Уншиж байна...

Э.Энхмаа

...Театрт би нэг л очсон, дахин очих шаардлагагүй гэж болохгүй. Олон дахин очих тусам сайн. Гоё хөгжмийг олон дахин сонсох тусам сэтгэл оюунд энэрэх, нигүүлсэх үзэл бүрэлдэн тогтож эхэлнэ. Урлаг хүнийг зөвхөн сайжруулах, хүн гэдэг бодгалийг төгс төгөлдөр болгохын төлөө байдаг. Төгс рүү дөхөхийн тулд янз бүрийн мэдрэмжүүдээ хөгжүүлж байх хэрэгтэй...хэмээн Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав нэгэнтээ хэлжээ.

 

Суут хөгжмийн зохиолч Б.Шаравын мэндэлсний 70 насны ой, тэмдэглэгдэж амжаагүй Хөдөлмөрийн баатар цолны мялаалга “Баярлалаа” хүндэтгэлийн концерт өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёлын төв өргөөнд боллоо. Б.Шаравын уран бүтээлийн сан хөмрөг бол хязгаар нь хараа үл гүйцэх, гүн нь чанадын чанад орших далай. Энэ далайгаас монгол түмний сэтгэлд хоногшсон дуу, хөгжмийн шилдэг бүтээлүүдийг хэрхэн сонгохоо шийднэ гэдэг найруулагчийн хувьд амаргүй ажил мэт. Тиймээс дууны бүтээл, хөгжмийн бүтээл хэмээн концертыг хоёр хэсэг болгож, урлагт хайртай, Б.Шаравын хөгжимд дуртай үзэгчдийг хоёр өдөр жаргаав.

I.ДУУНЫ БҮТЭЭЛҮҮД
“Баярлалаа” дууны бүтээлийн концертыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, төгөлдөр хуурч Б.Чинбат алдарт “Баярын мишээл”, “Сургууль минь баяртай” дууны хөгжмийн эрч хүчтэй аялгуугаар нээсэн.
Үүний араас “Сонин хангай” романс, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга “Таны төлөө дуулъя”, “Яг түүн шиг” шоугаар олонд танигдсан залуу дуучин Ч.Мишээл “Миний охин сайн хүн болоорой” дууг нь дуулж, түүний багш Б.Чинбат төгөлдөр хуурын яруу эгшгээр хоршив. ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин А.Эрдэнэтуяа “Ээж нутаг хоёр”, хөгжмийн зохиолчийн ээждээ зориулсан “Очоод золгоно доо” дууг ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат “Хөгжим ба нулимс”-ыг дуулсан.

Б.Шарав гуай нэгэн дууг “Харанга”-ын Б.Лхагвасүрэнд зориулан бичсэн нь “Алаг нүд шиг эх орон”. “Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Загдын Түмэнжаргал Б.Шарав хоёрын үерхэл амьдрал, уран бүтээлийн үерхэл байжээ. “Сургууль минь баяртай” бол Багшийн сургуульд байхдаа зохиосон Б.Шаравын анхны дуу. Энэ дууны шүлгийг З.Түмэнжаргал бичсэн. “Очоод золгоно доо” мөн л энэ хоёр уран бүтээлчийн дундаас төрсөн. “Алаг нүд шиг эх орон” дууг найрагч эрүүл мэндийн хувьд нэлээд хүнд үедээ бичсэн гэж дуулсан” хэмээн хөтлөгч, On'n Off продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа тодотгоод, тайзнаа Гавьяат жүжигчин, дуучин “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Ц.Энхманлай нарыг урилаа.

Найзуудын хамгийн сүүлчийн хамтын бүтээл зохиолчдынхоо алсад одсоноос хойш буюу 2020 онд дуун эгшиг болж, одоо та бидний сонорыг мялааж байна.


“Харанга”-ын Х.Лхагвасүрэн дуугаа дуулаад, концертын тайзны хойморт хүндэтгэн залсан агуу Б.Шаравын хөрөг зураг руу харж, нөхөрсгөөр ёслон үзэгчдийг хөгжөөгөөд, хөнгөн гуниглуулаад авна лээ.

Тэрбээр, “Б.Шарав гуайдаа баярлалаа, З.Түмэнжаргал гуайдаа баярлалаа. Ийм л айхтар дуу зохиодог аваргууд даа. Харин дараагийн дуугаа надад шинээр зааж өгөөд, тэнгэрт одсон юм. Үгийг нь та нар мэднэ” гээд дуулав.
...Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ... гэх сурагч байхдаа цээжилсэн, нээрээ л сайн мэдэх Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээгийн “Эх орон” шүлэгт зориулан шинэ аялгуу зохиосноо дуучин Х.Лхагвасүрэнд зааж өгснийг “Баярлалаа” концертыг үзэгчид бид анхны сонсогч нь болж хүлээн авлаа.
Ардын уран зохиолч Т.Галсангийн үг, Б.Шаравын аялгуу “Аав ээж хоёр минь” дууг Ардын жүжигчин, дуучин А.Долгор өөрийн шавь “Сүлд” чуулгын залуу дуучин Т.Санжаатай хоршин дуулав. Мөн дуучин А.Долгор “Бүүвэй тэнгэр ижий” дууны хөгжмийн найруулгыг Морин хуурын чуулгын Уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханы шинэчлэн найруулснаар хүргэлээ.


Ардын жүжигчин А.Долгор, Б.Шарав бид 20-иодхон наснаасаа нөхөрлөсөн олон сайхан дурсамж бүтээсэн багын найзууд. Б.Шаравынхаа Монголын тал нутаг, Эгнэгт жаргаах эх орон, Бүүвэй тэнгэр ижий, Аав ээж хоёр, Зүрхний хайртай эх орон, Сувдан долгио Хараа, Бүүвэй тэнгэр ижий гээд 10 гаруй дууг би дуулжээ. Найз минь “Зүрхний хайртай эх орон“ дуугаа бичээд “Хоёулаа уралдаанд орно оо” гээд ирсэн. Тэр дуугаараа бид хоёрдугаар байр эзэлж байв. Бас “Чингис хаан” дуурийн Өүлэний ари-г аваад ирсэн. Өүлэний ари-г хамгийн анх “Чингис хаан“ дуурь тоглогдохоос өмнө нэг концертод найзынхаа хүсэлтээр дуулж байлаа хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.

...Би монгол гэдгээрээ бахархдаг. Монгол хүн мэргэжлийнхээ бүх чиглэлээр чадварын хувьд дэлхийн хэмжээнд байх ёстой. Миний зохиосон хөгжмийн уран бүтээлүүд монгол хүний сэтгэхүйг, сэтгэлийг илэрхийлнэ. Энэ бүтээлүүд л намайг төлөөлж, Шарав гэж хэн бэ? гэдэгт хариулах ёстой доо...

Б.Шаравын Хэрлэнгийн домог хөгжмийн бүтээлээр 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж байсан. Хөгжмийн зохиолчийн Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзулын аялгуут хоолойд зориулан бичсэн энэ бүтээл дэлхийд хэдийнээ цуурайтсан бол Монголын үзэгчдэд анх удаа хүрсэн нь энэ байв.

II. ХӨГЖМИЙН БҮТЭЭЛҮҮД.
1952 оны луу жилийн өвөл 11-р сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Өлзийт толгойн өвөрт өөрийнх нь хэлснээр Хүннүгийн малчин ардын гэрт агуу хөгжмийн зохиолч, суут Б.Шарав мэндэлжээ. Түүний мэндэлсний 70 насны ойн өдөр Б.Шаравын хөгжмийн бүтээлүүд эгшиглэв.

...Би ганцхан дуурьтай, “Чингис хаан” дуурь. Миний төрж, өссөн Хан Хэнтий нутгийн түүх, эрч хүч надад нөлөөлж, тийм бүтээл бичүүлсэн байх гэж боддог.

...Би эх орны хүүхэд, Монголын хүүхэд. Би бол ахуйгаас бий болсон уран бүтээлч. Эхлээд би монгол ахуйд байлаа. Дараа нь миний сурч байсан Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуульд үнэхээр л дэлхийн хөгжмийн том эрдэмтэд багшилж байлаа. Тэнд би олон жил, найман жил сурсан. Тэр бол дэлхийн хөгжмийн шилдэг сайн орчин. Тэс өөр энэ хоёр ертөнц надад зэрэг цогцолсноороо миний хувьд өвөрмөц сэтгэлгээ, өвөрмөц хөгжим бичих Монголын нүүдлийн мал аж ахуй дагасан том соёлыг дэлхий дахинд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн болов уу... гэжээ.
Хөгжмийн концертын нэг онцгой хэсэг нь “Чингис хаан” дуурь. Чингис хаан дууриас Залуу Тэмүүжиний ари, Ван ханы ари, Хадааны ари, Жамухын ари-г ДБЭТ-ын залуу уран бүтээлчид хүргэсэн бол Бөртэ хатан энхрий зөөлөн, намуухан агаад тансаг аялгууг Улсын филармонийн гоцлол хөгжимчин М.Хулан хийл хөгжмөөр тоглож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдав.

Хийлч М.Хулан, Удирдаач Д.Түвшинсайхан

...Цэлмэг ухаант Өүлэн шиг эх надад байсангүй
Цэцэн оюунт Бөртэ шиг хатан надад заяасангүй
Хасар, Бэлгүтэй хоёр шиг хайртай дүүтэй ч биш дээ
Боорчи, Зэлмэ хоёр шиг босоо өрлөгтэй ч биш дээ... хэмээх найман зууны тэртээх эмзэглэл, харууслын хэмнэл, басхүү эр зориг, эрч хүч мэдрэгдэх Гүр хан Жамухын ари-г ДБЭТ-ын гоцлооч Н.Чулуунхүү дуулан хүргэлээ.

2002 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж байсан “Хүүхэн хутагтын дуулал”-ыг уртын дуучин Б.Хонгорзул, “Хөгжим ба нулимс”-ыг ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат дуулж, үзэгчдийн сонорыг мялаасан.
Б.Шараваас ундран гарч түмний сонорт хүрч, сэтгэлд эгшиглэсээр байдаг олон сайхан аялгуу бий. Эхнээс нь нэрлэе гэвэл танд алдарт “Сэрсэн тал”, “Монгол орон бадартугай”, “Эхийн сэтгэл сэтгэл шиг”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” тэргүүт аялгуу Таны сэтгэлд эгшиглэнэ үү?

“Гэгээн алсад одох юмсан” аялгуу сонсогчдын сэтгэлд хэдийнээ хоногшсон. Магадгүй энэ бүтээлийг нь сонсохсон гэж зорин ирсэн үзэгч байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүтээлийг концертын ерөнхий найруулагч Н.Ононбат сонгоогүй. Яагаад? гэж асуусангүй, хариулт авахыг ч зорьсонгүй. Гэгээн дурсамжаар чөлөөтэй аялуулж, магадгүй уйлуулж орхих энэ бүтээл он жил өртөөлөн олон тайзнаа эгшиглэсээр байх нь эргэлзээгүй.

Энэхүү сонгодог аялгуудыг Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим, Улсын филармонийн найрал хөгжил, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Соёлын төв өргөөний тайзнаа хуран чуулж, Шаравын үнэнч сонсогчдын хайр, хүндэтгэл дунд Б.Шаравын нэгэнтээ хэлсэнчлэн “Үгээр илэрхийлж болдоггүй гайхамшгийг эгшгээр илэрхийлж”, хөгжмийн хэл, сүр хүчийг сэтгэл зүрхнээ сийлэв ээ.

Монголын хөгжмийн ертөнцийн илэрхийлэл, сүр жавхлан болсон гурван том симфони оркестр нэгэн тайзнаа хоршин эгшиглэхийг сонсох нь үзэгчдийн хувьд ховор тохиол. Энэхүү гайхамшигт найрлуудыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Г.Буянбаатар, Д.Түвшинсайхан, Д.Нямдаш тэргүүт өнөө цагийн сор болсон удирдаачид дохин яруу тансаг аялгууг нь хүртэн мэдрэх, догдолж талархсандаа аньсага чийгтүүлэх боломж олгосон билээ.

АГУУ хэмээх үгийг чухам ямар үед хэлэх боломжтойг тодорхойлсон нь үгүй. Гэвч энэ тодорхойлолтод багтах суу билэгтэн ховор ажээ. Б.Шаравын бүтээлүүд он цагийн уртад мөнхөд эгшиглэх, цагийн шалгуур давах агуу аялгуу гэдэгтэй маргах сонсогч, урлагч судлаач байгаа бил үү? Хоёр өдөр дараалан тоглосон “Баярлалаа” концертыг хөтлөгч агуу Б.Шарав хэмээн нотолсоор байсан нь хэтрүүлэл хийгээд хий хоосон магтаал огтоос биш билээ...
Б.Шарав амьдралынхаа сүүлийн мөч хүртэл уран бүтээлээ туурвисаар, хөдөлмөрлөсөөр байжээ. Бие нь тааруухан байхдаа хотын нүргээнээс зайдуухан сэвэлзүүр салхитай газар “Асем вилла” хотхонд хэсэг хугацаанд тухлах ахуйдаа “Асемийн тэмдэглэлүүд” хөгжмийн бүтээл, үүнээс өмнөхөн төрж өссөн Жаргалтхаан нутагтаа амарч байхдаа “Жаргалтхааны тэмдэглэлүүд” хөгжмийн бүтээлээ туурвисныг Улсын филармонийн симфони найрал хөгжмийн аялгуугаар дамжуулан анхны сонсогчид болов оо, бид.

Би ээжтэйгээ 60 гартлаа хамт байсан, ээж минь 93 настайдаа бурхан болсон. Ээж миний уран бүтээлд маш их анхаарал тавьдаг. Радиогоо дэргэдээ тавьчихаад, хүүгийнхээ аялгууг сонсож суудаг. Манай дүү нар ярьдаг. Ээж минь залуугаасаа байнга гэрээ тойрч мөргөдөг. Тэр зан үйлээ өндөр настай болоод ч таслаагүй. Хэдэн хүүхдийнхээ сайн сайхны төлөө залчирна. Надад зориулсан залбирал нь тусдаа. Уран бүтээлч хүүг минь ивээсэн дээрээ ивээгээч! гэж бурхандаа залбирна. Миний уран бүтээл өдий дайтай яваагийн гол шалтгаан нь ээжийн минь залбирал хэмээн насан өндөр ээжийгээ дурсан өгүүлсэн бичлэгийг найруулагч онож сонгосон нь тоглолтыг нэгэн чимэг.

Б.Шаравын ээждээ, хорвоогийн гайхамшигт ээжүүдэд зориулсан олон бүтээл энэ тайзнаа олонтаа эгшиглэсээн.

Эхнээсээ дуусах хүртэл үзэгчдийн гүн хүндэтгэл, талархал, алга ташилтын дунд үргэлжилсэн концертын хаалтыг үзэгчдийн сэтгэл бишрэлийн дээд цэгт хүргэсэн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ононбат танд баярлалаа. Агуу Б.Шаравын 70 насны ойг түмэн олонтойгоо тэмдэглэх санаачилга гарган концертыг зохион байгуулсан “Таван нүдэн” брэндийг үүсгэгч Б.Батзаяа танд баярлалаа. Б.Шарав сан болон суут хөгжмийн зохиолчийг алдаршуулахад хувь нэмэр оруулсан, хамтран ажилласан бүх эрхэм хүмүүст талархаж байна.


Б.Шаравын алдарт “Сэрсэн тал”, “Монгол орон бадартугай” симфони удиртгалыг төрийн гурван том найрал хөгжмийн сүрлэг аялгуун дор амьсгаа даран сонсож, эцэст нь аадар бороо шаагин асгарах мэт алга нижигнүүлэн ташиж, суут хөгжмийн зохиолчид, их урлагт гүн хүндэтгэл үзүүлэн суудлаасаа босож талархлаа, хайраа илэрхийлсэн эрхэм үзэгч Танд баярлалаа. Дэлхийн хөгжмийн урлагт, Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэх их өвийг үлдээсэн СУУТ ШАРАВ ТАНД БАЯРЛАЛАА...

Хоёр өдрийн концертын энэхүү тэмдэглэлээ агуу Б.Шаравын “Театрт дахин очих хэрэгтэй” хэмээх үгээр өндөрлөм үү. Та театрт дахин дахин ирээрэй... БАЯРЛАЛАА

Бусад мэдээ

Mar 12, 2024 43

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/