Зүүн тайгын эдгээр 25 урцнаас 30 орчим хүүхэд Цагааннуур сумын сургуульд суралцдаг. Зүүн тайгаар ажиллахад Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр, Монгол бөөгийн удган Болортунгалаг нар голлосон юм. Тэд эндэхийн амьдралыг сайн мэддэг иргэд билээ.
Улаанбаатар хотод их дээд сургуульд 4 оюутан суралцаж байгаа ажээ. Хүүхдүүдийнхээ сургууль соёлын асуудлыг дагаад олон залуу цаатангууд тайгаас бууж суурин газар бараадан амьдардаг болсон. Өвөлдөө 54-55 хэмийн хүйтэнд аж төрөхийн тулд цаагаа даган отор нүүдэл хийж өвөлждөг.
Цааг уналганд ашиглана. Нас гүйцсэн зарь дунджаар 50-70 килограмм ачаа даана. Өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Эм цааг өдөрт 4-5 удаа сааж, нэг удаад 120-200 грамм сүү авдаг. Сүүлийн жилүүдэд цааны цус ойртож байгаа хэдий ч өвөг дээдсээс уламжилж ирсэн аргаар цаагаа малладаг байна. Энэ нь цааны цус чанарыг сайжруулахын тулд хамгийн шим тэжээл сайтай бэлчээр сэлгэн отор нүүдэл хийх явдал ажээ.