Уншиж байна...


Улс нь ядуу болохоор хүмүүс нь ядуу, түүнийг дагаад сэтгэх нь ядуу, энэ л тайлбараар олон зүйлийг халхлах болжээ.

Монгол бөөгийн хөгжил ийм шатанд тулж ирэв. Бидний шүтэж дэмжиж байсан улаач нар, судлаачид цагаа болохоор бөөгийн талаар үлдээсэн өвөө эх орондоо бус гадаадад хэдэн төгрөгөөр борлуулахаар шийддэг болов. Хэдэн бор төгрөгний цаана монголын уламжлалт биет болон биет бус соёл болох бөө мөргөлийн соёл бусдын гарт шилжиж байна. Үүнд хэн буруутай юм. Үүнд хэнийг буруутгах юм. Бүхий л амьдралаа бөө мөргөлд зориулаад хэдэн номноос өөр зүйлгүй хоцорч буй судлаачийг буруутгах уу, амьдралын сүүлчид хөгшрөл, өвчин хоёрт дарлуулж яваа тэднийг төр нь тоохгүй байхад яалтай билээ.
Монголын нэн нандин өвийг харийн төрийн бодлогоор судлаад олон жил болж байна. Харин монголын төр анхааралгүй өнөөг хүрч ирэв. Монголын бөөгийн талаар шинжлэх ухааны судалгааг нэрт эрдэмтэн Рэнчин хийж, бүтээлээ Франц улсад хэвлүүлжээ. Энэ нь 1960-иад оны үед хамаарах бөгөөд тэр үед монголын төр шашингүй үзэл ноёрходог байсан тул эрдэмтэн нь ийм шийдэл гаргахаас өөр аргагүй байв.
Монгол бөөгийн түүхэнд өөрийн сор болсон бүтээлээ үлдээсэн эрдэмтэн бол О.Пүрэв юм. Түүний бичсэн ном одоо ч эрэлт хэрэгцээ ихтэй. Манай улаач нарын байнга уншдаг бүтээл билээ. Би О.Пүрэв эрдэмтэнтэй цөөнгүй уулзаж байсан. Тэгэхдээ өөр чиглэлээр ярилцаж байв. Эгэл даруухан хувцасласан эрдэмтэнд мөнгө хэрэгтэй л байсан байх. Гэвч тэр бүтээлээ гадаадынханд худалдаагүй. Учир нь тэр үед төр нь бага ч гэсэн анхаарч шинжлэх ухааны байгууллага бөө мөргөлийн судалгааг ор тас орхигдуулаагүй юм.
Орчин үед монгол бөөгийн төлөө амьдралаа зориулж олон арван ном туурвисан судлаач бол Ш.Сүхбат юм. Сүүлийн олон арван жил тэр амьдралаа бөөгийн бүтээлд зориулсан. Төр анзаарч тусладаггүй бөө судлалын замналаар тэр олон арван жил зориглон өнөөг хүрч ирэв. Бөө нартай ажиллахад амаргүй. Янз янзаар хэлүүлж, магтахаасаа илүүтэй доромжлуулан байж ажилладаг хүнд ажил юм, цаашид ч ийм их урт замыг туулах бололтой. Ш.Сүхбат бол монгол бөөгийн өмнө гавьяатай хүн. Магадгүй түүний хажууд нь Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал байсан нь бөө судлалд их дэм болсон болов уу. Энэ их удган монгол бөөд өөрийн өвөрмац хөшөөгөө босгосон нийгмийн зүтгэлтэн улаач хүн.
Монголын анхны бөөгийн байгууллага “Голомт”-ыг байгуулж, өнөөгийн бидний суурийг тавьсанаараа судлаач Ш.Сүхбат хэн ч маргашгүй түүхийг бүтээсэн. Түүний тавьсан суурин дээр МБНЭ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Судлаачийг нас бас өвчин дарамтлах болсон. Тиймээс тэр бүтээлээ харьд шилжүүлжээ. Олон мянган хувь хятадад хувилагдан худалдагдан тараагдаж байна. Түүний бүтээлийг уншсан гадаадын нэгэн улаач ажил хэрэг болгоод нэг жилийн дотор “төрийн зайран”, доктор, профессор цол худалдаж аваад улмаар саяхан Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон авчихаад байхад би л лав их судлаачаа зэмлэж чадахгүй.
Бүх л амьдралаа бөө судлалд зориулж, олон арван ном бүтээсэн түүнд төрөөс ямар ч шагнал олгоогүй атлаа юу ч бүтээгээгүй, хэн ч мэдэхгүй “улаач” төрийн дээд шагнал олгоод байх юм.
Монгол бөө судлалд томоохон судалгаа хийсэн нэгэн гадаадын иргэн бий. Өвөрмонголын Ордос нутгийн нэгэн. Тэр амьдралынхаа арван дөрвөн жилийг зөвхөн монгол бөө судлалд зориулсан. Манайхан ядуу, зүдүүгээсээ болж, “үнэгүй” зүйлд хошуурдаг болохоор үнэгүй унаа, туслалцаа үзүүлэх нэрээр тэр биднээс их зүйл авч чадсан. Түүнтэй цуг ажиллаж байсан бөө нар түүнийг багшаа гэж хүндэлдэг. Тэр монгол зурхай судлал, бурхан халдун судлал, бөө мөргөлөөр шинжлэх ухааны томоохон бүтээлүүд хийж чадсан. Түүний зарим нэг бүтээлийг уншиж үзэхэд үнэхээр магтмаар байдаг. Гэвч мөнх тэнгэр нууцаа түүнд өгөхийг хүссэнгүй. Судалгааны ажлын 15 дахь жилийн гараан дээр Бурхан халдунд тахилга хийх явцад тэнгэр түүний амийг авч одсон. Мөнх тэнгэр шаардлагатай бол хязгаарлах зүйлээ хязгаарлаж чаддаг.
Монголын нэртэй эрдэмтэн Бира, Далай, Дулам нар мөнх тэнгэр, бөө судлалд чин сэтгэлээр ханддаг, цөөнгүй бүтээл туурвисан. Тэр нь өөрсдийн судалгааны бүтээлийн хавсрага, дагалдах чанартай байв. Төр ийм судалгаанд хөрөнгө зориулдаггүй болохоор хэн бөө судлалд үнэтэй цагаа зориулах билээ.
Сүүлийн арваад жил бөө судлалын талаар хоосон цаасан дипломтой бүтээл үгүй судлаач, хуулаач нар цөөнгүй бий болсон, цаг нь болохоор дэлгэнэ.
Өнгөрсөн хэдэн жил бөө Дагвадорж, Өөдөө нар “тэнгэрийн цаг” нэвтрүүлэг хөдлөж, олон арван улаач нарын ярилцлага, бөөлөлтийг бичлэг болгожээ. Энэхүү бүтээл нь ховор нандин зүйлд хамаарна. Харамсалтай нь дээрх бүтээлүүдийн эрхээ хятадад, Өвөрмонголын Ордосын эрхэмд худалдчихсан байна. Бидний монголдоо зориулж хийсэн бүхэн гадаадад шилжинэ гэж хэн ч бодсонгүй. Одоо хэдэн мянган хувиар хэвлэгдэн борлогдож байна.
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн байсан Дагвадорж, Өөдөө нар МБНЭ-ийн ДЦ-ийн хуралдаанд танилцуулан, төлөвлөгөө батлуулан, МБНЭ-ийн 31 улаачийн яриа, бөөлөлт, ДЦХ-ны материалыг бичлэг хийж, “тэнгэрийн цаг” нэвтрүүлэгээр гаргасан. Хийсэн нэвтрүүлгээ гадаадад худалдах боломж олгосон нэг ч өгүүлбэр МБНЭ-ийн баримтад байхгүй.
Монголын улаач нар маш олноороо өвөрмонголд бөөг эрчимтэй өрнүүлж, шавь олноор босгож байна. Энэ намрын нэг сарын дотор 30 гаруй улаач Өвөрмонголд ажиллаж байв. “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо”-ийн удирдлагууд Өсөхбаяр, Туул, Дангаасүрэн нар бүрэлдэхүүнээрээ, “Самгалдай” төвийн удган Нараа улайссан төмөр долоон шиг Хорчин бөө нартай өрсөлдөж, багаараа, Энхмаа удган Баяннуур аймагт, өөр бусад бөөгийн төлөөлөл зан үйл хийсэн шиг ажиллаж байв. Тэдний үйл ажиллагааг би огтхон ч буруутгах гэсэнгүй. Монгол туургатандаа бөөг түгээж, бас дэлгэрүүлж яваа нь зөв. Гэвч тэдэнд нэг онцлог байгаа нь бөөлөлтийн “нууцалж” болох зүйлээ алдаад байхгүй байгаа юм. Үүнд л баярлаж байна.
Саяханаас хилийн чанадад Монгол бөөгийн их зайран Балжир, удган Бямбасүрэн нарыг ойр, ойрхон шавдуулан урих болов. Өвөрмонголын Ордост тэр хоёр энэ жил гэхэд завсартайгаар гурван сар зан үйлээ хийн ажиллаа. Очоод хэдэн сая төгрөгтэй болсоныг нь, хэрхэн шахаанд оруулсныг нь зарлаад байгааг бодоход гайгүйхэн бөө бол нааш ир хэмээн тунхаглаад байгаа мэт.
Тэгвэл Балжир зайран, Бямбасүрэн удган нарын хувьд тэрхүү бичлэгийг хийж олон түмэнд хувилан тарааж буй нөхөдтэй хамтарч ажиллаж байна. Бид Балжир зайран, Бямбасүрэн удганыг харамлаад байгаа юм биш, монгол бөөгийн давтагдашгүй өнгө, нууцыг алдагдахаас сэргийлээд байгаа юм. Хоёул МБНЭ-ийн гишүүний хувьд үүрэг хариуцлага хүлээх учиртай. МБНЭ-ээс тусгайлан уулзаж ярилцсан боловч тэр бүхэн ажил болсонгүй. Утсаар ярилцсан боловч Бямбасүрэн удган монгол бөөг хувийн юм шиг, өөрийн эзэмшил мэт адлаж аашлав. Мөн л МБНЭ-ийн гишүүнээс гарахаар айлгав. Гарч болно, гай болж болохгүй. Бид монголын гэсэн зүйлээ гадагш алдахаас болгоомжилж байгаа болохоос хувийн зүйлээ харамлаагүй.
Монгол бөөгийн зан үйлийг хувь хүн эзэмшсэн нь үнэн боловч Монгол бөө бол монголын минь үнэт зүйл. Монгол бөөгийн улаач хүн энэ эрдэмийг эзэмшсэн бол нарийн нандин зүйл, ялангуяа нууцлах ёстой олон асуудлыг чандлан хамгаалах үүрэгтэй. “Махны үнэр авчихсан араатан” шиг улайрч, хамгийн сүүлд Бямбасүрэн удган эмнэлгийн орон дээрээс шууд өмнө зүг одов. Хэдхэн юаны үнэрээр монголын гэсэн зүйлээ бусдад алдаж болохгүй. Монгол бөөгийн талаар бичлэг хийгчидтэй хамтрах гэж юунд яарав? Монгол уламжлалаар бөөг авч яваа зарим нэг нь харь улсад бөөгийн угаа үлдээх болж байх шиг байна.
Их монгол улсын задралын үед Хэнтий нуруунд байсан Их хааны онгодын есэн гэр тал тал тийшээ салах болж, нэг гэрийг нь Лэгдэн хаан Ордос нутагтаа аваачжээ. Цагийн эрхээр монгол үндэстэнүүдийн нилээд хэсэг нь хилийн гадна бусдын харъяалалд очив. Ордос дахь онгон тэр замналыг туулав. Тэндээ өнөөдрийг хүртэл тодорхой өдрүүдэд тахилгын идээ будаагаа өргөж, зан үйл хийж байна. Бүх зүйл ёсоороо юм шиг боловч тэнгэртээ хүргэх бөөлөлт, зан үйл үгүйлэгдсээр, тэр нь эх монголдоо үлджээ. Эх монголдоо үлдсэн үйлийг өвлөн авах их аянд тэд морджээ.
Эзэн хорооны дэргэд дэлхийд гайхагдам өвөрмөц архитектур бүхий барилгатай, асар том хиймэл нууртай, Чингисийн том том хөшөөнүүдтэй төв талбай бүхий шинэ хот байгуулав. Тэр хотоо хурдны автозам, хурдны галт тэрэг, нисэх онгоцны буудал, элсэн манхан бүхий аялал зугаалгын бүс болгон хөгжүүлэв. Хятад төдийгүй дэлхийн олон газраас монголыг үзэх гэж жил бүр хэдэн саяаар тоологдох жуулчид, аялагчид ирж байна.
Ёстой л бөөгийн төлөө, төрийн төлөө “огтоно” боож үхнэ гээч болж энэхүү өгүүллэгийг тэрлэж байна. Монгол бөө бол дэлхийн бусад орны бөөг бодвол тэнгэр язгуур, лус савдагтай холбогдож чаддаг аугаа эрдэм юм. Маш онцлоготой. Тэднийгээ баг багаар нь алдсаар байна. Харин бусад гүрэн энэ зүйлийг өөрийн болгон дэлхийд бүртгүүлбэл бид яахав. Юу хийж чадах вэ. Бид онгоддоо юу гэж айлдахав. Энэ л бодол толгойн өвчин болж байна.
Эрдэмтэд монгол бөөгийн дотоод гүнд ороход цаг хугацааны зай бий. Харин манай улаач нар өөрсдийн нандин өвийн нууцаа алдах бусдад алдахад боломж өргөн хүрээтэй байна. Хувь хүнийг сархад зооглуулж байгаад ч юм уу. Хэдэн бор төгрөгийг бага багаар ахиулсаар мөнгөнд дуртай болгох хэлбэрээр “бөөгийн эрдэм”-ийг сугалан авах боломж бүрдэнэ. Энэ л болгоомжлох зүйл юм.
Улаач хүн монголын төлөө цохилох зүрх, минийх хэмээн уламжлан үлдээх нандин зүйл байдаг. Тэр бүхнээ битгий л гээгээрэй улаач нар минь. Монгол бөө бол хувь хүний асуудал огтхон ч биш, монголын минь хувь заяа шингээстэй, ариун нандин зүйл билээ. Түүнийг “улаач” нар хамгаална, өөр хэн ч хамгаалахгүй.
Монголын сойшаалаар дүүрэн бөөгийн хэлэлцүүлэг, ярилцлага өрнөдөг. Тэр бүхэнд магтмаар сайхан зүйлээс гадна, гайхширмаар зүйл, бөөгөөс халиад гэр бүл, бөгс бөөр лүү орсон гутамшиг харагддаг. Ичмээр гэмээр энэ асуудлаа дотооддоо хийлгүй, хил давуулж гадаадад өрнүүлж шившигээ тарьсан.
Хийж бүтээж байгаа нэгнийгээ дэмжихийн оронд “үйл ажиллагаагаар” дарамталж “үг хэл”-ээр доромжилдог. Энэ бол цаг хугацааны асуудал юм. Бидний энэ зах замбараагүй зүйлийн завсар хооронд монгол бөөгийн зарим нандин зүйлийг бага, багаар сугалж алдагдсаар байна. Харин бөөгөөр гадаадад бизнис хийгчдээ дурьддаггүй. Одоо нийтэд мэдээлэх цаг нь ирж байгаа бололтой.
Бид зүгээр харсаар суух уу, яах ёстой юм. Ямарч байсан эхний алхам болгож, нийтэд мэдээлэв. Цаашид төрийн байгуулагад хандах боломж бий.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Mar 30, 2024 1621

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/