Хөвсгөл нуурын галын тахилга ямагт нэг зүйлээр содон болж өнгөрдөг байв. Монголын нутаг нутгаас ирсэн олон язгуурын бөө нар, дээр нь хувь хүний араншин, улаачийн төлөвшилээс шалтгаалан галын тахилга ямар нэг хэмжээгээр зөрчил дутагдалтай болж өнгөрч байсан.
Нэгдсэн тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн улаач нарын зөвшөөрөлгүйгээр гэнэт бөө нао гарч бөөлөх, согтуурч хөлчүүрэх, тэрбайтугай бөө хүн хэнгэрэгээ галд өргөн шатаах ноцтой үйлдэл гаргаж байсан.
Улаачийн дэг журамгүй үйлдэл тэнгэрийн хатуу гэсгээлийг хүртдэг. Энэ бичигдээгүй хуулийн нэг. Цаашилбал үр хүүхдэд ч нөлөөлөх байдал гардаг. Тиймээс өөрт ашиггүй, өрөөлд үлгэрлэл муутай үйлдлийг улаач хүн гаргаж болохгүй, хатуу цээрлэж байвал зохино.
Энэ удаагийн галын тахилга Монгол бөөгийн их зайран Балжирын удирдлага дор маш сайн зохион байгуулалт, дэг журамтай бөөлөлт боллоо. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд энэ удаагийн галын тахилга зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрлөө.
Галын тахилга хийх газар бэлтгэлээ эрт хангаж дууссан байлаа. Татсан гортиг, хүн болгоны идэвхитэй оролцоо, хэн хүнгүй бэлтгэл ажилд хувь нэмэрээ оруулах гэсэн зүтгэл бэлтгэл ажлын хангахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
Тэнгэрт одод гийх мөчид Монгол бөөгийн их зайран Э.Балжир галын тахилгадаа толгойлон бөөлж эхэлсэн. Түүний дараа Монгол бөөгийн тэргүүн удган С.Бямбасүрэн дараалан босч шавь нараа дагуулан бөөлсөн.
Түүний шавь нар зайран Бямбасүрэн, Мөнхбат, Жавхланцогт, Ж.Ганболд нар хуяглан бөөлж эхэлээ. Галын тахилгадаа хүч нэмэн удган Долгорсүрэн, Зулаа, Бумдарв, Пүрэвсүрэн, Бямбасүрэн, зайран Эрдэнэбат нар хуур манжигаар бөөлнө билээ. Ийнхүү галын тахилга маш сайхан болж өнгөрлөө. Өмнө хийж байсан галын тахилга заавал нэг зөрчил агуулж байсан байдаг. Энэ удаа галын тахилга тэрхүү буруу зүйлийг таслаж маш сайхан эмх цэгц, дэг журамтай болж өнгөрсөн.