ХАЙРХАНЫ ТАХИЛГАД МОРЬ СЭТЭРЛЭВ.
Өглөөний 7.00 цагийн үед Жаргалант хан хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилга эхэллээ. Нарны тахилгын үед тэнгэр үүлгүй цэлмэг байлаа.
Цаст хайрханы Их тахилгыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Даринчулуун тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ. Бөөлөлт дөрвөн цаг үргэлжлэв.
Хүчтэй салхитай эхэлсэн тахилгын явцад цаг агаар богино хугацаанд өөрчлөгдөж байв. Тахилгын дунд үед намуухан салхитай дулаахан болж ирсэн.
Бөөлөлтийн явцад Хайрханы савдаг залрах мөчид Хавсгөл нутгийн зайран, удган, шүтлэгтэн нар зайран дээр очиж, хөгжөөн баясгаж, дэмжиж өгсөн нь бусдад сургамж болсон, тахилгад хүч нэмсэн сайхан зан үйл болж билээ. Аргагүй Хөвсгөл нутгийн Бөөгийн хүрээлэнгийнхэн, бөөг уламжлан авч ирсэн, туршлага заасан, урам эрч, хүч хайрласан үйл өрнүүлж чадсан билээ. Бөөлөх үед тэнгэрт үүл хурж, цас хаялж билээ.
Хайрханы нэгдсэн тахилгад өрнөсөн содон үйл бол Цаст Их хайрханд морь сэтэрлэж тавьсан үйл байлаа. Сэтэрлэсэн морь 300 метр орчим давхаад зогсох агшинд зон олон бужигнаад явчихав. Ийм тохиолдолд тэр газраас адис авдаг нутгийн олны заншил байдаг ажээ.
Хэдий алс холын нутаг гэлээ ч Цэнгэл хайрханы Нэгдсэн их тахилгад бүх аймгуудаас 108 зайран, удган нар ирсэн байлаа.