Уншиж байна...

Хүн дүрстэй, сүүлтэй, сүүлгүй бүх амьтдыг мич гэх, тэр дундаас бүр хүн төрхтэйг нь бич хэмээх, харин оюун ухаантай дээд хөгжилтэй бичин хүнийг хомосапиенс гэх нэршил нэгэнт тогтсон зүйл билээ.

Мич-бич-бичин хүн-хомосапиенс гэх гинжин хувьсал нь хүмүүс бол байгалийн бүтээгдэхүүн, биологийн нэгэн зүйл амьтан, ухраан үзэх аваас хүн дүрстэй мичний хойчис мөнийг үзүүлдэг. Гэхдээ орчин үеийн хүн бол байгалийн ч бүтээгдэхүүн, бас нийгмийн ч бүтээгдэхүүн мөн юм. Харин энэхүү хоёрдмол мөн чанараа хүмүүс одоо, XXI зууны эхэн гэхэд бараг мартсан буюу эс тооцох болчихжээ. Энэ бол тун ч муу үзэгдэл, хол явах ихээхэн сөрөг үр дагавартай үзэгдэл билээ. Өөрийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдгээ ямагт санаж, тооцож, байгаль эхээ эргэж “халамжилж”, нэг л эхээс төрсөн бусад амьтдаа хайрлаж, ойрхны садан төрлөө хэмээн ачилж, тордож байх ёстой ажээ. Эсрэг тохиолдолд бид байгаль эхийнхээ халамжнаас салж аажмаар мөхөх болно.


Хүмүүс бид эх болсон байгалиа, эртний өвөг дээдэс болох амьтдаа огоороод зөвхөн л бүтээсэн соёлынхоо ертөнцөд бялууран, “согтууран”, найрлан суух аваас өөрөө өөртөө булшны нүх ухаад “Байгалийн түүх”-ийн тавцангаас зайлуулагдах нигууртай.

Бид бол амьтад, амьтдад байгалийн эрүүл орчин л хэрэгтэй. Xүмүүсийн бүтээл нэг бүр нь байгаль орчинд хоргүй байх ёстой. Xордсон, бохирдсон байгаль эргээд биднийг л хордуулах болно. Уудаг ус, иддэг хоол, амьсгалдаг агаараа хүмүүс эх болсон байгалиасаа л авдаг. Унтах, амрах, хөдөлмөрлөх, төрөх, үр удмаа үлдээх гэхчилэн бүхий л хэрэгцээгээ хүмүүс экологийн цэвэр орчинд л хэвийн хангах боломжтой. Аль ч нийгэм эрүүл аж төрөх ёсыг л дээдлэх учиртай. Ингэхлээр бид хүн гэхээсээ хамаагүй илүүгээр амьтан гэх мөн чанараа, хэвийн, жам ёсны нөхөн үржих боломж, нөхцөлөө, жирэмсэн эх, торниж буй ураг гэдгийг чухалчлан үзэх ёстой байна.
Оюун ухаан яаж ч хөгжөөд, оюун ухааны тусламжаар бүтээсэн юмс, орчин яаж ч боловсронгуй болоод экологийн цэвэр орчин, унаган байгалийн шимийг гүйцэж, давж орлож чадахгүй.
Өнгөрсөн түүхэнд удтал оршиж, өнөөдөр ч гэсэн хүмүүст нөлөөлсөөр буй олон төөрөгдлөөс хүн төрөлхтөн салах ёсгүй. Одоо цаг нь ирсэн, болсон, бид учрыг нь таньсан, сэхээрсэн. Оюун ухаан л хүмүүсийг буй болгосон, оюун ухааны бүтээсэн, бүтээх соёл л бидэнд хэрэгтэй, байгалийн хувьд бол хүмүүс зөвхөн л идэвхтэй хэрэглэгчид хэмээн мугуйдалж байсан цаг аль эрт урсан өнгөрчээ.

Өнөөдөр ч гэсэн тодорхой утгаар, тодорхой шалтгаанаар хүмүүс бид мичүүд мөн, бичүүд мөн. Жаахан л доошлуулж нэрлэх аваас бид ердийн хөхтөн амьтад, сүүгээр бойжигчид... Гэтэл бүр шашин, шашны томоохон зүтгэлтнүүд хүний байгаль болон нийгмийн мөн чанарыг бүрэн огоорч хүмүүс бол ид шид, элдэв увдисын бүтээгдэхүүн, дээд тэнгэрээс илгээгдсэн элч, бурхад, олон янзаар хувилан төрөх, тодрох чадавхтай сүнсний эзэд, үхээд оршуулагдах атлаа ертөнцийн эзний ивээлээр хэдэн зуу, мянган жилийн хойно ч амилан босож ирэх боломжтой, увдистай мэтээр сурталчилж, төөрөгдүүлсээр иржээ. Хүмүүс бол бурхдын бүтээл мөнийн учир, ялангуяа хаадууд бол дээд төрөлхтөн, тэнгэрийн элч мөнийн тул тэдний биед мэс хүргэж болохгүй, мэс ажилбарт өртүүлж болохгүй хэмээсээр эдгээж, анагааж болох өвчтөнг ч үхүүлсэн тохиолдол олон гарчээ. Хаад, язгууртнууд, цагаан ястай хүнийг аянга ниргэдэггүй, далайн бурхны ивээлд багтагчид усанд живдэггүй, дайны бурхдын хувилгааныг бууны сум даадаггүй, үхэшгүй мөнхийн шидийг олсон хутагтууд, тэдгээрийн хойд дүрүүд гэх мэтийн хуурамчлал тив бүхэнд, улс үндэстэн бүхэнд байсаар иржээ.

Эрт, эхэн үедээ үр жимс, ургамлаар хооллосоор хожуу нь олон идэштэн, анчид, махан идэштэн болсон, зэрлэг амьтдыг гаршуулж гэршүүлснээр нүүдэлчид, малчид болсон, зөвхөн хэдхэн мянган жилийн өмнөөс л газар тариалан эрхэлж суурьшиж эхэлсэн түүхэн процессыг хүртэл шашинчилж, элдвээр гуйвуулж, хоруу зорилгын үүднээс зориуд зохиомжлон өөрчилсөн сургаал, номлол ч олон гарчээ. Ийм ном, судрууд бүр их, дээд сургуулийн сурах бичгийн үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол ч цөөнгүй.

Ард олныхоо оюун санааны амьдралыг хий хоосон зүйл (чөтгөр, шулам, ид шид, бурхад гэх мэт), үл гүйцэлдэх итгэл, мөрөөдөл, шашны элдэв харгис урсгал, зан үйл мэтэд мухар, сохроор автуулж, эцсийн дүндээ ухвар мөчид хүмүүс, сүсэгтэн олноос өргөл, барьц цуглуулж түүгээрээ амьдарч, хөлжиж байх нь XXI зууны мэдлэг, ухамсрын үүднээс үзэх, үнэлэх ахул залилан, луйврын нэгэн төрөл, хэлбэр болж ойлгогдох болжээ. Ард түмнээ мунхруулах хэрэгт хуруу, хумс нэмэрлэх нь том нүгэл, ялангуяа оюунлаг, сэхээтэн хүнд байж үл болох алдаа, дутагдал юм. Өндөр, өргөн нэр хүндийг олсон лам хүн ч гэсэн мухар, сохроор сүсэглэх явдлыг сайшаах, дэмжих ёсгүй билээ. Хутагт, хувилгаад гээчдийн хойд дүрийг тодруулж байна гээд хүний нялх балчир хүүхдийг өөрт нь ямар ч сонголтгүйгээр шашин суртлын субъект болгож хувиргах нь хүний чөлөөт байдал, эрхийг ноцтой зөрчиж буй бусармаг үйлдэл болно.
Хүн ба байгалийн хүйн холбоо нь хүмүүсийн хувьд олон талын онцгой хариуцлагыг төрүүлж, нөхцөлдүүлж байдаг. Гэтэл мөнхүү хариуцлагын асуудлыг тухайлан судлах ажил орхигдсоор, хоцрогдсоор байна. Эх байгалийнхаа өмнө бидний хүлээх ёстой хариуцлагын зарим талыг бүр НҮБ-аас хуульчлан тогтоох хэрэгтэй. Энэ бол яав ч сайн дурын байх ёсгүй. Улс, үндэстэн нэг бүр хариуцлагаа сайтар ухаарч, үг дуугүй биелүүлж байх учиртай.
Хүрээлэн буй орчин, эх байгалиасаа л хүмүүс бүх талаар тэтгэгдэж, тэжээгдэж, олон янз энергиэр цэнэглэгдэж байдаг. Иймээс бид эх байгалиа, экологио цэвэр ариунаар нь, унаган төрхөөр нь байлгах, хадгалахын төлөө бүх нийтээрээ тэмцэх ёстой. Шаардлагатай хөрөнгө дайчлан гаргаж байх ёстой. Энэ талын анхаарал суларсан, тэмцэгчид цөөрснөөс болж хүмүүс бидний амьдралын чанар доройтож, өвчин халдвар газар авч, эрт хөгширч, нөхөн үржихүйн чадавхаа эр, эмгүй эрт алдаж, эх ба нялхсын эндэгдэл нэмэгдэж, халдварт бус өвчнүүдээр хүүхэд, залуучууд хүртэл амь насаа алдах болжээ.

Байгалийн амьтан гэдгээ мартаад бие, эрхтнээ зөнд нь хаяснаас болж яс сийрэгжих, үе мөч үрэвсэх, судас хатуурах, сахарын шижин, элдэв харшилд өртөх, хөдөлмөрийн чадвараа эрт алдаж тахир дутуу болох үзэгдэл ч хавтгайрсаар байна.

2018 оны 10-р сарын байдлаар дэлхийн хэмжээгээр үзэх ахул 6 секунд тутамд нэг хүн цус харвалт гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдэж байна. Шаардагдах арга хэмжээг цаг алдалгүй авдаг боловч жил бүр 15 сая хүн цус харвалтаас болж үхэж байна. Унаган байгалийнхаа орчин, нөхцөлд амьдарч байгаа хүн дүрстэй сармагчны хувьд цус харвах өвчин, саяар тоологдох үхэл байхгүй нь тодорхой билээ. Байгаль болон нийгмийн харьцангуй цэвэр, тайван гэхээр орчин, нөхцөлд аж төрж буй Монголчууд бидний хувьд гэхэд жилдээ 100 мянган хүний 250 нь цус харвалтанд өртөх болжээ. Өнөөдөр Монголд 10 хүний 4 нь судас хатууралтай гэж оношлогджээ. Мөн манай насанд хүрсэн хүн амын 28 хувь нь артерийн даралт ихтэй ажээ. Энэчлэн тоочих аваас муу, муудчихсан үзүүлэлт олныг нэрлэж болох байна.

Цэнхэр гариг маань хатуу, шингэн, хийн хөрсөөрөө (газар, ус, агаар) бид бүхнийг тэтгэх, тэжээх гэж амрах, завсарлах цаггүй “хөдөлмөрлөсөөр” байдаг ажээ. Эх байгаль маань өөрөө далай, тэнгисийн усыг нэрж, ууршуулж үүл манан болгоод бидэнд зориулж цэнгэг ус (бороо, цас) үйлдвэрлэдэг. Хөрсөн дээрх ус, газрын гүний ус, цас мөс ингэж л цэнгэг усаар сэлбэгдэж, нөөцлөгдөж байдаг.
Эх байгаль маань өөрөө өвс ургамлаараа дамжуулан усны молекулыг задалж хүчилтөрөгч болон ургамлын гаралтай уураг, шим тэжээл бэлддэг. Энэ бүхнийг эцэг өвгөд маань таньж мэдээд тэжээгч, тэтгэгч эх болсон байгалиа хүндэтгэж, дээдэлж, тахиж тайж иржээ. Уул, усаа талархан тахиж, тайлга үйлдэн цэнгүүн үүсгэдэг нь үнэндээ бол мухар сүсэг биш юм шүү! Ард олны хүндэтгэж, дээдэлж, талархаж буй зан үйл, бэлгэдлийг шинжлэх ухаанчаар ойлгож, уламжлан үлдээж байхын ач холбогдол тун их билээ...
Агаар бол хийн хөрс, ус бол шингэн хөрс, газар бол хатуу хөрс. Энэ гурав эрүүл байвал л хүмүүс бид эрүүл байх болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/