Уншиж байна...

Ер бусын гэхэд ч багадахаар үзэсгэлэнтэй энэ газар Баян-Өлгийн Бугат сумын нутагт оршдог билээ. Мөнх цасаар хүрээлэгдсэн уулсын дунд оршдог асар урт хадан хавцалд эртний хүмүүсийн ул мөр, үлдээсэн сүг зураг буй. Бүхэл бүтэн хадан хавцалыг чимсэн асар том байгалийн ийм музей дэлхийн хаана ч байдаггүй гэх юм билээ. Тэр бараг үнэн байх. Ямартаа л “ЮНЕСКО”-гийн биет ба биет бус дурсгалыг хадгалах санд үг дуугүй бүртгэж байхав. Тэд зөвхөн зургийг нь хараад л бүртгэсэн болохоос болж буй явдлыг хараагүй нь ойлгомжтой. Болж буй явдлыг нь харсан бол бараг тэр байрандаа босоогоороо царцах биз ээ. Үнэхээр үзсэн болгон алмайрахаас ангид байж чадахааргүй адын сонин үзэгдэл тохиодгийг тус нутгийн аль ч сумын ард иргэд ярьдаг бөлгөө.

Нутгийнхан болгон андахгүйгээс гадна адал явдалд дуртай зарим нь хэрэг, зориг болгон очдог ч гэлцэх. Тэр тухай сонссон, дуулснаа дүрслэн хүргэхийг хичээлээ.
Хавцалыг өөрийн нүдээр үзэн гайхан биширч явсан хүний нэгэн би өөрөө хэдий ч чухам тийнхүү хөдөлж, дэлгэцэнд кино, ший мэт тусч, гарч байхыг үзээгүй, нэг талаар туйлын азгүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Тэгсэн хэдий ч түүнийг үзээгүй хэмээн тэгтлээ гоморхдоггүй билээ. Явуулын мань мэтэд байтугай зорьж очигсод ч тэр бүр байгалийн сайхныг үзэх хувь дутдаг гэнэм. Тэрхүү онц сонирхолтой үзэгдэл жилд хэдхэн тохиодгийг бодоход тэгэхээс ч аргагүй юмдаг уу даа. Тэргэл сартай өдөр гэхийг бодоход шинийн нэгэнд л үзэгдэж, харагддаг юм болов уу даа. Нутгийн ах нар, анчид л хааяа их сонин зүйл хөөрөлддөг байсныг хүүхэд байхдаа сонссоноо өнөө хэр огт мартдаггүй бөлгөө. Яагаад гэхээр дэндүү сонирхолтой, бараг итгэмээргүйгээс тэр байх л даа. Байгалийн чухам ямар үзэгдэл тохиолдоод байгааг нь шинжлэх ухааны үүднээс бүрэн тайлаагүй юм уу, аль эсвэл би сонсоогүй, уншаагүй байж мэднэ. Сургуулиар олж авсан боловсрол, мэдлэгийнхээ үүднээс дотроо дүгнэх гэж үзвэл гэрлийн хугарлын үзэгдэл байх магадлал маш өндөр ажгуу. Өөр юу ч байх билээ дээ. Тэргэл саран үүлтэй шөнө тусахдаа тэрхүү ер бусын үзэгдлийг кино, ший мэт бодит дүр, дүрс болгон харуулдаг байж болох юм. Үүлэн дунд саран цахилахыг харж, ажиж явсан хүн л гадарлах буй за. Саран ер бусын гэхээр хурдан цахилж байдаг шүү дээ. Яг энэ үед тэндхийн зурагт дүрслэгдсэн амьтан болгон амь ордог гэх юм билээ. Манай нутгийн анчин Баатай гуайн хэлсэн, ярьсан зүйл одоо хүртэл цээжний цаана тодрон байна.

Би Бугатад аргал, янгирийн анд явлаа. Нутгийн гурван анчинтай явсан юм. Хавцалыг ямар мэдэхгүй биш. Багаасаа л олон удаа очиж үзсэн дээ. Харин тэгэхэд л ёстой үзээгүйгээ үзсэн юм. Тэр гурван анчин манай нагац нар байсан юм. Бид андаа дөхөж очоод амрахаар зэхэв. Үдшийн бүрий тасарсан, намрын хүйтэн орой болохоор хавцал бараадалгүй яахав. Гэнэт үүлшээд эхэллээ. Хавцал уруу уруудаж хонох гэхээр ангаасаа холдчих гээд болдоггүй. Үүрээр босохоос нь өмнө л юм нудрах санаатай явахгүй юү. Хавцалын оройд нэг хэсэг нөмөр газар байдгийг нутгийн анчид хэлэв. Ингээд тэнд нь амрахаар болоод дээрээс нь тонгойчихгүй юү. Үгүй ер өө, мөн гайхалтай юм үзлээ. Хавцалын цаад ханан дээр таних, танихгүй амьтад харайлгаж, гүйлдэж харагддаг байгаа. Захын хоёр том амьтныг нь /арслан заан. сурв/ мэдэхгүй юм. Хэдэн янгир зүгээр цахилаад явчихлаа. Би ч эхэндээ ойлгосонгүй. Тэрийг хар аа, янгир, янгир гэвэл ах нар инээлдээд “Янгир нь ч янгир аа. Тэгэхдээ бидний агнах амьд янгир биш ээ” гэдэг байгаа.

Нээрэн тийм л дээ. Хажууд нь байсан хоёр том бух шиг амьтан манай нутагт байх биш. Өвгөчүүл заан ч бил үү, нэг амьтан гэдэг юм. Халуун орны амьтан яахаараа манай энд байсан болж таарах вэ? Би анхандаа их л гайхдаг байсан юм. Хоноглох газраа товлож аваад хоол, унд болох далимдаа байгалийн кино үзэх боллоо. Нутгийнхан чөтгөрийн ший гэдэг юм билээ. Өнөөдөр үүлтэй, салхитай өдөр болохоор чамд чөтгөрийн ший үзүүлэхээр нэг талаас зориуд энд ирж хоног тааруулсан юм гэв. Жаахан доош уруудаад хартал нэг ирвэс мэт арай том цоохор амьтан нэг буга хөөж явна. Бараг гүйцэн алдаад байх юм гээч. Буга ч булай хол үсэрдэг амьтан юм. Яг баригддагийн даваан дээр үсрээд зайлчих юм. Нөгөөх нь ч араас нь нүгэлтэй хол харайн хөөж явлаа. Түүнээс нэлээн доохно хэдэн анчин алсан ангаа янзалж байх юм. Яг л мал гаргаж байгаа юм шиг чулуун сүхээр цохиод л өвчиж гарч байв. Бараг “Нэг, хоёрын гурав аа” гэж хашгиралдах шиг болсныг яана. Бид шөнөжингөө ший үзэв. Уйдашгүй юм билээ. Зөвхөн тэргэл сартай, үүлтэй, салхитай үдэш үзэгддэг юм гэнэ билээ. Маргааш нь биднийг сэрэхэд тэнгэр цэлмэсэн байсан болохоор өнөө амьтад ямар юмных нь хөдлөх манатай. Улаан зосоор зурчихсан томоос том зурагнууд л байсан даа гэж ярьсныг нь санаж явдгаа ийнхүү болхи боловч уншигчиддаа хүргэлээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/