Уншиж байна...

Байгаль ертөнцөд тайлагдашгүй нууц хадгалсан газар өчнөөн буй нь маргашгүй үнэн билээ. Тэр дундаа манай орных шиг онгон дагшин газарт бүр элбэг тохиох нь мэдээж. Одоо та бүхэндээ Онон голын нэгэн гармын түүхээс өгүүүлье. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаар урсч өнгөрөхдөө Хар үзүүрийн гэх хэсэгт нэгэн гарам үүсгэжээ. Байгалийн сайханд зугаалагсад, самар жимсний наймаачид, анчид гээд л эсэн бусын хүмүүс энэ л гармаар гаран Хэнтийн хөвчийг зорих бөлгөө. Хэнтийчүүдээс илүү Мөнгөнморьтын иргэд анддаггүй юм билээ.


Нутгийнхан харин элбэг баян түүх, болсон явдал өгүүлнэ дээ. Заримд нь үнэний хувь байж ч мэднэ. Зарим нь ч хачиртай яриа байдгийг үгүйсгэх аргагүй нь мэдээж. Түүхийн гэмээр нэгэн сонирхолтой хууч ярианаас нь эхлээд хүргье. Ихэд ам дамжсан яриа тул “давс” нэлээд бий байх. Улаан, цагааны дайны үед юм гэнэ билээ. Нутгийн өвгөн Сорогдоо гуай гурван жилийн өмнө ярьсан юм шүү. Партизан Пунцагийн удирдсан бага цэрэг цагааны оргодлуудыг хөөгөөд Хэнтий талаас нь Ононгийн араас шахсан байгаа юм. Бургасан дундуур буудалцсаар байгаад цагааны цэргүүд яагаад ч юм яг тэр гарам руу тулаад очжээ. Тэдэнд амь гарах ганцхан зам үлдсэн нь Ононг гатлан зугтаах байсан нь мэдээж. Хэн л хүний газар үхэхийг хүсэхэв. Тэр үед Онон одоогийнхоос их устай байсан нь гарцаагүй л дээ. Цагаантнууд эргэж харан буудалцсаар морьтой, явган хослоод гарам руу орчихжээ. Гарам гэдгийг монголчууд сайн мэдэх ч оросууд яаж мэдэхэв. Гэхдээ л зөнгөөрөө мэдсэн үү яг тэгж таарчээ. Зарим монгол цэргүүд ярьж байсан гэдэг. “Муу сайн цагаан оросууд энд гарам байдгийг бас мэддэг байна шүү” гэж. Тэгтэл үнэндээ тэд мэдсэн бус тэгж таарсан байгаа юм. Хориод цагаантны алуулдаг нь алуулаад, үлдсэн нь ум хумгүй зугтаж явсан нь тэр байх. Монголын мөн тооны цэрэг нэхэж явсан юм байх. Оросууд тэг дунд нь явахад монголчууд ч хөөгөөд оржээ. Голын цаана гарахад Оросын тав, зургаан хүн гарчихсан бусад нь сураг ч үгүй болжээ.

Харин монголчуудаас хоёрхон цэрэг л осолдсон гэдэг. Ингээд цэргүүд үзсэн, харсанаа ярьжээ. Усанд сайнаар болдог юм бол оросууд бүгд амь гарах байв. Харин бидний хагас нь лав хоцрох байсан биз. Ёстой л бурхан түшсэн байх гэлцжээ. Яг живдгийн даваан дээр хэн нэгэн татаж гаргаад байсан тухай зарим нь ярьжээ. Ингээд эсэн мэнд шахуу гарч, ялалтад хүрсэн монгол цэргүүдийн талаар ийм нэгэн домог бий бөгөөд түүнээс хойш тэрхүү гарамыг “Уурлуулж болохгүй” гэдэг үг ч гарчээ. Сүрэг адуугаа тууж ороод сүйдсэн эрийн тухай яриа бий. Адууныхаа дэл, сүүлнээс зуурч явсан ч эрсэдсэн гэх юм билээ. Харин гурван жилийн өмнө хачирхалтай нэгэн явдал тэр гарам дээр тохиожээ. Хотын самарчид очоод тэр гармаар гарах болж л дээ. Машинаар хүргүүлээд явган гарч цааш оддог тул бүгд гармын гүехэн газраар гаталжээ. Нэгэн аав, хүү хоёр явсан бөгөөд аав нь жаал халамцуу явсан юм байх. Согтуу нөхөр хөл алдаад урсгал даган яваад өгсөн байна. Хүү нь ч араас нь ухасхийжээ. Хоёулаа барилцаж авсан ч далдын хүчин нөлөөлөв үү гэлтэй юм болжээ. Тэр хоёрын барьцыг тавиулснаар барахгүй залууг голын эрэг дээр гаргаад шидчихжээ. Харин аавыг нь авч одсон байна. Голоос чухам хэн тэгж хүчтэй татсаныг тайлах хүн тэнд ганц ч байгаагүй гэнэ билээ. Аврагчид очиж аавынх нь цогцсыг олсон бөгөөд анх эндсэн газраасаа бүр хориод метр хол урссан байжээ. Залуу их сонин зүйл ярьжээ. “Би аавыг нэг шоволзоод гараад ирэнгүүт гараас нь атгаад авсан.

Аав ч өмнөөс зуурчихсан тул баргийн хүч салгахааргүй байсан даа. Ингээд л аавыгаа авардаг юм байж гэж бодтол хэн нэг хүний хүчирхэг гар бидний гарыг тавиулах шиг болсон юм. Айсандаа болоод ухаанаа тавьчихсан учраас юу болоод байгааг ухах бололцоо байгаагүй. Хамт явсан хүмүүсийн нэг туслах гээд тавиулж байгаа юм болов уу гэж тухайн үед бодож амжсан даа. Яг энэ үед бас нэг хүчирхэг гар далан дээрээс буюу цамцан дээрээс атгаад, угз татаад эрэг дээр хаячихсан санагдсан даа. Тийм л мэдрэмж төрсөн юм. Түүнээс өөр юм үзэгдэж, бодогдоогүй” гэжээ. Шидэгдэж явахдаа аавынхаа далласныг нэгэнтээ харсан гэж бас өгүүлсэн байна. Тун саяхан болсон явдал шүү дээ. Аав халамцуу байснаас тэгэв үү, өтлөөд тэнхээгүй болсон уу, мэдэхгүй юм. Уг нь гайгүй сэлчихдэг, муугүй загасчин шүү дээ. Даанч энэ жил усанд суусан учраас лусын амьтан хөөхгүй гээд загасны хэрэгслээ авч гарах гэснээ больчихсон юм. Засал маслаа хийлгэсэн эсэхийг мэдэхгүй. Аавтай яаж ч болшгүй нэг зүйл тохиолоо доо хэмээн дурсч байжээ. Энэ мэт зүйл энэ хавьд тун элбэг тохиолддог гэх юм билээ. Тэр жил Мөнгөнморьтын нэг цагдаа басч байгаад өнгөрснийг ч ярьжээ. Ёстой үйл нь татсан амьтан байсан бололтой юм. Самарчдын самрыг шалгах нэрээр хурааж байж л дээ. Ховдог, шунахай нэгэн байсан юм байх. Голын эргээр нэг шахуу самар хураачихаад ханалгүй маргааш ирж магадгүй гэх самарчдыг тосонгоо тэнд амарч сууж байжээ. Ингээд гармын түүхийн талаар яриа гармагц баахан сонсч байгаад “Та бүхэн худлаа ярьж байна. Тийм юм байх ёсгүй. Би хөндлөн гулд хэд сэлээд үзүүлье л дээ” гэх зэргээр бөөн шуугиан тариад сэлж гарчээ.

Уг нь ч мундаг сэлдэг нөхөр бололтой. Гарч ирж ганц 100 грамм татчихаад л ганц сайхан тамхилъя гээд янжуур зуугаад л араараа сэлээд байжээ. Тэгж байгаад гэнэт шоволзож эхэлсэн байна. Нэрэлхүү хүн байсан уу, хэл ам нь татчихсан юм болов уу, ямар ч дуу чимээгүй далд орж, ил гараад сарвалзаад байсныг харсан хүмүүс нь ярьжээ. Харин тэр хавьд усчин хүн байгаагүй юм билээ. Эсвэл тэдний дургүй хүрсэн үү, туслаж барихаар ухасхийсэн хүн гараагүй гэнэ. Тэгж, тэгж хэд сарваганаад үүрд далд орохгүй юү. Арваад минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь төв рүү мэдэгдэж бөөн юм болжээ. Аврагчид цогцсыг нь хайж, цагдаагийнхан хамт байгсдыг нь шалгаж, шалгааж гарчээ. Адгийн зарга арван хоног гэдэг болохоор тэндхийн хамаг самарчдыг ч цуглуулан байцаасан байна. Хамгийн гол нь санаатай хэрэг эсэхийг тодруулахаар оролдсон байх л даа. Тэгэх ч үндэс бас бий. Бүгд архи уусан байдаг. Цагдаа их хэмжээний самар хураасан нь ч тогтоогдож, самраа хураалгасандаа хорссон нөхдүүд санаатай хийхээр зориуд зохион байгуулсан байна гэх зэргээр олон талаас нь харалгүй хаачих билээ.

Ихэнх нь явуулын улс байсан агаад бүгд болсон явдлыг ам нэгтэй ярьснаар ийнхүү хүн амьтан хилсдэж барилгүй нэг юм өнгөрсөн бололтой. Олон хүний ядарч түүсэн самрыг хайр найргүй хураасан болохоор тэдний хараал хүрсэн байж ч мэдэх юм. Гэхдээ бөө, удганууд шиг хүчтэй, зориудын хараал хийхгүй ч гэлээ амандаа хэлсэн “Сайнаа үзэхгүй чи” гэх үгс нийлсээр хар энергийн хүчтэй цөм хуримтлуулж болох шүү дээ. Түүний хураасан 200 гаруй шуудай самрыг сумын цагдаа нар эздэд нь буцаан олгож буян үйлдсэнийг ч өгүүлсэн юм. Ер нь иймэрхүү түүхтэй, элдэв зүйл тохиодог, Монголдоо л “Бермудын гурвалжин” болсон газар Монголын бүх аймаг, сумын нутаг дэвсгэрт тохиодог билээ. Ялангуяа гол мөрөн, нуур цөөрөм илүү аюул тээдэг юм. Бусдаар бол ганц нэг удган мод, хадыг аюултай гэх. Сүргээсээ тасарсан ганц амьтныг ч монголчууд оролддоггүй заншилтай. Хужирт явсан гэх ганц цагаан тарвагыг хүн байтугай чоно нохой, бүргэд тас барьдаггүйг ч санахад илүүдэхгүй. Харин өнөөгийн зарим залуус тэр талын мэдлэг тун нимгэн юм шиг санагддаг даа. Заавал буг, чөтгөр гэлтгүй байгаль өөрөө ямар нэгэн эзэнтэйг залуу үеийнхэн бодолцоход гэмгүй хэмээн энэхүү домог, болсон явдал холилдсон түүхийг өгүүлэв.

У.САР

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/