№ 1
Монгол орон түүхт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар баялаг билээ. МБНЭ-ээс зохион байгуулсан аялалд таван автомашин бүхий бөө нар оролсон юм. Энэ удаагийн аялал Монгол туурагтны түүхийн өлгий нутаг түүхт Бурхан халдун уулнаас эхэлсэн билээ. Эхний хонох газар Мөнгөнморьт сумаас баруун тийш 20 км орших гүүрний цаахан орших товцог газар байв. Өглөөний наран мандах үед манан газарт сууж, Хэрлэн мөрөн, Тэрэлжийн голын сав газар үзэсгэлэнтэй сайхан харагдана. Мандах нар зэрэгцэн бөө нар Их хайрхандаа хүндэтгэл үзүүлж шүтэн залбирав.
Хоёр дахь өдрийн үдэд Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой Хар зүрхний Хөх нуурт аяны цуваа хүрч очсон билээ. Монголын бөө нар анх удаа Их эзэн Чингис хаанаас хойш хэдэн мянгаараа хуран цугларсан өнгөрсөн жилийн үйл явдал бол энэхүү газрын түүхийг баяжуулсан, чухал ач холбогдолтой үйл явдал байв. Тиймээс энэхүү газарт бөө нар хүндэтгэл үзүүлж, залбирал үйлдэв. Үдээс хойш Ионгол орны үзэсгэлэнт газар Балданбэрээвэнгийн хийдтэй танилцлаа. Аялалын цуваа хийдээс хөдөлж 20 гаруй км яваад хоноглов.
№ 2.
Гурав дахь өдөр, Монголын түүхт явдал болсон нэгэн газар, Биндэрийн овоонд очив. Энэхүү овоон дээр Батширээт сумын Засаг дарга, ИХТ-ын дарга нартай таарсан билээ. Тэд нутагтаа зочлоод буцсан Монголын яруу найрагчдыг үдэж байгаа нь тэр ажээ. Харин бөө нартай монгол хүний ёсоор олигтойхон мэнд мэндэлчихсэнгүй яаран одно билээ. Орчлонд санамсаргүй тохиол үгүй билээ. Аялалын цуваа Биндэр сумын наахан орших бирваазаар Орхон голыг гарлаа. Тэндээс цуваа Дадал сум руу хөдлөв. Сум хүрэхэд 20 км-т Дадалын хилийн цэргийн отрядын штабын дарга угтав. Энэ нь хөгжилтэй явдал байсан юм. Отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд манай бөө нар ихэд баярлаж байв.
Дөрөв дэх өдөр эртлэн босж, Холбоо нуур болон Чингис хаанд зориулан босгосон анхны хүндэтгэлийн хөшөөнд очив. Дараа нь Дэлүүн болдог, Хажуу рашаан дээр очсон юм. Тэндээс хөдөлж Норовлин сум орж шатахуун цэнэглээд цааш хөдөллөө. Бидэнд Баян-Уул суман дахь хилийн цэргийн отряд хүлээн авч өдрийн зоог барьлаа. Дорнод аймгийн нутагт ороход угтаж авсан хилийн нөхөддөө бөө нар талархал илэрхийлээд цааш хөдөлсөн билээ. Дашбалбар сумын Улаан эрэг гэдэг газар тахилгад ирж байгаа бөө нартаа нутгын олон хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа. Сумын төвийн бүх зочид буудал бөө нарыг хүлээн авч байрлуулсан юм. Сумын олон тахилгад их ач холбогдол өгч хүн болгон боломж хэрээрээ тус дэм үзүүлж байлаа.
№ 3.
Тав дахь өдрийн өглөө эрт даага барианы зүг хөдөлсөн байлаа. Дааганы уралдаан дуусангуут Их тахилгад зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлын дараа сурын харваа эхэллээ. Тахилгад ирсэн зочид төлөөлөгчдөө сумын удирдлага хүлээн авч, дараа нь сумын түүхийн музей үзүүлж, орой нь урлагын тоглолт болов.
Зургаа дахь өдөр 30 гаруй автомашин цуваанд орж Их тахилга хийх Хөх уулын зүг хөдөллөө. Хөх ууланд байрласаны дараа орчины газартайгаа танилцах аялал хийлээ. Хөх уулын зүүн талд байрлах өвөрмөц тогтоцтой жалга, гуутай танилцлаа.Хилийн цаахантай байрлах оросын тосгон алган дээр тавьсан мэт ил харагдана.
Долоо дахь өдөр өглөө наран мандах үед Монгол Улсын тулгуур, хөл уул Хөх уулын Их тахилга Нарны тахилгаар эхэлж, дараан нь Тэнгэрийн тахилга, Хөх уул хайрхандаа зориулсан Хайрханы их тайлга, Лусын тахилга хийж, орой нь Галын тахилгаар Их тахилга өндөрлөлөө. Тахилгад оролцогчид тэндээс оросуудын Мардайг эзэмшиж байх үедээ байгуулсан Чук амралтын газарт очиж амарлаа.
№ 4.
Найм дахь өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ирж хоноглов. Халх голын ялалтын Монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Японы онгоцнууд анх бөмбөгдсөн газрыг тэмдэглэж босгосон хөшөө зэрэгтэй танилцаад Халх голыг зорин хөдөллөө. Биднийг Мэнэнгийн отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ. Буйр нуурийн зах харагдаа тэр л газар бид хоноглов.
Ес дэх өдрийн өглөө Бид эртлэн босж тал газар нар мандахыг харж инергэ авч байрлан хөгжилдсөн билээ. Тэндээс Буйр нуурын эрэг дээр очиж дорны их нуурандаа хүндэтгэл үзүүлж шүтэн мөргөж залбирал үйлдэв.
Бид Халх гол багаар дайрч Баянхошууны хилийн боомт орж, хилийн Сүлдэт баганд очиж хүндэтгэл үзүүлэв. Дараа нь То Вангийн бүтээсэн хэвтээ Жанрайсагийг үзэв. Хилийн цэргийн застав биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан таван жилийн өмнө энэ заставын хилийн багана дээр өглөөний нарыг угтахдаа бичсэн шүлэгт тус отрядын дарга байсан одоо Хилийн цэргийн командлагч Лхачинжав нь Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн Эрдэнэ-Очирт өгч ая бичүүлж, клип болгосныг заставын даргад гардуулж өглөө.
Японы түрэмгийлэгчид Монгол Улсын хил нэвтрэн хамгийн гүнд хөл тавьж, Монгол, Зөвлөлтийн дайчдад цохигдсон газар, Яковлевчүүдийн хөшөө, Зөвлөлтийн дайчид, Монголын ерэн баатрын хөшөө, Монгол Улсын баатар цолыг Дандарт олгосон газар, Халх голын дайныг удирдсан ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Г.К.Жуковын удирдлагын байр зэргийг үзэж танилцлаа.
Орой нь Сүмбэрийн хилийн отрядын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ.
Арав дахь өдрийн 10 цагаас Халх голын ялалтын ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд урилгаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон билээ. Бид Халх голын дайны ялалтад зориулсан музей үзэж, дараа нь Агаарын довтолгооноос хамгаалах ангийн хамт олон хүлээн авч хүндэтгэн зоог барив.
№ 5
Мэнэнгийн нүд алдам талаар өдөржин давхиж, тэмээн тэргээр нүүдлэн яваа малчид, хар сүлдийг нууж байсан газартай танилцсан билээ. Биднийг энэ орой Петрочайна-Тамсагийн төвийнхөн хүлээн авч хүндэтгэн үзүүлсэн билээ.
Арван нэг дэх өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөр орж, цааш хөдлөн Шилийн богдод 15 км ойртон хоноглов.
Арван хоёр дахь өдөр Шилийн богдод Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж, дараа нь Монгол бөөгийн Тэргүүн Зайран Д.Одонхүү, Өвөрхангай аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Удган Дуламжав нар бөөлсөн билээ. Энэ үер бороо зөөлөн шиврэн орж бид нэвт норсон юм. Бид тэндээс хөдөлж, Тоорой Бандийн хөшөө, дуут булаг, ноён хатан, бэрийн, хүүхдийн хөшөөтэй танилцлаа. Орой нь Дарьганга суманд буудаллаа.
Арван хоёр дахь өдөр өглөө эртлэн Алтан Овоондоо очиж шүтэн мөргөж, залбирал үйлдлээ. Энэ өдөр үзэсгэлэнт газруудаар тойрч танилцлаа. Бидний цуваа хөдөлж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн нутаг ирж хоноглосон билээ.
Арван гурав дахь өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд ирж БНМАУ-ын баатар Гонгор, үндэсний бөхийн аварга, босоо Самдангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үдийн алдад Өндөрхаан хотод ирсэн. Аймгийн төв дэх Чингис хааны хөшөө, Халх голын ялалтад зориулсан хөшөө, үндэсний бөхийн аваргуудын хөшөөтэй танилцлаа. Тэр үед Хэнтий аймгийн ОБЕГ-н хамт олон бидэнд хүндэтгэл үзүүлсэн юм. Манай бөө нар Өндөрхаан хайрхандаа зарбирал үйлдэж, мөргөлөө. Энэ өдрийн орой бид Улаанбаатар хотод хүрч ирлээ.
Д.Алтай