Бид Монгол бөөгийн наадмыг үзэх гэж очсон бөгөөд асар их хүндэтгэл угтаж авна гэж бодоогүй юм. Тэгэхэд анх удаа бөө, улаач нар бие биеэ хүндэтгэн угтаж, хоорондоо таатай сайхан учралтай золгож байсан.
Монгол үндэсний хувцасаар гоёосон сайхан монгол бүсгүйчүүд ирсэн зочидоо сүү хадагтай угтаж, хүндэтгэлийн асарт суудалд залж байсан.
Чингисийн хүрээний доохон дугуйлан тойрог хэлбэрээр асар, майхануудыг барьж оролцох гэж ирсэн улаач нарыг тусгайлан багш, бүлгүүдээр суулгахаар зохион байгуулсан байсан. Эргэн тойрныг ажиглаваас бусад бөөгийн байгууллагаас цөөхөн хүн ирсэн санагдсан. Угдаа бол бөөгийн арга хэмжээ бүрт оролцож туршлага сууж байх нь маш чухал юм.
Манай нэгдсэн тахилга болох гээд хөдөөнөөс төлөөлөл ирчихсэн, Монгол туургатнуудын улаач нар нэмээд 50 гаруй хүн болсон байсан. Бидэнд нэгэн том асар хувиарласан нь оролцогчдын тоонд яг таарсан.
Их хэнгэрэгийн дуу хадаж, олон зуун улаач нарын цуваа асар, майханы өмнүүр жагсан орж ирсэн. Төр улсынхаа далбааг мандуулсан, отог аймгуудын тугаа намируулан алхална.
Тэднийг байрлалаа эзлэнгүүт Морьтон баатрууд, улаач нар хөлөг морьдоо унан наадмын талбайд оролцож буй бөөгийн байгууллага, отог аймгуудын тугийг намируулан орж ирж, төв асарын өмнө Төрийн далбаа, тугнуудаа байрлуулав.
Наадмын нээлтийн өмнө морин хуурын хамтлаг эртний түүхэн уртын дууг эгшиглүүлэн тоглов. Түүнийг дагаад Монгол Улсын төрийн дуулал эгшиглэв. Бөөгийн наадмыг нээж зайран Б.Хурцжахлан баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн. Түмэн олон шавь нар багшийнхаа хэлсэн үгийг дэмжин ухайлан хурайлж байсан.
Монгол наадам үндэсний ая дуу, хөгжим, бүжгийн тоглолтоор үргэлжилсэн билээ.