Удирдагч хүн нийгэмдээ аль болох сайн сайхан, өргөн цар хүрээтэй, хүчтэй нөлөө үзүүлэхийг л цаг ямагт, юм бүхэн дээр хичээн зүтгэдэг байх хэрэгтэй. Өөрөө хамгийн уян хатан бодолтой, янз бүрийн орчин нөхцөлд өөрийгөө зохицуулахад ямагт бэлэн байж,
бусдыг удирдан жолоодохдоо юуны өмнө чадлынхаа хэрээр ойлгуулж ухааруулж, сэтгэлийг нь төвшитгөн тайтгаруулж байгаад дараа нь зохих зүг рүү нь залж чиглүүлж эхлэх хэрэгтэй. Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэдэг, өөрөөр хэлбэл, биеэ бүрэн даасан байдалтай байхаар заяасан амьтан.Түүнийг нь албан хүчээр үгүй болгоно гэдэг хүний нь хувьд үл тоомсорлосон, хамгийн их гомдолтой, утга учиргүй зүйл мөн.Хүний сэтгэл санааг мөн сэтгэл санаагаар л засч залж чадна.Хүнийг үргэлж зэмлэж, их дуугаар зандарч зүхсэнээр сайн зам өөд залан хөтөлж чадахгүй.Хамгийн чухал нь юуны өмнө, залж жолоодож байгаа хүндээ итгэдэг болгоод өөрийгөө таньж, алгуур аажим аажмаар дэвжин, дэгжих замд оруулахыг хичээх хэрэгтэй.Анх харсан даруйдаа л хүний сэтгэлийн гүнд нэвтэрдэг чадвар эзэмшсэн хүн л олон түмнийг захиран жолоодож чадна.
Гарамгай илтгэгч байвч нөлөөлөх хүч, өгөөж нь дутмаг бол эгшигт хайрцагнаас ялгаа юун.Хамгийн чухал нь уран гоё яриандаа биш нөлөө, өгөөж хоёртоо л байдаг.Хүн алив хэрэг явдлыг шүүн тунгааж, дүгнэж цэгнэх өөр өөрийн арга барилтай байдаг.Тохиолдол бүрийн аяар өөр өөр хэмжүүр хэрэглэх нь ч буй.Зориуд хоосон цэцэрхэж маргахаас илүү мунхаг тэнэг зүйл гэж байхгүй.Хүнд итгэл төрүүлж, ойлгуулж ухааруулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байвал сайн.Гэхдээ бусдад бодол санаагаа хүчээр тулгахын төлөө жирийн байдлаар маргалаа ч гэсэн тэр бол утга учиргүй, ямар ч үр дүнгүй явдал л болохоос цаашгүй.Олон хүн өөрөө бусдаас ямагт дээгүүр байхыг санаархаж байдаг.Тэрнээсээ болоод бусад хүний хүчтэй тал, сайн сайхан зүйлийг хүлээн зөвшөөрөх уужим талбиун дотор ч үгүй болсон байдаг.Тийм хүн өөрөөсөө дөнгүүр яваа хүнийг үзэн яддаг.Харин хүний өө сэвтэй талыг олоод харчих юм бол “хурай”-н дуу хадааж гарна. Үнэндээ энэ бол хүн гэдэг амьтанд түгээмэл байдаг араншин. Элдвээр өөчилж гоочлохыг мэддэггүй дөлгөөн, зөөлөн, халуун сэтгэл бол тэнгэрлэг сайхан сэтгэл.Үргэлж хямарч байдаг, хүйтэн цэвдэг, өөнтөгч ярдаг сэтгэл бол адгуусны сэтгэл.Муухай аашаа хөдөлбөл түүнийг байдаг чадлаа хөвчлөн даруй үлдэн хөө.Аашны мууд хийсэн юухан ч бай өөдтэй болдоггүй.
Нэгнээ бүү муул
Нэрийг нь бүү хугал
Нас гэдэг ахархан
Нартын амьдрал богинохон
Хүн “алдар хүнд” өөд зогсоо жолоогүй тэмүүлж байдаг. Чухамхүү үүнээсээ болоод л бардаж сайрхах, баширлаж маяглах, бусдыг дорд үзэх, нүд хуурах, хардаж сэрдэх, атаархаж жөтөөрхөх, өс хонзон санах гээд үзэшгүй муухай олон нүгэл үйлддэг.Олон хүн өөрийгөө өө сэвгүй сайн, өрөөл бусдыг өөдгүй муу гэж бодон алдас хурааж явдаг.Хичээл зүтгэлийг минь үнэлсэнгүй, авъяас билигийг минь таньсангүй гэж гомдол мэдүүлж үглэж явдаг хүн олон байдаг.Үүгээрээ тэд зөвхөн өөрийгээ таниулж, үнэлэхүүлэхийн төлөө хичээж зүтгэж явсан гэдгийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм.Бид алдар хүндээ шударгаар зөвшөөрүүлэн хүлээлгэх ёстой юм.Нөгөө талаар бид аливаа хүнийг үнэлэж дүгнэж, шагнаж урамшуулахдаа нэн шударга байвал зохино.Өөрөө өөрийгөө шударга үнэнээр шүүж явах гэдэг тун хүсүүштэй чухаг зүйл юм.Өөртөө зохиогүй хоосон дэмий нэр хүнд олж авах шиг үнэхээр ичгүүртэй юм байхгүй.Хүн өөрийн байгаа хэр хэмжээнээсээ дээгүүр үнэлүүлж, магтуулж, шагнуулж, алдар цол авбал ичиж зовох ёстой юм.Өөрийнхөө хэр хэмжээ, буян дутмагийг бодохгүй, өрөөл бусдыг бүү хатуу ширүүн зэмлэж бай. Өөрийнхөө байгаа үнэн хэр хэмжээнээс дээгүүр,сүрхий хүн болж харагдах шиг огт хэрэггүй юм байхгүй. Битгий сайрхаж бардамна.Бүү уруу дорой царайл.Энэ орчлонд төрсөн хэн боловч өөртөө ноогдсон үүргийг л биелүүлж явах учиртай.Ерөнхийд нь бүхэлд нь аваад үзэх юм бол хүн бүрт, юм бүхэнд өөр өөрт нь оногдсон энэ цагийн оноо төөрөг гэж нэг юм бий.
Хүнийг сайн, муу, хараал идсэн, хайр булаасан л гэнэ, энэ бүхэн цөм бидний өчүүхэн аминчхан бодолд шийрлэсэн үзэмжийн төдий үнэлгээ.Аливаа хүнд сул тал, хүчтэй тал гэж байдаг.Бид хүчтэй талаа эрхэмлэлцэж, эмзэг муу сул талдаа ууч сэтгэлээр хандацгааж явах учиртай.Хэрэг явдлын мөн чанарыг, зөвхөн өнгөн талаас нь хараад буруу ойлгохоос болгоомжлох хэрэгтэй.Шунахай биш, ашигч сэтгэлгүй хүн бол элдэв маяг жаяггүй, зусардах зулгуйдах гэдгийг огт мэддэггүй юм.Та бялдуучилсан бүхэнд л итгэж дотносоод байх юм бол хэрэг дээрээ зусар зулгуй гэдгийг мэддэггүй, цэвэр ариухан сэтгэлтэй хүмүүсээс холдоод л байна гэсэн үг.
1. Өвөг дээдэс, ахмад үеийнхээ сургаж захьсан бүгдийг сур. Ахчлах, дүүчлэх ёсыг баримтлан яв.
2. Тэдгээрийн сургамж захиасыг эш болгон мөрд. Хэрэг явдлыг дараалан туршиж, бодит хүрээнээ хашир суу.Юм бүрийг тунгаан бодож, сайн ойлгож яв.Үүнээс ондоо гадуур зам үгүй.
Эрт цагаас нааш хамгийн эрхэм хүндтэй хүмүүс ч гэлээ тухайн цаг орчны нөлөөнөөс гадуур явж ирсэн нь нэгээхэн бээр ч үгүй.Хожим хойт үед ч тийм байх болно.Хүн гадаад орчноосоо хоол унд, хэл, ёс заншил зэрэг олон зүйлийг хүртэн шингээсээр бие сэтгэлийн хувьд өсч, төлжсөөр ирдэг жамтай.Орчны нөлөө гэдэг асар хүчтэй.Хамгийн гоц гойд хүн ч гэсэн төрсөн нутгийнхаа ёс заншлын нөлөөнд орохгүй байж чаддаггүй.Монгол үндэстний язгуурын үзлээр дөрөөлөн омог бардам, хийморь золбоотой, аливаа юманд үнэн зөв, гэгээн цагаан сэтгэлээр хандацгааж байя.
…Аливаа хүнд гомдож болдоггүй гурван зүйл байдаг.
1.Төрсөн эх, эцэг өвөг дээдэстээ
2.Төрөлх газар шороо, эх орондоо
3.Өөрийнхөө хувь заяандаа гомдож болдоггүй юм.
Хүн өөрөө өөрийгөө ажин шинжиж сурах хэрэгтэй.Юуны өмнө өөрийгөө таньж байж бусдыг таньдаг болно.Дотуураа гэгээрээгүй харанхуй хүнд юм бүхэн харанхуй харагдана.Сэтгэл оюун гийсэн цагт л юм бүхэн тод саруул үзэгддэг болно.Өөрийгөө тэнсэн тунгаадаггүй хүн өсөх, дэвжих гэдэг үгийн жинхэнэ утгаар өөдөлж өндийдөггүй юм.Ер хэн боловч өөрийгөө хатуу чанга, шударга шүүгч мэт ажин шинжиж явбал зохино.Идэр хүний сэтгэл гэдэг нэг талдаа цэвэр ариун, шулуун шударга авч нөгөө талдаа гэнэн багын уран хоосон сэтгэмжээсээ ангижраагүй байдаг юм.Сэтгэлээ аль болох уужим талбиж, хэрэг явдлыг гүн нарийн шинжин тунгааж бай.
Хамгийн урьдаар дотоод сэтгэл агуулгад өөрчлөлт орж, гадна тал хэлбэр нь түүнээ дагадаг.Хүн гэр орноосоо авахуулаад үндэстний хэмжээнд хүртэл жижиг, том янз бүрийн орчинтой холбоотой байдаг.Тийм учраас олон хүн янз бүрийн харилцааны эрхээр ухамсартай, ухамсаргүй алин боловч өөрийнхөө хүсэл зорилгоос гадуурх амьдралын гольдролд өөрийн эрхгүй орж явдаг.Өөрийгөө таньж мэдээгүй хүн л өчүүхэн юманд баярлаж хөл алдан, хэрэггүй юманд гутарч гуних нь амархан байдаг.Хүнд хамгийн чухал нь өөрийгөө жинхэнэ ёсоор танин мэдэж, хаана ч хэзээ ч өөрийгөө даруу бариу авч явах явдал юм.Ер нь ямар ч тохиолдолд бусдыг өөлөх зэмлэхээ урьталгүй, өөрийгөө гэгээрүүлэхийн тулд биеэ ажин шинжиж бай.Ам хамхилгүй боргож байдаг нохой аймхай байдаг.Хөөсөрч шуугиж, үсчиж цовхчин урсаж байгаа ус гүехэн байдаг.Ялимгүй юмны төлөө үргэлж үглэж зэмлэж байдаг хүн өчүүхэн сэтгэлтэй байдаг.Түмэн бэрхийг туулсан хүн л түмэн хэргийн мөн чанарыг мэддэг болно.Хал үзэж халуун чулуу долоож баймааж л хүн ариудаж, хатуужиж байдаг.Төмрийг галд улайсгаж, усанд сойж, лантуугаар эс давтваас төмөрт яахин хат суух вэ.Хөгжил дэвшил гэдэг зөвхөн хүний толгойд байгаа мэдлэгийн бус бодит туршлагын үр дүн мөн.
Орчин үеийнхэн бодит туршлагыг юманд боддоггүй, өрөөсгөл хоосон онол ном хөөдөгт л хамгийн муу бүхэн оршиж байна.Хүн өөртөө, хамгийн зовлонтой үед ч огт ажрахгүй, амгалан тайван байж чаддаг хат суулгах хэрэгтэй.Зөвхөн ном судар шагайсан төдийхнөөр бус хал үзэж баймааж нь тийм хат суудаг юм.Өдөр бүр зай завсаргүй юм л хийж байвал нэн сайхан амьдрал гэдэг тэр.Яагаад гэвэл сэтгэлд хоосон орон зай гардаггүй юм.Хүмүүс бие биеэ хайрлаж, өрөвдөж, талархаж байгаа цагт л жинхэнэ жаргал байна. Их мэргэд “Өчүүхэн доорд хүний нөхөрлөл бал мэт амттай, өндөр дээд буянтны нөхөрлөл ус мэт энгүүн байдаг” гэж айлдсан нь буй.Хонжоо харсан нөхөрлөл үзэх өнгөндөө таатай мэт байлаа ч ашиг дээр зөрөхийн цагт даруй дайсагнал болон хувирдаг жамтай.
Дээшээ долигнох дуртай хүн л доошоо их ширүүн байдаг.Тийм хүн тун их хөөрхийлөлтөй харагддаг.Ая тал зассан сайхан зан, чин сэтгэлийн найрсаг зан хоёр хоорондоо их ялгаатай.Хүн таныг зусардаж долигноод байвал цаана нь лавтайяа нэг далд санаа бий гэсэн үг.Өнгөний нь аяг аашаар хүнийг хуумгай үнэлж болохгүй.
Язгууртан дээдсийн өмнө гөлөлзөөд байх ч хэрэггүй
Ядуу доордост болхлээр ярвалзаж дээрхлээд байх ч явдалгүй
Хэний ч өмнө бид аль болох хэвийн сайхан
Хэрэггүй маяг жаяг гаргахгүй л байх нь эрхэм сайхан.
Жирийн хүний ертөнцөд аж төрж буй хүн, эгэл жирийн хүний ёсоор л бай. Харин та өөрийгөө элит, дээдэс хэмээн бодож жирийн олноосоо ангижран салж одвоос эцэстээ зөвхөн нийгмийн хоолноос хороодог төдийхөн өөдгүй өчүүхэн жижиг амьтан болж хувирна. Эдүүгээгийн байдалд сэтгэл хангалуун явдаг юмуу, өөрийгөө ажин хянаад, би ч хүний амьдралын түвшнээс дээш гарчихсан хүн юм гэж боддог бол та амьдралын мөн чанарын тухай их л эндүү ташаа ойлгож байна гэсэн үг.Нийгмийнхээ зэрэг зиндааг юманд боддоггүй хүн их алдартан ч бай, эгэл нэгэн ч бай, хүүхдийн гэмээр гэнэн сайхан сэтгэлтэн учир хамгийн ариун сайхан амьтан байдаг…
Удирдагчид нийгмийн мөнгөн сан хөмрөгийн тэнцэл тооцоо, үрлэг зарлагыг хамгийн хэмнэлттэй байлгахын төлөө бүгд хичээн зүтгэдэг байвал зохино.Нийтийн мөнгөн сан хөмрөгийг сэтгэл огт зовохгүй үрэн таран хийж, өөрсдийн явцуу эрх ашигт зарцуулж огт болохгүй.Бусдыг удирддаг хүн, хүнийг таньдаг, үнэлж цэгнэж чаддаг байх гэдэг зайлшгүй чухал.Тийм авъяас чадвар заяагаагүй бол хамгийн өвөрмөц их авъяастан байлаа ч гэсэн удирдах ажилд огт тэнцэхгүй.Хүн өөрийнхөө хариуцлагын хүрээн дэх ажил хэрэгт л хамаг бололцоогоо дайчлан, хэний ч албадалгүй зүтгэдэг юм.Хүний сэтгэлийн гүнд нэвтэрдэг чадвар эзэмшсэн хүн л олон түмнийг захиран жолоодож чадна.Орчин нь бүдгэрээд байхад улам л гялалзаад байдаг хүн л үнэхээр бишрүүштэй.
Бидний өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг тоглоомд ялагч, ялагдагч гэж байдаггүй, улам бүр хар амиа боддог болгож, амьдрах орчинг маань хэрүүл тэмцлээр буртаглан бузарлаж байна. Бид эе эвийг дээдэлсэн, оролцсон хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэн баярлуулдаг тоглоом бий болгох ёстой. Тохиолдлын замд сэтгэл бүү хана.Эрээд байвал цаана нь илүү сайн жинхэнэ зам олон бий.Өвөг дээдсийнхээ ач буяныг мэддэггүй одоо цагийнхан, өөрсдийнхөө өөдгүйд үнэнхүү харамсч байгаа үедээ л их хөгжил дэвшлийн зах руу алхаж орнo.
Хаан аавын сэнтий хар тортгоо сэгсэрч
Xатан ээжийн голомт бузар буртгаа гүвэн
Ард олны сэтгэл санаа ариусч
Сайн сайхан цаг ирж байна…
Эвгүй бол эвдэрдэг
Эетэй бол бүтдэг
Эрмэлз, хичээ. Гагцхүү
Элдвээр бүү харшилд
Өшөө хонзон,цэвдэг сэтгэл
Өөдтэй юманд огт хүргэхгүй.
Амьдарна гэдэг хөдөлж байхын нэр.Иймд гар хөл, толгойгоо аль болох их ажиллуулж бай.Тогтмол ус дороо л ногоорч өмхийрдэг.Хамгийн сайн ажил үйлс ч гэлээ олон түмэн эс мэдвээс үр дүнтэй болдоггүй.Тийм учраас ажил бүтээл хэчнээн сайн болно, төчнөөн хэмжээгээр сайн сурталчилах хэрэгтэй. Манай үргэлжилсэн үгийн их мастер Чадраабалын Лодойдамба агсан “Амьдрал бол тоос хөдөлгөн амьдрахын нэр биш. Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр” гэж хэлсэн байдаг.Хүн зоныхоо сайн сайхны төлөө зовлон бэрхшээлийг тэсвэрлэн туулна гэдэг жинхэнэ хүн шиг хүний явдал.Сүүлд нь ямар ч учир зүйтэй шалтаг, шалтгаан тоочиж болох бай хамаагүй, гагцхүү өрөөл бусдад төвөг удах үйлийг л бүү үйлд.Бусадтай сэтгэлээ хуваалцаж, сайхан санаагаа бусдад үг сэтгэлээрээ харамгүй зориулж бай.Энэ бол яндашгүй бөгөөд ямар ч гарзгүй өглөг юм.
…Цангаж ангаж яваа нэгнийгээ
Цангаа юугий нь тайл
Аяншиж ядруу яваагаа
Амрааж буудаллаад явуул
Аяа тэгвэл чиний
Ажил төрөл чинь аяндаа бүтнэ
Амраг хань чинь үнэнч байна
Алаг үр чинь эрүүл байна.
Гэгээрэл бол амьдралын хөдөлгүүр юм.Гэгээрэл мөрөөдөлгүй болсон хүнд юу ч тус болох нь өнгөрсөн хэрэг.Гэгээрэхгүйгээр амьдрах гэдэг жинхэнэ амьдрал биш үхсэнээс ялгаагүй.Хүний сэтгэл оюуныг эрхэмлэж дээдлэн үздэггүй улс орон сайн сайхан үр дүнд хүрдэггүй.Хүний ертөнцийн мөн чанарын талаар нэвтэрхий гэгээрсэн хүн үнэхээр эрхэмсэг, номхон, зоригтой, энгүүн, найрсаг сайхан зантай байдаг.Ажил хийх сонирхолтой, гэгээрэл тэмүүлэлтэй, зорилготой байх гэдэг нэн сайхан хэрэг.Бусдыг зүгээр л дуурайгаад байх биш, бусдын жишээгээр өөрийгөө өөд татаж яв.Тийм баймааж нь л хүн баяр баясгалан дүүрэн, шулуухан урагшаа явж чаддаг болно.Энэ ертөнцөд та шалтгаан, үрийн жамыг үл ухаардаг, энэ ертөнцийн амьдралын дараа биднийг үл мэдэх нөгөө ертөнцийн хатуу ширүүн шүүлтүүр хүлээж байдгийг үл ойлгодог, сайн муугийн ялгамжааг үл мэддэг, зальхай бусармаг хүмүүс лүгээ бүү нийл.Муу үйл үйлдэгч ямагт бууран доройтож явдаг.Сайн үйлстэн үргэлж өөдлөн дэвжиж байдаг.Энэ бол хэзээ ч юухан дээр ч яв цав байдаг хатуу жам хууль мөн.
Одоо гэдэг хормыг л мөнхчлөн бясалга
Одоо л хамгийн сайн үйлээ үйлд
Одоо гэдгийг л эрхэмлэн дээдлэ
Одоогийнхоо цэвэр би-г илтгэн гарга
Эгэл сайхан зүрх сэтгэлийнхээ аяыг дагаад
Эцэс төгсгөлгүй аяныхаа замыг үргэлжлүүл, залуус аа...