байдлыг зохицуулах гэсэн зүйл харагдахгүй байгаа л даа.Гэхдээ Солонгос, Латин америкийн бөө нар өөрийн гэсэн удирдлагатай байдаг юм билээ.Тодруулбал оршин байгаа байршилаараа.Манайд тийм удирдлага гэж зүйл байхгүй.Түүхэнд Чингис хаан Усан өвгөнийг бөөгийн тэргүүнээр сонгож байсан тухай баримт байдаг юм билээ.
Бөө нь бусад шашины урсгалтай хэрхэн холбоотой байдаг вэ?
Шашин гэдэг маань байгальд буй оршихуй.Энгийн хүмүүсийн барьж, харах, сонсох мэдрэх боломжгүй зүйлийг тэд л олж харж байна.Эцсийн эцэст бүх шашин нэг л зорилготой шүү дээ.Бүгд л уулын оргил өөд мацаж байгаа.Бусад шашин буюу Будда, Христ, Лалын шашин өөрийн шашины оргилд хүрчихээд буцаад номолж эхэлсэн.Харин тус номлолыг нь эерэг, сөргөөр хүлээж авсан хүмүүс хорвоогоор дүүрэн байна.Аливаа шашинд өөрийн үзэмжийг нэмээд цааш нь гуйвуулах тохиолдол ч их болж.Одоо бурхан багшийн сургаалийг гайхамшигтай мэддэг гээд хэн нэг нь ярилаа гэхэд яг тэр зиндаанд юм уу тухайн хүнээс илүүг мэддэг байж номлох болно оо доо.
Шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь олгочихсон манай улсын хувьд энэ олон шашин оршин буй нь улс үндэстнийг хуваахад хүргэх вий гэж та боддог уу?
Тийм зүйл гарах вий гэж би боддог.Аливаа шашиныг тухайн улсын төрийн тэргүүн, цаашлаад ард түмэн нь хүндлэн биширч байх юм бол оюунлагаараа үлддэг.Харин эсрэгээрээ шашин, сүслэгийг хувийн хэрэгсэл мэтээр ашиглаж буй улс оронд тайван байдал гэхээсээ илүүтэй дайн байлдаан, бослого тэмцэл л ирж байдаг.Бурхадын сургаалиас хэдэн хувийг нь мэдсэн хүмүүс бурхан шашиныг хувьчилж авах гэж улайрснаас дайн байлдаан гарах тохиолдол ч их буй.Нэг шашин өөр ямар нэгэн улсад нэвтрэхдээ улстөрийн зорилгогүй орох тохиолдол түүхэнд байгаагүй.Тэгэхээр шашин нь тухайн улсын төрийн бодлоготой шууд хамааралтай байдаг.
Шашин номлолоо гэгээлэгээр ард түмэндээ таниулж буй улс үндэстний иргэд илүү оюунлаг байдаг.Манайд бол өнөөдөр мухар сүсэг байгаа.Дуртай нь ирээд чи минийхээс дээр, доор гэсэн тулгалт хийж байна.Шашин ингэж муудаад ирэхээр захын хүн шүүж, эндээс л мухар сүсэг зөрчилдөөний эх үүсвэр үүсэж байдаг.Манайд гаргах шинжтэй зарим газар бол гарч байгаа.Аль ч шашныг төрийн хуулийн хүрээнд ёс суртахуунтай явуулах хэрэгтэй.Түүхэнд Чингис хаан бүх шашныг хүлээн зөвшөөрсөн гэдэг.Өнөөдөр ч бүх шашин шүтлэгийг манай нийгэм хүлээн зөвшөөрдөг.Тэгэхээр өнөөгийн улс орнууд Чингис хааны сургаалийг хэрэгжүүлэх гэсэн нь юу л бол.Тухайн үед Чингис хаан тэр олон улс орныг өөрийн эрхшээлд байлгахдаа сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаашаа ч явахгүй гэсэн бодлого барьж олон улс гүрнийг нэгтгэн дарлах биш өөрсдийн хүсэл, үзэл бодлыг нь хүндэлж шашин шүтэх эрхийг нь үлдээн өөртөө дагаар оруулж байсан.Бурхны шашинд бол та миний сургаалыг унш тэгээд шүтэх эсэхээ өөрөө шийд гэдэг.Өнөөдөр манайд орж ирж байгаа христын шашныхан бол үүнээс дээгүүр шашин байхгүй хэмээн тулгаж байдаг.Лалын зарим улс орнууд ч мөн адил.Улс орон, айл өрх яуу байх үедээ аврал хайж явдаг энэ үед нь тэр хүмүүсийг ашиглаж өнөөдрийнх шиг хоол унд, хэрэгцээгээр нь тордоод өөрийн номлолыг мөнгөөр үнэлэх явдал байдаг.
Бурханы шашин буддаг төрийн төв шашин гэдэг.Тодруулбал үндэсний томоохон баяруудыг буддын шашны үйлээр ёсолдог.Гэтэл монголчууд өвөг дээдсээс өвлөж ирсэн шашинаа бөө гэдэг.Энэ ялгааг төр засгаас ойлгохгүй байна уу, эсвэл энэ хоёр шашин зэрэгцэн тогтноод байх боломжтой юм уу?
Монголын үндэсний шашин бол бөө мөргөл.Манай ард түмэн дээд оюун ухаанд нэвтэрсэн ард түмэн.Бөө нар ур чадвараараа дал ухаанд нэвтэрч ШУ-ны тайлагдаагүй оргилд хүрч байдаг.Түүхэнд Чингис хаан яагаад энэ олон шашинг зөвшөөрөх болсон нь ч эцсийн эцэст хүн төрлөхтөн нэг л сургаал, нэг л дүрэмтэй амьдарч байгаа. Хятадын Чанхай гэгээнтэний “Хятадад болсон номлол” номонд нэг хүн”...аль шашныг шүтэх нь зөв бол?... гэж асууж л дээ. Харин Чанхай хариуд нь “Уучлаарай хүн төрлөхтөн нэг шашинтай” гэж хариулсан гэдэг.Далай лам 2008 онд Монголд ирэх үеэрээ “Монголд байгаа Бөө мөргөл, шарын шашин бол эх үрийн барилдлагатай” гэж хэлсэн байдаг.Мөн манай Ц.Дамдинсүрэн гуай хэлэхдээ “Монголд байгаа Шарын шашин бол бөө, буддын шашин хоёрын зүүмэл нийлбэр” гэж хэлсэн.Харин гадын шашныхан бол одоогийн бидний хэрэглэж байгаа буддын шашныг танайх биш гэж хэлдэг.Тэгэхээр төрмөл нь бөө мөргөл.Бөөгүй улс орон гэж байхгүй.Бүх л зүйл, байгаль дээр оршдог учраас байгальтай харьцдаг.Гэсэн ч дэлхийн улс орнуудад шашны зөрчил байсаар байна.
Манайх шиг бөө мөргөлийг эрт дээр үеэсээ шүтэж ирсэн ямар улс байдаг вэ?
Хүн төрөлхтөн тэр чигээрээ бөө мөргөл шүтэж байсан.Энэ нь байгалтай харилцаж, түүнийг мэдэрч байсан гэсэн үг.Жирийн хүний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохгүй байгаа бүхнийг мэдрэх чадвар хүн төрөлхтөн анх үүссэн цагаас бараг хүн бүрт байж л дээ.Хүн төрөлхтөн ажлыг багажаар хийгээд ирэхээр мэдэрхүйгээ алдаг.Сүүлийн жишээ гэхэд бид 1960-аад онд 1000-ийн дотор цээжээрээ боддог байлаа.Харин одоо тооны машингүй бол амаргүй болчихоод байгаа шүү дээ.Үүнээс харахад хүн төрлөхтөн өөрийнхөө тав тухтай байдлын төлөө хийсэн зүйлээ хэрэглэх явцдаа мэдрэмжээ алдсаар байгаад одоо байгалиас тасарч, байгалиас хамааралгүй болж байна.Тэгэхээр энэ зөн билгээрээ хүн төрөлхтөн байгаль эхээ мэдэрч эргээд ойртох гэж оролдож байна.Энэ бүх бөө мөргөлийн арга ухаанууд манай ардын сургаальд байдаг.Бидний үед байгалиас мод авахдаа хүртэл гуйж авдаг шүү дээ.Одоо бол халаасны хулгайч шиг л авч байгаа.
Та бөөг хэр их судалсан бэ?
Би бөө мөргөлийг 12 жил орчим судалж байна.Шинээр төрж байгаа бөө, тэдгээрийн онгод тэнгэр нь юу хэлж байгааг сонирхож байна.Монголчууд бидний өвөг дээдсийн сүнс байгаль экологийн сүйтгэл, хүн хоорондын харилцааны талаар бол асар их зовж яваагаа илэрхийлдэг, өгүүлдэг, ярьдаг, гомддог.Гэхдээ хүний эх, эцэг шиг хаядаггүй харж хандаад л явж байдаг.Манай өвөг дээдэс бол байгаль эх, уул устайгаа ярьдаг.Өглөөний нартай уралдаж цайны дээжээ өргөж, Лха таван тэнгэр, Алтан гадастайгаа ярих жишээтэй.Мөн уул устайгаа хүнчлэн ярьдаг.Европынхон бол бүтэн сайнд сүмдээ очиж бясалгал үйлддэг.Монголчуудын хувьд бол сүүгээ өргөөд уул устайгаа ярьж буй нь нэг төрлийн бясалгал юм.Хүн өөртөө тохиолдох эрсдэлийг тойрч гарахын тулд шашин шүтдэг.Манайд бол эрсдэл гарсан хойно нь засуулах гээд ламдаад, бөөдөөд байдаг.Эх хүний хүүхдүүдийнхээ төлөө залбирч байгаа залбирал бол ямар ч заслаас илүү хүчтэй байдаг.1960-1970 онд манай өвөг дээдсүүд сүү цайны дээжээ хангай дэлхийдээ өргөдөг байсан.Харин одоо бол энэ заншил алдагдсан.
12 орчим жил бөөгийн зан үйлийг судлах хугацаанд таны гайхширлыг төрүүлсэн зүйлстэй хэр олон таарч байв?
Уншсан номнууд маань гайхширал төрүүлж байсан.Домог болсон нисдэг долоон бөө нарын хажууд одоогийн бөө нар хөлд, хэлд орж байгаа хүүхэд л гэсэн үг.Гэсэн ч мэдээж цаг хугацааны явцад өсөж дэвжинэ.Одоо дижитал аппаратаар бөөгийн галын тахилга хийж байх үед хүн амьтны дүрс гарах тохиолдол ч их болжээ.Энэ бол гайхамшиг шүү дээ.Үүнийг ШУ-нд тайлж баталсан байдаг.Хүний сэтгэлээс гарч байгаа эрчим хүчний нягтаршил юм байна.Үүнийг монголчууд язгуур гэдэг.Язгууртан гэж байгаа нь угсаа залгамжилсан хаанууд юм.Энэ нь дээд тэнгэртэйгээ ярьдаг хүмүүс гэсэн үг.Хүн төрөлхтөн технологийн хөгжилд хэт автсанаар аргын ухаан давамгайлаад билгийн ухаанаа гээгээд байх шиг байна.Тэгтэл оршихуйдаа бол билгийн ухаан давамгайлаад энэ дотор аргын ухаан багтаж явах хосолмол зүйл юм гэсэн дүгнэлтэд хүрэх болжээ.
Б.Батболд Р.Энхбаяр
Эх сурвалж: www.aravt.mn