Уншиж байна...

Торгууд ястнууд өдгөө ОХУ-ын Халимаг, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Ганьсу муж, манай улсын Ховд аймгийн Булган суманд бий. Торгууд ястныг Хэрэйдийн Ван ханы торгон цэргийн бүрэлдэхүүнээс анх үүсэлтэй хэмээн үздэг. Учир нь Торгуудын ноёдын ургийн бичиг Хэрэйдийн Ван хаанаас эхтэй байдаг аж.


Торгууд нэрийн тухайд “Монголын нууц товчоо”-нд Хэрэйдийн Ван хан мянган турхагууд цэрэгтэй хэмээн бичжээ. Турхаг нь том, биерхүү гэсэн утгатай монгол үг аж. Турхаг нь хэлний хөгжлийн явцад торгууд болон хувирсан гэж судлаачид үзжээ. Өөр нэг хувилбар байдаг нь торгуудыг захирч байсан Амгалан тайш харьяат албатаа дагуулан Ойрадын Тогоон тайшид дагаар ороход тэрбээр “Танай албатууд хүдэр чийрэг биетэй тул Торгууд хэмээн нэрлэе” гэсэн тул ийнхүү нэрлэх болсон гэдэг байна.
Хэдэн зууны явцад торгууд ястнууд олон газар шилжин нүүдэллэж, амьдрах орчин, эрхлэх аж ахуйгаа өөрчилж байсан ч үнэт өв соёл болсон хувцас хэрэглэлээ эртний уламжлалаар нь хадгалсаар иржээ. Торгууд хувцас нь захчин, дөрвөд, баяд, урианхай ястны хувцастай ерөнхийдөө төстэй боловч онцлог зүйл нэлээд бий.
Торгууд эрэгтэйчүүд өвлийн улиралд цагаан нэхий дээл өмсдөг. Энэ нь эргэдэг захтай, дөрвөлжин энгэртэй, ташаандаа оноотой, хар өнгийн өргөн эмжээртэй. Харин зуны улиралд цагаан, хөх, шаргал өнгийн даавуун тэрлэг өмсдөг байна.

Торгууд эрчүүдийн гутлыг тоокуу гэж нэрлэдэг бөгөөд бусад ястныхаас их өвөрмөц. Тоокууг хийхдээ ахрын ноос зулж, түүнийгээ халуун, бүлээн, хүйтэн усаар олон дахин норгон хатууруулж, дараа нь хөлийн хэв гаргах зэргээр маш нарийн аргаар хийдэг байна. Эсгий оймсонд үхрийн ширээр ул хийж, сураар бэхлэн оёдог. Тоокууг хар, цагаан өнгийн эсгийгээр хийдэг бөгөөд хар өнгөөр хийснийг нь баяр ёслолын үеэр өмсдөг гэнэ.
Торгууд эмэгтэйчүүд жилийн дөрвөн улирлаас үл хамаарч тоорцог малгайгаар гоёдог. Тоорцог дээр луу, зоос, эрвээхэй хээг шүр хэлхэн урлаж, урд талд нь өглөг, буяныг бэлгэдэж цагаан мөнгөөр хийсэн зэндмэнэ хаддаг аж. Тоорцогны бүслүүрийг шар, дээд хэсгийг нь хар өнгийн торгоор оёно. Орой дээр нь дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдэж найман хошуу суурьтай сүмбэ зангидаж, улаан өнгийн урт цацаг унжуулдаг. Бусад ястны эмэгтэйчүүдийн тоорцогны орой зургаан талтай байдаг бол торгуудынхыг талгүй хийдгээрээ онцлог.

Торгууд эхнэрүүдийн ёслол хүндэтгэлийн хувцас нь ханцуйгүй урт цэгдэг. Үүнийг дэрвэгэр мөр, задгай энгэртэй оёж, бэлхүүс, суга, хормойг нь улаан даавуугаар гурван хуруу орчим өргөн эмждэг. Бэлхүүсний эмжээр дээр хар торго юм уу, эсвэл савхиар дөрв өн ширхэг төдүүл оёдог. Энэ нь торгуудаас бусад ястны цэгдэгэнд байдаггүй. Цэгдэгний энгэрийг нь дөрв өн Ойрадыг бэлгэдэж, нарийн дөрвөн эмжээрийг зэрэгц үүлэн эмждэг аж. Цэгдэгний дотуур лавшиг буюу тэрлэг өмсдөг. Тэрлэгээ ихэвчлэн хөх, хар, цэнхэр, ногоон өнгөөр хийдэг бөгөөд улаан өнгө голлож эмжсэн догол энгэртэй, жижгэвтэр нударгатай. Тэрлэгэндээ цагаан өргөн зах хаддаг уламжлалтай. Энэ нь эрт үед бие халхлах урт нөмрөг байснаа хожим богиносож зах болсон аж. Ховог сайрын торгууд (Ховог гол, Сайр хэмээх уулаар нутаглаж байсан торгуудууд) эхнэрүүд хүрэн өнгөтэй бишмүд буюу тэрлэгээр жирийн үед гоёдог. Бишмүдийнхээ гадуур тэд цэгдэг өмсдөггүй. Ёслол хүндэтгэлийн үед хар өнгөтэй бэрзээр гангардаг байна.
Торгууд малгай бусад ястныхаас нэлээд онцлог бөгөөд олон төрөлтэй. Тэд тоорцог, жатаг, живэр, халбан гээд олон төрлийн малгай өмсдөг. Торгууд ястны настай хүмүүс нь өвлийн улиралд ихэвчлэн хэрээн живэр гэдэг малгай өмсдөг байна. Малгайн гадна талыг хөх өнгөөр бүрдэг бөгөөд оройг нь улаанаар оёж, мөн өнгийн сүмбэ зангиддаг. Богино саравч, дал хүрсэн урт шилэвчтэй. Малгайн чихийг үнэгний арьсаар доторлож, ард талаас нь улаан өнгөтэй хос тууз зүүдэг. Хэрээн живрийг торгуудаас бусад ястан өмсдөггүй. Тиймээс “Хэрээн живэр малгайтай, Хэдэр ядар үгтэй торгуудууд” гэж хэлжээ.
Жатаг малгайгаар залуучууд гангардаг. Оройг нь хөх даавуугаар бүрж оёдог уг малгай нь зулайвч, чихэвчтэй. Ард талаас нь улаан, ногоон өнгийн дөрвөн ширхэг тууз зүүдэг. Малгайн оройд улаан өнгийн дөрвөн хошуу суурьтай, сүмбэ зангиддаг нь дөрвөн Ойрадын холбоог бэлгэдэж буй. Торгууд эрчүүд зуны улиралд халуун нар, элсэн шуурганаас хамгаалж цагаан алчуур ороодог. Тиймээс өөрсдийгөө цагаан дуулгат торгуудууд гэж нэрлэдэг гэнэ. Тэд алчуураа дуулга хэлбэртэй ороодог юм байна.

Торгууд хувцасны гоёл чимэглэл, эд хэрэглэл бусад ястныхаас онцгойрох зүйлгүй. Эхнэрүүд нь ёслолын хувцас дээрээ дунджаар 50 см урт, хар өнгөтэй хилэн материалаар хийсэн үсний гэр буюу шигэрмэг зүүж, доороос нь шүр, цагаан мөнгө хослуулан сампин зангидсан хар өнгийн токиг залгадаг байна. Харин энгийн үед зөвхөн шигэрмэг зүүдэг. Торгуудууд хадамд гараагүй охиныг сэвгэр гэдэг. Сэвгэрүүд нь үсээ салаа сүлжиж, үзүүрт нь олон цацагтай боодог зүдэг. Үүнийг бусад ястанд ч хэрэглэдэг. Сэвгэрүүд хадамд гарахдаа зүүж байсан боодгоо нөхөр болох хүнийхээ гэзгэнд зүүж, өөрийнхөө үсийг хоёр салаа сүлжиж, токиг зүүдэг заншилтай. Торгууд эрчүүд зүүн чихэндээ гархин ээмэг зүүдэг байна. Энэ нь Зүүн гарын улсын иргэн гэдгийг илтгэж буй. Мөн бусад ястны эрчүүдтэй адил бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалин, тамхины уут, аяганы гэрийг зүүж явдаг. Уг ястны эрчүүд эрт үед гэзэг тавьж, түүнийгээ ганц сүлжин, даавуугаар хийсэн мөнгөн оосортой гэр зүүдэг байжээ.
Торгууд хүүхдийн хувцсыг эрэгтэй, эмэгтэй, энхрий гэж ялгадаг байна. Эрэгтэй хүүхдийн тэрлэгийг хийхдээ захны ухлаадасны өөдсийг дөрөв нугалан далан дээр нь оёдог аж. Түүн дээрээ хонх, зоос, сумны зэв зэргийг хаддаг нь хүүхэд эр зоригтой болохоос гадна элдэв гай тотгороос хамгаална хэмээн бэлгэддэг. Тэд бага насны хүүхдэд хар, цагаан, 12-оос дээш насны охидод ягаан өнгөөр дээл хийхийг цээрлэдэг аж. Эмэгтэй хүүхдэд ихэвчлэн хөх, ногоон өнгөөр дээл оёдог байна. Энхрий гэдэг нь хүүхэд тогтдоггүй айлд төрсөн хүүхдэд хийж өгдөг хувцас аж. Ийм айлд төрсөн эрэгтэй хүүхдэд эхнэр хувцасны загвартай дээл оёдог бол эмэгтэйд нь буруу энгэртэй дээл хийж өмсгөдөг байна. Дээлийг үдшийн бүрий тасарсны дараа хаалганы хатавчинд хүргэж өмсүүлдэг домтой. Энэ зан үйлийг торгуудууд төдийгүй халх, ойрадууд хийдэг.

П.ТУНГАЛАГ

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/