Бөө, удган Монголд тоогоо алдсан шиг буг чөтгөр бас тоогоо алдах бололтой. Буггүй газар халхын хавтгайд буюу энэ 1,5 сая хавтгай дөрвөлжин километрт лав үгүй болох нь ээ. Уг нь ч тийм их гайхаад байх сэдэв биш л дээ. Улс, үндэстэн болгон өөрийн буг чөтгөртэй байдаг нь ч дэлхий нийтийн үзэгдэл ажгуу. Энэ удаа Улсын отгон Ерөнхийлөгч, Олимпийн отгон аварга гэдэг шиг Монголын отгон чөтгөрийн тухай бичих сонин гэхээсээ илүү хачин тавилан надад оногдов бололтой. Тун санамсаргүй явдлаас үүдэлтэй юм аа. Хотын төвийн нэгэн уушийн газар арга буюу ширээ нэг таарсан залуутай энэ тэрийг ярьж байгаад өөрийн эрхгүй ороод явчихсан хэрэг ээ. Тавантолгойд жолоочоор ажилладаг тэрхүү залуу ээлжийн амралтаараа ирээд байгаа юм. Тэрбээр тун хачирхалтай зүйл олныг ярьсны нэг нь энд өгүүлэгдэх болно. Тавантолгойн эргэн тойронд болж буй этгээд явдал, эрээн барааныг энд эс өгүүлэн зөвхөн нэгэн тохиолдлыг өгүүлсү. Тавантолгойд ажилладаг том оврын машины жолооч нар эх орныхоо нүүрсийг урд хөрш рүү элэг эмтэртэл ачдагийг товчхон яриад гол сэдэвтээ ийн орлоо. Тавантолгойгоос нүүрс ачсан машинууд өмнөд хөршийг өдөр, шөнөгүй зорихдоо “Хэрээт” гэдэг хушуугаар үдшийн 11.00 цагийн алдад тойрч өнгөрдөг ажээ.
Гэхдээ энд буг чөтгөр гэхээсээ илүү нэг зүйл болдгийг бас өчих нь зүйтэй санагдана. Бид өмнө нь энэ талаар мэдээлсэн тул бяцхан тодруулга хийх нь зүйтэй байх. Хятад руу нүүрс ачин яваа жолооч нар нойроо сэргээхийн тулд тэр л хушууны тэнд зоригоо чангалдаг гэх. Зарим нь “100” татдаг бол үлдсэн нь өнөөх “ми-ми” гэх нунтаг цагаан бодисоо татаж аваад сэргээш хэрэглэсэн тамирчин мэт сэргээд ирдэг гэнэ. Бүр 48 цаг унтаагүй хүн тэр юмыг татчихаар 48 цаг унтсан мэт болдог ажээ. Тэгтэл сэргээж байхыг бодоход ёстой түр зуур галзууруулдаг бололтой юм. Архагууд нь эхлээд 100 грамм татчихаад өнөө бодисоор даруулж орхидог гэнэ билээ. Тэгээд л хэд сайн эвшээж, суниаж аваад л нүд нь улаанаар эргэлдсэн амьтад гарч өгдөг юм байх. Яг тэр сэргэлтийн өмнөх “гэрэлт мөч”-д/блестяшая промежутка/ тэрхүү хушууг тойрч таардаг ажээ. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн өөрчлөлттэй үе нь таардаг хэрэг л дээ. Тийм үед хүмүүс хий юм үзэж, сонсох нь уг нь хэвийн үзэгдэл юм. Эмнэлгийн хэлээр галлюцинаци/хий үзэх/ бөлгөө. Шархадны гэх эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтсэн хүн болгонд, архины цагаан солиотнуудад тиймэрхүү зүйл харагдаж, сонсогдох нь байдаг л нэг үзэгдэл юм. Яг тийм зүйл тохиодог байхыг үгүйсгэхгүй, гэхдээ л эл тодруулгыг хийв. Гэтэл жолооч нарын тэр дундаа эл идэр эрийн өгүүлснээр бол арай өөр процесс явагдаад байх шиг санагдсаныг өгүүлэх нь зүйтэй биз. Жолооч нар хушуу тойрох үед хятад, монгол нь үл мэдэгдэх нэг өндөр нөхөр гараа өргөдөг болжээ. Энэхүү хий үзэгдэл тэнд буй болсоор лавтай зургаан сарын нүүр үзэж байгаа юм байх.
 
Тэрүүгээр явсан жолооч болгонд шахуу харагддаг гэхээр сонин байгаа юм л даа. Солиорсонд нь харагддаг байсан бол зарим нь юу боллоо гэж үзэв гэж. Бүр нэг дүрсийг бүгд харсан гээд байгаад учир байгаа юм. Гараа өргөсөн өндөр хүн. Дэргэд нь очоод зогсохоор алга болчихдог ажээ. Жолооч болгон арай өөрөөр ярих нь мэдээж. Тийм болохоор Болдбаяр гэх эл эрийн ярьсныг ямар ч хачир, нэмэргүй хүргэе. Болдоо Тавантолгойд ажилд ороод эх орныхоо нүүрсийг гол харалтал/өөрийнх нь хэлснээр/ зөөх болсоор бүтэн гурван жилийн нүүр үзжээ. Нэг ёсондоо тэр хавьдаа архаг жолооч нарын нэг гэсэн үг. Жолооч нар нүүрс зөөхдөө бараг тасралтгүй явдаг болохоор заавал хоёул, гурвуулаа гарах гээд байх шаардлагагүй агаад аль болох олон эргэлт л хийж байвал авдаг хэд нь нэмэгдээд байдаг ажээ. Тиймээс мөнгөнд улайрсан нөхөд нойр, хоолгүй явахын тулд эсэн бусын юм хэрэглэдэг юм байна л даа. Эхний жилдээ ч эрийн сайн, насны залуугаар давчихдаг бол хоёр дахь жилээс нь “100” татахгүй аваас давдаггүй даваа болдог юм байх. Гурав дахь жилээс нь мэдээж “ми-ми” хэрэглэхгүй бол үүрэглээд барахгүй л дээ. Манайхан тэрхүү “ми-ми”-г нь хар тамхи, мансууруулах бодист тооцдоггүй бололтой. Шалгалт энэ тэр болдоггүй ажээ. Ингээд мань хүний ээлж хаврын тэр нэгэн өдөр тохиожээ. Болдоогийн хувьд “ми-ми”-д арай ороогүй. “100” граммыг бол харин татчихдаг, дунд зэргийнд багтах сэргээштэний нэг гэнэ. Тэр удаа яагаад ч юм нөгөө “ми-ми”-г анх удаа хүртжээ. Ингээд хэсэг залхуу хүрсэнээ төдөлгүй сэргээд иржээ. Ёстой нөгөө нойр хаачив болсон санагджээ.
Тэгээд л тоос татуулан давхиад байхаар яг “Хэрээт”-ийг тойртол нэг өндөр хар сүүдрэн хүн гараа өргөжээ. Энэ талаар өмнө нь дуулсан болохоор нэг сайн харж аваад зогсолгүй өнгөрөөд явчихжээ. Эргэж ч хараагүй гэсэн шүү. Тэгээд нүүрсээ хүргэдэг газар нь хүргэчихээд буцахдаа мөн л үдшээр нөгөө газраараа дайрсан боловч өндөр хүн алга байжээ. Би ч ёстой хий үзэгдэл харжээ гэж бодоод өнгөрчээ. Хэд хоноод дахиад нэг эргэлт хийх далим гарсанд архи, “ми-ми” огт хэрэглэлгүй явахаар шийдсэн байна. Замын зүйлээ бэлдээд ачаагаа аваад давхисаар “Хэрээт”-ээ тойртол өнөө өндөр хүн яг байдаг газартаа зогсч байжээ. Архи уугаагүй, мансуураагүй тул хэрхэхийг нь ажихаар хажууд нь очоод хаазаа гишгэжээ. Машин ч зогтуссан байна. Мань хүн ч сүүтэгнээд алга болжээ. Тэрхүү явдлаас хойш тэрүүгээр өчнөөн явсан бөгөөд   тааралдаж л байдаг, хажуугаар нь өнгөрч л байдаг шахуу юм болж орхисон гэх. Болдоо ганцхан юмыг л гайхан өгүүлсэн нь эрүүл явсан ч, манарч явсан ч таардагт байгаа юм. Бас нэг хачирхууштай нь хэн ч харсан өндөр хар нөхөр байгаад байдаг. Зарим жолоочид эр, заримд нь эм хүн харагдвал асуудал арай өөр болно. Мөн нэг хачирхалтай зүйл нь, зөвхөн Хятад руу явах замд тохиолдохоос наашаа яваа жолооч нарт үзэгддэггүй явдал бөлгөө. Үүнээс ургуулаад бодохул хятад хүний сүнс юм уу хий үзэгдэл байж болзошгүй мэт. Нутаг руугаа тэмүүлээд байна бус уу? Монголд үхсэн, эсхүл амиа хорлосон нэг хужаа юм уу өвөр монгол байж мэдэх. Тийм биш бол Ханбогдын чөтгөр үү, Тавантолгойн буг уу гэдэг асуудал сөхөгдөх нь зүйн хэрэг билээ. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/52761.shtml#sthash.gRvcd3rn.dpuf

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/