Үзэсгэлэн гоо ээжүүд, бүсгүйчүүдгүйгээр энэ дэлхийн амьдралыг төсөөлшгүй. Айл гэрийн амар тайван, гэрэл гэгээ, хайр энэрэл бүсгүйн мэдрэмж, торгон ухаанаар хэмжигддэг байх. Бүсгүйн ийм ухаан гэр оронд төдийгүй улс орны хөгжилд ч үгүйлэгддэг болохоор эдүгээ дэлхийн тавцанд бүсгүйчүүдийн үүрэг, хувь нэмэр ихэссэн байх. Гэтэл тэнгэрт ч бас...
Монголчууд сар шинийн золгуут гээд гадаад байтугай дотоод мэдээллээ үзэх завгүй байх үеэр цахим ертөнцийг бас нэгэн мэдээ шуугиулж эхэлжээ. Өөрийгөө сүнс судлал, метафизикийн үндэслэгч гэж танилцуулсан нийтлэлч Стивен Банкарц өнгөрсөн сард “48 минутын турш клиник үхэлд орсон хамба лам Бурхан эмэгтэй гэдгийг нотлов” гэсэн гарчигтай мэдээллийг цахим хуудсандаа тавьжээ.
ЭХИЙН ТЭВРЭЛТИЙГ ТЭНГЭРТ МЭДЭРСЭН ГЭНЭ YY?
Массачусет мужийн католикийн лам, 71 настай Жон Майкл Онейл нэгдүгээр сарын 29-ний өдөр зүрхний шигдээсээр эмнэлэгт яаралтай хүргэгдэж, эмнэлэгт ирэнгүүтээ зүрх нь зогсчээ. Массачусет мужийн нэгдсэн эмнэлгийн эмч нар LUCAS 2 гэдэг аппарат хэрэглэж байж. Гэтэл хэсэг хугацааны дараа зүрхний хэм нь тогтворжиж, бие нь бүхэлдээ амь оржээ.
48 минутын турш амьсгал хураасан түүнийг анагаах эмнэлэг аварчээ. Хачирхалтай нь тэрбээр тэнгэрт очиж, эмэгтэйлэг байдал нь илүү давамгайлсан Бурхантай уулзсан гэх цочирдуулам мэдээг илчилж, үзэгдэл харснаа нотлох боллоо. Жон Онейл лам клиник үхэлд орсон тухайгаа биш, эмч нарын ачаар дахин амьдрах болсон тухайгаа ч биш тэс өөр зүйлийг тасралтгүй тунхаглана гэж мэдүүлэв.
“Бурханы төрх нь дийлдэшгүй бас тайвшруулам байсан. Дуу хоолой нь тайтгаруулж аргадаж байгаа юм шиг, төрх байдал нь ээждээ тэврүүлж байгаа мэт, тайтгармаар намуухан байсан. Бурхан бол Ариун Эцэгээс гадна Ариун Эх байгаа гэдэг энэ үнэн баримт надад огтхон ч саад тотгор болохгүй. Эх үнэхээр бүх юмны тайлал. Эхийг байгаа гэдэгт, цаашдаа ч байх болно гэдэгт би итгэсэн” гэж католикийн лам тунхаглаад байна.
“Бурхан эмэгтэй гэдгээ дэлхийд надаар тунхаглуулах гэж л амийг маань буцааж өгсөн” гэж цаг шахам амьсгал хурааж амжсан 71 настай лам өгүүлж байхад, Массачусет мужийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар түүнийг “ус уух хувьтай хүн юмаа” гэлцэж байлаа.
Стивен Банкарц: “Бид Бурханыг хүчирхэг, уурлаж хилэгнэсэн, тушаал зарлиг буулгагч, шүүх эрх мэдэлтэй гэж бодож ирсэн.
Бурхан үнэхээр эрэгтэй биш гэдэгт ганц санал нэмэрлэхийг минь зөвшөөрнө үү. Хэн нэгэн интернетэд Бурхан эмэгтэй гэсэн нийтлэл тавихаар энэ нь тэр чигээрээ интернетийг шуугиулаад л, харин хэн нэгэн Бурхан эрэгтэй гэхээр хэн ч сүйд майд болохгүй байна гэхээр их инээдтэй байгаа биз” гэх зэргээр нийтлэлдээ бичжээ.
Энэ мэдээ www.newseveryday.com, India today, Sunday Monitor, Daily monitor гэх мэт албан ёсны мэдээллийн сайтууд, CBS радио гээд олон сувгаар цацагдсан ажээ...
СҮНСЛЭГ АМЬДРАЛ, СҮНСНИЙ ЭХ ҮНЭХЭЭР БАЙДАГ БОЛОВ УУ?
Биеэсээ гарсан сүнс нь тэнгэрт эхийн хайрыг мэдэрсэн гээд, бас бурхан эмэгтэй гэж нотлох католик ламын үг хэр үнэний ортой бол? Ер нь клиник үхэлд орсон хүмүүсийн үзсэн үзэгдлүүд яагаад ихэнхдээ ижил төстэй байдаг юм бол?
Дэлхийд хамгийн анх клиник үхлийн талаар Raymond Moody гэдэг хүн хөндөн ярьж байж. Энэ үеэс хойш үхээд босож ирсэн гэгдэх хүмүүсийн яриа, үзэгдэл гэх зэрэг иймэрхүү чиглэлийн судалгаа хийдэг “Олон улсын клиник үхлийн судалгааны төв” (IANDS - International Association for Near-Death Studies ) 1981 онд байгуулагдаж одоо болтол эрдэм шинжилгээний хурал зохиогдсоор байдаг юм байна.
Хурлын үеэр клиник үхэлд орсон хүмүүс ярихдаа ихэнхдээ сүнс нь биеэсээ гарч хөөрөн, нэг хонгилоор явснаа их гэрэл өөрийг нь бүчин авсан тухай ярьдаг ажээ.
Энэ удаа ч тэнгэрт эх бурхантай уулзсан гэж шуугиан тарьсан Майкль Онейл лам бас ялгуун дуу хоолойтой эхийн тэврэлтийг сануулам дийлдэшгүй их гэрэл өөрийг нь бүрхсэн тухай өгүүлсэн байлаа.
Хүмүүс клиник үхлийг янз бүрээр хүлээн авдаг.
Хүмүүс клиник үхлийг янз бүрээр хүлээн авдаг. Зүгээр л хүний тархи буюу оюун санаа хэвийн бус ажилласнаас үүдэх хий хоосон мэдрэмж гэж хэлэх хүмүүс ч бий.
Шинжлэх ухаанд “сэтгэл бол тархинаас үүдэлтэй” гэж үздэг бол уламжлалт сэтгэлгээнд “сэтгэл бие хоёр тусдаа” гэж үздэг гэнэм. Сэтгэл тархи хоёрыг адилхан гэж бүх эрдэмтэд бас үздэггүй аж. Америкийн мэдрэлийн мэс засалч, “Диваажин орших баталгаа” /Proof of Heaven/ номын зохиогч, профессор Эбэн Александр клиник үхэлд орохоосоо өмнө тархи оюун санаа, сэтгэл хоёр нь тусдаа гэдэгтэй санал нийлдэггүй байжээ.
Харин тэрбээр одоогоос 7 жилийн өмнө өөрөө клиник үхэлд орж үзэгдэл харжээ. Түүний тархи бактерид өртөж ухаангүй болоод, үрэвслээс ялгарсан идээ бээр тархийг нь шахаж, цусны урсгал нь муудан, улмаар амь насанд чухал үүрэг гүйцэтгэж байдаг тархины судлыг нь (brain sterm) хүртэл гэмтээж дахин амь орох магадлал 2 хувьтай байжээ. Профессор Александр хагас үхсэн төлөвт байхдаа тоо томшгүй олон эрвээхий нисэлдэх дүр зураг, ёслолын том хаалга сүндэрлэх ертөнц, түүний цаана байрлах бурханы оршихуйг олж харсан гэдэг.
Гэтэл дахин амьдарсныхаа дараа тэрбээр өөрийнхөө эмчилгээний түүхээс тархины зургаа үзэхэд тархины үйл ажиллагаа бүрэн зогсож, мэдрэл ч ой санамж ч ажиллагаагүй байсныг яг байгаагаар нь уг зурагт харуулсан байжээ. Ийм ухаангүй байдал долоо хоног үргэлжилсэн байхад, яагаад тархи зогссон үед болсон үзэгдлийг санасан байж таарах вэ?
Тийм л учраас профессор тархи сэтгэл хоёр нэг ёсондоо сүнс тархи хоёр тусдаа гэдгийг батлах болсон байна. Тархи судлаачдын үзэж байгаагаар зүрх зогсох үед хэдхэн секундийн дотор тархи руу урсах цусны урсгал зогсож, улмаар тархины үйл ажиллагаа зогсдог гэдэг.
Тиймээс тархи зогссон үеийн мэдрэмж буюу клиник үхлийн үеийн үзэгдлүүд нь үхлийн дараах сүнсний амьдрал байдгийг гэрчилнэ үү гэлтэй. Сүнсний амьдрал байгаа гэвэл сүнсэнд маань ч бас аав ээж байх ёстой юм шигээ.
Одоогийн бидний амьдралд ээж маань бидний амин биеийг төрүүлж, бид эцэг эхийнхээ амьдралыг замнахдаа ч аав ээж болон амьдардаг биш гэж үү?
Хүмүүний хэдхэн жилийн амьдралаар бүх юм хэмжигддэгсэн бол энэ дэлхийн бузар булайд оногдох шүүлт хаах нь байхсан бол?
Хүчирхийлэл, аллага хэрээс хэтэрч энэ нийгмийн хууль ч түүний өмнө хүчин мөхөстөж, аймшигт хэргүүдийн ард хохирогчийн шарил чимээгүйхэн занданшдаг гээд бодохоор зөв бурууг дэнслэх шүүх сэнтий хаа нэгтээ байх ёстой биш үү?
Эхийн минь тэврэлтийг дахин сануулж, тайтгарал өгдөг эх бурхан тэнгэрт үнэхээр тосох болов уу, яадаг бол?