Жил жилийн хавар БХИС-ын төгсөгчдийн баяр болно. Олон удаагийн төгсөгчдийн баярын ажиллагаанд оролцож, сургууль төгсөгчийн энгэрийн тэмдэг, цэргийн цол гардуулах ажиллагаанд оролцож иржээ.
Энэ ажиллагаа нь Зэвсэгт хүчний хэмжээнд болж, БХИС, Хилийн цэргийн сургуулийг төгсөгчид хамт хийдэг байв. Тэр өдөр Нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж Монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт нийтэд үлгэрлэн харуулна.
Хөгжимтэй жагсаалд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ-ийн ангиуд, Жанжин Д.Сүхбаатарын талбайд цугладаг байв. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, сургууль төгсөгчийн энгэрийн тэмдэг, цэргийн цол гардуулах ажиллагаанд оролцдог байлаа.
Цэл залуухан насандаа Цэргийн сургууль төгссөн үеэ ямагт эргэн дурсдаг юм билээ. Энэ л Сүхбаатарын талбайд офицерийн хувцасаа анхлан өмсөж, гэр бүл, отог омгоороо баярлаж байсан цаш саяхан мэт санагддаг. Цаг хугацаа “сум шиг” хурдан өнгөрчээ.
Миний хувьд БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Авхиагаас улаан диплом, энгэрийн тэмдэг, дэслэгчийн цолоо гардан авч байсан. БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Авхиа надад өөрийн нэртэй дурсгалын цагаа гардуулж өгсөн. Тэр цаг бол миний насан туршийн хүндтэй зүйл юм.
Тэр жилийн БХИС-ын төгсөгчдийн баяр бороотой өдөр тохиож билээ. Жавхаалаг алхах эр цэргийн парад баяр дээр баяр хөөр нэмж, сүр хүчийг илэрхийлнэ.