Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явдал өрнөсөн Сталинградын тулалдаан болсон газарт МБНЭ-ийн төлөөлөгчид очиж үзлээ. Волгаград хотын өндөрлөг хэсэг Мамаев курганд босгосон “Мать-родина” хөшөө, хаа хол газраас сүртэй нь аргагаүй сүндэрлэн харагдана.
Монголын өвөг, дээдсүүдийн хэлдгээр мянга сонсоноос нэг үз гэдэг билээ. Энэ хөшөөний зургийг үзэж, үйл явдлыг номноос уншиж байсан, гэвч газар дээр очиход бүхэл бүтэн цогцолбор байдаг ажээ.
Биднийг очиход ОХУ-ын иргэний насанд хүрсэн залуучууд иргэний үнэмлэхээ гардаж авах, иргэний хувьд тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэв. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд ОХУ-ын баатар, хотын депутат, цэрэг болон иргэний хүндтэй зочид уригдан оролцдог ажээ.
Дараа нь эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудын мөнхийн галд цэцэг өргөж, цогцолборын түүхэн хэсгийг үзэж, өнгөрсөн дайны хүнд үе, түүхэн ач холбогдлыг мэдэрнэ. МБНЭ-ийн төлөөлөгчид мөнхийн гал бадран асах, хүндэт харуул зогсох хэсэгт цэцэг тавьж хүндэтгэл үзүүллээ.
Мамаев курганд очсоны дараа төлөөлөгчид Волгоград хотоор явж танилцлаа. Волга мөрний эргийг даган сунаж тогтсон их хотын дундуур 100 гаруй км явлаа.