Уншиж байна...

“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор Кембрижийн их сургуулийн антро¬по¬логийн доктор, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очирыг урилаа.
-Хүн судлалд хүн төрөлх¬төнийг ижил төв¬шинд авч үзэх ёстой гэж үздэг юм билээ. Гэхдээ л монгол хүн гэсэн бахархал, тийм нэг омогшил байх ёстой гэж би сэтгүүлчийн хувьд боддог. Та юу гэж үзэж байна?

-Улс үндэстнүүдэд өөрийн гэсэн омогшил, “Бид чадна” гэсэн бахар¬хал байх ёстой. Тийм омог¬шил, тэр бахархал нь улс орныг хөгжүүлэхэд то¬дор¬¬хой хэмжээгээр итгэл үнэмшлийг төрүүлдэг.

 

Тэр бахархал нь харин зөв байх ёстой. Өөрдсийгөө агуу гээд, бусдыг хэн ч биш, юу ч биш гэж үзээд байвал тэр нь хэт националист үзэл рүү явна шүү дээ. Гэтэл Монголд ийм үзэгдлүүд бий болсон. Би Монголын ард түмнийг агуу биш гэж хэзээ ч хэлэхгүй. Гэхдээ бид өөрсдийгөө өндөрт тавьж бусдыг, тухайлбал Хятадыг нэг хэсэг хужаа нар гэж ярьж, бичдэг байсан нь бүдүүлэг явдал. Түүнээс гадна өөрсдийн авьяас чадварыг зөв харж, үнэлж чаддаг байх хэрэгтэй. Би бөө судалдаг учраас үүнийг хэлж байгаа юм, ялангуяа бөө нарын дотор дээд тэнгэрээс заяат төрсөн дэлхийн хамгийн топ хүн гэх ойлголт байна. Хүн төрөлхтөнийг зэрэг зиндаагаар нь ингэж ангилахыг хаана, хэн бидэнд сургасан юм бэ. Бид мөнх тэнгэрээ шүтэж, бахархах юмаараа бахархаж болно. Харин бусдыг ялгаварлан гадуур¬хаж туйлширч болохгүй.

-Ингэхэд та яагаад өөрийн анхны мэргэжлээс хүн судлал руу “урвасан” юм бэ. Кембрижийн их сургууль хүртэл өөрийгөө боловсруулж антропологи руу тэгтлээ тэмүүлсэн шалтгаан юу байв?

-Миний анхны эзэмшсэн мэргэжил монгол хэл-уран зохиолын багш. Тэр үед бараг моодонд ороод байсан түгээмэл мэргэжил тэр. Аав, ээж хоёр минь хоёулаа монгол хэл –уран зохиолын багшийн мэргэжилтэй. Надад ч түүнээс илүү хийж чадах юм байгаагүй. Харин давуу тал нь тухайн үед бидэнд англи хэлний мэдлэгийг нэлээн сайн олгож байсан юм. Тэр үед монгол-англи хэлний хосолмол сургалтын тогтолцоотой байлаа. Тиймээс миний хувьд англи хэлийг бусдаасаа арай түлхүү үзсэн байх. Гэхдээ би монгол хэл-уран зохиолын багшаас илүү зан үйл, аман зохиолыг ихээхэн сонирхож байсан юм. Аман зохиолоо судалж явтал жаахан англи хэлтэй байсны хэрэг гарсан гэх үү дээ.

Учир нь Монголын аман зохиол, ардын билэг зүй, зан үйлийг судалсан зохиолууд англи хэл дээр нэлээдгүй байсан. Тэр нь их төлөв барууны бүтээлүүд. Тэдгээрийг ямар хүмүүс бичиж вэ гээд үзтэл манайх шиг палеологи буюу хэл бичгийн ухааныхан биш, дандаа антропологчид байсан. Тэр үед антропологи-хүн судлал гэдгийг тэр бүр мэддэггүй, судалдаг ч үгүй байлаа. Тэгээд би бага сага юм уншиж эхэлсэн. Тэндээс соёл гэдэг зүйл, нийгэм болоод хүн гэдэг “амьтан”-ыг танин мэдэхэд ялангуяа хүнийг нийгэм-соёлын “амьтан” болох талаас танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн маш сонирхолтой өнцгөөс хардаг шинжлэх ухаан болохыг ойлгосон.

-Гэхдээ олонх нь хүнийг байгалийн амьтан гэж үздэг, одоо хүртэл тэгж хардаг, ойлгодог шүү дээ?

-Хүн тодорхой хэмжээгээр байгалийн амьтан боловч, мөн тодорхой хэмжээгээр нийгмийн амьтан. Ялангуяа хүний дийлэнх хувь нь нийгмийн амьтан юм. Генетикийн, биологийн хэв шинж бай¬лаа ч түүнийг нь нийгэмшүүлж өгөх¬гүй бол хөгждөггүй ерөнхийдөө нийгэмшил гэдэг генетикийн хэв шинжийг хүртэл даван хөгждөг зүйл юм. Жишээ нь, би төрсөн эцэгтэйгээ хамт өсөөгүй байлаа гэж үзэхэд мэдээж цусанд нь генетикийн болоод биологийн хэв шинжүүд нь байгаа шүү дээ. Гэтэл хамт өсөөгүй бол өөрийн эцэг гэсэн ухамсар, сэдэл суухгүй. Тийм ухамсар нь нийгмийн бүтээл, хамт өсч байж хүний оюун тархинд суудаг зүйл. Хамт өсөөгүй хүн 20, 30 нас хүрээд төрсөн эцэгтэйгээ таарлаа гэхэд “Сайн байна уу, та” гээд уйлвал уйлаад тэврэлдвэл тэврэлдээд цаашаа нэг их сүйдтэй юм болохгүй. Яагаад тэр харилцаа цаашаа хөгжихгүй байна гэвэл генетикийн холбоогүйдээ биш, тэр холбоог нь нийгэмшүүлж, нийгмийн харилцаа болгож хөгжүүлээгүйд байгаа юм. Тэгэхээр хүн нийгмийн амьтан.

-Танай салбарт хамгийн сүүлд гарсан, монгол хүнтэй холбоотой сонирхолтой судалгаа юу вэ?

-Монголыг судалсан, олон нийтэд хүрсэн сонирхолтой бүтээл гэвэл 2009, 2010 оны бүтээлүүд одоо эрчимтэй уншигдаж байна. Монголын түүхийн салбарт нэлээд өөр өнгө аясыг авчирсан антропологич гэвэл Кембрижийн их сургуулийн доктор хүн байгаа, “Тэргүүн үгүй төр” гэдэг ном бичсэн. Монголын түүхийн туршид улс төрийн ямар тогтолцоо байсныг тайлбарласан. Барууны маш олон эрдэмтэн монголчуудын байгуулж байсан төр бол төр биш гэж үзэж ирсэн. Тэгвэл “Тэргүүн үгүй төр”-д Монголын түүхэнд байсан төр нь ямар маягийн тогтолцоотой байсан бэ гэдгийг авч үзэж, нэгэн төрлийн төрийн хэлбэр юм, тэр нь “Тэргүүн үгүй төр” гэж тайлбарласан. Урдын Булаг гэж эрдэмтэн бий. Кембрижийн их сургуульд доктор хамгаалж, Америкт багшилж байгаад одоо Кембрижийн их сургуульд багшилж байгаа. Түүний “Хамтын национализм” гэж бүтээл судлаачдын төдийгүй хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна.

Тэр бүтээлд өнөөгийн Хятадын улс төрийн байдлыг түүхчилсэн байдлаар тайлбарласан. Яагаад өнөөдөр Хятадад бослого тэмцэл гараад байгаа юм бэ, төвдүүд, уйгар шинжааныхан болон өвөрмонголчууд босох болсныг юу гэж тайлбарлав гэхээр 1949 оны үед Хятадын коммунист нам байгуудагдаж Шинэ Хятад улсыг байгуулахад Мао тэргүүтэй Хятадын коммунистууд сайн хятад, муу хятад гэсэн логик гаргаж ирсэн. Муу хятад нь гоминданууд, сайн хятад нь коммунистууд байсан. Тэгээд гоминданыг ялахын тулд тэдний эсрэг босох бүх хүнийг өөртөө нийлүүлсэн .Тэр нь нөгөө олон үндэстэн угсаатнууд нь байсан. Марксист үзлээр бол ийнхүү бүх дарлагдагч анги сайн хятадтайгаа нийлээд гоминданыг хөөж гаргасан. Тэгээд хамтын улсыг байгуулсан нь “Хамтын национализм” юм. Ингэхдээ бүх улсдаа автономит эрхийг нь өгнө гэж ярьсан. Гэтэл амласнаа өгөөгүй тухай Булаг гуай номдоо бичсэн байна лээ.

-Нэгэнт шинжлэх ухааны тухай ярьж байгаагийнх энэ салбарын хөгжлийн тухай таны бодлыг сонсъё?

-Энд олон юмыг ярих хэрэгтэй болно. Нэгдүгээрт, шинжлэх ухаанаа ярих юм бол миний түрүүнд ярьсан, заримыг нь нэрлэсэн тэдгээр бүтээлүүд бүгд англи хэл дээр байгаа. Монголчуудаа англи хэл мэддэг, мэддэггүй гэж ялгах эрх надад байхгүй. Гэхдээ шинжлэх ухаанд итгэж байгаа бол тухайн шинжлэх ухааны хэлийг нь эзэмшсэн байх хэрэгтэй. Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуайгаас эхлээд ингэж ярьдаг байсан шүү дээ. Судлаач хүн сурвалжийн гурван хэлтэй, судалгааны гурван хэлтэй байя гэж. Сурвалжийн гурван хэл гэдэгт эртний сурвалжуудыг уншдаг хятад , эсвэл перс, араб, манж хэл орно. Судалгааны хэл гэдэгт орос, герман, франц, англи хэл орж байгаа юм. Өнөөдөр XXI зуунд англи хэл түлхүү хэрэглэгдэж байна. Тэгвэл бид англи хэлийг бүрэн сурч чадаагүй. Яагаад ийм байна гэвэл шинжлэх ухааны гол хэл нь орос хэл байгаад тэр нь тодорхой хэмжээгээр солигдож англи хэл болж хувирангуут завсрын шилжилтийн үе гарч ирсэн. 1990-ээд оны энэ шилжилтийг бид хурдан хийж чадаагүй. Гэтэл шинжлэх ухаан биднийг хүлээхгүй шүү дээ.

-Тэгвэл шинжлэх ухаан, дээд боловсролын салбар дахь хоцрогдол нийгэмд ямар хохирол авчрав?

-Хоцрогдол байна гэж хэлэх нэг хэрэг. Шинжлэх ухааны салбарууд болж байна, болохгүй байна гэж ярих өөр асуудал. Үүнийг шинжлэх ухааны салбарт тухайн үед ажиллаж байсан хууччуулаа мууг нь гайхах нэг шалтгаан юм шиг хүмүүс ойлгоод байдаг. Би бол тэгж боддоггүй. Бид өөрсдөө шилжилтээ хийж чадаагүй улсууд шүү дээ. Зөвхөн дээд боловсрол гэлтгүй дунд боловсрол хоцрогдож ирсэн нь нийгэмд ямар гажуудал авчрав гэвэл үүнд төр, засгийн бодлого оролцооны тухай ярих хэрэг гарна. Энэ нь Монгол Улсын үе үеийн тэргүүнүүдийн бодож, тархиа гашилгаж байсан л асуудлууд байгаа. Хамгийн гол нь бид бусад салбараа хөгжүүлэх гээд нийгмийн шинжлэх ухааны салбараа хаячихсанд учир бий. Иймээс ард түмний олон нийтийн боловсрол, шинжлэх ухаан, соёлоо хардаг байдалд өөрчлөлт орж эхэлж байгаа юм.

-Улс орны хөгжил, улс төрийн байдал гээд бүх асуудал мэдлэг боловсролоос шалтгаалж байна гэж та хэлж байна уу?

-Би Монголын уламжлалт соёлыг судалдаг хүн. Энэ соёлд “Эрхэм баян эрдэм мэдлэг “ гэсэн байдаг юм. Монголын өвөг дээдэс хэчнээн мянган жилийн өмнө Монголын соёлд ач холбогдол өгч үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ хэлж захиж ирсэн. Өнөөдөр энэ зарчим алдагдсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид өнөөдөр үндэсний хэмжээний сэхээтний давхарга, бүлэглэл байхгүй биш байгаа ч тэд нь дэмжлэггүй, өөрөөр хэлбэл нийгмийн нэг бүлгийг илэрхийлж чадахгүй хэмжээнд хүрчихсэнд байгаа юм. Дэлхийн бүх хувьсгалчид хэлсэн байдаг юм, нийгмийн манлайллыг авч явах хэсэг нь сэхээнтний давхарга гэж.

Тэр нь нийгмийн тодорхой / магадгүй олон биш / хувийг эзэлдэг. Өнөөдөр Монголыг авч явж байгаа гэх юм уу, эсвэл Монголын ард түмнийг чирж явдаг, гэгээрүүлдэг, оюунлаг болгодог хэсгийнхэн, тийм бүлэг байгаа юу. Тухайлбал, оюунлаг давхарга байна уу. Энэ асуултыг уншигчдаас ч Монголын төр, засгаас ч асуумаар байна. Огт байхгүй гэж болохгүй байх. Цөөн ч гэсэн тийм хүмүүс, боловсролтой хэсэг бий. Харин нийгмийн бүлэг болж чадаж байгаа гэж хэлж чадахгүй. Тэр хүмүүсээ бид бодлогоор дэмжиж авч явах ёстой.

-Тэгж чадахгүйгээс болоод гажуудал үүсч байна, тийм ээ. Тухайлбал, судлаач биш улс төрчид бүхнийг тодорхойлж байна шүү дээ, манайд?

-Өнөөдөр хэн улсыг захирч явдаг вэ гэвэл бизнес эрхлэгчид биш. Аль ч улсад ийм. Яагаад гэвэл тэр хүмүүс хувийн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй. Бүгдийг буруутгаж байгаа юм биш, гэхдээ тийм магадлал нь өндөр. Өнөө¬дөр үндэсний том компаниуд, үйлдвэрлэгчдийн нуруун дээр Монгол Улс явж байгаа, тиймээс тэднийг буруутгаж болохгүй. Гэхдээ улсыг засаглахад, хууль батлахад тэр хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй бүлгүүд гэж тооцогддог. Өнөөдөр Их хурлын гишүүний хэд нь хувийн бизнестэй гэж бодож байна. Бараг бүгд тийм байгаа шүү дээ. Хувийн бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй нь хэд вэ. Та сая хэллээ, улс төрч гэж. Тэгвэл улс төрч гэж ямар хүн байх ёстой юм бэ. Бизнесмэн байгаад түүнээсээ татгалзаад улс төрч болсон хүн байж болно. Өөрөөр хэлбэл, нийгмийн шинжлэх ухаан хаягдаж, боловсрол хаягдахаар тэр орон зайг нь олигархиуд эзэлж байна шүү дээ. Тэднийг буруу гэж байгаа юм биш,тэд чадаж байна.

Ингэхээр тэр нь эргээд нийгэмд засаглалын тогтолцоонд гажуудлыг авчирч байгаа юм. Бидний улс төрч гэж нэрлээд байгаа УИХ-д байгаа тэр хүмүүсийн олонхи нь улстөрч байж болохгүй хүмүүс байгаа. Хамгийн харамсалтай нь “Улсыг хэн засагладаг вэ” гэж асуувал “Мөнгөтэй хүн” гэж хариулах хэмжээнд хүрчихээд байна бид. Мөнгөтэй хүн улсыг захирч, хууль батлах ёстой юм биш үү гэж үзэж байна. Тийм ч учраас тэр хүмүүст санал өгч гаргадаг. Энэ ард түмний буруу. Ард түмэн өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг сонгож гаргаж ирж байна шүү дээ. Мэдээж Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэн ч нэр дэвших эрхтэй. Тэдэн дотор сэтгэл зүрх нь Монголын төлөө цохилж байгаа хүмүүс байхгүй биш байгаа байх аа.

-Намын гишүүнчлэлээр санал авч байна шүү дээ. Бүх хүн намын харъяалалтай байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улс сайхан орон. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад янз бүрийн байдлаар талцаж хагарсан нийгмийн бүлгүүд цөөн. Монгол олон үндэстний улс биш. Бид үндэстнээрээ хуваагдаж хагарч бутардаггүй. Шашнаараа хагарч байна уу гэвэл үгүй. Бөө, лам нарын маргааныг эс тооцвол тодорхой хэмжээгээр амар тайван байна. Энэ бидний аз, ирээдүйд юу болохыг би хэлж мэдэхгүй. Харин өнөөдөр монголчуудыг хагалан бутаргаж байгаа зүйл нь улс төрийн нам.Одоо хоёр том намд хуваагдаад гэртээ ч хэрэлдээд, гадаа ч, ажил дээрээ ч хэрүүлтэй байна. Аль ч нам засаг авахаараа сонгуулийн ажилд нь гар бие оролцож байсан хүмүүсийг боловсрол хамаарахгүйгээр албан тушаалд тавьдаг.

Үе үеийн нам тэгэх юм шиг бана. Хамгийн харамсалтай нь улс төр рүү орж байгаа залуучууд сэхээтний давхаргын хүмүүс мөн үү гэвэл ихэнх нь үгүй. Би үүнийг маш тодорхой мэдэж байна. Яагаад гэвэл МУИС-д багшилдаг учраас. Оюутны холбоо гэж нэг хэцүү байгууллага гарч ирсэн. Тэд улс төрийн байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой болчихдог. Нөгөө улс төрийн байгууллагууд маань өөрсдийн хойч үеийг оюутны байгууллагуудаар бэлддэг. Монголын улс төрд байдаг хор гэдэг зүйл оюутны байгууллагад байдаг болсон. Нөгөөдүүл маань сургуулиа төгсөөд намд очиж зүтгээд нөгөө хорчин гэдэг нь болдог. Ийм тогтолцоонд Монголын улс төр шилжсэн нь харамсалтай.

-Тэгвэл хүмүүсийн ухамсрын төвшинг яаж нийтээр нь дээшлүүлэх вэ. Ямар гарц байна?

- Ашиг сонирхлын зөрчилгүй нийгмийн бүлэг улс төрд болоод нийгмийнхээ удирдах манлайлах төвшинд гарч ирэх хэрэгтэй байна. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь бүх хүнд хамааруулж байгаа юм биш. Ашиг сонирхлын зөрчилгүй, дээр нь хамгийн шилдэг боловсролтой хүмүүсээ гаргаж ирмээр байна. Энэ эргээд бидний яриад байгаа нийгэмд манлайлал болдог, тэр нийгмийн бүлэг бий болж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Манай төр, засаг одооноос юу хийх ёстой вэ гэвэл нийгмийнхээ бүлгийг бий болгох, хэлбэржүүлэх, бүтээх бүхий л талын арга хэмжээг авах хэрэгтэй. Тухайлбал, дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюунлаг, шилдэг залуусаа эргүүлэн татах бодлого хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Энэ бол улс орны хөгжилд ч, тусгаар тогтнолын асуудалд ч нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал.
Ч.ҮЛ-ОЛДОХ

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/