Уншиж байна...

"Цагаан сар" хэмээх өнөөгийн Хятадын Ганьсу мужийн Зонхова ( Сонгинотой ам) гэх газарт 16 р зууны эцсээр төрсөн гэгддэг Монгол Түвдийн эрлийз байх магадлалтай Лувсандагва ламд зориулсан түүнийг бурханчлан бусдад шүтүүлж, номлолд нь сүсэглүүлэхийг оролдогч түвдэч шашны урсгалынхны зохиосон Шашны зан үйлийн тухайд!!! Учир нь Буддын гүн ухааны их ( нийтээрээ гэгээрэх) бага ( хувь хүний гэгээрэх) сургааль номлолд ямар ч байсан манай Монголын газар нутгийн УС САХИХ ЁС-СУУРЬ ХӨЛГӨН тэй холбоотой ямар ч сурвалж байдаггүй болно.

 


Буддын гүн ухааны ард сайтар нуугдсан Тангад номлолоор тархи угаагч Түвдистүүд, шар хувраг хувалзууд, Ардчилсан Либерал Америкист номлолоор тархи угаагч ХАРВАРДын Хар Хуврагууд аль аль нь бидэнд тэрс, биднийг мухар сүсэгт хөтлөн эх орны минь эзэнгүйдүүлэгч, төрийг хүчгүйдүүлэгч, ард түмнийг хүн сүрэг Зомби болгогч Хорлол юм. Ямар ч хүнийг өөрийнхөө түүхэнд яаж хандаж байгаагаар нь хэн гэдгийг нь тодорхойлох маш хялбар байдаг. Түүх яахав дээ байсан л юм байгаа биз! Тэр Чингис их гүрэн байгуулсан гэсэн! хэмээн ярих хүмүүс бол харь цуст харь сэтгэлтнүүд эсүхэл тэдэнтэй нийлж төрөл арилжсан Усан тэнэгүүд болой. Их Чингис хаан болон Модун хаадаараа бахархан өөрийгөө тэдний хойчис, тэд л амь биеэ үл хайрлан бидний өнөөдрийг бидэнд өгсөн, бид тэдний үргэлжлэл, тэд байгаагүй бол бид ч өнөөдөр байхгүй байх байсан хэмээн ухамсарлах хүмүүс бол Уг, Удам, Гарвал Үүслээ мэдэгч,залгамжлагч Ухаантнууд болой. Харин өв түүх, өвөг дээдсээ, их хаадаа Ирээдүй хэмээн ухаарч итгэгчид, өвлүүлэгчид бол Ирээдүйг бүтээгч, зөгнөгч Мэргэд Сэцэд мөн.

Өнөөдрийн Монголчууд бидэнд өөрсдийн түүхээ түүхчдийн амьгүй түүхэн баримтын хэлхээс маягаар ухаарах бус харин Түүхэн Гүн Ухааны( түүхэн логик) талаас нь өвөг дээдсийнхээ, их хаадынхаа Итгэл-Сэтгэл-Зүтгэл гурамсан холбоонд нь, Мөнх тэнгэр шүтлэг, зан заншил, соёлын цогцоор нь ухаарч хоорондоо ойлголцох юу юунаас илүү чухал болов. Эс тэгэх аваас агуу Монгол ( Мөнх гал) хэмээх үндэстэн мөхөхөд ч ойрхон иржээ. Мэдээж Монгол гэдэг нэрнийхээ утгыг ч үл мэдэх Монгол улсын Иргэдтэй харийн колони Монгол гэгдэх Улс де жүри үлдэж магадгүй. Миний бие Манж, Хятад, Түвдийн хойчис өнөөгийн Монгол улсын иргэдийн өвгөдийнхөө сүнсийг тээгчийн хувьд Буддагаа, Лувсандагваа шүтэн сүнсээ тайван байлгах заяагдмал эрхийг нь хүндэтгэх төдийгүй тэдний хувьд зөв хэмээн хүлээн зөвшөөрдөг. Мөн түрэг, уйгар угшилтай Монголын иргэдийн Христ, Мохамедаа шүтэх заяагдмал жамын эрхийг нь ч хүндэлдэг байх ёстой гэж боддог.
Харин бидний Монголчуудын (мөнх галынхны) шүтлэг, зан заншил, соёлыг үгүйсгэх, үймүүлэх, устгахыг оролдох аваас үл тэвчму. Агуу их хаан Чингис маань дөрвөн тэрс, таван өнгийн арьстангуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор нэгтгэн Их Монгол улсаа байгуулахдаа тэдний заяагдмал жамын эрх болох унаган шүтлэг, өвгөдийнх нь сүнснээс салгаагүй учраас бүгдийнх нь итгэлийг авч хүндлэлийг хүлээсэн билээ. Их хааныхаа дор бүх шүтлэгтнүүд Их Монгол улсын АХУЙ ТӨР ийн ивээлд эвтэй найртай, элэг бүтэн, амар амгалан амьдарч байсан лугаа адил өнөөдрийн бид нар ч мөн тэгэх ёстой. Үүний тулд Монгол улсын иргэн бүх төрлийн шүтлэгтнүүд бие биенийхээ шүтэх эрхийг хүндэтгэн, өөрийнхөө итгэл үнэмшлийг бусаддаа үл тулгах, туйлшрахгүй байх ёстой. Хамгийн гол нь ИХ ЗАСАГ ХУУЛЬ буюу Монголын газар нутгийн байгалийн Жам хуулийг зөрчихгүй, өнөөгийн Монголчуудын амьдарч буй эх орон, газар нутгийн СУУРЬ ХӨЛГӨН ий ёсыг эвдэж үл болму. Газарзүйн байрлал болгон өөрийн жамын зүй тогтолтой, тэр нь тухайн нутгийн СУУРЬ ХӨЛГӨНИЙ ЁС буюу УС САХИХ ЁС хэмээх хэн ч зөрчих ёсгүй ИХ ЦААЗ-ДЭЭД ХУУЛЬ байдаг. Иймийн учир цаашид Монголд иргэншсэн МАНЖ, ХЯТАД, ТҮВДИЙН хойчисууд МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ОРШИХ Мөнх галын соёлт Монголчуудын УС САХИХ ЁС ыг даган голомт голомтондоо өөр өөрсдийн Шүтэх, Сүсэглэх, Мөргөх соёлоороо амьдрах учиртай. Харин Ахуй амьдрал, аж төрлөө хамтран шийдэхийн тулд Монголын АХУЙ ТӨР ийн тамган дор эвлэлдэн, эелэлдэн амьдрах ёстой. Монголчууд бол Монгол( мөнх гал) хэмээх аймгын тэргүүн Тэмүжин Их эзэн Чингис хаан цол авч өргөмжлөгдөн байгуулсан нүүдэлчдийн их гүрний голомтыг сахигч Мөнх тэнгэр шүтлэгт, Мөнх галын голомтын соёлтой хүмүүс билээ. Иймд Их хааныхаа даган амьдарч байсан Их ёс, дагалдах соёл, зан заншлаар амьдрах нь өнөөгийн Монголчуудын үүрэг, зөрчиж үл болох цээр, хорио юм. Ингээд өөрийн багш түүхч, гүн ухаанч, зохиолч Н.Нагаанбуу агсантай хамтран бүтээсэн " Монгол ухаан есөн эрдэм" номныхоо "Монгол зурхай" бүлгээс хүргэе та бүхэндээ. Авах гээхийн ухаанаар шүүн амьдрал ахуйдаа зөвөөр тусган авна хэмээн найднам.

МОНГОЛ ЗУРХАЙН УХААН.

Түлхүүр үг: " Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг"
Бэлгэдэл: Алтан гадас долоон бурхны тахилга.

Монгол зурхайн шинжээ.

Монголчууд эртнээс гарагуудын хөдөлгөөний давтагдах хугацааг 360 хоногт багтаан нэг жил гэж нэрлээд түүний дөрвөн улиралд давтан ажиглагддаг зүйлээр сар бүрийг нэрлэсэн байдаг. Түүх бичгүүдэд Монголчууд хавар биш, " Хувь сар жилийн дээж, Хул чигээ идээний дээж" гэж намар шинэлдэг, хувь хулгана сар нь намрын өдөр шөнийн тэнцлийн үед, нарны замын шинж дохиогоор тогтоох улирлын тахилгатай, хааны амрыг эрж цагаан сарын үедээ төрийн их хурилдайгаа энэ үед хийдэг гэх мэттэс өөр ёс заншил илэрдэг, ул мөр нь одоо ч байсаар байна. Тэр нь нэгэн жилийн үр боловсорч, ургамал ногоо хагдран гандах, нэгэн хаврын төл сүүнээс гарч өвсөнд орж нас нэмэх байгалын жамаар тооцсон намар цагаас шинэ он эхлэдэгт байжээ. Монгол ухаан эрдэм, соёл, түүх, угсаатны зүй, гүн ухааны үүсгэл суурь нь үндэс язгуурын зурхай цаглабар гэж дүгнэвээс үнэнд нийцэх бөгөөд өвгө дээдсийн энэхүү сонгодог ухаанаа ямагт харийн зүйлээр төсөалөх эрлийз сэтгэлгээ нь өвөг дээдсээ басамжлан доршоосон нүгэл болж ичгүүртэй алдаа эндүүд хүргэжээ. Монгол зурхай цаглабар бол түүх, соёл, сэтгэхүй, угсаа зүй, гүн ухаан, малч нүүдэлч эрдэм, ёс заншил бүхний үндсийг хадгалсан шинж тэмдэг дохионы өв, суурь шинжлэх ухаан атал өдий хүртэл хайхраагүйгээс дээрх ухаанууд гал голомт төвөө ололгүй төөрөлдөж харьд автсан, үндэсний төрхөө алдсан барих барьцгүй сарнимал байгаа болно. Батлагаа нь Монголын эртний оньс үг, туульс домогуудад зөндөө бий.

Тэр нь:
Хаврын тэргүүн сар.
Ичигсэд хөдлөнө. Өдөр шөнө тэнцэнэ. Харз ус урсана. / 3 сарын 22/.
Зуны тэргүүн сар.
Буудай боловсроно. Нар буцна. Хөхөө донгодно. / 6 сарын 22/.
Намрын тэргүүн сар.
Цагаан хяруу унана. Намрын өдөр шөнө тэнцэнэ. / 9 сарын 22/.
Өвлийн тэргүүн сар.
Их хүйтэн. Нар буцна. Ес эхлэнэ. / 12 сарын 22/. ( БНМАУ-ын "Угсаатны зүй" Хамтын бүтээл. 1-боть).
Тайлбар. Эндээс харахад эртний Монголчуудын жил улирлын эхлэлийг Шинжлэх ухааны байгууллага тухайн үед зөв судалж " Угсаатны зүй" 1-р ботид тэмдэглэж үлдээсэн нь бахархал юм. Монголын хаврын сар есөн есийн жавар тачигнасан, газар хөлдүү өвлийн цагт биш, 3-р сарын 22-ноос эхлэдэг бол "Чингис хааны мэндлэсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн" мэдээж есөн ес эхлэх, бас нар буцах өдөр буюу 12 сарын 22 болох нь тов тод байна. Баримт: Эртний Монгол зурхай. Мөн Монгол улирлын тоолол жилийн дөрвөн улирлын тахилгатай ( дөрвөн тайлгын наадам, дөрвөн цагийн хурим...) бөгөөд жилийн турш тэдгээрээс өөр баяр наадам гэж үгүй байжээ.

Намрын тэргүүн сарын шинийн нэгэнд ШИНЭЛЭЛТ

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд есөн ес эхлэх өдөр Их эзэн Чингис хааны төрсөн өдрийн мялаалгадын тасман тахилга.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сүү сүргийн тахилга ерэн есөн гүүний сацал өргөх тахилга.
Зуны тэргүүн сарын арван зургааны тэргэл өдөр төрийн их тахилга наадам гэж эрт дээрээс ёслож наадан цэнгэж иржээ. Зун тэргэл өдрийг сонгосон нь жилд нар сарны байрлал жаргах мандах ганц тохиолыг сонгосон учиртай. Ийнхүү дөрвөн улирлын эх өдөр шөнө тэнцэх болон хамгийн урт хамгийн богино шөнө өдрүүдийг сонгосон нь уг зурхай нараар улирлаа мөн нараар өдрөө, од мичидээр шөнийн хугацаагаа яв цав тодорхойлж чаддаг байсан түгээмэл эрдэм ухаан байсан хэрэг. Жилийн бусад өдрүүд бүгд эгэл бор хоног шар өдрүүд бөгөөд тэдгээрт сайн муу гэх шинжээ байдаггүй. Харин дээрх дөрвөн өдөр хүн болоод байгалын хамаг амьтанд гойд нөлөөлдөг байна. Жишээ нь 9 сарын 22 ноос усны шувууд буцах болсноо мэдэх, хулгана тарвага зэрэг мэрэгчид ичээгээ хурааж эхлэх, 3 сарын 22 ноос хаврын улирал эхлэх өдрөөс ичээний амьтад сэрэх, ичээгээ түлхэх, усны шувуудын түрүүч ирэх, цөн түрж мөс хайлж шалбаагдах зэргээр жинхэнэ хаврын шинж орох нь ургамал амьтанд ч нөлөөлдөг өдрүүд юм.

Монгол тооллын сарууд нь
А. Намрын гурван сар.
Хувь- хишиг түгээх
Хужир- мал хужирсах, тарга чамбайрах
Өөлжин- өчүүхэн өвөл.намрын хүйт
буюу Монголын 1.2.3 сар. Григорийн тооллын 9/22-с 12/22
В. Өвлийн гурван сар.
Хөхүй- хүйтэн. Хөхөө өвлийн хүйтэн гэж одоо ч ярьдаг есөн ес эхлэх.
Улар- жавар улирах, улирал гэдгийг Монгол бичгээр улараху гэж бичмү.
Ури- ури ирэх утгыг ойр үер үри гэх мэтээр ташаа буулгасан үзэгддэг. Урь орох утга.
буюу Монголын 4.5.6 сарууд. Григорийн тооллын 12/22-с 3/22
С. Хаврын гурван сар.
Гур- туурт амьтан гөрөөс төллөх
Буга- буга эврээ гээх
Хуц- хуц сэхэж хөг зүүх
буюу Монголын 7.8.9 сарууд. Григорийн тооллын 3/22-с 6/22
Д. Зуны гурван сар.
Халуун- халубтар халуувтар, калун, кулан гэх мэтээр бичсэн үзэгдэх үг. Арван сарын аагим халуун гэж туульст бичигдэх зуны тэргүүн сар.
Бороон- боруган
Хөглөр- көглөр, ногоо хөглөрөх сүүл сар байсныг олон түүхэнд тэмдэглэсэн бий.
буюу Монголын 10.11.12 сарууд. Григорийн тооллын 6/22-с 9/22.

Эдгээрийг 12 амьтдаар орлуулан түүхчилсэн байдаг ба тухайлбал
Хувь Хужир Өөлжин саруудыг хулгана үхэр бар буюу намрын 1.2.3 дугаар сар, Хөхүй Улар Ури саруудыг туулай луу могой буюу өвлийн 4.5.6 сар. Гур Буга Хуц саруудыг морь хонь бич буюуу хаврын 7.8.9 дүгээр сар, Халуун Бороон Хөглөгөр саруудыг тахиа нохой гахай буюу 10.11.12 дугаар сарууд гэнэ. Тоогоор дэс дараалж 7 сар гэвэл морь буюу хаврын тэргүүн сар. 12 сар гэвээс зуны адаг хөглөгөр сар байх жишээтэй болно. Гэхдээ жилийн 360 хоног григорийн тооллын 9/ сентябрь/ сарын 15-нд дуусдаг бөгөөд өдөр шөнө тэнцэх 9 сарын 22 буюу Монголын шинэ оны тэргүүн Хувь буюу Хулгана сар эхэлтэл 5-6 хоног дутуу байгааг битүүн гэнэ. Энэ нь 6 хоног битүүрэх өндөр жилүү? 5 хоногийн дараа шинэ он гарах нам жилүү? гэдэг нь эс мэдэгдэх тул дээр үед 7 хоног битүүрдэг байлаа гэдэг тэр хугацаа бөгөөд БИТҮҮ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа битүү утга болно. Энэ жил хэн ч мэдэхгүй битүү соёолон түрүүллээ гэдэг шиг юм. Жил улирлын энэ нөхөлтийг гаргасан өвөл хавар 180 хоног, зун намар 185-186 хоног гэсэн тооцоо нь шинжлэх ухааны өнөөгийн судлагааны дүнтэй яв цав таарч буй нь маш гайхамшигтай. Иймээс Монгол зурхай билгийн ( сарны) биш нарны тоолол бөгөөд сарыг тэмдгийн соёл болгож хэрэглэдэг нь энэ жилийн эх хулгана өдөр хэдний сар гарна түүгээр жилийн турш сарын эхлэлээ нэрлэж бэлгэдэл дохиогоо шинждэг ёстой байжээ. Зурхай гэх Монгол үг нь нар сар оддын хөдөлгөөн байршлыг зурж гаргасан үр дүн, цаглабар тооцоо, цаг зүг зэргийг хүний хувь заяатай холбогдуулах од зүй орчлон ертөнцийн хамаарал, хүн байгал, гүн ухааны хам утга, тавилан төөргийн зургийг шинж тэмдэг дохиогоор илэрхэйлэх үйл ажээ.


Энэ зурхайгаар Монголын нууц товчоонд дурдагдсан он цагийн мэдээнүүдийг тэмдэглэсэн тул тэдгээрийг Хуанли юм уу Литээр шалгах нь зээрийг бөөр гэсэнтэй адил зөрүү бурууд хүргэж эх түүхийг будлиантуулсан юм. Энэ мэт ялгааг ухаарах нь эл сэдвийн өмнөтгөл шаардлага болно.

Мөн Нанхиадын цаглабарыг ХУАНЛИ, Түвдийнхийг ЛИТ, Монголынхыг ЗУРХАЙ гэдэг өөр өөр зорилго, аргачлал бүхий цаглабарууд болохыг зааглан салгахгүй " Дорно дахины" гэж багцаалан ойлгосон нь алдааны үндсийг архагшуулжээ. Ерөөсөө тариалан шүтсэн суурин төвтэй дорно иргэншлийн ХУАНЛИ, сүм хийдийн ЛИТ хоёрыг нүүдэлч малчдын гол соёл "ЗУРХАЙ" тай адилд үзэх нь Европийн "КАЛЕНДАРЬ"-г ЗУРХАЙ гэсэнтэй төстэй эндүүрэл юм. Гэхдээ Монгол Хуанлич, Монгол Литэч эрдэмтэд түүхэн он жилүүдэд тухайн салбарт хувь нэмрээ оруулсныг, тийм мэргэжилтэн өнөөдөр ч шаардлагатаыг үгүйсгээгүй. Цагийн тухайд зөвхөн нар ургахаас жаргахын хооронд тооцолтой бөгөөд шөнийн хугацааг мичид марал долоон бурхан од зэргийн орчил хөдөлгөөн байршил хугацаагаар хэмждэг байжээ. Иймээс ЦАГ ХУГАЦАА хоёр нийлж нэг хоног болдог. Түүнийг товч дурдваас:
Хулгана цаг: Үүр хяраалж одод билчиж эхлэхээс нар уулын орой тоононы хүрээн дотор байх. Энэ цагийг Зурхайн эхэн гэж бэлгэдэн бэрээ гэрээс үдэх, даахинд гар хүрэх зэрэг ёс бүхнийг хандуулдаг.
Үхэр цаг: ямар ч үед малаа билчээх нар унины дунд хүрэх ба хэтрэх үе. Зунд өвсний хөр чийг, өвөл хавар намарт хяруу цан хүүрэг буух үе. Малын дотор тарга тэвээргэнд муу гэдэг.
Бар цаг: " бар цагт босохгүй бол өдрийн ажил шившиг. Бага насанд сурахгүй бол насны эцэст шившиг" гэдэг үг эндээс гарчээ. Нар ханын толгойд хүрэх хэтрэх үе.
Туулай цаг: нар ханын дунд хүрэх хэтрэх үе.
Луу цаг: нар газарт буух нүүх үе.
Могой цаг: нар гэрийн үүднээс эгц хойно могой зүгт чанхлах хэтрэх үе.
Морь цаг: нар чанх хойноос морь зүг буюу гэрийн зүүн хойно хүрэх хэтрэх үе.
Хонь цаг: нар хонь зүг буюу зүүн хойно хүрэх хэтрэх үе.
Бич цаг: нар зүүншилж хана өгсөх бич зүг.
Тахиа цаг: нар ханын элэг өөд өгсөх тахиа зүг.
Нохой цаг: нар унины дундаас тоононд хүрэх нохой зүг.
Гахай цаг: нар тоононоос гарах үдшийн гялаан одод зулзгалж эхлэх үе.

Энэ үеийг Зурхай шувтарсан цаг гэж ихэд цээрлэх ба морио аргамжаагүй бол үдэш өнгөрөөж шөнө болгоод гардаг. Үүрийн үйлийг ихэд бэлгэшээмүй. Харин ганцхан морь цаг Түвд Литтэй давхцаж таардаг бусад бүх цаг үйл зөрдөг болно. Жишээ нь Түвд Литийн хулгана цаг шөнийн 11-01 цагт таардаг бол Монгол цагаар тоононд хүрээндээ гараагүй байх гэх мэт. Зүгийн тухайд ч зөрдөг бөгөөд Монгол зурхайн хулгана зүг гэрийн баруун урд хана үүд хоёрын бэлчир байх ба гэрээ эндээс эхлэж барьдаг хошлонгоо ч эндээс эхлэн татдаг бэлгэдэлтэй байх жишээтэй. Гэтэл Түвд Литийн хулгана гахай зүгүүд гэрийн хойморт таардаг муу ёртой. Иймд Монголын нууц товчоонд дурдагдсан он цагийн мэдээнүүдийг тусхайлан судлах, Монгол ёс заншлын гол ноён нуруу болж ард түмний ахуй амьдралд одоо хүртэл уламжилсаар байгаа уг Зурхайг судлах түүх, гүн ухаан, угсаатны зүйн шаардлага ч байгаа болно. Гэхдээ энэ нь одон орончдын юмуу Хуанлич Литэч нарын хийх ажил огт биш, юуны өмнө түүхчдийн гүйцэтгэх үүрэг гэдгийг онцлон анхаарах ёстой. Нанхиад Хуанли, Түвд Лит, Европ календарь, Монгол Зурхайн үндсэн онцлог, өвөрмөц агуулга, арга зүй зэргийг харгалзсан судалгаа өнөө хүртэл хийгдээгүй, анхны сэдэл тул эхнээс нь энэ мэт учрыг таниулах шаардлага байгаа болно.
Үргэлжлэл бий.( намар шинэлдэг байсан тухай)

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

Бусад мэдээ

Apr 04, 2024 350

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 305

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 116

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 203

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/