“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл доор зохион байгуулж буй “Цэргийн андууд” дурсамж уулзалт “STEPPE ARENA” цогцолборт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оролцлоо.
“Цэргийн андууд” дурсамж уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлэв.
Монголын ард түмэн цэргийн албыг эрдмийн алба, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль хэмээн үнэлдэг. Цэргийн албанд манлайлагчид, үлгэрлэн дагуулагч байсан эрхэм чанар насан туршид нь ажил алба, амьдралд нь мөрдөх хэвшил, зуршил, хэм хэмжээ нь болдог.
Саяхан зохион байгуулагдсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие оролцож үндэстнийхээ аюулгүй байдал, Монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, өнөөгийн Монголын нийгэмд гарч буй төрөл бүрийн гэмт хэрэг зөрчил, хүчирхийллийн эх үүсвэр болсон архидалттай тэмцэхийг уриалаад байна.
Дурсамж уулзалтын хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын музейн үзэсгэлэнгүүд дэлгэгдэж, ЦДБЭЧ, Цагдаагийн “Сүлд” чуулга, ХЦДБЭЧ-ын уран бүтээлээс гадна ЗХЖШ-ын ҮЖҮНХ, зочдын сэтгэлийг баясгаж, дурсамж уулзалтын үйл ажиллагааг улам төгөлдөр болгожээ.
Мөн Үндэсний урлагийн их театр, Төрийн соёрхолт “Харанга”, “Хурд”, “Никитон” хамтлагууд болон Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Жаргалсайхан, Наран нарын цэрэг эх орны сэдэвт уран бүтээл баяр дээр баяр нэмэх аж.